Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 163,728 ширхэг сэг зэмийг устгасан байна

Монгол улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажлын хэсгүүдийг долдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, бүх аймгуудад ажиллууллаа. Нийт 21 аймгийн хэмжээнд бэлчээрийн талбай малын өвөлжөө хаваржааг ариутгахаас гадна малын түүхий эд бүтээгдэхүүний хадгалах цэг, зоорь агуулах тэжээлийн агуулах түүхий эд бэлтгэн нийлүүлдэг цэг талбай, малын тоног хэрэгсэл, зэргийг нэмж устгасан. Үүнд аймаг орон нутгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч ажилласан гэдгийг дурдах нь зөв байх. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 163 мянга 728 ширхэг сэг зэмийг устгасан байна. Мөн 439 зоорь агуулах, 18 мянга 795 малын хашаа, 397 худаг, 31 тэжээлийн агуулах, түүхий эд хадгалах 33 цэг, малын 3115 тоног хэрэгсэл ариутгаж нийт улсын хэмжээнд 16.5 сая метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Энэхүү ажиллагаанд тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийснээр малын гоц халдварт өвчин бэлчээрийн бохирдлоос үүсэх өвчний гаралтыг эрс багасгах юм.

Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэх буудалд ашиглагдах газрын үйлчилгээний заавруудыг хүлээлгэн өгөв

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага-Жайкагаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд шинэ нисэх буудлын газрын үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглагдах заавруудыг хүлээлгэн өглөө. Тус төслийн урт хугацааны зөвлөхөөр 2 жил ажилласан, Жайкагийн мэргэжилтэн-төлийн зохицуулагч Такамура Мицүо өнөөдөр ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомтой уулзах үедээ тус заавруудыг гардуулсан юм. Олон улсын агаарын тээвлэгчдийн холбоо/IATA/-ны газрын үйлчилгээний заавруудыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын Ашиглалтын өмнөх захиргаанд хүлээлгэн өгч буй нь нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт хийж байгаагүй бидэнд тун чухал гарын авлага болно хэмээн талархаж буйгаа ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

Өнөөдрийн семинар “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” сэдвийн хүрээнд өрнөж, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл өөрсдийн судалгаа, шинжилгээний үр дүнгээс илтгэл хэлэлцүүлж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Улс орнуудад баялгийн тэгш бус хуваарилалт, орлогын тэгш биш байдал, нийгмийн тодорхой бүлгийн хүмүүст тэгш бус боломж олгох зэрэг нь нийгмийн тэгш бус байдал үүсэхэд нөлөөлдөг. Гэвч нөгөө талаар байгаль орчин, орон зайн нөлөөлөл тэгш бус байдлыг бий болгоход ихээр нөлөөлж байгааг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тухайлбал, манай улсын тухайд хот, хөдөөгийн тэгш бус байдал, бүс нутгийн ялгаа нь нийгмийн тэгш бус байдлыг үүсгэх суурь шалтгааны нэг болсон. Хотод нийгэм, соёл, эдийн засгийн хэт төвлөрөл бий болсноор хөдөө орон нутаг орхигдсон төдийгүй хотод агаар, хөрсний бохирдол улам нэмэгдэж байна.

Манай улсын хувьд байгаль цаг уур, соёлын онцлогыг харгалзаж, шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр төрийн бодлогыг боловсруулах шаардлагатайг судлаачид хөндөж байлаа. Олон улсын донор байгууллагууд болон үндэсний судлаачид бүхий л салбарт судалгааны ажил хийдэг ч түүнийг бодлогын баримт бичиг боловсруулахдаа огт ашигладаггүйд тэд шүүмжлэлтэй байна. Дэлхийн дулаарал, гамшигт үзэгдэл, бэлчээрийн даац, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг нь бүгд нийгмийн тэгш бус байдлыг үүсгэх урьдач нөхцлүүд болдгийг ч хэлж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд говийн бүсийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгаа мэт харагдаж байгаа боловч энэ нь ажлын байр болон соёлын хэрэгцээний төлөөх түр хугацааны суурьшлын хөдөлгөөн болохоос усны чанар, бэлчээрийн даац зэрэг байгаль орчны хувьд шийдэгдээгүй асуудлууд байсаар байгаа гэлээ. Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнгийн хэлснээр боловсролын түвшний ялгаатай байдал ялангуяа суурь боловсролын тэгш бус байдлыг бууруулах шаардлагатай. Хотын иргэдийн дунд дээд боловсролтой, орлого өндөртэй хүмүүс давамгайлж байгаагийн дээр эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбарт хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй, харьцангуй тогтвортой. Харин хөдөөгийн иргэдийн хувьд мал, малын гаралтай түүхий эдийн үнэ голлож, байгаль цаг уурын нөхцөл, өвчлөл зэрэг хүчин зүйлээс хамаарч хэлбэлздэг байна. Тиймээс орон нутагт хүний амьдрах нөхцлийг бүрдүүлэх төрийни тогтвортой бодлого шаардлагатай. ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, “Нийгэмд тэгш бус байдал популизмын үндэс болдог. Тэгш бус байдал нь улс хоорондын гэхээс илүүтэй тухай үндэстний асуудал болж байгаа учраас төрийн бодлого гаргах үйл явцтай шууд холбоотой. Иймд улс орнууд санхүү, эдийн засгийн салбарын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэрдундаа татвараас зайлсхийх байдлыг арилгах хэрэгтэй. Мөн өөрийн улс оронд бодитоор үүссэн тэгш бус байдлаа хүлээн зөвшөөрөх нь чухал. Ингэж байж өөрийн орны онцлогт тохирсон зөв бодлого гаргаж чадна” гэв. Нэг хүний хариуцлагыг нийтээрээ хүлээдэг зарчим үйлчилдэг болсныг эрдэмтэд болон төрийн байгууллагын төлөөлөл санал нэгтэй хэлж байна. Үүнд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа, нөгөө талаар иргэдийн өөрсдийн үүрэг хариуцлага, хандлага нөлөөлдөг байна. Усны нөөц, хамгаалалтын бүсэд барилга барих, үерийн бүсэд суурьших, зөвшөөрөлгүй газар буух зэрэг нь өөрт болон өрөөлд эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган илтгэлдээ дурдлаа. Төрийн байгууллага бүр өөрийн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа ч орон нутгийн удирдлагуудын ажлын уялдаа сул байдаг. Байгаль орчны тэгш бус байдлыг бууруулахад эрчим хүч, уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт, ус бэлчээрийн нөөцийн асуудлуудыг цогцоор нь харж төрийн бодлогод тусгах шаардлагатайг семинарт оролцогчид хэлж байна.

“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар үдээс хойш “Ус ба бохир усны эрүүл ахуйн байдлыг тэгш бус байдал”, “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах талаарх төрийн бодлогын үр өгөөжийг үнэлэх, дүгнэх – Дараа нь юу хийх вэ?” сэдвээр үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Дэлгэрхааны энгэр” гэх газар Говь-Алтай аймгийн харьяат иргэн М, Х нар нь 2019 оны зургадугаар сараас эхлэн 2 ширхэг экскаватор, 1 ширхэг ковш, 2 ширхэг ачааны Хово маркийн автомашинтай хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг цагдаагийн газраас илрүүлжээ. Улмаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Цагдаагийн газраас дээрх иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хурааж авсан байна.

Categories
мэдээ спорт

М.Сугар Ази тивийн аварга боллоо

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр барилдсан бөхчүүдээс ОУХМ М.Сугар Азийн аварга боллоо. Тэрбээр 70кг-ийн жинд жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийн анхны аварга болов. Өмнө нь тэрбээр энэ жинд ДАШТ-ийн анхны аваргын алтан медалийг авчирсан юм.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Майкл С.Клечески МХБ-д зочиллоо

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Майкл С. Клечески болон тус Элчин сайдын яамны холбогдох төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржид зочилж, 6,017 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээж цан цохилоо. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Гүйцэтгэх захирал Х.Алтай Элчин Сайд Клеческид МХБ-ийн үйл ажиллагааг танилцуулж, Монголын хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо. Ёслолын үйл ажиллагааны үеэр Элчин сайд Майкл С. Клечески “Аливаа улсын эдийн засагт хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг асар чухал билээ. Монгол Улсын хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа энэ цаг үед нэгэнт шинэчлэгдэн сайжирсан хууль эрх зүйн орчин, хуримтлуулсан туршлагадаа суурилан төрийн өмч хувьчлалыг МХБ-ээр дамжуулан хэрэгжүүлэх, тэр дундаа МХБ болон тооцооны байгууллагыг хувьчлах нь манай улсын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж, Монголын хөрөнгийн зах зээл олон улсын зах зээл болоход чухал алхам болох юм” хэмээн онцлон тэмдэглээд, МХБ-ийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Categories
мэдээ нийгэм

Академич Р.Барсболдын гэрт дээрэм хийсэн этгээдүүдийг илрүүлжээ

Image result for Дээрэм

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Р.Барсболдын гэрт энэ сарын 10-ны өдөр үл таних хүмүүс хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Академич Р.Барсболд болон түүний эхнэрт хутга тулган дээрэм хийсэн хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай Б, 28 настай Ч, 28 настай Б нар үйлдсэн болохыг тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэн шинээр барих газрын асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн гарц, гурван нүхэн гарц байдаг. Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатар шат” НӨҮГ-ын дарга, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 120 мянгатад байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, 100 айлд байрлах цахилгаан шатнуудын эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг сольж ашиглалтад оруулсан байна. Цаашид гүүрэн гарцны цахилгаан шатнуудыг хариуцах хоёр ээлжийн ажилтан ажиллуулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж нийслэлийн хэмжээнд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шатны засвар болон техникийн бүрэн бүтэн байдлыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-ыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар өгч хурлын тэмдэглэл гаргалаа.

Мөн зөвлөлийн хурлаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц танилцууллаа. Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж, үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болголоо. Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” хэмээлээ.

Уг асуудалтай холбогдуулан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож танилцуулахыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Отгонбаярт даалгав.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг анхны хуралдаанаа хийсэн байна. Анхны хурлаараа ажлын төлөвлөгөөгөө баталсан ба ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн шахуу хөтөлбөртэйгөөр ажиллахаар тогтсон байна. Тодруулбал,

  • Даваа гарагт /2019.07.22/ Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт
  • Мягмар гарагт /2019.07.23/ Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт
  • Лхагва гарагт /2019.07.24/ Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт
  • Пүрэв гарагт /2019.07.25/ Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт
  • Баасан гарагт /2019.07.26/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засагтай холбоотой заалтын хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт тус тус болно.

Эдгээр хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид оролцож, олон нийтэд ил тодоор мэдээлэл хүргэх юм байна. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар ажиллаж буй. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд нар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн амиа алджээ

Related image

Энэ сарын 18-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүний амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн М /55 настай, эрэгтэй/, Б /42 настай, эрэгтэй/, С /32 настай, эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Харин Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Ц /45 настай, эрэгтэй/, Т /45 настай, эмэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.