Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн томоохон асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна.

Ээлжит бус хурлаар Оюутолгой төслийн талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт ба өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний эх үүсвэр сонгох, татварын асуудал зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Мөн сайжруулсан түлшний хэрэглээ, хангалт, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай цаг үеийн томоохон асуудлуудыг ярилцана гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас сурагчдын амралттай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргав

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ-аас сэрэмжлүүлэг гаргасан байна.

Тодруулбал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, цахим тоглоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох, үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэхэд эцэг, эхчүүд та бүхнийг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй нарын шүүх хурал болж байна

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүх юм. Шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Тодруулбал, А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт товлогдсон ч шүүх хуралдаанаар А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 31-ны өдрийн 08.30 цагт хийхээр товлосон юм.

Categories
мэдээ нийгэм

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт гарсан галыг 1 цаг 40 минут ажиллаж унтраажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт өчигдөр орой гал гарчээ.

Тодруулбал, үйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 19:15 цагт онцгой байдлын байгууллагаа хүлээн авч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзав

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Үйлчлүүлэгчидтэй харилцах албаны дарга Ноён Константин Лимитовскийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд барилга, хот байгуулалтын салбарын тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тухайлбал, БНХАУ болон БНСУ, олон улсын банк, санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барилга, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамнаас гадаадын эх үүсвэрээр хэрэгжүүлэх боломжтой Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 202 тогтоолоор батлагдсан “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцлээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, салбарын нийгэм, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бүхий дагуул хотын төсөл, хөтөлбөр болох “Аэросити” шинэ хот, “Майдар-эко” хотыг хөгжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцов.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүллээ

Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх “Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүлэн батламжаа гардан авав.

Categories
мэдээ нийгэм

500 жилийн настай Шури шилтгээн шатаж байна

ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэлтэй, Окинава аралд оршдог 500 жилийн настай Шури шилтгээн шатаж байна.

Өнгөрсөн шөнө орон нутгийн цагаар 2:40-д уг байгууламж шатаж байна гэх дуудлага Наха хотын онцгой байдлын газарт ирсэн байна. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар шилтгээний гол барилгад гарсан гал бусад хэсгүүдэд тархжээ. Одоогоор хүн бэртэж, гэмтсэн талаарх мэдээлэл байхгүй байна.

Рюкюгийн хаант улсын үед хамаарах Шури шилтгээнийг 500 жилийн өмнө барьсан бөгөөд 1933 онд Японы үндэсний соёлын өвд бүртгэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед нэлээд хэмжээгээр сүйдсэн уг байгууламжийг сэргээн засварлаад 1992 онд дахин нээсэн аж. Галын шалтгаан тодорхойгүй, унтраах ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа үйлдвэрлэх 14 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ-д хүргүүлээд байна.

/4 дүгээр зүйл. Үйлдвэрлэл, худалдаа,үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

4.1. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас…” /

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Зүй ёс” намын дарга Б.Насанбилэг: Эх орон, эв нэгдэл бидний гол үнэт зүйл

Улсын дээд шүүхэд хамгийн сүүлд бүртгүүсэн “Зүй ёс нам”-ын дарга Б.Насанбилэгтэй ярилцлаа. Ингэснээр манай улс төрийн 35 намтай болж байна.

-Яагаад та бүхэн шинэ нам байгуулахаар болсон юм бэ?

-Бусдын төлөө чин сэтгэл, эв нэгдэл, багийн хамтын ажиллагаа, ярих бус хийдэг, бодит шийдэл, үр дүн, алсын харааг юу юунаас илүү эрхэмлэдэг Японд сургууль төгссөн хэсэг залуус Зүй ёс намыг байгуулах санаа санаачилгыг гаргаж, үзэл баримтлал, үнэт зүйл нэг хүмүүсээр гишүүдийн хүрээгээ тэлж байгуулсан. Нам үүсгэн байгуулах анхны санаачилга, анхны уулзалтууд 2018 оны гуравдугаар сараас эхэлсэн.

есдүгээр сард байгуулагдаж, 2019 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагчдын ажлын хэсгийн анхны уулзалтыг зохион байгуулсан. 2019 оны зургадугаар сарын 8-нд Үүсгэн байгуулах Их хурлаа зохион байгуулж “Зүй ёс” намаа байгуулах албан ёсны шийдвэрийг гаргасан билээ. Энэ хугацаанд бид намын үндсэн баримт бичгүүдийг боловсруулах, гишүүдийн хүрээг тэлэх, өөрсдийн үзэл баримтлалыг таниулан сурталчлах, бусдын туршлагаас суралцах, мэдээлэл цуглуулах гэх мэт ажлуудыг олон удаа зохион байгуулсан.

Үзэл баримтлалын хувьд бид эв нэгдэл, хамтын ажиллагааг гол үнэт зүйлээ болгосон төв үзлийг сонгож авсан. Бид улс эх орон, ард түмний эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, алсын хараа бүхий зөв зүйтэй бодлогыг дэмжиж, хамтарч ажиллах болно. Харин явцуу эрх ашиг, буруу бодлогыг тууштай эсэргүүцэх болно.

-Намын нэр, бэлгэдлийг тайлбарлаж өгнө үү?

-Бид намаа “Зүй ёс” гэж нэрлэсэн. Зүй ёс гэдэг нь англиар JUSTICE гэсэн үгийн орчуулга юм.МУИС-ийн философийн тэнхимийн багш, доктор Д.Батчулуун гуай энэхүү үгийг “Зүй ёс” гэж орчуулах нь зүйтэй гэж үзэж, энэ ухагдахуун нь дотроо хүн ёс, хууль ёс, шударга ёс, ёс суртахуун зэрэг ойлголтуудыг агуулсан өргөн утга, гүнзгий агуулга бүхий ойлголт гэж тайлбарласан байдаг. Энэ нь бидний үзэл баримтлал, үнэт зүйлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаджээ гэж үзэж намын нэрээр сонгон авсан. Тус намын бэлгэдлийг харвал голд нь буй “Зүй ёс”-ыг илэрхийлсэн арга билгийн дугуйг “Хууль ёс”, “Хүн ёс” “Шударга ёс”-ыг бэлгэдсэн нэгэн гэр бүлийн гурван хүн тулгын гурван чулуу мэт хүрээлж, хамгаалсан байгаа. Намын далбааны хувьд Монголын хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр дэвсгэр дээр сүү шиг цагаан сэтгэлийг бэлгэдсэн цагаан дэвсгэр бүхий цагийн хүрдний голд бэлгэдлээ байршуулсан байгаа.

-“Зүй ёс” намын зорилго юу вэ?

-Монгол Улс соёл урлагийн асар их өвтэй, өвөрмөц уламжлал зан заншилтай, бахархмаар түүхтэй. Монгол хүн цайлган цагаан, тусч сайхан сэтгэлтэй. Монгол орон өргөн уудам газар нутагтай, хангай говь хосолсон дөрвөн улирал бүхий, дэлхийд хаана ч үгүй нүүдлийн мал аж ахуй бүхий гайхамшигтай сайхан орон. Энэ сайхан эх орноо, ард түмнээ хамтдаа хайрлаж, хөгжүүлэх нь бидний үүрэг.

Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн замыг сонгон авснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улс зөв замаа сонгон авсныг харуулсан ололт амжилт олныг дурдаж болох юм. Гэсэн хэдий ч баялгийн хуваарилалт шударга бус явагдаж, баян хоосны ялгаа, ажилгүйдэл болоод ядуурал нэмэгдэж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, худал хуурмаг, шударга бус байдал газар авч, хүүхэд залуучуудын болон нийгмийн ёс суртахуун доройтож, байгаль орчны бохирдол, авлига хээл хахууль газар аваад байгааг олон хүн хэлж ярьж байгаа. Эдгээр сөрөг үзэгдлүүдээс болж иргэд, ялангуяа залуучуудын сэтгэл санаа хямарч, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, эх орондоо хүсэл мөрөөдөлтэй, ажилтай орлоготой амьдрах боломжгүй болоод байна. Зарим төрийн түшээдэд улс орноо гэх чин сэтгэл, ёс суртахуун дутаж, хууль ёс завхарч, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал эрх мэдлээ булаалдаж, ард түмэн явцуу бүлэглэлийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх тэмцлийн хөлд үрэгдэж байна. Бүлэглэлийн гарт эргэлт буцалтгүй орсон эрх баригчид, улстөрчдөөс гарах гарц, бодит шийдлийг хүлээсээр ард нийтээрээ залхаж, улс төр сонирхох ч дургүй болжээ. Гэтэл энэ хооронд Монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучууд эх орондоо амьдарч, шударгаар хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэсэн итгэл үнэмшлээ алдан гадаадад олноороо дүрвэж, эх орон эзгүйрсээр, доройтсоор байна. Дүрэм журмаар оршин тогтнох ёстой нийгмийн гишүүд нь шат шатандаа дүрэм журмаа үл ойшоох болж, нийгмийн эмх замбараагүй байдал, шударга бус, зүй ёсгүй байдал газар авсан.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт социалист тогтолцооноос хөрөнгөтний буюу ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн явцад бидний бий болгосон шинэ тогтолцоо нь учир дутагдалтай байснаас тогтолцооны хямрал үүсч, ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэхдээ гажуудуулж намын болон төр, засгийн эрх мэдэл бүлэглэлүүдийн гарт орсноос бүх зовлон бэрхшээл үүсэн гарч байна.

Иймд “Зүй ёс нам”-ын хувьд ардчиллын гол тулгуур чулууны нэг болох “зүй ёс” буюу шударга ёс, хууль ёс, хүн ёсыг түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ тэгш боломжтой, зүй ёстой, зөв сайхан нийгэм үлдээхийг зорьж ажиллах болно. Үүний тулд суурь боловсрол буюу “хувь хүний зөв төлөвшил”-д тэргүүлэх ач холбогдол өгөх болно. Энэ ажлыг нэгэнт бүлэглэлийн гарт орж, бохирдсон, эргэж цэвэрших авралгүй болсон, харилцан барьцаалагдсан улс төрийн хуучинсаг хүчнийг өөрчлөх замаар хийхээс илүүтэйгээр улс төрийн цоо шинэ нам байгуулж бүр цоо шинээр эхнээс нь зөв, зүйтэйгээр, цэвэр, цэгцтэйгээр, нягт нямбайгаар хийх нь зөв гэж үзсэн юм.

-Таны ярианаас “Зүй ёс нам”-ыг байгуулах санаачилга Японд сургууль төгсөгчдөөс гарчээ. Та бас өөрөө Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн тэргүүн юм байна. Ер нь Японд сургууль төгсөгчдийн онцлог, тэдний үнэт зүйл гэвэл та юу хэлэх вэ?

-Тус намын үүсгэн байгуулагч болох 30-40 хүн нь Япон улсад их, дээд сургууль төгссөн хүмүүс. Японы их, дээд сургуульд монгол хүн анх суралцсан түүх нь социализмын үед буцалтгүй тусламжаар ямааны ноолуур, тэмээний ноосны “Говь” комбинат баригдсан түүхтэй холбоотой. “Говь” комбинат баригдаж дуусах шатанд хоёр орны Засгийн газрын яриа хэлэлцээний дагуу инженер техникийн ажилтан бэлтгэхээр болж, 1980 оноос эхлэн жил бүр хоёр хүн Япон улсын их дээд сургуульд суралцуулахаар болсон байдаг. Хамгийн эхний оюутан нь Япон улсад сууж байсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, уул уурхайн сайд асан Р.Жигжид, Худалдаа аж үйлдвэрийн яам болон Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд олон жил ажиллаж, Дорноговь аймгийн Засаг даргын албыг хашиж байсан П.Ганхуяг нар юм.

1990-ээд оноос Монголд болсон ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийг дэмжин Япон улсын Засгийн газраас Японд суралцах монгол оюутны тоог 4, 8, 16 зэргээр нэмсээр өнөөдөр Японы Засгийн газрын тэтгэлэг болон хувийн зардлаар жилдээ 400-500 хүн суралцахаар явдаг болж, өнөөдрийн байдлаар нийтдээ 3000 гаруй хүн суралцаж байгаа тооцоо гарч байна.

Японд суралцагсад ер нь итгэл даах чадвартай, худлаа ярьдаггүй, улаан гэрлээр ч гардаггүй үнэнч шударга, цаг барьдаг, нягт нямбай, хууль дүрэм, сахилга бат, дэг журмыг дээдэлдэг, ах захаа хүндэлдэг, бусдыг хүндэтгэж, бусдад саад бэрхшээл учруулахгүйгээр эрхэлсэн ажлаа тууштай сайн хийдэг, төлөв даруу, салбарын сайн мэргэжилтэн байхыг зорих чанарт суралцсан байдаг.

Японд сургууль төгсөгчид 1995 онд Японд сургууль төгсөгчдийн“ЖУГАМО” хэмээх нийгэмлэгийг байгуулж, нэгд, нэгэн үнэт зүйлтэйн хувьд Японд төгсөгчдийн хоорондын хэлхээ холбоог сайжруулах, хоёрдугаарт, Монгол-Японы найрамдалт харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах, гуравдугаарт, тэргүүний дэвшилтэт технологи, хотын соёл, ёс зүйд суралцсаны хувьд сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн гурван гол зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг.

Нийгэмлэгийн ажлын хүрээнд эрхэлдэг ажил мэргэжил, хувийн сонирхол хоббигоор ангилсан төрөл бүрийн дугуйлан клуб ажиллаж ирсэний нэг нь нийгмийн муу муухай, алдаа дутагдлыг засаж залруулах чиглэлээр ажиллаж байсан “Кайзэн” буюу “Засаж залруулах, сайжруулах” хэмээх дугуйлан юм. Уг дугуйлангийн хүрээнд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, энэ тал дээр Япон улсын тэргүүн туршлага юу байгааг хэлэлцдэг байв. Яваандаа нийгэмд тулгараад байгаа энэ бүх муу муухайг засаж залруулахад иргэдийн нийгмийн оролцоо, улс төрийн идэвх чухал үүрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Ийнхүү улс төрд оролцох зориг эрмэлзэл бүхий төгсөгч залуучууд нэгдэн нам байгуулах тухай ярилцдаг болсон нь “Зүй ёс нам”–ын үүсэх эхлэл байжээ гэж үзэж болно.

Энд зориуд хэлэхэд нийгмийн идэвхтэй байж, хувь хүний үзэл баримтлалынхаа дагуу аль ч намд элсэн орж, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг “ЖУГАМО” нийгэмлэг нээлттэй дэмжиж ирсэн байдаг. Жишээ нь, эрх барьж ирсэн хоёр том намд ч Японд сургууль төгсөгчид байсан бөгөөд Засгийн газарт болон парламентад орж ажилласан боловсролын сайд асан Т.Гантөмөр, уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Р.Жигжид, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болох Ц.Байгалмаа, М.Тулгат нарын улстөрчдийг нэрлэж болно .

-Улс төрийн үзэл баримтлалаа тайлбарлана уу. Төв үзэл гэж юу вэ?

-Бид намынхаа үзэл баримтлалын талаар олон удаа хэлэлцэж, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, ном сонин уншиж судалсан. “Зүй ёс нам” нь салбар бүрт зүй Ёсыг тогтоож, дэлгэрүүлэхийн төлөө байх бөгөөд зүүн баруун гэж туйлшрах бус аливаа асуудлын голыг олох, асуудалд прагматик, реалист хандлагаар ханддаг, эв нэгдэл зөвшилцлийг эрхэмлэдэг, нийгмийн ардчилал, нийгмийн эрх чөлөөний төв үзэл баримтлал бүхий бүхий улс төрийн нам байх болно.

Зүй ёс Нам” нь “Хууль ёс”, “Шударга ёс”, “Хүн ёс”, “Ёс зүй”, “Тэгш боломж”-ийн төлөө, “Зүй ёсыг дэлгэрүүлэхийн” төлөө тэмцэж, ”Эрх чөлөө-Тэгш боломж, Эрх зүйт төр-Шударга ёс, Эрдэм боловсрол-Эв нэгдлийг эрхэмлэх замаар Монгол Улсад зүй ёсыг дэлгэрүүлнэ. Монгол Улс урт удаан хугацаанд тогтвортой, бие дааж хөгжих, оршин тогтнох чадвар бүхий улс байхыг зорино. Ард иргэдээ аз жаргалтай, чинээлэг амьдруулах бодит шийдэл нь энэ гэдэгт бид итгэдэг.

Нэг үзэл суртал бүхий тоталитар дэглэмээс уламжлагдсан олон ургалч үзлийг үл тэвчих, бусдад өөрийн бодлоо тулгадаг, аливаа асуудал маргааныг сэтгэл хөөрөл, хүчээр шийдэх гэдэг, эсрэг үзэл бодолтой хүнээ үзэн ядаж, харлуулах, зөвшилцөж чадахгүй болонгуутаа өлсгөлөн, жагсаал цуглаан зохион байгуулж, буу шийдэмдээ хүрдэг хэт туйлшрамтгай хандлага одоо ч оршсоор байна. Аливаад хүлээцтэй ханддаг, бие биенээ хүндэтгэдэг, эв эеийг эрхэмлэдэг, зөвшилцөж чаддаг улс төрийн соёл Монгол оронд ус агаар мэт чухал байна гэж үзсэн учир бид төв үзлийг сонгож авсан болно.

-Намын дарга Та өөрийгөө танилцуулна уу?

-Би 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний аав Ц.Батбаяр, Төв аймгийн Мөнгөнморьтод төрсөн хүн. Миний ээж А.Бүтэд мөн Төв аймгийн Баяндэлгэрт төрсөн, Монгол Улсын гавьяат жүжигчин хүн. Гэр бүлийн хувьд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Би 1993 онд нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд 1993-1995 онуудад Бээжин хотын Гадаад хэлний их сургуульд хятад хэл сурсан. Дараа нь 1995- 1998 онуудад МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байгаад дундаас нь Япон улсыг зорьж 2003 онд Япон Улсын Ёкохама хотын Их сургуулийг олон улсын харилцаа, олон улсын улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Улмаар 2005 онд Япон Улсын Хитоцубаши их сургуульд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын хувьд 2005- 2008 онуудад Японы үндэстэн дамнасан Сожицу корпорацийн судалгааны хүрээлэнд судлаачаар орж ажилласан бөгөөд, 2008 онд гэр бүлийн хамт эх орондоо эргэж ирэн, 2008- 2012 онуудад Сожицу корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал, 2012 оноос хойш уг төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байна.

Японд сурч байх хугацаандаа Япон дахь Монгол оюутны холбоо буюу ЯМОХ-ын гишүүн, тэргүүнээр ажиллаж, бусадтайгаа хамт Монгол Улсаа сурталчлах, монгол оюутнуудынхаа холбоо харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байсан. 2008 онд эх орондоо эргэн ирж ажиллахын хажуугаар Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 2016 оноос хойш ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж байгаа билээ.

Танай намын гишүүнчлэлийн бодлого?

-Бид нам бүртгүүлэх шатанд 1500 гаруй гишүүн элсүүлсэн. Цаашдаа гишүүний тоо хөөхгүй, дэмжигчдэд тулгуурласан, бодлогын нам байх юм. Манай намын гишүүдийн эрхэмлэвэл зохих арван зүйл нь Нэг. Зүй ёс, Хоёр. Хууль ёс, Гурав. Нийтийн эрх ашиг, Дөрөв. Сахилга бат, дэг журам, Тав. Итгэл, Зургаа. Сэтгэл, Долоо. Зүтгэл, Найм. Эрдэм мэдлэг, Ес.Чадвар, Арав. Эв нэгдэл болно. Эдгээрийг эрхэмлэж, үүрэг хариуцлагыг хамтдаа хүлээж, багаар ажиллах чадвартай, намын бодлого, мөрийн хөтөлбөр, дүрэм журмыг хүлээн зөвшөөрсөн, өөр намын харьяалалгүй, 18-аас дээш насны Монгол Улсын иргэн бидэнтэй сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх асуудал бол нээлттэй.

-Цаашдын төлөвлөгөө?

-Юуны өмнө бид Зүй Ёс намаа Монголын ард түмэнд урт удаан хугацаанд үр өгөөжөө өгч, тогтвортой оршин тогтнож чадах улс төрийн зөв соёл бүхийн нам болгож төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах болно.

Мөн улс төрийн намын хувьд тэргүүлэх зорилт нь 2020 оны сонгуульд бэлдэж оролцох болно. Үүний тулд хүний нөөц, санхүүжилт, сонгуулийн мөрийн хөтөлбөр бэлдэх гэх мэтийн ажлуудыг хийх болно. Мөн өөрсдийн үзэл баримтлалаа олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж ард түмэнд таниулах ажил зохион байгуулах болно.

-Танай нам шинэ тулгар, хөрөнгө мөнгөгүйгээр хэрхэн сонгуульд оролцох вэ. Санхүүжилт яаж босгох вэ?

-Бид намын гишүүдийн татвар, хувь хүн аж ахуйн нэгжүүдийн хандив дэмжлэгээр санхүүжих болно. Бидний хувьд нийгмийн сүлжээг сайтар ашиглан сурталчилгаа хийж, бага зардлаар сонгуульд оролцох, намын үйл ажиллагаагаа аль болох зардал багатай байлгах бодолтой байна.

-Бусад намтай эвсэх тал дээр…

-Яваандаа үзэл баримтлал, үнэт зүйл нэг бусад улс төрийн намтай эвсэх, нэгдэх асуудал байхыг үгүйсгэхгүй.

-Нийгмийг эерэгээр өөрчлөхөд хэр их хугацаа хэрэгтэй вэ?

-Юуны өмнө Монголд ардчиллыг гажуудуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнд онош тавьж, хэрхэн засаж залруулах эмчилгээний жор боловсруулахаас эхлэх ёстой. Жишээлбэл, саяхан МУИС-ийн Улс төрийн сургуулиас энэ сэдвээр зохион байгуулсан бага хуралд оролцсон “Тоталитор дэглэмээс гажуудсан ардчилал руу” номын зохиолч Чехийн алдарт улс төр судлаач М.Клима нэгэнт гажуудсан ардчиллыг засаж залруулах, хулгайч, шимигчдээс салахын тулд хүний амьдралын нэг цикл буюу 40-60 жил хэрэгтэй хэмээсэн. Тэрбээр “Тогтолцооны шинэчлэл, институцуудын төгөлдөршил, мэргэжил, мэдлэг бүхий залуу үеийн улс төрийн идэвх, хүчтэй идэвхтэй иргэний нийгэм,шүүх засаглалын бие даасан, ил тод байдал, эрх барьж буй улстөрчдийн иргэний зориг” зэргийг гол жор хэмээсэн.

Монгол орны хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай, нэр цэвэр, ёс суртахуунтай, юм үзэж нүд тайлсан залуу үеийн төлөөллийг олноор оруулж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан ажиллах боломжийг нь нээж өгч чадвал нийгмийн эерэг өөрчлөлтийг богино хугацаанд хийх бүрэн боломжтой гэдэгт эргэлзэхгүй байна. Зүй Ёс дэлгэртүгэй.

Б.АМАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хураасан зөөснөө аваад “буцаж” болдог

-БУРХНЫ ШАШИН ХҮНИЙ СЭТГЭЛД ЗОРИУЛАГДСАН БОЛОХООР ТЭНД ЗӨВХӨН ЧИНИЙ ОЮУН САНААНЫ ГАЗАР ЗҮЙ Л ДУРДАГДАХ БИЛЭЭ-

Чиний нүглийг би угаахгүй

Бурхан багш

НЭГ.

Би ингэж сонссон юм. Тээр жил дээрхийн гэгээн Далай ламтан Нисэхийн спортын цогцолборт ном айлдсан билээ. Тэрээр, ертөнцийн тогтоцын тухай ламын шашны эртний ном сударт гардаг төсөөллийг сөхөн яриад, дараахь тайлбарыг хийж билээ. “…Ертөнцийн төв Сүмбэр уулыг тойрон дөрвөн далай оршдог хэмээх төсөөллийг сонссон байх аа. Орчин цагийн хүмүүс бид тив алгасан нисэж явахдаа, ийм тогтоц олж хардаггүй нь Буддын шашныг буруутгах шалтгаан биш юм аа. Учир нь Буддизм нь материаллаг ертөнцийг судлахад бус харин хүний сэтгэл оюунд зориулагдсан номлол сургаал юм аа…” гээд Бурхны бүхий л сургаал, загварчлал зөвхөн хүний сэтгэл оюунд зориулагдсан тухай номлосон билээ.

(Дашрамд дурдахад дэлхий ертөнцийн үүсэл гарал ба тогтоцын тухайд шашин бүхэн өөр өөрийнхөө төсөөллийг сүсэгтнүүддээ үлдээсэн байдаг нь хүмүүс өөрийн хүрэлцэн мэдэрдэг бодит ертөнцийн талаар ямар нэг төсөөллийг нэхэж байсантай холбоотой болов уу)

Буддизм хүний сэтгэл оюунд зориулсан дасгал, бодлого, ухааран ойлгохын хэрээр гэгээрэн хөгжих хөтөлбөр учраас ёгт утга, тайллаар дүүрэн.Ганц ном уншаад, гагцхүү Бурхан байдагт итгээд л хамаг юм болчихгүй. Тухайн шатанд хүрээгүй сүсэгтний нүдээр харахад тоогүй олон үл мэдэгдэгчтэй тэгшитгэл шиг санагдах нь буй.

Тэр ч байтугай, миний сургаал номлолд мухар сохроор итгэж болохгүй, түүний оронд эргэлзээгээр шалган, яг л алтан эдлэлийн хуурамч эсэхийг зүйл бүрээр тэнсдэг шиг тунгаах ёстой гэж хамгийн түрүүнд сануулжээ. Түүгээр ч барахгүй, “чиний урьд өмнийн нүгэл хилэнцийг би угаахгүй” гэдгээ хэлсэн байна.

Олж харваас орчлон үнэхээр л сүмбэр уул төвтэй дөрвөн их далайн дунд оршино. Хүн бол сэтгэлийн амьтан. Хүн хэмээх оюун сэтгэлтний оршихуйн Сүмбэр уул нь төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэсэн дөрвөн далайн дунд оршдог гэдгийг боддог болтлоо бид “Сүмбэр уул гэж Хималайг хэлсэн юм болов уу,тэр үеийнхэн Умард мөсөн далай ба Атлант, Номхон, Энэтхэгийн далайг заасан нь тэр болов уу” хэмээн эргэлзэх болно.

Бурхны шашин хүний сэтгэлд зориулагдсан болохоор тэнд зөвхөн чиний оюун санааны газар зүй л дурдагдах билээ.

ХОЁР.

Бурханд итгэсэн төдийгөөр Буддист болдоггүй юм бол, гэм алдсыг минь цайруулан адислаад ивээлдээ авдаггүй юм бол Бурхны шашны хэрэг нь юундаа байна гэсэн асуулт гарна.

Бидний хувь тавилан зөвхөн үйлийн үрдээ л захирагддаг.

“Өөрийн хийсэн үйлийн үрийг

Алгасах юм шиг горьдох хэрэггүй

Өрөөл бусдын үйлийн үрийг

Амсах юм шиг дагжих хэрэггүй”

Тийм учраас “үйлийн үр”-д итгэдэг бол Буддист болох тухай “Бодь мөрийн зэрэг” сударт айлджээ.

Будда хүн төрөлхтнийг “аврагч ба авруулагч “болгон ангилаагүй. Хамаг амьтныг авраад өөрөө захиран сууж жаргуулна гэж амлаагүй.

Харин тэрээр хүн төрөлхтнийг бүгдээрээ “нойрсож буй Будда нар” гэж хэлсэн юм. Харин тэр өөрөө биднээс түрүүлж сэрсэн аж. (Будда гэдэг нойроос сэрсэн гэсэн утгатай самгарьди үг гэх бөгөөд слав хэлэнд тэр чигээрээ орсон нь манайхны мэдэх “Будить, будильник” хэмээх “сэрэх, сэрүүлэг” гэсэн утгатай орос үгийн үндэс болно)

Тэгээд Бурхан Будда хүн төрөлхтнийг “нойрсож буй Будда нараа, сэрцгээ” хэмээн ном сургаалаа айлджээ. Тэрээр та нарын нүглийг би ариутгаж авахгүй ч гэсэн араасаа дагуулан явж, өөрийн замналаар Будда болоход чинь тусална хэмээн амласан бөлгөө.

Хүн төрөлхтөн үйлийн үрийг таниснаар зовлонгийн үрийг устгаж, жаргалын үрийг цацсаар улам ариусан гэгээрнэ. Хүсэл бүхэн биелдэг диваажинд төрөхийн оронд хүсэх шунахаас ангижирсан гэгээрэлд хүрэх болно. Тэнд Будда бидний захирагч, жанжин болоод бид үгнээс нь гаралгүй жаргах юм биш, харин цөмөөрөө түүний зиндааны гэгээрэгч бурхад болоод хамаг амьтныг авралцах болно.

Дорнын зарим орнуудад нойрсож буй Бурхан багшийн баримал шүтээн их байдаг. Энэ нь нэгэнт гэгээрсэн Буддагийн тухайд гэхээсээ илүү, мунхагийн нойрноосоо сэрж амжаагүй Будда нар буюу хүн төрөлхтний бэлгэдэл болон харагддаг бүлгээ.

ГУРАВ.

Хүсэл мөрөөдөл бол бясалгал. Хүнийг бурханд ойртуулдаг алхам ч хүсэл мөрөөдөл. юу бясалгасан нь чухал болохоос хэнд гэж бясалгасан нь сонин биш.Бусдад хүссэн болгон чинь чам дээр биелж ирнэм. Харин өөртөө хүссэн болгон чинь өрөөл бусдад биелж очно. Тийм учраас Бурхны шашинтны алив залбирал “Надад…” гэж эхэлдэггүй, харин “эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тул…” хэмээх зориулга ерөөлийн оршилтой байдаг. иймээс та “Тэр тэгээсэй”, “Энэ ингээсэй”, “тэрэнд гай тохиолдоосой”, “энэ үхээсэй” гэж бодож байгаа бол өөртөө л тэр бүхнийг захиалж байгаа гэсэн үг.

Эмээ бид хоёр адилхан адармаатай үгтэй хоёр байж, бие биенээ их цаашлуулдагсан. Тэр маань “Хөгшин ээж нь хүүгийнхээ төлөө, олон амьтны үр хүүхэд сайн сайхан яваасай гээд л залбирч суудаг” гээд л ярих. Эмээгээ “Ээ, та одоо тэр сайхан залбирлаа ингэж тарамдуулах ямар хэрэг байна аа. Наад залбирал чинь олон хуваагдаад надад жоохоон юм л ногдоно ш дээ” гээд явуулдагдсан. Хөөрхий, юм хэлэхийн оронд нүдээ аниад л залбирах. Бодвоос, ухаан муутай жулдрай надад үүнийг ойлгох боломж олгохыг нь гуйн залбирсан байх аа.

Дусал ус далайд унаваас далай ширгэх хүртэл орших хутгийг олдог шиг, хэн нэгэнд зориулсан залбирал хамаг амьтны төлөөх гэсэн мөргөлийн далайд нийлэхээрээ хамаг амьтан байгаа цагт орших болно. Тийм болохоор “олон амьтны үр хүүхэд” оршсоор байгаа цагт эмээгийн минь залбирал байсаар л байх болно.

…Ертөнц нэг талаасаа гайхамшигтай, нөгөө талаасаа гайхам юм ер үгүй. Гайхамшигтай гэдэг гайхамшиг байдагт орших. Харин гайхам юмгүй гэдэг нь тэр бүхэн маш энгийн байдагт л орших.

Бурхан багшийн их дүйцэн өдрөөр хүмүүс мацаг барьж, цагаан хоол идэж, амны билгийг эрхэмлэн байгааг магтууштай. Гэхдээ маргаашаас нь мах идээд, хар санаагаа сэрээгээд явбал “нэг алхам урагш, гурван зуун жаран дөрвөн алхам арагш” гэмээр явдал болно.

Иймээс биеийг цагаан хоолоор аргалахаас гадна, сэтгэлийг цагаан хоолоор тэжээгтүн гэж. Хүн бол махан тэжээлтэн, өвсөн хоолтон гэхээсээ илүү бодол санааны хоолтон, сэтгэлийн амьтан. Учир иймээс, ариун цагаан бодолтой оюун санааны өдрүүдийг бүтээгтүн. Оюун санааны мацаг тэр билээ.

Сэтгэл оюунаа муу бодлоор тэжээн тэжээсээр байвал тархи толгой чинь муу бодлоор хооллодог араатан болон хувирна. Санаандгүй бяцхан гомдол, үндэсгүй гэхийн аргагүй жоохон бухимдал л сэтгэл санааны ариун хөрсөнд хорслын үрийг цацаад эхэлдэг хэмээнэ.өчүүхэн жоохон гэлтгүй гомдол, хорслыг ариун бодлоор хоргүйжүүлж, ариуслын цэнгэг агаарыг дотоод ертөнц рүүгээ юүлэхгүй л бол тэнд хүлэмжийн орчин үүсээд муу муухайгийн тариалан дорхноо цэцэглэдэг.

Түүнийг тэжээхийн тулд чи муу муухай санааг завсар зайгүй тариалах хэрэг гарна. Хорон санаанд махссан тархи улам л их идэш нэхэж, тэр хэрээр чи муу муухайгаас өөр бодох юмгүй болно. Сэтгэл санаа чинь хогийн ургамалд идэгдсэн бууц шиг болоод эрүүл өвс, цэцэг ургах зайгүй болдог. үүнийг орчин үеийн хүмүүс “стресс”, “депресс” гэхлэнгээр нэрлэж уудаг эмээр анагаахыг оролдож байна.

Үнэн хэрэгтээ уудаг эмээр биш “боддог эм”-ээр л түүнийг анагаана. Учир нь тэр өвчнийг бид бодож олдог, иймээс сайн бодол ууж л эмчилнэ гэсэн үг.

ДӨРӨВ.

Өмч хөрөнгийг буруушаах, өмч хөрөнгөнд шунахыг буруушаах хоёр ондоо. Хэрвээ олох, хураахыг эрхэм болгоод шунал нь хэтэрвээс нүгэл хилэнцийн уурхай болно.

Хамаг амьтныг дутах гачигдах, өлсөж цангахын аюулаас аврахын төлөөнөө хийсэн сайн үйлийн үрээр хөрөнгө чинээтэй болж төрдөг хэмээн сургадаг. Харин ч хүн өлөн зэлмүүр, дутуу гуцуу амьдарч байвал гол зогоох хоол болон өмсөх зүүхдээ санаа зовсоор байгаад “хамаг амьтныг аврах, гэгээрэх” тухай бодох зав гарахгүй тухай бас сургадаг.

Гэтэл хувийн өмчгүй, коммунист дэглэмд гурван үеэрээ амьдарсан монголчууд марксизмаас авсан үзлээрээ шашнаа ойлгож “баян хүн бол нүгэлтэн” гэж ухаарах нь олонтаа. үнэндээ бол, шашин өөрөө өглөгийн эздийн хандив дээр тогтдог. өлссөнд өгөх хоол, даарсанд нөмөргөх дээл, тэнэмэлийг хонуулах оромжтой байж л өглөг буяныг үйлдэнэ биз дээ.

Хүмүүн бээр биеийг олж төрсөн сэтгэлийн амьтан учраас сүнсээ орогнуулах цогцсоо орхиод явна гэдэг ч үнэн. Биеийг үүрд эзэмшихгүй байтал өмч хөрөнгийг хэлэх юун. Аль алин нь энэ хорвоогийн юм, харин бид сэтгэл хэмээх өөр ертөнцийнх.

“ЭНЭ БИЕИЙГ ЗЭЭЛИЙН БАЙШИНШИГ САНА”

Зарим хүн үүнийг “хүний юманд хүйтэн ханд” гэсэн утгаар тайлбарладаг. Гэтэл бид гэгээрэлд хүрэн хүртлээ сансар хорвоогоос “бие” зээлдсээр байх болно. Банк найдвартай зээлдэгчид дахин зээл олгож, түрээслүүлэгчид гамтай хэрэглэгчид үйлчлэхдээ дуртай байдаг. Тийм болохоор энэ биеийг гамтай эдэлж, хүний юмыг өөрийн сэтгэлээр эзэмших үүрэгтэй. Яруу тансаг хорвоод бие зээлдэн амьдарсныхаа хувьд түүнийг сайхнаар нь байлгаж, бас өөрийгөө түүний үзэсгэлэнт эевэргүү чимэг болгон амьдрах үүрэгтэй билээ, бид.

Хөрөнгө чинээтэй нэгнээ “Үхэхдээ аваад явахгүйгээс хойш” хэмээн зэмлэдэг. Үнэхээр үхэхдээ орхих баялгийг хураах нь тэнэг, бас үхэн үхтлээ хэрэг болох зүйлээс татгалзах нь ч тэнэг.

Үнэн хэрэгтээ, энэ төрөлдөө хураасан буянаа аваад явж болдог юм. Хөрөнгө чинээ, чадал тамиртаа дулдуйдан үйлдсэн сайн үйлс, өглөг буяны үр боловсроод хожим хойтын төрөлд боловсрон үрждэг нь хөрөнгөө аваад одож байгаагаас юуны өөр билээ.

Бид гадаадад явахдаа төгрөгөө доллар, юань гэхчлэн очих орныхоо валютаар солиулаад явдаг. Яг түүн шиг бид хураасан хөрөнгө, хадгалсан мөнгө, хүрсэн эрх мэдлээ “буян” хэмээх хойд төрлийн валютанд хөрвүүлэн аваад явж болдог…

Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаантай үүрд хамт байх болтугай!

…Тийм ээ. Хамаг амьтан байгаа цагт энэ ерөөл оршсоор байх болно.

2018.05.30