Categories
мэдээ улс-төр

Их суудлын хуралдаан энэ сарын 9-ний өдөр болно

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 9-ний өдөр болно. Хуралдаанаар, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Улсын Их Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

Уг маргааныг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлуулсан билээ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​10 дугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм


09.00 цагт Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөнө.

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2019”-ийн талаар мэдээлнэ.

11.00 цагт ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл илэрхийлнэ.Утас: 88810818

11.00 цагт УИХ-ын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.

12.00 цагт МҮЭХ-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас:99203600, 95704079

13.30 цагт ГХЯ-нд Их Британи Умард Ирландын Хаант Улсын (ИБУИНХУ) Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан сайд Хэйдэр Уилер сэтгүүлчидтэй уулзана. Утас: 99090437

15.50 цагт БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалттай танилцана.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны удирдлагууд Боршоо, Бичигтийн боомтыг өргөтгөх, Улаанбаатар-Дарханы замын шинэчлэлийг үргэлжлүүлэх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт ДАШТ-ээс хасагдсан залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав МЧБХ-ны талаар холбогдох яам, агентлагт гомдол мэдүүлж буй талаараа мэдээлнэ.

13.00 цагт АШУҮИС-ийн багш нар тус сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Шударга ёс, агаар ус” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Point продакшн”-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаа тушаал биелүүлэгч үү, хууль сахиулагч уу?

Цагдааг “цагдаа” гээд хэлчихээр доромжилсон болчихдог цаг саяхан байлаа. Сэргийлэгч гэж дуудах ёстой байв. Цагдаа нь болохоор одоо Цагдаагийн машин дээрээ томоор бичсэн “Po­lice” гэсэн үгний орчуулга, харин “сэргийлэх” гэдэг нь Зөвлөлтийн ижил төрлийн машин дээр бичсэн “Милиция” гэсэн үгний харгалзах монгол үг гэж ойлгогддогоос ийм байв. Францын орон нутгийн цагдааг жандарм гэнэ. Түүнийг “харгис цагдаа” гэж орчуулна. Харгис байдаг нь ч юу юм билээ! Үүнээс үүдээд мөнөөх “police” гэсэн үгэнд ч харгис цагдаа, их сайндаа л хөрөнгөтний цагдаа гэсэн далд утга агуулагддаг байсан бололтой.

Одоо Монгол нь “хөрөнгөтөн” орон болжээ. Сэргийлэгч гэдэг үг бараг мартагдав. Цагдаагийн нийгэмд эзлэх хувь ч эрс өссөн. Монголын арми зургаан мянгуулаа, Цагдаагийнхан аль хэдийнэ арван мянга гараад явчихсан. Харьяалал ч өөр болсон. Хуучин НАХЯ буюу “нууц цагдаагийн газар” гэсэн олон улсын хочтой байгууллагад хамаарч байсан бол одоо Хууль зүйн яаманд (Үүнийг нь Нямдорж До яам болгоод хувиргачихсан) харьяалагдах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болжээ.

Асуудал нэрэндээ байгаа биш юм. Монголоор “сэргийлэх гэж орчуулаад байгаа “милиция” гэсэн үг нь милитари буюу цэрэгжсэн гэсэн үгнээс гаралтай. Цэргийн зохион байгуулалтад байдаг иргэний цэргийг ингэж нэрлэнэ. Америкт Үндэсний гвард ч гэж нэрлэнэ. Эдгээр бие бүрэлдэхүүн хэдийгээр энгийн иргэн боловч тушаал биелүүлэх үүрэгтэй. Эмх замбараагүй байдал газар аван хүч хэрэглэх шаардлагатай болбол, эсвэл үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед “милиция”-ын хүчийг ашигладаг. Бие бүрэлдэхүүн зөвхөн тушаал биелүүлнэ. Үүгээрээ цэрэгтэй их адилхан.

Тэгвэл бидний цагдаа гэж орчуулаад байгаа “police” нь полис буюу хот гэсэн үгнээс гаралтай аж. Энэ нь орон нутгийн засаг захиргаандаа хамаардаг, хууль сахиулах иргэний байгууллага. Бие бүрэлдэхүүн тушаал биелүүлэх учиргүй. Учир нь энэ нь цэргийн буюу цэрэгжсэн байгууллага биш, орон нутаг өөрийн нутаг дэвсгэр дээр олон нийтийн хэв журам сахиулж, хуулийг биелүүлэх ажлыг гарддаг иргэний агентлаг болой. Хэдийгээр орон нутгийн харьяалтай боловч ихэнх оронд мэргэжлийн зангидсан байгууллага төвд нь байдаг. Жишээ нь, Англид гэхэд орон нутагт хамаардаг 56 бие даасан цагдаагийн байгууллага байдаг байна. АНУ болохоор муж хотуудын хооронд цагдаа үүргээ гүйцэтгэж болдоггүй, өөрөөр хэлбэл нэг сумын цагдаа нөгөө суманд үйл ажиллагаа явуулах эрхгүй учир бүх улсыг хамарсан Холбооны мөрдөх товчоо хэмээх байгууллага бас давхар ажилладаг болохыг манайхан киноноос сайтар мэдэж байх учиртай.

Манай Цагдаа НАХЯ-ын харьяаллаас гарсан, нэрээ сольсон хоёрыг эс тооцвол сэргийлэгч маань мөн чанараараа сэргийлэгчээрээ л үлдсэн. Тэд орон нутагт хамаарагддаггүй, хууль сахиулна гэхээсээ тушаал биелүүлдэг. Өөрөөр хэлбэл, цэргийн байгууллага. Тэгээд бас хэн дуртай нь тушаал өгөхийг нь яана. Сайд нь “бухимдахаараа” тушаагаад л парламентын гишүүнээ барьж байхыг нь дэлхий нийтээр харсан. Энд цагдаа нарын буруу байхгүй, тогтоцын гажиг байна.

Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, “Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй” гэх мэт.

Гэтэл өнөөгийн ардчилсан гэхээ больё, юутай ч нээлттэй нийгэмд, тэр дундаа олон улсын жишиг рүү явж байгаа бол үнэхээр сэргийлэхээ цагдаагийн газар болгон хувиргаж, орон нутагт нь харьяалуулан тушаал биелүүлдэг биш, хууль сахиулдаг инстүүц болгон өөрчлөх хэрэгтэй байна.

2003-10-10

Categories
мэдээ нийгэм

2019 оны 10 дугаар сарын 2-ны лхагва гаригт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваар

Image result for эрчим хүч

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 2-ны лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас санууллаа.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

9:30-18:00 цагт: 3, 5-р хороо ОСНААҮГ ХҮТ-8, Хорскинг инвестмент,

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

12:00-15:00 цагт: 1-р хороо 12-р хороолол. 73, 81, 83, 85-р байрууд ХАСУ Мегаватт ХХК, Шунхлай Трейдинг ШТС-7, Форум инвест ХХК, Модун ХХК №2, Иргэн Гантөмөр, ИРГЭН Даваасүрэн, Аранзал инвест ХХК, Аранзал Инвест /Сэлбэ-83 СӨХ/, Иргэн Гантөмөр, Нарлаг-78 СӨХ болон ойр орчмын хэрэглэгчид

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

9:00-18:00 цагт: 20-р хороо 1-р бааз, 5-р бааз, Хуучин цэргийн хотхон, толгойт 33, Хангамж, Баганаран 45, Алтан тариа 1-3-р гудамж, Нефть, Хүнсчидийн байрнууд болон Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг ХХК, Тэвхэн ХХК, Халиун од ХХК, Петростар ШТС-15, Танан импекс ХХК, Алтан жолоо импекс, Од-дин, Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр тэр орчмын хэрэглэгчид

ТӨВ АЙМАГ

10:00-18:00 цагт: Баяндэлгэр сумын бүх хэрэглэгчид

Categories
мэдээ цаг-үе

Ярослав Кубера: Монгол Улс байгалийн баялгаа экспортлох бус, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь чухал


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера бизнесийн төлөөлөгчдийн хамтаар Монгол Улсад есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХын дарга Г.Занданшатар нартай уулзсан юм. Айлчлалын талаар Ярослав Кубератай ярилцлаа.


-Монгол оронд ирлээ. Сэтгэгдэл ямар байна…

-Бид айлчлалын эхний өдрөөс л нутагтаа ирсэн мэт өндөр сэтгэгдэлтэй байна. Ер нь ч тэгээд ийм сэтгэгдэл төрөх болов уу гэсэн бэлтгэлтэй ирсэн дээ.

-Таны айлчлал ямар зорилготой вэ. ямар асуудлуудыг авч хэлэлцэх гэж байна вэ?

-Сүүлийн үед Чехэд нэг цуу яриа тараад байсан. Тодруулбал, Монголд урьд өмнө нь тавьж байсан бидний анхаарал суларч байгаа гэсэн яриа гарсан л даа. Тийм биш, харин ч эсрэгээрээ байгаа гэдгийг харуулах гэж айлчлалаа хийж байна. Манай хоёр улс зөвхөн 1990-ээд оноос хойш хамтын ажиллагаатай болсон юм биш. Олон жилийн хамтын ажиллагааны уламжлалтай. Чехословак гэх улс байснаас эхэлж одоог хүртэл үргэлжилж байна.

Монголчууд ч бидний бараа, бүтээгдэхүүнийг сайн таньдаг байлаа. Би одоогийн бараа бүтээгдэхүүний эргэлт дээр сэтгэл хангалуун бус байгаа. Тиймээс энэ эргэлтийг урьд өмнөхөөс ч илүү өндөр түвшинд хүргэх бодолтой ирлээ.

-Монгол, Чех хоёр улс эртний найрамдалт харилцаатай байсан улсууд. 1990-ээд оноос хойш хамтын ажиллагаа буурсан. Цаашид хоёр улс аль салбарт харилцан ашигтай ажиллах боломжтой гэж та харж байна вэ?

-Монгол Улс ашигт малтмалаар баян орон. Хэд хэдэн орд газрыг манай мэргэжилтнүүдийн тусламжтай илрүүлж байсан түүхтэй. Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгаа экспортлох бус, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь чухал. БНЧУ-ын дэвшилтэт техник, технологи, ноу-хаугаа ашиглан Монгол Улсад туслах боломж бий. Хэдийгээр би улстөрчдийн урилгаар айлчилж буй боловч, бизнес эрхлэгчдийг дагуулж явахыг илүүд үздэг. Чехийн бизнес эрхлэгч дунд Монгол орныг сонирхсон хүмүүс маш их байсан. Онгоцонд багтахгүй их хэмжээний хүмүүс цуг явахаар бидэнд хандсан шүү. Ихэнх нь багтаагүй. Мөн энэ айлчлалаар зөвхөн эдийн засаг бус улс төрийн асуудлыг ч ярина. Монгол Улс өдгөө Үндсэн хуулиа шинэчлэхээр ажиллаж байна. Энэ талаар онгоцны буудал дээр буугаад УИХ-ын гишүүдтэй ярилцах үед мэдсэн. Энэ талаар мөн ярилцах байх. Мэдээж бид Монголын иймэрхүү дотоод асуудалд оролцохгүй. Гэхдээ өөрсдийн туршлагаас хуваалцна.

-Эрдэнэтийн овооны ордыг нээж, нөөцийг нь тогтоох ажлыг анх Чехословакийн геологичид хийж гүйцэтгэсэн байдаг юм билээ. Хоёр орон уул уурхайн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Энэ салбарт та бүхний сонирхол хэр байна…

-Мэдээж бидэнд сонирхол байсаар байгаа. Манай айлчлалын бүрэлдэхүүнд явж буй сенатын гишүүн өмнө нь Монголд геологи хайгуулын төслөөр ажиллаж байсан. Манай геологичид хайгуул, судалгаа хийх туршлага арвинтай. Тиймээс энэ салбарт хамтран ажиллах бүрэн бололцоотой. Манай геологичидийн чадвар яагаад өндөр түвшинд байдаг вэ гэхээр Чех улс ашигт малтмалаар ядуу улс. Тиймээс орд газрыг илрүүлэхийн тулд нэлээд хүчин чармайлт гаргаж байж амжилтад хүрдэг.


-БНЧУ-д 9000 гаруй монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Эдгээр олон мянган залуус хоёр орны харилцааны гүүр болж буй. Тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр байгуулсан баримт бичгийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх талаар ярилцсан уу?

-Энэ асуудлыг хөндсөн. Яг одоо Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид манай улсад энэ асуудлын хэрэгжилт дээр ажиллаж байна. Мөн яг одоо БНЧУ-ын Засгийн газар Монгол Улсад эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх талаар хэлэлцэж байна. Манайд ажиллаж, амьдарч байгаа монгол залуус сайхан амьдарч байгаа. Тэд нартай холбоотой ямар нэг хүндрэл бэрхшээл гардаггүй. Хоёр улсын иргэд ч нэг нэгэндээ найрсаг ханддаг. Тиймээс манай компаниуд монгол ажилчдыг ажиллуулах хүсэлтэй байдаг.

-Манай хоёр орон олон жилийн өмнөөс ажиллах хүчээ харилцан илгээж байсан уламжлалт түүхтэй. БНЧУ-ын визтэй холбоотой гомдлууд их байдаг. Визний асуудлыг илүү хөнгөвчлөх, түргэн шуурхай үйлчлэх боломж байхгүй юу?

-Чех Европын холбооны улс. Хүссэн хүсээгүй Европын холбооны улсуудад үйлчилдэг дүрмийг дагадаг. Зарим нэг дүрэм нь бидний сэтгэлд нийцдэггүй ч дүрэм бол дүрэм. Бичиг хэргийн ажил удаашралтай байдаг гэж сонссон. Чех улс Европын орон, Шенгений орон учраас Шенгений кодексийг баримтлах ёстой. Шенгений кодекс гэх дүрмийн дагуу визний мэдүүлгийг 10 хоногийн дотор шилжүүлэх ёстой гэж заасан байдаг. Харин манай элчин сайдын яам ажлын хоёроос тав хоногийн дотор шийдвэрлэдэг. Тиймээс шуурхай үйлчилж байгаа гэж манай элчин сайд хэлсэн.

-1955 оноос эхлэн БНЧУ-ын их, дээд сургууль болон техник, мэргэжлийн сургуульд манай орны залуус суралцаж байсан. Нуулгүй хэлэхэд сүүлийн жилүүдэд оюутан солилцоо багасчээ. Чех улс оюутан солилцоог хэр дэмжих вэ?

-Чехэд суралцаж буй монгол оюутны тоо хангалтгүй байна. Тиймээс би нутагтаа буцаж очоод энэ талаар ярина. Оюутан солилцоог нэмэгдүүлэх талаар хөөцөлдөнө. Манай оронд суралцаж, боловсрол эзэмшсэн хүмүүс Монголд олон байдаг юм билээ. Заримтай нь уулзаж ярилцсан. Аль намын Засгийн газар байсан ч боловсрол хамгаас чухал. Бүх зүйл хурдацтай хөгжиж байна.

-Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ойн хүрээнд ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээтэй, хүндэтгэлтэй тэмдэглэнэ. Энэ ойн арга хэмжээ бэлтгэлийн шатанд явж байгаа. Улаанбаатар болон Прагад соёлын арга хэмжээ хийх байх. Гол нь спортын арга хэмжээг бид чухалчилна. Учир нь хүүхэд, залуучуудад хөдөлгөөн дутагдаж байна шүү дээ. Монголд хоккейн мөсөн талбай барих талаар ярилцсан.

Манай дасгалжуулагчид монгол хүүхдүүдэд хоккей тоглохыг сургачихвал ирээдүйн дэлхийн аваргаар Монголын шигшээд манай шигшээ баг ялагдахыг үгүйсгэхгүй (инээв). Мөн манай хоёр орон техник, технологи, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах бүрэн боломж байна. Манай айлчлалын бүрэлдэхүүнд БНЧУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч яваа. Энэ талаар ярилцах байх.

-Хоёр орны гадаад худалдааны эргэлт 15 орчим сая ам.дол¬ларт хэлбэлзэж байна. Үүнийг өсгөх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж, бололцоо бий юу?

-Худалдааны эргэлт дээр сэтгэл дундуур байгаа. Зайлшгүй сайжруулах шаардлага тулгарсан. Үйлдвэрлэгчдийн оролцоо маш чухал байна. Компаниуд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ямар бололцоо байгаа талаар мэдээлэл хомс байгаа бололтой. Тиймээс тэдэнд Элчин сайдын яам мэдээлэл өгч ажиллана.

-Манай хоёр улс социалист орон байсан. Танай улсад ардчилал хэр суурьшиж байна вэ. Та манай ардчиллыг ямар шатандаа явж байна гэж харж байгаа вэ?

-Монгол Улс ардчиллаа бэхжүүлж, хөгжүүлэхээр хичээж байна. Нэг маргаан бий. Өнгөрсөн 30 жил богино хугацаа. Эдгээр он жилүүдэд хийсэн, бүтээсэн зүйлс хангалттай байна уу гэдэг дээр маргаан гарсаар байна. Миний хувьд яараад хэрэггүй гэж бодож байна. Аливаа хөгжлийг бодож, болгоомжтой явуулах хэрэгтэй. Жишээ нь, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байна. Үүнийг батлах гэж яарах шаардлага байхгүй. Урт удаан хугацаанд үйлчлэх хууль шүү дээ. Тиймээс анхааралтай хандах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

“Мягмарсүрэн гэдэг дуучин шинэчлэгдээд шинэ юм сурч ирээд олон түмэндээ хүргэх гэж байна”

СТА, Дуучин Б.Мягмарсүрэн өнгөрсөн оны зургадугаар сард Монголд ирж нөхрийнхөө 65 жилийн ойн дурсгалын тоглолтыг хийсэн билээ. Түүний хань нь Монголын дууны шүлгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргал агсан гэдгийг хүмүүс мэдэх байх аа. Харин энэ сарын 30нд “Франц Италийн романтик бүсгүйчүүд” хэмээх тоглолтоо Францын дуучинтай хамтран хийх гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэнтэй ярилцлаа.


-Та тоглолтоо Францын мэргэжлийн дуурийн дуучинтай хамтарч тоглох гэж байна. Тоглолтын онцлог тал нь юу вэ?

-“Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолт маань есдүгээр сарын 30-нд 19 цагаас ганцхан удаа Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдоно. Энэ тоглолт маань хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгт нь дандаа Францын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс, Хоёрдугаар хэсэг нь Италийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бүрдсэн. Түүнчлэн бид гоцлол аринууд дуулна мөн алдартай хоршилууд дуулна. Тоглолтод маань ДБЭТ-ын оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн найрал дуучид оролцоно. Удирдаач УГЗ Н.Туулайхүү маэстро удирдаж байгаа.

-Дуурийн дууг хэзээнээс эхэлж дуулсан бэ?

-1997 онд МУГБ Дашиймаа багшийн удирдлаган дор Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Харамсалтай нь энэ мэргэжлээрээ тасралтгүй явж чадаагүй. Харин 2014 оноос “Парисийн олон улсын хөгжмийн дээд сургууль”-д элсэн орсон. Монголчууддаа нэг шипи хэлэхэд энэ сургууль нас харгалздаггүй. Дэлхий дээр олон олон консерваториуд насны хязгаарлалттай элсэлт авдаг шүү дээ. Тэгээд энэ сургуульд ороод Лириса Тосканелли хэмээх багшид шавь орлоо. Одоо энэ багштайгаа хамтраад тоглолт хийх гэж байна.

-Хэзээнээс хамтарч дуурийн тоглолт хийх болов?

-СУИС-д сурч байхдаа Солонго нэртэй тоглолт, мөн Арие Античе гээд Монтевердийн үеийн аригаар тоглолтууд хийж байлаа. Харин Парист нэгэн өдөр би багшдаа санал тавьсан юм. Яагаад санал тавьсан гэхээр хоолой маань сайхан дуугараад ч байгаа юм шиг, би сайхан дуулаад ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм байна лээ. Яг тэр үедээ хамтарч тоглолт хийе гэж багшдаа хэлж байсан юм. Багш маань зөвшөөрч “Би чамд программ аваад ирнэ л гэсэн” аваад ирэхээр нь харсан ухаан алдаж унамаар том программ. Би тэрийг нь хараад “Би чинь одоо юу гээд ч санал тавьчихав даа, яана даа” гэж хүртэл бодсон шүү. Энэ үедээ ёстой нөгөө монгол хүнийхээ хичээнгүй зүтгэлтэй зангаар зүтгээд сурсан даа. Бид тэнд гурван сар болгон академик дуулалт өгдөг. Тэр дуулалт дээр нэг нэгээрээ аригаа шалгуулаад л байсан. Дараа нь дуэт хоршлуудаа хүртэл өөр оюутнуудтай хийж явсаар, бэлтгэл сайжирсаар өнөөдрийн энэ тоглолт бэлэн болсон гэж ойлгож болно. Бид 2016 оноос эхлэн Парис болон дагуул хотуудаар тоглолт хийж эхэлсэн. Олон гоё тоглолт, хүлээн авалтууд дээр урилгаар очиж дуулдаг.

-Та Францад хүүхдүүдэд Монгол соёл иргэншлийн дугуйланд багшлангаа дуулж байгаа гэсэн үү?

-Яг одоогоор Франц улсад, хүүхдүүдэд Монгол соёлыг танин мэдүүлэх хичээл (дугуйланд) зааж байгаа. Нэг үгээр хэлбэл дугуйлангийн багш хийж байгаа гэсэн үг. Тэгээд л хажуугаар нь дуулна даа.

Хаанаас ямар хүсэлт ирнэ, тэр дагуу дуугаа дуулдаг. Ардын дуу сонсмоор байна, ардын дуугаа дуулаач гэвэл ардын дуугаа дуулчихдаг. Поп дуу монголчууддаа зориулаад баяр ёслол дээр дуулчихна. За тэгээд найран дээр дуулаад өгөөч гэвэл уртын дуугаа бас жаахан дуулчихна. Дуурийн дуу дуулуулах санал ирвэл дууриа дуулна. Би “Ave maria” –аар том тоглолт хүртэл хийж байсан. Ave maria хүний хоолойг үнэхээрийн гоё болгодог.

-Та их гүйцэтгэл сайтай ажилладаг нь харагдаж байна. Энэ их ажлыг ганцаараа яаж амжуулж байна вэ. Өнгөрсөн онд Монголд ирээд тоглолт хийгээд буцсан. Одоо дахиад тоглолт хийх гэж байна?

-Тэгээд амжуулаад л байна даа. Би Монголдоо наймдугаар сарын арвантаванд ирсэн. Ирчихээд юунаас эхлэхээ мэдэхгүй байлаа. Олон сайхан тоглолтуудыг хийж байсан болохоор хамгийн түрүүнд хүмүүст хүргэх реклам сурталчилгаагаа хийнэ гээд Түмээ бид хоёртой олон жил хамтарч ажиллаж байсан Тэмүүжиндээ хандсан. Тэмүүжин сурталчилгааг маань сайхан хийж өгсөн. Ажил ар араасаа сайхан л явсан. Хамгийн гол нь Францын мэргэжлийн дуурийн дуулаачтай хамтран түгээх гэж байгаа тоглолт маань өөрөө их сайхан энергитэй, гэгээлэг зүйл. Хүмүүст гоо зүйн асар их таашаал өгнө. Түүнээс гадна Б.Мягмарсүрэн гэдэг дуучин чинь өөрөө шинэчлэгдээд, шинэ юм сурч ирээд Монголынхоо олон түмэнд хүргэж, үзүүлэх гэж байна шүү дээ. Дараа нь ивээн тэтгэгчид хайсан. Ивээн тэтгэгчид байгуулагууд их сайхан хүлээж авсан л даа. Нээрэн олон жил дуулаагүй шүү дээ. Монголд ирээд сайхан тоглолт хийх гэж байна, өөрчлөлт хийж байна, хамгийн гол нь шинэ юмтай ирж байгаа чинь өөрийн эрхгүй ивээн тэтгэх хүсэл төрүүлж байна гэж хэлээд сайхан хүлээж авсан. Мөн Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон БСШУСЯ дэмжлэг үзүүлж байна, МИАТ-ийнхэн ивээн тэтгэж байна. Надтай хамт ирсэн Францын мэргэжлийн дуучин их баяртай байгаа. Бидний байрлах “Хөвсгөл лаке” зочид буудал их тухтай юм, Хайнаг гээд сайхан зоогийн газартай. Ахлах тогооч нь өөрөө гарч ирээд францаар, анлиар хоолоо тайлбарлаад яриад л их гоё байна. Манай Монголын залуучууд ямар мундаг юм бэ, манай улс маань хөгжиж байна. Урлагийг хүндэтгэж дуучдаа хайрлаж байгаагийн нэг илрэл. Том тоглолтын өмнө амрааж байнаа гэж Хөвсгөл лаке буудлынхандаа баярлаж байна даа.Бидэнд ингэж их анхаарал хандуулж байгаад туйлын их баяртай байна. Урьд шөнө унтаж үзээгүйгээрээ сайхан унтаж амарлаа шүү дээ.

-Таны хань “Хүүхэд насаа хайрлаж явъя”, “Могжоохон даагатай жогжоохон хүү би” зэрэг хүүхдийн бүх л шилдэг дуунууд, мөн “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо” гээд хит дуунуудыг бичсэн нэртэй яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн байсан. Та сайхан ханийнхаа тухай дурсахгүй юу?

-Миний нөхөр хичнээн сайхан уран бүтээлч, ард түмний хайртай хүү байлаа. Тэгсэн, хүний газар яасан нь мэдэгдэхгүй ийм зүйл болсонд миний хувьд яахаа мэдэхгүй, хүнд цохилтонд орчихсон. Тэр үед тэнд болж байгаа бүх зүйл юу ч болоод байгаа юм бүү мэд. Би юу ч анзаарахаа байсан. Учиргүй их уйлж, тэгж их шаналах хэцүү юм билээ. Ийм хэцүү зүйл болсны дараагаар Парисын Олон Улсын Хөгжмийн Дээд сургуульд ороод энэ багштайгаа таарсан даа. Энэ сургуульд орохоосоо өмнө би дандаа авч явдаг Түмээгийнхээ “Гурвалжин аялгуу” номноос асуусан л даа. Зардал өндөр сурах уу яах вэ гэж. “Сонсдог чих хөгширдөг Сонгодог хөгжим хөгширдөггүй ээ…”гээд гараад ирсэн. Ингээд л сурсан .

-Уучлаарай, та яаж асуусан юм бэ?

-Тэр их амархан. Хуудаснууд руу нь үлээж байгаад л асуучихдаг. Би энэ номтой нь үргэлж хамт явдаг байхгүй юу. Энэ номноосоо чухал шийдвэр гаргах бүрдээ асуулт асуудаг.

-Энэ тоглолт тань бас ханьдаа зориулсан тоглолт юм байна?

-Тэгэлгүй яахав. Би түүнтэйгээ одоо ч гэсэн харьцсаар байдаг. Энэ тоглолтоороо дамжуулж өөрийнхөө сэтгэлийн дуулалыг түүндээ зориулж байгаа юм. Сая ирчихээд ажил бүтнэ бүтэхгүй гээд яана даа гэж бодож байлаа.Гав ганцаараа энэ бүгдийг хийж чадах уу гээд л. Тэгээд бас л асуусан. Бас ч нөхрийнхөө 65 насны ойг сайхан хийчихсэн. Одоо энэ тоглолтыг сайхан хийхгүй бол гээд л миний ард бөөн хариуцлага ирээд байна (инээв). Тэгээд дахиад л номноосоо асуусан. Түмээ, би эх орондоо ирчихсэн тоглолтоо хийх гэж байна. Би одоо яах бол. Тоглолт маань сайхан болох болов уу гээд л асуусан. Тэгсэн чинь юу гэсэн гээч “Өргөстэй ч гэсэн өөрийн чинь унасан газар аа, өөр жалганд төрсөн бол чи хэн ч байх юм билээ” гэж хариулсан. Аймаар байгаа биз дээ. Би нөхрийнхөө “Гурвалжин аялгуу” номоор дандаа мэргэлдэг юм. Мэргэлсэн зүйлийнхээ зургийг нь утсан дээрээ дарж авчихаад түүнийгээ байн байн харж энерги авдаг юм.

Би сэтгэлийн дуудлагаараа энэ тоглолтоо хийж байгаа. Энэ сарын 30-нд түмэн олондоо тоглолтоо үзүүлнэ гэхээс сэтгэл догдолж байна. Би өөрийн хүч чадлаар францаас мэргэжлийн дуучин авчраад тоглолт хийх гэж байна шүү дээ. Та бүхэн минь ирж үзээрэй, сайхан энерги аваарай гэж уриалмаар байна. Өөрсдийгөө хөгширчихлөө, нас явчихлаа, болохгүй байна, бүтэхгүй байна гэж битгий хойш тавь. Амьдралд сурах, мэдэх зүйл их байдаг юм байна лээ. Сурч мэдсэнээ эргээд хүмүүст түгээж, гэрэл гэгээ цацруулж байгаарай л гэж хэлмээр байна. Энэ бол миний нөхрийн амьдралдаа барьж байсан зарчим нь. Үүнийгээ ч надад үлдээсэн.

-Та хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юу?

-Миний хүүхдүүд их хөөрхөн. Заримдаа бэлтгэл хийх газар олддоггүй. Монгол Улсынхаа элчин сайдын яаман дээр очиж гуйж бэлтгэл хийдэг. Заримдаа гэртээ бэлдэнэ. Гэртээ бэлдэхэд манай хоёр хүүхэд дагаад л дуулчихдаг юм. Одоо тэг, үүн дээр ингэ гээд л. Тэр битгий хэл хоёдугаар октавын Си гэдэг нотыг би авч чадахгүй байхад миний хүү авдаг байхгүй юу. Энэ юу хэлж байна гэхээр “Миний хүүхдүүд бага ч болов авьяастай, аавынх нь зааж зөвлөсөн бүхэн нь сэтгэл зүрхэнд нь байж байдаг. Тэр минь ээжийгээ хайрлаарай” л гэж хэлдэг байсан. Ээждээ их хайртай миний хүүхдүүд. Намайг их дэмждэг. Ээжээ та чадна шүү гээд л. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь хүүхдүүдийн минь ач түлхэц дэм байлгүй л яахав дээ.

-Монголдоо ирж амьдрах бодол байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд маань нэг үеэ бодвол гайгүй том болчихлоо. Нэг нь коллежид, нэг нь лицэйд сурч байна. Энэ хоёр маань Их, дээд сургуулийн бараа харчихвал гайгүй болчих байх гэж харж байна даа. Миний сэтгэл бол дандаа та нартайгаа, монголчуудтайгаа хамт байдаг. Би жил болгон л Монгол руу ирэхийг хүсдэг. Гэхдээ амьдрал бас санаснаар байхгүй юм даа. Саяхан нэг сард аавыгаа алдлаа. Хэдий тийм ч би ямар аавын охин, ямар ханийн гэргий билээ гэж бодоод ажлаа үргэлжлүүлээд л явдаг. Цаашдаа өөр олон гоё гоё ажлуудыг хийнэ гэж бодож байгаа шүү.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол найрагчтай үрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ (III)

Түрүүч нь 192, 193(6293, 6294) дугаарт


Аян замд юу эсийг ярих билээ. Явуугаа, Удвал гуайг, Эрдэнэ баавай, Цэдэнжав гуай, Мишигийн Цэдэндоржоо ярьж явлаа. Багш минь утга зохиолын тухай ярихад, ерөөс зохиолч нөхдийнхөө тухай дурсахад заавал ч үгүй магнайд нь Явуу багшаа хэлдэг. Санаандгүй юм шиг хэрнээ энэ бол маш том хүндэтгэл, багш шавийн барилдлагын нэгэн сайхан илэрхийлэл ч гэлтэй. Дурсамж ярьсан ч Явуугаа ярина, онигоо ярьсан ч Явуугийнхаа онигоог л эхэлж ярина. “Явуутай цуг Холбооны яамны урдуур гарч явлаа. Сүхбаатарын талбай цэв цэлийн их талбайн зүүн хойноос Ринчен доктор ирж явна. Хэлхгэр ханцуйтай хүрэн тэрмэн дээлэн дээр аралтай суран бүс бүсэлсэн зохиолчийн урт буурал үс салхинд үл мэдэг хийсч, зөрөн өнгөрөх хүн зонтой мэнд усаа мэдсэн шиг намбайтал алхаж явлаа. Явуу Ринчен гуайтай мэнд мэдээд “Та ойрдоо хороогоор үзэгдэхгүй яагаав” гэсэнд Ринчен гуай “Хэвлэлийн Содномдаржаа элч зарж нэхүүлээд өнөө роман (“Сандо амбан” болов уу) гараас гарахгүй, түүнд хэрэг болно гэж Бээжингийн номын санд хийсэн нэг тэмдэглэлээ ядахад эрээд олохгүй, бас Раднаа гуайн хөл тааруухан би маллаад, намайг Ширэндэв, Удвал хоёр маллаад, хоёр даргыг маань…” гэж духайн харж нэгэн амьсгаагаар сахал дороо залган өгүүлэхэд “Хоёр даргыг бүр том дарга нар маллаад” гэж Явуу хэлэв. Ринчен гуай “Цэдэнбал маллаад” гэж шоглож байгаа ч юм шиг, хэлье гэж хэлж байгаа ч юм шиг хэллээ. Эл явдал жаран найман оны зун болсон шиг билээ” гэв.

Дон Кихотыг дагасан Санчо Панчо мэт Явууг бараадан гүйж явахдаа “Пионерийн үнэн”-д ажиллаж байсан Гайтав гуайн гэрт анх очиж хоёр төмөр ор, бичгийн ширээ төдий даруухан тавилгатай тэр айлын эзэн уянгын цэцэн сүрлэг найрагч бичиж буй шүлгээ бусдад уншиж өгөх хичнээн дуртайг, шүлгийнхээ нооргийг бусдаар уншуулж өөрөө чагнан зохиолынхоо өө сэвийг дардаг зантайг нь мэдсэн гэдэг. Үйлдвэр комбинатад ажилчдын дан сууцанд байсан Цэдэнжав гуайнд мөн л Явуу багштайгаа очиж Маяковский, Есенин, Блок, Лермонтов, Пушкин, Гёте, Шиллерийн тансаг мөрүүдийг хаанаас нь бол хаанаас нь цээжээр хэлэхийг нь сонсож явжээ. Ер нь Цэдэнжав гуай шиг гадны сонгодгуудын намтар уран бүтээлийг мэддэг хүн ховор болов уу даа гэж Цоодол найрагч хэлдэг юм.

“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн юм” гэх танхай сайхан мөрүүдийг хэлхэж явсан найрагч сэгсгэр буурал үс, өвдөг гарчихсан хуучин өмд, өсгий нь элэгдсэн шаахайтай их л хээ шаагүй угтах нь тэр. “Гомбын Сэр-Од чинь миний шавь. Тэр маань хоёр хүүхэнд зэрэг дурлачихаад цаад хоёр нь болохоор надад хоёулаа дурлачихаад” гэж хөгийн юм ярина гээд Цэдэнжав гуайгаа дурссан. Монголын хосгүй сайхан уянгач Мишигийн Ширчинсүрэн “Отелло”-гийн Дездемонд тоглуулахаар Ховдын театраас Ванган, Оюун нарын авчирсан Чойсүрэнг нийслэлд “чөдөрлөж”, “Гангар шаазан”, “Хайр”, “Ах бид хоёр”, “Ган” зэрэг гайхамшигт дуулиудаа бичиж хүн сайхан төрж болно, дээр нь бас ухаантай төрж болно гэдгийн ховорхон гэрч мэт уулзалт үдэшлэгүүдийг чимэн гялалзаж явсан нь мөн л жараад он, Явууг бараадаж явах үеийнх нь он жилүүд. “Явуу бид хоёрын нөхөрлөл арслан хав хоёрын үерхэл мэт явдал аа” гэж багш минь хэлдэг. Дорно дахины аугаа их найрагч зиндаагаа хэдийнэ эзэлчихсэн байхад мань хүн Төв аймгийн утга зохиолын дугуйлангийн үл мэдэгдэх гишүүн явсан нь тэгж хэлэхээс ч өөр яахсан билээ. Долоо төгсөөд сургуулиа хаяж хэвлэгдээгүй хэдэн шүлгэндээ цадаад айл хэсч явсан адуучны хүү тийм аугаа найрагчийг олж нөхөрлөнө гэдэг чухамхүү өөрийнх нь хэлдгээр аз заяа байхаас яахав.

Цоодол багш өөрийгөө их мартамхай салан палан гэдэг. Харин нэг зүйлийг мартдаггүй, мартаж боломгүй юм гэж бас байдаг байх нь гээд жаран зургаан оны зургадугаар сарын 17-ны өдрийг хэлдэг юм. Тэр нь Төв аймгийн Зуун мод хотын баруун захад “чонын хонгил” нэртэй галлагаатай дан цагаан байшинд Явуу багш нь гэнэт ороод ирсэн өдөр л дөө. Шаравын Сүрэнжав найрагч их Явууг дагуулаад ирсэн түүх бичигдэнэ. Харин наян хоёр оны хоёрдугаар сарын тавны өдөр Цоодол багш минь Явуу багштайгаа сүүлийн удаа уулзжээ.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курст сурч байсан үе. Өвлийн амралтаар ирээд буцах гэж байсан тэр өдөр Явуу багш нь гэртээ дуудсан байна. “Чи манайд нэг хүрээд ирэхгүй юу. Чамаар Адъяад үг хэлүүлмээр байна” гэжээ. Адъяа эгч болохоор “Энэ Явуухулан ойрд их хариуцлагагүй байгаа” хэмээн уугаад буйг нь хэлээд аашлах маягтай байж. Ингээд багш явах болоход Явуу багш нь хамт гарч одоогийн Үндэсний түүхийн музейн ард хүртэл алхан гаргаж өгөөд “За миний шавь сайн яваарай” гэж хэлээд хоцорчээ. Ачит багшаасаа сонссон хамгийн сүүлчийн үг тэр. “Намайг Москва хүртэл сайн явах тухай биш ерөөсөө үлдсэн амьдралдаа, их утга зохиол яруу найрагтаа сайн яваарай хэмээн молхи шавь намайгаа ерөөжээ гэж бодохуйд нулимс гарах шиг болдог” гэж багш нэгэнтээ хэлсэн. Тийн хэлэхэд эрхгүй хоолойд нь юм тордог юм.

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Зэллэсэн бүхэн эргэж ирнэ

Намрын навч шиг надаас хийссэн

Залуу нас минь л эргэж ирэхгүй ээ” гэх их Явуугийн шүлгийг Бүрэнгийн тэнгэр дор, хонгор намрын салхинд уншихад нэг л утга төгөлдөр санагдсан билээ.

“…Ноорхой даалимбан дээлтэй уртаас урт гэзэгтэй

Номхон царайдаа чимэг томоо алаг нүдтэй

Сорви шарх болсон бүтэн өнчин жаал

Сондуул довон дундуур төөрсөн янзага шиг дэгдэж явахдаа

Согтуу юм шиг амьдралын хөлд сэтгэл нь сэвтээгүй

Согог сууж ахас ихсийн үг сөргөөгөөгүй

Сонин уншиж, захиа дуудаж өгдөг “зөв хүүхэд”

Сономын Удвал Удвалаараа л байв

Баатар Москвагийн хаяанд бөмбөг унаж

Баруунаа “хүн үүл” өдөр өдрөөр нүүж

Гал хөс, зүсэм талхгүй ядарсан хотоос

Гадныхан амиа аваад дүрвэж байхад

Хотын захад оросуудтай нуувчны шороо малтаж

Хонуутаар хээрийн эмнэлэгт цэргийн шарх боож

Цурам хийхгүй олон хар шөнөөр

Цуулсан самбай болгон улаан байхад

Газраа олохгүй сандарч уйлахаа урьтал болгоогүй

Ганц оюутан охин Удвал Удвалаараа байлаа…” гэж багшийн минь Удвал гуайн дурсгалд зориулсан шүлэг бий. Хоёр мянга нэг оны хавар Булганы Хишиг-Өндөрийн Шанжмятавын Гаадамбын нэрэмжит сургуулийн аравдугаар ангийн сурагч жулдрайхан намайг зохиолчдын бараа харуулах гэж сургуулийн захирал Цэнд-Аюушийн Дашзэвэг, сумын тамгын газрын дарга Нямсүрэнгийн Мэндбаяр, соёлын төвийн эрхлэгч Чимидийн Батдэлгэр нарын хүмүүс Дашинчилэн рүү авч очиж билээ. Хаврын зөөлөн салхитай намуухан өдөр Дашинчилэнгийн соёлын төвийн гадаа Цоодол багшийнхаа барааг анх харсан. Тас хар костьюм, жижиг одтой гоёмсог зангиатай, урт хар савхин дээлтэй, шанхнаасаа үл ялиг бууралтаж яваа үсээ хажуу тийш нь налуулсан, нүүр дүүрэн инээмсэглэсэн өндөр ханагар эр байлаа.

Багшийн минь хажууд урт саарал тэрмэн дээлэн дээр аралтай мөнгөн бүс бүсэлсэн, зөөлөн цагаан царайтай Урианхай зогсож байсан сан. Урианхай ахын буурал үс салхинд сэвэгнэхийг харахад хүртэл нэг л гоё. Зохиолчид ирэх сургаар хөдөө гадааныхан морьтой ирчихсэн, соёлын төвийн гадаа бүгд л цуглачихсан байсан юм. Хаврын нар салхинд борлосон олны дунд тэр хоёр ёстой л үлгэрийн юм шиг харагдаж, алхаа гишгээ бүхэн нь сэтгэлийг минь соронздон татаж байлаа. “Жаран ес”-ийн хонины хонхорт сууж явсан миний бие буцахдаа ёстой нэг хий нь гарсан гүзээ шиг шалчийж билээ. Улсын “Хүрэл тулга” наадмаас шагнал хүртэж, Утга зохиолын сургуулийн хуваарь өвөртлөөд ирчихсэн, эгээтэй л өөрийгөө “том найрагч” болчихсон мэтээр эндүүрч явсан бацаан Цоодол, Урианхай тэргүүт яруу найргийн бурхдыг хараад, “яруу найрагч хүн чинь ер бус байдаг юм” гэж бодон нэг муу орос бахиалтай, ягаан цэмбэн дээлтэй өөрийгөө жигтэйхэн голж, үнэндээ шалчийх нь мэдээж л дээ. Тэгэхдээ Дөнгөтийн Цоодол гэж тэр аварга найрагчийн

“…Цэцэн Мандухай шиг, Алтай хангай шиг, Жанна Де Арк шиг

Цэнхэр дорнын Ганди шиг, Онон Туул шиг, Сүх жанжны Янжмаа шиг

Цэмцийж явсан Удвал одоо ч гэсэн Удвал чигээрээ байна

Хэнз улаан цэцэгс би Удвал Удвал гэж ургаж

Хээр талд өглөөний нар би Удвал Удвал гэж мандаж

Хэсэг хэсэг цагаан үүл би Удвал Удвал гэж чарлаж

Хэзээд гэрэл гэгээ болж Удвал Удвалаараа л байна…” гэх мөрүүд миний цээжинд үлдсэн юмсан. Тэгээд бас болоогүй ээ, өнөөх хонины хонхортоо нэгэнт найрагч болох хөг өнгөрсөн, харин авгай авч л таарна, охин хүүхэд төрвөл Удвал гэж нэр өгнө дөө гэж дотроо бодсон. Амьдрал гэдэг нэг талаас мөрөөдөл биш ч юм шиг. Хоёр мянга арван онд анхны хүүхэд төрж миний бие улаан цурав охиныхоо чихэнд “Удвал” хэмээн гурвантаа шивнэхэд нүдэнд минь нулимс дүүрээд ирсэн сэн.

Тэртээ далан есөн оны хавар багш минь Удвал гуайг Баянхонгорт ажлаар явахад нь таарч унаанд нь сууж Өвөрхангайд ирсэн байдаг. Алдарт Арвайн талд явахдаа “Та манай Самбуу гуайнхыг их сайн мэднэ гэсэн байх аа. Би өвгөний сумын хүн шүү дээ” гэсэнд Удвал ахайтан нүдээ цавчлан ялигүй бодлогошроод “Би олон ээжийн хоолоор хүн болсоон. Булган, Өмнөговь, Төв аймагт хаа сайгүй л ээж. Тэр дотроос Нямаа ээж (Самбуу агсны гэргий)-ийн гарын хоолыг бүр ч их хүртсэн. Самбуу гуайг Өмнөговийн дарга байхад бүүр сүүлд Зөвлөлтөд сурч байхдаа ч тогоогий нь амраагаагүй. Дайны цаг. Москва харанхуй, өлөн хоосон. Оросууд гэдэг чинь долоон голтой амьтад шүү дээ. Элчингийнхээ гэрийн хоолыг би бүтэн сайнд нэг удаа буудна. Түүгээрээ долоо хоногоо даана. Оюутнууд орос, монгол ялгалгүй цэргийн эмнэлэгт очиж шарх боосоор оройтно. Ядранаа, эсвэл байрны гэрэл гэнэт унтарч ховор шар төмсөө буцалгаж чадахгүй болно. Өлсөөд шөнө хичнээн орой ч гэсэн гүйж хүрэхэд Самбуу гуай дээлээ нөмөрчихсөн хаалгаа тайлж өгч үг ч дуугаралгүй гал тогоондоо дагуулж оруулаад монгол дархны зэс шанаганд гурилтай хоол халаангаа миний муу нойтон гутлыг тайлуулж, пааран доогуур хийж харагддаг сан гэж өгүүлэхдээ хоолой нь бөжигнөж байсан сан”. Ийм л нулимстай халуун дурсамжууд хөвөрч байгаа юм.

Бүрэнгийн сургуулийн Монгол хэл, уран зохиолын танхим Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын гурван удаагийн эзэн Дөнгөтийн Цоодолын нэрэмжит боллоо. Намрын шар нар ээсэн налгар өдрийн морин цагт ёслол эхэлж Цоодол аварга гэргийн хамт хүндэтгэлийн алтан туузыг хайчиллаа. Ж.Самбуугийн нэрэмжит сургуулийн захирал Содномдаржаагийн Одгэрэл хэл уран зохиолын танхимаа ардын зохиолчийнхоо нэрэмжит болгохыг санаачилжээ. Тэрээр 2002 оноос хойш өнөөг хүртэл Бүрэнгийн сургуулийг удирдаж байгаа нэгэн. Ирэх жил сургуулийнх нь наян жилийн ой болох гэнэ. Цоодол ахыгаа очно гэж дуулаад Дамбаа хурандаа (Алтангэрэлийн Дамбадаржаа), Ширчингийн Сүхбаатар хоёр нь давхиад буулгүй хаачихав. Энэ хоёр эрхэмтэй багшийнхаа гэрт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ёс юм шиг таардаг юм. Тэгээд л Талынбулагаа, Бүрэнгийн уул ус, луухгар луухгар өвгөдийн тухай яриа дэлгэж Дамбаа хурандаа өнөө л жигтэйхэн бүдүүн хадуун дуугаар ярина. Нутгийнхаа тэнгэр дор хурандаагийн дуу улам ч чангарчихсан, аварга амьтан явна лээ. Арга байхгүй биз дээ.

Сүхээ ах бол манай сонины орлогч эрхлэгч байсан, бид нэг гал тогооны хүмүүс л дээ. Мөн л Бүрэнгээ бичдэг, хонхрынхоо хэдэн хөгшдөд зүрхнээсээ хайртай, Жамсрангийн Самбуугаа, Дөнгөтийн Цоодолыгоо эрхэмлэн дээдэлдэг тэднээсээ сэтгэлээ салгадаггүй нэгэн. Дээд сургуулийн оюутан хүү гүйж явахдаа “Монгол төрийн мэргэн өвөө” номыг нь гардаад их баярласнаа мартдаггүй. Хүү Эрдэнэболдтой нь тэр жилийн хавар “Хүрэл тулга”-д хамт оролцож, “Найрамдал” зуслангийн тайзан дээр анхны гэнэн цагаан шүлгүүдээ уншиж явсан тал ч бий. Сүхээ ахын аав Цэгмидийн Ширчин гэж улсын чанарын аварга, ерэн насны өндөрлөгт хүрсэн хөгшин том нударгатай улаан тэрмэн дээлтэй алхаж явна. Булгуудын хэц үнэндээ аргил сайхан хэцдээ гэдэг шиг Ширчин гуай аргагүй л аргил сайхан эр юм. “Цоодол ахыг цэнхэр тогорууны уургач гэдэг. Жаалхан байхдаа цэнхэр тогоруу уургалаад тэрхүү уурганаасаа зүүгдэн би хол явна гэж ярьдаг хэвлүүхэн нөхөр байжээ. Ах минь үнэхээр хол явлаа. Олон даваан дээр гарлаа. Талынбулагаа вант улс гэж тунхаглалаа, үүнээс том гавьяа гэж юу байх вэ” хэмээн Сүхбаатар нь хэлсэн. Харин өнөө барам шиг чанга дуутай ч өр зөөлөн Дамбаа хурандаа “Ах минь хөдөлмөрийн баатрын бариан дээр дүүхэлзэж байна” гэж Цоодол аваргыг хэлэхэд нутгийн олон үүнийг л хүлээж байсан юм шиг бахтай нь аргагүй алгаа ташсан.


Categories
мэдээ нийгэм

Хар бич өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 2, Буд гариг. Билгийн тооллын 4, хар бич өдөр. Өдрийн наран 06:51 цагт мандан 18:31 цагт жаргана. Энэ өдөр бэр авах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх зэрэгт сайн. Шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэх, оёх, худалдаа хийх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын “Цагдаа тушаал биелүүлэгч үү, хууль сахиулагч уу?” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабар “Цагдаа тушаал биелүүлэгч үү, хууль сахиулагч уу?” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үргэлжлэх үү, гацах уу” хэмээн өгүүлжээ.

“Цаг үе, үйл явдал” нүүрт “Александра Панзарелли: Уго Чавесын дарангуйллын суурь нь Үндсэн хуулийн өөрчлөлт байсан” хэмээн өгүүлжээ.

Х.Тэмүүжин “Уул уурхайг түшиглэсэн популизмыг Үндсэн хуульд биччих шиг боллоо” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Т.Мөнхчулуун “Монголоос франчайз гаргаж олон сая доллар олох боломж бүрэн байна” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

“Хууль бус наймаанд холбогдож, эрэн сурвалжлагдаж байгаа Монголын сэхээтнүүд албан тушаал, эд хөрөнгөд “бялуурч” явна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

Д.Өлзий-Орших “1980 онд аав минь авч өгсөн 36 төгрөгний орос банзан гитараар гитартай танилцах түүх эхэлсэн” хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

“Дэлхийн мэдээ” нүүрнээс “Си Жиньпин: Нэг ч хүчин Хятад үндэстнийг урагш тэмүүлэхэд саад болж чадахгүй” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Т.Энхсайхан “Ц.Нямдорж сайдын луйвар булхай ил болж төрийн албаны ургийн мод нь ганхаж эхлээд байна” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

Түүнчлэн ”Энэ өдөр” булангаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслүүд өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улс, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2012 оны хэлэлцээг үндэслэн “Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хэрэгжүүлж байна. Төслийг өндөр түвшинд хамтран хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр Германы тал 2019 он хүртэлх үйл ажиллагаанд 4.0 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий техникийн туслалцааг олгох, Монголын талаас хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт цаг хугацаанд төлөвлөгөөний дагуу хийгдэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан Монголын талын хүсэлтээр 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхон дахь оюутны 2-р байрыг Монголын тал хариуцахаар болж 2019 оны Төсвийн тухай хуульд энэ зориулалтаар 2,5 тэрбум төгрөгийг тусгасан байн

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн. Уг нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 онд байгуулжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төсөл, Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл, Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Өнөөдрийн байдлаар эдгээрээс 2 төслийн тусгайлсан зээлийн гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлж байна. Бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилтийг авах, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэхийн тулд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 1 жилээр сунгах шаардлагатай болсон байна.

Дээрх хоёр хуулийн төслөөс гадна “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III ” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ хэмээн