Categories
мэдээ нийгэм

10 дугаар сарын 31-нд болох үйл явдлын тойм

09.30 цагт “Новотел” зочид буудалд “Уул уурхайн салбарын хөгжилд залуу инженерүүдийн оролцоо” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын XXVIII хуралдаан болно. Утас: 70119921 80020878

10.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлттэй өдөрлөг болно.

12.00 цагт Отгонтэнгэр их сургуулийн “Б” байрны хурлын танхимд “Нүүдэлчдийн ахуй соёл-Эко соёл” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99849000

12.30 цагт “Оюутолгой” компанийн байранд Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт “Корпорейт Хотэл энд Конвейшн Цэнтр”-т “Мандах нар” тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Утас: 80042424

14.00 цагт ХХААХҮЯ-нд Туркийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагаас хэрэгжүүлэх “Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн нээлт болно. Утас: 99070673

Categories
мэдээ цаг-үе

Д.Үүрцайх: Хөөсрүүлж хийсэн төсвийн үр дагаварт хөрөнгө оруулалтын ажлууд үр ашиггүй болно

Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайхтай ярилцлаа.


-УИХ-аар 2020 оны төсвийн хуулийг батлахаар хэлэлцэж эхлээд байна. Ер нь төсөв гэж юу вэ?

-Улсын төсөв гэдэг нь Монгол Улс тухайн жилдээ хэр хэмжээний орлого олж, зарлага зарж, хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлэх эсэхийг тусгасан баримт бичиг байх ёстой. Иргэд, сонгогчид улсын төсвийн хуулийн төслөөс Монгол Улсын өнөөгийн төр, Засгийн газар хөгжлийн ямар бодлого барьж байна вэ, ирээдүй хойч үеийнхээ төлөө юу хийж бүтээх нь вэ гэдгийг харах ёстой. Ийм л агуулгатай баримт бичиг юм.

-Төсвийг микро эдийн засгийн тохируулга хийхэд зориулагдсан зүйл ч гэдэг. Энэ утгаараа төсөв зөв зүйтэй байх боломжийг хэрхэн олгох юм бэ?

-Төсөв өөрөө бизнесийн салбарт тун чухал нөлөөтэй.

Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг төрийн оролцоо маш өндөртэйд тооцогддог. Тэр утгаараа төсвийн бодлого зөв байвал бизнесийн орчин сайжрах, тус салбарынхан амжилттай байх тэр нөхцөлийг бүрдүүлнэ. Ийм нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Манай төсвийн хөрөнгө оруулалтын 80-иад хувь нь урсгал зардалдаа зориулагддаг бүтэцтэй. Харин үлдэх 20 хувийн багахан хөрөнгө оруулалтын зардлаа маш үр ашигтай, ирээдүй хойч үеэ бодож зарцуулах ёстой юм. 100 гаруй хүүхдэд зориулаад 300 хүүхдийн сургууль барих, хүн явдаггүй сум руу хар зам татах нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Сүүлдээ бүр утгаа алдаад тойргийнхоо оюутнуудад зориулж Улаанбаатарт дотуур байр барина гэж байх жишээтэй. Энэ бүхэн ичгэвтэр явдал. Улс орноо бодохгүй, зөвхөн албан тушаал, эрх ашгийн төлөө улс төрийн авлига хийж байгаа үйлдэл. Энэ мэт алдаа завхралаа арилгаж нэгдсэн бодлогоор хөгжлийн бодлогод хэрэгцээ шаардлагатай хөрөнгө оруулалт юу байна вэ гэдгийг тооцоо судалгааны үндсэн дээр гаргаж ирэх нь чухал юм.

-Мөн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарыг өөрсдийн нутаг руугаа их хэмжээний төсөв татаж, тойргоо усалж байна гэх юм.

-Аялал жуулчлал манай улсын хөгжилд нөлөөтэй гол салбар гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэр утгаараа Хэнтий чиг рүү төвлөрүүлэн хөрөнгө оруулж байгаа нь зөв байж болно. Гэхдээ нэн тэргүүнд тооцоо судалгаан дээр үндэслэсэн эсэхийг харах ёстой юм. Жишээ нь, Бэрхийн уурхайд далд уурхайн музей байгуулна гэж байна. Бэрхийн уурхай руу тэрхүү музейг үзэхээр хэдэн хүн, хэрхэн зорьж очих вэ. Тэр музей хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадах уу. Хэнтий аймагт хэдэн шавар баримал барьснаар тийш зорих аялал, жуулчлал хөгжих үү гэдгийг ч бодож үзэх ёстой юм. Харин эсэргээрээ аялал жуулчлал хөгжих боломжтой авто болон төмөр зам дагуух газрууддаа жуулчны үйлчилгээний боломжуудыг нээж, дэд бүтцийг нь бүрдүүлж өгвөл илүү үр дүнтэй байх юм биш үү. Энэ мэтчилэн тооцоо судалгаа, үр ашгийг үргэлж нэн тэргүүнд тавих ёстой юм. Ингэж байж улсын төсвийн хууль, бодлого зөв гарч, зөв явна. Хөгжлийн бодлого энэ хэрээр сайжирна.

Ерөнхийдөө 2020 оны төсөв сонгуулийн жилийн төсөв гэдэг нь үндсэндээ илт харагдаж байна. МАН энэ жилийн төсвийн төсөлдөө орлогыг зохиомлоор маш ихээр нэмэгдүүлсэн. Өмнөх жилүүдийн орлогын бодит өсөлт 3-4 хувьтай байсан бол энэ жил 22 хувьтай байх жишээтэй. Тэр ч утгаараа энэ төсөв хэрэгжих боломжгүй, хийсвэр. Орлогоо ингэж өсгөх зорилго нь зарлагаа нэмэгдүүлэх арга. Тойрогтоо хуваарилдаг хөрөнгө, мөнгөө нэмэгдүүлэх зорилгоор төсвийн орлогыг нэмэгдүүлчихэж байгаа юм. Ингээд зардлаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заагдсан төсвийн тусгай шаардлагын дээд хязгааруудад тултал нэмсэн байна билээ.

-Манай улсын нүүрс гаргах потенциаль хамгийн дээд хэмжээндээ хүрч ажиллаад 30 сая тонн байхад энэ жилийн төсвийн төсөлд 40 сая тонн гэж тусгасан нь ийм учиртай байх нь.

-Тийм. Улмаар таны асуусанчлан нам, засагтаа нэр, нөлөөтэй улстөрчид нь сонгуулийн тойргууд руугаа хавьгүй их хөрөнгө орлогын зардлуудыг тусгуулсан байгаа юм. Үүний суурь шалтгаан нь манай сонгуулийн тогтолцооны гажигтай холбоотой. Бид 30-иад жил дийлэнх, олонхийн тогтолцоотой явж ирсэн. Түүний уршигаар Монгол Улс өнөөдрийг хүртэл хөгжлийн тогтвортой бодлогогүй, хөрөнгө оруулалт нь үр ашиггүй, жижиг тойргуудад хувааж цацсан байдалтай, улсын төсвөөр хийгдсэн бодитой, том хөрөнгө оруулалтгүй байна. Том хөрөнгө оруулалтуудын дийлэнх нь гадны орнуудын зээл, тусламжаар хийгджээ. Энэ мэтчилэнгээр улс орны хөгжил саатсан, ухарсан байдалтай байна. Энэ нөхцөл байдал 2020 оны төсвийн төсөл дээр дахин давтагдаж байгаа нь маш харамсалтай.

-Иргэдэд таалагдахын тулд зохиомлоор орлого нэмэгдүүлэн төсөвт мөрөөдлийн тоо тусгаж, алсдаа их хэмжээний мөнгө хэвлэн, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхийн үндсийг тавьж байгаа юм биш үү?

-Эрх баригч намд Монгол Улсын төсвийг үр ашигтай байлгах, эдийн засаг харьцангуй тогтвортой, өсөлттэй байгаа үед ирээдүйдээ хуримтлал үүсгэх, эсвэл хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг нэмэгдүүлэх сэтгэл зүрх дутаж байна. Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж нэмэгдүүлнэ гэдэг зорилт нь хэрэгжих боломжтой юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Харин эрх баригчдад энэ нь хэрэгжих үгүй нь хамаагүй бололтой. Хамгийн гол нь зарлага тал дээрээ өндөр үнэ тавьж, өөрийнхөө тойрогт ажил хийсэн гэж харагдан, сонгогчдын саналыг авах нь л чухал болоод байна. Ингэж л харагдаж байна. “Надаас хойш дэлхий сөнөсөн ч яахав” гэж XIV Людовик хэлсэн гэдэг. Эрх баригчид яг ийм байдлаар хандаж байна уу гэж харагдахаар байгаа юм. Тэд 2020 оны сонгуульд ялагдана гэдгээ сайн мэдэрч байх шиг байна.

Хөөсрүүлж хийсэн төсвийн үр дагаварт хөрөнгө оруулалтын ажлууд үр ашиггүй болно. Бид Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэх ёстой. Энэ удаагийн төсвийн дүнд бид дээрх сангуудыг улам дордуулна. Дордсон ч байгаа. Дээрээс нь эдийн засгийн ханшийн болоод бусад сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Дараагийн Засгийн газрыг авах улс төрийн хүчин бүрэн эрхийн хугацаандаа маш хүнд байдалтай тулгарна. Ийм л нөхцөл байдлуудыг үүсгэж байна.

-Өнөөдрийн эрх баригчид “2016 оны сонгуулийн дараа бид маш хүнд эдийн засаг хүлээж авсан” хэмээн гомдоллож байсан. Гэтэл эргээд тийм байдлыг үүсгэж байгаа нь ямар учиртай юм бэ. Эсвэл ийм жишиг тогтчихсон хэрэг үү?

-Хамгийн харамсалтай нь Монголын төр өдийг хүртэл ийм байдлаар явж, иргэдээ хуурч ирлээ л дээ. Монголын ард түмнээс авсан татвар, тэдний өмч болох газрын доорх баялгийн үр өгөөжийг ашиглан эргүүлээд өөрсдийг нь авлигадаж байна. Үүнийг улс төрийн авлига гэж ярьдаг. Энэ хоёр нам 30 жилийн турш улс төрийн авлига явуулах байдлаар санал аван халаа, сэлгээгүй сонгогдсон. Авлигач улс төрчид сонгогдож Монгол Улсын хөгжил, дэвшлийг арагш татсан. Ийм нөхцөл байдлыг яаралтай засахгүй бол бид маш эвгүй байдалд орно. Үүнээс цааш ийм байдлаар явах газаргүй боллоо. Улс орны тусгаар тогтнолд эрсдэл учирч, эдийн засаг доройтон саарал жагсаалтад хүртэл орлоо. Ард түмэн үгээгүй ядуу болж, баян хоосны ялгаа асар их боллоо. Энэ улстөрчид туйлд нь хүртэл Монгол Улсыг хорлолоо. Үүний эсрэг ХҮН нам шийдвэртэй тэмцэнэ. 30 жил ужгирсан энэ нөхцөл байдлаас бид мэдлэгтэй, чадвартай, хамгийн гол нь Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, шунал нь арилсан шинэ улстөрчдийг сонгон гаргаж байж л сална.

Мөн нэн тэргүүнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх асуудалд Ардчилсан намын зүгээс гурван асуудлыг хөндөж байгаа. АН-ын хөндсөн нэг асуудал нь холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах. Манай намын зүгээс ч пропорцианаль элемент буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог тодорхой хэмжээнд заавал оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Болж өгвөл бүрэн пропорцианаль байдлаар сонгуулийн тогтолцоог хийх хэрэгтэй гэж шаардаж байгаа. Гэхдээ эрх баригчид дийлэнх олонхийн тогтолцоо буюу жижиглэсэн 76 тойрогтой сонгуулийн тогтолцоог өөрсдийнх нь оршин тогтнохын үндэс гэж итгэж найдаад байх шиг байна. Ийм байдлаар цааш явах юм бол Монгол Улс мөхлийн ирмэгт тулна. Тиймээс үүнийг яаралтай өөрчлөх хэрэгтэй.

-Таныхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадах болов уу?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Гэтэл энэ завсар нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын үйл явцын алдаа гаргасан гэдэг шүүмжлэлүүд гарч байна. Анхны төсөлд тусгагдаагүй байсан саналуудыг Зөвшилцлийн гэх ажлын хэсгээр нэмж оруулсан гэдэг асуудал бий. Мөн сая Журмын тухай, Дэгийн тухай хуулийг өөрчлөхдөө хууль тогтоох үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн асуудлууд ч үүсч байгаа.

-Эдгээр нь цаашид хэрхэн шийдэгдэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрх баригчид хүч түрээд баталсан ч гэсэн дээрх асуудлууд нь саад болох, өөрлөлтийг хүчингүй болгох эрсдэлүүдийг дагуулж байна гэж харж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө Монголын ардчиллыг устгах, парламентад ёсыг сулруулах агуулгатай улс төрийн нам байгуулах гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлсэн болон баялгийн зохицуулалтаас эрдэс баялгийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийх боломжгүй болгох, гацаах заалтаа хасах хэрэгтэй. Дээрээс нь сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, Ардчилсан намын гурван саналуудыг тусгаад гаргачихвал боломжийн өөрчлөлт болох болов уу гэж харж байна. Харамсалтай нь процессын алдаануудаа Үндсэн хуулийн шүүхийн өмнө одоогийн эрх баригчид хамгаалж чадах уу үгүй юү гэдэг эрсдэлтэй нөхцөл бас үүссэн. Хувь судлаачийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдах магадлал, батлагдлаа гэхэд хүчин төгөлдөр болж хэрэгжих магадлал бага болчихов уу гэж харж байна.


Categories
мэдээ цаг-үе

В.Балжинням: Заримдаа тоглоод “Би сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан” гэж ярьдаг

Шугам зургийн багш мэргэжилтэй ч хүүхэд залуусыг спорт, хөгжим, байгаль орчин, танин мэдэхүйн олон зүйлд уриалан дуудаж, өөрөө үлгэрлэж ирсэн ахмад багш В.Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр хүндийн өргөлтийн Дэлхийн болон Азийн аварга юм. Ахмад багшийг маш сониуч хэмээн товчхон тодорхойлж болох аж.


-Эзэмшсэн мэргэжлээс тань яриагаа эхлэх үү. Мөн та хүндийн өргөлтийн олон тэмцээнд амжилттай оролцож ирсэн юм байна?

-Би аравдугаар анги төгсөөд Улсын багшийн их сургуульд зураг хөдөлмөрийн ангид орж суралцсан. Шугам зургийн багш мэргэжилтэй. Уг мэргэжлээр 42 жил ажиллалаа. Оюутан болсон цагаасаа бөхийн болон хүндийн өргөлтийн секцэнд зэрэг явдаг байсан. 1962 оноос хүндийн өргөлтөөр хичээллэсэн гэсэн үг л дээ. Түүнээс хойш 57 жил болжээ. Би олон улсын хэмжээний мастер. Хүндийн өргөлтийн гадаад, дотоодын тэмцээнүүдээс 100 орчим медаль авсан. Алт, мөнгө, хүрэл холимог л байдаг. Гадагшаа тэмцээнд оролцоход 35-аас дээш насныхныг ахмад гэж тооцдог юм. Мастер ангиллын тэмцээн гэж ярьдаг. Үүнд өөрсдөө зардлаа дааж явна. 2010 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болоход оролцож алтан медаль авсан. Түүнээс хойш олон улсын тэмцээнд оролцвол бас ч гэж боломж байна гэж ойлгосон. Ганцхан зардал мөнгө л хэцүү юм. 2016 онд Япон, 2018 онд Хятад, энэ оны аравдугаар сарын 3-6-нд Америкт болсон Дэлхийн цомоос алтан медаль авсан. Дэлхийн аварга, дэлхийн цом хоёр үндсэндээ ижилхэн юм. 35-аас эхлээд тав таван насаар ангилагдана. Мастер 1,2,3,4 гэх зэргээр явдаг. Мөн жингийн ангилал байна. Сая би 81-89 кг-ын жинд өрсөлдсөн.

-Анх яагаад хүндийн өргөлтөөр хичээллэх болсон бэ. Таны удам сударт бяр хүчтэй хүн бий юу?

-Багшлахынхаа хажуугаар спортоор хичээллэж бие хаа хөгжөөд ирэхээр урамшаад буудлага, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийн өргөлт зэргээр хичээллэж байсан. Заримд нь спортын зэрэгтэй. Мөн хэд хэдэн төрлийн хөгжим сонирхож байлаа. Ер нь оюутан байхаасаа зав зайгүй, олон зүйл сонирхож ирсэн дээ. Би багшийн дипломаас гадна фото зураг, чимэглэлийн зураг, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн секц удирдах тусгай үнэмлэхтэй. Мөн үлээвэр хөгжмийн дугуйланг удирдах үнэмлэхтэй их сүрхий амьтан төгсөж байлаа. Энэ олон сонирхол дундаас хүндийн өргөлт шалгарч, тууштай хичээллэсэн гэж болно.

Миний удамд бяртай хүмүүс байсан. Манай аавын аав маш их бяртай хүн байсан гэдэг. Адуу тэврээд саахалтын газар явчихдаг. Эсвэл дөрвөн хөлийг нь боочихоод мөрөндөө углаад алхчихдаг гэж ярьдаг байсан юм. Мөн гадны бөх наадам авахаар ирвэл манай хөгшин аавыг гуйж барилдуулдаг. Өөрөөр хэлбэл, наадмаа алдчихгүйн тулд тэгж байгаа юм. Бусад үед өвөө өөрөө барилдъя гэхгүй. Барилдаад байх ч хүн байхгүй байсан гэдэг. Манай аав мөн их бяртай хүн байсан. Манай удам сударт аймаг, орон нутгийн цолтой олон бөх бий.

-Та бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна вэ?

-Өөрийн бололцоогоор бэлтгэл хийдэг. Пауэрлифтинг гэдгийг сонирхоод нэлээн оролдсон. Азийн хоёр ч удаагийн аварга болсон. Тэмцээн нь Монголд болсон учир би оролцож байгаа юм. Түүнээс олон тэмцээнд явах зардал мөнгөний боломж байхгүй. Нондин Пауэрлифтингийн Азийн аварга Монголд болсон. Би дуртай хувцастайгаа орж түрүүлсэн. Дэлхийн аварга мөн Монголд болсон. Энэ үеэр дөрвөн брэнд хувцас заасан байсан. Тэр нь надад байхгүй. Тэтгэврийн хүн юугаараа авах уу. Ганц цамц нь бараг сая төгрөгийн үнэтэй юм билээ. Хүнээс хуучин хувцас авч орсон. Биед дасаагүй болохоор тэр юм уу, бэлтгэлд өргөдгөөсөө 20-30 кг-ыг дутуу өргөсөн. Хүрэл медаль авсан даа.


Монголын Олимпийн хорооны шагнал “Алтан Очир” авсан үе

-Бага өргөсөн шалгаан нь юу байв. Хувцас тэгж их нөлөөлөх үү?

-Удаан өмсөж байж дасах юм билээ. Жишээ нь, суултын комбинзоныг нь өмчихөөр штанкаа барьж авч чадахгүй байсан. Би 180 кг-д суучихдаг юм. Гэтэл саяын тэмцээнд 160-д суусан. Шахалт 130 хүргэж байсан. 110-ыг шахсан. 200 кг-ыг татдаг байсан. 170-ыг л татсан. Яахав хүрэл медаль авсан.

-Та спортоос гадна олон зүйл сонирхдог юм билээ. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?

-Спортод амжилт гаргах, аз жаргалтай амьдрахад эрүүл байх хэрэгтэй. Энэ ч үүднээс эрүүл байх ухааныг сонирхож ирсэн. Судалдаг гэсэн ч болно. Үүнийгээ бусадтай хуваалцаж байх юмсан гэж боддог. Тухайлбал, Америкийн хоолны эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан хүнийг тураах шидтэй сонгины жор маш үр дүнтэй байдаг. Тэрийг хэвлэж аваад, мөн хүний үзэл бодол, өөртөө итгэх итгэлд тус нэмэр болох болов уу гэж бодоод буддын шашны тарни, сургаалыг нэрийн хуудас шиг хэвлүүлж таарсан зарим хүнд тарааж явдаг юм.

Үүнээс гадна нийгэмд тус нэмэр болох үүднээс байгаль орчны чиглэлээр олон зүйл хийх юмсан гэж бодож явдаг хүн. Би олон мод тарьсан. Ер нь багаасаа мод ургамал сонирхож ирсэн. 1990-ээд онд ногооны газрыг багш нартаа хувьчлаад газартай болж олон сурагчид ногоо тарихыг заасан. Би найман хүүхэдтэй. Тэр болгонд мод ургамал, ногоо тарихыг зааж байлаа. Мөн хүүхдүүдтэйгээ хамтарч гурван ч байшин босгож байлаа. Энэ их сайхан санагддаг. Мөн мод төмрөөр янз бүрийн юм хийж зарна. Сандал, ширээ хийчихнэ. 1990-ээд оны үед зах зээлийн нийгэм гээд хүнд хэцүү байлаа. Бүгд л чадах ажлаа хийж амь зууж байсан үе.

Мод тарих ажлыг 2005 оноос эхэлсэн. Дэлхийн зөн байгууллагатай гэрээ хийж 30 гаруй айлыг удирдан зохион байгуулж Баянзүрх дүүрэгт хоёр жил ажилласан. Төмсийг яаж бага талбайд их тарих уу. Мөн Ботаникт нэг га газар түрээсэлж мод тарьсан. 30 орчим төрлийн ногоо тарьж байлаа. Ер нь 2005 оноос хойш 70 орчим мянган мод тарьсан даа. Одоо манай хашаанд 20 орчим төрлийн мод бий. Би хорооныхоо эмнэлэг, сургууль, албан газруудад бэлэглэчихдэг. Яахав, дэлгүүрт үнээр нь зарсан. Мөн АСЕМ болох гэж байна гээд зам дагуу мод тарихад 400 орчим мод хандивласан. Улиас хамгийн хурдан ургадаг мод шүү дээ. Дэлхийд Улиас таригчдын холбоо гэж ганц холбоо бий. Бусад модонд холбоо байхгүй. Хамгийн хурдан ургадаг учир цаасны үйлдвэрүүд тарьж ашигладаг. Тоос их шингээж, хүчилтөрөгчийг хамгийн их ялгаруулдаг мод юм. Хөвөн их ялгаруулдаг тул тэр нь харшил их өгдөг гэж ярьдаг. Энэ буруу.

-Танайх хаана вэ?

-Хотын бүр баруун захад. Найрамдалаас цааш Тахилтын ам гэж бий. 2008 оны үед найман хүүхэд, хөгшинтэйгөө нийлээд арван хүний нэр дээр нэлээн том газар авсан. Гүний худаг гаргасан. Би эхлээд 40 гаруй төрлийн ногоо тарьж байсан. Монголд тарьдаггүй ногоог ч тарьж байлаа. Гэвч хэрэглэх эзэн олдохгүй учир цөөлсөн. “Меркури”-д борлуулах гэж оролдсон ч байнгын нийлүүлэгчтэй тул минийхийг их хямд авах юм билээ. Шар буурцаг тарьж үзсэн. Эрдэнэшиш мөн тарьлаа.

-Таныг хөгжим тоглодог, зураг зурдаг гэж сонссон. Энэ тухай тодруулаач?

-Баян хуур, хуучир, гитар, үлээвэр хөгжим тоглож байсан. Мөн мэргэжлийнхээ хажуугаар дуу хөгжмийн багшийн туслах хийж байсан үе бий. Энэ бүхнийг хүүхдүүдэд таниулж, хичээллүүлэхийг зорьдог байсан. Зарим нь аятайхан сайхан явна. Нөгөө хэсэг нь сонирхдоггүй юм уу, залхуурдаг байж ч болно. Хаячихдаг. 1979 онд анхны техник спортын дугуйлангийн багш бэлтгэх курст намайг явуулсан. Ингээд улсын анхны аварга шалгаруулах тэмцээнээр миний бэлтгэж байсан хүүхэд нисэх загвараар алтан медаль авч байлаа. Анхны тэмцээнээр сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ирж уулзалт хийж байсан юм. Заримдаа би тоглоод “би сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан” гэж ярьдаг.

Улс орондоо нэртэй төртэй хүмүүсийн хөргийг зураад цомог хийчих юмсан гэж боддог. 1921 оноос хойш гавьяат цол авсан дүрслэх урлагийнхныг зуръя гээд 30 гаруй хүний хөргийг усан будгаар зурсан. Уг нь 60 гаруй хүн байгаа юм. Заримынх нь гэрэл зураг олдохгүй байна. Үүнийгээ гүйцэлдүүлэх юмсан гэж бодож явдаг. Би шугам зургийн багш. Тиймээс багшлахас гадна нам төрийн удирдагч нарын зураг, орос нөхөд, сансрын нисгэгч зэрэг баяраар жагсаалд авч явдаг том зургуудыг их зурсан. 60-70 хөрөг зураг зурсан байх. Би заримдаа 2-3 хоног дамнаад өдөр шөнөгүй, унталгүй юм хийчихдэг. Бие сайтайнх гэж бодож явдаг. Мөн нэг юмны араас улайраад сурчихсан зантай. Одоо бол холоос явж байгаа тул цагандаа их харамсдаг. Хотын төвд Спортын ордон дээр ирж бэлтгэлдээ орох гэж хоёр цаг явдаг. Буцахдаа бас ийм цаг зарцуулна. Долоо хоногт гурван өдөр бэлтгэл хийж байна. Хөгшрөөд ачааллаа бууруулахгүй бол болохгүй байна. Түүнчлэн, би орос хэлнээс хэд хэдэн ном орчуулж байсан. Үүний дунд сурах бичиг ч бий. Энэ мэтээр сонирхдог зүйл олон бий.

-Та хэдэн настай вэ?

-76 настай. Өдий насанд эрүүл саруул ингээд явж байгаа нь хүн дуртай зүйлдээ ядардаггүйтэй холбоотой. Би залуусыг дуртай ажлаа олж хийгээсэй. Юм болгоныг сонирхож байгаасай гэж хүсдэг. Зарим спортын залуус зөвхөн нэг чиглэлд анхаараад ном унших, эрдэм сурахыг орхигдуулдаг. Ингэж болохгүй. Аль аль талаа хөгжүүлж явах ёстой. Түүнчлэн, Оросын эрдэмтний перекись водоровда гээд устөрөгчийн исэл гэж байдаг. Манайхан үүнийг хэрэглэвэл одоогийн бүх өвчин эдгэнэ гэж боддог. Эмийн сангуудад хямдхан байдаг даа. Би 2006 оноос эхэлж ууж байна. Нэгээс хоёр жил уухад судасны холестрин алга болж, элэгний бүх төрлийн вирус арилна. Гол нь зөв хэрэглэх нь чухал байдаг. Яахав стандарт бус эмчилгээ гээд эмч нар намайг зэмлэдэг юм.

-Стандарт бус эмчилгээ бол хамаагүй ярьж болохгүй байх?

-Харин тэгж зэмлэх юм. Би бол энэ тухай их олон зүйлийг яримаар байдаг юм.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

70 настай монгол “Жордан”

“Жордан” өвөө хэмээн хүүхэд залуусын дунд танил болсон О.Сандаадорж гуайтай ярилцлаа. Түүнийг нэгдүгээр хорооллын Жордан өвөө гэхээр сагсан бөмбөг сонирхогчид анддаггүй. Жордан өвөөгийн гэр Нарны хороололд нүүж ирсэн бөгөөд өчигдөр түүнийг хорооллынхоо гадаах талбайд сагсан бөмбөг тоглож байхад нь ийнхүү уулзсан юм.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Дундговь аймагт төрж өссөн. Lakers багийг дэмждэг. Би өөрийгөө гудамжны сагсчин гэдэг. Өглөө, оройдоо сагс тоглодог. 70 настай. МСҮТ-ийн багш байхдаа Төмөрбаатар гэсэн нэртэй байсан. Ард түмний өгсөн нэр нь Бандгай, бацаануудын өгсөн нэр “Жордан өвөө”.

-Та сагсан бөмбөгөөр хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Спорттой холбогдоод 47 жил болж байна. Цэрэгт байхдаа сагсан бөмбөг тоглодог байлаа.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Гэр бүл, дөрвүүлээ. Хүү маань сагс тоглодог. Харин охин тоглодоггүй.

-Ач зээ олон биз?

-Би ганцхан зээтэй. Нарны хороололд ирээд жил болж байна. Ноднин 12 дугаар сард ирсэн, Цагаан сарыг үзэх гээд л байж байна даа.

-Нэг удаа тоглохдоо хэдэн цаг тоглодог вэ?

-Ямар ч халаалт байхгүй гүйж ирээд л тоглож байна. Тоглохдоо төдөн цаг тоглоно гэж төлөвлөдөггүй, хоёр гурав гараад л болчихдог. Би чинь Монголын супер од шүү дээ.

Замын-Үүдэд 1973-1976 онд орос цэргүүдтэй тоглодог байлаа. Тэрнээс хойш 47 дахь жилдээ тоглож байна.

Би сургуульд байхдаа муу тоглодог хүүхэд байсан шүү. Сүүлд л сайжраад байгаа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Цэрэгт тогооч , зуухны инженер хийж байсан. Орос, англи, төвөд хэлтэй. Мөн хуучин монгол бичигтэй. Аав маань багш байсан юм.

-Та хотод орж ирээд хэдэн жил болж байна?

-Дундговиос хотод шилжиж ирээд 20 жил болж байна. Ирэн очин л байдаг.

-Тантай ямар насныхан ихэвчлэн сагс тоглодог вэ?

-Би чинь гудамжны сагсчин. Багаас эхлээд томчуултай, бүгдтэй нь тоглоно шүү дээ. Тэд намайг настай хүн учраас их хүндэлдэг дээ. Хүйтрээд жаахан тоглож чадахгүй л байна.

-47 жил сагсан бөмбөг тоглоно гэдэг урт хугацаа шүү?

-Хэлээд юу гэх вэ. Замын-Үүдэд байхаасаа л тоглож эхэлсэн. МСҮТ-ийн цахилгааны багш байхдаа идэвхтэй тоглож эхэлсэн. 1981-1990 он хүртэл тоглосон. Түүнээс хойш одоог хүртэл тоглоод солгой, зөвгүй шиддэг болчихоод байна.

-Та лам гэсэн. Хэзээнээс эхлээд лам болсон бэ?

-Манай аав лам байсан. Манайх чинь гурван үеэрээ лам. Манай ах одоо 94 настай хүн. Хийдэд сууж байгаа.

Дундговь аймгийн Луус суманд ард түмэнтэйгээ нийлж 21 суваргатай хийдийг 2016 онд босгосон. Би өөрөө МСҮТ-ийн цахилгааны багш хийж байгаад лам болсон юм. Ер нь номоо үзээд л яваад байсан.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад баян ноён болно

Аргын тооллын аравдугаар сарын 31, Бархасбадь гариг. Билгийн тооллын 4, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:34 цагт мандан 17:36 цагт жаргана. Энэ өдөр мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавихад сайн. Урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад баян ноён болно.

Categories
мэдээ нийгэм

Хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэлээ.



Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын дарга Г.Занданшатар ИЗОУИС-ийн оюутан залуучуудтай уулзаж, илтгэл тавилаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Их засаг олон улсын их сургуульд зочилж, тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуучуудтай уулзлаа.

Уулзалтыг Их засаг олон улсын их сургуулийн ректор Н.Ням-осор нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага, түүнтэй уялдуулан Монголын боловсролын тогтолцоонд хийх өөрчлөлт шинэчлэлтийн сэдвээр илтгэл тавив.

Илтгэлийнхээ өмнө тэрбээр Монголын дээд боловсролын тогтолцооны шинэчлэлийн үйл хэргийг ямагт манлайлж, сургалтын үйл ажиллагаагаа дэлхийн жишигт нийцүүлэн, олон улсад магадлан итгэмжлэгдсэн Их засаг их сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан нийт багш, оюутнуудад баяр хүргэлээ.

Улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл бол инновац юм. 2018 оны дэлхийн инновацын барометрийн тайланг харвал улс орнуудад инновацын гол тоглогч нь жижиг, дунд үйлдвэрлэл, компаниуд байхаа больж их, дээд сургуулиуд болон түүнийг түшиглэсэн судалгааны хүрээлэн, лабораториуд болж өөрчлөгдөж байгаа тухай онцолжээ. Үүнтэй холбоотойгоор боловсролын тогтолцоонд шинэ хандлага шаардагдаж эхэллээ. Инновацыг үр ашигтай хөгжүүлж, нэвтрүүлэх гол хөдөлгөгч хүч нь болсон авьяастай, шаардлагатай ур чадварыг эзэмшсэн боловсон хүчний хомсдолд дэлхий нийтээр орох магадлалтай байна.

Дэлхий дахинд дипломыг биш, авьяас, мэдлэг, ур чадварыг илүүд үзэх хандлага давамгайлж байна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ онцоллоо. Мөн ажлын байрны төлөв байдал эрс өөрчлөгдөж хиймэл оюун ухаан, робот хүч түрэн орж ирж байгааг тэрбээр онцлов. “Бостон консалтинг” компанийн судалгаагаар 2050 он гэхэд АНУ-ын ажлын байрны 50 хувийг хиймэл оюун ухаан, робот хийж гүйцэтгэх аж.

-Ийнхүү хиймэл оюун ухаан, ухаалаг технологи эдийн засгийн бүхий л салбарт нэвтэрч эхэлснээр технологийн 4-р хувьсгал улам эрчимжиж байна. Өнөөдөр мэдлэгийг багш нь оюутанд заах аргаар биш “Багшлахаас суралцахуйд” шилжих аргазүйгээр олгодог болж өөрчлөгдөж байна.

Дэлхий нийтийн энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахын тулд их, дээд сургууль, оюутан залуучууд онцгой анхаарах шаардлагатай боллоо. Төрөөс Боловсролын тухай хуулиудыг шинэчлэх, дээд боловсролын тогтолцоог өөрчлөн, дэлхийн түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг батлан гаргахаар төлөвлөж байна. Чанартай боловсрол олгох, авьяаслаг, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар бид бусдын жишигт хүрч, хөгжил дэвшлийг бүтээх болно хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм.

Дараа нь тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн зорилго, агуулын талаар товч мэдээлэл өгч, оюутан залуучуудын асуултад хариулсан юм.

Зарим улс орон хөгжлийн замаар замнаж, иргэд нь баян чинээлэг, аз жаргалтай амьдарч байхад яагаад зарим нь ядуу дорой байдаг вэ гэдэг асуултыг тавьж, энэ нь юунаас шалтгаалж байгааг харуулсан дүрс бичлэгийг тэрбээр эхлээд үзүүлэв. Дараа нь үржил шимтэй газар нутаг, мал сүрэг, эрдэс баялгаар баян, иргэд нь оюуны өндөр чадавхитай Монгол орныг өнөөгийн “чөтгөрийн тойрог”-оос гаргахын тулд парламентын засаглалаа бэхжүүлж, засаглалын хяналт тэнцлийг зохистой болгох, байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэн бүхэнд тэгш шударга хүртээх, шүүх засаглалын шударга, хараат бус байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болж байна. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг эхлүүлсэн гэдгийг тэрбээр онцолсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл, заалтын талаар тайлбарлаж, оюутнуудын асуултад хариуллаа.

Их засаг олон улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарт Хүндэт доктор цол олгосныг тус сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш, доктор Н.Ням-Осор уулзалтын төгсгөлд гардуулж, баяр хүргэлээ. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Их засаг олон улсын их сургуулийн үйл ажиллагаа, Инновацийн төвтэй танилцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гарал үүслийн тодорхойлолтгүйгээр зэрлэг гахайн мах худалдан авсан зөрчлийг илрүүллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хонхор”-ын авто тээврийн шалган бүртгэх хяналтын цэгт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 09-07УНО улсын дугаартай, Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд тус тээврийн хэрэгслийн жолооч Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр 1 бодгаль ойн зэрлэг гахайн мах /хоёр чөмөг бүхий хуудан хаа 1 ширхэг, урт болон богино хэмжээтэй 2 ширхэг хавирга, өвчүүний бүдэрхий 1 ширхэг, жижиг нуруу 1 ширхэг, алга дарам хэмжээтэй жирээ 1 ширхэг, элэг 1 ширхэг/ -ыг худалдан авч, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүллээ. Тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

БНТУ тунхагласны 96 жилийн ойг тэмдэглэв

Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 96 жилийн ойн баярын хүлээн авалтыг тус улсын Элчин сайдын яамнаас өчигдөр буюу энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Баярын хүлээн авалтад УИХ-ын гишүүд, гадаад улсаас Монгол Улсад сугаа Элчин сайдууд, Монголд амьдарч буй турк иргэд оролцов. Дэлхийн I дайны улмаас задарсан Османы эзэнт гүрний суурин дээр Мустафа Кемал Ататурк 1923 онд БНТУ-ыг байгуулснг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал хүлээн авалтын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Өнөөгийн дэлхий дахинаа өрнөж буй үйл явдлуудаас үүдэн усл орнууд харилцан хүндлэл, эв нэгдлээ илэрхийлэх нь чухал болжээ. Учир нь, хүн төрөлхтөний бүтээн бий болгож, хадгалан хамгаалж буй бүхий л үнэт зүйлсэд терроризмыг ашиглан зорилгодоо хүрэх гэсэн хүмүүс заналхийлж байна. Туркийн Зэвсэгт хүчин Турк- Сирийн хилийг аюулгүй болгож, терроризмын заналхийлэл учруулахааргүй болгож чадлаа. АНУ-ын зэвсэгт хүчин “Исламын Улс” бүлэглэлийн тэргүүнийг устгасан тухай мэдээг бид саяхан хүлээн авлаа. “Исламын улс” бүлэглэлийн заналхийлэл, Сири дэх байлдаанаас үүдэн гэр орноосоо дайжихад хүрсэн 4 сая Сири болон Ирак дүрвэгчийг манай улс хүлээн авсан. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлууд Сири дэх байлдааныг эцэслэх арга замыг олох чухал алхам болж, дайны хөлд үрэгдсэн олон сая гэмгүй иргэдийн зовлон шаналал дуусч, гэртээ харих боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна. Бид эх дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулдаг орчин цагийн, ардчилсан, шашнаас ангид, хөгжингүй Бүгд найрамдах улсын төлөө юуг ч үл ажран зүтгэх болно” хэмээв.

Мөн тэрбээр Монгол, БНТУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энд онд тэмдэглэж буйг онцлов. Ойн хүрээнд өрнүүлсэн ажлуудаас “Турк Эйрлайнс” компани Улаанбаатар-Истанбул хооронд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэхээр тохирсон нь хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх бодит алхам болсныг дурдав. Энэ талаар Элчин сайд, “Шууд нислэгтэй болсноор монголчууд Истанбулаар дамжин дэлхийн 120 гаруй орон руу нисэх боломжтой болж буй юм. Түүнчлэн шууд нислэг хоёр орны худалдааны эргэлтэд томоохон нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа. Улаанбаатар-Истанбулын хооронд өдөр бүр шууд нислэгтэй болсон тохиолдолд “Турк Эйрлайнс” компани Монгол Улсад жилд 100 сая ам.долларын орлого оруулах боломжтой гэсэн тооцоолол бий. Эхний удаад долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх боловч Монголын тал дээрх боломжийг олж харж, давтамжийг нэмэх асуудлыг хөндөнө гэсэн хүлээлт бидэнд бий. Түүнчлэн БНТУ руу Монголын агаарын тээврийн компани нислэг үйлдэж эхлээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Монгол, БНТУ-ын хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосон 50 жилээр тогтохгүй бөгөөд олон зууны баялаг түүхтэй гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолсон. Тэрбээр, “Сүүлийн 20 жилд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, Иж бүрэн түнглэлийн хэмжээнд хүрлээ. Монгол Улс БНТУ-тай улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьдог. БНТУ-д дээд боловсрол эзэмшсэн 2000 гаруй залуус улсынхаа бүхий л салбарт амжилттай ажиллаж, хоёр орны харилцааны гүүр болж байна” хэмээсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэв.

Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж Цэцийн Их суудлын хуралдаанаас үзлээ.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгов.