Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бизнес эрхлэгчдийг амжилтад хөтлөх хамгийн ДӨТ зам нь “Экспо Монголиа-2019”

“Экспо Монголиа-2019” Олон Улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа

Бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг “Экспо Монголиа” Олон Улсын бага хурал, үзэсгэлэн өндөр үүдээ нээхэд хэдхэн хоног үлдээд байна. Монгол Улсад зохион байгуулагдаад долоо дахь намартайгаа учран золгож буй уг үзэсгэлэн нь бизнес эрхлэгчдэд харилцаа холбоогоо өргөжүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологитой хамгийн ойроос танилцах, олон олон шинэ боломжуудыг нээх ГҮҮР хэмээн тодорхойлж болох юм.

Учир нь зах зээлийн шинэлэг санаа шийдэл, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтын шинэ боломж, зорилтот зах зээлд бизнесийн түншлэл тогтоох, гэрээ хэлэлцээр хийх хаалгыг нээх аж. Ингээд “Экспо Монголиа-2019” Олон Улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.

Сайн байна уу? Урилга хүлээн авч мэдээлэл өгөхөөр болсон танд баярлалаа.

Д.Нарангиймаа: Урьсан явдалд баярлалаа. Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

“Экспо Монголиа” Олон улсын бага хурал, үзэсгэлэн долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо болно. Бизнес эрхлэгчдийн хуруу даран хүлээх үзэсгэлэнгийн тоонд зүй ёсоор орж байна. Арга хэмжээний талаар дурдвал?

Д.Нарангиймаа: Манай үзэсгэлэн, бага хурал нь гадаад дотоодын биенес эрхлэгчдийг харилцан түншлэл тогтоож, бизнес ээ өргөжүүлэх боломжийг олгодог учир жил ирэх тусам цар хүрээ нь тэлэгдэж байна. Арга хэмжээний маань гол зорилго бол Монгол Улсад дэвшилтэт техник, технологи, бизнесийн тогтвортой хамтын ажиллагаа болоод хөрөнгө оруулалт татах явдал юм.

Expo Mongolia

Тэр ч үүднээсээ “Экспо Монголиа” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн Газар дэмжлэг үзүүлдэг. ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа Эрчим Хүчний Яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) биднийг жил бүр дэмжин ажилладаг гэдэг утгаараа энэ арга хэмжээний ач холбогдол өндөр. Үзэсгэлэнд Герман, Австри, Итали, ОХУ, БНЧУ, БНСУ, Канад зэрэг дэлхийд үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах ТОМ боломжийг “Экспо Монголиа” үзэсгэлэнгээр ойртуулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Энэ жилийн “Экспо Монголиа” Олон Улсын бага хурал ямар сэдвийн хүрээнд явагдах бол?

Д.Нарангиймаа: Энэ жилийн “Экспо Монголиа” арга хэмжээний хоёр дахь өдөр /2019-10-10/ “Усны менежмент- Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тулгарч буй асуудлууд” сэдвийн хүрээнд бага хурал зохион байгуулагдана. Урьдчилсан байдлаар ХБНГАУ-ийн Бранденбург мужийн усны академи, /Германы суваггүй технологийн нийгэмлэг/, төрийн болон бизнесийн байгууллагууд оролцоно.

Бизнес эрхлэгчид тэр дундаа усны чиглэлд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад өндөр ач холбогдолтой хэмээн харлаа?

Д.Нарангиймаа: Тэгэлгүй яахав. Усны менежмент болон Дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа “Хот суурин газар, дэд бүтэц, барилга, уул уурхай”-д ашиглагдах ус хангамжийн дамжуулах ба түгээх технологи, цэвэр бохир усны цэвэрлэгээний технологи, эдгээрийн ашиглалт засвар үйлчилгээний чиглэлээр хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн үр ашиг бүхий сүүлийн үеийн технологиуд танилцуулагдана. Ийм учир энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад өндөр үр өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна. Усны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай санал бодол, мэдээлэл солилцож Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр болохуйц гэж харж байна.

Тус үйл ажиллагааны цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байна, дотоодын эдийн засагт үзүүлэх бодит эерэг нөлөөг юу гэж харж байна?

Д.Нарангиймаа: “Экспо Монголиа-2018”-д нийт 11 орны 63 аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож Засгийн газар, яамд, барилга, уул уурхай хүнд үйлдвэрлэл, хүнс, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, медиа, тээвэр зууч, байгаль орчин, газар тариалан, аялал жуулчлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан холбоо гэсэн салбаруудыг төлөөлж 2300 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэнг дуулгахад таатай байна.

