Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 69 гишүүн тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцууллаа

2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэний дараагаар гишүүд богино хугацаанд төслийг тойргийн иргэд, сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр ажиллалаа. 2019 оны долдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 69 гишүүн тойрогтоо ажиллаж, иргэдийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи мэдээллээр ханган, 40930 хүний саналыг нь авсан байна

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа

Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцуулсан юм. Тэрбээр, “Албан даалгаврын хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүллээ. “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд 16 255 иргэн өөрийн хөрөнгөөр 2 тэрбум 188 сая төгрөг, 5770 байгууллага, аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 12 тэрбум 960.6 сая төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийсэн. Зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй зөрчил бүхий 103 хаяг, мэдээллийн байгууламж, 30 хулдаасан хэвлэл, 15 түр самбар, 26 тулгуурт байгууламжийг албадан буулгав. Мөн ногоон байгууламжийн мод сөөгний хэлбэржүүлэлтийн жилийн хүрээнд 2019 оны гуравдугаар сараас Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Хан-Уул ТҮТ ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК ХХК-ууд хариуцсан гудамж талбайд 10.773 мод, 35.800 ургамлан хашлага хэлбэржүүлж, 120.000 ам метр зүлэгжүүлэлт хийгдээд байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн шон дээгүүр зөвшөөрөлгүй татсан шилэн кабелиудыг цэгцлэх, албадан буулгах, гэрэлтүүлгийн шонгийн аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр 2019.04.15-2019.06.15-ны хооронд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 13 байгууллагууд өөрсдийн хүн хүч, машин техник, нөөц бололцоогоо ашиглан өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын 71 гудамжаар татагдаад байсан 93 393м кабелийг цэгцэлж, 20000м кабелийг албадан буулгаж устгалд орууллаа” хэмээв. Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хэрэгжилтийн талаарх товч мэдээлэл хийв.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Дүүргийн Магсаржав, Замчдын гудамжинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны тохижилтыг сайжруулахаар шаардлага тавьж, хугацаатай мэдэгдэх хуудас өгч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний санал авах зэрэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 50 метр орчмын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ гүйцэтгэх талбайг хариуцуулсан зураглалыг хог хаягдлын олон нийтийн байцаагчаар хилийн зурвасыг тогтоолгож, хорооны Засаг даргаар баталгаажуулах ажлыг 2019.04.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж 303 байгууллагын гадна орчны 50 м газрын зураглал хийлгэн мэдээллийн сан үүсгэж, шаардлага тавьж ажилласнаас хаягаа солиулсан 21, ногоон байгууламж тариулсан 28, ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав суурилуулсан 15, гадна болон дотор талдаа камер хийсэн 29 байгууллага буюу нийт 93 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тохижилтын ажил хийлгэсэн” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг дарга С.Алдаржавхлан “Давхардсан тоогоор 36 ил задгай худалдаа, сүүдрэвч, ТҮЦ эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлсэн. “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл” 18 ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч сонсох ажиллагаа хийсэн. Нийтийн эзэмшлийн зам талбайн 285 гэрэлтүүлгийн шон хоорондын 8550 урт метр цахилгааны утсыг стандартын дагуу цэгцэлсэн” хэмээв. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Дүүргийн төсвийн хөрөнгөөр нутаг дэвсгэрийн хэмжээнд зургаан чиглэлд 88 дундын болон эцсийн зогсоол байдгаас шаардлагатай байршлуудад саравч хийх зураг төсөв гарган байршлын судалгаа хийгдэж таван байршилд буюу 12 дугаар хороонд хоёр ширхэг, 17 хороонд нэг ширхэг, 18 хороонд нэг ширхэг, 19 дүгээр хороонд нэг ширхэг саравч байрлуулан хүлээн авсан” гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг сонссоны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Дүүргийн Засаг Дарга болон хороодын Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрт тогтмол биечлэн ажиллаж холбогдох үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг хангуулах. Аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох дүрэм журмыг сурталчилж мэдээллээр хангах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууцны хороолол доторх орчныг тохижуулах, арчлах, цэвэрлэх, сандал, хогийн сав, хогийн бункер, цинкэн савнуудыг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, ариутгаж халдваргүйжүүлэх, гэрэлтүүлгийн болон гэрлэн дохионы шон дээр нааж буй зарыг тухай бүрт нь хуулж, цэвэрлэх, арга хэмжээ авах, мэргэжлийн байгууллагуудтай уялдаж ажиллах”-ыг онцгойлон анхааруулж, энд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн Хог хаягдлын тухай хуульд дүүргийн Засаг дарга нар хог цэвэрлэх цуглуулах тээвэрлэх компанийг тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулах гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг Даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний 285 дугаар захирамжаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Хог цуглуулалт тээвэрлэлт бүрэн хийгдэхгүй байгаа тул машин техник хүрэлцэхгүй байгаа хорооддоо хуулийн дагуу тендер зарлаж хог тээвэрлэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг анхааруулж байна гэсэн тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ сарын 11-15-ны өдрүүдэд болно.

“Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллана. Харин галт тэрэг, олон улсын нисэх онгоц баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчино. Хойд хилийн тухайд “Алтанбулаг” авто замын боомт амрахгүй ажиллана. Мөн галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу хийгдэнэ” гэж ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн хошууч М.Баяржаргал мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Жон Болтон “Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, уулзалт, яриа хэлэлцээг өргөжүүлэх талаар санаа тавих болно”

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд ноён Жон Болтонд хандан, уулзаж ярилцах боломж олдсонд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүсээд, “Монгол Улс АНУ-тай найрсаг, харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. АНУ бол манай улсын гурав дахь хөрш бөгөөд ардчиллыг эрхэмлэгч, чөлөөт зах зээлийг хөгжүүлэгч, энхийг эрхэмлэгч улсын хувьд манай оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэнд талархлаа илэрхийлье. Манай хоёр улсын энхийг сахиулагчид Афганистан, Ирак зэрэг улсад мөр зэрэгцэн ажиллаж байгаагаар бид бахархдаг. Хоёр орны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ноён Элчин сайд Та өөрийн хувь нэмрээ оруулж, дэмжиж тусална гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурсан, энэхүү гэрээгээр олгож буй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн гэдгийг тэмдэглэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтон хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын зэрэг олон салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаа бөгөөд цаашид ч илүү өргөн цар хүрээнд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь харилцааг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй гэдгийг онцлоод, эдийн засгийн өндөр чадавхтай хоёр том хөрштэй хиллэн оршдог, хөгжил дэвшлийн сайхан ирээдүйтэй танай оронтой энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий хэмээн тэмдэглэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар далайд гарцгүй манай орны хувьд экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд тарифын болон тарифын бус зарим нэг саад брхшээл бий. Манай улс эрдэс баялгийн нөөц, хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс хөрөнгө оруулалт болоод техник, технологийн хамтын ажиллагаанд бид ихээхэн анхаарал андуулж байна. АНУ энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэв. Уулзалтын үеэр уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох тээвэрлэлтийн нөхцөл, түүнийг сайжруулах, урсгал чиглэлийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж ярилцав. УИХ-ын дарга Г.Занданшатар бид бүтээгдэхүүнээ экспортод гаргах дэд бүтцийн байгууламжийг сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Хөршүүдтэйгээ тээврийн тарифыг хөнгөвчлөх талаар зарим тохиролцоонд хүрсэн. Төмөр замын шинэ бүтээн байгуулалт өрнөж байна. Бид зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэх биш эдийн засгаа солонгоруулж, экспортын төрөл зүйлийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Ийм боломжтой салбарын нэг бол хөдөө аж ахуй юм хэмээн онцоллоо.

Ноён Жон Болтон бэрхшээл төвөгтэй асуудлуудаа шийдэж, боломжоо ашиглах нь чухал. Манай хоёр улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хамтын ажиллагааны боломжуудыг үр дүнд хүргэх сайхан ирээдүй бий.

Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, уулзалт, яриа хэлэлцээг өргөжүүлэх талаар АНУ-д буцаж очоод санаа тавих болно. Түүнчлэн МҮХАҮТ-тай хамтарч Америкийн бизнесмэнүүдийг, тухайлбал хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийг Монголд урих бодолтой байна гэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Бид БНАСАУ-тай найрсаг харилцаатай байдаг. Тиймээс АНУ-БНАСАУ-ын дараагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой” гээд энэ талаар санаа тавихыг Элчин сайд Жон Болтоноос хүссэнийг анхааран судалж үзэхээ мэдэгдэв. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.


Categories
гадаад мэдээ

​Удахгүй тохиох нар хиртэлтийг онлайнаар шууд дамжуулна

Нар хиртэлт гэдэг нь арван найман сар тутамд тохиох нарны өмнө сар байрлаж, дэлхий дээр сүүдэрлэдэг байгалийн үзэгдэл юм.

Энэ удаагийн бүтэн нар хиртэлт долоон сарын хоёрны өдөр тохионо. Ингэхдээ Номхон далайн өмнөд хэсэг болон Аргентин, Чили улсын зарим хэсгийг хамрах аж. Уг бүтэн нар хиртэлт нь 2017 оны найман сард тохиосон“Агуу Америкийн хиртэлт” /Great American Eclipse/ хэмээх АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хиртэлтээс хойших анхны тохиолдол юм. Нар хиртэлтийн оргил үе хоёр минут орчим үргэлжлэх ба ESO /European Southern Observatory/ байгууллагын Youtube сувгаар тухайн өдрийн 15 цаг 15 минутаас дэлхийн хаанаас ч шууд хүлээн авч үзэх боломжтой.

//

Нар хиртэлтийн зурвасыг томруулж харвал Аргентиний нийслэл Буэнос Айресийг дайран өнгөрнө.

Буэнос Айрест харагдах байдлыг дүрсэлбэл

Categories
мэдээ нийгэм

Эмийн сангууд хаяг шошгогүй, бүртгэлгүй эмээр үйлчилж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмийн сангуудад хийж буй төлөвлөгөөт шалгалтын үеэр Баянгол дүүрэгт байрлах “Их шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их шүүдэргэнэ” эмийн сан Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилж байсныг илрүүлжээ. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, бүртгэгдээгүй эмийг хураан авч устгуулахаар комисст шилжүүлжээ.

Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрмэн” эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хаяг байршилд ажиллаагүй болохыг шалгалтаар тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн үйлдвэрлэгч болон дуусах огноо нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч, сэтгэцэд нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалтын хүрээнд хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгуулан ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Шорлог худалдаалахгүй байх талаарх албан бичиг хүргүүллээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар их хэмжээний утаа тортог гарган шорлог хийж худалдаалсан таван иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулжээ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, шорлог худалдаалах үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Судалгаанд оролцогчид ганцхан Улсын Их Хурлын үйл ажиллагааг эерэгээр үнэлжээ

Нэг үе олны дунд тааруухан байсан Улсын Их Хурлын нэр хүнд сүүлийн үед өсөж байгааг судалгааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлт харуулсаар байна. Тухайлбал, Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагад итгэх олны итгэл өмнөх үеэс сэргэснийг хараат бус судалгааны “МЭК” байгууллага энэ 4 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотын оршин суугч 1070 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад тэдний дийлэнх нь хаврын ээлжит чуулган эхэлснээс хойших Улсын Их Хурлын үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгсөн байдаг. Энэ нь өмнөх сарынхаас даруй 2.5-аас 3.5 пункт болж өссөн үзүүлэлт юм.

Тэгвэл судалгааны “МЭК” байгууллага 2019 оны 06 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 712 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгсөн байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 03 дугаар сараас эхлэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгааг харуулж байгаа юм.

Судалгааны зарим байгууллагын дүнгээс үзэхэд Улсын Их Хурлын нэр хүнд 2017 оны 9 дүгээр сараас хойш уруудсаар 2018 оны 1 дүгээр сар гэхэд 1.9 хувьд хүрээд байв. Харин 2019 оны 2 дугаар сараас эхлэн өсөж, мөн сард 2.6, харин 3 дугаар сард 2.9 хувь байсан бол энэ сарын судалгааны дүнгээр 3.8 хувьтай гарчээ. Энэ удаагийн судалгааны дүнгээс харахад Ерөнхийлөгч, Засгийн газар, улс төрийн намууд, хотын удирдлагуудын рейтинг өмнөхөөс буурч, ганцхан Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх үнэлгээ өссөн нь онцлог үзүүлэлт юм.

Нийгмийн хүлээлт, олон түмний шаардлагын дагуу Улсын Их Хурал оны эхэнд шинэ даргатай болж, улмаар нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох, олон түмний алдагдсан итгэлийг олж авах үүднээс хууль тогтоох байгууллага, түүний гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад анхаарч, зарим тодорхой шийдвэр гаргаад байгаа нь олны итгэл сэргэхэд дөхөм болжээ гэж үзэх талтай юм.

Түүнчлэн хаврын ээлжит чуулганы өмнөхөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, татварын багц хуулийг шинэчлэн баталсан нь бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд татварын таатай орчин бүрдүүлэх, татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, хүнд суртал, чирэгдлийг багасгахад чиглэсэн эрх зүйн боломжийг бүрдүүлж өгсөн. Эдгээр хууль нь зарим талаар маргаан шүүмжлэл дагуулж байгаа ч парламент гаргасан шийдвэрээ эргэн харж хуульд зарим зохицуулалт хийхээр болоод байгаа билээ.

Тиймээс энэ удаагийн судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн, үүний зэрэгцээ Татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар болсныг эерэгээр үнэлсэн талаар тус судалгааны байгууллага онцолсон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус болон хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ шударга ёс, сахилга, хариуцлага, хуулийн засаглал гэсэн үгсийг байнга онцолж, хариуцлага, сахилгыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг цохон дурдаж байв. Улсын Их Хурлын хаврын чуулганы бүхий л үйл ажиллагаа ч энэ чиглэлд түлхүү чиглэж байгаа нь хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжуудаас харагдана. Мөн тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон, энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй бол ийм боломж дахин мөддөө олдохгүй гэдгийг ч удаа дараа хэлж байв.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 63 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхлээд байна. Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь Монголын улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх учиртайг иргэдийн дийлэнх нь ойлгон дэмжиж байгаа аж. Тухайлбал, МЭК-ийн судалгаанд оролцсон 712 иргэний 63 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн олон нийтийн хүлээлт, нийгмийн хүсэмжид хариулт болгож, шударга ёсыг сэргээх үүднээс хууль шүүхийн байгууллагын удирдлагуудын томилгооны асуудлаарх эрх зүйн шинэ зохицуулалтыг парламент хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд олны шүүмжлэлд өртөж, нийгэмд хүлээлт үүсгээд байсан хууль шүүхийн байгууллагын зарим удирдлага шинэчлэгдээд байгаа нь нийгэмд шударгас ёс тогтох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зөв үйлийн эхлэл гэж олон нийт харж, хүлээж байна.

Хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш олны сэтгэлд хүрэхүйц, нүдэнд харагдахуйц нэг зөв алхам нь Улсын Их Хурлын гишүүд хурууны хээгээрээ ирцэд бүртгүүлж, саналаа өгдөг болсон явдал юм. Гишүүд хурууны хээгээрээ ирцэд орж, саналаа өгдөг болсноор хуралдааны ирц сайжирч, хурал цагтаа эхэлдэг болоод байгаа нь чухал ахиц дэвшил яах аргагүй мөн. Ямартаа ч өмнөх шиг ирц бүрдэхгүйгээс хуралдаан хойшлох, хуралдаанд ирээгүй гишүүний картыг хийж ирц бүрдүүлдэг, гишүүд нэгнийхээ өмнөөс кноп дардаг явдал арилаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн албан хаагчийн ёс зүй” номын нээлт боллоо

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн Зөвлөх багийн бэлтгэн гаргасан “Төрийн албан хаагчийн ёс зүй” номын нээлт боллоо.

Тус номын зохиогчоор Проф.Др.Ч.Ундрам, докторант Г.Мягмар, докторант М.Нармандах нар хамтран ажилласан байна.

Нээлтийн үйл ажиллагааг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нээж, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцож санал сэтгэгдлээ солилцлоо.

Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” шинээр батлагдсан. Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа ёс хэм хэмжээг чанд мөрдөж, үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөх үүрэгтэй.

МУИС-ийн Зөвлөх багийн “Төрийн албан хаагчийн ёс зүй” номыг оролцогчид өндрөөр үнэлж, улмаар Удирдлагын академи сургалтын үндсэн сурах бичиг болгохоо албан ёсоор зарлажээ. Төрийн албанд мэдлэг, боловсрол, ёс зүй, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага зэргийг хамгийн сайн хангасан хүнийг томилох шаардлага тавигдаж байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү бүтээл нь төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагатай гарын авлага болохуйц бүтээл болсон байна гэж дүгнэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархан” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж, дархадын ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй танилцлаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол дархан” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахаар болсон хэмээн зарласан бол энэ нь үзэсгэлэнг цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах үндэс суурь болж байна хэмээн “Монгол төрийн дархан” нэгдсэн холбооныхон талархан хүлээн авлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд 142 дархан 160 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлснээс утсан сүлжмэл, ган хөөмөл, сийлбэр, гоёл чимэглэл, бурхан шашны холбогдолтой урлалууд давамгайлж байна.

Дархадын хэлж буйгаар “…дархад хэрэглээний гэхээс илүүтэй цэвэр уран бүтээл туурвиж, захиалгаар бүтээл урлах нь их” байдаг байна. Харин ийнхүү үзэсгэлэн зохион байгуулж, бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлснээр цаашдаа илүү хэрэглээнд чиглэсэн уран дарханы бүтээл хийх хэрэгцээ нэмэгдэнэ хэмээн харж буй аж.

Одоогоор дархадын бүтээл дундаа ээмэг, бөгж, толгойн гоёл, боолт зэрэг гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт өндөр тул энэ чиглэлд дизайн, маркетинг түлхүү хөгжиж 3D нано технологи зэргийг дархад өдөр тутмын ажилдаа нэвтрүүлжээ.

Мөн цар таваг, домбо зэргийг орчин үеийн шинжтэй, гоёмсог хийцтэй, хүнсний зориулалттайгаар урлаж, борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хурим найранд үнэгүй хэрэглүүлэх зэргээр бүтээлээ олонд танилцуулж эхэлсэн хэд, хэдэн компани үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн байна.

“МОНГОЛ ДАРХАН” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм дархчууд аа,

Өв соёлоо дээдлэгч монголчууд аа,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар тогтож буй “Монгол дархан” үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд талархал дэвшүүлж, энэ өдрийн амгаланг айлтгая.

Дархны урлал нь өнө эртнийх билээ. Монгол нутагт эртний дархны буурь бууц, үлдэл олдвор элбэг бий. Дарханы урлал нь эрт цагт үйлдвэрлэлийн бичил хэлбэр байж, багаж хэрэгсэл, зэр зэвсгээр овог, аймгаа хангах, технологийн дэвшилд хөтлөх үүрэгтэй байжээ. Монголчуудын угсаа гарвалын талаар өгүүлдэг Эргүнэ хунгийн домогт төмрийн хүдрийг хөөрөгдөн хайлуулж, уулын сүвийг нээн овог аймгаа аварсан дархны гавьяаг өгүүлдэг.

Их эзэн Чингис хаан хийгээд түүний залгамжлагчид газар газрын уран дархчуудыг Хар хоринд цуглуулан, металл боловсруулах технологи, эрдэм ухааны охь дээжийг цогцлоож байсан нь Монголын дархны урлалын оргил үе, хойшдын хөгжлийн суурь нөхцөл болжээ. Монгол дархны ган боловсруулах эрдмийг батлан хамгаалах, төрт ёсны стратегийн ач холбогдолтой мэдлэгт тооцож, жор ухааныг нь чанд нууцалж байсныг Эзэнт гүрний үеийн жуулчдын тэмдэглэлд дурдсан нь бий.

Монгол дархан үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахын гол зорилго нь дархны урлалыг хэрэглээнд идэвхтэй байлгах, хадгалж хамгаалах, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм. Үзэсгэлэнгийн үеэр дархчууд дараагийн 3 жилд түлхүү анхаарах, хөгжүүлэх, хамгаалах, шавь сургалт явуулах чиглэлээ хэлэлцэн зөвлөлдөж, шийдэлд хүрч байх нь зүйтэй. Энэхүү үзэсгэлэнтэй уялдуулан энэ сарын 05-нд Шинжлэх ухааны Академиас “Монгол дархны урлаг: Түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахыг Та бүхэнд дуулгая.

Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд дархчуултай хамтын ажиллагаа өрнүүлэх, төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зэрэг ажлын уялдаа холбоог хангахад ч үзэсгэлэн тустай байх болно.

Үзэсгэлэнд оролцож, өв соёлоо дархлан бэхжүүлж байгаа уран дархчууддаа талархал илэрхийлж, дархны үйл хийгээд уран бүтээлд нь далай мэт арвин амжилтыг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор, монгол дархны өв соёл өнө мөнхөд орших болтугай” гэсэн юм.

Дархчуудын бүтээлийг наймаачид, худалдаачдын гар дамжуулан үнэ өсгөн худалдах байдал их тул үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр уран бүтээлчээс захиалагч, хэрэглэгчид шууд хүрэх боломжтой тул иргэдийг дархадын бүтээлтэй ирж танилцахыг “Монгол төрийн дархан” нэгдсэн холбооноос уриалж байгаа.

Үзэсгэлэн энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү: