Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн гудамж, замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр Чингэлтэй дүүргийн гудамж замыг долдугаар сарын 25-наас эхлэн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа аж.

Чингэлтэй дүүргийн гудамж, замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Чингэлтэй дүүргийн гудамж, замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ​500кг бугын эвэр тээвэрлэжээ

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашинд 500кг бугын эвэр хууль бусаар тээвэрлэн авч явсаныг илрүүлсэн байна. Тус бугын эврийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэсэн бөгөөд тээвэрлэгч иргэн Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэрт хөгжмийн зохиолчийг эцсийн замд нь үдлээ

Монголын суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шаравд хүндэтгэл үзүүлэн салах ёс гүйцэтгэлээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болсон ёслолд төр, нийгэм, урлагийн зүтгэлтэн, хүндэт зочид хүрэлцэн ирэв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нь 1952 оны арван нэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрбээр 1973 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” зэрэг олон арван бүтээл нь ард түмний хүртээл болсон юм. Түүнд Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэж байсан гурван этгээдийг саатуулжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубийн дэргэд хэсэг хүмүүс хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага долоодугаар сарын 20-21-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албанаас шалгалт явуулахад 20-29 насны гурван этгээд хар тамхи мансууруулах төрлийн өвсний ургамал хэрэглэж байсан үйлдлийг таслан зогсоож, саатуулжээ. Хэргийг одоогоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ: 10 сая төгрөгийн таван азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын энэ долдугаар сарын сугалааны тохирол өчигдөр орой “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн супер шагналын дүн 50 сая төгрөг байсан бөгөөд супер шагналын эзэн энэ удаад тодорсонгүй. Тодруулбал, 30 мянган төгрөгийн азтан 26 мянга 277 иргэн, 100 мянган төгрөгийн азтан 2574 иргэн, 1 сая төгрөгийн азтан 271 иргэн, 5 сая төгрөгийн азтан 28 иргэн 10 сая төгрөгийн азтан 5 иргэн тус тус тодорчээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч хэлэлцүүлэгт оролцож төсөл, саналаа танилцуулна

Энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг маргааш “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож төсөл, саналаа танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл 17 цагт эхэлнэ

“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл өнөөдөр буюу долдугаар сарын 22-ны Даваа гаригаас эхэллээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах зорилгоор баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр баталсан юм. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаанд багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтойг албаныхан мэдээлсэн билээ. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэгүүдийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёроос тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Эцэг эх, асран хамгаалагчид наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл нэг сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар хүүхдээ бүртгүүлэх боломжтой. “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулна гэдгийг албаныхан хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийг багийн спортоор хүмүүжүүлье

Хүнээр хүн хийнэ гэх амаргүй ажил бий. Хүүхэд л юм хойно, дүрсгүйтнэ. Тэр бүрт нь толгой руу нь тоншдог арга хоцрогдчихсон. Хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлж, нийгэмд хөрөнгө оруулалт хийх нь эцэг, эхчүүдийн үүрэг. Үүний тулд хүүхдээ спортоор хичээллүүлдэг болжээ. Тэр дундаа багийн спортыг сонгох нь олонтаа. Хүүхдийн өнчин тархи хөгжих үед юм юм л сонирхдог. Тамхи татна, эсрэг хүйстнээ сонирхоно гээд л. Энэ үед нь л спорттой найзлуулчихвал элдэв зүйлд уруу татагдаад байдаггүй аж. Хүүхдийн чөлөөт цаг зааланд өнгөрснөөр өв тэгш бие бялдартэй, эрүүл биетэй, сэтгэл зүйн бядтай болно гэсэн үг. Хамгийн гол нь багаар ажиллах арга барилыг спортоос олж авч байгаа нь өөртөө хийж буй том хөрөнгө оруулалт. Та хүүхдээсээ том амжилт хүлээх нь гол биш. Таны хүүхэд зөв хандлагатай болж, багаар ажиллах чадварт суралцаж байгаа нь ирээдүйд манлайлагч болох эхний алхмаа хийж байна л гэсэн үг. Өнөөгийн нийгэмд ур чадвараас илүү хувь хүний хандлагыг чухалчилдаг болсон доо. Өөрөөр хэлбэл хандлага зөв байхад ур чадварыг суулгаж болно гэсэн үг.


Categories
мэдээ цаг-үе

Молдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй. Учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг

Азийн аварга шалгаруулах жью жицүгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Казахстан улсын тамирчин Молдир Мекенбаеватай ярилцлаа.


-Азийн аварга шалгаруулах жью жицүгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Та улаанбаатар хоттой танилцаж амжсан уу?

-Сайн байна уу. Монголд тавтай ирсэн. Би өчигдөрхөн (өнгөрсөн баасан гариг) Монголд ирсэн болохоор хараахан Улаанбаатар хоттой танилцаж амжаагүй л байна.

-Монголд ирсэн анхны сэтгэгдэл ямар байна?

-Би Монголд анх удаа ирж байна. Би хэдий Улаанбаатар хотыг үзэж амжаагүй байгаа ч гэсэн хүн болгон надтай хамт зураг авахуулж, найрсаг, эелдэг хандаж байгаа нь үнэхээр таалагдаж байна.

-Монгол улсын талаар өмнө нь ямар нэгэн төсөөлөл байсан уу?

-Тийм ээ. Монгол Улс нь Казакстан улсын хөрш улс учраас бага зэрэг мэднэ. Монгол Улс надад таалагддаг.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл тавуулаа. Би хоёр эгчтэй. Том эгч маань бразил нөхөртэй. Түүний нөхөр миний дасгалжуулагч. Тэрээр Казахстан улсад анх жью жицүгийн спортыг оруулж ирсэн. Хоёр дахь эгч маань жью жицүгээр хичээллэдэг. Бид хоёр жью жицүгийн тэмцээнд хамт явдаг. Тэр намайг бодвол их туршлагатай л даа. Манай гэр бүл намайг тэмцээнд орох бүрт дагаж явдаг юм. Харин энэ удаад хараахан ирж амжсангүй.

-Барилдааны үед ямар мэхийг голчлон хийдэг вэ?

-Тийм ийм гэсэн онцлог мэх хийдэггүй. Барилдаанаа мэдэрч барилдахыг л хичээдэг. Бэлтгэлээ сайн болон тогтмол хийх нь чухал. Тухайн цаг мөчид ухаан зарж барилддаг. Манай дасгалжуулагч “Өөрийгөө хүчилж бэлтгэл хийхгүйгээр ухаалгаар бэлтгэлээ хангаж бай” гэдэг. Барилдааны үед өрсөлдөгчийн дээр болон доор хаана ч байж болно. Харин тухайн мөчид ямар мэх хийхээ мэддэг учраас ухаан зарж барилддаг.

-Азийн аваргын төлөөх тэмцээний бэлтгэлээ хэр сайн хангасан бэ?

-Би бэлтгэлээ тогтмол хийдэг. Бид зөвхөн тэмцээнд зориулж бэлтгэл хийдэггүй. Үргэлж л бие болон сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг хичээдэг. Манай дасгалжуулагч шөнө дунд байхад ч хамаагүй одоо гарч бэлтгэлээ хийе, тэмцээнд оръё гэхэд шууд л бэлэн байдаг. Ер нь бол бид байгаа бүх чадвараа гаргахыг хичээдэг.

-Тэмцээнийхээ өмнө анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг вэ?

-Өдөр бүр бэлтгэл хийхдээ сэтгэл санаа, бие махбодын хувьд бэлэн байхаар сэтгэл зүйгээ бэлддэг. Жишээ нь, энэ тэмцээнд орох эсэхээ долоо хоногийн өмнө л гэхэд мэдээгүй байсан. Казахстаны жью жицүгийн холбооноос саяхан гэнэт шийдвэр гаргасан л даа. Тэгээд л мэдэгдсэн. Сүүлийн онгоцны тасалбараар өчигдөрхөн би энд ирсэн. Хэдий гэнэт шийдвэр гаргаад ирсэн ч гэсэн бэлтгэлтэй, бэлэн байсан болохоор өнөөдөр мөнгөн медалиар энгэрээ мялааж байна. Гэнэт шийдвэр гараад ирсэн болохоор багахан ядарсан л даа.

-Олон ангит кинонд дүр бүтээж байсан. Бөх барилдах болон кинонд тоглох хоёрыг хэрхэн хослуулж байна бэ?

-Би их сургуулийн математикийн ангийн оюутан. Би жүжигчин гэсэн мэргэжлээр сураагүй. Олон ангит кинонд тоглох дүрийн шалгаруулалтанд өөрийгөө сорьсон. Тэгээд л тэнцчихсэн. Жью жицүгийн спортод би дуртай. Би математик, кинонд тоглох, барилдах гуравтаа гурвууланд нь дуртай. Аль болох амжуулаад хийхийг хүсдэг зүйлүүд минь юм даа.

-Киноны ертөнц шигээ загварын тайзыг сонирхох бодол бий юү?

-Миний хобби кинонд тоглох. Загвар өмсөж модель болох сонирхол надад байхгүй. Мөн жью жицүгийн спортыг сурталчлах модель байсан нь дээр санагддаг. Жүжигчин болохыг ч зориогүй л дээ. Харин боловсролын салбарт ажиллах хүсэлтэй. Бүх зүйлд бэлтгэлтэй бай гэдэг шиг. Надад кинонд тоглох санал ирвэл киноны зохиол болон дүр нь таалагдвал тоглоно. Татгалзахгүй.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Хамгийн эхний зорилго бол Казахстан улсын анхны жью жицүгийн хар бүстэй эмэгтэй тамирчин болох. Мөн жью жицү гэсэн энэ спортыг Казахстан улс даяар дэлгэрүүлэхийг хүсч байна. Жью жицү хурдтай өсч байгаа спорт. Тийм болохоор улсдаа өөрийн гэсэн сургалтын төв ажиллуулж, багш дасгалжуулагч болно. Бас би ирээдүйдээ математикийнхаа чиглэлээр магистр хамгаалах зорилго тавиад байгаа.

-Таны эцэг, эх жью жицүгийн спортоор хичээллэхийг тань дэмждэг байх. Эцэг, эх тань хэрхэн зөвлөгөө өгдөг вэ?

-Манай аав ,ээж хоёр жью жицүгийн спортоор хичээлэхийг минь хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр хэдий энд ирээгүй ч гэсэн интернэтээр миний барилдаануудыг үзэж байгаа. Тиймээс үргэлж намайг дэмждэг. Аав минь надад хэлэхдээ “Жью жицүгийн спортоор хичээллэхдээ үргэлж өөрийнхөө сонирхлоор байгаарай. Барилдах бүртээ өрсөлдөгч гэсэн утгаар биш өөртөө таатай мэдрэмж авахаар барилдаарай” гэдэг. Хэдий би түрүүлэхийг хүсэж байгаа ч өөрийнхөөрөө хөгжилдөж, таатай мэдрэмж авахаар барилддаг.

-Тэмцээнд орох үедээ өрсөлдөгчөө хэр судалдаг вэ?

-Би судалдаггүй. Гэхдээ нэг жинд барилддаг хүмүүстэйгээ тэмцээн дээр ихэвчлэн тааралддаг учраас бага зэрэг мэднэ. Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй. Учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг. Хэзээ ч барилдахад бэлэн байхаар сэтгэл зүйгээ бэлддэг учир миний өрсөлдөгч хэн байх нь надад хамаагүй.

-Монгол аялал жуулчлалын шугамаар дахин ирэх төлөвлөгөө бий юү?

-Хэрвээ надад боломж, цаг хугацаа нь байх юм бол би заавал ирнэ. Учир нь гэвэл би аялахыг үнэхээр их хүсдэг. Одоогоор би Улаанбаатар хотод байна. Хэрвээ дараа ирвэл хотоос гарч хөдөө нутгийг зорино.

-Дасгалжуулагч чинь дэвжээн дээр гарахын өмнө танд хэрхэн зөвлөдөг вэ?

-Ер нь бол дасгалжуулагч маань бэлтгэл хийхэд үргэлж үлгэр дуурайл болдог. Энэ нь намайг зоригжуулдаг. Дэвжээн дээр гарахад бэлтгэл чинь бүрэн хангагдсан л гэж хэлдэг.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Би өдөр бүр бэлтгэл хийхийг хүсдэг. Гэтэл би оюутан учраас хичээлийнхээ цагаас хамаарч долоо хоногт 5-6 өдөр бэлтгэл хийдэг. Хэрвээ би амралттай, завтай байх юм бол өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Надад бүтэн өдрийн зав байвал өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийж ч чадна. Яагаад гэвэл би энэ спортод дуртай. Ерөнхийдөө бол цаг 30 минутаас хоёр цаг хийдэг. Амралтын өдөр байвал дөрвөн цаг хийнэ.

-Монгол улсад жью жицү спортыг хөгжүүлэхэд нэмэр болох ямар нэгэн уриалга хэлээч?

-Жью жицү спорт нь эрүүл мэндэд үнэхээр сайн. Шатар тоглохтой адил оюун санаанд бас сайнаар нөлөөлдөг. Энэ спортоор найман настнаас ная хүртэлх бүхий л насныхан хичээллэх боломжтой. Онгоцны буудал дээр намайг угтаж авсан болон надад бэлэг өгсөн хүмүүст маш их баярлалаа. Надад үнэхээр их таалагдаж байна. Залуучууд аа, жью жицү спортоор хичээллэцгээгээрэй гэж хэлмээр байна.

Э.НАРАНЗАЯА