Expo Mongolia

Үүнээс гарсан бизнесийн харилцан түншлэл, шинэ санаа, мэдээ мэдээлэл, боломжууд дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Түүнчлэн Дэлхийн банкнаас гаргасан тоймоор 2019 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын эдийн засаг 6.7 хувьд хүрч огцом өсч уул уурхай, барилгын салбарын үйл ажиллагаа эргэн сэргэсэн цаашид ч энэ энэхүү өсөлт нь хурдацтайгаар сайжрах эерэг хандалагтай байна.

ХБНГУ-ын “Expo Mongolia-21” компанийн тухайд хэр зэрэг өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани вэ?

Д.Нарангиймаа: Манай “JV Consult” компани нь үзэсгэлэнгийн тохижилт, менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай, ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад жилдээ 27 үзэсгэлэн зохион байгуулдаг, ХБНГУ-ын “Expo Mongolia 21” группийн охин компани юм. Ийм ч учраас Олон улсын, тэр дундаа Европын үзэсгэлэнгийн танхимын стандартыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Эдгээр үзэсгэлэнгүүд уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр логистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд гээд олон салбарыг хамардгаараа онцлогтой. “Expo Mongolia 21” компани нь 40 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Төв нь Герман улсад байдаг бөгөөд Олон улсад гурван салбартайгаар үйл ажиллагаа эрхэлдэг.

“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн цар хүрээ, үйл ажиллагаанаас Олон улсын стандарт шууд мэдрэгддэг. Та бүхэнтэй хамтран ажилладаг байгууллагуудын тухайд?

Д.Нарангиймаа: Баярлалаа. Бид үзэсгэлэнгээ Европ стандартад нийцсэн зохион байгуулалт, гүйцэтгэл, тохижилттой хийсээр ирсэн.

Үүндээ хөдөлмөр зүтгэлээ зориулан хичээн ажиллаж байна. Үзэсгэлэн зохион байгуулна гэдэг зүгээр нэг павильон авч ирээд угсарчихдаггүй. Бүх зүйлийг нарийн зохион байгуулалттай, Дэлхийн жишигт нийцүүлэх нь бидний зорилт. Тусгайлан зориулсан гэрэл, кабин, шал гэх мэтчилэнг Герман улсаас авчирч стандартын дагуу угсардаг. Үзэсгэлэнг ивээн тэтгэн ажиллаж буй Худалдаа хөгжлийн банк /TDB/, Герман Монгол хоорондын бизнес эрхлэгчдийн холбоо, Ард даатгал компанийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

Цаг зав гаргаж уншигчдад мэдээлэл өгсөн танд баярлалаа, удахгүй болох үзэсгэлэнд нь амжилт хүсье.

Д.Нарангиймаа: Та бүхэнд баярлалаа.

“Экспо Монголиа 2019” Уул уурхайн болон бүх салбарын Олон Улсын Үзэсгэлэн, Бага хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой.

хаана: Мишээл Экспо ОУҮХТөвд

хэзээ: 2019 оны 10 сарын 09,10,11 өдрүүдэд зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа

Санхүүгийн зохицуулах хороо, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Санхүүгийн зах зээл” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны болон даатгалын компани, даатгалын зуучлалын үйлчилгээ эрхэлдэг арилжааны банкууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэлээ. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ард иргэдэд нээлттэй үйлчлэв.

Энэ үеэр Хорооны ажлын хэсгийнхэн, зохицуулалтын байгууллагын ажилтнууд, санхүүгийн зах зээлд оролцогчид, иргэдэд зориулан сургалт, уулзалтыг хийж, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Мөн олон нийтэд хувьцаагаа нээлттэй, нэмж гарган, амжилттай ажиллаж буй “Хөвсгөл Алтандуулга” хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөвсгөл аймагт СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг ажиллав

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс долоон хүүхэд хүнд, хүндэвтэр бэртжээ.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдрийн 20:35 минутын орчимд Увс аймгийн Улаангом сумын нутаг, асфальтан замд Nissan X-trail маркийн автомашины жолооч, явган зорчигч С, Г нарын мөргөж, явган зорчигч С нар барж, Г гэмтсэн ноцтой осол гарчээ. Мөн өчигдөр өдрийн 09:30 минутын орчимд Дорнод аймаг Чойбалсан хотын нутаг, Toyota Crown маркийн автомашины жолооч, явган зорчигч Э-г мөргөж амь насын хохироосон байна. Түүнчлэн хоёр болон есөн настай хүүхэд бусдын буруутай үйлдлээс болж авто осолд оржээ. Сонгинохайрхан дүүрэгт микро автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ автомашинтай мөргөлдсөний улмаас хоёр настай хүүхэд гэмтсэн бол есөн настай хүүхэд явган зорчих үед автомашин мөргөж бэртээжээ.

Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 18,3 хувиар өсчээ. Бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 22,2 нас барсан хүний тоо 33,3 хувиар тус тус буурсан аж.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хаана

Улаанбаатар хотын захирагчийн албаны 2019.10.02-ны өдрийн зөвшөөрлийн дагуу Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 39-р байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж байна.

Үүнтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөний авто замын баруунаас зүүн чиглэлийг 2019 оны 10 сарын 05-ны 23:00 цагаас 2019 оны 10 сарын 06-ны өглөөний 07:00 цаг хооронд түр хаах тул иргэд жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхын зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж дэмжлээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2019.10.04) үдээс өмнөх хуралдаан 50.7 хувийн ирцтэй эхэлж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д тус тус заасны дагуу бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж буйг хэллээ.

Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч бригадын генерал Д.Ганзоригийн төрийн тусгай албан ажилласан туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох санал гаргасан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцууллаа.

Уг асуудлыг хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөхийг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Танилцуулгуудтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар хугацаат цэргийн албан хаагчдын эрх зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдаж байгаа гэх баримтуудад анхаарал хандуулж ажиллах онцгой шаардлага бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Ганболд нар улсын хэмжээнд цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэмээх энэ онцгой албан тушаалын томилгоо зургаан сарын дотор өөрчлөгдөж буйд шүүмжлэлтэй хандаж байсан. Нэр дэвшигчийг цэргийн бүх шатны сургуулийг дүүргэж, олон улсын түвшинд бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтэн хэмээн үнэлж, дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Л.Болд нар илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ цэргийн анги нэгж дэх сахилга журмыг сайжруулах шаардлагын талаар сануулсан бол Л.Болд гишүүн цэрэг-иргэний харилцааг шинэ шатанд гаргахад анхаарах талаар саналуудыг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа энхийг сахиулах үйл ажиллагаанд инженерийн ротыг ажиллуулах чиглэлд анхаарал хандуулж ажиллахын зэрэгцээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстойг сануулж байв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан зэвсэгт хүчний анги нэгтгэлийн эзэмшил газрын асуудлаар Байнгын хорооны даргын хувиар байр сууриа илэрхийлж, тодорхой саналыг гаргаж байв.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 40 нь буюу 76.9 хувь нь Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжсэн.

“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны дарга З.Нарантуяа танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм.

Монгол Улсын нийт гадаад өрийн талаарх асуултуудад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариулахдаа, Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаа. Үүний 61.2 хувь буюу 18.2 тэрбум ам.доллар нь Оюутолгой, Энержи ресурс, Саус гоби сэндс, Хөгжлийн банк, Монголын алт, МИАТ, Алтайн хүдэр, Ачит эхт гэх зэрэг аж ахуйн нэгж, компаниудын зээл эзэлж байгааг тайлбарлав. Арилжааны банкуудын гадаадаас авсан 2.2 тэрбум ам.доллар, Монголбанкны 2 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үлдсэн 7.2 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын нийт гадаад өрийн 24.4 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өр гэлээ. Үүний 1 тэрбум ам.доллар нь “Чингис” бондын өр бөгөөд 2021 онд төлөгдөх бол 2022 онд төлөгдөх “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай” бондын 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 2023 онд төлөгдөх 800 сая ам.долларын өр, тэдгээрийн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг мөн барагдуулах ёстойг дэлгэрэнгүй тайлбарласан. Эдгээрээс гадна 4 орчим тэрбум ам.доллар нь 1990 оноос хойш авсан эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад авсан зээлүүд байгаа бөгөөд Засгийн газрын гадаад өрийг барагдуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ. Гадаад өрүүдийн өнөөдрийн үнэ цэнэ, төлөгдөх үеийн ханш өөр байдгийг Ч.Хүрэлбаатар сайд дурдаад, өндөр хүүтэй зээлүүдийг өртгийг бууруулах менежмент хэрэгжүүлж байгаа гэлээ.

