Categories
мэдээ нийгэм

Монгол, Индонези улсын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт Ази, Номхон далайн орнуудын газрын захирал нарын түвшинд болов. Жакарта хотноо 2015 онд онд болсон Монгол, Индонезийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны мөрөөр хийгдсэн ажлуудыг дүгнэж, цаашид хүлээгдэж буй ажлыг эрчимжүүлэх чиглэлээр талууд ярилцав.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Зүүн өмнөд Ази, АСЕАН-ы хамгийн том зах зээл бүхий Индонез Улстай улс төрийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэйг илэрхийлж, бүс нутгийн интеграцид нэгдэх манай улсын зорилтыг хэрэгжүүлэхэд тус улсын улсын дэмжлэг бидэнд тун чухал болохыг манай тал онцлон тэмдэглэв.

Өдгөө хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, иргэд хоорондын харилцаа харьцангуй идэвхтэй өрнөж байгааг талууд сайшааж, улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн түншлэлийг дэмжих чиглэлээр тодорхой санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд хүнсний ногооны хураалт 58.1 хувь байна

Өнөөдрийн байдлаар 43.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 87.7 мянган га-гаас 113.0 мянган тонн үр тариа, үүнээс 105.7 мянган тонн улаанбуудай, 11.2 мянган га-гаас 131.1 мянган тонн төмс, 4.6 мянган га-гаас 51.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 25.1 хувь, хүнсний ногооны хураалт 58.1 хувь, төмсний хураалт 75.1 хувийн явцтай байна.

2019 онд улсын хэмжээнд 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсгийг бүртгэж тоолох, гэрчилгээжүүлэх зорилго бүхий “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна. Энэ хүрээнд Увс аймагт оршин суугаа галт зэвсэг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдийг харъяа сум орон нутгийнхаа хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар дээр очиж бүртгэл тооллогод яаралтай хамрагдахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Хэрвээ галт зэвсгээ тооллогод хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40, аж ахуйн нэгж байгууллагыг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм байна. Галт зэвсгийн улсын тооллого 9-р сарын 20-ноос ирэх 11-р сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

“Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээ нь галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг олж илрүүлэх, алдагдсан галт зэвсгийг олох, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох гэх мэт олон талын ач холбогдолтой ажил юм.

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ

Өнөө шөнө Төв аймгийн хойд хэсэг, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад сэрэмжлүүлж байна. Өнөө, маргаашдаа зарим газраар цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг анхаарууллаа.

2019 оны 10 дугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Тусгай сангуудыг цөөлж, зээл олголтыг ил тод болгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ерөнхий аудитын илтгэлээс 250 орчим төгрөг эргэн төлөгдөх нь тодорхойгүй байна гэж байна. Энэ асуудлыг барагдуулах ямар боломж байна вэ? АСЕМ-тай холбоотой 70 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрлээ гээд байсан. Энэ асуудал юу болсон бэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-“Капитал” банк дампуурсантай холбоотой 250 тэрбум төгрөгийн асуудал байгаа. “Капитал” банк дээр Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдоод ажилласан. Авах авлагуудыг эрэмбэлсэн байна лээ. Засгийн газрын оочерыг хойно тавьсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сан хадгаламж хэлбэрээр байршуулсан байсан. Бид төлөгдөх асуудлыг хойшлуулсан оочерийг наашлууах асуудлыг тавьж байгаа. Эргэж төлөгдөх магадлалтай эсэхийг Монголбанк илүү хариулах байх.

Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд 1990-1996 онд зээлийн гэрээгүй олгосон 294 тэрбум төгрөгийн асуудлыг бид Засгийн газарт оруулна. Тусгай сангаас олгогдсон зээлүүд байна. Бид Тусгай сангуудын хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан.

Ерөнхий аудитор н.Занданбат:

-Аудитын байгууллага хариуцлага шууд тооцдоггүй. Дүгнэлт гаргаж, зөвлөмж өгч ажилладаг. Шалгалтын явцад алдаа зөрчил гаргавал аудитор албан шаардлага өгдөг. Тухайн албан тушаалтанд холбогдох зөрчлөөс хамаарч дээд албан тушаалтанд нь санал тавьдаг зохицуулалттай.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төсвийн тогтворжуулалтын санд 207 тэрбум төгрөг нийлүүлсэн байна. Ирээдүйн өв санд мөн нийлүүлсэн байгаа. Төлбөрийн тэнцэл 141.1 сая ам.долларын алдагдалтай байна. Урсгал дансны алдагдал өмнөх оноос нэмэгджээ. Үүний шалтгаан юу вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Тогтворжуулалтын санд 207 тэрбум төгрөгийн хуримтлалтай. Ирээдүйн өв санд 600 тэрбум төгрөгийн хуримтлал байгаа. Гэхдээ Ирээдүйн өв сангаас өр төлөгдөөд 310 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа. Уг нь хуулиараа энэ мөнгийг корпориаци байгуулж яваад 2030 оноос зарцуулж явах учиртай. Гэхдээ бид холбогдох хуулинд нь өөрчлөлт оруулж, мөнгийг нь олон улсын үнэт цаасанд байршуулж явах юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Хөрөнгө оруулалтын хяналтын Сангийн яамнаас хэрхэн хийх вэ? Сүүлийн үед бид хэдэн сантай байна вэ? Эндээс дэмжлэг, тусламж авах иргэдийн тоо цөөрөхгүй байна. Хүнд суртал арилсан уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 84.9 хувьтай байгаа. Үүнээс концессийн гүйцэтгэл 95 хувьтай байна. Төсөв батлахда 100 хувийн гүйцэтгэлтэй гэдэг. Газартай холбоотой, тендэртэй холбоотой уддаг асуудал гардаг. Хуулинд өөрчлөлт оруулсан. Хөрөнгө оруулалтад Барилгын хөгжлийн газар хяналт тавьдаг. Засгийн газрын тусгай 29 санд шалгалт явуулсан. Нэлээд зөрчил гарсан. 29 сангаа 22 болгож цөөрүүлэх, үйл ажиллагааг нь нээлттэй болгох зорилгоор төсөвтэй хамт хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Ер нь тусгай сангуудаа цөөлж, ил тод болгоно.

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2019.10.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг. 2019 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 21.1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14.5 мянга нь олон хүүхэд төрүүлсэн эх, 3.8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудлыг хөндсөн байна. Өнөөгийн байдлаар, 2.9 мянган эрэгтэй 32 жил ажиллан 55 нас хүрээд тэтгэвэртэй гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар, дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 80.2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэврээс /374.8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна.

Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятад эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөөнд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг болон орон нутгийн харилцааны чиглэлээр олон ажил, арга хэмжээг тусгасны дагуу амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд “Монгол, Хятадын харилцааны шинэ эрин: боломж ба сорилт” сэдэвт Монгол, Хятадын эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр Улаанбаатар хотноо ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар зохион байгуулагдсан энэхүү хамтарсан эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр хоёр орны эрдэмтэд хуран цуглаж, Монгол-Хятадын орчин үеийн харилцааны хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, цаашдын харилцааны чиг хандлагаа зөвөөр тодорхойлох, тулгарч буй сорилтоо хамтдаа даван туулж, хамтдаа хөгжих шинжлэх ухаанч гаргалгааг ажил хэрэгчээр эрэлхийлэхэд чиглэгдсэн юм.

Хоёр улсын эрдэмтэд энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улс, БНХАУ-ын харилцааны 70 жилийн түүхэн хөгжил, туулсан замналыг эргэн харж, цаашдын хамтын ажиллагааны ирээдүйн боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн үйл явцын талаар ч хөндөн хэлэлцлээ.

Хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ахмад дипломатууд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ян Чиндун тэргүүтэй диплома ажилтнууд, хоёр улсын монгол, хятад судлалын эрдэмтэн судлаачид, тухайлбал, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн болон Хятадын Нийгмийн Шинжлэх ухааны академи, Орчин үеийн олон улсын харилцааны судлалын хүрээлэн, Бээжингийн Их Сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн төлөөлөгчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу баригдсан барилгад хадгалж байжээ

Төлөвлөгөөт бус шалгалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах дутуу баригдсан барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ.

Иймд тус үйл ажиллагааг эрхэлж байсан Зун Шун Фа ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.







Categories
мэдээ нийгэм

Хурд хороолол руу ордог замыг маргаашнаас түр хугацаанд хаана

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км авто замыг 2019 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс 23-ны хооронд хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх аж.

Иймд тус замаар зорчих иргэд Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэх юм. Авто замын шинэчлэлтийг “Эко тогтол“ ХХК гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Чех Улсын Сенатын танхимын даргатай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубератай өнөөдөр /2019.10.01/ Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Сенатын дарга Я.Кубераг Монгол Улсад тавтай зочлохыг хүсч,энэхүү айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцааг өргөжүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болж байгааг цохон тэмдэглэв.

Монгол Улс нь Чех Улсыг Азийн орнуудтай, Чех Улс нь Монгол Улсыг Европын орнуудтай холбосон чухал гүүр болох боломжтой гэдэгт талууд санал нэгдэж, Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжийг эрэлхийлж, хоёр улсын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиров.

Европын орнуудын дотор Чех Улсад хамгийн их буюу 9000 гаруй монгол иргэн оршин сууж байна. Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн 5 дугаар сард байгуулсан баримт бичгийн мөрөөр гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэхээр ярилцав.Айчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар дахь Чехийн Элчин сайд яамны хамтран өнөөдөр зохион байгуулах Монгол, Чехийн бизнес форум нь 2012 оноос эхлэн жил бүр болж байгаа бөгөөд Чехийн 20 орчим, Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид оролцохоор бүртгүүлээд байна.