Categories
мэдээ нийгэм

Иргэд 440 зөрчил илрүүлжээ

Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

Иргэн Та замын хөдөлгөөнд оролцохоо дүрэм зөрчихгүй, бусдыгаа хүндэтгэн оролцоно уу! гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Их Британид амьдардаг алдарт эхчүүдийн одонг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн II одонгоор шагнагдсан Их Британид оршин суугаа монгол иргэдэд “Алдарт эх”-ийн одон гардлуулах ёлол блолоо. Цэцгээ овогтой Сарантуяа, Сүхээ овогтой Солонго, Лхагва овогтой Цэцэгсайхан, Сосорбурам овогтой Дуламдорж нарыг Элчин сайд Н.Тулга 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ЭСЯ дээр хүлээн авч, одонг гардуулан өгч, баяр хүргэв.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлогдлоо

Image result for Байнгын хороо

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн 10.00 цагаас товлогдсон байсан боловч гишүүдийн ирц хүрээгүйгүйгээс хойшлогдлоо. Хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУлсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Увс аймгийн цагдаагийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Image result for Увсын цагдаа

Увс аймгийн цагдаагийн хоёр алба хаагч бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй тухай мэдээлэгдэж байсан. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Увс аймгийн цагдаагийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд тус газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Мөнхбатыг томилжээ. Мөн бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийг үйлдсэн байж болзошгүй цагдаа нарыг ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ

E2A9E0F6-AB7B-4FA3-8054-59C4A8FFA4D8.jpeg

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн , Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат болон БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд оролцсон юм. Тус тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС зэрэг 8 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин оролцож байна. Тамирчид цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, маргааш аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанкны Захиргаа, хүний нөөцийн газрын Захирал Б.Мөнхжавхаа: “Бид зөв хүнийг ажилд авч, хэрэгтэй хүн болгохын төлөө ажиллаж байна”

Их, дээд сургуулиа төгсөж байгаа оюутан залуус ажлын байраа хайх, цаашдын томоохон төлөвлөгөөгөө гаргах зэрэгт нь практик мэдээлэл хүргэхийг зорьж Монголын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч ХХБанкны Захиргаа, хүний нөөцийн газрын Захирал Б.Мөнхжавхаа-тай ажил горилогчдын хандлага зүйн талаар болон ХХБанкны хүний нөөцийн бодлогын талаар ярилцсаныг Та бүхэнд хүргэж байна.


Их сургуулиа төгсөж буй зарим оюутнууд ямар байгууллага, газарт ажилд орох вэ гэдэг шийдвэрээс өмнө ажил хийх эсвэл дахин сурах гэдэг сонголтод эргэлзэж эхэлдэг шиг санагддаг. Хэрэв ажиллах нь илүү зөв гэвэл төгсөөд шууд ажилтан болохын давуу талууд, боломжуудыг тайлбарлавал?

-Их сургууль төгсөөд залуучууд ажилд ороход өөр орчин, нийгэм хүлээж авдаг. Энэхүү нийгэмд төлөвшиж, их сургуулиас сурсан онолын мэдлэгийг нь ажлын байран дээр ашиглаж сурахад нь ажил олгогч маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Ажилтан болж хөдөлмөрийн харилцаанд ороод “унтчихсан байна” гээд хоцроод ирэх тохиолдол гарч байсан. Энэ бол дөнгөж төгссөн залуучуудын хувьд оюутны сэтгэлгээг нь арилгаж, ажил олгогчийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага ямар чухал гэдгийг ойлгуулснаар л бүх зүйл эхлэдэг.

Сүүлийн үед залуучууд дөнгөж их сургууль төгсмөгцөө магистрт сурдаг болсон байна. Миний бодлоор их сургуулиас олж авсан онолын мэдлэгийг практик дээр ашиглахгүйгээр дахин суралцахаар үр өгөөж багатай л санагддаг. Харин их сургуульд суралцсан онолыг ажлын байран дээр баталгаажуулсан тохиолдолд мэдлэгийн цар хүрээ нь тэлж, цаашид мэргэших суурь мөн ирээдүйн карьерынхаа чиг баримжаа, замналыг олдог. Үүний дараа магистраар суралцвал илүү үр өгөөжтэй байдаг.

Албан бичиг, цаасан дээрх үзүүлэлт эсвэл hard skill болон ярилцлагын үеэр анзаарагдах тухайн хүний хандлага буюу soft skill-ийн аль нь илүү зөв хүнээ сонгоход тусалдаг вэ? ХХБанк ямар хүнийг хайдаг вэ?

-Hard skill бол хүн болгонд байх ёстой суурь чадвар гэж хэлж болно. Hard skill үгүйгээр Soft skill оршин тогтнохгүй. Хамгийн гол ялгаа нь Soft skill бол хүн бүрд өөрөөр төлөвшсөн байдаг ба тухайн хүний амьдралын турш хуримтлуулсан мэдлэг, ойлголтын хандлага учраас бид ярилцлагын үйл явцыг маш чухалд тооцдог. ХХБанкны хүний нөөц нь Зөв бөгөөд хэрэгтэй хүн гэдэг уриатай. Иймээс бид зөв хүнийг ажилд авч, хэрэгтэй хүн болгохын төлөө ажиллацгааж байна даа.

Үнэхээр мундаг мэргэжилдээ мэргэшсэн хүн байгаад дотоод хүн нь өөрөө байгууллагын харилцаа, үнэ цэнд сөргөөр нөлөөлөх хандлагатай бол энэ нь тухайн хүний боломжийг устгах хүчин зүйл болох боломжтой. Иймд бид сонгон шалгаруулалтдаа сэтгэл зүй, зан төлөвийг тодорхойлох 130-140 асуулт бүхий тестийг ашигладаг.

Банкны ажилтнуудыг “Банкир” гэдэг. Үүнийг сонсохоор жаахан сүрдмээр сэтгэгдэл төрдөг л дөө. Бүр дөнгөж сургуулиа төгсөж байгаа залуучуудад чадахгүй мэт мэдрэмж төрдөг байж магадгүй. ХХБанк хүний нөөцөө бүрдүүлэхдээ хэр уян хатан бэ? Ажилтанд тавьдаг хатуу, зайлшгүй гэх шаардлагаас дурдвал?

-Орчин үед банкны үйлчилгээ дижитал, глобал болж байна гэдэг агуулгаараа бол технологийн хэрэглээний мэдлэг, гадаад хэлний мэдлэг чухал байдаг. Гэхдээ зайлшгүй гэлгүйгээр давуу тал гэх категори шаарддаг. Бид ажилтнууддаа зөв хандлагатай, зөв төлөвшилтэй байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Учир нь Банк өөрөө итгэлцлийн байгууллага учраас энэхүү шаардлагыг өндөрт тавьж л харилцагчийнхаа эд хөрөнгийг бүрэн хэмжээнд, найдвартай хадгалж байдаг. Энэ нь 29-н жил өвлөгдөж ирсэн бидний соёл.

“Бид ажилтнууддаа зөв хандлагатай, зөв төлөвшилтэй байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг”

Туршлага, туршлага бас дахин туршлага. Ямар нэгэн ажил хийхэд дадал, давтамж л хүнийг илүү сургадаг, хөгжүүлдэг гээд бид яриад байгаа. ХХБанк шинэ ажилтан шалгаруулахдаа туршлага хэр харгалздаг талаар?

Бид туршлага шаарддаггүй. Ур чадвартай, шилдэг ажилтнуудыг бий болгох, бэлтгэх нөөц уурхай нь TDB-д өөрт нь байдаг. Бид шинэ залуучуудаа сургаж, чадваржуулаад аваад явах 29-н жил ажилласан ахмад ажилтнууд, дунд шатны менежерүүд, хамт олон бүхий шилдэг багтай.

Мөн ажилтнуудаа тогтмол сургалт, семинар, forum, event-үүдэд хамруулан, шинэ чиг хандлагатай нь хөл нийлүүлэн ахлах боломжийг олгосоор ирсэн. Түүнчлэн, ажилтнууд өөрсдийгөө хөгжүүлэх, клубүүдийг нээн ажиллуулах боломжийг нээлттэй байлгадаг. Өнөөдрийн байдлаар 10 гаруй клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа. Онцолбол олон улсын англи хэлний “Toastmaster” клубийн албан ёсны эрхийг авсан байна. Мөн Банкныхаа дэргэд Хувь хүний хөгжлийн клубийг манай залуучууд байгуулан ажиллуулж байгаа.

Ажилтны тэвчээр гэж тодорхойлъё. Хүн бүрийн төлөвшил, амьдралын хэв маягаас хамаараад ажиллах хугацаа янз бүр байдаг. Гэхдээ компани өгөөжтэй байдлаа бодвол ажилтныгаа удаан хугацаагаар ажиллуулах сонирхолтой тэгвэл урт хугацааны байхын тулд танай банкны ажилтандаа өгөх сэтгэл ханамж юу байдаг вэ?

-Манай ажилтнуудын дийлэнх, тодорхой хэлбэл 80 орчим хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг бөгөөд банкны ажилтнуудын дундаж нас 31 гээд боддоо. Өөрийгөө сорьж, амьдралаа босгох нас. Нэгэнт бид TDB гэх их айлын гишүүд учир нэг нэгэндээ анхаарал тавьж, дэмжиж байх нь зүй ёсны асуудал. Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудлуудыг дэмжих хөтөлбөр, өөрсдийн тогтсон бодлоготой.

TDB-ийн ажилтан болсноор хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц, автомашинтай болох, цалинтай чөлөө, бүхий л төрлийн тэтгэмж, тусламж зэрэг боломжуудаас гадна өөрийгөө хөгжүүлэх дэмжих хөтөлбөрүүд хэрэгждэг. Ажилтнуудын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж буй хөтөлбөрүүдэд бүхий л ажилтнууд тэгш эрхтэйгээр хамрагдах нь нээлттэй байдаг. Бид TDB-чүүдийн эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулж ажилласаар ирсэн. Энэхүү ажлын хүрээнд өдөрлөгүүд зохион байгуулахын сацуу эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлэх боломжуудыг бий болгосон байдаг. Үүний зэрэгцээ ажилтан бүр жилд авдаг “Эрүүл мэндийн өдөр”-тэй. Ажилтан бүр өөрийнхөө эрүүл мэндэд зориулж, чөлөөгөө авдаг. Түүнчлэн, жил бүр ажилтнууддаа эрүүл мэндэд зориулж, тэтгэмж олгодог. Энэ бүх үйл ажиллагаа уламжлал болон явж байна даа. TDB-ийн нэгэн гишүүн болсны давуу талыг манай ажилтнууд бүгд хүртэж, амьдрал ахуйгаа өөрчилж, өөдлөн дээшилцгээж явна даа.

Үүнийхээ үр дүнг баталгаажуулахаар бид өнгөрсөн онд гуравдагч байгууллагаар дамжуулан ажилтнуудын дунд сэтгэл ханамжийн судалгааг явуулсан. Ажилтнуудын маань сэтгэл ханамж маш сайн, банкаараа бахархах байдал өндөр үзүүлэлттэй гарч байсан шүү.

ХХБанкны нийт ажилтнуудын дүр төрх, хандлагыг төсөөлбөл та ямар гэж тодорхойлох уу?

-Өнөөдрийн байдлаар 1850 гаруй ажилтнууд ажиллаж байна. Манай банкны ажилтнууд өндөр ёс зүйтэй, эрхэмсэг, мэдлэг ур чадвартай гэсэн “стереотип” олон нийтэд байдаг шиг санагддаг. Миний хувьд нэлээн хэдэн харилцагчаас “ХХБанкаар үйлчлүүлэхээр цаанаа л нэг өөр, үйлчилгээ, орчин сайхан” гэж сонсоод банкаараа бахархаж, бардамнаж байсан удаатай. Ерөнхийдөө манай банкны ажилтнууд ажилдаа дуртай, сэтгэлтэй, эрч хүчтэй, хариуцлага өндөртэй, үнэхээр л шилдгүүд нь байж чаддаг даа.

Менежментийн Япон, Америк загварчлал гээд Монголын компаниуд өөрсдөдөө гаднын туршлагыг нэвтрүүлдэг байх. ХХБанкны менежментэд бусад салбараас өөр, онцгой, бодлого байдаг уу? Ер нь үр дүн үзүүлдэг ажилтны тушаал дэвших боломж гэхчлэн тэр талаар?

-Олон улсад нэвтрүүлсэн, хэрэгжүүлж буй туршлагуудыг шууд хуулж ашиглах боломжгүй. Бидний ажиллаж байгаа орчин нөхцөл, ажиллах хүчин өөр шүү дээ.

Гол нь монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагад таарах уу, монгол хүний онцлог, үр бүтээмжид тохирох уу гээд олон асуудал гарч ирдэг. Иймээс бид өөрсдийн хариуцсан чиглэлээрх trend-үүд хэрхэн өөрчлөгдөж байгааг харах нь зөв байх. Жишээ нь жил бүр л “HR trend” өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Энэхүү trend-үүдээ анзаарч бид ямар өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлагатай байгааг олж харах маш чухал санагддаг.

TDB-ийн хувьд хэн юу хийж чадаж байгаа, бусдаас ур чадвараараа ялгарч чадсан нь дэвшдэг. Анх ямар ажлын байран дээр эхлэх нь хамаагүй. Ажилтан бүрт дэвших боломж нээлттэй байдаг. 2018 онд нийт ажилтнуудын 13,5 хувь нь дэвшин томилогдсон.

“Анх ямар ажлын байран дээр эхлэх нь хамаагүй. Ажилтан бүрд дэвших боломж нээлттэй байдаг”

Энэ жаахан хувийн асуулт болно байх. Таны хувьд ямар хүн ажилд авах сонирхолтой байдаг вэ, ажилд хүсэлт гаргагчдаас ямар зүйл илрэхэд дуртай хүлээж авдаг уу?

-Миний хувьд Хүсэл тэмүүлэл, зорилготой байх хамгийн чухал үзүүлэлт. Яг манай банканд орох чин хүсэлтэй эсэхийг хамгийн түрүүнд харгалзан үздэг. Зарим тохиолдолд ажил горилогчид маань “хүн гоё гэхээр нь л…”, “зар хараад л” гэхчлэн идэвхгүй хариултыг өгөх тохиолдол байдаг. Энэ нь урам хугарах, тухайн хүний сул үзүүлэлт шүү дээ.

Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцогчдоос таны анзаарсан түгээмэл гаргадаг дутагдал нь юу байдаг вэ? Энэ зүйл дээрээ анхаарчихвал гэж бодогддог зүйлээсээ хуваалцаад уншигчдадаа зөвлөгөө өгвөл?

Анкет дээрх бичгийн соёлоор дамжуулж, тухайн хүнийг таних анхны алхмууд хийгдэж эхэлдэг. Алдаад бичнэ, асуултаас өөр зүйлс бичнэ, асуултыг бөглөхгүй орхино. Энэ бүгдээс тухайн ажил горилогч ямар хандлагатай хүн бэ? ажиллах чин хүсэл эрмэлзэл байна уу? хариуцлагатай хүн мөн үү гэх олон зүйлүүдэд дүгнэлт хийж болдог. Одоогийн залуучуудад гарч буй түгээмэл алдаа нь монгол хэлээр зөв бичих, найруулга, утгыг нь зөв гаргах гэдэг ойлголт дутагдалтай болсон нь ажиглагддаг. Хаана ч, хэнийг ч тодорхойлдог нэг үзүүлэлт нь бичгийн соёл.

Мөн түрүүн ярьсан шиг ажилд орох чин хүсэл тэмүүлэл харагдахгүй бол сул тал болно. Өөрийн хүсэл сонирхол, тэмүүллээ нээлттэй харуулах нь зөв шүү. Ингээд бид хөгжих “mindset”-тэй, ур чадвараа дээшлүүлэх хүсэл сонирхолтой залуус бүрд бүрэн нээлттэй.

Цаг заваа гарган ярилцсан Танд баярлалаа,

Б.Сувд

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Л.Ролзодмаа: Туфль сугарахад Ерөнхийлөгч “Зүгээр, зүгээр. Нэгмөсөн хоёуланг нь тайлчихгүй юу даа” гэхэд л тайвширсан


Төрийн ордон. 2019.06.01. Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 9465 ээж “Эхийн алдар” I, II одонг хүртэв. Тэдний төлөөлөл болсон ээжүүд Ерөнхийлөгчөөс одонгоо гардах үед нэгэн ээжийн туфль сугарч, Төрийн ордныг инээдээр чимсэн юм. Туфлийн “хэрэг” олон нийтэд эерэг энерги түгээж, одоо ч гэсэн тэр ээжийг өхөөрдсөн, ерөөсөн сэтгэгдэл хөвөрсөөр байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнө сугарсан туфлиэ буцааж өмсөөд одонгоо гардсан, ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн нярайн ахлах зэргийн эмч Л.Ролзодмаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд “Эхийн алдар” одон хүртсэнд баяр хүргэе. Өнгөрсөн ч гэсэн Эх үрсийн баярын мэндийг давхар хүргэе?

-Баярлалаа. Алдарт эхийн одонгоо авсандаа баяртай байна. Хамт одон авсан ээжүүд, өөрийнхөө хоёр ээж, эгч, дүү нартаа, хүүхдүүддээ бүгдэд нь баярын мэнд хүргэе.

-Одон авах мэдээг анх яаж авсан бэ. Хороо дүүргээс ярив уу, Төрийн ордноос холбогдов уу?

-Гурав хоногийн өмнө Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн албанаас яриад “Та Төрийн ордонд ирж одонгоо авахаар болсон шүү. Хувцасандаа анхаараад иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй” гээд цаг товлосон.

-Тэгээд хувцсаа бэлдэж эхэлсэн үү. Эсвэл бэлдчихсэн байв уу?

-Хавар гурав, дөрөвдүгээр сараас материалаа өгөөрэй гээд бэлдүүлж авдаг юм билээ. Одонгоо бол зургадугаар сарын 1-нд авна гэдгээ мэдэж байсан. Одон авах нь тодорхой юм чинь гээд хувцсаа бэлдэж эхэлсэн ч нэлээд тулгаж авсан.

-Дээл өмсье гэж анхнаасаа шийдсэн үү?

-Өмнө нь одон авч байсан ээжүүдийг харахад бүгд дээл өмссөн байсан. Эхийн алдар гэдэг одон төрөөс өгч байгаа шагнал болохоор үндэсний дээлээ өмсч, хүндэтгэлтэй хандах ёстой хэмээн захиалга өгсөн юм. Гэхдээ захиалгаа цагийг нь тулгаж өгсөн болохоор зургадугаар сарын 1-ний 07:30 цагт дээл маань бэлэн болсон.

-“Хэргийн эзэн” туфлиэ бас бэлдсэн байв уу?

-Туфлиэ шинээр нь аваад бэлдчихсэн байсан юм. Шинэ гутал учраас холгох вий гээд болгоомжлоод гэртээ хоёр хоног өмссөн. Тэгэхэд сугарах нь байтугай барих шинжтэй байлаа (инээв). Би жижиг өмсгөлтэй. Сэтгэлд таарах загвар тэр бүр олддоггүй учраас таарсан гутлаа олж аваад баярлаж байсан. Ордонд ороод одонгоо авах хүртэл зүгээр л байсан. Гэтэл яг Ерөнхийлөгчийн өмнө очоод сугарчихсан.

-Хазгай гишгээд сугарчихсан юм уу, эсвэл өөрөө л сугарчихсан уу?

-Өөрөө л сугарчихсан .

-Сандарсан уу. Ерөнхийлөгч танд ямар нэгэн зүйл хэлэх шиг болсон?

-Тэр үед Ерөнхийлөгчийг чилээчихлээ гэж их эмзэглэсэн. Гэтэл дараа нь бичлэгээ хартал нэг их удаагүй юм билээ. Мэдээж сандралгүй яахав. За баларсан гэж бодоод гутлаа ямартаа ч өмсөхөөр шийдсэн. Гэтэл Ерөнхийлөгч өөдөөс “Зүгээр, зүгээр. Нэгмөсөн хоёуланг нь тайлчихгүй юу даа” гээд хошин өнгөөр инээгээд хэлэхэд шууд л тайвширсан. Ерөнхийлөгч маань их энгийн, гоё хүн юм билээ. Албаны уур амьсгалтай байсан бол бүр илүү сандрах байлаа.

-Тэр үйл явдал ингэж олон нийтэд хүрнэ гэж бодоогүй биз?

-Ёстой үгүй. Албаны арга хэмжээ юм чинь тийм фактыг хасчихдаг байх гэж бодоод нэг их тоогоогүй, гэрийнхэндээ ч хэлээгүй. Одонгоо аваад гэр бүлээрээ гэртээ ирээд хоол цай болж байтал дүү маань утсаа үзэж байгаад “Энэ юу вэ” гээд л гаргаж ирээд, гэрээр нэг инээдэм болцгоосон. Түүнээс хойш ах дүүс, найзууд, таньдаг хүмүүст бүр инээдтэй санагдсан биз. Дахин дахин үзлээ, ямар инээдтэй юм бэ, ямар хөөрхөн юм бэ гэцгээсэн хүмүүс л байлаа.

-Олон нийтийн сүлжээнд таны гаргасан үйлдэл эерэг энергийг сайн түгээж байна. Та ч харж уншиж байгаа байх. Ямар санагдах юм?

-Миний будилж, хөгөлсөн явдлыг олон нийт маань харин ч эерэг талаас нь харж гэр бүл, үр хүүхдэд маань аз жаргал хүссэн сэтгэгдэл олонх нь байсан. Маш сайхан байна. Маш их баярласан. Шүүмжилж болох байлаа. Гэтэл эсрэгээрээ ийм сайхан урмын, талархлын үг илгээж байгаад баярлаад баршгүй.

-Таны хувьд болон гэр бүлд тань мартагдашгүй дурсамжийн нэг болж үлдэв үү дээ?

-Хэзээ ч мартахгүй байх. Ээж маань ч хэлж байсан. Хүүхдүүд чинь насаараа ярих зүйлтэй боллоо гэж.

-Эмэгтэй хүн олон хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг сайн ханийн түшиг тулгуур гэдэг. Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл зургуулаа. Нөхрийг маань Энхтөрийн Оргилболд гэдэг. Улаанбаатар төмөр замын Замын хоёрдугаар ангийн замын оношлогооны төвийн электроникийн инженер. Том охин маань 14 настай, Саруулбилэг гэдэг. Хоёр дахь охин маань Оюунбилэг, гурав дахь охин маань Номуунбилэг, долоон настай. Охид маань Хоёрдугаар сургуулийн сурагчид. Бага хүү маань хоёр настай. Би одоогоор хүүгээ хараад уртын амралттай байгаа.

-Одон авсан паянг нөхөр тань хэрхэн хүлээж авав?

-Нөхөр маань шүүмжлээгүй. Инээдтэй юм бэ гээд л байгаа. “За одоо тэдэн шейр хүрчихсэн байна, мэдээгүй хүн алга” гээд л охидтой нийлж инээлдээд хөгжилтэй сэтгэгдлүүдийг уншиж өгдөг болсон. Тэр явдлаас болж 1, 2-нд өдөржингөө инээлдсээр өнжсөн. Одоо ч гэсэн найз нар таньдаг хүмүүс, дэлгүүрт ороход худалдагч нь хүртэл “Одонгоо авсан байна. Баяр хүргэе. Ёстой хөгжилтэй явдал болжээ” гээд бүгд мэдсэн байна лээ.

-Ингэхэд Эх үрсийн баяраа хэрхэн тэмдэглэв?

-Өглөө эрт босч бужигнаад, арайхийж дээлээ цагт нь амжуулж аваад үсээ янзлуулсан. Тэгээд Төрийн ордон ороод фактаа тарьчихаад халуун ам бүлээрээ зургаа авахуулаад л цааш үргэлжилсэн дээ. Өдөржин л инээлээ дээ. Ер нь манай гэр бүлд зургадугаар сарын 1 болгонд ямар нэг юм болдог юм.

-Ямар гэж. Ер нь жил бүр ийм паянтай юм биш биз. Бүр нэг цаанаасаа тохиодог тохиол байдаг даа?

-Паян гэхээс илүү энэ өдөр манай амьдралд их утга учиртай өдөр болдог юм. Нөхөр бид хоёр 2004 оны зургадугаар сарын 1-нд хуримаа хийж байсан. 2005 оны зургадугаар сарын 1-нд том охиноо өлгийдөөд авчихсан байлаа. Жил бүрийн баяраар гэр бүлийн гишүүн нэмсэн том баяр болдог. Гэр бүлийн баяр, дээр нь хүүхдийн баяр гээд л зургадугаар сарын 1-нд ямар нэг гоё үйл явдал заавал болоод байдаг юм. Ер нь миний амьдрал цаанаасаа л хүүхэдтэй холбогдоод байдаг.

-Нээрээ тийм бололтой. Таны мэргэжил нярайн нарийн мэргэжлийн эмч гэсэн. Энэ мэргэжлийг хэзээ, хэрхэн эзэмшив. Хүүхдийн эмч байхын сайхан тал юу вэ?

-Би 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгсөөд 2006 онд хүүхдийн нарийн мэргэжил олгох курсэд суралцсан. 2006-2010 он хүртэл “Амгалан” амаржих газарт нярайн эмчээр ажиллаж байгаад 2011 оноос ЭХЭМҮТ-д ажиллаж байгаа. Хүүхдийн эмч, нярайн эмчийн гол бахархал бурхнаас айлд ирж байгаа хамгийн ариун нандин, хамгийн үнэ цэнэтэй жаахан амьтдыг асарч, үзэж, эмчилнэ гэдэг цаанаа л гоё. Ялангуяа хүнд өвчтэй байсан хүүхдийн бие сайжирч эрүүл болоод эмнэлгээс гарах мөч хамгийн гоё. 13 жил хүүхдийн эмчээр ажиллаж байна. Хүмүүс ер нь ихэнх нь баярлаж талархсан сэтгэгдлээ хэлдэг. Баярлалаа эмч ээ, маш их баярлалаа гэдэг үгийг өдөр бүр сонсч байдаг болохоор маш их эрч хүч авдаг.

-Эмчийн ажлаа 10 гаруй жил хийгээд, хажуугаар нь дөрвөн хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг амаргүй ажил болов уу. Хань ижлээс гадна аав, ээж гэдэг хариу нэхдэггүй том хүч байдаг. Ар гэрийнхэн тань их тусалж байна уу?

-Мэдээж хүүхдүүдээ өсгөөд ажлаа хийхэд хань маань хамгийн том дэмжлэг болж ирсэн. Хоёр талын ээж, аавууд, ах дүү нар байнга тусалж дэмжиж байдаг. Тэд нарын маань л ач тус даа. Би ч нэг их мундагдаа дөрвөн хүүхэд гаргаад ажлаа амжилттай хийгээд яваад байгаа ч юм биш. Тийм болохоор тэд нартаа баярлаж талархаж явдагаа танай сониноор дамжуулан хэлье.

-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Ажилд тань амжилт хүсье. Олон нийтийн зүгээс уламжилсаар байгаа, улам өнөр өтгөн болоод Алдарт эхийн I одон аваарай гэж ерөөе.

-Баярлалаа. Монголын үрс маш олон болох болтугай. Түүнд өөрийнхөө ажил мэргэжилийнхээ талаас ч тэр, гэр бүлийнхээ зүгээс ч гэсэн хувь нэмрээ оруулсаар байх болно.

-Баярлалаа.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгаж эхлэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан сурталчилгааны байгууламжууд байршуулах, тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварладаггүй, хаяг хаягийн байгууламжид тавигдах шаардлага хангахгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Иймд тус ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зөрчилтэй самбаруудыг буулгах, зөрчлийг арилгах ажлыг эхлүүлэв.Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нарны зам дагуу байршуулсан “Грийн Сити” ХХК-ийн 4×9 метр хэмжээтэй хоёр талт, Чингүнжавын гудамж дагуу байршуулсан “Монос” ХХК-ийн 3×6 метр хэмжээтэй хоёр талт зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгалаа.

Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгаж эхлэв

Дашрамд сонирхуулахад Захирагчийн ажлын албанаас он гарснаас хойш 103 ширхэг хаяг, хаягийн байгууламж, 30 ширхэг хулдаасан хэвлэл, 15 ширхэг түр самбар, 24 ширхэг тулгуурт байгууламжийг албадан буулгаад байна. Цаашид зөрчил бүхий гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Хуучин барилгуудын дээвэр муудсан учраас самбар байршуулах нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Иймд цаашид Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн дээвэр дээрх зар сурталчилгааны самбар болон цахилгаан холболттой гэрлэн самбаруудад дүгнэлт гаргах үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өгчээ. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлтэй гэрээтэй зарим аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг мэдээллийг гадна зар сурталчилгааны самбаруудад байршуулсан аж.

Зөрчилтэй зар сурталчилгааны самбарын мэдээллийг 99003850 дугаарын утсаар авч байна

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гадаад харилцааны сайд Япон улсын элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг энэ сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжин, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйг тэмдэглээд, энэ онд хоёр талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал болон харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход залуусын оролцоог нэмэгдүүлэх, үүнд нийгмийн сүлжээний давуу боломжийг ашиглах, залуу судлаач, дипломатуудын оролцоотой “Peacebook” цахим сэтгүүл гаргах санаачилгынхаа талаар танилцуулсан. Энэ чиглэлээр Японы судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд эл чиглэлд үргэлжлүүлэн мэдээлэл солилцож ажиллахаар тогтлоо.

Categories
мэдээ цаг-үе

Г.Чойжамц: Интерферон эмчилгээг үр дүнтэй болгох судалгаанд Оросын эрдэмтэд хамгийн өндөр үр дүнд хүрсэн

Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц гуайтай ярилцлаа.


-Хэдий урин дулааны улирал ирж байгаа ч ханиад, томууны дэгдэлт их байна. Зарим хүн “Биднийг багад ийм байгаагүй” гэж ирээд шүүмжлэх нь бий. Харин та эрдэмтэн хүний хувьд шалтгааныг нь хэрхэн хардаг вэ?

-Манай эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд оршиж байгаа нэг том дутагдал бол нийгмийн эрүүл мэндийн хөгжил сул байгаатай холбоотой асуудал юм. Нийгмийн эрүүл мэнд гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх анагаах ухаан шүү дээ. Урьдчилан сэргийлэх гэхээр манайхан вакцин хийх л гэж бодоод байна. Яахав, вакцинаар сүрьеэ, “Б” гепатит, тархины халдварт саа, сахуу татран, улаанбурхан гэх мэт зарим тодорхой халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой гэж үздэг. Тухайлбал, улаанбурхан буюу корь товлолын вакцинтай. Насан туршид нь дархлаа тогтоох зорилтоор хүүхдэд энэ вакциныг хийдэг. Гэвч вакцин хийлгэсэн мөртлөө залуус улаанбурхантаж байна. Бас яагаад “Б” гепатит буурахгүй байна вэ.Сүрьеэгийн вакциныг бүх хүүхдэд хийдэг байхад яагаад манайд одоо сүрьеэгийн дэгдэлт ийм өндөр болоод байна вэ. Монгол Улс Зүүн Өмнөд Азид сүрьеэгийн хамгийн өндөр тархалттай эхний долоон орны нэг болчихоод байгаа. Уг нь вакцинжуулаад байгаа учраас огт өвчлөхгүй болчих ёстой биз дээ. Тэгэхээр вакцинжуулалтаар өвчнийг тасалж, сэргийлж чадахгүй байна л гэсэн үг.

-Нээрээ улаанбурхан өвчнийг устаад дахиад дэгдлээ гээд нэг хэсэг шуугьсан даа?

-Тийм. Корь эргэн сэргэж буй вирусийн халдварт өвчний нэг болоод байна. Бид салхин цэцгийн вакциныг ч хүүхдүүддээ хийдэг. Гэсэн ч хүүхдүүд салхин цэцгээр өвчилсөөр л байгаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсад хийж байгаа хамгийн боломжтой, үр дүн гарах ёстой, хангалттай мөнгө зарж байгаа үйл ажиллагаа маань ч үр дүн султай байгаа хэрэг. Мөн халдварт бус өвчнөөс сэргийлэх асуудал байна. Тухайлбал, цусны даралт ихдэх, үе мөчний болон хоол боловсруулах замын өвчнүүд гээд нэрлэж болно. Ийм халдваргүй өвчнөөс сэргийлэх асуудлын хүрээнд нийт хүн амын дунд хийж байгаа гэгээрүүлэх, буюу эрүүл мэндийн боловсрол олгох ажил бага. Хүн амын эрүүл мэндийн боловсролыг шат дараалалтай ахиулах цэгцтэй үйл ажиллагаа ч хангалтгүй байгаа юм. Хүмүүс эрүүл мэндийн боловсролын чиглэлээр тохиолдлын чанартай мэдээлэл авч байна шүү дээ. Радиогоор ганц нэг юм сонсох, телевизийн реклам, сурталчилгаа харах, эсвэл ямар нэгэн эрүүл мэндийн мэргэжилтнээс тохиолдлоор зөвлөгөө авах байдлаар л явж байгаа.

-Тухайлбал, би тэр болгон өвддөггүй болохоор жаахан ханиад тусчихвал эмийн санчаас асууж байгаад эм аваад уучихдаг?

-Магадгүй эмийн санчаас зөвлөгөө их авч байгаа байх. Ингээд бодохоор манай хүн амын эрүүл мэндийн боловсрол сул шүү. Дээр нь эрүүл, аюулгүй орчны асуудал их түвэгтэй байна. Жишээ нь, Улаанбаатар хот өвөлдөө асар их утаатай, жилийн дөрвөн улиралд агаарын өндөр тоосжилттой байдаг нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа. Орон нутагт амьдарч байгаа хүмүүст тухайлбал, усан хангамжийн баталгаатай, аюулгүй эх үүсвэр алга. Зүгээр л, ямар нэгэн худаг эсвэл урсаж байгаа голоос ус авч хэрэглэдэг.

-Хөдөө амьдарч байгаа хүмүүсээ усны цэнгэг, агаарын сайханд байгаа гэж боддог шүү дээ?

-Цэвэр агаарт байгаа учраас арай өвчлөл бага юм шиг байж болно. Гэхдээ хүн амын дундаж наслалтыг харахад хөдөөгийн хүмүүсийнх бага байна. Эрүүл орчинд байна гэж хэлэхэд түвэгтэй байгаа биз. Манайд малын гаралтай халдварт өвчин, заримдаа бүр ноцтой халдварт өвчний мэдээлэл байнга гарч байна шүү дээ. Малаас хүнд халддаг өвчний эрсдэл тэнд асар өндөр байгаа гэсэн үг. Ингээд бүхэлд нь харахаар Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн хөгжил маш сул байна. Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжил нь ч сул байна. Тиймээс ч бид бүгдээрээ мэддэг болчихсон. Арваннэгдүгээр сараас ханиад, томуу эхэлнэ. Зургадугаар сараас гэдэсний халдварт өвчин эхэлж хүүхдийн гэдэс өвдөнө гэдэг ч юм уу. Мэдэж байгаа хэрнээ ямар ч үр дүнтэй арга хэмжээ авч чаддаггүй.

-Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн хөгжил нь эргээд өвчин томуу их байгаагийн шалтгаан болчихов уу?

-Нийгмийн эрүүл мэндийн хөгжил сул байгаагаас шалтгаалаад өвчлөл өндөр байна. Тийм учраас Эрүүл мэндийн салбарын бүх зардал ерөөсөө өвчтэй хүнийг эмчлэхэд зориулагдаад нөгөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ юу ч зарж чадахгүй байдал руу шилжчихдэг менежмэнтийн том алдааг төр засаг шийдвэр гаргагчид мааань мэдэхгүй он олон жил явлаа. Арга буюу л вакцинжуулалтаасаа цааш юу ч чадахгүй байгаа юм. Хүрээлэн буй орчны бохирдол хүний дархлааг сулруулах хамгийн ноцтой хүчин зүйл болдог гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Нэг талаас дархлаа нь суларна. Нөгөө талаас хүний эрүүл байхад тус болдог хэвийн бичил биетний иж бүрдэл алдагддаг. Тухайлбал, хүний гэдэс дотор 500 сая тэрбум орчим нян бий. Жигнэвэл таван кг орчим бактер. Яг хэрэг дээрээ хүнийг эрүүл байлгаад байгаа юм бол тэр хэдэн нян шүү дээ. Бид хоол, эм юу ч уусан тэр нян гэдсэн дотор задална. Уураг бол бараг амин хүчлийн түвшинд хүртэл задарч байж цусанд шимэгдэж байгаа. Монголчууд бид уураглаг хүнс өргөн хэрэглэдэг. Тиймээс хоолоор авсан уураг цусанд шууд шимэгдээд орчихдогсон бол ерөөсөө уургийн дутагдалд орохгүй. Гэтэл эмнэлгийн практикт өвчтэй хүмүүстэй ажиллаж байхад уургийн дутагдалд орчихсон хүн олон тохиолддог. Энэ бол тэр хүний хоол боловсруулалт муудчихсан хэрэг. Ингэлээ гээд өвдөөд, шаналаад байх ил зовиур өгөхгүй ч дархлаа нь суларчихна. Өвдөх эрсдэл нь нэмэгдчихнэ гэсэн үг. Тэгэхээр хүний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх гэдэг үйл ажиллагааны хүрээнд төр нийгмийн бүх хэмжээнд хийж байгаа ажил нэг бол оновчгүй, нэг бол үр дүнгүй байна гэж хэлэхээс өөр аргагүй байна даа.

-ХИМИЙН АРГААР ВИРУСИЙН ЕРТӨНЦТЭЙ ТЭМЦЭХ НЬ МУХАРДАЛД ОРЖ БАЙНА-

-Нэгэнт өвчин туссан бол эм уухаас өөр сонголт байхгүй. Тэгэхээр эмний талаар асуумаар байдаг зүйлээ асуугаад явъя. Хуучин бол ханиад томууг бараг л аарц, чацарганаар эмчилдэг байсан ухааны юм ярьдаг хүмүүс бий. Гэхдээ орчин үеийн ханиад, томуу наад зах нь өндөр халууруулдаг боллоо?

-Орчин үед дэлхийн хэмжээнд вирусийн өвчний асар их идэвхтэй дэгдэлт явагдаж байна шүү дээ. Өнгөрсөн зуунд дэлхийн анагаах ухаан үндсэндээ “Өвчин үүсгэдэг бактерийг яллаа, антибиотиктой боллоо, сүрьеэ, тэмбүүг эмчилдэг боллоо гээд анагаахын ололтод маш их бахархаж байсан юм. Маш их үр дүнд хүрлээ” гэж байсан. Тэр үед вирусийн өвчний дэгдэлт, тархалт харьцангуй бага байлаа. Бага байсан шалтгаан нь нэг талаасаа хүн амын хөдөлгөөн хязгаарлагдмал байсантай холбоотой. Өнөөгийнх шиг өнөөдөр Монголд байгаа хүн маргааш Америкт явж байдаг юм байсангүй л дээ. Хил хязгаар хаалттай байсан явдал нь вирусийн шалтгаант өвчний дэгдэлт, тархалт бага байх том нөхцөл байж. Одоо бол дэлхий нийтэд вирусийн шалтгаант өвчний дэгдэлт, тархалт асар өндөр болчихлоо. Бид бактерийн эсрэг эмийнхээ хүч чадлыг алдчихсан. Энэ чигээрээ явбал цаашдаа ерөөсөө антибиотик эмгүй болох магадлалтай.

-Тодруулбал?

-Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн том судлаачид 2040, 2050 оны үед антибиотикийн төрлийн эмгүй болж магадгүй тухай бичиж байна. Нэгдүгээрт, нян антибиотикт тэсвэртэй болох процесс бас л хүний буруу үйл ажиллагаатай холбоотой. Хүний анагаахын түүхэнд 100 гаруй л антибиотикийн бэлдмэл гаргаж авч эмчилгээнд хэрэглэсэн байдаг. Одоо түүнээс 60 гаруй нь эмчилгээний практикаас бүрмөсөн хасагдчихлаа. Нян бүрэн тэсвэржсэн учраас ямар ч эмчилгээний ач холбогдолгүй болчихсон хэрэг. Антибиотик цаашдаа эмчилгээний өндөр ач холбогдолтой бодис байж чадахгүй болж магадгүй. Тийм учраас дэлхий нийтээр антибиотикийг зөв зохистой хэрэглэх юмсан гэдэг зорилт тавьж, энэ хүрээнд асар их үйл ажиллагаа явуулж байна л даа. Нэг антибиотик шинээр нээхэд 25-30 жил ордог. Гэтэл шинэ антибиотик эмнэлгийн практикт нэвтрээд нэг, хоёр жилийн дараа тэсвэржсэн нян олдож, бүртгэгдэж байна.

-Тэгвэл нян нь хамаагүй хурдтай хөгжиж байгаа юм байна.

-Нянгийн ертөнц өөрөө асар богино хугацааны амьдралын мөчлөгтэй. Хэдхэн цагт нянгийн амьдралын нэг мөчлөг дуусаад дараагийн үе эхэлдэг. Биднийг аль нэг эмийг ууж үзээд, больж үзээд явж байх хооронд аль хэдийнэ нянгийн амьдралын хэд хэдэн үе шат өнгөрөөд генетик мэдээллээрээ эмэнд тэсвэртэй нян үүсээд гараад ирж байна шүү дээ. Тэгэхээр антибиотикийн эмчилгээнд 100 хувь найдвар тавих үндсэндээ боломжгүй байдал руу орчихлоо. Мөн нянгаас гадна вирус их идэвхтэй болж эхэлж байгаа. Вирус бол бактериас хурдан хувирамтгай. Ноднин намар гарсан амьсгалын замын томуу, томуу төст халдварын үүсгэгч хойтон нь хэлбэрээ өөрчлөөд л гараад ирж байна шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн эмчилгээний арга, сэргийлэх вакцин энэ жил бол тохирохгүй.

-Гэхдээ бид ноднингийнхоо эмийг л уудаг. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Хоёрдугаарт, нэг ч антибиотикт вирусийн эсрэг үйлчилгээ байхгүй. Хүний анагаах ухаан вирусийн эсрэг үйлчилгээтэй антибиотикийг огт олж нээгээгүй байгаа. Тэгэхээр хүний өөрийнх нь бие махбодын потенциал л маш чухал болчихож байгаа юм. Нэг үгээр дархлаа.

-Та ярианы эхэнд хүрээлэн буй орчноос болоод хүмүүсийн дархлаа суларч байгаа талаар дурдаад өнгөрсөн байх аа?

-Хүүхэд төрөөд эхний зургаан сард ямар ч өвчнөөр өвчилдөггүй байсан үе бий. Эхээсээ дархлаа авчихдаг. Эхийн дархлаагаар хүүхэд эхний зургаан сар ямар ч халдварт өвчин тусдаггүй, эх нь халдварт өвчин туссан ч хүүхэд нь өвддөггүй байсан үеийг мэднэ. Гэтэл одоо зургаан сарын дотор хүүхэд өвчлөх нь элбэг болж эхэлж байна. Энэ бол удамших дархлааны мэдээлэл ч суларч байгаа хэлбэр юм. Гэтэл өнөөдөр дэлхийн анагаах ухаан дархлаатай холбохгүй ямар ч өвчний эмгэг жамыг тайлбарлаж чадахгүй болж байгаа. Ходоодны шархлаа, уушгины хатгаа, ханиад томуу эсвэл яс сийрэгжих өвчин, бүх хорт хавдар бол явж явж дархлааны л алдагдлын эмгэг жам дээр суурилж хөгжиж байна шүү дээ. Бид анагаахын хэлээр өвчний эмгэг жам гэж ярьдаг. Вирус биед ороод цаашаа яах, хэрхэн өвчлүүлж байгаа тухай асуудал шүү дээ. Тиймээс шинжлэх ухааны өнөөгийн түвшинд өвчний эмгэг жамыг дархлааны оролцоогүйгээр тайлбарлах ямар ч боломжгүй болж байгааг хүн бүр ойлгох хэрэгтэй болж байна. Үүнийг 10 жил, эсвэл 20 жилийн өмнөх мэдлэгийн түвшинтэй харьцуулбал дархлааг өнөөдөр анзаарахгүй орхичихож болохооргүй тийм л түвшинд хүрч байна. Дээр нь өвчний дэгдэлт тархалтад бидний хязгаарлаж чадахгүй юм зөндөө бий. Жишээ нь, нүүдлийн шувууд байна. Хамгийн сүүлд том дэгдэлт өгсөн Н1N1 вирус хүний дөрөв, шувууны хоёр, гахайны хоёр гентэй. Ийм найман гентэй вирусээр л үүсгэгдээд гараад ирж байгаа болохоор эмчилгээ сэргийлэлтийн том бэрхшээл аяндаа гараад ирлээ.Өмнө нь ийм гахай, шувууны гентэй вирусээр огт өвчин халдварлаж байгаагүй. Тэгэхээр хүний вирусийн ген устгадаг эмээс гадна гахай, шувууны вирусийн генийг устгадаг эмийг цоо шинээр нээх хэрэгтэй болноо доо. Шинжлэх ухаан асар хурдтай ажиллаад арайхийж нэг эм нээхэд дараачийн жил гарч ирж байгаа нөгөө Н1N1 вирусийнх нь ген хувирчихсан байна. Тэгэхээр химийн аргаар вирусийн ертөнцтэй тэмцэнэ гэдэг өөрийн эрхгүй мухардал руу орж байгаа юм.

-Таны яриаг сонсоод бодогдож байна л даа. Сүүлийн үед ханиад, томуунд дандаа найруулдаг, нэг тийм лемон үнэртсэн эм уудаг болчихоод байгаа. Зүгээр дархлаа дэмжих зориулалттай юм болов уу гэмээр.

-Томуугийн халдварт өвчний тархалт өндөр байгаа учраас дэлхийн анагаах ухаан энэ төрлийн эм нээх гэж их анхаарал тавьж байна. Одоо манай эмийн сангуудад томуу, томуу төст өвчний эмчилгээнд зориулсан эмийг нэр төрлөөр нь тоолбол, зуугаар тогтохгүй. Тэдгээр нь яг вирусийн эсрэг биш. Вирус хүний биед орохоор халууруулна, уургийн мэдээлэл орж ирж байгаа учраас харшил үүсгэдэг. Тэгэхээр таны дурдсан ханиад, томуунд хэрэглэдэг эмнүүд цөмөөрөө харшил, халууралтын эсрэг, дархлаанд ямар нэг хэмжээгээр нөлөөлөх гэж оролдсон, өөр нэртэй ч бүгдээрээ яг нэг төрлийн найрлагатай. Эмчилгээнд хэрэглэхээр халдвар авсан хүний эмнэлзүйн шинж тэмдэг буюу халууралтыг нь багасгах, харшлын урвалыг жаахан дарах ийм л эмнүүд байгаа. Судас агшаах эмнүүд бас хольсон бий. Вирусийн халдвар хамар, гуурсан хоолойн салст бүрхүүлийн судсыг тэлж, хавагнуулдгаас хамар битүүрэх, амьсгал бачуурах эмгэг жамтай. Тэрнийх нь л эсрэг эмчилгээ хийгээд байгаа болохоос яг вирусийн эсрэг эм цөөхөн. Гарын таван хуруунд багтахуйц цөөн гэж болно. Тэгэхээр эргээд л нөгөө вирустэй тэмцэх тэмцэлд тэгвэл юу байвал сайн юм бэ гэхээр дархлаа юм. “Томуу, томуу төст өвчин туссан хүн антибиотик уувал долоохон хоноод эдгэнэ. Уухгүй бол бүхэл бүтэн долоо хонож эдгэнэ” гэсэн үг байдаг. Антибиотик ямар ч үр дүнгүй гэсэн л үг. Манайхан бол хүүхэд ханиад хүрэхэд аптекаас антибиотик аваад уулгачихаж байна. Энэ бол асар гэнэн ойлголт. Нөгөө л антибиотикт нян тэсвэржихийг л нэмэгдүүлээд байгаа болохоос биш хүүхдээ эмчилчихэж байгаа юм огт байхгүй. Монголчууд их элгэмсэг ард түмэн шүү дээ. Эцэг, эхээ орхидоггүй, үр хүүхдэдээ хайр халамж тавьдаг. Тэр чанараараа дэлхийн олон орны хүнд гайхагддаг. Америк хүн монгол хүүхэд үрчилж байхад нь би “Чи яагаад заавал монгол хүүхэд үрчилж авч байгаа юм. Америкт хүүхэд үрчлэх ёс ер нь байна уу” гэж асуусан чинь “Байдаг. Гэхдээ монгол хүний эцэг, эхийгээ орхидоггүй зан чанар надад их таалагддаг” гэж хэлж билээ. Эцэг, эх нь ч хүүхдээ орхидоггүй. Гэхдээ бид хүүхдэдээ тийм их хайртай мөртлөө өвдсөн үед нь маш хариуцлагагүй шийдвэр гаргадгийн нэг жишээ бол ханиадтай хүүхдэдээ антибиотикийг эмчийн зөвлөгөөгүйгээр дураараа хэрэглэдгийг хэлж болно.

-МИНИЙ АЧ, ЗЭЭ НАР ХАНИАД
ХҮРВЭЛ БИ ВИФЕРОН Л ХЭРЭГЛЭДЭГ-

-Яг үүнтэй холбогдуулаад асуухад өнгөрсөн намар виферон гэдэг лааны талаар дуулиан гарсан. дархлаа дэмжих зориулалттай гээд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэдэг байлаа. гэтэл Эрүүл мэндийн сайд нэг мэдээлэл хийгээд дараа нь хэрэглээнийхээ түвшинд хүлээлтийн байдалд орчихоод байгаа. Та тэр эмний талаар хэр мэдэх вэ?

-Эцэг, эхчүүдийг эвгүй эргэлзсэн байдал руу өөрийн эрхгүй оруулчихлаа. Виферон гэдэг эм Монголд орж ирээд нэлээд хэдэн жил хэрэглэгдлээ шүү. Ер нь эхнээс нь ярихад интерферон гэдэг бодисыг анагаах ухаан нээсэн юм. Интерферон гэдэг чинь хүний бие махбод өөрөө үйлдвэрлэж, нийлэгжүүлж байдаг дархлааны бодис шүү дээ. Энгийнээр тайлбарлавал, интерферон бол хүний өөрийнх нь дархлааны маш чухал элементүүдийн нэг л байхгүй юу. Гэхдээ хүний бие махбод өөрөө л түүнийгээ хэрэгтэй цагтаа үйлдвэрлэдэг, хэрэггүй бол нэг их гараад байдаггүй тийм л бодис. Хамрын салстад ч интерферон байж л байгаа. Уушги, элэгний эдийн дотор ч интерферон бий. Жишээ нь, “С” вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл байна шүү дээ. “С” гепатитаар өвчилсөн 100 хүний 20 нь архагшдаг. Яачихсан 20 нь архагшиж байгаа юм гэхээр интерферонгүй, эсвэл, интерферон багатай нь юм. Тэр 20 хувийн таван хувь нь хорт хавдар болох боломжтой.

-Яаж вирусийн эсрэг үйлчилдэг вэ. Та илүү дэлгэрэнгүй тайлбарласан нь дээр байх?

-Ялангуяа вирусийн өвчний эсрэг интерфероны гүйцэтгэх үүрэг асар өндөр. Вирус бол нян бактериас энгийн бүтэцтэй, амьд организм. Хүний биед орж өвчин үүсгэчихээд тухайн вирусийн нуклейн хүчил РНК, эсвэл ДНК-ийн тасархай хүний биед үлдчихээр яг тэр вирус амьдаараа байгаа юм шиг өвчин нь үргэлжилдэг. Одоо “С” вирустэй хүн гэдэг чинь “С” вирусийн РНК-тай л хүн байхгүй юу. “Б” гепатиттай хүн гэдэг чинь “Б” вирусийн ДНК-тай хүн гэсэн үг. Элэгнийх нь эс дотор “С”, “Б”, эсвэл дельта вирусийн нуклейн хүчлийн тасархай байгаа хэрэг. Товчхондоо, вирусийн РНКэзэн эс дотор шимэгчилж амьдарч байгаа учраас өөрийн хэрэгцээтэй бүх зүйлээ элэгний эсээс авна. Тэгэхээр вирусийн нуклейн хүчил агуулж байгаа элэгний эсийн түвшинд юуны өмнө нүүрс ус, өөх тосны солилцооны алдагдалд ордог. Дээр нь элэгний нэг эс хоёр, хоёр эс дөрөв гэдэг юмуу хуваагдаж өсч үржихэд нь вирусийн нуклейн хүчил дагаад хуваагдаад байдаг. Хэдэн сая эс тэгж гэмтэж байгаа. Хүмүүс лабораторийн шинжилгээ хийлгээд “Намайг 500 саятай гэж байна. Би аймаар хүнд болчихож уу” гээд асуугаад явж байдаг. Тэр хүний элэгний эсийн дотор хэчнээн сая вирусийн нуклейн хүчил байна вэ гэдгийг л тоолсон тоо шүү дээ. Интерферон бол тэр нуклейн хүчил өөрийгөө хувилдаг процессийг л зогсоох үйлчилгээтэй бодис. Вирусийн нуклейн хүчил өөрийгөө хувилдгийг анагаахын хэлээр репликаци гэдэг. Тэр репликацийн процессийг л зогсоодог үйлдэлтэй байхгүй юу. Энд л интерфероны өөрийнх нь эмийн үйлчилгээний механизм оршиж байгаа юм. Гэхдээ интерферон чинь хүнээс өөрөөс нь ялгардаг гэж би хэлсэн шүү дээ. Өөрөөс нь тэр интерферон нь ялгарахаар цаашаагаа дархлаа идэвхжээд дархлааны бүх элементүүд идэвхтэй ажиллаж эхэлдэг онцлогтой.

Бид мэднэ шүү дээ. Хоёр хүн томуу тусахад нэг нь маш хүнд явцтай байхад нөгөө нь гайгүй өнгөрчихдөг. Тэр чинь л дархлааны ялгаа. Нэг их нус нь гоожсон, ханиасан найтаасан, хүн тааралддаг. Манайхан чинь гар барьдаг гажигтай улсууд. Сайн уу гээд хүний гар бариад, тавихгүй сэгсрээд л. Нөгөөх нь “Би ханиадтай байгаа” гээд тоох ч үгүй яриад л. 1960, 70, 80-аад онд ханиадыг агаар дуслаар л дамждаг гэдэг байлаа. Одоо бол ахуйн хавьтлаар халдаж байна гээд байгаа юм. Ханиадтай хүн хаалганы бариул бариад гарахад дараачийн хүн очиж бариад тусчихна. Хамраас нус гоожоод, загатнаад, найтаагаад “Яана аа би ханиад хүрчих шиг боллоо” гэж байсан хүн маргааш өглөө нь босоод ирэхэд зүгээр болчихсон байдаг. Эм уугаагүй, ямар нэг эмчлэх арга хэмжээ аваагүй. Яасан юм гэхээр хүний интерферон ялгараад дархлаа нь сайжраад өөрөө л эдгэрчихэж байгаа гэсэн үг.

-Тэгэхээр виферон лаа, түрхлэг гэдэг нь зохиомол интерферон байх нь?

-Интерферон нь тийм үүрэгтэй бодис. Дотроо альфа, бетта, гамма гээд олон төрөл зүйлтэй. Бүгдээрээ өвөрмөц биологийн үүрэгтэй, дархлааны үе шат болгонд ач холбогдолтой бодис юм. Интерфероныг дэлхийн анагаах ухаан эмийн хэлбэрт оруулаад эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Гэхдээ өмнө нь дандаа тарьдаг байдлаар байлаа. Ер нь ууж хэрэглэхэд бол үр дүнгүй. Хамарт дусааж, арьсанд түрхэж болох юм, эсвэл тарьж болно. Тариад хэрэглэхээр маш их гаж нөлөө өгдөг эм шүү дээ.

-Тухайлбал?

-Ер нь тариа хэлбэрээрээ бол таагүй гаж нөлөө өгдөг эмийн тоонд ордог.Эмэнд байдаг үндсэн эмчилгээний ашигтай үйлдлээс гадна хүний биед үзүүлж байгаа хортой ашиггүй нөлөөнүүдийг л гаж нөлөө гэж байгаа шүү дээ. Интерфероныг тарьж хэрэглэхэд гардаг гаж нөлөөн дотор хамгийн ноцтой нь хүн маш гүнзгий сэтгэл гутралд ордог. Бүр амь насаа бүрэлгэх тохиолдол гардаг. Манайд интерферон тарилгын хэлбэрээр зөндөө орж ирсэн. Одоо “С”гепатитыг эмчилдэг вирусийн эсрэг сайхан эм гараад байна. Үүнээс өмнө бид вирусийн гепатиттай хүмүүст интерферон л тарьж байлаа. Тариулсан хүмүүс гаж нөлөө гардаг байдал нь интерфероны гаж нөлөөгүй хэлбэрийг нээж эмчилгээнд оруулах эмнэл зүйн хэрэгцээг бий болгочихсон юм л даа. Олон орон янз бүрийн туршилт судалгааг одоо ч хийж байна. Интерфероны эмчилгээг үр дүнтэй, гаж нөлөөгүй болгох хүрээнд хийгдсэн судалгаанд хамгийн дэвшилттэй үр дүнд хүрсэн судлаачид бол Оросын эрдэмтэд. Оросын эрдэмтэд интерфероныг шулуун гэдсээр хэрэглэдэг лаа хэлбэрээр гаргасан.Түүнийг нь Виферон гээд байгаа юм. Виферон бол ОХУ-ын оргиналь эмийн бэлдмэл. Интерфероныг лаа хэлбэрээр эмчилгээнд хэрэглэхэд нэгдүгээрт, тарьж хэрэглэхтэй ойролцоо цусны сийвэнгийн концентраци өтгөц шимэгдэлт 76хувьтай гэж судлаачид тогтоосон байгаа.Өөрөөр хэлбэл, гэдэсний ханаар цусанд шимэгдээд элгийг дайрахгүйгээр шууд зүрхээр дамжиж бүх биед тархдаг гэсэн үг. Уусан эм бол заавал элгээр дайрна шүү дээ. Элэг хоргүй болгоод задалчихаар тунгийн тодорхой хэсэг нь л эмчилгээний ашигтай нөлөө үзүүлэх боломжтой.

-Тариагаар интерферон хийхээр сөрөг үр дагавар гараад сэтгэл гутралд оруулдаг гэлээ. Тэгвэл лаан хэлбэрээр хэрэглэхээр яагаад тэгдэггүй юм?

-Тарианы тун хамаагүй өндөр байдаг. Дээр нь элэгний архаг гепатитад зургаан сар хэрэглэж байж эмчилгээний үр дүн гарна гээд бод доо. Вифероныг бол өдөрт хоёроор таван өдөр л хэрэглэдэг. Тэр хооронд юу гэж гаж нөлөө, харшил гарах вэ дээ. Лаа хэлбэрээр хэрэглэхээр тийм гаж нөлөө гарах хэмжээний сийвэнгийн өтгөц, тунд хүрдэггүй. Нэг юмыг зургаан сарын турш хэрэглэх, таван өдөр хэрэглээд болих хоёрын хооронд асар их ялгаа бий.

-Өнгөрсөн намар Эрүүл мэндийн яаманд болсон мэргэжилтнүүд оролцсон хурал дээр арай өөрөөр яриад байсан?

-Таны асуугаад байгаа ноднин намрын Эрүүл мэндийн яаманд Д.Сарангэрэл сайдтай хийсэн ярилцлага дээр эмнэлгийн мэргэжилтнүүд харагдсан. Тэр хүмүүсийн зарим нь интерферон гэдэсний ханаар шимэгддэггүй гэж ярих юм. Зарим нь их аюултай гаж нөлөөтэй гэж ярьж байна лээ. Хэрэв гэдэсний ханаар шимэгддэггүй эм бол ямар гаж нөлөө үзүүлэх вэ дээ. Байж байгаад баастай хамт гарах байх. Тийм авцалдаагүй, мэргэжлийн бус л ярилцлага явсан. Эм судлалын ухааны цагаан толгой мэдэхгүй хүмүүс эмийг муулах, эсвэл магтаад байх нь нэг их сайн үр дүнд хүргэдэггүйн нэг баримт л юм даа. Тэнд бодвол эм судлалын мэргэжлийн хүн байгаагүй байх. Фармакокинетик гэж их том ойлголт бий. Аливаа эмийг хоногт хэдэн удаа, нийт хичнээнийг нэг курс эмчилгээндээ хэрэглэх юм гэдэг асуудал чинь фармакокинетик шинж чанараасаа хамаарна. Хэрэглэсэн тунгийн хэдэн хувь нь цусанд шимэгдэж орох юм. Хэдэн цагийн дараа цусанд хамгийн өндөр концентраци нь бий болох, тэр концентраци нь ямар хугацаанд баригдах, хэдэн цагийн дараа бие махбодоос хаагуур ялгарч гарах юм гэдэг тооцоо. Эмийн бодисын хагас задралын хугацаа гэж их том ойлголт байгаа. Энэ бүхнийг л авч үзэж байж эмийг хэрэглэх боломжтой болно. Анагаах ухааны математик л даа. Хүний бие ч жин, өндөртэй, тодорхой хэмжээгээр илэрхийлэгдэх гадаргуутай шүү дээ. Түүнд нь эмийн бодисын тунг тооцож байгаа. Вифероны тунг бол хүний биеийн гадаргуугийн талбайд нь тооцдог зарчимтай шүү дээ. Виферон хэрэглэх гэж байгаа эмч хүн хүүхдийн биеийн гадаргуугын хэмжээг тооцож гаргачихаад тунг тогтоогоод, тэдэн цагийн зайтай хэрэглэнэ гэж хэлж байгаа юм. Виферон бол биотехнологийн аргаар гаргаж авч байгаа орчин үеийн өндөр технологийн эмийн бүтээгдэхүүн. Гэхдээ хүний өөрт нь байдаг бодистой яг адилхан химийн бүтэцтэй. Тийм учраас түүнийг чинь Human recombinant interfer­on буюу Хүний интерферон гэж нэрлэдэг. Жишээ нь, парацетамол гэдэг эмийг химийн янз бүрийн бодисуудыг хооронд нь урвалд оруулах замаар нийлэг хиймийн аргаар гаргаж авдаг. Интерфероныг бол бионийлэгжилтийн аргаар буюу хүний интерферон ялгаруулдаг эсийн митохондрынДНК-г авчмикробын эсэд суулгаад микробын эсийн цэвэр өсөгвөрөөс ялгаж авсан эм шүү дээ. Томуу, томуу төст өвчний халдвар аваад өвчилж байгаа хүүхэд, том хүнд интерфероныг гаднаас бэлнээр нь оруулаад хүний бие махбодын дархлааг өдөөж сэргээж өгч байгаа эмийн эмчилгээний төгс төгөлдөр үйлчилгээ юм. Тэгэхээр интерферон хэлбэртэй виферон лаа гэдэг чинь нэг талаасаа хүний бие махбодын интерфероны нөөцийг нэмэгдүүлж гаднаас орж ирсэн вирусийн хувиллыг зогсоох, нөгөө талаасаа бие махбодын үрэвслийн эсрэг хамгаалах урвалын механизмыг дэмжиж өгч байгаа. Нэг ёсондоо интерферон вирус устгах, үрэвсэл намдаах гэсэн хоёр давхар эмчилгээний ач холбогдол үзүүлж байгаа юм. Ийм ач холбогдолтой болохоор том нээлт гэж үзээд ОХУ-д виферон бэлдмэлийг бүтээсэн хүмүүсээ саяхан алдаршуулж төрийн том шагналаа гардууллаа.

-Малиновская гээд эрдэмтний талаар мэдээг нь харж байсан юм байна?

-Тийм. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Хүүхдийн халдварт өвчнийг судлах эрдэм шинжилгээ – анагаах ухааны институтээс “Виферон” бэлдмэлийг бүтээсэн ОХУ-ын төрийн хошой шагналт, нэрт эрдэмтэн В.В.Малиновскаяд Хүндэт докторын шагнал гардууллаа.Институтнь ЗХУ байгуулагдсан 1917 оноос хойших 102 жилийн түүхтэй. Энэ бүх хугацаанд тэр шагналыг 15-хан хүн хүртсэн байдаг юм. Тэр хүний ажлыг Оросын шинжлэх ухаан үнэлж байна. Ер нь виферон гэдэг лааг муулснаас болоод манай эцэг, эхчүүд маш их эргэлзээнд орсон. Зарим нь бүр айдаст автсан байх. Хэрвээ миний ач, зээ нар ханиад хүрвэл би виферон л хэрэглэдэг. Надад бол санаа зовж байгаа юм алга. Яагаад гэвэл би бүгдийг нь уншсан, мэдэж байгаа. Уншаагүй хүмүүс бол “Би хүүхэддээ виферон хэрэглэсэн миний хүүхдийн эрүүл мэнд одоо яачихсан бол” гэж айж байгаа. Ингэж хүнд зохиомол, хий хоосон аймшиг үүсгэж болохгүй л дээ. Нөгөө талаас эмч, эмийн мэргэжилтнүүд их том эргэлзээнд орсон. Зарим нь бараг “Би буруу юм хийчихсэн юм биш биз дээ” гэж бодох тийм хэмжээнд асуудал явж байна. Үүнд би мэргэжлийн хүний хувьд харамсаж байгаа. Уг нь сайд дараа нь “Уучлаарай. Надад ирсэн буруу мэдээллээс би ийм юм ярьчихсан байна. Эцэг, эхчүүд ард түмэн, эмч, эмийн мэргэжилтнүүд минь тайван байгаарай. Виферон бол тийм аюултай юм биш юм байна шүү” гээд зарлачих хэрэгтэй байлаа.

-ЭМЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ВИФЕРОН ХЭРЭГЛЭСЭНТЭЙ ХОЛБООТОЙ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГЭЭОДОО СЭТГЭЛЭЭСЭЭ АВЧ ХАЯАРАЙ-

-Эрүүл мэндийн сайдын тэр мэдэгдлийг та юутай холбоотой гэж бодож байна?

-Мэргэжлийн бус хүнд ирсэн хариуцлагагүй мэдээлэл их үнэмшилтэй туссан байх. Ийм мэдэгдэл хийхээсээ өмнө яг төрөлжсөн нарийн мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцах л ёстой байсан болов уу. Энэ далимд надтай хийж байгаа ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд эмч, эмнэлгийн ажилтнууд, эмийн мэргэжилтнүүд, эцэг эхчүүд та бүхэн виферон хэрэглэсэнтэй холбоотой ямар нэгэн сэтгэл зүйн дарамт байгаа бол түүнийгээ одоо авч хаяарай. Виферон бол тийм аюултай, хортой эм биш шүү. Хүний эрүүл мэндэд хэрэгтэй эмийн бүтээгдэхүүн л юм. Бид виферон хэрэглэхгүй бол ханиад, томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүддээ антибиотик, эсвэл өөр юм хэрэглэх л байх. Гэхдээ виферон шиг нөлөөлчих үр дүнтэй эм бол одоохондоо Монголын анагаах ухааны практикт хэрэглэгдэж байгаа бүртгэгдсэн эмэн дотор байхгүй. Яахав дээ, Орос манай хоёр чинь Европтой харьцуулахад ерөнхийдөө нийгмийн хөгжлийн түвшин, ядуурал бүх л юмаараа нэлээд ойролцоо яваа ард түмэн. Тэгэхээр өвчлөл нь ч ойролцоо байдаг. Эрүүл мэндийн асуудал нь төстэй учраас одоохондоо тэдний зохион бүтээж байгаа эм бидэнд хэрэгтэй байгаад байна. Бид Америк, эсвэл Японы түвшинд гарчихсан юм шиг аашлах гээд байна л даа. Тэнд бол байдал шал өөр. Тэгэхээр бид эрүүл мэндийн асуудлаар хэнтэй ойролцоо, аль эм бидэнд илүү тустай байж болох вэ гэдгээ харгалзаж үзэх хэрэгтэй.Дашрамд нэг үг хавчуулчихвал болох уу? Ер нь эмийн зах зээлийг эзлэх, хуваах гэсэн шударга бус өрсөлдөөнд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс татагдаж орохоос ямагт болгоомжилж байх ёстой шүү гэж л хэлэх гэсэн юм. Вифероныг муулаад байгаа мөртлөө манай улсын эмийн зах зээл дээр байгаа яг виферон шиг интерферон агуулсан бусад эм нь аюулгүй юм шиг таг чимээгүй өнгөрөөд байгааг харахаар ингэж сануулахгүй байж болохгүй л дээ.

-Гэхдээ л вифероныг орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд хэрэглэж байгаа эм шүү дээ гэх яриа байна. Тийм сайн юм бол яагаад япон, америк, европ нь хэрэглэхгүй байгаа юм?

-Яахав, ингэж хардах үндэслэл байж болох юм. Гэхдээ Америкт томуу, томуу төст өвчний дэгдэлт манайх шиг биш шүү дээ. Япон, Америкийн нийгмийн эрүүл мэндийн хөгжил нь сайн болохоор энэ төрлийн эмийн хэрэгцээ бага. Нэг үгээр өвчлөлийн бүтэц нь өөр юм. Японыг бид бас ойлгох хэрэгтэй. Тэнд их өөр шүү. Зөвхөн Японд хэрэглэдэг дэлхийд гаргадаггүй эм зөндөө бий. Би Японд явж байгаад их сайн эм байгааг мэдээд “Энэ эмийг чинь Монголд оруулж болох уу” гэж асуухаар “Болоогүй. Наадахыг чинь экспортлохыг зөвшөөрөхгүй байгаа. Энэ бол зөвхөн Японд хэрэглэгдэх эм” гэсэн удаатай. Түүн шиг Орост бас зөвхөн дотооддоо хэрэглэх шаардлагатай эм гэж бий. Одоо виферон бол бараг зөвхөн Оростоо хэрэглэдэг эмийн тоонд орж байгаа. Орос том орон шүү дээ. Өнөөдөртөө бол Оросын интерферон үйлдвэрлэлийн багтаамж нь өөрийнхөө орныг хангахад л хүрэлцээтэй байгаа байхгүй юу. Яваандаа дэлхийг хангана гээд зорьж магадгүй. Ерөнхийдөө интерферон бол дэлхийн эм юм. Жишээлбэл, вирусийн гепатит “В”-гийн эмчилгээний олон улсын удирдамж, Америкийн удирдамжийг аваад үзэхээр интерферон хэрэглэнэ гээд биччихсэн л байгаа. Тэгэхээр Америкийн стандартад байж л байгаа эм шүү дээ. Америк өөрөө интерферон үйлдвэрлэлийн асар өндөр түвшинд хүрчихсэн орон л доо. Эмчилгээнийх нь үндсэн удирдамжид нь орчихсон. Тэгэхээр Америк Оросоос интерферон худалдаж авах шаардлагагүй хэрэг. Бид тухайлбал, Австралиас хонины мах аваад байх шаардлагагүй биз дээ. Тийм болохоор Япон, Америк хоёрыг Оросоос интерферон авахгүй байна гэж загнаад байж болохгүй. Шинжлэх ухаан хөгжчихсөн орон юу гэж өөр орноос өөрсдийнхөө үйлдвэрлэдэг эмийг оруулах юм. Дэлхийн эмийн топ 10 үйлдвэрийн тав нь Америкт л байна.

-Виферон хэрэглэхэд дархлаа нэмэгддэг боловч хоёр жилийн дараагаас буцаад унадаг гээд ярьсан даа?

-Шинжлэх ухааны тийм ямар ч мэдээлэл байхгүй юм байна аа. Би тэгж сайдыг хэлмэгц нь бүгдийг нь ухна шүү дээ. Миний мэргэжил шүү дээ. Би клиник эм судлаач мэргэжилтэй. Сайд хаанаас юу олоод уншчихав гээд интернэт ухлаа, би хаанаас ч төсөөтэй мэдээ мэдээлэл олоогүй.

Энэ жилийн томуугийн халдварын эмчилгээнд Осельтамивир гэдэг эм л нэлээд хэрэглэх шиг боллоо. Нуклеозидазын идэвх саааруулах бүлгийн тамифлу гэдэг худалдааны нэртэй эм тэр жил Н1N1 дэгдэлтийн үед 200 хүн тунг анх Өмнөд Солонгосоос яаралтай журмаар оруулж ирж хэрэглэсэн юм. Тэр үед сайдын тушаалаар комисс байгуулагдаж 45 хоног ажиллаж их шуурхай эмх цэгцтэй менежмэнт хийсэн л дээ. Тамифлугийн хэрэглэх зааврыг боловсруулах үүрэг бидэнд ногдож бид анх боловсруулсан Тамифлу ханиад томуу хүрсний дараахь эхний 48 цагийн дотор хэрэглэх ёстой цэвэр вирусийн эсрэг эм. Хүний бие махбодын дархлаа тогтолцоонд огт нөлөөгүй юм шүү. Өөрөөр хэлбэл Виферонтой жиших ямар ч эм судлалын ба эмчилгээний үйлдлийн үндэслэл байхгүй гэж хэлж болно.

-Тэр үед азийн хөгжлийн банкны судалгаа гээд байсан.

-Азийн хөгжлийн банк чинь дараа нь интернэтээр мэдэгдэл хийсэн шүү дээ. “Бид тийм мэдээлэл хийгээгүй ээ. Зарим эмийг хэтэрхий их хэрэглэж байна гэсэн л дүгнэлт гаргасан болохоос виферон хортой гэж ерөөсөө хэлээгүй” гэсэн бичиг фэйсбүүкт зөндөө л байсан шүү дээ. Сайд мэргэжлийн хүн биш учраас ирсэн мэдээллээ л хэлсэн байх. Харин хариуцлагагүй буруу мэдээлэл өгч тийм юм хэлүүлнэ гэдэг цаана нь маш хариуцлагагүй хүмүүс байна гэсэн үг. Сайд би ийм мэдэгдэл хийх гэж байна гэж хэлэхэд зөвлөх нь,эмийн хэлтэс нь салбарын мэргэжлийн хүмүүсийг дуудаж уулзаад “Ийм мэдэгдэл хийж болохгүй юм байна” гэдэг гаргалгааг олж болох л байсан байх.

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас тэгээд хасчих шиг болсон.

-Виферон хэрэглэхгүй бол томуу, томуу төст өвчин түвэгтэй. Өнгөрсөн өвөл ханиад, томуу их байлаа. Одоо ч байна. Ард түмэн гар мухардсан байдалтай л болчихлоо.

-Ер нь вифероныг нярай хүүхэд, жирэмсэн эхэд ч хэрэглэдэг. хэрэв хэрэглүүлэхгүй гэвэл манай улсад эдгээр хүмүүс хэрэглэх өөр төрлийн эм бэлдмэл байна уу?

-Нярай хүүхэд, томуу хүрчихсэн жирэмсэн эхчүүд хэцүү. Томуу, томуу төст өвчнийг бид вирусийн өвчин гэж яриад байна шүү дээ. Жирэмсэн эхийн вирусийн өвчнийг эмчлэхгүй орхих юм бол вирус нь урагт нөлөөлөх эрсдэлтэй. ОХУ-д нярай хүүхэд, жирэмсэн эхчүүд вифероныг өргөн хэрэглэдэг. Монголд турших гэж байгаа юм шиг ойлгоод байж болохгүй л дээ. Тухайн эмийн клиникийн өмнөх, дараахь бүх судалгааг нь үзэж байж бүртгэдэг. Миний ширээн дээр байгаа саарал хавтастай баримт бол эфедрин гэдэг эмийн материал(үзүүлэв. сурв). Би шинжээчээр нь ажиллаад уншаад сууж байна. Энэ дотор бүх юм нь бичигдэж ирдэг. Манай улс гаднаас эм оруулахдаа өөрийнхөө буюу үйлдвэрлэгч орондоо гурван жил буюу түүнээс олон жил хэрэглэсэн, үйлдвэрлэгч орноос өөр гурав буюу түүнээс олон оронд хэрэглэгдэж байгаа эмийг л бүртгэж авдаг. Тэр чинь монгол хүн дээр ямар нэгэн эмийн туршилт, судалгаа хийлгэхгүй байх л арга зарчим шүү дээ. Хэрвээ жишээ нь виферон аюултай байсан ч бүртгээд, эмчилгээнд оруулаад өдийг хүртэл өчнөөн жил хэрэглэчихсэн бол ЭМЯ өөрөө буруутай. Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр л энэ эм улсын бүртгэлд бүртгэгдсэн.Эрүүл мэндийн яаманд эм бүртгэдэг Хүний эмийн зөвлөл гэдэг байгууллага бий. Тэр байгууллагын гаргасан алдаа болж таарна шүү дээ. Гэтэл яагаад сайд мэдэгдэл хийчихээд байхад тэр эмийг нь Хүний эмийн зөвлөл зүгээр орхичихож байна, зах зээлээс тэр дор нь татаж үйлдвэрлэгчийг нь олон улсын шүүхэд өгөх естой байсан.Учир нь буруу юм хийгээгүй учраас тэднийг зэмлэх арга байхгүй. Үйлдвэрлэгчтэй заргалдах нотолгоо баримт байхгүй.Тэр байгууллагын мэргэжлийн хүмүүс өөрсдийгөө 100 хувь хамгаалж чадах чадвартай. Бүр цаашилбал, хэрвээ аюултай эм эмчилгээнд хэрэглэчихсэн бол үүний хариуцлагыг яам өөрөө хүлээнэ. Эм бүртгэдэг байгууллага чинь яамны өөрийнх нь байгууллага байхгүй юу. Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслээд Сайдын тушаал гараад бүртгэгдээд эмчилгээнд хэрэглэгдэж байгаа. Үг хэлэх амархан ч агуулга нь алдаагүй байх ёстой биз дээ.

Таньд баярлалаа. сайн сайхныг хүсье.