Сангийн яам сүүлийн жилүүдэд улсын төсвийг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь өнөөдрийн байдлаар 70-80 хувьтай, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд олон байгаа гэв. Гаалиар бүртгэлгүй, зөвшөөрөлгүй нүүрс гардаг гэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр гаалййн шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Энэ ажил өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд гурван жилийн дараа Монгол Улсын бүх боомтыг хууль зөрчсөн үйлдэл бүрийг шуурхай илрүүлдэг хэмжээнд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа гэлээ. Татварын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчилсэн бөгөөд холбогдох журмуудыг боловсруулах, сургалтуудыг зохион байгуулах ажлуудыг гүйцэтгэж байнаа гэнэ. Мөн даатгалын тогтолцоо, хөрөнгийн биржийг цэгцлэх, шинэчлэх, санхүүгийн зах зээлийг зөв гольдролд нь оруулж хөгжүүлэх ажлыг 10 орчим хувьтай гүйцэтгэж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, ажил эрхлэлт, үйлдэрлэл зэргийг зохицуулахад чухал нөлөө бүхий гадаад худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Мөн өнгөрсөн жилийн эдийн засгийн идэвхжил нийслэлд өрнөсөн байдалд дүн шинжилгээ хийж, орон нутгийн эдийн засгийг сэргээх, орлогын тэгш бус байдалд анхаарал хандуулах, хямралын эсрэг менежмент хэрэгжүүлэх зэрэг саналыг хэлж байсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, тодорхой саналуудыг хэлсний дараа “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 38 буюу 67.9 хувь нь дэмжснээр дээрх тогтоол батлагдав.

Categories
мэдээ нийгэм

Хувийн тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн судалгаа хийгдэж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хувийн суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх сонирхолтой иргэдийн судалгаа явагдаж байна.

Энэхүү судалгаанд өөрийн болон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг 2019 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд www.transport.ub.gov.mn цахим хаягаар, ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 11-312176 дугаарын утсаар тус тус хүлээн авч байгаа тул судалгаанд идэвхитэй хамрагдахыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны 1 давхарт үйлдвэрлэл явуулсан ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ

НМХГ-т иргэнээс ирүүлсэн “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байна, шалгаж өгнө үү” гэх гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14-р хороо, 78 дугаар байрны 1 давхарт хяналт шалгалтыг хийлээ.Шалгалтаар зөрчил гаргасан ААНБ-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох Прокурорын тогтоол, албан даалгавар хүргүүлэн, шийтгэлийн арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Монгол тулгатны 100 брэнд бүтээгдэхүүний экспортын төслийг эхлүүлнэ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүн байгууллагууддаа зориулсан шинэ багцын үйлчилгээг эхлүүлжээ. Бизнес эрхлэгчдэд зориулсан эдгээр үйлчилгээний талаар болон танхимын бодлогын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим шинэ удирдлагатай болоод багагүй хугацааг үдлээ. Шинэ багийнхан ямар санал, санаачилга гаргах бол гэсэн хүлээлт гишүүн байгууллагуудад байсан нь гарцаагүй. Хамгийн эхэнд олуулаа нэгдэцгээе гэдэг санаачилгыг дэвшүүлсэн байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Дэлхий даяар хөгжлийн тухай хамгийн их ярьж байна. Яавал хөгжилтэй улс болох вэ, яагаад хөгжилгүй улс болчихоод байгаа талаар. НҮБ-аас дэвшүүлж байгаа тогтвортой хөгжлийн 17 зорилт буюу гурван тулгуурт хөгжлийн бодлого гэж байгаа. Үүнд нийгэмд дан ганц төр засаг нь бүгдийг хийгээд улс орон сайхан болчихдоггүй юм байна. Эсвэл дан ганц хувийн хэвшил нь ажиллаад сайхан болгочихдоггүй. Харин төр, хувийн хэвшил хамтарч байж нийгмээ сайн сайхан хөгжил дэвшил рүү хүргэдэг юм байна гэдэг асуудал дэлхий нийтээр маш хүчтэй яригдаж байна.

Тэр тусмаа төрийн зөв зохицуулалт хүчтэй хувийн хэвшил дээр тулгуурлаж явдаг юм байна. Ингэж байж хувийн хэвшлийнхэн нийгмийн суурь асуудлыг шийддэг гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Монголд өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ гэвэл төр нь хэт оролцоотой, хэт өндөр зохицуулалттай. Хувийн хэвшлийнхэн хүчин мөхөс. Үүнээс алдаа хаана байна вэ гээд харахаар бидэнд өөрсдөд маань байгаа юм. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө нэгдэж, нийлж чаддаггүй, асуудлаа төрдөө зөв тавьж чаддаггүй, шийдүүлж чадахгүй яваад байгаатай холбоотой.

Улс орнуудын бизнесийн орчныг шинжилж дүгнэдэг “Do­ing biziness index” гэж байдаг. Гүрж саяхан л Монголтой нэг жагсаалтад байсан. Өнгөрсөн найм, есөн жилийн хугацаанд 101-ээс зургадугаар байр хүртэл үсэрлээ. Тэд нар юуг хийж чадсан бэ гэвэл төрийн хүнд суртлыг арилгаж чадсан. Ил тод байдлыг бий болгож чадсан. Өнөөдөр Гүржид бизнес хийе гэсэн хүсэл сонирхол хөрөнгө оруулагчдад асар их бий болсон. Жил бүр гадаадын шууд хөрөнгө оруулалт гурав дахин өсч байна. Тэгвэл Монгол яаж Гүржтэй өрсөлдөх вэ гэвэл төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн ажиллах орон зайг нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Ингэхдээ төрийг “Та нар хий” гэхээсээ илүү хувийн хэвшлийнхэн өөрсдөө нийлж нэгдэж хийх ёстой болчхоод байгаа юм. Хэрэв та бизнес хийхийг хүсч байгаа бол үндэснийхээ худалдаа аж үйлдвэрийн танхим дээр ирээд зөвлөгөө, сургалтаа аваад хамтраад явдаг механизмыг бүрдүүлэх ёстой. Үүний тулд Танхимаас эхлээд олуулаа болъё, нийлье, нэгдье гэсэн санаачилгыг гаргаж байгаа. Монголд бүртгэлтэй 140 мянган компани байдаг. Тэднээс ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа нь явуулж байгаа нь 70 гаруй мянга, хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай нь 40 мянга. Гэтэл үүний 10 хүрэхгүй хувь нь л Танхимын гишүүн байна.

-Маш хангалтгүй тоо байна…

-Тийм. Энэ бол хангалтгүй төлөөлөл. Бид эхний ээлжинд 10 мянган гишүүнтэй болъё гэж зорьж байна. Цаашлаад 40 мянгуулаа Танхимынхаа дор нэгдэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол өнөөдөр захын нэг хөдөлгөөн эвсэл, эрхтэн дархтан, байцаагчид шалгуулаад айж ичдэг, үйл ажиллагаагаа хаалгаж боолгоод байхгүй байх боломж бүрдэнэ. Угтаа төр гэдэг чинь бид нарын төлж байгаа татвараар нийгмийг сайн сайхан байлгахад үйлчлэх ёстой хүмүүс юм. Зөв ойлголт дээр бид дуу хоолой нэгтгэж төрд энэ үүргийг нь сануулж байх ёстой. Ойлголцол гэдэг зүйлийг урдаа тавих зайлшгүй шаардлагатай болчхоод байна. Төр ингэх ёстой, тэгэх ёстой гэхээс илүү бид нар өөрсдөө эвлэлдэн нэгдээд, “Бид ийм юм хүсч байна”, “Нийгмийн асуудлыг шийдэхэд ийм гарц байна” гэж өөрсдөө төрдөө асуудал дэвшүүлдэг, тулгадаг, шийдүүлдэг болох зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд бид олуулаа болох ёстой юм. Энэ олон бизнес эрхлэгчид нэгдэх ёстой. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг шиг асуудлаа нийлж тавьдаг болъё. Ийм л зорилгыг дэвшүүлээд байна.

-Хувийн хэвшлийнхэн Танхимын дор нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх гэдэг том алхам. Түүнээс гадна Танхимын гишүүн болсноор тэдэнд ямар өгөөж бий болох вэ. Энэ тал дээр та бүхэн бодож төлөвлөсөн ажил бий юу?

-Дэлхийн ихэнх улс орнууд “Хэрэв та бизнес эрхэлж байгаа бол албан ёсоор Танхимын гишүүн байх ёстой” гэдэг хуультай. Герман, Европын улс орнууд албан ёсоор гишүүнчлэлтэй болдог. АНУ-д ч ялгаагүй. Манайх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу социализмын нийгэмтэй байсан. Тэр үед хувийн хэвшил гэж байсангүй. Үүнийгээ дагаад 1995 оны Танхимын тухай хууль батлагдахдаа сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлтэй болно гээд хуульчилчихсан. Хэн хүссэн нь гишүүн байж болдог зохицуулалт хийчихсэн. Тиймээс манай гишүүнчлэлийн газрынхан, шинэ удирдлагууд энэ асуудал дээр нэлээд сууж ажилласан. Гишүүд нэлээд олон төрлийн боломжуудыг санал болгосон. Гадны танхимуудаас туршлага судлах зайлшгүй шаардлагатай байна. Гол нь бизнес эрхэлж байгаа хүмүүс хоорондоо ярьдаг, санал бодлоо солилцдог болгох тал дээр анхаарахыг хичээж байна. Манай бизнес эрхлэгчид, нийт гишүүдийг ангилаад харахаар томоохон аж ахуйн нэгжүүд хууль эрх зүйн орчныг сайжруулахыг хүсч байна. Дунд хэсгийнхэн ямар гадны хөрөнгө оруулагчидтай холбогдох, гадны зах зээлтэй холбогдох гэх мэт. Жижгүүд нь бол яаж бизнесээ эхлүүлэх вэ, яаж тоног төхөөрөмжийн сонголт хийх вэ, яаж бүтээгдэхүүн, маркетинг, сав баглаа сайн хийх талаар мэдлэг, мэдээлэл хүсч байна. Бид тэр бүрт нь тохирсон бодлого гаргасан.

