Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй сургууль” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 19 сургууль, 23 цэцэрлэгт гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Мөн багш, ажилчдад аюул ослоос урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт зохион байгуулах тус арга хэмжээ ирэх 09 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Солонгосын үнэт цаасны санхүүжилтийн корпорацитай хамтран ажиллана

Солонгосын үнэт цаасны санхүүжилтийн корпораци (СҮЦСК)-ийн төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороонд зочилж ажил хэргийн яриа өрнүүлэв. Тус корпораци нь БНСУ-ын үнэт цаасны зах зээлийг санхүүжүүлэх, зах зээлд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, эдийн засгийг дэмжих зорилготойгоор 1955 онд байгуулагдсан. СЗХ болон СҮЦСК нь 2015 онд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан бөгөөд өнөөдөр тус санамж бичгийн дагуу ажлаа эрчимжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, үнэт цаасны зах зээлд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Categories
мэдээ улс-төр

Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарлалаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо.

Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо.

Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэв.

Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх, сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо.

Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах нь зүйтэй гэж ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг жигдрүүлнэ

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.

“400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Жижиглэн болон бөөний борлуулалтын цэгт 14,300 тонн, үйлдвэрийн бүсэд 142,904 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Одоогийн байдлаар 560,000 тонн түүхий эд /мидлинг/-ийг тээвэрлэн татан төвлөрүүлээд байна” хэмээн “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Тахилт”-д жишиг цэг нээсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд долоон жишиг цэг байгуулахаар тохижилт, засварын ажлууд хийгдэж байгаа талаар хэллээ. Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулж ТУЗ-ийн гишүүд сайжруулсан түлшний хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтийн явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар санал солилцоод, иргэд олон нийтэд сайжруулсан түлшний хэрэглээ нөөцлөлтийн талаар мэдээлэл өгч ажиллахыг зөвлөсөн юм.

ТУЗ-ийн өнөөдрийн хурлаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд /мидлинг/-ийг үйлдвэрийн хашаанд 300 тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 тонныг татан төвлөрүүлж, нөөц бүрдүүлэхийг “Тавантолгой түлш” компанийн удирдлагад үүрэг болголоо. Мөн нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэх, борлуулалт, хадгалалт нөөцлөлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахыг тус компанийн удирдлагад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон хятадуудыг шалгаж эхэлжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өмгөөлөгч Д.Хуягбаатар “Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин, улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна гэсэн гомдол гаргажээ. Энэхүү гомдлын дагуу тус газар Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Монгол Улсын 4, Хятад улсын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тусгай зөвшөөрөлтэй талбайгаас ашигт малтмал олборлосон нь тогтоогджээ. Агуулах болон штолин дотор нь олборлосон, баяжуулсан вольфром байсныг битүүмжилсэн байна. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарган шилжүүлжээ.Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон хятадуудыг шалгаж эхэлжээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн айл өрх, ААН-үүдэд 8 цагийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1, 2, 3-р бүсэд хувааж, мөрдөх журмыг 2017 онд баталсан байдаг.

Мөрдөх журмын хүрээнд бүсчлэл бүрийн 110 кВ-ын дэд станцыг өргөтгөх, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаалал даах чадавхийг нэмэгдүүлэх, шинээр дэд станцууд барих зэрэг ажлуудыг 2020 он хүртэлх түвшинд гаргаж, урьдчилсан тооцоолол хийгджээ.

Ингээд дээрх шийдвэрийн хүрээнд ЦДҮС ТӨХК-иас зарласан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 110 кВ-ын 107, 108,109,110-р цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг сольж, дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажил”-ын тендерт Цагаанхорол ХХК шалгаран гүйцэтгэж байгаа юм.

Өргөтгөлийн ажлын явцад 110/10/6кВ Умард дэд станц болон 110/10кВ Улаанхуаран дэд станцын салбар тулгуур хүртэлх утсыг солиход дэд станцыг хүчдэлээс бүрэн чөлөөлөх шаардлага гарчээ.

Иймд Умард дэд станцыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, Улаанхуаран дэд станцыг 09 дүгээр сарын 07-ны өдөр тус бүр 8 цагийн хугацаанд хүчдэлээс чөлөөлөхөөр болсон байна. Тодруулбал, Умард дэд станцыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны 07:00 -15:00 цагийн хооронд хүчдэлээс бүрэн чөлөөлж ажиллана.

Хамгийн гол нь өргөтгөлийн ажлын явцад ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх шилжүүлэг хийх ямар ч боломжгүй хүнд горимоор ажиллахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.

110/10/6 кВ Умард дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож ажил хийх үед:

  • Чингэлтэй дүүрэгт 6 дугаар хороолол бага тойруу, 6 хорооллын үйлчилгээний төв, 5 дугаар сургууль, Нисдэг машин, 50 дугаар сургууль, Баянбүрд бассейн, Хүрд компани орчмын хэрэглэгчид
  • Сүхбаатар дүүрэгт 11 хорооллын хэрэглэгчид, Саруул хотхон, Хурд орон сууцны орчмын хэрэглэгчид
  • Баянгол дүүрэгт 6 дугаар бичил хороолол, БГД –ийн 12-р хорооны байр, Хүрээ дээд сургууль, 28 –р сургууль, Билэг их дэлгүүр, 3-р хорооллын зарим орон сууцны хэрэглэгч, 1000 нэрийн бараа, Тумбааш, Түмэн плаза, Москва комплекс орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.

Цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах шаардлагатай:

  • 01 дүгээр обьект ТП 146
  • МҮОНРТ РП-15,
  • ДШСГ Насос-8 ТП, Насос-6 ТП 938,
  • Гадаад худалдааны яам ТП 710,
  • Цаг уур ТП 478
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын эмнэлэг ТП 3274,
  • 120 айл ТП 127,
  • Ус сувгийн удирдах газрын Тасган насос ТП 1054
  • С-1 телевиз /хуучнаар ХИД-1/ ТП 061
  • Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ КТПН
  • Эх нялхасын эмнэлэг
  • Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг
  • 1, 2 дугаар зэрэглэлийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдана. Аваарийн горимоор ажиллаж байх үед гэмтэл тасралт гарсан тохиолдолд эдгээр хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасарна.

110/10 кВ Улаахуаран дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож ажил хийх үед аваарын горимд оруулахад 10 кВ АШ- ууд 90-100 % ачаалалтай ажиллана.

Ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх шилжүүлэг хийх ямар ч боломжгүй хүнд горимоор ажиллах тул иргэд хувийн бэлтгэлтэй байхыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл Улиастай чиглэлийн замыг улсын комисс хүлээн авчээ

Завханы Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулж улсын комисс хүлээн авлаа.

Тус замыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын “XINJIANG BEIXIN ROAD BRIDGE GRUOP” ХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж 2017 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж, энэ сард дуусгажээ. Уг бүтээн байгуулалтад “WXР”, “Daimond road”, “Энх төгөл бэх” зэрэг дотоодын гурван аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж, нийт замын 30 хувийг барих ажилд орон нутгийн иргэдийг оролцуулсан байна. Нийт 550 орчим ажилтан, 100 гаруй техник хэрэгслийн хүчээр замыг ийнхүү хугацаанд нь ашиглалтад оруулжээ.

Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастайгаас Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж. Өнөөдрийн байдлаар 67 км автозамын суурийн ажлыг хийж буй юм. Ийнхүү 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Увс, Завхан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож буй юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зориг сангийн “Ардчилал зуны зуслан”-д 20 оюутан хамрагдав

Зориг сангаас “Ардчилал зуны зуслан” 5 дахь удаагийн сургалтын төгсөлтийг зохион байгууллаа.

“Энэхүү зуны зуслангийн зорилго нь залуу үеийнхэнд ардчиллын тухай мэдлэгийг түгээж, манлайлах ур чадварыг бэхжүүлэхэд чиглэж байна. Мөн ардчиллыг тогтвортой урагшлуулан хөгжүүлэхэд оршино” гэдгийг тус сангийн зөвлөх Н.Энхбаяр хэллээ.

Тайваниас Монгол Улсад суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлэхдээ, “Монгол, Тайвань нь өрнөдийн ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад ардчилал хөгжөөд удаагүй байгаа хэдий ч олон жилийн туршид хүчин чармайлт гаргасны эцэст Монгол нь өөрийн бүс нутагт “Ардчиллын баян бүрд” болж байсан бол Тайвань нь “Азийн ардчиллын гэрэлт цамхаг” болж чаджээ. Хоёр орны ард иргэд ардчилсан хөгжлийн үзэл санаанд бат бөх итгэл үнэмшилтэй бөгөөд үндэсний тусгаар тогтнолыг хамгаалж, ардчилал, эрх чөлөөт амьдралын хэв маягийг хамгаалахыг зорьж байна” гэв.

Зориг сан 1998 онд Монголын ардчилсан хөдөлгөөнийг санаачлагч С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх зорилгоор байгуулагдсан бөгөөд сан нь Тайванийн Ардчиллын сантай ардчилсан зуны зусланг зохион байгуулах чиглэлээр олон жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ жил 158 өргөдөл хүлээн авснаас нийт 20 оюутанг энэхүү хөтөлбөрт хамруулжээ.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” паралимпын наадамд оролцох баг тамирчдаа дэмжье

Өнөөдрөөс яг жилийн дараа буюу 2020 оны наймдугаар сарын 26-нд Японы Токио хотноо зуны Паралимпын наадмын бамбар асаж пара спортын тамирчид хурд хүчээ сорино.

“Токио-2020” паралимпын наадамд оролцох эрхээ авч Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын эрхийн төлөө даван туулсан ялалт, амжилтын тухай нийтлэл, сурвалжлагыг эрхэм спорт сонирхогч та бүхэндээ цувралаар толилуулж байна.

Монгол Улс одоогоос 3 жилийн өмнө “Рио-2016” зуны 31 дүгээр олимпын наадамд Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу 43 тамирчнаа оролцуулснаас жүдоч Д.Сумъяа /мөнгө/, боксчин Д.Отгондалай /хүрэл/ хоёр л эх орондоо олимпын медальтай ирсэн нь монголчуудын сэтгэл ханамж тийм ч өндөр байгаагүй гэж болно. Тиймээ, Риогоос манай ард түмний хүлээлт их байсан энэ үед олимпын наадмын үргэлжлэл болсон “Рио-2016” паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман тамирчнаас хоёр хүрэл медаль, шагналт IV, V байрт шалгарсан амжилт гаргаж, 2016 оны зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчдынхаа дутууг гүйцээн ард түмнээ баярлуулж бахархлыг нь төрүүлсэн билээ.

Манай пара спортын шигшээ багаас жүдогоор Б.Ууганбаяр, пауэрлифтингээр Э.Содномпилжээ нар паралимпын хүрэл медалийг эх орондоо авчирсан. Мөн “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав болон Б.Оюун-Эрдэнэ нар байт харвааны холимог хосын төрөлд анх удаа IV байрт шалгарсан нь яах аргагүй түүхэн амжилт байв. Мөн пара бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл V байрт шалгарч, Азийн тивийн дээд амжилтыг шинэчилсэн юм.

Өнөөдөр Монгол Улсад 2018 оны албан ёсны статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй 105730 иргэн /нийт хүн амын 3.4 хувь/ байгаагийн 59691 нь эрэгтэйчүүд, 46039 нь эмэгтэйчүүд байна. Монгол Улс энэ иргэдийнхээ эрхийг хангаж, биеийн тамир спортоор хичээллүүлж дэлхийн улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн адил спортын амжилт үзүүлж, эрүүл чийрэг, урам зориг дүүрэн амьдруулах үүрэгтэй. Тиймээс ч Монголд пара спортын олон төрлийг амжилттай хөгжүүлж олон улс, тив, дэлхий, паралимпын дэвжээнд манай тамирчид амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлсээр байгаа билээ. Тэдний энэ амжилт, ялалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст их урам зориг, эрч хүч өгч, түгэн дэлгэрсээр байна.

Энэхүү цувралынхаа эхэнд дэлхий дахинд болон манай улсад Паралимпын үүсэл, хөгжлийн түүхэн замналын тухай танилцуулж байгаа юм.

Паралимпын спортын хөгжил нь 1880 оноос эхэлсэн түүхтэй ч 1945 оноос нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийг системтэй эмчлэх, нөхөн сэргээх үйл явц нь Паралимпын хөдөлгөөнийг жинхэнэ утгаараа хөгжих үндсийг тавьсан гэж судлаачид үздэг.

Дэлхийн II дайны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжилд том дэвшил гарсан нь 1936 онд Германы нацист үзэлтнүүдээс дайжин Англи улс руу дүрвэсэн мэс засалч Людвиг Гютманы /1899-1980/ оруулсан хувь нэмэр онцгой юм. Тэрбээр спортоор дамжуулан тахир дутуу болсон өвчтөний сэтгэл санааг түргэн хугацаанд өргөх, физиологийн нөхөн сэргээлт, сэтгэл зүйн болон хувь хүнийг өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхэд биеийн тамир, спорт маш чухал ач тустайг нотолсон байна.

Л.Гютман Англи улсын Сток Мандевилли хотын эмнэлэгт нөхөн сэргээх онол болон практикийг бүхэлд нь спортод түшиглэн өөрчилсөн юм. Энэ нь удалгүй спортын хөдөлгөөн болон өрнөж хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын спортоор гаргаж болох дээд амжилтуудыг харах боломжийг нээжээ.

Улмаар 1948 оны Лондонгийн олимпын наадамтай зэрэгцэн профессор Л.Гютман Сток Мандевиллийн наадмыг анх зохион явуулсан түүхтэй. Тус наадамд 1952 онд Англи болон Нидерландын ахмад дайчид оролцсоноор олон улсын наадам болж өргөжсөн түүхтэй.

“Паралимпын наадам” /Paralympic Games/ гэдгийг “Сөүл-1988” паралимпын наадмаас эхлэн албан ёсны нэр болгосон байна. Paralympic Games нь грекийн үгийн санд байдаг угтвар үг болох “Para” буюу “зэрэгцээ” гэсэн утга санаатай үгнээс улбаатай юм. Аль ч нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал жирийн хүмүүсийн адил “зэрэгцээ” оршдог тул энэ хүмүүсийн нийгэмд хүргэх дуу хоолойг спортын агуу баяр “Паралимпын наадам”-аар дамжуулан дэлхий нийтэд хүргэх, бэрхшээл зовлонг хамтдаа туулах, эвлэлдэн нэгдэх боломжийг бүрдүүлдэг. Мөн наадамд оролцсон улс орон бүр ХБИ-дээ эх дэлхийдээ сайхан амьдрах боломжийг бий болгож, хийсэн бүтээсэн зүйлээ паралимпын өв хөрөнгө болох хүмүүнлэгийн үйлсийн үнэ цэнийг улс бүхэнд түгээн дэлгэрүүлэх олон талын ач холбогдолтой наадам юм.

Өвөл, Зуны олимпын наадам зохион байгуулах эрх авсан улс орон Паралимпын наадмыг өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай, хүртээмжтэй орчин бий болгох үүргийг хүлээж, нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарал тавих болсон юм. 1990 онд паралимпын спортын холбоод нэгдсэнээр 1992 /09.22/ онд Германы Бонн хотноо Олон улсын Паралимпын хороо /ОУПХ/ албан ёсоор байгуулагдаж Төв оффис нь тус хотод үйл ажиллагаагаа явуулах болжээ.

ОУПХ байгуулагдсанаар бүтэц, зохион байгуулалт нь шинэчлэгдэж, анхны ерөнхийлөгчөөр Канад улсын иргэн, доктор Роберт Стедвард сонгогдож тус хорооноос өвөл, зуны паралимпын наадмыг зохион байгуулах, Үндэсний Паралимпын хороодыг удирдан чиглүүлэх, пара спортын олон улсын холбоодтой хамтарч ажиллах олон ажлыг Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны үйл ажиллагааны жишгийн дагуу явуулж эхэлсэн.

Харин 2002 онд шинэ ерөнхийлөгчөөр Сэр Филипп Грейвен сонгогдож ОУПХ-ны “Хөгжлийн стратеги хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж “Пара спортын тамирчдын дээд амжилт гаргах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэх, тэдний спортын ур чадварыг дэлхий нийтэд гайхан бишрүүлэх, урам зориг өгөх” гэсэн уриа дэвшүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд БТС-оор анхан шатнаас хичээллэхээс эхлэн онцгой анхаарч, цаашид өндөр зэрэглэлийн тэмцээн, наадамд оролцоход бүх шатны байгууллага, спортын төрийн ба ТББ-ын оролцоо нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар ОУПХ-ны төв штабт 20 шахам орны 70 гаруй албан хаагч ажилладаг.

ОУПХ-ны дээд байгууллага Ерөнхий Ассамблей бөгөөд Бүс хариуцсан байгууллага, Удирдах зөвлөл, Байнгын хороо /Допингийн эсрэг, боловсрол, санхүү-аудит, эдийн засаг, ёс зүй, Паралимпын наадмыг зохион байгуулах, спортын судалгаа, эрдэм шинжилгээ, спортын анагаах ухаан, эмэгтэйчүүд ба спорт, өвчний бэртэл гэмтэл тогтоох/-д ажилладаг. Мөн Тамирчдын зөвлөл, Олон улсын спорт хороодын зөвлөлүүд гэсэн бүтэц зохион байгуулалттай байдаг.

Олон улсын Спортын гэмтлийн ангилал тогтооно гэдэг нь пара тамирчдыг тэмцээнд оролцохоос өмнө тухайн тамирчны бэртэл гэмтэл нь тэмцээнд оролцох боломжтой эсэхийг эмч нарын нарийн үзлэг хийж тогтоодог. Ангилал тогтоохын үндэслэл нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ижил түвшинд шударга өрсөлдөөний зарчмаар тэмцээнд оролцох явдал юм. Паралимпын спортод хөгжлийн бэрхшээлийн 10 төрлийн ангиллыг багтаасан байдаг. Тухайлбал, булчингийн хөгжил дутуу, хөдөлгөөн сааталтай, биеийн мөчний аль нэг хэсэг нь тайралттай, урт богино хөлтэй, одой хүмүүс, нуруу нугасны гэмтэлтэй, харааны бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй гэх мэт байдаг.

Монгол Улсад 30-аад жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир спортоор хичээллүүлж эхлэх гараа тавигдаж, 2000 оны Сиднейн паралимпын наадамд анх удаагаа тамирчдаа оролцуулж эхэлсэн түүхтэй.

Монголчуудын 44 жил хүсэн хүлээсэн олимпын аваргаа “Бээжин-2008” зуны 29 дүгээр олимпын наадмаас хүлээн авсан бөгөөд жүдоч Найдангийн Түвшинбаяр олимпын алтан медалийг анхлан хүртэж, 10 хоногийн дараа боксчин Энхбатын Бадар-Ууган хос болгож монгол зон олноо баярлуулсан билээ. Энэ сайхан амжилтын буухиаг үргэлжлүүлэн “Бээжин-2008” паралимпын наадмаас байт сурын төрлөөр паралимпын аварга болсон Дамбадондогийн Баатаржавт олимпын аваргуудын адил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор мялаасан юм.

Улмаар “Рио-2016” паралимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдаас жүдо бөх, пауэрлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртэж паралимпын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн. Жилийн дараа болох “Токио-2020” паралимпын наадамд оролцох манай пара спортын баг, тамирчдаас алт, хүрэл медалийнхаа буухиаг үргэлжлүүлэхээр эрхээ аваад бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа тамирчид бий. Тухайлбал, эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар хүртсэн бол пара буудлагын ОУХМ З.Ганбаатар “Токио-2020” паралимпын эрхээ авсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

PreviousNext

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийг 4000 хүнд олгожээ

Энэ оны эхний найман сарын байдлаар гурван эх үүсвэрээс 283 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Нийт 4000 зээлдэгч хамрагдсан байна. Тодруулбал, Монголбанк сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр зээл олгож байгаа аж. Нийтдээ гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг тогтмол ипотекийн зээлд зориулан олгож байгаа юм. Ингэхээр энэ онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байгаа.