Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Цэвэлмаа: Дэлхийн миссийн тэмцээн бол маш том багийн ажил


2019 оны “Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагч М.Цэвэлмаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд Үндэсний ялагч болж, Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцохоор болсонд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Ярилцах саналыг талархан хүлээж авснаа илэрхийлье.

-Та хаана төрсөн бэ. Аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ Өвөрхангай аймагт өссөн. Учир нь аав, ээж маань Өвөрхангай аймгийн уугуул хүмүүс. Зуны амралтаа хөдөө эмээ дээрээ өнгөрөөдөг байсан.

-Загварын тайзнаа анх хэдэн настайдаа хөл тавьж байсан бэ?

-Анх 2012 онд “Торго” загварын агентлагийг төгссөн. Гэхдээ би эмчийн мэргэжил сонгоод АШУҮИС-д суралцаж байсан учир тэмцээн уралдаанд орох зав төдийлөн гардаггүй байсан. 2018 онд “Монголын сайхан бүсгүй” гоо сайхны тэргүүн наадамд оролцож, дэд байр, Хүмүүнлэг миссээр тодорсон юм.

-Таны биеийн өндөр, жинг сонирхож болох уу?

-Биеийн өндөр 174 см, жин 54 кг.

-“Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлнө гэдэг бол маш том хариуцлага, нөгөө талдаа маш их нэр хүндийн асуудал байдаг. Үндэсний ялагч болох агшинд танд юу бодогдсон бэ?

-Тэгэлгүй яах вэ. Үндэсний ялагчийн титмээ хүлээн авахад намайг их том хариуцлага, үүрэг даалгавар хүлээж байгааг илүү ухамсарлаж, илүү их хичээх ёстойгоо ойлгосон.

-Та АШУҮИС-ийг ямар мэргэжлээр төгссөн бэ. Одоо хаана ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн хавар АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн, одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр ажилладаг.

-Таныг нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийдэг гэж дууллаа. “Маа” сангийнхаа тухай ярихгүй юу?

-Би хоёрдугаар курст байхдаа буюу 2014 оноос хүмүүнлэгийн ажлыг өөрийнхөө хэмжээнд хийж эхэлсэн. Тухайлбал, арван жилийн сургуулиудад очин, сурагчдад сургалт, зөвлөгөө өгөх, ариун цэврийн булан байгуулах, өрхийн эмнэлгүүдэд иргэдэд зориулсан мэдээллийн самбар хийх зэргээр оюутан хүнийхээ хэр хэмжээндээ л хийж болох зүйлсийг санаачлан хэрэгжүүлдэг байсан.

2018 оноос ашгийн бус хүмүүнлэгийн “Маа” санг үүсгэн байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах, бүх нийтийн цэвэрлэгээнд хамрагдах, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдад шаардлагатай эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх зэрэг олныг хамарсан ажлуудыг зохион байгуулсаар байна.

-Үндэсний ялагч болоход таны ямар чанар танд тус болсон гэж бодож байна. Ялагч болохын тулд олон жилийн өмнөөс бэлтгэсэн байх?

-Үндэсний ялагч болоход өмнө нь хийж байсан хүмүүнлэгийн ажлууд болом цаашдын зорилгоо тодорхойлсон байдал минь нөлөөлсөн. Мөн зорьсон зорилгодоо тууштай зан чанар маань бас нэг давуу тал болсон байх.

-Мисс болох нь охид болгоны багадаа мөрөөддөг мөрөөдөл шүү дээ. Та ч бас тэгж мөрөөддөг байсан байх. Мисс болчихоод титэм, туузаа харах ямар байдаг вэ?

-Би өөрийн мөрөөдлөө дотроо их төсөөлж боддог. Тэр төсөөллийн маань нэг хэсэг бодит болоход үнэхээр сайхан байсан. Тухайн цаг мөчид улам их хичээх ёстой гэдгээ илүү ойлгосон.

-Таны гадаад хэлний мэдлэгийг сонирхож болох уу?

-Би аравдугаар анги хүртлээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийн орос хэлний ангид суралцсан. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

-Үндэсний ялагч болоод л маргааш өглөөнөөс нь эхэлж Дэлхийн миссийн тэмцээндээ бэлтгэсэн байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яах вэ. Би Дэлхийн миссийн тэмцээнийг маш том багийн ажил гэж харж байгаа. Тиймээс багаа сайн бүрдүүлээд, тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж эхлээд байна.

-Дэлхийн миссийн тэмцээний бэлтгэл хэр явж байна вэ?

-Бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Эмч мэргэжлийн онцлог нь үргэлж хүмүүнлэгийн үйлс хийж бусдын сайн сайхны төлөө байдагт оршдог. Т иймээс хүмүүнлэгийн ажилдаа ихээхэн анхаарч байна.

Мөн уран бүтээлийн арвин туршлагатай “АСЕ” студитэй хамтран танилцуулга видеоны зураг авалтаа эхлээд байна.

-Мисс М.Цэвэлмаагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Гоо сайхандаа баримталдаг гол зарчим тань юу вэ?

-Үндэсний ялагч болохын өмнө анагаахын оюутан учир нэг эмнэлгээс нөгөө эмнэлгийн хооронд миний өдөр өнгөрдөг байсан. Одоо бол Монгол Улсаа төлөөлөн явах учир өөрийгөө бүх талаас нь илүү хөгжүүлэх зүйлсэд анхааран, маш шахуу хуваарийн дагуу ажиллаж, амьдарч байна.

Спортын хувьд, би гурван жил иог, бясалгалаар хичээллэж байна. Мөн cross fit, spinning-ээр хичээллэдэг. Би үлгэр авмаар гайхамшигтай хүмүүсийн амьдралын түүхийг сонсох, уран зохиолын болон гүн ухааны ном унших дуртай.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэллээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байна.

Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан билээ.

Гэвч бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан учраас тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм.

Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар боллоо. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж, 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 417.7 мянган тэтгэвэр авагчид хамрагдах боломжтой юм. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ.

Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгосноос гадна тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүнд төлж, 30 хувийг өөрт нь олгож байхаар шийдвэрлэсэн.

Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 мянга 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн ба ийнхүү зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар илүү эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байна.

Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн 24 сарын хугацаагаар зээл авахад 15.6 хувийн хүүтэй үед 194.3 мянган төгрөгийн, 13 хувийн хүүтэй үед 387.4 мянган төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх тооцоо гарч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан байлдагчийн шүүх хурал өнөөдөр болно

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ.

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.10.01/ 12.00 цагт Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат оролцох бол холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцоно. Холбогдогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.31, 10.6.1 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгасан юм.

Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгаас цэрэгт татагдсан байлдагч А-г гүйлтэнд гүйж байгаад ухаан алдаад, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Байлдагч гэнэт нас барсан нь гаднын нөлөөтэй хэмээн үзэж, түүний гэр бүлээс харьяа шүүхэд өргөдлөө өгч нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоохыг хүссэн. Тус өргөдлийн дагуу шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард товлогдсон хэдий ч холбогдогчдын хүсэлтээр хойшлоод байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд гурван хоног амарна

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заасан байдаг. БНХАУ-ын үндэсний баяр энэ сарын 1-3-ны өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд эдгээр өдрүүдэд амарч байна.

Харин олон улсын галт тэрэг болон онгоцны нислэгүүд хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах аж.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал бүх Японы аварга болжээ

Сумо бөхийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Токио хотын “Кокүгикан” ордонд болж, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүллээ. Их аварга уг тэмцээнд 12 жилийн дараа буюу хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Улмаар Хакүхо хагас шигшээд өнгөрсөн намрын тус тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялжээ.

Мөн энэ өдөр Мэйжи сүмд дохёнд гарах ёслол үйлдэхдээ шинэ гоёлын мавашигаа сэтгүүлчдэд танилцуулсан аж. Шинэ гоёлын маваши нь чонын зурагтай, 2020 оны Токиогийн олимпийн тэмдэг, Япон, Монголын далбааны дүрс бүхий юм байна.

Categories
мэдээ улс-төр

Намрын ээлжит чуулган эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хаалтаа хийж, өнөөдөр 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусган, ард нийтийн санал асуулгын товыг тогтох байсан ч амжсангүй. Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал зун, намрыг дамнан хэлэлцэгдэж байгаа ч дөнгөж хоёрдугаар хэлэлцүүлгээ дуусгаад байна.

Харин намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал ирэх оны төсөв. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн жилийнхээ арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт болон 2020 оны төсвийн тухай хуулийг хамтад нь хэлэлцэх болох нь.

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;
  • Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  • Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  • Өмгөөллийн тухай хуулийн төсөл;
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
  • Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Бусад.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээнэ.

Намрын ээлжит чуулганаар 186 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод буй юм. Чуулганы эхэнд Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа энэ сарын 04-нд дуусна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гаргасан жагсаалтын дагуу өнөөдөр байнгын хороод болон чуулганаар дээрх асуудлыг эцэслэхээр төлөвлөөд буй юм. Үүний дараагаар бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай асуудлуудыг хэлэлцэх юм.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

1/Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2/Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12/Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13/Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19/ Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

20/ Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

21/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

23/Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

24/Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

25/Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

27/Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

28/Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

29/Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл;

30/Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

31/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

32/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл;

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол түмний хүндлэл, бахархлын хойморт суудалтай эрхэм хүндэт ахмадуудынхаа амрыг айлтган мэндчилье. Та бүхэн минь сайхан намаржиж байна уу.

Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндчилгээг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж энх тунх, аз жаргалтай, сэтгэл түвшин байж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөе. Ахмадууд Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлт, хойч ирээдүйн сайн сайхны төлөөх эрхэм үйлсэд халуун залуу насаа зориулсан бахархалт хөдөлмөр, туршлага сургамжийг хойч үеийнхэнд өвлүүлж, хүндлэн дээдлэх, халамжлан түших нь төрийн хэрэг, Монголын ёс билээ.

Түүнчлэн өтгөс буурлуудаа асран тэтгэх, үйл хэргийг нь үргэлжлүүлэн мөнхлөх нь энэ цаг үеийнхэн бидний хувьд ирээдүйн өмнө хүлээх эрхэм үүрэг мөн гэж бид үздэг. Монголын нийт иргэд, залуу үеийнхний мартахгүй санаж явах үнэт зүйл бол ахмадууд та бүхний амь биеэ хайрлалгүй тэмцэж, босгож, цогцлоосон үндэсний тусгаар тогтнол, төрт ёс, эдийн засаг, нийгмийн дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө билээ. Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл юм. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой.

Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаагийн Улсын Их Хурал хийж байна. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг Хүндэт ахмадууд маань ойлгож, дэмжин түшинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ахмадуудынхаа урт удаан наслах, эрүүл саруул, амар тайван, дутуу гуцуугүй аж төрөх, өөртөө таарсан хөдөлмөр эрхлэх, насаар ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх боломжийг бүрдүүлэх, нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах чиглэлд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал онцгой анхаарсаар ирсэн, цаашид ч ямагт анхаарлынхаа төвд байлгах болно.

Та нар минь бидэнтэй ямагт хамт, хамгийн ойр байж, сургаал зөвлөмжөө хайрлан, туршлага сургамжаасаа хуваалцаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж явна гэдэгт итгэл төгс байна. Ахмад буурлууд Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань ямагт дэвжин дэлгэрч байх болтугай” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улсын удирдагч сошиал медиа, зурагтаас хол байх нь дээр” гэж Б.Обама зөвлөжээ

Энэ сарын 18-нд Сан Франциско хотноо болсон программ хангамжийн “Splunk” компанийн арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама уригдаж очихдоо энэхүү зөвлөгөөг өгчээ. Түүнийг ерөнхийлөгч байхдаа мэдээлэлд хэрхэн шинжилгээ хийдэг байсан тухай асуухад “Тэр асар их мэдээллийг ерөнхийлөгч өөрөө хүлээж авах хэрэггүй. Мэдээллийг оновчтой тоймлон танилцуулдаг мэргэжлийн багтай байхад хангалттай. Тиймээс Ерөнхийлөгч хүн сошиал медиа хэрэглэж, зурагт үзээд хэрэггүй” гэжээ. Энэ нүдээ олсон зөвлөгөө. Улс орны удирдагч, бодлого гаргагч хүн, дээд түвшний удирдагч хүмүүс олны аяс, олны саналаар шийдвэр, бодлого гаргаж болдоггүй. Олонхын санал ямагт сөрөг тал руугаа тэмүүлж байдаг гэдэг дээхнэ үеийн судалгаа бий. Энэ юу гэсэн үг вэ гэвэл олонхи яршиг түвэг багатай, аль л болох биед амар байдал руу тэмүүлж байдаг. Уг байдал нь даамжирвал улс орныг болоод хувь хүнийг улам мухардалд оруулдаг.

Ерөнхийлөгч, удирдагч хүн яагаад зурагт, сошиал медиагаас хол байх ёстой вэ гэвэл тэр сувгуудаар зөвхөн олонхын хүсэл санал л түлхүү урсаж байдаг. Хялбарыг хайсан олонхын санал удирдагчийг мохоодог. Нийгмийн хөгжил ихэнхдээ ганц хүний саналаар хөгждөг. Түүнээс биш олонхийн саналаар хөгжиж байсан түүх үгүй. Тиймээс тэр ганц хүнээ бодлого гаргагч, их сэтгэгч гэж бусдаар дээгүүр үнэлдэг нь учиртай. Их сэтгэгч хүмүүн гаргаж байгаа санаа, саналаа үргэлж олонхоос асуугаад байвал тэр саналаа хэзээ ч ажил хэрэг болгож чадахгүй хоцорно. Ийм учраас л олонхийн санал тасралтгүй хөвөрч байдаг сошиал медиа, зурагтаас хол бай гэж Б.Обама зөвлөж шүү.

Хэрэв удирдагч хүн сошиалд живж, зурагтаас уяатай байвал хэзээ ч зөв, оновчтой шийд гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Үүний бэлээхэн жишээ манайд зөндөө байна. Олонхын аманд багтаад шийд гаргаж чадахгүй мухардаад эцэст нь гаргаж ирсэн санаа, санаачилгатайгаа хамт арчигдаж, дахин юм дуугарах зүрхгүй болчихдог.

Манайд үүний нэг тод жишээ бол буруу талдаа руль (хүрд)-тэй машиныг хөдөлгөөнд оролцуулах эсэх тухай асуудал. Буруу хүрдтэй машиныг хориглох тухай бодлогыг Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа гаргаж ирж, олон нийтийн эсэргүүцэлтэй хүчтэй тулгарч байсан. Уг нь энэ зөв шийдэл байв. Манайх замын хөдөлгөөний хувьд эх газрын хуультай, замын хөдөлгөөнөө баруун гарын дүрмээр зохицуулдаг учир замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л дүрэм журам, дэд бүтэц нь тээврийн хэрэгслүүдийг зүүн талдаа жолооны хүрдтэй байхаар тооцож хийгдсэн байдаг. Тэгэхээр бид үүнийг л дагах ёстой. Буруу талдаа хүрдтэй машиныг жолоодож явахад гүйцэж түрүүлэх, гэрэл шилжүүлэхээс эхлүүлээд олон эрсдэл гардаг учир аваар ослын нэлээдгүй шалтгаан нь буруу талдаа хүрдтэй автомашинаас үүддэг тухай судалгаа хангалттай бий. Гэтэл бодит байдал ийм байсаар байтал баруун талдаа хүрдтэй машиныг хориглох тухай шийдвэрийг олонхи эсэргүүцэх нь аргагүй юм. Яагаад гэвэл олонх буруу талдаа хүрдтэй машинтай юм чинь. Ингээд түгжрэл, аваар ослын байдал яг хэвээрээ үлдсэнээс асуудал шийдэгдээгүй байгаа. Сүүлийн жишээ гэвэл бүсчлэл байна. Хотыг бүсчилж, автомашиныг ялгамжаатайгаар төвийн хэсгийн замаар зорчуулах нь маш зөв шийдвэр байсан. Дэлхийн томоохон хотууд бүгд ийм бүсчлэлтэй. Тусгай бүс рүү нэвтрэхдээ төлбөр, хураамж төлдөг. Гэтэл манайд хотын хаана ч дуртай цагтаа сэлгүүцэж байхын тулд олонх бүсчлэлийг хүчтэй эсэргүүцсэн. Тэгээд энэ бодлого уначихсан. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх машин дэмий сэлгүүцээд явж байдаг, замын хажууд гараа өргөөд зогсож байгаа хүн олдож юуны магад гэсэн шиг. Олонх бүхнийг тун хялбараар өөрсдөдөө тааруулахыг хүсдэг.

Амьд мал экспортлох бодлогыг энд бас жишээлье. Сошиалаар үүнтэй холбоотой сөрөг мэдээлэл, сэтгэгдэл явснаар энэ бодлого хэрэгжихгүй зогссон. Сошиалын олон мянган сэтгэгдэл, эможийг хараад л “Энэ бодлогыг хэрэгжүүлэхээ больё” гээд унагасан. Хэрвээ малчид сошиалд идэвхтэй байдаг байсан бол энэ асуудал унахгүй ч байж мэдэх байлаа. Харамсалтай нь тэд цөөнх, сошиалд байнга идэвхтэй байх нөхцөл нь бүрдээгүй. Хотын хийрхсэн хэдэн юмны амаар л энэ бодлого хэрэгжээгүй. Үнэндээ энэ бодлогоо болиулсан нь өөрөө бодлогогүй үйлдэл. Ажил хийхгүй, мөнгө олохгүй, олсон жаахан мөнгөндөө тааруулж махаа хямдхан идэхийн тулд малыг амьдаар нь хилээр гаргахыг эсэргүүцэцгээсэн. Хөдөлмөрлөхгүй, олсон жаахан хэдэн төгрөг нь хүрэлцээд биеийн амрыг бодоод хэвтэж байхын тулд махны үнийг нэмэгдүүлэхгүй гэж эсэргүүцсэн. Зүй нь бол тэр хүн хөдөлмөр хийвэл сэлгүүцэж давхихаа болино, гэмт хэрэг гарахгүй болно, архи уух нь багасна, нийгэмд өрнөж байгаа илүү дутуу, элдэв балай яриа хөөрөө, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн үйл явдал багасна. Хөдөлмөр эрхлэх нь ийм олон талын ач холбогдолтой. Хөдөлмөрлөж, хөдөлж цалин, мөнгө олж байгаа хүн махны үнэ нэмэгдэхэд тоох ч үгүй. Малыг хилээр гаргах нь улс оронд маш их ашигтай байсан ч одооных шигээ зүгээр л хэвтэж байхын тулд олонх дургүйцсэн. Эцэг эхийнхээ тэтгэврийг хамаад авчихна, таксинд явж ганц хоёр хүн зөөгөөд жаахан мөнгө олчихдог учраас идэх хоолтой өлсөхгүй хэвтээд л байна. Долоо хоног бүтэн ажил хийдэг хүн Монголд бараг байдаггүй. Яг ийм л байх гэж тэр бодлогыг эсэргүүцсэн. Хэрвээ тэр бодлого хэрэгжвэл гэртээ завтай хэвтэх цаг нь хомсдоод ажил хийх болчихно гэж дургүйцээд дээрх шийдвэрийг унагасан шүү дээ. Бие амар байхыг боддог олонхоос бодлого гаргагч ангид байх ёстой. Ийм л ялгаатай байдаг учир Б.Обамагийн ингэж зөвлөсөн нь зөв. Бодлого гаргагч оюун санаагаараа тусдаа байх ёстой.

Гэтэл манайд сошиалаар төр засгийн бодлого явагддаг. Ингэхээр улс орон хөгжихгүй. Ийм улс оронд алсыг харсан бодлоготой үйл ажиллагаа ч хэрэгжихгүй. Харин Б.Обама дээрх зөвлөгөөг өгөхдөө яагаад өдөр тутмын сониныг хэлээгүй вэ гэвэл сонин бодлоготой хэвлэгддэг. Редакциуд нь сониноо бодлогоор явуулдаг. Дэлхийн улс орнуудыг харж байхад тухайн орныхоо ирээдүйд хэрэгтэй, ашигтай, хэтдээ хэрэг болох зүйлийг хөндсөн сэдвээр сонингууд нийтлэлийн бодлогоо гаргаж ажилладаг. Монголд тийм бодлоготой сонин цөөхөн л дөө. Дэлхий нийтийн хэмжээнд сонин бодлоготой явдаг юм. Асар олон жилийн түүх, туршлагатай редакциуд бодлого боловсруулж, сониноо хэвлэдэг. Сонины нийтлэлүүдийг газар дор ортол муулж, зүхдэг. Ялангуяа манай “Өдрийн сонин”-ы нийтлэлийг. Гэтэл яваандаа тэр нийтлэлд бичсэний дагуу л нийгмийн амьдрал өрнөж байдаг. Энэ нь батлагдах хүртэл хоёр сонгуулийн хугацаа буюу найман жил өнгөрчихдөг нь харамсалтай. Энэ бол улс эх орны хөгжилд хортой. Хүний нас богинохон шүү дээ. Уг нь энэ сонин ямар бодлогоор үүнийг бичив, үүний цаана ямар бодлого явж байна, юуг хэлэхийг хүсэв гэж эрэл сурал болж, авах гээхийн ухаанаар хандаж шийдвэр гардагсан бол сайн байхгүй юу. Иймээс удирдагчид маань Б.Обамагийн энэ зөвлөгөөг тунгаан бодож болвол амьдралдаа хэрэгжүүлбэл улс эх оронд маань л тустай юм даа.


Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадахгүй бол Монгол Улс засаглалын хэлбэрээ солих хэмжээнд хүрч магадгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болоод байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэр хэмжээнд боловсруулагдсан гэж та үзэж байгаа вэ. Анхны зорилгодоо хүрч чадсан уу?

-УИХ-ын 62 гишүүн санаачлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Түүнээс хойш хаврын чуулган, ээлжит бус чуулганаар хэлэлцэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сүүлийн хувилбарыг УИХ дэмжсэн. Үндсэндээ УИХ Үндсэн хуулийн талаар хийх ёстой ажлуудаа дуусгасан. Ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг буюу батлах процессийг хийх гэж байна. Гэсэн ч үүнд Ерөнхийлөгч хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр УИХ-ын МАН-ын бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар 62 гишүүн санал гаргаж, өргөн барьснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, парламантад суудалгүй улс төрийн намуудын зүгээс саналууд ирсэн.Энэ саналуудыг Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг гарч хасах, найруулах зэрэг ажлуудыг хийсэн. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт сүүлийн гурван парламент дамжиж яригдсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр тулгуурлаж гарсан учраас үе үеийн парламент, судлаачдын түвшинд яригдсан асуудлуудыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн. Ийм төсөл батлагдсан. Анх тавьж байсан зорилтдоо 100 хувь хүрээгүй ч гэсэн эцсийн хувилбар нь 70-80 хувьтай батлагдсан.

-Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа нь хэдийд тодорхой болох вэ?

-Бид Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслөө баталсан. Харин хэдийд, ямар хөрөнгөөр зохион байгуулах, зохион байгуулалтад юу хийх вэ гэдгийг тусгайлан тогтоол гаргаж шийдвэрлэе гэж шийдсэн. Тэр тогтоол хараахан батлагдаагүй байна. Ямартаа ч энэ удаагийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбараас харахад дөрвөн гол зүйлийг цэгцлэхэд ахиц гарах болов уу гэж харж байна. Нэгдүгээрт, 1999 онд Ардчилсан нам олонх байх үед хийгдсэн Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт энэ 20 жилийн хугацаанд дордохын долоон өөрчлөлт гэж нэрлэгдэж, шүүмжлэл дагуулж байсан. Бид энэ долоон өөрчлөлтөөс зургааг нь хэсэгчлэн болон бүтнээр нь буцааж сэргээлээ. УИХ-ын үйл ажиллагаа илүү хариуцлагатай болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Хоёрдугаарт, сахилга хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой өөрчлөлт орсон. Тодруулбал, Ерөнхийлөгчөөсөө эхлээд багийн дарга хүртэл, төрийн эрх барьж байгаа байгууллагуудын эрх, үүргийг эргэж харсан, илүү сайжруулсан. УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, аймаг, сумын дарга нь ямар эрх, үүрэгтэй байх, ямар эрхүүдээсээ татгалзах, хязгаарлах ёстой талаар 30 жилийн алдаа, оноо дээрээ түшиглэн сайтар ярилцаж шийдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг, бидний давхар дээл гэж нэрийддэг энэ зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Зөвхөн цөөн тооны буюу дөрөв хүртэлх хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хийж болно. Үүнд ерөнхий чиг үүргийн яамдын удирдлагууд байх юм. Мөн хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед намуудын удирдлагууд Засгийн газартаа орж ажиллаж болно. Бусад үед Засгийн газар, УИХ хоёрыг салгасан. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах заалтыг нарийвчилж оруулж өгсөн. Төсөв мөнгө хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүй зарлагын шинэ төрөл нэмэхийг хориглож байгаа. УИХ-ын гишүүд тойрог тойрог руугаа хөрөнгө мөнгө цацаж, тэдгээр нь үр дүн муутай байна гэж шүүмжлэгддэг. Энэ байдлыг цэгцлэх чиглэлд дээрх заалтыг Үндсэн хуульд тусгаж өгсөн.

УИХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хянан шалгах түр хороо байгуулахтай холбоотой тодорхой заалт орсон. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, насны хязгаарыг тогтоохтой холбоотой заалтуудыг ч нарийвчилж оруулж өгсөн. Ингэснээрээ манай төрийн чиг үүрэг, бүрэн эрх нь тодорхой болж, үүнийгээ дагаад хариуцлага нь дээшилнэ. Гуравдугаарт, эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой олон заалтууд орсон. Бид 1992 онд шинэ Үндсэн хууль баталж байх үед энэ хэмжээний уул уурхайн асуудал хөндөгдөж, орлого зарлага, хэрүүл маргаан бий болно гэж тооцоогүй. Зах зээлийн харилцаанд орсноороо бид төсөөлж байгаагүй сайн тал бий болсон ч нөгөө талаараа сөрөг үр дагавар их гарсан. Эдгээрийг харгалзаж үзээд урт хугацаанд тогтвортой хөгжлийн бодлогоор хөгжих, түүнийг зохион байгуулах байгууллага нь ямар байх эсэх, байгалийн баялаг тэр дундаа геологи, уул уурхайтай холбоотой заалтуудыг нарийвчлан тусгасан. Өнөөдөр баян, хоосны ялгаа асар их байгааг иргэд шүүмжилж байгаа. Үүнийг бууруулахын тулд баялгийн хуваарилалтыг зөв болгох нь чухал юм. Тиймдээ ч энэ удаагийн Үндсэн хуульд сайтар нарийвчилж оруулсан. Монголчууд бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн энэ газар шороо, уул ус, байгалийн баялгийнхаа эзэн нь шүү гэсэн энэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгсөн гэж ойлгож болно. Тиймдээ ч ихээхэн ач холбогдолтой зүйл боллоо гэж харж байгаа.

Дөрөвдүгээрт, нутгийн удирдлагатай холбоотой заалтууд орсон. Орон нутаг, хот суурингийн зохицуулалт, сум орон нутгийн хурал, хурлаар тогтоох өмч, татварын асуудалтай холбоотой заалтууд орсон. Мөн шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай болгоход чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан. Шүүхийн сахилга хариуцлагын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн байгуулахтай холбоотой заалт оруулж өгсөн. Хэрвээ энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуульд орж батлагдаж чадвал 30 жилийн алдаа оноогоо дүгнэсэн, дараагийн 30 жил рүүгээ зөвөөр алхаж чадна байх гэж харж байна.

-Манай улсад 1945 оноос хойш Ард нийтийн санал асуулга болж байгаагүй. Иргэдэд Ард нийтийн санал асуулгад оролцсон туршлага байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Тэр утгаараа иргэдийн ирц хангалтгүй байх эрсдэлтэй гэж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа парламентын засаглалтай орон байхаар шийдсэн. Хоёр том гүрний дунд байгаа манай улс аюулгүй байдлаа бодсон ч, гадаад, дотоод харилцааны шахалт дарамт, төрийн уламжлалаа бодсон ч парламентын засаглал нь Монгол Улсад зохимжтой гэж үзсэн. Монголчууд бид төрөлхөөсөө л эрх чөлөөт, биеэ даасан байдлыг хангасан ард түмэн. Тиймдээ ч улс орны асуудлыг олноороо хэлэлцдэг төрийн уламжлал байсан. Чингис хааны үед Их хуралдайтай, Богд хааны үед дээд, доод танхимтай, 1921 онд Ардын засаг байгуулагдаад ч Бага хуралтай болж байсан. Энэ утгаараа парламентын засаглалын орчин үеийн энэ хэлбэрийг аваад явах нь зүйтэй гэсэн сонголт хийсэн. Энэ сонголтоо баталгаажуулаад шинэ Үндсэн хуулиа одоо ярихаа больё. Харин 1992 онд баталгаажуулсан парламентын засаглалтай энэ хуулиараа явах нь зүйтэй юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт парламентын засаглалыг боловсронгуй болгох, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг сайжруулахад чиглэж байна. Тиймээс энэ удаагийн Ард нийтийн санал асуулга ардчилал, зах зээл, тэр тусмаа парламентын засаглалаа боловсронгуй болгоод явах эсэхийг шийдсэн сонголт байна байх. Иргэдтэй уулзаад явахад энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ихээхэн дэмжиж байна. Олон жилийн турш ярьсан энэхүү өөрчлөлтөө МАН олонх байгаа дээрээ хийх нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байгаа юм. Ард нийтийн санал асуулга дэмжигдэнэ гэж найдаж, таамаглаж байна.

Хэрэв Ард нийтийн санал асуулга явуулах үед сонгогчдын ирц хүрэхгүй бол яах вэ гэдэг асуудал гарна. Хэрвээ сонгогчдын ирц бүрдэхгүй бол бид энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадахгүй. Баталж чадахгүй бол Монгол Улс засаглалын хэлбэрээ солих хэмжээнд хүрч магадгүй. Ерөнхийлөгчийн болоод бусад засаглалын хэлбэр рүү халтирч орохыг үгүйсгэхгүй. Тиймээс УИХ-ын зарим гишүүн зургаан сарын дараа болох сонгуулиа наашлуулаад Ард нийтийн санал асуулгатай хамт хийе гэх хандлага гаргасан юм. Нэгэнт л 20, 30 тэрбум төгрөг зарцуулж байгаа хойно хамт хийчихвэл төсөв мөнгө ч хэмнэнэ, сонгогчдын ирц ч сайжирна. Хамгийн чухал нь шинэ Үндсэн хуулийг ард нийт үнэхээр дэмжиж байгаа бол баталж чадна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төр засгаа эмхлэн зохион байгуулаад явсан нь зүйтэй учраас ээлжит бус сонгуультайгаа хамт хийе гэж буй хэрэг. Энэ нь одоогийн Үндсэн хуулиа, парламентын засаглалаа хамгаалахын төлөө хийж байгаа алхам гэж харж байна.

-Энэ нь хэнд ашигтай юм бэ. Эрх баригчдад эрсдэлтэй биш үү?

-Энэ дөрвөн жил эрх барьж байгаа Монгол ардын намын хувьд маш хүнд сонголтын жилүүд болж байна. Намаа бодож эсвэл улсаа бодож, шийдэл гаргах уу. Өнөөдөр, маргаашийн эрх мэдэл, өөрсдөд байгаа сандал, суудлаа хамгаалж үлдэх үү. Алс ирээдүй, үр хойчийнхоо төлөө эрсдэл хийгээд ч хамаагүй зөв зүйлийн төлөө алхах уу гэдэг сонголтын өмнө л үргэлж тулж байгаа. Тиймээс зарим үед нам дотороо хагарч, хуваагдаад ч хамаагүй улс орноо бодсон шийдэл рүү алхъя гэж байна. Үргэлж энэ шийдлийн талд зогсож байгаа. Ээлжит бус сонгуулийн асуудал яригдаж буй энэ үед ч мөн адил. Хэрэв бид өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалаад үлдэнэ гэвэл хэн ч биднээс булааж авахгүй, өмнөөс минь шийдэхгүй. УИХ-ын 51 гишүүн дэмжиж байж л УИХ тарна. Бидэнд дахиад долоо, найман сар ажиллах эрх байна гээд суугаад байвал суугаад байж болно. Гэхдээ парламентын засаглал, Үндсэн хуулиа хамгаалахын тулд, улс орны хөгжил, ард иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл, тэмүүллийн төлөө эрсдэл хийгээд ч хамаагүй зарим алхмыг хийх хэрэгтэй болж байна.

-Сонгуулийг нааш нь татаж, Ард нийтийн санал асуулгатай хамтатган хийнэ гэж үү?

-Үүнийг олон талаас нь ярилцаж байна. Одоогоор нам, бүлгийн хэмжээнд ямар нэгэн шийдвэр гаргасан зүйл алга. УИХ-ын гишүүд, хувь улстөрчид цаг үеийн нөхцөл байдлыг өөр өөрсдийнхөө мэдээллийн түвшинд, эрсдэлийг тооцон байр сууриа илэрхийлж байгаа.

-Яг хэдийд тодорхой шийдэлд хүрэх вэ?

-Өнөөдөр (баасан гариг)бүлэг хуралдаад цаг үеийн мэдээлэл, нөхцөл байдлыг мэдээд түр завсарлалаа. Даваа гаригт (өнөөдөр) дахиж хуралдаад Ерөнхийлөгчийн хориг, ээлжит бус сонгууль, Ард нийтийн санал асуулга, Ард нийтийн санал асуулгыг батлах эсэхтэй холбоотой Ардчилсан намаас тавьж байгаа зарим асуудлуудад шийдлээ гаргаад явна гэж бодож байна.

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд яах вэ?

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Үндсэн хуулийг Ард нийтийн санал асуулгаар батлахгүй. Гуравдугаар хэлэлцүүлгээрээ л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай ярина. Ерөнхийлөгч хоригтоо нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулга битгий явуулаач ээ, хоёрдугаарт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулийн хэлбэрээрээ орж ирж батлагдах ёстой байсан юм биш үү, та нар нэмэлт, өөрчлөлтийг төслийн хэлбэрээр оруулж ирж баталж байна гэж. Хуулийн хэлбэртэй болгож батлах нь зөв үү, үгүй юу гэдэг дээр маргаан байдаг. Энэ маргаан хуульчдын хүрээнд олон жил үргэлжилж байгаа. Энэ маргааныг хөндсөн байсан. Гэхдээ 2000 оны өөрчлөлт ч тэр тухайн үедээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлбэрээр орж ирж батлагдаж байсан. Мэдээж эдгээрийг ярина.

-Та Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрээ асуух тухай саналд ямар байр суурьтай байсан бэ?

-Холбогдох хуулиудаар засаглалын хэлбэрээ солихыг хориглосон байдаг. Жишээ нь, парламент санаачилсан Үндсэн хуульдаа өөрийнхөө бүрэн эрхийг нэмэхтэй холбоотой өөрчлөлт оруулах боломжгүй. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилж байгаа бол мөн өөрийнхөө бүрэн эрхтэй холбоотой хууль өргөн барьж болдоггүй. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн, парламентын засаглалтай байх эсэхийг хөндөх боломжгүй хуулийн хязгаарлалттай, хаалттай юм. Ер нь ард иргэдээсээ засаглалынхаа хэлбэрийг асуугаад буруу шийдэл гаргасан, гацаанд орсон улсууд байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Их Британи Европын холбооноос гарах, гарахгүй гэх асуудал гарч, гурван жил маргаж байна. Тиймээс бид иргэддээ гадна, дотны нөхцөл байдал ямар байгаа, үр дагавар нь юу болох талаар үнэн зөв мэдээлэл өгч байж л засаглалын хэлбэрийн талаар асуух эсэхээ шийдэх ёстой. Мэдээлэл багатай байхад нь засаглалын хэлбэрээ солих тухай асуух, ийм алхам хийх нь цаг үеэ олсон асуудал биш гэж үзэж байна.