-Гишүүнчлэлийн багцыг бизнес эрхлэгчдэд санал болгож байгаа гэв үү?

-Нийтдээ 100 гаруй төрлийн үйлчилгээ, зөвлөгөө, хамтын ажиллагааг санал болгож байна. Ерөөсөө танхимын гишүүн болсноор тэр компани өөрөөрөө бахархах болно. Бизнес эрхэлж байгаагаараа, энэ томбагийн нэг хэсэг болоод хамтарч, энэ асуудлыг шийддэг, төрдөө үгээ хүргэдэг. Зүгээр нэг байцаагч намайг ингээд байна гээд айж ичих биш. Яг л адилхан эрхтэйгээр хамтраад энэ асуудлыг шийддэг бүх боломжууд нээгдэнэ. Дээрээс нь маш олон төрлийн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ байгаа. Туршлага судлах, гадаад дотоод айлчлал, үзэсгэлэн худалдаа, гадна дотны түнш компаниудтай холбож өгөх маш олон боломж Танхимд бий. Хамгийн чухал юм бол ерөөсөө нийлж бизнесийн орчноо хамгаалъя, сайжруулъя гэдэг зорилго байгаа юм.

-Гишүүнчлэлээ өргөжүүлэх, төрд дуу хоолойгоо хүргэх зорилгын үр өгөөжийг та бүхэн хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сард болсон Танхимын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг та нар мэдэж байгаа байх. Сонгууль маш өрсөлдөөнтэй болсон. Маш олон хүн “Танхим ямар учиртай байгууллага вэ, ямар үр тустай байдаг бол” гээд нэлээд олны анхааралд орж ирсэн. Үүнээс хойш танхимын гишүүнээр элсэх бизнес эрхлэгчид нэмэгдэж байна. Бид ч гэсэн маш олон талт үйл ажиллагааг явуулахыг зорьж байна. Жишээ нь, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл байгууллаа. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагаа идэвхтэй болж байна. Цаашид бид яаж залуу бизнес эрхлэгчдийг эрсдэлээс сэргийлэх вэ, яаж зах зээлд хэрхэн зөв хөлөө олох вэ асуудал дээр нь яаж нийлж шийддэг болох тал дээр нэлээд анхаарч харилцан ойлголцож ажиллаж байна. Ингээд гишүүдийн тоо олон болохын хэрээр салбараараа танхим байгуулах асуудлыг хөндөнө. Тэгж байж тухайн салбарынхаа асуудлыг нэгдмэл байдлаар шийдэх боломжтой болно. Барилгын танхим, Ноос ноолуурын танхим, Хүнсний танхим гэж байгуулна. Эд нар нь тухайн салбарынхаа хүний нөөцийн бодлого, хяналт үнэлгээг өөрсдөө хийх боломжтой болж эхэлнэ. Аялал жуулчлалын танхим гэхэд өөрсдөө нийлж байгаад одоо өгдөг, хяналт шалгалтаа хийдэг, сургалтаа явуулдаг, боловсон хүчнээ бэлтгэдэг болно. Ингэж бүх салбар орхигдолгүй хамрагдаад ирэхээр Монголын бизнесийн орчин өөрөө зөв болж, цэгцрээд ирнэ. Ерөөсөө бизнесийн орчин сайжрах ёстой. Дээр дурдсан“Doing biziness index”-т өнөөдөр магадгүй манайх 74-д байгаа. Дараа жил хэдэд орох вэ, хэдэн байр урагшилж байгаа вэ гэдгээр бүх зүйл хэмжигдэнэ. Бизнесийн орчин сайжирна гэдэг нөгөө зээлийн хүү буурна, гадны хөрөнгө оруулалтыг хамгаална, тогтвортой байдал бий болно. Компаниудын борлуулалт ашиг орлого нэмэгдэнэ. Ажлын байр сайжирна. Үүний дараа ажиллаж байгаа албан хаагчдын ахуй хангамж сайжирна. Ахуй хангамж сайжрахаар нийгэм өөрөө сайжрах суурь нь болно шүү дээ.

-Танхим үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин ямар байна вэ. Боломжийн нөхцөлд бизнесийнхэн ажиллаж байна гэдэг шүү дээ?

-Хангалттай. Гэхдээ мэдээж Танхимын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Арилжааны хууль зэрэг нэн яаралтай батлах шаардлагатай хууль байгаа. Гол нь Танхимын гишүүд олуулаа болчих юм бол төлөөлөл нь илүү хүчтэй болно. Төрд асуудал тавиад шийдүүлэхэд хялбар болно. 10 мянгуулаа “Энэ асуудлыг шийдээч” гээд төрд хандахад үгүй гэх зоригтой төрийн албан хаагч, сайд дарга нар гарахгүй болов уу. Энэ чинь бидний яриад байгаа Монгол Улсын хөгжил юм. Хөгжил эндээс эхэлнэ үү гэхээс нэг даргын шийдвэрээс эхлэхгүй.

-Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого дээр төвлөрч байна гэлээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу. Залуус өнөөдрийн нийгэмд хамгийн ихээр бизнесийн салбарыг сонирхож байна. Олноороо гарааны бизнес эрхлэхийг зорьж байна. Тэдэнд Танхим яг ямар хөрөнгө оруулалт хийх вэ?

-Гадны загварыг харахаар маш олон залуус цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг эрж хайж, бий болгож байдаг. Харамсалтай нь үүнийгээ хөрөнгө оруулагчидтайгаа холбох процесс дээр маш их алдаа гаргадаг. Тэр бүр зөв хөрөнгө оруулагчидтайгаа уулзаж чаддаггүй. Хөрөнгө оруулагчид ч тэр бүр зөв, сайн бүтээгдэхүүнийг хайж олж мэдэж чаддаггүй. Монголд үйл ажиллагаа нь жигдэрчихсэн үндэсний томоохон компаниуд бий.Эд нартай зөв холбож өгдөг системийг бий болгоод өгчихвөл олон хүн бизнесээ хөгжүүлэх боломжтой. Буцаад нөгөө том компаниуд маань амжилттай шинэ салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой болчихдог. Аль, алинд нь хүсэл сонирхол байна. Тиймээс Танхим ийм уулзалтыг хийж өгдөг, арга хэмжээг зохиодог байх нь илүү үр дүнтэй. Түүнээс гадна залуучууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэж байна. Гэтэл хаана борлуулахаа мэдэхгүй, ялангуяа гадаад зах зээл рүү яаж борлуулахаа мэддэггүй. Танхим жилдээ 30 гаруй үзэсгэлэн худалдаа, мөн тооны бизнес форумыг гадаадад зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээгээрээ дамжуулах, таниулах, сурталчлах, түнштэй нь холбож өгөх гэх мэт маш их боломжийг нээнэ. Ингээд дэд бүтцийг бий болгоно гэдэг өөрөө маш том давуу тал юм.

Түүнээс гадна Монголын бизнесийн орчныг тогтмол судалж байдаг судалгааны байгууллага байдаггүй. Тэгвэл Танхим үүнийг хийдэг болъё. Хоёрт, түүндээ тулгуурлаад яаж хувийн хэвшлийг сайжруулах вэ гэсэн санал санаачилгын төв байя. Түүнийг тойроод маш олон төрлийн сургалт зөвлөгөөн уулзалт хэлэлцүүлгийг хийдэг болъё гэж байгаа.

-Монголын бизнесийн томоохон салбар бол яалт ч үгүй уул уурхайн салбар. Бизнесийн орчныг солонгоруулах бодлого аль ч төрд, Танхимд тавигдаж байдаг. Үүнийг Танхимын шинэ баг юу гэж харж байна вэ?

-Уул уурхайн салбар бол мэдээж том дүр зургаа дагаад явж байна. Бид дараагийн шатанд боловсруулах үйлдвэрийг зайлшгүй барих, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Түүнээс гадна уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортыг дэмжих асуудал хамгийн чухал. Тиймээс энэ бол Танхимын дараагийн чухал зорилго болоод байна. Тун удахгүй бид Өвөр Монголын Баяннуур аймагт Монголын экспортын барааны онлайн худалдааны сүлжээг нээх гэж байна. Монголыг дэлхийд сурталчлах ажлыг Танхим илүүтэй өөр дээрээ авч явъя гэж зорьж байна. Жишээ нь, “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг”-ийг монголчууд сайн мэднэ. Түүн шиг “Монгол тулгатны 100 брэнд” хөгжүүлье гэж байгаа юм. “Херо” интертайменттай энэ талаар ярилцаж экспортын 100 брэндийг хөгжүүлэхээр болж байна. Энэ 100 брэндэд зориулсан нэвтрүүлэг хийе. Гадагшаа сурталчилгаанд ашиглахаар хамтарч ажиллахаар тохироод байна. Энэ бол араасаа маш их амжилтыг дагуулах төсөл болно гэдэгт итгэлтэй байгаа. Үндсэн ойлголт нь “Монгол экспорт” төслийн хүрээнд“Шилдэг 100 брэнд” төсөл хэрэгжих юм. Үнэхээр монгол брэнд гадаадад зах зээлээ нээж чадвал тухайн салбарт байгаа 200, 300 компани нийлж үйлдвэрлэж ч амжихааргүй хэмжээний том боломжийг нээнэ. Тэр үед хувийн хэвшлийнхэн хоорондоо өрсөлдөх биш, нийлж байгаад гадагшаа зах зээл рүү гарах асуудал дээр Танхим санал санаачилгатай ажиллана.

-Эх оронч худалдан авалтыг үндэсний зарим компаниуд санаачлан хэрэгжүүлж байна. Олон нийт, хувийн хэвшлийнхэн ч таатай хүлээж авч байна?

-Тухайн улс орон хөгжиж, дэвшихийн тулд өөрийнхөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь хамгийн гол суурь нь байдаг. Эх оронч худалдан авалтыг “Эрдэнэс Монгол” компанийн харьяа 10 гаруй том компани байдаг. Бүгд Монголын топ компаниуд.Тэд худалдан авалт хийхдээ Монголын бүтээгдэхүүнийг сонирхъё гэж байгаа. Энэ чинь бизнес эрхлэгчид олдож байгаа маш том боломж. Үйл ажиллагаагаа жигдрүүлэх, сайн технологийг авчрах, магадгүй хамтарсан үйлдвэр байгуулах суурь нөхцөл нь болно.

Ер нь бид хийж чаддаг юмаа Монголдоо хийнэ. Мэдээж өндөр технологи шингэсэн, манайд түүхий эд нь байдаггүй бүтээгдэхүүнийг гаднаас авах нь ойлгомжтой. Харин түүнийг орлуулж хийх тал дээр саналаа солилцоод, алин дээр нь хамтарч болох вэ, алиныг нь хөгжүүлэх боломжтой байгаа талаар хэлэлцэх боломжийг олгосон нээлттэй өдөрлөг саяхан болж өнгөрлөө. Маш үр дүнтэй арга хэмжээ байлаа. Үүний дараа Оюу толгой хийх ёстой. Томоохон компаниуд өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж худалдан авалт хийдэг бүтэц дэлхийд олон байдаг. Жишээ нь,“Тоёота”-д гэхэд хэдэн мянган компани бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Ингэж цаанаа маш олон ажлын байрыг бий болгож харилцан бие биенээ дэмжиж байдаг системийг бид Монголд албан ёсоор бий болгох ёстой.

-Зарим хүмүүс МҮХАҮТ төртэй тэмцэх ёстой гэдэг. Харин та эсрэгээр нь хамтрах ёстой гэж байна. Үр дүнгээ тооцоолсон уу?

-Төр, хувийн хэвшлийнхэн ойлголцох ёстой гэж би боддог. Тийм ч учраас үйл ажиллагаагаа энэ чиглэлд төлөвлөн ажиллаж эхэлсэн. Үр дүнгээ ч өгч байна. Нийгэмд, тэр дундаа бизнесийн салбарт болохгүй байгаа асуудлууд байна. Үүнийг хамтдаа засч залруулдаг болъё. Болж бүтэж байгаа зүйлийг хамтраад дэмжээд явъя. Эцсийн дүндээ гурван сая хүн гэдэг нэг л систем. Систем дотроо бид нар ойлголцохгүй явбал сул тал л нэмэгдэх болно. Хувийн хэвшлүүд маш хүчтэй байвал төрийн тогтвортой байдлыг ч хангах боломжтой гэж би хардаг.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагч бага насны гурван хүүхдийн амь насыг аварчээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж гурван хүүхдийн амь насыг аварчээ.

Тэрээр өчигдөр буюу аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байхдаа Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт бага насны гурван хүүхдийг ухаан балартсан байхад нь олж, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан байна.

Хүүхдүүд даарснаасаа болж осгож, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллага 67 зөрчил илрүүлжээ

Гаалийн байгууллага есдүгээр сарын 16-наас аравдугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд нийт 67 зөрчил илрүүлжээ. Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн 9 удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил илрүүлж улмаар 56,1 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

Энэ хугацаанд таван удаагийн үйлдлээр 87,33 кг байгалийн чулуу, мөн 5 удаагийн үйлдлээр 320кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж хариуцлага тооцжээ.

Улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулуу нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин хаягдал төмөр Улсын их хурлын 2005 оны 46-р тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхаарууллаа.