Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гал түймэр, гамшгийн аюултай тэмцэх чадавхыг сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар” зарлиг гаргасан байна.

Тус зарлигт:

1.Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах болон гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийг бүрдүүлэх, зарцуулах болон тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авах, татвараас чөлөөлөхтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалтыг судалж, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх,

2. Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг стандартын шаардлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллагыг туулах чадвар сайтай машин, холбооны хэрэгслээр хангах болон лабораторийн шинжилгээний багаж, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт материалын хангамжийг сайжруулах арга хэмжээ авах,

3. Гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор гал унтраах, аврах анги, шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, эрсдэл нөхцөл байдлыг эрт илрүүлэх, эрэн хайх, аврах, яаралтай тусламж үзүүлэх нисэх нэгж байгуулах, ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий сумдад гамшгаас хамгаалах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий албан хаагчийн орон тоог бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх,

4. Гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах талаарх олон нийтийн санаачлагыг дэмжих зорилгоор орон нутаг дахь ойн анги, нөхөрлөл, сайн дурын бүлгийг сурган дадлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, гал түймэр, гамшиг, ослын голомтод ажилласан тохиолдолд урамшуулал олгох асуудлыг судлан, холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх,

5. Гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, аюул тулгарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зохион байгуулалтын талаар олон нийтийг мэдээлэл, заавар зөвлөмжөөр хангах, хүүхэд, залуучуудад эх оронч, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлэх,

6. Гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх чиглэлээр жил бүр хөрөнгө төлөвлөж, болзошгүй эрсдэлийг бууруулах, салбар хоорондын мэдээлэл харилцан солилцох, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шуурхай удирдлагын төвийн чадавхыг сайжруулах,

7. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль, тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд тооцох хариуцлагыг чангатгах зэргийг тус тус Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чиглэл болгосон байна.

Мөн зарлигтаа Гамшиг осолгүй, аюулгүй Монгол Улсын төлөө бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх агуулга бүхий мэдээлэл түгээх, бүтээл, нэвтрүүлэг хийх үйлсэд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг идэвхийлэн оролцохыг уриалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх Хэнтий аймгийн ЗӨСТ-д шинэ фургон автомашин гардуулан өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 09-р сарын 28-нд Чингис хотод ажиллах үеэрээ Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд шинэ УАЗ-22069 маркийн фургон автомашин гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Тус автомашин хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ХХААЯ-ны сайд Ч.Улаан, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хэрлэн сумын засаг дарга Ц.Идэрбат, Хэнтий аймгийн ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа нарын албаны хүмүүс оролцлоо.


Categories
мэдээ спорт

Улсын аварга шатарчид тодров

Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын шигшээ тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод есдүгээр сарын 20-29-нд амжилттай зохиогдож өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор явагдсан тус тэмцээнд эрэгтэйчүүдээс “Хан-Алтай” клубийн тамирчин, спортын мастер Ү.Агьбилэг түрүүлж, “Оюунлаг” сургуулийн тамирчин, спортын мастер С.Ган-Эрдэнэ, “Шунхлай” групп, “Гэгээн арвай” клубийн тамирчин, олон улсын их мастер Б.Гүндаваа нар удаалжээ. Эмэгтэйчүүдээс “Дагшаахүү” клубийн тамирчин, ДШХ-ны мастер Б.Алтантуяа тэргүүлж, Завхан аймаг, Алдар спорт хороо, “Сакура” сургуулийн тамирчин, олон улсын их мастер Б.Мөнгөнтуул, Сэлэнгэ аймаг, Дотоодын цэргийн 805-р анги, “Монголчехметалл” ХХК, “Элит Брайн” клубийн тамирчин олон улсын их мастер А.Энхтуул нар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн тоо өнгөрсөн оныхоос 19 хувиар өсчээ

Он гарсаар эхний 9 сард улсын хэмжээнд 3274 удаагийн ахуйн гал түймэр гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 46 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 1302 гэр, орон сууц шатжээ.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 913 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 44 хувиар буурсан байна.

Харин нийслэл хотод нийт 2192 удаагийн гал түймэр гарч, 3.3тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1082 удаагийн гал түймэр гарч, 4.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Энэ хугацаанд 12715 байгууллага, аж ахуйн нэгж, 74048 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 55601 зөрчил дутагдал илрүүлэн, 28659 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4015 заавал биелүүлэх албан шаардлага, 3272 мэдэгдэл, 230 танилцуулга, 425 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 21 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоосон. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 165.6 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 2503 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 1045 удаа явуулсан байна.

Гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:

Ил гал – 1719 53%

Цахилгаан ашиглалт – 634 19%

Яндангийн цонолт – 496 15%

Технологийн горим зөрчигдсөн – 193 6%

Байгалийн нөлөө – 6 0.2%

Санаатай үйлдэл – 7 0.2%

Шалтгаан тогтоогдоогүй – 161 5%

Бусад – 43 1%

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурал 2019 оны намрын ээлжит чуулганаа хийхээр хуран цуглаад байна.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан 7 дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө 2 ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын нэг л чуулган бий. Тиймээс өнгөрсөн 3 жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухлыг хойшлуулалгүй хийж хэрэгжүүлэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байна. Тэр хэрээр Улсын Их Хурлын намрын чуулган шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллахаар байна.

Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна.

Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ.

Та бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсэн. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэн ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах эхийг хэлэлцэн баталсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна.

Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг УИХ-д суудалтай МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн чуулганаар бид Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэн батална.

Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлт рүү ороод байсан эдийн засаг сэргэлээ гэж итгэлтэй хэлж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш 8 жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болж байна.

Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Улмаар 2021 онд 2.8 хувь, 2022 онд 1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай гарах боломж бүрдэж байна. Энэ бол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн чамлахааргүй байгааг харуулж байгаа юм.

Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатай.

Өнөөдөр нөхцөл байдал таатай байгаа ч дунд хугацаанд гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэх, голлох түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэл бий. Иймд төсвийн сахилга батыг чанд баримтлах, өрийн дарамтыг багасгах, улмаар гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулахад түлхүү анхаарах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй юм.

Улс орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн чухал хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, бэлэн болсныг нь хугацаа алдалгүй өргөн барьж, хэлэлцүүлж батлах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Боловсролын тухай багц хууль зэргийг энд нэрлэж болно.

Өнгөрсөн 5-р сард Шинжлэх ухааны академийн болон их сургуулиудын эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгүүдийн ажилтай танилцахад инновац болох боломжтой судалгааны ажлууд, бодитой бүтээлүүд цөөнгүй байсан. Манайд инновацийг дэмжих эко-системийг бий болгох асуудал тулгамдаж байгаа нь харагдсан. Ийм эко-системийг бий болгохын тулд Инновацийн тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах цаг болсон. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт хугацааны стратегийн төлөвлөлт болох “Алсын хараа-2045”-ыг санаачлан боловсруулж байгаа. Энэ баримт бичиг улс орны тогтвортой хөгжлийг хангах баталгаа болох тул Улсын Их Хурал нухацтай хандах ёстойг дурдаж хэлье.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын менежмент, үйл ажиллагааг цэгцэлж олон нийт, мэргэжлийн хүмүүсийн бухимдал, шүүмжлэлд хариу өгөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нухацтай хэлэлцэж, нийт сангуудын хяналт-хариуцлага, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах, шаардлагагүй зарим сангуудыг татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авах чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах ёстой гэж үзэж байна.

Хардлага дагуулсан, хаалттай, хяналтгүй сангуудын үйл ажиллагааг зогсоож, мэдээлэл нь нийтэд нээлттэй, сангийн хөрөнгө нь хүрэх ёстой эзэндээ очдог болгоё. Энэ бол нийгмийн шаардлага юм.

Намрын чуулганаар Сонгуулийн тухай багц хуулиудын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд эдгээр хууль онцгой чухал ач холбогдолтой юм.

Сонгуулийн сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхдэгээсээ салах цаг болсон. Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна.

Сонгуулийн хуулиудыг хэлэлцэн батлахдаа харьяалагддаг намынхаа ялалт, өөрийнхөө сонгогдох боломжийг харж биш, нийт монголчуудын эрх ашиг, ирээдүйн хувь заяаг эрхэм болгож хандахыг нийт гишүүддээ уриалъя.

Энэ удаагийн чуулганаар нутгийн удирдлагыг төгөлдөржүүлэхтэй холбоотой хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэрлэж болно.

Төвлөрлийг багасгах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн болон удирдлагын эрх хэмжээг зохистой түвшинд олгох зэрэг эдгээр хуулиудын агуулга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үндсэн чиглэл билээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах илэрхийлэл нь эдгээр хуулиудад тусгалаа олно гэдгийг бодолцож, хянуур хариуцлагатай хандах ёстой юм.

Эрхэм гишүүд ээ,

Энэ намрын чуулган авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа, хууль зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах болно. Энэ зорилгоор Авлигын тухай болон Эрүүгийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулна.

Авлигын хэрэг нь их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг учраас гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход бүх нийтийн оролцоо чухал юм. Энэ төрлийн хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэлтэй байдаг. Ийм учраас зарим улс орнуудын жишгээр авлига, албан тушаалын хууль бус үйлдлийг мэдээлэгчийг урамшуулах зохицуулалтыг бий болгох ёстой гэж үзэж байна.

Түүнчлэн далд үйлдлүүдийг нийтэд илчлэгч шүгэл үлээгч-мэдээлэгчийг хамгаалах бие даасан хуультай болох нь зүйтэй гэж хуулийн байгууллагууд үзэж байгаа. Ингэснээр Авилгын эсрэг олон улсын конвенц, Авилгын эсрэг үндэсний хөтөлбөрт заагдсан зорилтууд биелэгдэх боломж бүрдэж, авилгатай хийх тэмцэл хүчтэй болно.

Монгол Улсын Засгийн газраас Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь манай улс саарал жагсаалтад орохоос сэргийлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх олон арга хэмжээний нэг учраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд онцгой анхаарах ёстой.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бид шинжлэх ухаан технологийн хувьсгалт өөрчлөлтийн эрин үед, тухайлбал, хиймэл оюун ухаан, нейро шинжлэх ухаан, их өгөгдлийн ач холбогдол асар ихээр өсөн нэмэгдэж байгаа Аж үйлдвэр, технологийн IV хувьсгал өрнөж байгаа үед амьдарч, ажиллаж байна.

Ийм нөхцөлд улс гүрнүүд уламжлалт арга барилаасаа татгалзаж, шинжлэх ухаанч хандлага, системийн өвч сэтгэлгээг төрийн бодлого боловсруулахдаа хэрэглэж, төрийн бодлогыг шинжлэх ухаанд тулгуурласан баталгаа нотолгооны үүднээс боловсруулдаг болж байна.

Улсын Их Хурлаас баталж байгаа хууль эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад онцгой анхаарч, улмаар “Парламентын судалгааны хүрээлэн” байгуулж ажиллах зохих бэлтгэлийг хангаж байна. Ийм хүрээлэн байгуулснаар төрийн бодлого боловсруулахад юуны өмнө эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын өргөн хүрээтэй оролцоог хангах нөхцөл бүрдэх юм.

Эрхэм гишүүд ээ,

Эхлүүлснээ дуусгаж, цэгцрэл хөгжил өөд зүтгэх та бүхний эрхэм үйлсэд тань амжилт хүсье.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтэнг саатуулжээ

АТГ-аас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьсон талаарх мэдээлэл гараад байгаа Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд АТГ-аас тус яамны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийж, тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Ийм ажиллагаа явагдсан нь үнэн. Хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өнөөдөр (2019.10.01) 10 цаг 14 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна.

Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна.

Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг УИХ-д суудалтай МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна хэмээлээ.

Түүнчлэн УИХ-ын дарга, Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлт рүү ороод байсан эдийн засаг сэргэлээ гэж итгэлтэй хэлж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш 8 жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болж байна.

Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Улмаар 2021 онд 2.8 хувь, 2022 онд 1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай гарах боломж бүрдэж байна. Энэ бол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн чамлахааргүй байгааг харуулж байгаа юм.

Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатайг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах шинээр баригдаж буй арван давхар барилгын цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ. Тодруулбал, дээрх хэргийн мэдээлэл өчигдөр /2019.09.30/ 10.45 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн зургаан алба хаагч болон цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд барилгын харуулын ажилтан, 63 настай Б болох нь тогтоогджээ. Аврах ангийн алба хаагчид цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрээс 30 бог мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

2019 оны есдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө малын бэлчээрээс нь 30 бог мал алдагдсан гэх дуудлага мэдээлэл тус сарын 29-нд Дорноговь аймаг Өргөн сумын III багийн иргэн Н.Б-ээс цагдаагийн байгууллагад иржээ.

Өргөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ тус сумын төвөөс зүүн хойш 70 орчим км-т Магнай уул гэх газарт үзлэг хийж, 2-3 этгээд ачааны автомашин болон мотоцикл ашиглан 30 орчим тооны хонь, ямаа хулгайлсан байж болзошгүй ул мөр илрүүлжээ. Тийнхүү сэжиг бүхий ачааны автомашиныг эрэн сурвалжилж, саатуулж шалгах чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажилласнаар дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг саатуулж, .

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамжийг танилцууллаа

НҮБ-ын Хүн амын сан, ЮНЕСКО болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамжийн Монгол эхийг танилцуулах арга хэмжээг 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр хамтран зохион байгуулав.

Удирдамжийн Монгол эхийн танилцуулга нь бэлгийн цогц боловсролыг өргөнөөр сурталчлах, гол оролцогч талуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, бэлгийн цогц боловсролын өнөөгийн хөтөлбөрийг бэхжүүлэх, сургуулиас гадуурх бэлгийн цогц боловсролын стратегийг боловсруулахад түлхэц болно хэмээн зохион байгуулагчид үзэж буй бөгөөд удирдамж нь өсвөр үе, залуучуудад нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон, ээлтэй, бие даасан байдлыг нь хүндэтгэсэн бэлгийн цогц боловсрол олгож, бие, бэлгийн амьдралтай холбоотой асуудлаараа хариуцлагатай сонголт хийхэд туслах боломжийг нээн өгч байна.

Тус арга хэмжээнд төрийн шийдвэр гаргагч, боловсролын салбарын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл 100 гаруй хүн оролцов.