Categories
мэдээ нийгэм

“Гулууз” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Махны өргөтгөсөн худалдаа 2019 10-р сарын 30-наас 11-р сарын 3-ны хооронд дараах цэгүүдэд болно. Өнөөдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн “Амин хүнс” худалдааны төвд болно.

1.Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд

2.Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд

3. Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд

4. Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд

5. Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд

6. Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана.

Махны үнийн судалгаа /2019.10.30-ны өдрийн өглөөний 7.30 минутын байдлаар/

Хүнсний зах

Бөөний үнэ

Жижиглэнгийн үнэ

Хонины мах

Адууны мах

Үхрийн мах

Ямааны мах

Хонины мах

Адууны мах

Үхрийн мах

Ямааны мах

1

Хүчит шонхор зах

4200-5000

6500-6700

5000-6300

4500-5000

6800-8500

7500-8000

7500-10000

7000-8500


/Эх үүсвэр: ХХААХҮЯ тандалт судалгаа/

2019.10.29-ны өдрийн өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээр махны нийлүүлэлт хэвийн байна. Адууны махны бөөний үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байдал ажиглагдаж байна. /Хүчит шонхор зах/

Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлэгдэж буй амьд мал, махны талаарх мэдээлэл /2019.10.28-10.29-ны өдрийн байдлаар/

Нэр, төрөл

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Дайвар түүхий эд

Нийт дүн

1.

Амьд мал /тол/

65

22

3133

1167

4387

2

Мах /тн/

5.2

129.3

49.5

53.8

18.8

19.9

256.6

/Эх үүсвэр: Нийслэлийн мал эмнэлгийн газар/

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас Нийслэлийн удирдах ажилтнуудын аравдугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

Дээрх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Замын цагдаагийн газрын алба хаагчид Нийслэлийн төвийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт /Офицеруудын ордон, таван шар, 32-ын тойрог, БММЗ/ хяналт шалгалт хийж байна. Мөн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн өнгө үзэж, техникийн бүрэн бүтэн байдал, утааг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэхүү ажлыг 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний хооронд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт нөлөөлөхгүй байдлаар хурдан шуурхай зохион байгуулна.

Тус газар нь Монгол улсын Автотээврийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор техникийн хяналтын үзлэгийг жилд хоёр удаа зохион байгуулдаг.

Энэ хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаажмийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон таксины үйлчилгээний тээврийн хэрэгслийг 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 57.4 хувьтай явагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын популист улстөрчдөд барууныхан хориг тавьж эхэллээ

Монгол Улс саарал жагсаалтад орлоо. Саарал жагсаалт бол популистуудад тавьж байгаа барууны хориг мөн. Яг үнэндээ жалгын мухарт захиргаагүй хэдэн хүн дураараа хулгай хийж, дарангуйлал тогтоох гэж оролдсоноос үүдэлтэй. Ард түмнээ дарлах гэсэн тэдний шунал хүслээс эхтэй. Саарал жагсаалт нь Монголын популист улстөрчдөд барууны ертөнц буюу соёлт хүн төрөлхтнөөс өгч буй сануулга гэдэг нь гарцаагүй. Монголын популистууд бидний мөнгөөр сонгуульд ялалт байгуулах вий гэж болгоомжилсондоо хийж буй ажил.

Уг нь энэ үе ОУВС-гийн хөтөлбөрийн нэгдүгээр шат дуусч, хоёрдугаар шат эхлэх хариуцлагатай мөч байв. Яг энэ эгзэгтэй үед барууныхан манай поп дарга нарыг хараад болгоомжлоотохлоо. Монголын шинэ үеийн түүх буюу ардчиллын 30 жилд Монгол Улсын удирдагчид ингэж попорч байсан түүх үгүй л дээ. Тэд юу ярьж попорч байсныг бид мэдэж байгаа. “30 гэр бүлийн хувийн хөрөнгийг хураана” гэсэн. Хувийн үйлдвэр, аж ахуй, уурхайг хурааж цээжээ дэлдсэн. “Хураасан мөнгөө ард түмэндээ, та нартаа хувааж өгнө” гэж манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн түшээдээс эхлээд ярих болсон. Нэг ёсондоо барууныхны, орчин үеийн хүн төрөлхтний ололт амжилтын эсрэг зүйлийг ярьцгаасан гэсэн үг. Гэтэл үүнд нь ард түмэн итгэж, уухайлан дэмжин, алга ташиж эхэлсэн нь халагламаар.

Барууныхан болгоомжилж байна. Тэд тэнэг хүмүүс биш. Хэрвээ энэ попууд мөнгөтэй бол сонгуульд ялна. Сонгуульд ялчихвал Монголын ардчилал алга болно гэж тэд үзжээ. Олон улсын үгэнд ордоггүй, дураараа дургидаг орон яаж баларч байгааг сод жишээ болсон Венесуэль, Хойд солонгос зэрэг орнуудаас харж болно л доо. Тэд олон улсын эдийн засгийн хориг, хавчлагад ордог. Улс төрийн дэмжлэг авч чадахаа больдог. Энэ утгаараа дэлхийн нийт, олон улс өөрсдийнхөө тусламжаар Азийн Венесуэль бий болгохоос болгоомжилсон хэрэг. Тиймдээ ч саарал жагсаалтад оруулав бололтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн үед Монголын попчидын манлай болсон. Энэ хүн их увайгүй араншинг олон улсын тавцанд гаргаж байгаа. Хятад руу айлчилж, өч төчнөөн зээл тусламж авдаг. Гэсэн ч энэ талаараа ганц удаа ган хийдэггүй. Тэдний зээл, тусламжийг тусад тооцдоггүй. Угтаа урд хөршийнхөө тус дэмээр орон сууц бариулна л гэнэ. Цэвэрлэх байгууламж бариулж өмхийгөөсөө сална, Налайхын зам бариулж осол аваараа багасгана л гэх юм. Гэтэл Ерөнхий сайдын ярьдаг зүйл нь “Миний толгой мөрөн дээрээ байгаа цагт адуу, малыг амьдаар нь урагш гаргахгүй” гэх попролт. Ажлуудаа бүтээж, бүгдийг нь тохирч ирсэн хойноо хуншгүй загнаж байгаа нь энэ л дээ. Хятадын эсрэг илэрхийлсэн энэ мэт явцуу байр сууриараа улс төрийн оноо авч, сонгуульд дахин ялалт байгуулна гэж горьдоод байгаа юм. Аливааг жаахан боддог хүн ийм гоомой үйлдэл ч хийхгүй л дээ. Бид 2019 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65.8 хувийг зөвхөн БНХАУ-тай хийжээ. Энэ чамлаад байхаар бага тоо огт биш шүү дээ. Төрийн дээр суугаа түүний хувьд “Ах дүүгийн найрамдалт Хятад улс бидэнд ингэж тусаллаа” гээд яриад сууж байх ёстой юм. Гэтэл бүр эсрэгээрээ байгааг дээр дурдлаа. Ерөнхий сайд нийт массад таалагдахын тулд Хятадыг үзэн ядагч болж жүжиглэж байна. Ингэж попын туйл гэдгээ харуулж байна. Цахим ертөнцөөс айсандаа л тэр ингэж дэмий донгосож байгаа юм. Улсаа бодож гэмээнэ ийм поп мэдэгдэл хийж чадамгүй, боломгүй л санагдах юм.

Төрийн өндөрлөгүүдийн маань попролт энэ хүрээд төгсгөл болсон юм биш л дээ. Энэ зунжингаа Ялалтын баяр хийж пижигнэсэн. Оросын байлдааны онгоцыг Монголд авчирч нисгээд л. Зуны гурван сарыг дуустал л Японы милитаристуудыг бут цохисны 80 жилийн ойг тэмдэглэлээ. Бүр Засгийн газрын хэмжээнд авч үзэн дээд түвшинд тэмдэглэсэн. Засгийн газрын тэргүүн 2018 онд Японд айлчлал хийхдээ стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Харин энэ удаагийн айлчлалаараа хоёр дахь шатныхаа санхүүжилтийг авъя гээд хэлээтэхнэ лээ. Ичдэггүй юм байх даа. Ямартаа ч сүүлийн 30 жилийн түүхэнд Япон анх удаа Монгол Улсад үгүй гэж хэллээ. Бүр анх удаа шүү. Энэ бүгдээс харахад олон улс Монголын ардчиллыг хадгалж, хамгаалж үлдэх бодлого барьж байна. Поп улстөрчдийг сонгуульд ялуулахгүй, төрд шургалуулахгүй байхыг тэд эрмэлзэж байна. Улстөрчдийнхөө хэмжээ, хязгааргүй попролын шанд бид олон улсад дэмжлэгээ алдаж эхлэв бололтой. Алс хэтдээ ардчиллаа аварч үлдэх байгаадаа гэсэн горьдлого л биднийг уужруулж байна.

Хэрэвзээ ирэх сонгуульд ялахын тулд хоёр хөршөөсөө мөнгө гуйвал улс төрийн л мөнгө орж ирнэ. Энэ улс төрийн мөнгийг эргэж төлж чадахгүй гэдэгээ ард түмэн одооноос хэлж, сануулж баймаар байна. Ард түмэн ч энэ поп улс төрчдөөсөө салахын тулд гадны зээл тусламж авъя гэж чичлээд байлгүй хагас жил тэсэх хэрэгтэй. Цаашлаад сонгуулиар попуудаасаа салах нь чухал. Тэртэй тэргүй энэ хугацаанд сохор сонголтынхоо горыг хаширтлаа амсаж байгаа нь үнэн хойно. Ер нь ч бид түүхэндээ ийм хэмжээний попуудтай учирсан удаагүй.


Categories
мэдээ улс-төр

А.Ундраа: 2020 оны төсөв хөгжлийн бодлоготой уялдаж чадаагүй

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэгт бэлдэхээр болж байна. Батлагдах эсэхийг шийдэхэд маш богино хугацаа үлдлээ. Таныхаар хэдийд батлагдах бол?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар явуулахгүй болсон. Тиймээс гуравдугаар хэлэлцүүлэг хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үүнтэй давхцаад төсөв хэлэлцэгдэж байгаа. Тиймээс эхний ээлжинд улсын төсвөө батлаад залгуулаад Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээ хийхээр ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө батална гэдэг байр суурь дээр дийлэнх гишүүд бий. Түүхэн чухал шийдвэр учраас оны өмнө гэхэд батлагдах байх гэж харж байгаа.

-АН-ын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гурван санал тусгах хэрэгтэй гэж үзсэн. Эдгээр саналыг дэмжиж байгаа юу. Тусгаж авах боломж бий юу?

-Засаглалын тэнцвэртэй байдлыг хангах нь нэн чухал. Тэр үүднээс эрх мэдлийн хуваарилалтыг зөв хийх, хяналтыг сайн тавих, парламентын засаглалыг бэхжүүлэх нь чухал гэсэн байр суурь хэвээрээ байгаа. АН-аас гаргаж байгаа саналуудыг аль аль намуудын оролцоотой Зөвшилцөх ажлын хэсэг дээр ярилцах байх.

Ажлын хэсгээс гаргаж байгаа санал, дүгнэлтээс хамааран дүгнэж цэгнэн, байр сууриа эцэслэн тодорхой болгоно.

-2020 төсвийн хуваарилалт ялгаа заагтай байгаагаас гадна сонгуультай холбоотойгоор тойргоо усалсан төсөв болчихлоо зэрэг шүүмжлэлтэй тулгарч байна. Төсвийн тухайд байр сууриа илэрхийлээч?

-Төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэж байгаа учраас хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, үндэсний эрх ашигт нийцүүлж маш хариуцлагатай зарцуулах ёстой. Төсөв хэд хэдэн заалтаар тэгж чадаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрийнхөө тойргийг ярихаас илүүтэй тулгамдаж байгаа асуудлыг харах нь зөв. Засгийн газраас шинжлэх ухааны салбарын ажиллагсдын анхдугаар их хурлыг зохион байгууллаа. Шинжлэх ухаан чухал гэдэг нь маш тодорхой асуудал. Уриалга нь хүртэл “Хандлагаа өөрчилье” гэж буй. Угтаа шинжлэх ухаан ямар чухлыг олон нийт сайн ойлгож байгаа харин улстөрчид өөрсдөө ойлгохгүй байна. Энэ анхдугаар хурлаар маш их шоу хийсэн. Гэтэл төсөвт шинжлэх ухааны салбарт амлаад байсан хэмжээнд зардал тусгаагүй. Тэгэхээр Ерөнхий сайд тэр олон мянган эрдэмтдийн өмнө андуурч ярьсан гэсэн үг үү. Эсвэл Сангийн сайд нь Ерөнхий сайдаа сонсоогүй байна гэсэн үг үү. Эсвэл Засгийн газрын бодлого хаа нэгэн газраа гацаад байна гэсэн үг үү. Тийм бодлого баримтлаагүй бол яагаад тэгж амласан юм бэ гэх асуулт гарч ирнэ.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч шинжлэх ухааны салбарыг дэмжих асуудал туссан. Шинжлэх ухаанаа дэмжихгүйгээр яаж хөгжих юм бэ. Улс үндэстний хувьд уураг тархиа цэнэглэхгүй байна. Энэ төсөв тэр амлалтыг биелүүлсэн төсөв болж чадаагүй. Улс үндэстний нийтлэг эрх ашиг гэж жишээлбэл үүнийг хэлээд байгаа юм. Хоёр дугаарт, нийслэл хотод тавигдсан төсвийн хэмжээ хангалттай биш байна. Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг харахад албан бус тоогоор нийт хүн амын 50 шахам хувь нь амьдарч байна. Хүн амын төвлөрлөө бодолцвол нийслэлийн төсөв үнэхээр хангалттай биш байна. Сургууль цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар зэргийг харахад нийслэлд төрийн үйлчилгээ хүндрэлтэй хэвээрээ байна. Шаардлагадаа дүйцэхүйц төсөв тавигдаагүй. Мөн зарим аймаг орон нутгаас сонгогдсон гишүүдээс гарч байгаа шүүмжлэлтэй санал нэг байна. Татвар төлөгчдийн мөнгийг эргүүлээд зарцуулж байгаа бол тэр өндөр үнийн дүнтэй ажлууд хийгдээд байгаа газар нь тэгж их татварын орлого бүрдүүлээд байгаа юм уу. Тэнд эдийн засгийн эргэлт үүссэн байгаа юу зэрэг логикийн алдаатай асуудал их байна л даа.

-Төсөв гэдэг өөрөө микро эдийн засгийн тохируулга хийхэд зориулагддаг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нэг байна. Энэ удаад хөгжлийн бодлоготой уялдаатай зүйлсээ хийж чадаагүй. Уг нь гишүүдийн хэн нь Сангийн сайдтай ойр байна гэдэг хувийн чанартай тоглолтууд хийгдэж, хуваарилагддаг эд биш шүү дээ. Хэний мөнгөөр хэн тоглоод байна вэ гэдэг асуултын хариу энэ төсвөөр бэлээхэн харагдаж байна.

-Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг шалгах ажлын хэсгийг та ахалсан. Капитал банк дээр дээрх сангийн нэлээд хэмжээний мөнгийг байршуулсан байсан гэж байгаа. Шаардлага хангахгүй байгаа банкуудад чухал сангийн мөнгийг байршуулах нь хэр зөв юм бэ. Энэ мөнгийг хэрхэн эргүүлж авах вэ?

-Нийгмийн даатгалын сан насанд хүрсэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин орлогоос авч байгаа татвараас бүрдэж байна. Өнөөдөр дөрвөн төрлийн тэтгэвэр тэтгэмж байна. Энэ дундаас нийгэмд, тэр дундаа залуучуудын хувьд хамгийн их бухимдаж байгаа нь тэтгэврийн асуудал байгаа. Өнөөдөр орлого бүрдүүлж, цалингаасаа татвар төлж байгаа хүмүүс ирээдүйд тэтгэвэрт гарах үед орлоготой байх юм уу. Өндөр цалин аваад тэтгэвэрт гарах үедээ өндөр тэтгэвэртэй болно гэсэн баталгаа алга. Шударга бус байна гэж бухимдахаас аргагүй. Энэ санд зарчмын том өөрчллөлт, шинэ менежмент шаардлагатай байгаа.

Хуульдаа өөрчлөлт оруулж эв хамтын зарчим, нэрийн данс, хувийн данс зэрэг хосолмол зарчмыг нэн яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ажлын хэсэг санд нэлээд зөрчил байгааг илрүүлсэн. Монголбанк, Аудитын газраас оролцсон мэргэжлийн хүмүүсийн үнэлтэнд үндэслэн эдгээр дүгнэлтийг гаргасан. Нийгмийн зүгээс анхаарал татдаг нэг гол зүйл нь сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг аль банкинд, ямар хүүтэй байршуулсан бэ гэх асуудал. Хадгалж байгаа банкных нь чадамж, олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадах уу, үгүй юү гэдэг асуудал. Олон нийтийн эрх ашгийг эрсдэлд учруулж байгаа нь хамгийн харамсалтай хэрэг. Банк дампуурсантай холбогдуулж эргэж харах, олон нийтийн зүгээс тавих гол шаардлага бол хохирлыг барагдуулахдаа нийтийн эрх ашгийг хэддүгээрт эрэмбэлсэн байна вэ гэдэг асуудал. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл Капитал банкийг дампуурахад хамт эрсдэлд орсон. Хохирлыг барагдуулахдаа бусад харилцагчдийн дараа, эсвэл өмнө нь оруулсан байна уу гэх хариулт эрсдэлийн дүгнэлт болно.

Нэн тэргүүнд олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудын хохирлыг барагдуулмаар байгаа юм. Нийгэмд маш их бухимдал дагуулж байгаа бас нэг чухал асуудал бол эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, түүний чанар хүртээмж байна. Дотооддоо зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай болгочихвол олон хүмүүс гадагш явж эмчлүүлэх шаардлагагүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй анхнаасаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд илүү хүч зарцуулдаг бодлого нь зөв явж ирвэл хүмүүсийн өвчлөлийн тоо буурна. Эрүүл мэндийн салбараас хамааралгүй хүн гэж байхгүй. Тиймээс даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулна гэдэг тусламж үйлчилгээтэй шууд нөлөөтэй. Эрүүл мэндийн ерөнхий газар бие дааж байгуулагдаад сан нь нийгмийн даатгалаас тусдаа гараад хоёр жил болж байгаа. Аливаа шинэ зүйл сайжиртлаа хугацаа их шаарддаг. Нийгмийн даатгалын сангаас үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо, эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо 60 орчим хувь. Нийгмийн даатгалын санд нийт ажиллаж байгаа хүмүүсийн тоо 1400 гаруй, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажиллаж байгаа хүмүүс 140 орчим гэхээр 10 дахин цөөн хүнээр хоёр дахин хүнд үйлчилгээ үзүүлнэ гээд бодохоор нэг ажилтанд оногдох ажлын ачаалал ажлаа сайн гүйцэтгэх магадлал төдий чинээ багасна. Ажлын хэсгээс тодорхой асуудлуудаар арга хэмжээ авах үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн.


Categories
мэдээ нийгэм

“Мэдлэг ба чадвар” хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж буй “Мэдлэг ба чадвар” хөтөлбөр нийслэлийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр нь Анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучууд болон залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр юм.

Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатанд нийт таван удаагийн нээлттэй идэвхижүүлэх лекц Анагаахын сургуулиуд дээр зохион байгуулагдана. Хоёрдугаарт шатанд 60 хүнийг сонгон авч, англи хэлний танхимын сургалтанд үнэ төлбөргүй хамруулах юм. Харин гуравдугаар шатанд амжилттай суралцсан 10 хүнтэй төслийн баг болон үргэлжлүүлэн хамтарч ажиллах юм байна.

“Мэдлэг ба чадвар” хөтөлбөрийн эхний 2 удаагийн идэвхижүүлэх лекц нь АШУҮИС, “АЧ” АУИС дээр зохион байгуулагдсан бөгөөд нийт 700 гаруй оюутан залуучууд хамрагдаад байна. Гурав дахь лекц 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу /өнөөдөр/ 18:00 цагаас АШУҮИС-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх Анагаах ухааны сургуулийн байранд зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Дэлхийтэй дэлхийн хэлээр ярьж, дэлхийн стандартыг мөрдөхөөс аргагүй болсныг саарал жагсаалт баталчихлаа

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Монгол Улс саарал жагсаалтад орох болсон гол шалтгаанууд гэвэл та юуг онцлох вэ?

-Юуны өмнө ФАТФ-ын Монгол Улсыг үнэлсэн үнэлгээ, сая болж өнгөрсөн хурал, тайланд нь үндэслэж дүгнэлт хийхийг хичээе. ФАТФ манай улсын 2017 оноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудыг хэрхэн үнэлснийг бүгд мэдэж байгаа. Зөвлөмж, гүйцэтгэлийн үнэлгээг ерөнхийд нь нэлээд сайнаар үнэлсэн. ФАТФ-ын хурлын дараа гаргасан тайлангаас харахад 40 зөвлөмжийн хүрээнд шаардлага хангаагүй гэж үзсэн таван үзүүлэлтийн хүрээнд гол тайлбараа гаргасан байна лээ.

Энэ хүрээнд өгсөн зөвлөмжийг харвал ерөнхийдөө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хууль хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хэргүүдийг илрүүлэх, шийтгэх асуудлыг тодорхой түвшинд хүргэх асуудалд онцгой анхаарсан харагдсан. Өгсөн зөвлөмж болгон үүнтэй холбоотой асуудлыг хөндсөн байна. Товчхондоо бид энэ чиглэлээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж, гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэх тал дээр санаачилга гаргаж чадаагүй учраас хоёр жилийн турш хийж хэрэгжүүлсэн олон ажил талаар болж өнгөрлөө гэж хэлж болох юм. Ер нь энэ хүрээнд дотоодын авлига, албан тушаал ашигласан гэмт хэргүүдээ илрүүлэх, шийдвэрлэх тал дээр санаачилга гаргах цаг болсон.

-Улс төрийнхний дур зоргоороо аашилж буй байдал, хууль шүүхийг үл тоосон хандлага саарал жагсаалтад ороход нөлөөлсөн үү?

-Улс төрийн хүрээнийхний хувьд дотроо дур зоргоороо авирлах, хууль шүүхийг завхруулж байгаа байдал нь дэлхий нийтийн анхааралд байна гэдгийг баталчихлаа, саарал жагсаалт. Бид нэгэнт л дэлхий хэмээх том хүрээний нэг хэсэг. Тиймээс дэлхийтэй дэлхийн хэлээр ярьж, дэлхийн стандартыг мөрдөх шаардлагатай болсныг харуулж байна. Сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн хүрээнд гарсан тодорхой асуудлууд нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй.

-ФАТФ ирэх хоёрдугаар сард хуралдана. Тэр үеэр алдаагаа засаад дажгүй үнэлгээ авах боломж бий, ирэх зургадугаар сард хуралдахад нь саарлаас гарах боломж бий гэж үзэх эдийн засагчид байна. Ингэх боломж бий юу?

-ФАТФ-ын хувьд жилд хэд хэдэн удаа хуралддаг. Биднийг дээрх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллахаас гадна үр дүнд хүрэх шаардлагатайг тайлангийн Монгол Улсад хамааралтай хэсэгт дурдсан байсан. Тиймээс хүчин чармайлт гаргаж тодорхой үр дүнд хүрч чадвал ийм боломж бий гэж харж байна.

-Саарал жагсаалтад орсноор доллар өсч, төгрөг суларна гэцгээж байна. Энэ хэр бодитой айдас вэ?

-Саарал жагсаалтын талаар хэт үндэслэлгүй дэвэргэж байгаад харамсаж байна. Мэдээж тодорхой эрсдэл мөн үү гэвэл мөн. Гэхдээ долларын ханш шууд их хэмжээгээр нэмэгдэх, гадаад төлбөр тооцоо зогсох, гадаад валютын картууд хилийн гадна ажиллахгүй болох зэрэг нь үндэслэлгүй мэдээлэл. Учир нь энэхүү жагсаалттай холбоотой тодорхой зүйл заалт бүхий хориг арга хэмжээ шууд хэрэгждэггүй. ФАТФ-ын үйл ажиллагааны хүрээний асуудлын хувьд тодорхой эрсдэлтэй гэдгийг зарлаж байгаа хэрэг юм. Нөгөө талаас гадаад валютын ханш гэдэг нь эдийн засгийн суурь нөхцөл байдал, валютын нөөц, урсгал зэрэг олон хүчин зүйлсээр тодорхойлогддог тул зөвхөн энэ асуудлаас болж хэт өснө гэж ойлгох нь өрөөсгөл. Монголын эдийн засгийн нөхцөл байдал, валютын нөөц, төлбөрийн тэнцлийн байдал одоогоор харьцангуй эерэг яваа нь ханш хэт өсөх байдалд хүргэхгүй байх боломжтой.

-Арилжааны банкуудын хувьд гадагш хийх гүйлгээнд асуудал байхгүй, зардал нь л нэмэгдэх сөрөг тал бий гэсэн тайлбар дуулдаж байна. Доллартай хамаатай гүйлгээн дээр ямар нэг асуудал гарахгүй юу?

-Ямар нэг асуудал гарахгүй гэж хэлж болно. Нэгэнт биднийг эрсдэлтэй гэж зарласан тул гадаад төлбөр тооцоо удаашрах, зардал өсөх зэрэг сөрөг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Энэ нь гадаад худалдаа, санхүүжилтэд шууд хамааралтай бизнесийн хувьд мэдрэгдэх нь тодорхой. Ер нь өнгөрсөн жилүүдэд эрчимтэй хяналт, Европын холбооны саарал жагсаалт зэрэг асуудлаас үүдэлтэй Монгол Улсын зарим гадаад сувгууд хумигдсан тал бий.

-Долларын ханш өнгөрсөн баасан гаригаас хойш буюу саарал жагсаалтын сураг мэдээллээс хойш 30 гаруй төгрөгөөр өсчихлөө. Энэ зохиомол өсөлт үү. Эсвэл тодорхой шалтгаан байна уу?

-Зохиомол өсөлт гэдэг нь ойлгомжтой. Шийдвэр албан ёсоор гараагүй байхад валютын ханшид өөрчлөлт орсон нь үүний баталгаа. Ийм байдалд хүргэхэд улс төр, эдийн засгийн хүрээний нөхөд ч тодорхой хэмжээнд нэрмээс болчихлоо. Саарал жагсаалтад орсон тохиолдолд сөрөг үр дүн гарах нь тодорхой. Зүй нь цөөхөн хүний нэр алдар, улс төрийн ашиг хонжооны төлөө иргэд хохирох ёсгүй л дээ. ФАТФ бидний хийсэн ажлыг зохих ёсоор үнэлсэн ч дээр дурдсан шалтгаанаас болж бид саарал жагсаалтад орлоо. Гэхдээ одоогоор ханш өсөх бодит шалтгаан, нөлөөлөл бий болох цаг хугацаа болоогүй.

-Төв банкинд үнэ цаасаар байршиж буй дөрвөн их наяд төгрөгийг торхтой дарьтай зүйрлэх эдийн засагч цөөнгүй байна. Нүүрсний үнэ огцом унах, Оюу толгой гацах гэх мэт том асуудал үүсвэл хэрэглэхгүй түгжигдсэн энэ дөрвөн их наяд төгрөг зах дээрх долларыг залгих аюултай гэдэг нь үнэн л дээ. Наанадаж л төв банкны 3.6 тэрбум ам.долларын талыг залгих хэмжээний мөнгө. Өмнө нь Сангийн яам дотооддоо бонд гаргах хэлбэрээр энэ мөнгийг эргэлтэд оруулдаг байсан бол одоо тэгэхээ больсон. Засаг дунд хугацааны бонд гаргаж түгжигдсэн дөрвөн их наядыг эргэлтэд оруулвал ханшийн эрсдэлээс сэргийлэх арга болж чадах уу?

-Торхтой дарь гэдэг нь арай сүржин зүйрлэл байна. Энэ хэмжээний мөнгө яагаад төв банкинд үнэт цаас хэлбэрээр байршиж байна вэ гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй байх. Өнөөдөр манай эдийн засгийн үзүүлэлт сайн яваа ч бүрэн эрүүлжээгүй, эрсдэл өндөр байна. Тиймээс банкны салбарын чанаргүй зээл буурахгүй, зээлжих чадвар өндөр зээлдэгчид бий болж чадахгүй байна. Зээл болгон гаргахад хүндрэлтэй байна гэсэн үг. Тийм үед Монголбанкны зүгээс хийж чадах үндсэн алхам нь энэ мөнгийг үнэт цаас хэлбэрээр татаж авах л даа. Мэдээж энэ бол сайн зүйл биш. Гэхдээ Засгийн газрын зүгээс үнэт цаас гаргахыг зогсоосон болохоор төв банк мөнгөний энэ орон зайг нөхөхөөс өөр аргагүйд хүрсэн. Эдийн засагт ийм хэмжээний мөнгө байхад Засгийн газар гадаад санхүүжилтийг голчилж байгаа нь эдийн засгаа дэмжих үйлдэл хийхгүй байна гэсэн үг. Дотооддоо түгжигдсэн энэ их бэлэн мөнгийг эргэлдүүлэхгүй бариад, гадаад валютаар зээл авч түүнийх нь төлбөр төсөвөөр дамжиж гадагшилж байна. Энэ мөнгөний тодорхой хэсгийг Засгийн газар ашиглавал төсвөөр дамжсан долларын эрэлтийг багасгаж ханшид эерэг нөлөөлөх боломжтой. Одоогоор их хэмжээний төсвийн алдагдлыг гадаад валютаар санхүүжүүлж энэ сөрөг нөлөөллийг түр дарж байх шиг байна.

-Сая таны хэлсэнчлэн Засгийн газар гаднаас доллар татаж санхүүжилтээ шийдээд яваа. Дотооддоо түгжигдсэн дөрвөн их наядыг урт хугацааны бонд гаргах замаар эдийн засгийн эргэлтэд оруулбал нэгд эдийн засаг сэргэнэ, хоёрт банкуудад гаднаас зээлийн эх үүсвэр татах сонирхол нэмэгдэх нь тодорхой. Та үүнтэй санал нийлэх үү?

-Засгийн газар тэгэхгүй гэдгээ зарласан. Энэ мөнгө эдийн засагт зээл хэлбэрээр гарах боломж хязгаарлагдмал байна. Мэдээж Засгийн газар найдвартай зээлдэгчийн хувьд таны асуусан шиг гарц шийдэл хайвал банкны салбарт эергээр нөлөөлөх боломжтой. Гэхдээ энэ бол цэвэр эдийн засгийн утгаар нь харсан хариулт гэдгийг ойлгоорой. Сонголтын тухайд зуун хувь Засгийн газрын шийдэх асуудал.

-Ирэх оны төсөвт ипотект ор нэр төдий 60 тэрбумыг тавьсан харагдсан. Ипотект анхаарвал нэг талаас чанаргүй зээлдэгчдийг тэргүүлж яваа барилгын салбараа босгох, нөгөө талаас иргэдийнхээ амьжиргаанд эерэгээр нөлөөлөх шийдэл болж чадах уу. Эсвэл ипотек өнөөхөндөө том хөрөнгө оруулалт хийх боломжгүй салбар уу?

-Бас л ойлгомжгүй зүйлүүдийн нэг. Монголбанк хөтөлбөрөөс гарах болсон. Засгийн газар энэ тогтолцоог зөв хэрэгжүүлэх гарцыг олох ёстой. Гэтэл одоо ашиглалтад орчихсон байруудыг эргэлтэд оруулах, иргэдийн амьжиргааны нөхцөлийг сайжруулах асуудлын шийдэл нь энэ тогтолцоо мөнөөсөө мөн. Гэтэл харин ч бүр эсрэгээрээ Солонгос улсаас 300 сая ам.доллар зээлж 10 мянган байшинг төр барих тухай яриад л сууж байна.

-Ирэх жилийн эдийн засгийн хувьд анхаарах ёстой эмзэг өнцөг бол яах аргагүй инфляци. Нийслэлд арван хувиар хэмжигдэж байгаа инфляци цаашид ч өсөх эрсдэл үүсчихсэн. Инфляцийг онилсон ямар гарц шийдлүүд байж болох вэ?

-Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ инфляцийг найман хувьдаа байлгах зорилт тавьсанаа зарлалаа. Инфляци өндөр байгаа нь үнэн. Өндөр инфляци бага, дунд орлоготой өрхүүдэд ихээхэн дарамт болдог. Инфляцийн нөхцөл байдлыг ажиглахад нийлүүлэлтийн шинжтэй хүнс, цахилгаан, дулаан гэх мэт үзүүлэлтээс ихээхэн хамааралтай байна. Үүний эсрэг төв банкны хийх зүйл тодорхой. Мөнгөний хумих бодлого байх болов уу. Нөгөө талаас нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн үед энэ арга тохиромжтой эсэх нь эргэлзээтэй. Иймээс нөгөө талаас Засгийн газрын зүгээс зарим бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тал дээр ямар хариу үйлдэл хийхээс их зүйл хамаарна.

-Чанаргүй зээлийн багцад уул уурхай, барилгаас гадна цалингийн зээл, кредит картын зээл гэх мэт шинэ зээлүүд нэмэгдсэн, зээлийн өсөлт тавхан хувиар хэмжигдэж байна гэсэн асуудал бий. Зээлийн өсөлтийг дэмжиж байж чанаргүй зээлийн хувь хэмжээ багасна. Ингэхийн тулд яах ёстой вэ, Төв банк, Засгийн газар?

-Зээлийн өсөлт сүүлийн жилүүдэд өссөн ч эдийн засаг бүрэн эрүүлжээгүйгээс шалтгаалж зээлийн өсөлт хүчтэй нэмэгдэх боломж бага байна. Зээлийн эрэлт бий ч, эрсдэл нь их байна л даа. Ийм үед зээлийн өсөлтийг хэт дэмжвэл эсрэгээрээ эрсдэл, чанаргүйдэл өсөх магадлалтай. Иймээс ч Монголбанк макро зохистой бодлого нэрийн дор хэрэглээний зээлийг хязгаарлах үйлдэл хийсэн байх. Харамсалтай нь миний ойлгож байгаагаар энэ нь банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хамрахгүй яваа. Ийм шалтгаанаар иргэдийн олонх илүү өндөр хүүтэй зах зээлд шилжих магадлал өндөр байна. Энэ асуудлыг санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хүрээнд хэлэлцэх шаардлага бий. Зээлийг нэмэгдүүлэх үндсэн хоёр боломж байгаа. Нэг нь зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, нөгөө нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах. Хоёулаа УИХ, Засгийн газраас ихээхэн хамаарна.

-Зээлийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын хүүг буулгах учиртай. Монголбанкны хувьд өнөөхөндөө бодлогын хүүг өсгөхөөс өөр гарц харагдахгүй байгаа. Нөгөө талд Засгийн газар, Сангийн яамны зүгээс түрүүн хэлсэн шиг түгжигдсэн дөрвөн их наядыг бонд болгох замаар эргэлтэд оруулах гэх мэт эдийн засгаа дэмжсэн бодлого явуулахгүй бол зээл өсөхгүй, эдийн засаг тэлэхгүй гэсэн гаргалгаа бий. Үүн дээр таны байр суурийг сонирхмоор байна. Зээлийн өсөлтийг дэмжиж, эдийн засгаа тэтгэхийн тулд бид яах ёстой вэ?

-Эдийн засгийн нөхцөл, төсвийн тэлэлт, бусад тодорхойгүй байдал бодлогын хүүг буулгах нөхцөлийг бүрдүүлэхгүй л болов уу. Би хувьдаа төсвийн тэлэлтийг хадгалах замаар эдийн засгийн өсөлтийг хангана гэж үздэг байр суурийн эсрэг байдаг. Төсвийн бодлого оновчтой бус байгаа үед богино хугацаанд эерэг, урт хугацаанд сөрөг нөлөөлөх тал нь давамгайлна. Тэр тусмаа эдийн засаг харьцангуй сэргэж байгаа энэ үед бүр ч хэрэггүй байх. Бодит эдийн засаг, хувийн хэвшил эрүүлээр тэлэх орон зайг зөв бодлого, татварын орчиноор дамжуулан бий болгох хэрэгтэй.

-Ирэх оны төсөв дээр байр сууриа хэлээч. Эргэж харахаар зүйл нь юу байна, олзуурхмаар тал гэвэл та юуг нь онцлох вэ?

-Ирэх оны төсвийн талаар өмнөх асуултуудын хүрээнд дурдсан учраас товч хэдэн зүйл хэлье. Өндөр тэлэлттэй, алдагдал нь их, цалин хөлс, нийгмийн халамж, хөрөнгө оруулалтын зардал нь өндөр төсөв болсон. Намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр л тустай байх. Харин богино, урт хугацаанд нийгэм, эдийн засагт эерэг, сайн нөлөө үзүүлнэ гэж хэлэхэд хэцүү. Ийм төсөв ямар үр дагавартай байдгийг өмнөх түүхээс харчихаж болно. Бид 2004 оноос хойш нийгмийн халамжид хэт чиглэсэн төсвийн үрэлгэн бодлого хэрэгжүүлсэн.


Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон бүсгүйг тав дахь өдрөө хайж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал Л нь Баян-Өлгий аймаг дахь салбар “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна. Мөн өдөр аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдөр гаргажээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22 хүн 26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй. Өчигдрийн байдлаар /2019.10.29/ “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл дөрвөн км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд дөрвөн удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22 хүн 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Алтан-Өд” наадмын бүртгэл эхэллээ

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан-Өд” наадмын бүртгэл эхэллээ.

2001 оноос хойш жил бүр зохиогдох болсон уг наадмын бүртгэл арваннэгдүгээр сарын 29 хүртэл явагдана.

“Алтан өд” наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Буян-Аривжих: “Петро Матад” компанийн эдийн засгийн үр ашигтай 25 сая баррелын нөөц нэмэгдэх боломжтой

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, үндэсний хөрөнгө оруулалттай “Petro Matad” компани “Матад-ХХ” талбайд өрөмдлөг хийхэд “Цэн тогоруу” цооногоос газрын тос байгалийн ундаргаар оргилж газрын гадаргад гарч ирсэн байна. Энэ талаар болон нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд түүхий эдийн нөөц дутагдах эрсдэл бий эсэх талаар тус компанийн хайгуулын геологич, доктор Д.Буян-Аривжихтай ярилцлаа.

-“Цэн тогоруу“ цооногоос, газрын тос оргилж гарч ирсэн тухай мэдээлэл салбарынхны дунд ид яригдаж байна. Өрөмдлөгийн үйл явцын тухай тодруулахгүй юу?

-Манай компанийн “Матад-XX” хайгуулын талбай бий. Энэ нь 10,340 км квадрат талбайг хамардаг. Дорнод аймгийн Матад сумын нутаг буюу Тамсагийн сав газрын баруун урд үзүүрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийг дамнаж оршдог талбай юм. Уг талбайд манайх энэ онд гурван цооног өрөмдсөн. Эхнийх нь Эрдэнэцагаан сумын нутагт өрөмдсөн цооног.

2,000 метрийн гүнтэй. Бассейныг хамгийн анх нээж үзэх тулгуур цооног байсан. Хэдийгээр энэ цооног хуурай байсан ч маш их хэмжээний газрын гүний геологийн мэдээллүүдийг авсан.

“Петрочайна Дачин тамсаг”-ийн газрын тос олборлодог Тосон уулын хотгорын бассейн манай талбай руу түрж орж ирсэн байдаг. Уг бассейны манай талбай руу түрж орж ирсэн хэсгийн төвд, мөн захад өрөмдсөн.

Хоорондоо таван км-ийн зайтай байсан. “Цагаан зээр” гэдэг цооног тосны илрэлтэй гарсан. Тосны үе тогтоосон. Г эхдээ түр хаачихаад байгаа. Туршилтын ажлууд хийгдэх байх. Цаг агаар хүйтэрсэн учир зогсоож байгаа юм. Нөгөөх нь “Цэн тогоруу” гэдэг цооног байна. Эндээс газрын тос цооног руу урсаж орж ирэх чадвартай 14 метр зузаан тосны үе илрүүлсэн.

Энэ тосны үеийг туршиж үзэхийн тулд бид цооногийнхоо ханыг цоолж үетэйгээ холбож үзэхэд тос байгалийн ундаргаар газрын гадаргуу дээр оргилж гарч ирсэн. Тос маань дотроо хийтэй. Газтай ундааг сэгсэрч байгаад онгойлгохоор оргилдог шүү дээ. Түүнтэй ижил хийн уусмалтай, бас даралттай байгаа учир 2,930 метр гүнээс дээшээ оргилж гарч ирсэн байгаа.

-Уг ордын нөөцийг хэрхэн тооцоолсон бэ?

-Өмнөх судалгаагаар газрын тосны илрээгүй хэтийн төлөвт нөөцийг тооцож үзэхэд 166 сая баррел гэж гарсан. Үүнээс 25 сая баррелыг нь газрын гадаргуу дээр орчин үеийн технологиор гаргаж авах боломжтой гэж тооцсон.

Элсэн чулууны мөхлөг хооронд зөвхөн тос агуулагддаггүй. Бас ус, хий бий. Тиймээс бид 25 сая тонны 49 хувь нь тос, 51 хувь .нь ус гэж тооцож байсан. Яагаад гэвэл, Тосон уулын агууламж ийм харьцаатай байдаг. Тийм учраас ижил төстэй сав газруудын өгөгдлийг үүнд ашигласан юм.

Ингээд 25 сая тонн баррел тос гарах эдийн засгийн ашигтай юм байна гэж тодорхойлоод шалгаж үзэхээр өрөмдлөг хийсэн. Өрөмдсөн. Нээлт хийсэн. Тос өөрийнхөө даралтаар гарч ирсэн. Хоёрдугаарт, эндээс дандаа тос гарч ирсэн. Ус гараагүй. Тэгэхээр магадгүй энэ 25 сая баррел өсөх боломжтой.

Мөн том талбайг ч хамарсан байж мэднэ. Магадгүй буурч мэднэ. Гэхдээ ийм магадлал тун бага. Ер нь л өсөх болов уу.

-Ямар ч байсан нөөц байгаа юм байна. Дараагийн үйл явц хэрхэн явагдах вэ?

-Бид ахиж суугаад нөөцөө бодно гэсэн үг. Үүний дараа АМГТГ-ын Эрдэс баялгийн зөвлөл дээр очиж тайлангаа хамгаална. Энэ нь нарийн шалгуур, үйл явцаар явагдана шүү дээ.

Нөөцийн тайлангаа хамгаалсны дараа энэ орд газрыг хэчнээн цооногоор олборлох вэ гэсэн орд газрын ашиглах төлөвлөгөөгөө боловсруулж дахин Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж хамгаалуулах ёстой. ТЭЗҮ гэсэн үг л дээ. Үүний дараа салбарын яамнаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал яригдана. Энэ хугацаанд ийм олон цооног өрөмдөх хөрөнгө оруулалтыг Лондонгийн хөрөнгийн бирж дээрээс босгох ажил давхар хийгдэх учиртай.

-“Петрочайна Дачин тамсаг” компанийн олборлолт явуулж буй Тосон уул хэмээх газрын тосны том бассейны баруун урд захад танайх хайгуул хийж, газрын тос оргилон гарсан байна. Ер нь манай улсын нийт газрын тосны нөөц хэд вэ. Түүнд одоогийн илэрсэн нөөцийг нэмбэл ямар дүнтэй болж байна вэ?

-Нөөц, эдийн засгийн үр ашигтай нөөц гэж хоёр ойлголт байгаа. Саванд байгаа хэмжээ 330 сая тонн гэж гардаг. Тэрнээс орчин үеийн технологиор гаргаж авах ашиглалтын нөөц нь 43 сая тонн байгаа юм.

Энэ бол Засгийн газрын баталгаажуулж, хүлээж авсан нөөц. Манай бассейны хувьд 25 сая баррел гэхээр тонн руу шилжүүлбэл дөрвөн сая гаруй тонн болж байна. Тэгэхээр 43 сая тонн дээр дөрвөн сая тонн нөөц шинээр нэмэгдэнэ гэсэн үг.

Ер нь 43 сая тонн нөөцөөс 2006 оноос хойш олборлолт явуулж найман сая тонныг нь экспортолсон. Цаана нь 35 сая тонн үлдэж байгаа. Найман сая тонн газрын тосоос манай улсын төсөвт 840 гаруй сая ам.доллар бүтээгдэхүүн хуваах гэрээний шугамаар орж ирсэн байдаг.

-Манай улс маш олон саад бэрхшээлийг давж газрын тосны үйлдвэр байгуулахаар хичээж байна. Үйлдвэрээ босгоод ирлээ гэхэд тогтвортой үйл ажиллагаа явуулах газрын тосны нөөц нь хангалттай бий юү?

-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд 35 сая тонн нөөцөөс дуртай цагтаа, дуртай үедээ, хүссэн хэмжээгээр авах боломж байдаггүй. Элсэн чулууны мөхлөг хооронд тос байна. Энэ тосыг цооногоор дамжуулан олборлоход ихэнх тос цооног руу хүрэх замдаа мухар “гудамж” руу ороод түгжигддэг. Тийм учраас 330 сая тонн нөөцөөс 13 хувийг нь ашиглах боломжтой гэж үздэг юм.

Олборлолтыг нэмэгдүүлэх аргууд бий. Гэхдээ зардал өснө. Ер нь дээрх шалтгааны улмаас олборлолт хийгээд явахаар яваа яваандаа цооногийн гарц багасна. “Петрочайна Дачин тамсаг”-ийн хувьд 19, 21 дүгээр талбай дээрээс 1998 оноос тооцох юм бол олборлолт өссөөр ирсэн. Ингээд 2015 онд оргилдоо хүрсэн. Энэ бол 1.1 сая тонн юм.

Уг нь энэ үе хэдэн жил тогтвортой явах ёстой. Дэлхий дээр ерөөсөө л тийм байдаг. Гэтэл энэ өсөлттэй үе 2016 он хүртэл үргэлжилсэн. Үүнээс хойш унасан. Жил бүр 100 мянган тонноор багасаад 2019 онд 800 мянган тонныг авч чадах нь уу гэж байна.

Нефть боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орлоо гэхэд дээрх статистикаас харахад 500-600 мянган тонныг л олборлохоор байгаа юм. Гэтэл үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн шүү дээ. Нөөцийн хомсдол бий болох эрсдэл үүсгээд байна. Энэ нь Засгийн газар үйлдвэрээ ашиглалтад оруулахаас өмнө маш яаралтай хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

-Уг нь таны ярианаас нефть боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавьсан. Энэ хүрээнд түүхий эдээ бэлтгэхийн тулд хайгуул хийж газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх бодлого давхар хэрэгжих ёстой гэсэн энгийн ойлголт харагдаж байна. Гэтэл төр яагаад энэ бүхний уялдааг хангахгүй байна вэ. Танай компанийн хувьд ямар бэрхшээл учирч байна вэ?

-2016 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг баримт бичгийг гаргасан. Үүнд 2030 он гэхэд Монгол Улс дотоодод үйлдвэрлэсэн шатахуунаар хэрэгцээгээ хангасан байна гэсэн зорилт тавьсан. Уг бодлогын хүрээнд нефть боловсруулах үйлдвэр баригдаж байгаа шүү дээ. Энэ бол маш том дэвшил. Гэвч нөөцийн хувьд асуудалтай байгааг хэллээ. Нөөц байгаа.

Хамгийн гол нь олж илрүүлэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд 2018 онд Засгийн газрын тогтоол гарч 2027 он хүртэл газрын тосны салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг гаргасан. Энэ бол 2027 он гэхэд ийм шатанд хүрсэн байна гэдэг төлөвлөгөө юм.

Уг бодлогын баримт бичигт хайгуулын ажлыг эрчимжүүлнэ гээд маш тодорхой заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагууд нь компаниудад хайгуулынхаа ажлыг эрчимжүүл гэж шахдаг. Үнэхээр ч хайгуулын компаниуд сүүлийн жилүүдэд идэвхтэй хөдөлгөөнд ороод үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгтэл “non” улстөрчид, зарим иргэний нийгмийн байгууллагууд орон нутагт очиж турхираад компаниудын ажлыг хийлгэхгүй гацаачихаад байна.

Ялангуяа, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн гэж хүн бий. Уг нь ШУТИС-ийн Газрын тосны сургуулийг төгссөн юм билээ. Энэ салбарт ажилласан, газрын тос Монгол Улсад ямар их хэрэгтэйг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Тэгсэн атал компаниудын үйл ажиллагааг явуулахгүй маш их чөдөр тушаа болж байна.

“МТ” гээд үндэсний хайгуулын компанийг “Босоо хөх Монгол”-ынхонтой нийлээд хөөгөөд явуулсан. Энэ жил манай ажлыг маш их уялаа. Үүнээс болж бид хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдлаа. Жишээ нь Монгол Улсад 4,000 метрийн гүнд нэвтрэх өрмийн цамхаг байхгүй. Манай компанийн хувьд энэ цооногийг өрөмдүүлэхийн тулд хамгийн хямдыг нь бодоод Хятадын компанийг хөлсөлсөн.

Мэдээж гэрээнд сул зогсолтыг тусгадаг. Хэрэв өрөмдөгч компаниас шалтгаалалгүй сул зогсолт явагдвал сул зогсолтын мөнгийг өдрөөр бодож манай компани төлдөг. Гэтэл Бадамсүрэнгийн хууль бус шаардлагаас болоод 20 гаруй хоногийн сул зогсолтын мөнгийг бид төлсөн. Хоёрдугаарт, “Цэн тогоруу” дээр тусгай цамхаг, төхөөрөмжүүд ирж туршилт хийдэг.

Хугацаа алдаагүй бол бид таван км нүүлгээд “Цагаан зээр” дээр туршилтын ажлуудаа явуулчих боломжтой байсан. Амжсангүй. Хүйтэрчихлээ. Энэ үед туршилт явуулах боломжгүй. Яагаад гэвэл газрын тос температур жаахан буурахад царцчихдаг.

Компани маань Хятад руугаа буцчихлаа. Ирэх жил авчраад туршилт явуулахад их хэмжээний зардал гарна. Ерөөсөө л хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байгаа юм. Яагаад тэгээд байдаг учрыг ойлгодоггүй.

-Танай компанийн үйл ажиллагааг яагаад 20 гаруй хоногоор саатуулсан юм бэ. Танайх байгаль орчин сүйтгэсэн юм биш үү?

-Бид цооног өрөмдөнө шүү дээ. Ерөөсөө л хэдхэн см-ын диаметртэй цэг байхгүй юу. Бусад ашигт малтмалтай харьцуулахад хөрс хуулалт явуулдаггүй. Энэ цооногийг өрөмдөхийн тулд жижиг кэмп байгуулна. Хааш хаашаа 150-200 метр квадрат талбай дээр түр зуурын торон хашаа хатгаж байгаа юм.

Гэтэл танайх барилгын тухай хууль, сайдын тушаалыг зөрчсөн гээд дайрчихаж байна. Амьдралд огт нийцэхгүй аар саархан зүйлээр шалтаглаж байгаа юм. Байгаль сүйтгэсэн зүйл байхгүй. Боломж ч байхгүй.

-Та компаниудын хувьд тулгамдаж байгаа асуудлыг ярилаа. Тэгвэл газрын тосны нөөцийг нэмэгдүүлж, 2023 онд ашиглалтад орох үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахын тулд юу хийх шаардлагатай байна вэ?

-Үүн дээр нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Газрын зураг дээрээс харах юм бол Өвөр булаг, Ар булаг тостой. Өвөр булаг нь Хятад, Ар булаг нь Монголын нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хил дамнасан газрын тосны бассейн байна.

Өвөрбулагийн хувьд 2011 онд илрүүлсэн. Хятадууд маш шуурхай орд газар болгож хөгжүүлээд олборлолт явуулж байна. Геологич хүний хувьд юу харагдаж байна гэвэл улсын хилийг дамнасан орд газруудын хувьд хятадууд цаанаас нь цооног нээгээд сорууллаа. Ингэснээр тухайн хэсэгт даралт унана. Харин манайд байгаа орд газруудад олборлолт явуулаагүй учир даралт унахгүй.

Ингээд даралт унасан хэсэг рүүгээ газрын тос нүүж таарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийнхөө газрын тосыг энэ маягаар алдаж байх магадлал маш өндөр гэсэн үг. Гэтэл манайх Ар булаг орчмыг дархан цаазат газар болгоод авчихсан.

За цааш Ар булагаас доошоо яваад Эрээний хотгор ч юм уу, цааш Баян цагааны орд газарт гээд мөн хятадууд олборлодог. Гэтэл үүний үргэлжлэл дээр Монголын хилийн талд гүнзгий хотгор буюу нөөц байгаад байдаг. Тэгтэл бас тусгай хамгаалалтад авчихсан. Ингээд баруун аймаг чиглэлд явахаар Зүүн гарын бассейн, Сантхүүгийн бассейн гээд бий. Бас манайх дархан цаазтай газар болгоод таглачихсан.

-Хил дагуу байгаа газрын тосны нөөцийн хувьд Хятадын тал олборлож, харин манайх газрыг нь тусгай хамгаалалтад авч нэвтрүүлэхгүй байгаа гэж ойлголоо. Яагаад газрын тосны нөөц бүхий талбайг манайх ингэж “хамгаалаад” байна вэ?

-Газрын тосны хайгуул хийе гэхэд байгаль орчинд хор хохирол учруулаад байх нь бага. Аливаа зүйл чинь хоёр туйлтай шүү дээ. Манайх нэг тал руу нь туйлшраад байна. Гэтэл манайд үйлдвэр ашиглалтад орох гээд байдаг.

Нөөц байдаггүй. Тухайлбал, хамгийн эмгэнэлтэй нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт Асгатын бассейнд гүнзгий хотгор байдаг юм. Сая дөрөвдүгээр сард УИХ-аар зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл хэлэлцэгдээд батлагдсан. Үүгээр газрын тос олдох өндөр магадлалтай газрыг мөн таслаад хаачихсан.

Үүн дотор Эрдэнэцагааны бассейн гэж бий. Ард нь Зотол хайрхан гэж байгаа. Маш сайхан хайрхан. Хамгаалалтад авах нь зөв. Гэхдээ хотгор газрыг нь үлдээчих хэрэгтэй байхгүй юу. Ерөөсөө л тос олдох магадлалтай газруудыг таглаж хаяад байна. Тэгсэн атал үйлдвэр байгуулна гэж ярьдаг. Хайгуул нь эрчимжихгүй байна шүү дээ. Монгол төрийн бодлого ямар уялдаатай явааг ойлгохгүй байна. Хэний бодлого яваад байгаа юм бол гэж гайхдаг.

-Таны хувьд хэний бодлого гэж таамаглаж байна вэ. Ер нь нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал олон жил яригдсан ч биелэлээ олоогүй нь Орос, Хятадын нөлөөтэй холбоотой гэж харддаг?

-Би өөрийн хардлагаа хуваалцъя. Бид энэ үйлдвэрийг барих гэж олон жил ярьсан шүү дээ. Дархан, Бор-Өндөрт байгуулна гээд л. Хамгийн сүүлд Алтан ширээтэд байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг төсөл байхад нь гацаадаг байсан.

Яагаад гэвэл манайх Оросоос 1.1 тэрбум ам.доллараар шатахуун худалдан авч байна. Мөн сая тонн газрын тосоо Хятадын зах зээл рүү гаргадаг. Энэ хоёр гүрний хувьд Монголд газрын тосны үйлдвэр байгуулах нь ашиггүй. Манайд хамгийн их зээл тусламж егдөг улс бол хоёр хөрш. Гэтэл газрын тосны үйлдвэр гэхээр “үгүй” гэж байгаа биз дээ. Тийм учраас үйлдвэр байгуулахын тулд Энэтхэгтэй очиж тохирч байна.

Тэгэхээр энэ хоёр гүрний бодлогыг тээсэн нөхөд манайд байна гэж боддог. Төслийг маш удаан гацаасан. Гэтэл одоогийн Засгийн газар энэ төслийг ямар ч байсан хөдөлгөлөө. Одоо зогсоох боломжгүй.

Тэгэнгүүт нөгөө нөхөд ямар тактикт шилжиж байна гэвэл нөөцөн дээр нь гацаах гэж байна гэж харддаг. Тийм учраас иргэний нийгмийн зарим байгууллагаар оройлуулж ард түмнийг компаниудын эсрэг турхирч байна.

-Ярилцлагын төгсгөлд газрын тосны шинэ ордыг нээж илрүүлэх ажлыг монгол мэргэжилтнүүд оройлсон гэж сонссон. Энэ тухай дурдахгүй юу?

-“Петро матад” бол Монголын үндэсний хөрөнгө оруулалттай компани. 2008 онд Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлсэн. Компанийн хувьцааны ихэнхийг “Петровис” эзэмшиж байна. Манай компани 41 ажилтантай. Долоо нь гадаадын иргэд. Энэ ордод нээлт хийх бүх ажлыг монголчууд хийсэн. Үндсэн үйл ажиллагаан дээр ч манай монгол инженерүүд ажилласан. Би ерөнхий геологичоор нь ажилласан юм.

Манай геофизик инженер Болор, инженер Очирбат, техникч Батбилэг зэрэг залуусыг заавал дурдах хэрэгтэй. Үүн дээр өрмийн монгол инженерүүд, гадны зөвлөхүүдийн хүчин чармайлтыг орхигдуулж болохгүй.

Ж.Дүгэрсүрэн гуай оросуудтай хамтарч Зүүн баянгийн ордыг нээснээс хойш 79 жилийн хугацаанд манайд газрын тосны орд газруудыг Орос, Америк, Хятадын мэргэжилтнүүд нээдэг байсан. Харин 79 жилийн дараа анх удаа монголчууд цөм нь болж энэ цооногуудыг амжилттай өрөмдөж, тос илрүүллээ. Тийм учраас түүх бичилцэж байгаа гэж өөртөө болон хамт олондоо баярлаж байна.

Categories
мэдээ цаг-үе

​Хятад мөрөөдөлд суурилсан технологийн хөгжил

БНХАУ-ын Ухань хотноо байрлах Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засгийн сургуулийн эрдэмтэн профессорууд Хятадын эдийн засгийн өсөлт, уруудалт, “Бүс Зам” санаачилгын талаар лекц семинар зохион байгуулсан билээ. Тэрхүү мэдээллээс товчлон хүргэе.

Ажиллах хүчний хомсдол ба худалдааны дайн

Дэлхийд ажиллах хүчний хомсдолд хамгийн түрүүнд орсон улс бол Япон. 1990 оноос Японд энэ асуудал сөхөгдөж эхэлсэн бөгөөд өнөө жилээс тус улс ажиллах хүчнийхээ тодорхой хувийг гадаадаас авч эхэллээ. Өмнөд Солонгосын хувьд 2010-2015 онд хүн амын хөгшрөлт эхэлсэн гэдэг. Азийн орнуудаас хүн ам нь хамгийн хожуу хөгшрөх улс Сингапур бөгөөд хойтон жилээс л энэ тухай ярьж эхлэх нь. Дэлхийд хүн амаараа тэргүүлдэг манай өмнөд хөрш болох хятадуудын хувьд ч ажиллах хүчний хомсдолд ороод байна. Энэ нь нэг хүүхдийн бодлоготой холбоотой бөгөөд хүн амын өсөлт удааширч, хөгшрөлт нэмэгдсэн нь эдийн засагт шууд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Яг ийм үед Хятад Америкийн худалдааны дайн эхэлсэн нь огцом тэсрэлттэй өсч байсан Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашрууллаа.

1978 онд хувьсгал гарсан нь өдөөгийн Хятадын үсрэнгүй хөгжлийн эхлэл болсон гэдэг. Улсаа хөгжүүлэхийн тулд хүнээ хөгжүүлж, хөрөнгөжүүлэх хэрэгтэй байсан учраас Хятад улс дотоод нөөц бололцоондоо найдахаас өөр арга байсангүй. Тэдэнд байгалийн баялаг бүхий асар өргөн уудам газар нутгаас гадна ажиллах хүчний маш их нөөц байв. Улс нь мөнгө хөрөнгөгүй, хүмүүс нь ядуу, техник технологи хөгжөөгүй, олигтой том компани ч байхгүй байсан үе нь. Тиймээс тэд газраа ажиллах хүчиндээ хуваарилан хотуудаа хөгжүүлэх бодлого барилаа. Аж ахуйн нэгж, компаниудыг олноор бий болгон, үйлдвэрүүд байгуулж, хийсэн зүйлээ экспортолж эхэлсэн. Экспортоос орж ирсэн мөнгөө дэд бүтэц бий болгоход зарцуулна. Хувцас, бараа бүтээгдэхүүнээс эхлээд электрон барааг үй олноор нь үйлдвэрлэж гадагшаа зарж байв.

Мөн гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо ч тогтвортой байлгав. Үүний үр дүнд өнөөгийн үсрэнгүй хөгжилтэй Хятад улс бий болсон бөгөөд 1978-2011 оны хоорондох эдийн засгийн өсөлт нь 9,2 хувьд хүрч түүхэн дээд амжилт тогтоов. Америкийн дараа орох дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болж чадлаа. Эдийн засгийн оргил үе буюу 2011 оны үед Хятад улс 10 триллион ам долларын гадаад валютын нөөцтэй байв. Үндсэндээ багтаж ядсан хөрөнгөтэй улс байлаа. Өдгөө энэ тоо 3,1 трилон ам.доллар болтол буурч, өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 6,3 хувьтай болж уруудсан ч дэлхийд хүчирхэг улс хэвээрээ байна. Эдийн засаг уруудсан ч 6,3 хувийг боломжийн тогтвортой өсөлт хэмээн оношилж байна. Учир нь эдийн засгийн индекатор болох ажил эрхлэлт, үнийн тогтвортой байдал, олон улсын худалдааны тэнцвэртэй байдал зэрэг нь өсөлттэй байгаа аж. Эдийн засаг тэлж, хөгжихийн хэрээр хятадууд маш орон асуудалтай нүүр тулж эхэлжээ. Хамгийн түрүүнд гадаад орчин буюу Хятад Америкийн худалдааны дайн эдийн засагт цочмог нөлөөлсөн байна. Эдийн засгийн удаашралыг эрдэмтэд гадаад хүчин зүйлээс гадна мөчлөгийн дагуу давтдагддаг зүй тогтол хэмээн таамаглаж байна. Хятадын эдийн засгийн удаашрал дэлхийн эдийн засгийн удаашралтай бараг давхацдаг. Ер нь дундад улсынх гэлтгүй өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг ч унаж байгаатай холбодог.

Үйлчилгээний салбарын өндөр хөгжил эдийн засгаа унагасан уу?

Эдийн засгийн өндөр өсөлтийн үед Хятадад үйлчилгээний салбарын хөгжил ч маш хурдацтай өсчээ. 2013 оноос үйлчилгээний салбарын хөгжил маш хурдан буюу 50 хувиас дээш өсөлт үзүүлсэн нь гайхалтай тоо аж. Бээжинд 81, Гуанжоуд 71, Уханьд 51, нийт хятад даяар 52 хувьтай өссөн үзүүлэлт байна. Харамсалтай нь, энэ үеэс Хятадын эдийн засаг унаж эхэлсэн юм. Энэ нь тохиолдол уу, холбоотой юу хэмээн шинжээчид судалгаа хийсэн бөгөөд судалгаанаас харахад шууд холбоотой байв. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний салбарын өндөр хөгжил улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэсэн үг.

Үйлчилгээний салбар хөгжих нь зөв үү. Яагаад энэ хөгжил эдийн засагт сөрөг нөлөөлсөн бэ? Хариулт нь тун энгийн аж. Иргэдийн орлого нэмэгдэж, эдийн өсөх нь үйлчилгээний салбарт зохиомол хөөсрөл үүсгэжээ. Үүнийг урлагийнхны тоглолт дээр жишээлж тайлбарлавал илүү ойлгомжтой юм. Урлагийнхны тоглолтын тасалбарын үнэ байнга өсч байдаг. Үнэ өссөн ч тухайн дуучны авьяас чадвар нь яг өмнөх шигээ хэвээрээ байдаг гэсэн үг. Үйлчилгээний салбарт иргэдийн гаргах мөнгө нэмэгдэж байгаа нь жинхэнэ өсөлт биш юм. Энэ салбарт гарч байгаа өсөлт нь бодитой, үр дүнтэй байх ёстой. Үнэ сайжруулсан шиг чанараа сайжруулбал эдийн засаг бодитой сайжирна.

Хятадын эдийн засаг уруудах уу, өгсөх үү?

Эдийн засгийн өсөлт 6.3 хувиас буурахгүй бол хэвийн үзэгдэл гэж үздэг юм байна. Тэгвэл одоо 6.3 хувьтай байгаа Хятадын эдийн засгийн өсөлт буурсаар байх уу гэдэгт судлаачид өөр өөр тайлбөр өгдөг. Хятадын алдартай эдийн засагч “Хятадын эдийн засгийн урт хугацааны өсөлт 2011 онд хамгийн өндөртөө найман хувьд хүрнэ” гэж 20 жилийн өмнө хэлсэн нь яг биеллээ олсон байна. Тухайн үед Хятад улс 1954 оны Япон, 1967 оны Сингапур, 1973 оны Солонгосын хөгжилтэй адил, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэж байв. Өсөлт найман хувиас дээш гарахгүй байх нь дотоод хүчин зүйлээс эдийн засаг шууд шалтгаалдагтай холбоотой аж. Хамгийн чухал нь хүн амын хүчин зүйл. 2010 оноос өмнөх Хятадын хүн ам маш хурдан өссөн. Тэгэхээр эдийн засгийн уналт хүн амын хүчин зүйлээс хамаарч байна гэж харж болох нь. Ер нь эдийн засгийн хурд буурч байгаа нь аймаар зүйл биш гэв. Энэ өөрчлөлт шинэ хөдөлгөх хүчинд түшиглэнэ. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний чанар, технологийн шинэчлэл хийж үр дүнг сайжруулах аж. Хамгийн гол нь эдийн засгийг хөдөлгөгч өөр ямар хүч байна вэ гэдгийг олж харах нь чухал.

Ирээдүйн чиг хандлага

Америк, Баруун Европын орны дэлгүүрээс авсан бараан дээр “Made in China” гэсэн шошго байнга дайралддаг. Баруунд гаргах боломжтой юу байна тэр бүгдийг баруун солгойгүй үйлдвэрлэн экспортолдог байсан нь хятадуудын гадаад валютын урсгалаа нэмэх гол арга байсан юм. Харин одоо хятадууд оймс, гутал, өмд, цамц мэтийн хэрэглээний жижиг сажиг зүйлс үйлдвэрлэхээ болихоор шийджээ. 2012 оноос өмнө бүх хүчээрээ урагшаа гэдэг уриатай байсан бол үүнээс хойш нийлүүлэлт дээрээ анхаардаг болсон байна. Оймс, бээлийнээс эхлээд бүхнийг хийдэг байсан үйлдвэрүүдээ Тайланд, Вьетнам зэрэг Зүүн Азийн орнууд руу шилжүүлжээ.

Үүний оронд нийлүүлэлтээ илүү чанартай болгоё гээд ноу хау шингэсэн технологийг оруулж эхэлсэн байна. Тухайлбал, цахилгаан машины хамгийн том үйлдвэрлэгч болохоор зорьж байгаа. Ер нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэгч орон болно хэмээн зорилгоо тодорхойлжээ.

Хятадууд өдгөө хүн төвтэй хөгжлийн тухай ярьж байна. Энэ нь ядуурлын эсрэг дайн юм. Мөн бүх хотуудаа Бээжин мэт болгож, хот хөдөөгийн ялгааг арилгах тэнцвэртэй хөгжил рүү зорьж явна. Ингэвэл нийгмийн баян хоосны ялгаа арилна. Инновацийг дэмжиж интернэт орчноо илүү хөгжүүлэхэд анхаарч эхэлжээ. Үүнтэй холбоотой маш олон судалгааны хүрээлэнгүүд ажиллаж байна. Уламжлалт үйлдвэрлэлээ багасгаж байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжиж эхэлжээ. Хятад гадаад гэхээсээ дотоод эдийн засагтаа илүү анхаарч татвар бууруулах гэх мэт мөнгөний бодлогоо ард түмэн рүүгээ илүү чиглүүлж байна. Үйлдвэрлэлийн салбарт НӨАТ 15 байсныг 10 хувь, аж ахуйн нэгжийн нийгмийн даатгал 16 хувь болгож бууруулсан байна.

Тэдний ойрын зорилт бол иноваци болон дотоодын нөөц бололцоогоо ашиглан хүчирхэгжих. Гадаад хүчин зүйлээс хараат байдлаа хална. Шинэ технологи, шинэ үйлдвэрлэлийн системийг бий болгоно. Судалгааны салбартаа илүү мөнгө хаяна.

“Бүс Зам” санаачилга

2011 оны эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үед Хятад хүчин чадлаасаа илүү гарсан хөрөнгийн боломжтой болсон байв. Үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ их. Маш их бүтээн байгуулалт өрнөж байсан. Тиймээс илүүдэл зүйлээ гадагш гаргах хэрэгтэй болсон. Эдийн засгийн цар хүрээ нэмэгдэхийн урвуу хамаарал нь нөөцийн дутагдалд орсон. Тиймээс олон улсын зах зээлээс газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, хүнсний том компаниудыг хүртэл худалдаж авч эхэлсэн.

2013 оноос эхэлсэн Америк, Хятадын таагүй харилцааны үр дүн бол Худалдааны дайн юм. Энэ үед Хятадын нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн Японыг давж, Америкийн дараа орж эхэлсэн. Дэлхийд гадаад худалдаагаараа нэгд ордог улс болов. Энэ нь АНУ, Япон, Баруун Европын улсуудтай худалдааны зөрчил үүсгэж эдийн засаг буурах гол шалтгааны нэг болсон юм.

Худалдааны дайныг хэрхэн хор хөнөөл багатай давах талаар судалгаа, бодлого шийдвэрүүд гарч эхнээсээ хэрэгжээд эхэлжээ. БНХАУ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Бүс,Зам” санаачилга ч үүнтэй шууд холбоотой. Энэ санаачилга бол зөвхөн Хятад улс ашиг олох биш бүгд харилцан ашигтай ажиллах Хятад мөрөөдөлд тулгуурласан юм. Үүнийгээ ч Хятадын дарга нь албан ёсоор зарласан билээ. Дээрх санаачилгын хүрээнд эдийн засгийн зургаан коридор үүсэх бөгөөд нэг нь Хятад-Монгол-Оросын газар нутгийг дайрах юм. “Бүс, Зам” санаачилгад нийт 60 улс хамрагдах юм байна.

“Бүс Зам”-ын зорилго нь Евро Азитай холбосон гүүр, ложистикийн гинжин хэлхээ үүсгэх зорилготой. Тиймдээ ч энэ санаачилгыг эхлүүлснээр Хятадын гадаад худалдаа эрс өссөн үзүүлэлт байна. “Монгол Улсын хувьд Ашигт малтмалын баялгаа давуу тал болгон хөгжих, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ноос ноолуураа боловсруулан экспортолж, валютын нөөцтэй болох. Үүгээрээ дахин үйлдвэрлэл явуулж, шинэ технологи суурьшуулах. Нэг бүс-нэг замыг ийм хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаан дээрээ маш сайн ашиглах хэрэгтэй” хэмээн Хятадын эдийн засгийн судлаач багш нар онцолж байлаа.