Categories
мэдээ нийгэм

Налайх-Чойрын автозамын ажлын гүйцэтгэл

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34.74% тай хийгдэж байна.

Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, , гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дууссан байна. Мөн далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим хувьтай, хөлийн голын гүүрийн ажлын явц 28,5 хувьтайгаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүлжүүлэгдсэн хүний тоо өмнөх оны мөн үеэс 40,7 хувиар өсчээ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгалаа. Шалгалтыг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг ахлан хийсэн юм.

Эрүүлжүүлэх, саатуулах төв нь нийслэл хотод байгаа бусад байрнуудаас хамгийн их ачаалалттай ажиллаж байгаа газар бөгөөд төвийн ахуй нөхцөл болон саатуулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд баримтлах холбогдох журам зааврын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж шалгажээ.

2018 оны эхний хагас жилийн байдлаар 6953 хүн эрүүлжүүлэгдсэн бол 2019 оны эхний 6 сарын байдлаар 9485 хүн эрүүлжүүлэгдэж өмнөх оноос 40,7 хувиар өсчээ. Тус төвийн барилгын зарим хэсэгт цууралт үүссэн, ашиглах боломжгүй байгаа талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа дүгнэлт гарсан боловч одоо хүртэл ажиллаж байгаад зохих анхаарал тавьж ажиллах шаардлагатай байгааг шалгалтын явцад анхаарууллаа.

Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид анхаарах асуудлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрхүү мужид их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна

Эрхүү мужийн Тулун хотод их хэмжээний хур тунадас орсны улмаас байшингууд болон суурин газрууд дахин усанд автсан тухай Эрхүү мужийн албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна. “Өнгөрсөн бямба гарагт Эрхүү мужид орсон хур тунадасны хэмжээ Тулун хотод хамгийн их байжээ. Тус хотод 104 миллиметр хур тунадас унасан нь сарын туршид орох хур тунадасны хэмжээнд хүрч байна. Хүчтэй аадар бороо урт хугацаанд үргэлжлэн орсны улмаас Доод-Үд, Тулун хотуудад байшингууд дахин усанд автжээ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Эрхүү мужийн ус цаг уурын орчны шинжилгээний газрын дарга Азат Насыровын мэдэгдсэнээр, ойрын өдрүүдэд мужийн баруун, төвийн болон өмнөд нутгуудаар ихээхэн хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн Тулун, Доод-Үд, Зима районд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байаагийн улмаас Үд, Ия, Бирюса голын усны түвшин нэмэгдэж магадгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 70 жолоочийг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.27-28-ны амралтын өдрүүдэд нийт 366 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтсэн байна.

Гэмтэж бэртсэн хүний 3 нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол 2 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.

Нийт гэмтсэн хүний 4 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна. Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсэд “Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ”-г хүргэлээ

Нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар, тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байгаа иргэддээ нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар хүргэж эхэлснээс хойш 3 сарын хугацаа өнгөрч байна. Иргэдийн амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор энэ удаад бид зуслангийн бүсэд зохион байгууллаа. Өнгөрсөн амралтын өдөр /2019.07.06/ Шаргаморьт, Жигжид орчимд нийгмийн даатгалын 13 ажилтан очиж, 85 даатгуулагч, иргэнд зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүллээ. Энэ үеэр зарим иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 9-Р ХОРООНЫ ИРГЭН С.САРАНГЭРЭЛ: Би ирэх жил тэтгэвэртээ сууна. “Дүүргийн нийгмийн даатгал дээр очиж зөвлөгөө авна даа” гэж хойшлуулсаар өдий хүрсэн. Манай лагер энүүхэнд ойрхон байдаг юм. Нийгмийн даатгалын хүүхдүүд ирсэн явуулын үйлчилгээ үзүүлж байна гэхээр нь ирж зөвлөгөө авлаа. Бас тэтгэврээ урьдчилан тооцуулж авлаа. Ард иргэд бидэнд хүрсэн сайхан үйлчилгээ болжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17-Р ХОРООНЫ ИРГЭН Ч.БАТ-ОРШИХ: Хүн болгон амарч зугаалж байгаа энэ үед, тэгээд амралтын өдөр албаны хувцастайгаа энэ алслагдсан газар ирээд үйлчилгээ үзүүлж байгаа нь сайхан санагдлаа. Би саяхан ажлаасаа гарсан, хувиараа нийгмийн даатгалаа төлөхөд ямар ашиг тустай байдаг, хэдэн төгрөг тушаадаг зэргийг тодруулахаар энд ирсэн. Малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх зорилго бүхий тус өдөрлөгийг өнгөрсөн хугацаанд нийтдээ 22 удаа зохион байгуулж, 4083 иргэнд хуулийн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн сайн дурын даатгалд 201, эрүүл мэндийн даатгалд 342 даатгуулагчийг хамруулж, “Нийгмийн даатгал” аппликейшнний кодыг 475 иргэнд олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон сэтгэцийн өвчтэй эмэгтэйг эсэн мэнд олжээ

Энэ сарын 27-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганат багийн задгайд тус сумын харьяат иргэн 19 настай, сэтгэцийн өвчтэй эмэгтэй К гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Сураггүй болсноос хойш нэг хоногийн дараа ар гэрийнхэн нь дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид тухайн иргэнийг эрэн хайж тус сумын Партизан баг дахь иргэн П-гийн хашаан дотроос эсэн мэнд олжээ. Тэрбээр гэрээсээ таван км-ийн зайтай айлын хашаанд байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх зорчих хэсгийн баруун талын туслах замыг хаана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг 2019 оны 07 дугаар сарын 27-ноос хэсэгчлэн, 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алт” хөтөлбөртөө биш Монголын баялгийг хувааж идэх гэсэн төрийнхний дундах өрсөлдөөний хямрал юм

Түрүүч нь №152(6253) дугаарт

-ТӨРИЙН БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР АЛДАГДАЖ, ХУВИЙН ЭРХ АШИГ ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙН ДЭЭР ГАРАХ БОЛЛОО-

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай ярилцлаа.


-Таныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч гэхээс гадна ардчилсан гэх тодотгол хамт явдаг. Өнөөдөр бол нийгэмд ардчилал жинхэнэ утгаараа тогтнож чадахгүй байна, ардчиллаа алдаж байна гэх шүүмжлэл бий. Үүнд хариулт өгөх ёстой хүмүүсийн нэг нь та болов уу?

-Тэр шүүмжлэл үнэн. Бид өнгөрсөн хугацаанд ардчилсан зарчмаас олон зүйлээр ухарч байна. 1992 оны Үндсэн хуулиас гадна 2000 онд хийсэн нэмэлт, өөрчлөлттэй Үндсэн хууль гэсэн хоёр хуультай болсон. Зах зээлийн эдийн засгаас алхам, алхмаар ухарсаар байна. Төрийн бодлогын залгамж чанар, төрийн тогтолцооны тогтвортой байдал алдагдах боллоо. Хувийн эрх ашиг, намын эрх ашиг, үндэсний эрх ашгийн дээр гарч, хөл толгойгоо алдаж гүйцлээ. Эрх зүйт төрийн зарчим алдагдаж, хууль зөрчих, хууль биелүүлэхгүй байх нь ердийн үзэгдэл биш систем болж хувирлаа. Энэ бүхэн бол ардчилсан зарчимд харш, ардчиллаас ухарч буй баримт юм.

-Сүүлийн үед АН ихээхэн зөрчилтэй байгаа. УИХ дахь бүлгээ ч тараачихлаа?

-Ардчилсан намын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны буруугаас болж сонгуульд ялагдсан. Түүнээс л бүх буруу үр дагавар үүдэлтэй. Ардчилсан нам Монголын ардчиллыг манлайлагч байх үүргээ умартаж, нам доторх хэсэг бүлгийн сонирхол гаарч, нэгдсэн байдлыг алдаж, хувийн тоглогчид албан тушаал алдар нэр хөөцөлдөгчид, ашиг хонжоо хайгчид олширсноос намын нийгэмд эзлэх байр суурь суларч сонгуульд, ялагдахад хүрэв бололтой. Энэ аюулаас өөрөө, өөрийгөө аврах хэрэгтэй. Ийм боломж Ардчилсан намд бий.

-Та Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш Ардчилсан намын гишүүний эрхээ сэргээлгэсэн үү. Ер нь намын дотоод үйл ажиллагаанд оролцож байна уу?

-Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш намын гишүүн байхыг хориглосон. Албан ажилд орж, олон жил үргэлжлүүлэн ажилласан учир намын гишүүний эрхээ сэргээгээгүй. Тийм болохоор намын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй.

-Монгол Улсад эрдэс баялгийн салбар монголчуудын хувьд дээр дооргүй маргаан тэмцэлдээний гол шалтаг болж, эдийн засаг, улс төрийн хямралд хүргэсэн. Үүний эхлэлийг “Алт” хөтөлбөр тавьсан гэцгээх юм. Магадгүй тийм ч байж болох. Гэхдээ ашиг тусыг нь ч бас мэдэх ёстой болов уу. Та юу хэлэх вэ?

-Эрдэс баялгийн салбар Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа салбар. Монголын экспортын 90 гаруй хувийг энэ салбарын бүтээгдэхүүн эзэлдэг. Монгол Улс хэрэглээнийхээ 70 гаруй хувийг гаднаас авдаг орон. Утас, зүүнээс эхлээд онгоц, машин хүртэл гаднаас л авч байна. Үүний оронд өгдөг юм чинь уул уурхайн бүтээгдэхүүн шүү дээ. “Алт” хөтөлбөрийн тухайд гэвэл түүнийг санаачлагч нь би мөн. 1990-ээд оны эхээр Зөвлөлтийн зээл тусламж зогссон. Эдийн засгийн харилцан туслах Зөвлөл тарж, бидэнд өгдөг байсан тусламж хаагдсан. Өөрсдийн дайснаа гэж үздэг байсан капиталист орнуудтай хань хамсаатан болж амжаагүй, Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж байсан үед “Алт” хөтөлбөр бүгдийг аварсан юм. Тэр үед нэг унц алт 258 ам.долларын үнэтэй байв. Одоо 1423 ам.долларын үнэтэй байна. “Алт” хөтөлбөрийн хүчинд Монгол Улсын валютын нөөц өсч, зээлжих чадвар ч дээшилж, дэлхийн зах зээлтэй харилцах боломж нэмэгдэж байсан. Одоо ч тийм байгаа. Энэ хөтөлбөрийн ач тус үүгээр хязгаарлагдахгүй. Монголын экспортын барааны нэг байсаар байна. Цаашид ач холбогдол нь улам нэмэгдэнэ. “Алт” хөтөлбөрийг санаачлах үед Монгол Улс жилд 600кг алт олборлодог байсан. Одоо жилд 20 мянган кг-аас илүүг олборлодог болоод байна. Энэ дэвшил биш гэж үү. Чиний хэлж байгаагаар монголчуудын дотор дээр, дооргүй маргаан тэмцэлдээний гол шалтаг болж, эдийн засаг, улс төрийн хямралд хүргэж байгаа юм бол хэргийн учир “Алт” хөтөлбөртөө биш Монголын баялгийг хувааж идэх гэсэн төрийнхний дундах өрсөлдөөний хямрал юм байлгүй дээ.

-Таныг Ерөнхийлөгч байх үед нэрлэгдсэн стратегийн таван ордоос олонх нь хөдөлгөөнд орсон. Тэдгээрээс одоо Асгатын орд л түгжигдээд байна уу даа. Энэ орд бол Монгол, Оросын хил дамнасан орд. Тийм ч учраас ордыг хөдөлгөж чадахгүй байгаагийн шалтгаан нь хойд хөрштэй холбоотой гэсэн ойлголт байдаг?

-Чиний наад ойлголт чинь буруу байна. Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудлаар хил хязгаартаа байгаа юм биш. Энэ бол цэвэр технологийн асуудал байсан. Мөнгөний хүдэрт байгаа ялгах технологийн шийдэл олдохгүй байсаар нэлээд хугацаа өнгөрөөсөн. Асгатын мөнгөний орд дээр арай гэж нэг хамтрагч олоод хамтран ажиллах гэрээ байгуулсныг манай улстөрчид цуцлаад хаячихсан юм шүү дээ. Ямар шалтгаан байсныг би мэдэхгүй. Ийм найдваргүй этгээдүүдтэй хамтран ажиллах, технологийн боломжтой хамтрагч дахиад олоход хүндрэлтэй байж мэднэ.

-Одоо улсын төсөвт хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа орд бол Оюу толгой. Оюу толгойтой холбоотой олон үйл явдал өнгөрсөн хугацаанд өрнөлөө. Авлига албан тушаал, гэрээ, Монгол Улсын хүртэх ашиг зэрэг асуудал яригддаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Их харамсалтай байна. Оюу толгой шиг төсөл энэ зуунд бидэнд дахиж олдохгүй. Яагаад амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх гээд байгааг би ойлгохгүй байна. Оюу толгой бол маш сонин тогтоцтой, ур ухаан, эрдэм мэдлэг, дадлага туршлага шалгасан гайхамшигтай онцлог орд. Үүнийг хайж, нээх гэж дэлхийн алдартай мэргэжилтнүүд газар газраас ирж ажилласан. Монголын сор болсон мэргэжилтнүүд ч энэ ордыг нээхэд гар бие оролцсон юм шүү. Өмнийн говьд зэсийн ордыг нээх боломжийг судлах мэргэжилтний багийг уулын инженер, техникийн шинжлэх ухааны доктор, хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэг санаачилж зохион байгуулсан. Энэ багт аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дондогийн Гарамжав орсон. Оюу толгойн хувь заяаг шийдсэн алдарт 150 дугаар цооног өрөмдөх газрыг геологич Д.Гарамжав заасан. Орд нээгдсэн. Асар их хөрөнгө зарсан. Болзошгүй олон эрсдэлийг давсан. Цаана нь ч цөөнгүй эрсдэл байхыг үгүйсгэх аргагүй. Газрын гадаргаас 1500 метр гүнд босоо хэвтээ 200 км уулын малталт хийх далд уурхайн ажил явагдаж байна. Хий тоос, халуун хүйтний горим, аюулгүй ажиллагааны бүх нөхцөлийг хангах уул уурхайн барилга байгууламжийн маш нарийн зураг төслийг боловсруулж мөрдөн ажиллаж байна. Газрын гүнд уул-геологийн шинэ нөхцөлтэй тулгарах бүрт зураг төсөл, төсөвт өөрчлөлт хийх шаардлага гардаг, хийдэг. Уул-геологийн хүчин зүйлээс гадна зах зээлийн хүчин зүйл, үнэ, коньюнктурын өөрчлөлтийн нөлөөнд өртөж ажил саатдаг. Ийм шалтгаанаас болж далд уурхайн ажил жил шахам хугацаагаар саатаж үлэмж хэмжээний хохирол амсаж байсныг “Дубайн төлөвлөгөө”-гөөр зохицуулж шийдвэрлэсэн байдаг. Одоо түүнийг буруутгах гэж байгаа юм байна. Сайн судалж, зөв бурууг тогтоох хэрэгтэй. Өнөөгийн хүндрэл их шуугиан тарьж хөрөнгө оруулагчийн хувьцааны ханш хэзээ ч байгаагүй доод хэмжээнд уналаа. Уурхайн ам гэгдэх босоо малталт “ствол” нэвтэрч байсан газрын чулуулгийн бат бэх алдагдаж, сийрэг орчин таарч уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх судалгаа хийх шаардлагатай болсноос ажил саатаж байгаа юм шиг байна. Ийм эрсдэл уул уурхайн үйлдвэрлэлд байдаг зүйл. Шийдвэрээ хурдан олж, ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

Гэхдээ Оюу толгой төслийг зогсоох асуудал байх учиргүй. Тэгвэл амиа хорлохтой адил шахуу юм болно. Оюутолгойн төслийг эхлүүлсэн шигээ үргэлжлүүлж байгаа хүмүүсийг би гавьяатай гэж үнэлдэг юм шүү.

-Тэгвэл гэрээний хувьд?

-Оюу толгойн гэрээг алдагдалтай, буруу хийсэн, Монголд ашиггүй болсон гэх яриа тасрахгүй байна. Гэрээнд сайжруулах зүйл байгааг үгүйсгэх аргагүй. Үүнийг хийх ёстой. Бид Эрдэнэтийн гэрээг таван удаа өөрчилж байсан удаатай. Хүнд байдлаас хамтын хүчээр гардаг. Тэнд чинь манай 34 хувийн хувьцаа байгаа шүү дээ. Уг нь манайх шиг хөрөнгийн боломж муутай улсад энэ хувьцааг өндөр хүүтэй зээлээр авах хэрэг байгаагүй л юм. Бид энэ талаар тухайн үед хэлж, бичиж байсан ч даанч сонсоогүй.

-Оюу толгойн тухай ярьсных таниас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Таныг төрийн өмчит томоохон компанид ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг, өндөр урамшуулал авдаг гэсэн шүүмжлэл олны дунд бий. Гол нь ард түмнийг төлөөлж ТУЗ-д суучихаад өндөр урамшуулал авах нь хуульд нийцэхгүй гэж зарим хуульч үздэг юм билээ?

-Би “Энержи Ресурс” компанийн ТУЗ-д хэсэг хугацаанд байсан. Хууль зөрчсөн юм байхгүй.

-Одоогоос 30 орчим жилийн өмнө Монгол Улсад нефтийн орд илэрч, та тосоор дээлийнхээ энгэрийг мялааж “Монгол Улсын хөгжлийн шинэ үүд нээгдлээ” хэмээж байсан түүхэн үйл явдал бий. Монголд газрын тос илрээд ашгаа өгсөнгүй, хятад компани бүх тосыг түүхийгээр нь зөөж байна, байгаль орчин сүйдэж байна гэдэг. Бид үнэхээр өнгөрсөн хугацаанд зөв ажиллаж, ашгаа хүртэж чадсан уу?

-Монголд газрын тосны нөөц байхгүй, хэтийн төлөв муутай гэсэн дүгнэлтийг тухайн үед Зөвлөлийн мэргэжилтнүүд хийсэн байсан цаг. Энэ нь геологичдын биш улс төрийн бодлогын дүгнэлт байсан гэж үздэг. Монгол нефтьтэй, түүнийгээ ашиглаж байсан үе бий. Монголын нефтийн талаар бидний нүдийг нээж өгсөн ачтан бол Их Британийн “Бритиш Петролиум” компани, АНУ-ын “Соко интернэшнл”, Хятадын “Петро Чайна” корпораци юм. Эдгээр байгууллагын судалгааны үр дүнд миний санаачилгаар “Газрын тос” хөтөлбөр боловсрогдон батлагдсан. Амжилттай хэрэгжиж байна. Дэд бүтэц хөгжөөгүй манайх шиг оронд нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулах нь нефть хайж олборлохоос

хэцүү ажил. Гэхдээ хийж бүтээхийн төлөө чармайж ажиллах хэрэгтэй. Нефтийн салбараас багагүй ашиг олж байгаа. 100 хувь гадаад зах зээлээс хамааралтай байсан Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг өөрөөсөө хангадаг болох нь үндэсний аюулгүй байдлын чухал баталгааны нэг. Нефтийн бизнес бол асар их зардалтай, өндөр эрсдэлтэй. Монгол Улсын нефтийн аж үйлдвэрийн шинэ үеийн эхлэлийг тавихад гар бие оролцож явсандаа би сэтгэл хангалуун байдаг.

-Цэцийн гишүүнээр та багагүй хугацаанд ажилласан хүн. Цэцийн дээр хөх тэнгэр байдгаа больж, эрх баригч нам байх болсон гэж нэг хэсэг нь шүүмжилдэг. Үнэхээр улс төрийн нөлөөлөл тасардаггүй хэрэг үү?

-Үнэндээ Цэцэд ямар ч улс төрийн нөлөөлөл байдаггүй юм. Есөн гишүүн чинь гурван субьектын төлөөлөл. УИХ өөрөө санал болгосон хүнээ тэг, ингэ хэлж чаддаггүй. Учир нь УИХ-ын баталсан хуулийг шүүмжилж хүчингүй болгож байгаа. Ерөнхийлөгч өөрөө хууль тогтоогч биш, хууль санаачлагч байж болдог. Тэгэхээр гаргаж байгаа хууль Үндсэн хуультай зөрчилдөж байхад Ерөнхийлөгчид пад байхгүй. Өөр нэг зүйл гэвэл тэнд намаас түдгэлзсэн хүмүүс байх ёстой. Тэгэхээр намын хамаарал байхгүй. Зүгээр л хардлага сэрдлэгийн асуудал. Ядахдаа нэг баримт гаргаад ир гэхэд чадахгүй. Монголчуудад манжаас үлдсэн зүйл бол хардлага. Нөлөөлөөд байх шиг байна гэсэн л хардлага сэрдлэг.

-Тэгвэл танд нөлөөлөхийг оролдож байсан тохиолдол бий юү?

-Утасдаж байсан тохиолдол бий. Төв аймгийн Засаг дарга ямар ч билээ нэг хэрэгт холбогдсон талаарх маргаан. Тэр асуудлаар зарим нэг хүн “Тэр их гэмгүй хүн байгаа юм. Асуудал нь танай Цэцээр явж байгаа гэнэ. Бодож үзээрэй” ч гэх шиг. Хариуд нь “Номоор л явна ш дээ хө” гээд л асуудал дуусаа байхгүй юу. Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэсэн уран сайхны халил байдаг юм. Хуульч Б.Чимэд бол Үндсэн хуулийн Цэцийн дээр Монгол Улсын Үндсэн хууль байгаа гэж хэлдэг байсан. Тэгэхээр Үндсэн хуулиа л барь. Үүнээс дээш даваа байхгүй гэдэг зарчмыг үнэнээр нь хэлж байгаа юм. Намайг бол эд нар төрийн албанд 30-40 жил зүтгэчихсэн, төрийн албаны ойлголт дүйтэй, ноён нуруутай л гэдэг. Намайг магтах, муулах зүйлд би цочихоо байчихсан амьтан. Муулуулж ч үзсэн. Сүрхий магтуулж ч үзсэн. Надад бол нэг их сэтгэл хөдлөөд байх юм байхгүй болжээ.

-Ерөнхийлөгчөөс буухад тань Гэрлэх ёслолын ордны дэргэдэх нэг байрыг танд төрөөс бэлэглэж байсан. Түүнийгээ зарчихсан гээд одоо ч хүмүүс шүүмжлэлтэй ханддаг юм билээ?

-Тэр бол өнчин, ганц айлын сууц байсан юм. Ашиглахаар дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усны асуудал гарна. Шугам нь байнга цоорно, маш хэцүү. Хоёрдугаарт, ганц гэрээрээ амьдрах болоод“MCS”-ийнхэнтэй ярьж байгаад тэр газраа өгсөн. Тэр газар дээр 20 гаруй давхар байшин босч, манайх нэг давхрыг нь бүтнээр найман айлын сууц, таван машины гарааш, бас оффиссийн нэг давхрыг авах нөхцөлтэйгээр байшин барьж эхэлсэн юм. Түүнд л хүмүүс дургүйцдэг юм уу даа. Одоо бол би ганц гэрээрээ биш хэдэн хүүхэд, ах дүү нараа бөөгнүүлээд монгол төрийн харамжийг гэр бүлээрээ хүртэж байна. Нас явж байна. Үр хүүхдийнхээ хажууд байх шаардлагатай болдог юм байна. Хүргэн бэрүүд дотор эмч хүмүүс байна. Хэрэгтэй биз дээ, нас явж байгаа хүнд. Хөнгөн хөлтэй хүүхдүүд байна, гарын үзүүрт зарахад амар. Тийм мэтийн юмыг бодож байртай болсон.

-Ач хүү тань хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Шүүхээр ороод тэнсэн харгалзах ял авсан. Торгуулаад салсан байна лээ.


-1990-ээд оны Монгол ямар байсныг бүгд мэднэ. Харин тэр үеийн төр засаг ямархуу нөхцөлд ажиллаж байсан нь сонирхолтой. Таныг Ерөнхийлөгч болж байх үеийн улсын төсвөөс эхлээд одоогийнхтой харьцуулахад инээхэд ч багадмаар нөхцөл байдалтай байсныг хүмүүс ярьдаг. Ерөнхийлөгч болон гүйцэтгэх засаглал ямар нөхцөлд ажиллаж байв даа?

-Цаг үе хүнд байсан. Шилжилтийн хүнд үед нийгмийн тодорхой хэсэг нь хуучнаа мөрөөдөж, бараг өдөр бүр жагсаал цуглаан болдог байлаа. Төрийн шинэ тогтолцоог эсэргүүцсэн эвсэл, холбоод өдий төдийгөөр байгуулагдаж өргөх бичиг барина, их юм шаардана. Дэлгүүр хоршооны лангуу хоосон. Барааны хомсдолыг зохицуулахын тулд байгаа бага, сага барааныхаа нөөцийг ард түмэндээ хүргэх гэж цөөн нэрийн хүнсний барааг картаар олгоход олон түмэн урт очерт цувж шахцалдаж байхыг хараад “Яана даа” гэж шаналж байсан үе бий. Энэ үед иргэддээ гадаадад чөлөөтэй зорчих паспорт олгож “Ганзагын наймаа” гэгчийг эхлүүлж барааны хангамжийг арай дээрдүүлж билээ. Улс төрийн харилцан адилгүй үзэл бодолтой, улс төрийн нам, эвсэл холбоодын санал бодлыг сонсох, харилцан ярилцах, ойлголцох гэж үйлээ үзнэ. Үндэсний эв нэгдлийг хангах, хамгаалах Төрийн тэргүүний үүрэг энэ л үед үйл ажиллагааны маань үндсэн зарчим байсан даа. Энэ хүнд үед гүйцэтгэх засаглалын тэргүүнээр Дашийн Бямбасүрэн ажиллаж, эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх эхний алхмуудыг зоригтой, тууштай хийж байсан. Өмч хувьчлах, үнэ чөлөөлөх, суурь өөрчлөлтийг цаг алдалгүй хийснээр Монгол Улсын эдийн засгийн бүтцэд хувийн хэвшил зохих байраа эзэлж, бараа таваарын хангамж сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээ өргөжсөн. Монгол Улс зах зээлийн эдийн засагтай, нээлттэй ардчилсан орон болж дэлхийн улс орнуудтай өргөн харилцаатай болсон шүү дээ. Одоо мал нь бэлчээртээ багтахаа больтлоо өсөж, машин тэрэг нь замдаа багтахаа байж, хөдөөний малчин ард гэрээсээ гадаадад байгаа ах дүү, үр хүүхдүүдтэйгээ гар утсаар, интернэтээр чөлөөтэй яриад суух боллоо. Амьдрал ахуйгаа яаж өөд татах нь хувь хүн, айл өрхөөс өөрсдөөс нь хамаарах шударга зарчим үйлчилдэг нийгэмд бид оржээ.

-Бас улс төрийн соёл ямар байсан тухай, улстөрчид яаж ажиллаж байсныг та дурсахгүй юу?

-Бидний үеийн улстөрчид үндэснийхээ эрх ашгийг эн тэргүүнд дээдэлдэг улс төрийн соёлтой байжээ. Чи бод доо. Үндсэн хуулийг 430 депутат хэлэлцэн, маргалдаж мэтгэлцсээр нэгдмэл нэг санаанд хүрч, 99 хувийн саналаар баталж байлаа. Улсын бага хурал өдөр шөнө, үдэш оройгүй ажиллаж аливаа хуулийн төслийг зүйл заалт, үг өгүүлбэр ширхэг дараалан хэлэлцэж, эцсийн хувилбарыг уншиж сонсгон зөвшөөрвөл баталдаг байсан. Энэ бол улс төрийн өндөр соёл мөн. Одоо ийм байж чадаж байгаа бил үү. Төрийн түшээд маань бие биенээ хэлэх хэлэхгүйгээр адлаж, хувийн болон хэсэг бүлгийн, нам эвслийн эрх ашгийг нийгмийн, улс орны эрх ашгаас илүүд үзэж маргалдаж байна. Үлгэргүй араншинг өргөн олны мэдээллийн хэрэгслээр ичгүүргүй нэвтрүүлж байгаа нь улс төрийн соёл яавч биш. Гэтэл эдүгээгийн улс төрчид УИХ-ын чуулган чуулах хугацааг бараг хоёр дахин богиносгож, хуралдааны ирцийн талыг хасаж, 20 хүний ирцтэй хууль батлахад хүртэл ажлаа хөнгөлчихөөд ажиг ч үгүй 19 жилийг ардаа хийлээ шүү дээ. Энэ улс төрийн соёл мөн үү.

-Бодох л асуудал. Өөр нэг асуулт байна. Улс орны дотоод нөхцөл тийм байж. Гадаад орчинтой харилцах цоо шинэ алхам тэр үед эхэлсэн. Монгол Улсыг төлөөлсөн анхны том айлчлалууд таны үед хийгдсэн. Тэр үеийн түүхэн айлчлал, манай талд ашигтай шийдэж байсан шийдвэрүүд зэрэг нь сонирхолтой санагдаж байна?

-Монголын ардчилал чинь Монголын Төрийн тэргүүнийг гурав дахь ертөнц рүү хөл тавих эрхийг нээсэн шүү дээ. Миний анхны гадаад айлчлал БНХАУ-аас эхэлж байлаа. 30-аад жил тасраад байсан төрийн айлчлалыг Хятад Улсаас эхэлсэн маань хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах харилцааны эхлэл байсан юм. Дараа нь би АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн урилгаар АНУ-д айлчилсан. Монголын ардчилсан хувьсгалын үйл явц, зорилго, үр дүнгийн талаар ярьж, Америкийн сонирхлыг Монголд бий болгох оролдлого болгохыг зорьсон хэрэг. Эдийн засгийн хамтын ажиллагааны зарим салбарт, тухайлбал нефть, цацраг идэвхт ашигт малтмалыг нэрлэсэн. Ерөнхийлөгч Буш миний ярианд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж “Би танаас сонсох гэж байсан зүйлээ сонсож мэдлээ” гэж байлаа. Энэ бол Монгол Америкийн өнөөгийн харилцааны эхлэл болсон юм. Би үдийн зоогийн үеэр Буш, Бейкер нарт анчин загасчны онигоо ярьж тэр хоёр биенээ шоолж наргиан болж байв. Бас Их Британи Умард Ирландын вант Улсад айлчилж маш сонирхолтой яриа өрнүүлж, ёслолын цагийг хоёр дахин уртасгасан яриа болсны эцэст Хатан хаан биднийг гадаа үүдэндээ хүртэл үдэж өгсөн юм. Гэтэл тэр нь сонин хэвлэлээр бөөн шуугиан тарьж, зураг хөрөгтэйгөө гарч билээ. Тэдний ёслолын журманд Хатан хаан зочноо гадаа гартал үдэх ёсон байдаггүй юмсанж. Энэ мэтчилэн Энэтхэгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж, Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайдтай уулзаж, Францын Ерөнхийлөгч, Унгарын Ерөнхийлөгч, Германы канцлер, Солонгосын Ерөнхийлөгч, Вьетнамын Ерөнхийлөгч, Лаосын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж, шинэ цагийн ардчилсан Монгол Улсын төрийн бодлого, орон бүртэй хамтын ажиллагаа хөгжүүлэх тухайгаа ярьж явлаа. Дэлхийн Банк, ОУВС-гийн удирдлагуудтай Вашингтонд уулзаж Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн билээ.

-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэйгөө харилцах харилцаа ямар байх тухай асуудал байнгын сэдэв байдаг. Дэлхийн улс орнуудын хөгжил хурдацтай дэвшиж, олон улс орон ОХУ, БНХАУ-тай харилцах сонирхолтой болж байна. Ийм цаг үед манай улсын геополитикийн бодлого ямар байх ёстой вэ?

-Монгол Улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалд хоёр хөрштэйгөө харилцах харилцааны зарчмыг тодорхой тусган хэрэгжүүлж байгаа. Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар Монголын талын санаачилга муугаас болж ОХУ-тай харилцах харилцааны түвшин доогуур байгаа. Манай хоёр орны хооронд харилцан, хамтын ажиллагааны асар их боломж бий. Үүнийг бүрэн ашиглах талаар идэвхтэй, санаачилгатай ажиллах шаардлагатай.

-Таны ээжээрээ овоглосон түүхийг уншиж байсан. Нэг насаараа ээжээрээ овоглосон он жилүүдэд аавын нөмөр нөөлөг дутагдаж байв уу?

-Аав минь намайг тавтай байхад өөд болсон. Түүнээс хойшхи миний хамгийн ойр хүн бол ээж. Туж ээжтэйгээ хамт байсаар ижий маань 84 нас зооглож өөд болсон. Бага залуу үед эхийн ачийг хариулах талаар ойлголттой явснаас биш аав үгүйлэгддэггүй юм билээ. Харин одоо өтлөөд ирэхээр аавыгаа их санадаг юм байна. Сонгууль энэ тэрээр намайг чинь Хятадын эрлийз гэж ярьдаг шүү дээ. Эцгээрээ овоглож чадаагүйдээ ингэж хэлүүлсэндээ би ааваасаа өршөөл эрж бичсэн шүлэг, захиа бий.

-Аав тань аль нутгийн хүн байв?

-Аав бол Засагт ханы нутаг Говь-Алтайн Дарви хавийн хүн. Завханы Түдэвтэй тал руугаа явсаар байгаад Галуутайн хүрээнд суусан лам хүн байлаа. Өвөө маань гурван бүстэй хүүхдээ гурвууланг нь Галуутайн хүрээнд суулгасан. Намайг хамгийн бага хүүгийнх нь сүнс гэдэг. Аавын бага дүү 37-ныхоо жил дээр нас барж, аав маань хэдэн малынхаа талыг буяны ажилд нь зарцуулсан гэдэг юм билээ. Тийм их буян хийсний хариуд ирсэн сүнс нь би. Бас тэр аавынхаа буяныг эдэлж яваа гэж байгаа. Аав минь өөд болохоосоо өмнө “Хүүгээ номтой хүн болгоорой” гэж захисан юм гэнэ лээ. Би ааваасаа гурвуулаа. Том нь би. Миний дараагийнхыг гаргаад долоо хонуулаад аавын дүүгийнхэд өргүүлчихсэн. Бага дүүг нэг настай байхад аав өнгөрсөн. Ээж дүүг дөрөвтэй байхад бас айлд өргүүлээд, намайг аваад хот руу нүүсэн. Тэр үед ээж юу бодож тийм зүйл хийсэн юм, бүү мэд. Тэгэхэд 30 гарсан бүсгүй байсан. Хүний газар хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрах юм гэж түвэгшээсэн үү мэдэхгүй, эхийн бодлыг таах аргагүй. Хааяа асуухаар уйлчихдаг байсан. Ямартай ч эцгийн захиасаар сургуулийн мөр хөөж шинжлэх ухааны академич гээд явж байна. Тэгэхээр чинь номтой хүн болсон гэж хэлнэ биз дээ.

-Хүн амьдралдаа гурван буяныг үйлдэх ёстой гэдэг. Та буяны үйлд хэр их гар сунгадаг вэ?

-Ном бичих ёстой гэдэг, би хорь, гучин ном бичсэн. Байшин барих барих ёстой гэсэн, зуслангийн байшин барьсан. Мод бол маш их тарьсан даа. Мэдээж хэрэг хань ижилтэй болж хоёр охинтой, зургаан зээтэй маш өнөр өтгөн айл болж. Яахав буяны үйлд бол Очирбат гээд сан байгуулж, байгаль орчноо хамгаалах, хүүхэд залуучуудыг сургах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. ОХУ-ын Ленинградын Уул уурхайн сургууль руу олон оюутныг хөнгөлөлттэй нөхцөлөөр явуулж сургалаа. Жижиг төслүүд хэрэгжүүлж чацаргана тарьдаг хүмүүст хүүгүй зээл олгож байлаа. Гэтэл хүмүүс сангаас авсан мөнгөө буцааж өгдөггүй юм билээ. Уг нь хүүгүй шүү дээ. Хариуд нь “Та одоо мөнгө нэхээд байхдаа яадаг юм” гэдэг. Сангийн эх сурвалж байхгүй болохоор удаан явдаггүй юм билээ, зогссон. Ерөнхийлөгч байсан хүн бадар бариад санд мөнгө хандивлаач гэж явалтай биш. Харин Цэвэлмаа маань Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн хийж идэвхтэй ажиллаж байна. Гадны дотныхныг “панаалдаж” жаал мөнгө олж сандаа тус дэм болдог (инээв). Тэдний сан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өрх толгойлсн эмэгтэйчүүдэд байшин барьж өгч байгаа. Яахав, тэрэн рүү нь тав гурван цаас тойруу замаар хандивладаг.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны дөрөвдүгээр сард 1008 айлын орон сууц баригдаж эхэлнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур” 1008 айлын орон сууц төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын тал гарын үсэг зурсан байна. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг ийнхүү үзэглэснээр төсөл хэрэгжих эрх зүйн нөхцөл бүрэн бүрдлээ гэж Барилга, хот байгуулалтын яам мэдээлж байна. Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж байгаа аж. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна

Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

  1. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхдийг бүртгүүлнэ.
  2. Бүртгүүлэхдээ www.tsetserleg.ulaanbaatar.mn/ системийг нээж хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
  3. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  4. Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаарыг оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  5. Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
  6. 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны БААСАН гарагт нийслэлийн хэмжээнд явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагаггүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ байгуулна.

Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 07 дугаар сарын 22-ноос зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-ноос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Цахим бүртгэл 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжлэх бөгөөд цахим бүртгэлд 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 20712 хүүхэд бүртгэгдсэн байна.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн www.tsetserleg.ulaanbaatar.mn/ системийнШалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Мэдээлэл авах:

Цахим хаяг: www.tsetserleg.ulaanbaatar.mn/, www.edub.edu.mn

Холбогдох утасны дугаар:

Нийслэлийн Боловсролын газар 70113032;

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар 330844;

БГД-ийн Боловсролын хэлтэс 70120351

БЗД-ийн Боловсролын хэлтэс 70104005;

СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606;

СХД-ийн Боловсролын хэлтэс 99254156;

ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442;

ХУД-ийн Боловсролын хэлтэс 342472;

НД-ийн Боловсролын хэлтэс 70233008;

БНД-ийн Боловсролын хэлтэс 70213815;

БХД-ийн Боловсролын хэлтэс 70491017

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР