Categories
мэдээ нийгэм

Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн үеийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалт нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд эхэллээ.

Сургалтад ОБЕГ, НОБГ болон аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэлийн 30 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, аж ахуйн нэгж, байгууллагын түвшний гамшгийн удирдлагын тогтолцоо, компанийн засаглалын хүрээн дэх гамшгийн удирдлагын үүрэг хариуцлагын зааг ялгаа, бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын гамшгийн асуудлаар хүлээх үүрэг, хариуцлага, хамтран ажиллах хүрээнд тавигдах шаардлага, ажлын уялдаа зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн өгөгдсөн цагийн байдлаар гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах штабын дадлагыг хийх тус сургалт энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл сайд сайн ажилласан учраас л сүрьеэ илэрсэн хэрэг биш үү

Ажил хийж буй хүн шүүмжлүүлдэг гэдэг үг байдаг. Д.Сарангэрэл сайд тандалт судалгаа хийсэн учраас л сүрьеэгээр өвчлөгсөд олон байгааг илрүүлжээ. Энэ тухайгаа ч тэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн 2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар анх удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Үзлэгээр сүрьеэгийн тархалт түлхүү бүртгэгдэж байгаа. 18-34 насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг газар дээр нь хийж байна. Тандалт судалгааг 90 сургуульд хийхээс өнөөдрийн байдлаар 25 сургуульд хийж, сүрьеэгийн өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийнэ” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл үүнийг нь Д.Сарангэрэл сайд өөрөө сүрьеэ өвчин тараагаад байгаа мэтээр л цуурцгааж байна. Харин ч түүний өмнөх сайд нар ийм нөхцөл байдал үүсчихээд байхад дараад байсан хэрэг биш үү. Ил болгочихвол өөрт нь шавар шавхай ирээд наалдчихна гэж санасан байх л даа. Харин сэтгүүлч хүн бол өөр. Сэтгүүлч хүн асуудлыг ил болгодог. Тиймдээ ч Д.Сарангэрэл сайд сүрьеэгийн нөхцөл байдлыг бодитоор нь гаргаж тавьсан. Цаашид ч энэ мэтчилэнгээр сүрьеэг илрүүлж, энэ асуудлыг нэгмөсөн цэгцэнд оруулах ёстой. Бүр ор мөргүй дарж авахын төлөө хичээх хэрэгтэй. Сургуулиуд ч тэр дор бүрнээ анхаарч, үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдах шаардлагатай юм.

Ингэж сүрьеэгийн тархалт их байгааг илрүүлж байхад нь олон нийт шүүмжиллээ гээд өнөөх сайдаа огцруулж тэнэгтэв ээ. Д.Сарангэрэл сайд ч тэр хулчийж огцрох өргөдлөө өгөв дөө. Харин ч энэ үйлдэл дараа дараагийн сайд нарт болж бүтэхгүй бүхнээ нууж далдлах шаардлагагүй юм байна, ил болгоё гэх урам зориг болог. Одоо дахиад ч бугшсан зүйлүүдээ ил болгох хэрэгтэй. Өсвөр үе, залуучуудын дунд ихээр дэгдлээ гэгдээд буй тэмбүүгээс эхлээд бэлгийн замын бүхий л өвчлөлүүдийг яг үүн шиг ил болгож байгаад дарж авах нь чухал байна.


Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал болж байна

Стратеги судалгааны хүрээлэн, Монгол Улын Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал Улаанбаатарт хотод өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, Канад, Швед зэрэг 15 улсын Засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Европын холбоо, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, гадаадын 20 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага хурлын үйл ажиллагааг сурвалжилж байна.

Хуралд оролцож буй 200 гаруй төлөөлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдлын боломж, сорилтууд, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцох юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудал энэ удаагийн хурлын гол сэдэв байх юм.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүргүүлсэн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргар З.Энхболд уншиж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг байсаар ирсэн. Яриа хэлэлцээрийн тайван замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутгийн бусад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх байр суурийг Монгол Улс баримталдаг ба бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмаар аливаа маргааныг шийдвэрлэж болно гэдэгт бид итгэдэг.

Үүнээс улбаалан Монгол Улс Улаанбаатарын яриа хэлэлцээг зургаан жилийн өмнө санаачлан эхлүүлсэн. Эдүгээ уг санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй, эрчим хүч, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцдэг чухал талбар болж өргөжсөн байна. Энэ жил 6 дугаар хурлаар бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын төлөв, боломж, сорилтуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгааг тэмдэглүүштэй.

Бүс нутгийн эдийн засгийн уялдааг бэхжүүлэх томоохон дэвшилтүүд гарч буй энэ цаг мөчид өнөөдрийн хурал болж байна.

Улс орнууд цэвэр эрчим хүчний хэрэглээгээ дэмжиж нэмэгдүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх боломж болж буйг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-аас саяхан гаргасан “Шинэ дэлхий-Эрчим хүчний шинэчлэлийн геополитик” тайланд дурьджээ. Зүүн хойд Азид эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий. Манай бүс нутаг нь дэлхийн ДНБ-ий болон нийт хүн амын дөрөвний нэгийг тус тус бүрдүүлж байна.

Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч орнуудын 4 нь манай бүс нутагт оршиж нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын гуравны нэгийг үйлдвэрлэж байна. Бүс нутгийн эдийн засаг томрохын хэрээр эрчим хүчний хэрэглээ даган нэмэгдсээр байх ба технологийн дэвшил, дижитал шилжилт нь энэхүү хэрэгцээг шийдэх оновчтой эрчим хүчний шинэ сүлжээг бий болгох юм.

Монгол Улс хөрш орнуудтайгаа цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох, цэвэр эрчим хүчийг бүс нутгийн орнуууддаа экспортлох боломжийг тогтоох судалгааг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хийж дуусгаад байна.

Энэхүү цогц судалгаагаар Монгол Улс 200 гигаватт салхины эрчим хүч, 1.2 тераватт нарны эрчим хүчийг үйлдвэрлэж, хөрш орнууддаа экспортлох боломжтойг тогтоосон. Үндэсний эрчим хүчний сүлжээг системтэйгээр өргөтгөж өндөр хүчдэлийн хил дамнасан холболтыг хөгжүүлэх замаар 2036 он гэхэд 100 гигаватт хүртэл хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч экспортлох боломжтой гэж тооцоолсон байна.

Сүүлийн жилүүдэд бүс нутгийн бусад орнуудын үндэсний эрчим хүчний компаниуд манайд хийгдсэн судалгаатай адил судалгаануудыг хийсэн. Эдгээр судалгаануудын үр дүнгээр бүс нутгийн эрчим хүчний шинэ, дэвшилтэт зах зээлийг бий болгоход тухайн бүс нутгийн орнуудын Засгийн газруудын дэмжлэг, нэгдмэл байр суурь нэн чухал гэдгийг онцлохын сацуу зохицуулалт болон стандартыг уялдуулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах шаардлагатайг онцолсон байна.

Өнгөрсөн жил Владивостокт миний бие эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон зах зээлийг бий болгох зорилгыг дэмжих бүс нутгийг хамарсан байгууллага байгуулах санаачилгыг дэвшүүлсэн. Уг байгууллагыг байгуулах талаарх “Хамтарсан мэдэгдэл”-ийн төслийг Монгол Улс боловсруулсан ба Зүүн хойд Азийн бүс нутгийн бусад орнуудтай хэлэлцэн 2019 оны 9 дүгээр сард уг “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурахаар ажиллаж байна. Манай санаачилгыг тууштай дэмжиж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон Азийн хөгжлийн банканд талархсанаа илэрхийлье.

Олон улсын хамтын нийгэмлэг Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд тогтвортой эрчим хүчний тогтолцоонд шилжих амлалт авч, ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улс нь цэвэр эрчим хүчний арвин их нөөцтэй орны хувьд сүүлийн үед гарч буй дэвшилтэт технологи, чиг хандлагыг ашиглах замаар дэлхийн эрчим хүчний хувьсал дахь олон улсын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Монгол Улсын энэхүү санаачилгыг дэмжиж буй бүс нутгийн орнуудын засгийн газар, олон улсын холбогдох байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын VI бага хурлын ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 750 хүүхдийг зусланд амраана

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Баянгол дүүргийн 750 хүүхдийг хотоор аялуулж, зусланд амраах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд эх оронч хүмүүжил төлөвшилтэй, хамт олондоо зөв үлгэр дуурайл үзүүлдэг хүүхдүүд болон “Монгол хүүхэд ба эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд шүдээ бүрэн эрүүлжүүлсэн хүүхэд багачуудад зусланд амрах эрхийн бичиг олгожээ. Мөн “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хамгийн олон ном уншсан, номонд дурлагч сурагчдыг энэхүү үйл ажиллагаанд хамруулж байна. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч буй хүүхдүүдийг “Эрүүл уушги-Эрүүл бие” хөтөлбөрийн хүрээнд зусланд амраахаар болжээ. Өнөөдөр хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг нь гардууллаа.

Хүүхдүүдийг зусланд зөвхөн амраахаас гадна “Миний эх орон” сэдэвт монгол хүний амьдрах ухаан, бие даан амьдрах чадвар олгох 36 цагийн сургалт явуулах юм. Ирэх долдугаар сарын 15-наас уг арга хэмжээ хэрэгжиж эхлэх аж.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп Их Британийн хунтайжид зориулж хүндэтгэлийн зоог барьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл тэрээр айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу мягмар гаригт Элчин сайдын яамандаа хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулсан байна.

Хүндэтгэлийн оройн зоогт нийтдээ 16 зочин уригдсан бөгөөд хунтайж Чарльз болон түүний гэргий Камилла, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нөхөр Филипийн хамт хүндэт зочны хувиар хүрэлцэн иржээ.

Айлчлалын сүүлийн өдөр буюу лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамтаар Портсмут хотод Нормандад холбоотны цэрэг буусны ойд зориулсан үйл ажиллагаанд оролцох юм байна. Их Британи дахь айлчлалаа дуусгаад тэндээсээ Ирландыг зорих бөгөөд тус улсын Ерөнхий сайд Лео Варадкартай хэлэлцээ хийх юм.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон 13 настай охиныг дахин эрэн хайж эхэлжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товогийн-Ар гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т тус сумын иргэн 13 настай охин өнгөрсөн оны 8 дугаар сарын 7-ны өдөр малаа хариулж яваад сурагггүй болсон бөгөөд тус аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр түүнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 59 иргэн, 1 автомашин, 24 мотоцикль, 21 морь, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтойгоор өнгөрсөн оны 8 сарын 8-13-ны өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон юм.

Тус аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 2 нохой, 1 автомашин, нийт 12 алба хаагч, 2 нохой, 3 автомашинтай 243 км замыг туулан өчигдөр 19 цаг 45 минутад очиж, тус багийн Товогийн-Ар гэдэг газарт нисгэгчгүй төхөөрөмж нисгэн эрэн хайх ажиллагаа явуулах газрыг тандаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зогсоож өнөөдөр өглөөний 8 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ


1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис
хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

•Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

•Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Ажлын хэсэг байгуулах тухай /Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

•Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

•Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт;

•Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал;

•Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан;

•Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын гишүүд 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/.

3.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 12.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•“Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;

•Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох;

•Бусад.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт;

•Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал;

•Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

•Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойн гэрээ тун тааруу болсон

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Оюу толгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж байлаа. Бүр Засгийн газар гэрээ хийхээс ч өмнө Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Юмыг өнгөрсөн хойно нь ухаан цэлмэж цэцэн мэргэн болдог хүн санасныг бодвол олон. Харин би тэгээгүй гэдгээ бүрэн батлахуйц хэд хэдэн анхааруулга өгүүлэл нийтийн мэдээллийн хэрэгслэлд цагаан дээр хараар огноотойгоо бичиж үлдээсэн.

Архиваа ухаж үзвэл Оюу толгойн тухай нийтдээ зургаа долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюу толгой”. (2008.9.14), “Оюу толгой жинхэнэ эзэндээ зарагдлаа”. (2009.7.18), “Оюу толгойн гэрээ тун тааруу болсон”, (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого”. (2013.10.20)”, “Оюу толгой мөд сэхэхгүй”, (2015.2.15). Эдгээрийг сайт ухаж, эсвэл номын санд очин сонин эргүүлж харж болно. Гэрээ эхлээчгүй байхад зүв зүгээр байсан ядуу Монголыг олон жилийн дааж давшгүй өрөнд шааж оруулах хууль баталсан жинхэнэ буруутнууд одоо юу гэж бүлтрэх бол? Монгол Улс Оюу толгойн уурхайгаас болж өрөнд ороогүй, оюун тархигүйгээ мэдэхгүй байж эх орноо амьсгааг нь тасартал тас тэвэрсэн хэсэг амьтнаас болж баларсан. Одоогоос яг найман жилийн өмнө бичсэн өгүүллийг дор дахин сийрүүллээ. Бусдыг нь өөрснөө ухаад олж үзэцгээгээрэй.

2019.6.3


Бүгд Найрамдах Гвинэй улс гэж бий. Баруун Африкт. Конакри нийслэлтэй Гвинэй ч гэдэг. Учир нь хажууд нь Биссау нийслэлтэй Гвинэй гэж бий. Тэр байтугай Азид Папуа Гвинэй хүртэл бий. Бөөн гвинэйчүүд. Конакрийн Гвинэй Африктаа хамгийн анх тусгаар тогтносон. Бандунгийн бага хуралд оролцсон Сэкю Тюрье гэгч тэндэхийн нэг хөөрхөн хар Жоу Эньлай, Нэрү, Сукарно нараас империализмын эсрэг, социализмын тухай олон зүйл сурч очоод анхны ерөнхийлөгч нь болсон юм. Кремлийн ганц хайртай үлгэр жишээ хүү болсон юм даа. Хар Африкт социализм байгуулаад унасан. Капитализм алгасдаг гээд Монголоос бөөн үлгэр жишээ авч байсан юмдаг. Манайхан ч тэнд элчин сайдын яамаа байгуулаад л Зөвлөлтийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэж явлаа. Одоохон наадуулынхаа үхэр малыг хурааж аваад нэгдэл хамтрал байгуул гэсэн зөвлөлгөө ч Улаанбаатараас Конакрид очиж л байсан. Мань Сэкю Тюрье капитализмыг алгасч социализм байгуулах гэж алж өгсөн л дөө. Ганц намын дарангуйлал, өмчгүй нийгэм гэдгээс гадна манайхны 1937 оны явдлыг ч давтсан. Аллагагүй социализм гэж хаа байхав дээ. Үр дүнд нь дэлхийн хамгийн ядуу орон болсон доо. Гээд мань дарангуйлагч 1984 онд гэнэт нас барчихдаг байгаа. Гэхдээ гуравдугаар сарын 26-нд юм билээ.

Орлогч нь ерөнхийлөгч болж 2008 онд Мароккод эмчлүүлэхээр зугтаах хүртлээ энэ албыг хашсан. Бас л сайхан цуст дарангуйлагч, гэхдээ хөөрхий нутагтаа африк маягийн перестройка хийсэн эр ээ. Учир нь цэргийн дарангуйллаа зогсоогоод 1990 онд шинэ Үндсэн хууль баталсан. Мөн оноос эдийн засгийн шинэчлэл хийж, хувьчлах, төрийн эдийн засагт оролцох оролцоог багасгах, социализмаас ухрах, чөлөөт зах зээлийг нэвтрүүлэх, хувийн сонирхлыг дэмжих гэх мэт. Хашрын шинэчлэл Монголынх шиг гэхээсээ Дунд Азийнх шиг, бүр тодруулбал Түркмэнийх шиг юм уу даа. Хүний эрх, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо, ардчилал энэ тэр бол байхгүй. Шинэ Үндсэн хуулиар 1994 онд чөлөөт сонгууль явуулах байсан боловч “дарга айгаад зөвшөөрөөгүй” учир тэрнийг гадагшаа хөөгдөх хүртэл гвинэйчүүд дан ганц перестройкагаар л занимаалдсан.

Ноднин Гвинэйд түүхэндээ анх удаа сонгууль боллоо. Африк маягаар ардчилж байгаа нь тэр. Африк маяг гэдэг нь тэнд сонгууль болохоор ялагдсан тал нь хүлээн зөвшөөрдөггүй, ингээд хоёр ерөнхийлөгчтэй хэсэг байгаад иргэний дайн руу гулсан ордог нигууртай. “Сонгуулийн дүнг манай нам хүлээн зөвшөөрөхгүй” гээд л мэдэгдчих нь тэр. Ингээд будилж будилж хэд дахин нахиж байж арай гэж арваннэгдүгээр сард Гвинэйн Ардын намын тэргүүн Альфа Кондэ нэг муу юм ерөнхийлөгч болжээ. Аль зургаан сард эхэлж хэд хэд буцан бараг хагас жил үргэлжилсэн сонгууль Гвинэйн 10 сая ард түмнийг дарвайтал нь баяжуулсан даа. Одоохондоо ам хэлээрээ шүү дээ. Шигшээд үлдсэн хоёр нэр дэвшигч нахиж байгаа сонгуульд түрүүнийхээсээ ихийг амалж, ард түмэндээ уул уурхайн бүх баялагаа үнэгүй тараах юм болоод явчихсан. Алтан дээр сандайлсан гуйлгачин гвинэйчүүд одоо л сандлаа идэж гарах бололтой. Уг нь сандал доор юу ч байж болно, дээр нь суугаа хүн гуйлгачин сэтгэхүйтэй бол ямар ч нэмэр байдаггүй юм л даа.

Алтан дээр сандайлсан нь харин үнэн юм шүү. Хөнгөн цагааны хүдэр буюу бокситын нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн бүх нөөцийн хагас нь манай ганц Өмнөговь шиг энэ жижиг оронд байдаг гээд бод доо. 25 тэрбум тонн боксит, дөрвөн тэрбум тонн дээд зэрэглэлийн төмрийн хүдэр, дээр нь зэсийн асар их орд, тэгээд болоогүй алмааз, алтны мундаг нөөцтэй энэ жижиг орныг уг нь бурхан харж үзсэн шиг гялтайтал нь мялаасан байгаа юм даа. Перестройкагийн үед мань нөхөд Украин, Орос болон Зүүн Европын орнуудтай хамтран ажилласнаар уул уурхай хөгжүүлж эхэлсэн. Гэхдээ хүн амын 75 хувь нь бичиг үсэггүй энэ хөөрхий орны ард түмэн уул уурхайгаас юу ч олж долоосонгүй. Өөрснөө ярихдаа, ялангуяа сонгуулийн үеэр сурталдахдаа гадаадынхан тоноод юу ч үлдээгээгүй гэх аж. Үнэндээ дотоодын авлигадаа л идэгдчихсэн хэрэг шүү дээ. Юу л боллоо гэж гадныхан (Орос, Украин ч гэсэн) зүв зүгээр аваад явчив гэж. Гэхдээ ойлгоц муутай хар толгойд ийм үг их наалдацтай байдаг бололтой. Гвинэй ийм их баялагтай учраас дэлхийн хамгийн ирээдүйтэй орны нэг гэж гадаадынхан ч, өөрснөө ч үргэлж үглэсээр байгаад ийм яриа ард түмэнд “түргэн хэллэг” шиг болсон. Гэхдээ тэр ирээдүйг нь хэн ч нүдээрээ олж хараагүй. Баян л гээд байдаг, турж үхээд л байдаг. Буруутан нь мэдээж гадаадынхан л байх л даа.

Гвинэйн өмнөд үзүүрт 110 км урттай 10 км өргөнтэй Симанду хэмээх байгалийн үзэмжит газарт асар их төмрийн орд олджээ. Гвинэйчүүд сүүлийн арав гаруй жил энэ тухай л ярилцаж байна. Симандуг ашиглаж эхлэхэд тэд маш их баяжих учир хөөрхий америкчуудыг харж үзэж хоолны үлдэгдлээрээ дайлах бололтой. Симанду нь үнэхээр гайхалтай орд л доо. Өндөр нягтаршилтай (70 хувийн төмөртэй) 2.3 тэрбум тонн төмрийн хүдэр байгаа ба үүнийг ашиглахад 17-19 тэрбум доллар шаардлагатай аж. Симандуг ашиглах төсөл нь өөрөө Африк тивд хэзээ ч байгаагүй том далайцтай эд.

Энэ ордыг анхлан Англи-Австралийн Рио Тинто компани сонирхжээ. Тэдний геологичид хориод жилийн өмнө анх нээсэн юм байна. Ийм өндөр концентрацитай их хэмжээний төмрийн орд геологийн түүхэнд урьд нь тааралдаж байгаагүй аж. Ингээд 1998 оноос эхлэн удтал ярилцаж байгаад 2003 онд Рио Тинто Гвинэйн засгийн газар хоёр гэрээ хийж хөрөнгө оруулалтыг уг компани гаргахаар болжээ. Хүн амдаа харьцуулахад арай ч томдчихов уу гэмээр ийм их баялгийн сургаар Гвинэйн төр самуурч, хүн ард нь харамлаад эхлэхгүй юу. Өөрснөө ашиглана гээд л. Юун геологийн ухаан, зүгээр л бичиг үсэг тайлагдаагүй ард түмэн шүү дээ. Тэгээд ч ашиглалтад гаргах олон тэрбум доллар байтугай ходоод руугаа хийх хоол олддоггүй газар.

Францын колони байсан, албан ёсны хэл нь франц, Франц улс өдий болтол тусалж тэжээж явдаг, тэгэхээр Сорбон энэ тэр төгссөн тэр байтугай доктор болсон харууд нэлээдтэй. Өнөөдүүл нь гвинэй ухаан гэгчийг ярьж тооны машинаар бичиг үсэггүй ард түмэн нь байтугай өөрснөө ойлгохгүй олон оронтой тоо гарган түүнээ доллараар нэг тооцоод л, еврогоор нэг тооцоод л, япон иенд хувиргаад л, орос рубль, хятад юаниар хариуг нь гаргаад л. Аль болох олон тэгтэй тоо гаргаад л. Сорбонд таван жил сураад тогтоосон юм нь энэ! Ингээд гвинэй ориг ухаанаар бодсоны эцэст Рио Тинтогоос салах, байгуулсан 2003 оны гэрээгээ цуцлахаар 2010 онд тогтжээ. Төмрийн хүдрийг хүрздээд л 650 км-ийн цаана орших далайн боомт руу шидээд байх бололтой юм аа. Хэдэн ачааны машин байхад л болно гэнэ. Гвинэйг тойроод баахан ядуу орнууд байгаа шүү дээ, бүгдэнд нь дайсагнаж эхэлсэн. Огт ашиглаж эхлээгүй баялагаа харамлан, тэднийг ирж хөрөнгөнөөс нь хуваалцаж магадгүй гэж урьдчилан хардаж эхэлж байгаа нь тэр. Гвинэй эх орондоо хэн нь илүү хайртай вэ гэсэн уралдаан орон даяар өрнөв. Мэдээж энэ далимд хэн урвагч, гадаадын хөлсний нохой болохыг тогтоож таарна. Уншиж бичиж чадахгүй хэвтэж улс орон даяараа геологи менерологи, уул уурхайн дээд зэргийн мэргэжилтэн болох нь тэр. Орон оронгоор нь алдах боловч таслалаас хойш олон тэг бүхий нарийвчлалтай тоог үсэг таньдаг болгон тооцоолон бодно. Хүн бүрийн хариу олон оронгоор хоорондоо зөрнө. Гайхамшигт ориг гвинэй хар ухаан. Тэд лав тэнгэрээс гаралтай байх. Албан ёсны шашин нь лал мөргөл, гэхдээ амьдрал дээр бөө ноёрхдог.

Хэдхэн хоногийн өмнө Гвинэйн засгийн газар Рио Тинто болон Хятадын Чиналко компаниудтай Симандугийн төмрийн ордыг ашиглах гэрээ байгууллаа. Тэднийг энэ алхам руу эрүүл ухаан биш, бодит байдал шахсан юм. Гвинэйчүүд шороогоо шуудайлж үүрээд 650 км газар далайн боомт хүртэл алхаад алхаад олигтой их юм зөөж чадахгүй юм байна гэсэн арифметикийн тооцоог гаргаж чадсан байна. Энэ бол тэдэндээ сэтгэлгээний том дэвшил. Богооноор тээвэрлэвэл жилд 70 сая тонн зөөж чадна гэдгийг мэргэн ухаандаа тунгаан үзээд нийтээр зөвшөөрчээ. Ингэвэл ордыг 40 жил зөөх юм. Ингэхээр хагас зуун жил идэвхтэй ажиллах асар том бүтээн байгуулалт. Ардчилсан улс болчихсон, сонгуулиар хүн үнэмшмээргүй юм ард түмэндээ амалчихсан, ингэхээр дараагийн дурак төрийн эргэлт хийхээс өмнө амжиж хүмүүст мөнгө тараах хэрэгтэй. Иймээс шинэ засгийн газар гэнэт яаравчилсан хэрэг.

Алив засгийн газар бол уурхайчин ч биш, төмөр замчин ч биш, нийгмийн мэнэжмэнт хийдэг газар. Боловсрол соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд, дэд бүтэц, төрийн алба, шүүх цагдаа, арми гээд төрд анхаарах юм хүзүүгээр нэг. Энэ болгонд мөнгө хэрэгтэй. Тухайн улс байгалийн баялагтай бол чаддаг нэгнээр нь ухуулж зөөлгөөд татвараа л авдаг. Төр тэр шороо мороог авах гээд байгаа юм биш, эцсийн бүлэгт буй болох мөнгийг нь л авах гэсэн хэрэг. Чаддаг нь эзэмшлээ, ашиглалаа, зөөлөө, улсад нь татвараа өглөө, харин Засгийн газар нь тэр мөнгөө лаа болгоно уу, лууван болгоно уу өөрөө мэднэ. Дэлхийн стандарт энэ. Ийм жишгээр явахад баялаг эзэмшигч орон ямар ч эрсдэл хүлээлгүй олдох мөнгөний 50 хувиас дээшихийг хуруу хөдөлгөлгүй зүгээр суугаад авдаг. Ямар түүхий эд гэдгээсээ хамаараад янз бүр байдаг ч ерөнхийдөө ийм жишигтэй.

Харин гвинэйчүүд витамин зитамин ойлготол мөн ч хол бололтой юм. Өөрөө орж ухалцаж зөөлцөх гэнэ. Соёлтой орнууд ингэдэггүй юм аа, Норвеги, Австрали, Канадыг хар гээд хэлчихсэн чинь соёлгүй гэлээ гээд өнөө харууд чинь хөөх туух дээрээ тулдаг байгаа. Ингээд Гвинэйн засгийн газар ордын 20 хувьд хувьцаа эзэмшигч болох ба тэр нь явсаар ирээдүйд 35 хувьд хүрэх юм байна. Орд ашиглалтын эхний 12 жилд 10 тэрбум доллар гаргах юм байна, үүний хоёр тэрбумыг энэхүү дэлхийн хамгийн ядуу орон зээлээр гаргана. Нэг үгэндээ ямар ч туршлагагүй, мэдлэггүй, ойлголтгүй гвинэйчүүд дэлхийн хамгийн том уурхайн тавны нэгд нь хариуцлага хүлээж буй нь тэр. Нийт ашгийн 55 хувь нь элдэв татвараар тэдэнд ноогдож байгаа, дээр нь ухалцахаар хувь оруулснаа нэмэхээр 65 хувь хүрэх бололтой. 650 км төмөр зам бариулна, уурхай ашиглаж дууссаны дараа Гвинэйн ард түмэнд үнэ төлбөргүй очно. Юутай ч өнөөдөртөө гэрээнд ингэж тусгажээ. Цааш нь найман жил татвар авахгүй ч гэх шиг, роялти 3.5 хувь ч гэх шиг зөндөө олон юм байна, үүнийг нь гвинэй хүн байтугай зүгээр хүн ойлгохгүй юм билээ.

Нэг л юм дэндүү ойлгомжтой нь энэ гэрээ дэлхийн стандартаас шал өөр. Соёлтой орнуудад засгийн газар нь хувь авч шороо ухдаггүй, зүгээр л ашиглалт, ашиг, роялтийн татварын мөнгөө ахиухан авах дээр анхаардаг. Одоо яая гэхэв гвинэйчүүд шороо ухах дуртай юм байлгүй. Нэгэнт олон улсын стандартаас шал өөр юм болохоор эцсийн дүндээ энэ их тоо орсон хэлэлцээрт тоо сайн боддог нь хожиж л гарсан байж таараа. Харин гвинэйчүүдийн авсан энэ хорин хувь энэ орныг ална даа. Угаасаа ч авлигад гүн идэгдсэн орон, одоо бол авлигын хэмжээ тэрбумаар л яригдах байх. Чааваас даа, гадил, тоор, газрын самар, ургамлын тос, кофе экспортолж жаахан мөнгө олдог байсан дээрээ алалддаг байсан, одоо ч ланзгар юмны ард сууж авсан, авдар авдраар нь л өгөлцөж аваад байж дээ. Төр эзэмшинэ, төр мэднэ, төр ашиглана л гэнэ, үнэндээ түрий бариад байгаа тэр төрийг чинь төлөөлөөд долийсон далийсан цэцэн цэлмэг яриатай үмбүүнээс дор ухаантай муусайн хулгайч нар л сууж байгаа шүү дээ. Төрийн хорин хувийн нэрээр эзэн суух, улмаар шунаг зан эрх мэдлээрээ зүгээр явах байсан бүтээн байгуулалтыг нурааж уурхайг ашиггүй болгож байж л санаа нь амарна. Хаанахын ч төр ачир дээрээ эзэнгүй байдаг. Хаанахын ч төр, тэр дундаа Гвинэйн төр бизнес хийж дөнгөхгүй, харин хулгайг бол сайн чадна. Симандуг төрийн нэрээр хянахын тулд хоорондоо алалдана, ялагдсан тал нь нөгөөгөө чадахын тулд аягүй бол очиж дэлбэлнэ, хүмүүсийг тухирч дайралт дээрэм зохионо, янз бүрээр хорлоно, харж л байгаарай. Гэрээг харж байхад сайн тал нь тун удахгүй Симандугаас болж 10 мянган ажлын байр шинээр гарах юм билээ. Энэ л уг нь Засгийн газрын хамгийн анхаарах олз юм л даа.

Өөр нэг ойлгомжтой юм гэвэл илүү гарсан гадилаа гадагш зараад тарчигдуухан ч гэсэн тайван амьдарч байсан гвинэйчүүдийн амьдрал там болно. Өнгөрсөн сонгуульд ялагдсан эр одоо Симандуг 10 сая иргэндээ тэнцүүхэн хувааж өгнө гээд дайрчихсан. Гадаадынхныг хөөж гаргана гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь шинэ ажлын байр, шинэ технологи, шинэ техник, шинэ дэвшил, шинэ хөгжил авчирдаг, эрүүл саруул орнууд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө хоорондоо өрсөлдөж сүйд болдог гээд тэд нарт ярих юм бол алуулна. Шууд л тагнуул урвагч гэж хараан зодох ба “эдийн засгийн алуурчин” хэмээх хоч духан дээр чинь наана. Гадаадын империалистуудыг зүхээд эхэлчихсэн. Ардчилсан орон болсон болохоор ардын бослого эсэргүүцэл өдөр алгасахгүй нь мэдээж. Улс баяжсан болохоор хэн хүнгүй төрд гарч ирэх гэж үхэлдэнэ. Авлига цэцэглэж навчлахаас гадна улс орныг нь залгина. Тэгэх тоолонгоор ард түмнийг хөөрөгдөн иргэний дайнд өдөөгчид улам олширно. Үүнийг л байгалийн баялгийн хараал гэдэг юм билээ. Баялаг нь биш тэндээс буй болох мөнгө нь хоосон хөндий толгойд хараал болон тусдаг аж. Гвинэйчүүд удахгүй төв талбай дээрээ сармагчингаа унаж ирэн цуглах болно. Мэдээж империализмын эсрэг. Өө нээрэн, сармагчин унаж болохгүй шүү дээ, тэгэхээр хөтлөөд ирэх юм байна. Харин хоорондоо ялгагдах юм болов уу даа.

2011.05.15

Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Хавдрын эмнэлэг барих төслөө арав гаруй жилийн өмнөөс эхлүүлж олон ч бэрхшээлийг тууллаа даа

– “ЭНЭРМЕД” ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРСНООР ӨДӨРТ500, ЖИЛД 150 МЯНГАН ХҮН АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛНЭ-

“Энэрмед” ХХК-ийн япон стандартын дагуу барьсан хавдрын эмнэлгийн барилгыг 2019 оны тавдугаар сарын сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авч, барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн зөвшөөрлийг нь олгосон. Ингэснээр Монгол Улсад ганцхан байгаа 1982 оноос хойш 36 жил үйл ажиллагаа явуулж буй Хавдар судлалын үндэсний төв улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах хүчин чадал бүхий шинэ хавдрын эмнэлгийн барилга ашиглалтад орох боломж бүрдсэн.

Барилгыг улсын комисс хүлээж авснаар хавдрын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах оношлогоо, эмчилгээний бүх төрлийн тоног төхөөрөмж, тавилга суурилуулж үйл ажиллагаа явуулах, мэргэжилтнүүдийн багуудтай хамтран ажиллах яриа хэлэлцээний захиалга авах боломж нээгдсэн. “Энэрмед” ХХК-ийн шинэ эмнэлгийн барилга нь нийт 11 мянган метр квадрат талбайтай бөгөөд өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж. Шинээр баригдаж буй хавдрын эмнэлэг нь нийтдээ 300 ортой хоёр барилгаас бүтэх бөгөөд энэ сард 120 ортой эхний барилга эмнэлэг нь ашиглалтад орно. Харин 180 ортой эмнэлгийг нь ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжид ашиглалтад орох 120 ортой хавдрын эмнэлгийн бүх систем нь ухаалаг программчлалтай. Тухайлбал, агааржуулалт, халаалт, хөргүүр, гэрэлтүүлэг, камер, галын систем зэргийг нэгдсэн удирдлагын төвд хянана. Ингэснээр өрөө болон ор болгоны дээр тавьсан агааржуулалтын систем нь орчны агаарыг автоматаар мэдэрч, бохирдсон үед агаарын солилцоо явуулж, халсан үед хөргөж, хөрсөн нөхцөлд халаах горимд шилжих юм байна. Мөн агааржуулалтын систем нь гадна агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүх тул өвлийн улиралд утаатай холбоотой асуудал үүсэхгүй. Үүнээс гадна улсын эмнэлэгт хоёрхон байдаг хийн шугамыг хавдрын шинэ эмнэлэгт тав байхаар шийдсэн байна. Агаар, вакум, хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хийн шугамыг холбожээ. Хийн шугам нэмэгдэх тусам бага зардлаар олон төрлийн хагалгаа хийх орчин сайн бүрддэг юм байна. Эмнэлгүүдийн ачаалал ихэссэн өнөө үед ганц ч болтугай эмнэлэг ашиглалтад оруулж улсдаа хувь нэмрээ оруулах гэж зүтгэж яваа УИХ-ын гишүүн М.Билэгттэй уулзаж ярилцлаа.


-Та 2010 оноос хойш арав шахам жил өндөр хөгжилтэй орны стандартыг хангах “Эмнэлгийн барилгын цогцолбор барьж байгуулах” төслөө хэрэгжүүлэх зорилгоосоо ухарч шантралгүй олон бэрхшээлийг туулж төслийнхөө эхний хэсэг болох 120 ортой эмнэлгийн барилгаа барьж дуусгаад ашиглалтад орууллаа. Таны эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулж байгаа бүтээн байгуулалтаар олон монгол хүн бахархаж байна даа?

-Монгол Улсынхаа ард иргэдийг гадаад руу өндөр хөгжилтэй улсад очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэж аав, ээж, хань ижил, үр хүүхэд гээд ойр дотныхоо хэн нэгнийг дагуулан байр байшин, хашаагаа барьцаалж зээл авч, өр төлбөр тавин явж байгааг харахад үнэхээр сэтгэл эмзэглэдэг. Иргэдийнхээ нэгээхэн хэсгийг ч болтугай Монголдоо өндөр хөгжилтэй орны оношлогоо эмчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах гэж 2010 онд энэ төслөө санаачилж хэрэгжүүлэхээр эхэлж байлаа. Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр үеэс ханьтайгаа хамт оёдолчин ч хийж, ганзагын наймаа, гахай үүрэх гэх мэт боломж гарц болгоныг хайж шантрахгүй, хөдөлмөрлөсөн зүтгэлийнхээ үр дүнгээр байгуулсан гэр бүлийн компанийнхаа бүх хуримтлалаар дэнчин тавьж Монголдоо өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарын менежмэнтийг нутагшуулахад хамгийн эхэнд тэдний шаардлагыг хангасан сав буюу эмнэлгийн барилгыг барьж байгуулах төсөл хэрэгжүүлэхээр арав шахам жил шантрахгүй ухрахгүй зүтгэлээ. Үүний үр дүнд эмнэлгийн барилгаа барьж дуусгаад барилга байгууламж ашиглалтад оруулах Улсын комисст хүлээлгэж өглөө. Энэ төслөө хэрэгжүүлэх явцад надад олон бэрхшээл учирсаан. Энэ бүхнийг туулж цөхөрч, шаналж явсан тэр бүх агшинд миний төлөө чин сэтгэлээсээ хамт санаа зовниж, дэмжиж байсан олон олон найз, нөхөд, дүү нар болон Монголын ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлт хүмүүс маань “Орчин үеийн олон улсын стандартаар энэ эмнэлгийн барилгын ажил дуусч улсын комисс хүлээж авлаа” гэсэн мэдээллийг сошиалаар авангуутаа надад урам өгч талархал илэрхийлж байгааг уншаад энэ төслийг гацааж элдэв дарамт учруулж байсан шантаажчингуудаас болж миний сэтгэлд хурсан арав шахам жилийн хямралын соривжилт бүр арилчих шиг боллоо. Монголынхоо эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар нийгэмд чиглэсэн энэ төсөл маань хэрэгжиж эмнэлгийн барилгыг Улсын комисс хүлээж авсанд миний зүгээс их баяртай байна даа.

-“Энэрмед” эмнэлгийг улс хүлээгээд авчихвал хавдрын гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал хоёр дахин буурах юм байна. Монголд хавдар гээч аюулын харанга дэлдэж буй үед чухам нүдээ олсон явдал юм даа?

-“Энэрмед” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь “Ачлал трейд” компани. “Ачлал трейд” ХХК нь өөрийн зуун хувийн хөрөнгө оруулалтаар энэ эмнэлгийн барилгыг бариад байна. Манай “Ачлал трейд” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулахаар дэлхийн өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголдоо нутагшуулах гарцыг бий болгох төслийг хэрэгжүүлэх судалгааг 2011 оноос эхлүүлж байлаа. Эмнэлгийн барилга нь нийт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын эмнэлгийн стандартыг хангасан байдлаар баригдсан онцлогтой. Энэ эмнэлгийн барилгын төслийг 2010 онд санаачилснаар өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан 120 ортой эмнэлгийн барилгыг ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм. Хавдрын шинэ эмнэлгийн барилгын зураг төслийг япон стандартаар боловсруулж, гүйцэтгэлийг нь зуун хувь монгол инженерүүд хийсэн. Барилгын цахилгаан, халаалт, агааржуулалт, хөргөлт, хяналтын систем, газ хийн систем, дотоод холбоо, дохиолол зэрэг нь эмнэлгийн барилгын зориулалтаар бүтээгдсэн юм.

-Монголчууд “Онгироход олон юм орохгүй, орон барихад олон юм орно” гэдэгчлэн эмнэлгийн барилга барих гэж овоо ажил ундрав уу?

-Эмнэлгийн барилгын бүтээн байгуулалтад арав гаруй туслан гүйцэтгэгч компани, нийт 300 гаруй инженер, техник, гүйцэтгэлийн ажилчид оролцсон. Энэ төслийг хэрэгжүүлэх хүрээнд Японы эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж Японы эрүүл мэндийн салбарт менежмэнтийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн компаниар ТЭЗҮ хийлгэж, Японы эмнэлгийн барилгын стандартыг хангасан “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор барьж байгуулах” төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлсэн. Төслийн эхний хэсэг болох “Оношлогоо эмчилгээний төв” 120 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг 2012 оны тавдугаар сард эхлүүлсэн ч эмнэлгийн барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сард дуусах үе шатандаа орсон.

-Манайхан барилгыг бол бараг шөнөдөө босгочих шахуу болсон. “Энэрмед” эмнэлгийн барилгын хувьд Японы эмнэлгийн стандартаар барьж буй болохоор гүйцэтгэл чанарын өндөр түвшинд байгаа нь тодорхой байх?

-Эмнэлгийн барилгад суурилагдсан салхивч агааржуулалт, хөргөлтийн систем, газ хийн систем, автомат удирдлага бүхий гэрэлтүүлэг холбоо дохиолол, хүчит төхөөрөмж, автоматик, халаалт, цэвэр бохир ус, сувилагчийн хяналтын систем гэх мэт орчин үеийн өндөр хөгжилтэй орны эмнэлгийн барилгын гол зүрх нь бол инженерийн шугам сүлжээний тоног төхөөрөмжүүд түүний угсралт суурилалт нь инженер техникийн ажилтнуудын өндөр мэдлэг чадвар, туршлага шаардсан ажил юм.

-Агааржуулалтын талаар өрөө бүрийг байнга хянаж, тохируулж байхаар шийдсэн гэсэн. Яг яаж шийдсэн бол?

-Өвөл, зуны туршид халуун болон сэрүүн агаарыг үлээлгэх системийг оператор нэгдсэн байдлаар 24 цаг хянаж, өвчтөнүүдийн байгаа байдал, ачааллаас хамаараад тухайн давхрын температурыг барьж байх боломжтой. Тухайлбал, хагалгаа хийж байгаа давхар өндөр температуртай байх шаардлагагүй бол өвчтөнүүдийн байрлаж буй давхар 20 хэм, агуулахын хэсэг 11 хэм гэх мэт байдлаар тохируулах боломжтой. Мөн зургаагаас дээш давхарт буюу өвчтөнүүдийн байнгын байрлах давхруудад агаарын чанарын удирдлага хийж байгаа. Олон өвчтөн байх тусам агаарын чанар муудах тул дотор агаарыг байнгын сэлгэлт хийнэ. Нөгөөтэйгүүр гаднах агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүж оруулна. Энэ бүхнийг цогцоор нь хэлэхэд монголоор “ухаалаг барилга” гэдэг нэршил бүхий шат руу ахиад байна. Зургийг нь япон инженерүүд хийж, гүйцэтгэлийг ч мөн хянаж байгаа.

-Улсын эмнэлгүүдэд ийм хийн хоолой хоёр л байдаг гэсэн. Харин энэ эмнэлэгт хэдэн хоолой суурилуулж байгаа вэ?

-Байхгүй гэхэд болно. Харин үйлчилгээний төвүүд гэвэл “Бодь” цамхаг, “Улаанбаатар” их дэлгүүр зэрэг барилгуудад ийм агааржуулалтыг шийдэж өгсөн. Харин CO2-ын хувьд нэлээд шинэлэг гэж хэлэхээр байна. Эмнэлэг гэдэг утгаараа агаарын чанарт ихээхэн анхаарч үүнийг шийдэж өгсөн. Хүмүүс гоё цонх, гоё хаалга л хийсэн байвал тагнай ташин шогшроод байдаг. Харин энэ мэт шийдлүүд хүний нүдэнд харагддаггүй ч дандаа оюуны бүтээл байдаг учраас өртөг өндөртэй. Энэ эмнэлгийн хувьд мэс заслын, сэхээн амьдруулах, хэвтэн эмчлүүлэх зэрэг олон өрөөнд таван төрлийн хийн шугам холбож өгч байна. Хоёр төрлийн шугам гарч байгаа бол дараахь давхарт хоёр төрлийн хий, таван төрлийн шугам гарсан байвал таван төрлийн хий тухайн давхар руу шахна гэсэн үг. Хэдэн төрлийн ямар мэс заслын өрөө байна гэдгээс шалтгаалж Б1 давхраас 12 давхар хүртэл суурилуулсан. Тухайлбал, энд агаар, вакум, хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хий гэсэн таван шугам доороосоо дээшээ явна.

-Хавдрын эмнэлгийн шугамын холболт яг юугаараа онцлогтой байдаг юм бэ?

-Хавдар бол хавдар, арьс өнгөний эмнэлэг бол арьс өнгөний чиглэлээр өөр өөрийн гэсэн онцлог бүхий шугам холболттой байх ёстой. Энэ эмнэлгийн хувьд хагалгаа, оношлогоо, эмчилгээ бүгд байх учраас олон төрлийн хий ашиглана. Эмнэлгүүд хийн системтэй байдаг ч таван төрөлтэй тэр бүр байгаад байдаггүй, хоёроос гурав л байдаг. Тухайлбал, Нэгдүгээр төрөх эмнэлэгт хагалгаанд орж байхад хүчилтөрөгч, гараад ирэхэд нь вакум гэх хоёр төрлийн л хий хэрэг болдог. Намхан барилгуудын хийн системийг тооцоолоход хялбар байдаг бол өндөр болох тусам тооцоолол улам нарийсдаг. Энэ бүхнийг япончуудын гаргаж өгсөн зураг, системийн дагуу хийсэн.

-Энэ хийнүүд яг юунд хэрэг болдог талаар яриач?

-Нүүрсхүчлийн хий гэхэд дурангийн хагалгаанд хэрэг болдог. Азотын хий байрын хэсгийг мэдээ алдуулж бага зардлаар жижиг мэс ажилбар хийдэг байх жишээтэй. Шүд авахад соруулаад байдаг жижиг төхөөрөмжийг тогоор биш, хийгээр ажиллуулдаг. Мэс засал хийхэд хүний биеийн доторх хоёр ханыг хийгээр үлээлгэж хөндийрүүлж байж эмч хүн мэс заслаа хийдэг. Тэгэхээр аль болох олон хий орох тусам бага зардлаар, олон төрлийн хагалгаа хийх боломжтой гэсэн үг юм.

-Эрсдэлийг тооцож үзвэл, тог тасрахад энэ бүх систем ажиллах уу?

-Барилга өөрөө нэгдүгээр зэрэглэлийн барилга учраас хоёр талын эх үүсвэртэй, генератортай, серверийн тоног төхөөрөмжүүд өөрсдөө тог баригчтай. Ер нь байнгын ажиллагаатай байхаар зохион байгуулж байна. Хамгийн гол нь барилгын бүх давхрын таазаар агааржуулалт, хөргөлтийн системийн, газ хүчилтөрөгчийн системийг, холбоо дохиоллын цахилгааны гэх мэт маш олон шугамын битүү угсралт хийгдсэн байгаа.

-Эмнэлгийн хүчин чадлын талаар яриач, та?

-Эмнэлгийн амбулаториор өдөртөө 500, жилдээ 150 мянган хүн үйлчлүүлэх, жилд 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Эмнэлгийн нэг давхарт хүлээн авах, түргэн тусламж, эмийн сан байрлах юм. Хоёроос гурван давхарт амбулатори, үзлэгийн хэсэг, дөрөвдүгээр давхарт шинжилгээ, таван давхарт мэс заслын өрөө, зургаан давхарт ариутгал халдваргүйжүүлэх хэсэг, долдугаар давхарт эрчимт эмчилгээний өрөөнүүд байгаа. Эрчимт эмчилгээний өрөөнд хийн таван систем суурилуулсан. Наймаас аравдугаар давхарт хэвтэн эмчлүүлэгчийн тасаг байх юм. Нэг өрөөнд зургаан хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Хүсвэл VIP өрөө ч сонгож болно л доо. Орчин цагт хүн бүхний сонголт янз бүр шүү дээ. Зургаан хүн нэг өрөөнд хэвтэхдээ агаар орчны тал дээр ямар нэг санаа зовох шаардлагагүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг. Эмчлүүлэгчдийн өрөө нь 50 м.кв, ор болгоны дээд хэсэгт хүчилтөрөгчийн систем, өрөөнд нь хөргөлтийн систем байрлуулах юм. Эмнэлгийн 11 давхарт ресторан үйлчилгээний газар, 12 давхарт оффис байрлана. Давхар бүрт агаар шүүх төхөөрөмжтэй. Эмнэлэг бүхэлдээ автоматжсан учраас хэн нэгэн эмч, сувилагч дуудах шаардлагагүй. Ердөө ганцхан товчлуур дарахад л хангалттай. Та бүхэн гадаадын кинон дээрээс товчлуур дараад эмч, сувилагчаа дуудахыг өчнөөн харсан даа, яг л тийм зохион байгуулалттай юм. За тэгээд эмнэлэг маань А, В, С гэсэн гурван хэсэгтэй. В,С хэсэгт эмчилгээ, үйлчилгээ байх бол А блок нь эмч, ажиллагсдын сургалт, судалгааны орчин байхаар төлөвлөсөн. Яаралтай үед эмнэлгийн дээр нисдэг тэрэг буух боломжтой. Дотроо усан бассейнтэй, гурван давхар хүртэл урсдаг шаттай. Мөн эмнэлгийн бохир зөөх, ариутгасан эд зүйл зөөх, үйлчлүүлэгч явах зэрэг найман төрлийн лифттэй юм.

-“Энэрмед” эмнэлгийг даруйхан улс хүлээгээд авчихвал олон хүний амь нас аврагдах юм даа?

-Монгол Улсад өдөрт 12, жилд 4300 орчим иргэн хавдрын улмаас амь насаа алддаг гэсэн статистик мэдээлэл бий. Энэ бол 3.2 сая хүн амтай, хөгжиж буй орны хувьд аюулын харанга гэхээс аргагүй. Хавдрын өвчлөл 20-30 жил манай улсад өсөлттэй байхаар судалгаа ч гарсан юм билээ. ХСҮТ-ийн ачааллаас үүдэж, хагалгааны тов хүлээх зуураа хавдартай иргэд нас барах, өвчин нь эдгэрэхгүй түвшинд шилжих харамсалтай тохиолдлууд гарсаар байна даа.

ТӨРИЙН БАРЬЖ ЧАДААГҮЙ ХАВДРЫН ЭМНЭЛГИЙГ М.БИЛЭГТ ГИШҮҮН БҮТЭЭН БОСГОЛОО

ТАЛАРХЛЫН СЭТГЭГДЛҮҮДЭЭС…

“Тавилан муутай хавдар өвчнийг оношлох, эмчлэх бизнесийг ашиг олох гэсэн хүн бүр барьж авдаггүйг дэлхийн болон манай орны туршлага харуулж байна. Энэ санаачилга бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан, олон хүүхэдтэй жирийн малчны охин, компанийн эзэн хүний гаргаж чадах хүн ардаа гэсэн сэтгэлийн өргөл гэж би хүндэтгэн дэмжиж байгаа. Тийм ч учраас хавдрын эмнэлэг барьж байхад төрөөс анхаарал тавих хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр гурван сая хүн амтай. Гэтэл манай улсын хэмжээнд 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай хавдрын эмнэлэг л ажиллаж байна. Статистик баримт сөхөхөд хортой, хоргүй хавдар туссан хүний тоо 300 мянгад хүрсэн харамсалтай мэдээ бий. Үүнээс харвал Монгол Улсад хавдрын 10 эмнэлэг ч байсан илүүдэхгүй. Монголын хүн амын нас баралтын хоёрдахь шалтгаан бол хавдар. Одоо ажиллаж буй хавдрын эмнэлэг ачааллаа даахгүй байгаа үед хувийн хөрөнгөө хавдрын шинэ эмнэлэг барихад зориулсан хүмүүнлэг, нийгмийн хариуцлагын үүргээ тэргүүнд тавьсан эрхэм гишүүний үйлсийг эмч хүний хувьд дэмжиж зөвлөн хамтарч ажиллаж байсны хувьд Улсын комисс эхний ээлжийн барилгыг нь хүлээн авсанд баяр хүргэж цаашдын бүтээн байгуулалтанд амжилт хүсье!”

УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө

“Маш их сайхан мэдээ байна. Юуны өмнө гишүүндээ томоос том баяр хүргэе! 2004 оноос Билэгт гишүүнийгээ мэднэ. Хэн хүнд байгаад байдаггүй, зорьсондоо заавал хүрдэг, тууштай хөдөлмөрч, дайчин шаргуу, бүтээлч зан чанар энэ шавилхан эрхэм эмэгтэйд бий. Ямархуу саад бэрхшээлтэй тулгарч, яаж зүтгэж, хичнээн удаагийн шүүх цагдаа болж энэ ТОМ АЖИЛ-ын ард гарсныг би гадарлана. Гэхдээ тэр хэнд ч бууж өгөөгүй, хэнд ч мөнгө өгч хахуульдаагүй. Олон олон нойргүй шөнө, олны тусын тулд гэсэн чин сэтгэлийнхээ хүчинд ард нь гарчээ. Та өнөөдөр зүгээр л уйл. Шүд зуун зүтгэсэн зорилгоо биелүүлснийхээ төлөө өөрийгөө, хань, үр хүүхэд, хамтран зүтгэгчдээ шагнаж уйл. Танд зөвхөн Баянхонгорчууд төдийгүй МОНГОЛТҮМЭН баярлаж байгаа!”

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал

“М.Билэгт гишүүний байдаг бүхнээрээ дэнчин тавин байж босгосон эмнэлгийг Улсын комисс хүлээн авчээ. Билэгт танд баяр хүргэе. Та өнгөрч буй дөрвөн жилд эрх барьсан Засгийн газраасаа ч илүү ажиллаж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барьж өгч гавьяа байгууллаа. Ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ орон сууц барих гээд суурь тавьчихсан байсан газрыг авч, хулхидуулж, хэл аманд орсон ч ямар ч байсан зориулалтын дагуу эмнэлэг барина гэж арав гаруй жил зүтгэхдээ олон саадтай тулж, ёстой л говийн бүсгүйн гүргэр гүжирмэг зангаар давлаа даа. Бас ЖДҮ-дээгүй, жирийн иргэдийн амсдаг хүнд суртлыг бүгдийг амсаад бизнесийн өндөр хүүтэй зээлээр ажлаа явуулсаар эмнэлгээ барьсантай нь маргах хүн өнөөдөр байхгүй биз ээ!”

Сэтгүүлч Хайдавын Уянга

“Гучин жилд төрийн барьж чадаагүй хавдрын эмнэлгийг М.Билэгт гишүүн бүтээн босголоо”


Categories
мэдээ цаг-үе

Габриэла Куэвас: Парламентчдын хүний эрхийн хороо ирэх долоо хоногт Монголд ирж ажиллана

Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгч Габриэла Куэвастай ярилцлаа.


-Манай улсад өнгөрөгч өдрүүдэд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулга уулзалт болж өнгөрлөө. Та Олон улсын парламентын холбооны тухай ярихгүй юу?

-Олон Улсын парламентын холбоо нь дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэсэн олон нийтийн шинж чанартай байгууллага. Байгуулагдаад 130 орчим жил болж байгаа. Эгнээндээ 179 орны парламентыг багтаасан томоохон хэмжээний дэлхийн байгууллага юм. Монгол Улсын хувьд энэ байгууллагад элсээд 60 орчим жил болж байгаа. Монголын парламент бол Олон улсын парламентын холбооны үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Манай байгууллагын гишүүн орнууд дундаа маш эрч хүчтэй парламентын тоонд зүй ёсоор багтдаг.

-Олон улсын парламентын холбооны гишүүн улсуудын хувьд манай улсаас авч хэрэгжүүлэх сайн туршлагууд байдаг уу?

-Миний хувьд 179 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн байгууллагын ерөнхийлөгч гэдэг утгаараа парламентуудыг хооронд нь харьцуулж, дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ Монголын парламентыг харахад маш их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж харагдаж байна. Ялангуяа Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх хоёрдугаар чуулганыг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулсныгби харж байна. Эндээс улс төрийн нам харгалзахгүйгээр аливаа асуудалд хамтарч ажиллаж чаддаг нь харагдаж байна. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг парламентаараа батлаад хэрэгжилт дээр нь бүх талаасаа хяналт тавиад явдаг юм байна. Үүнээс харахад миний зүгээс Монголын парламентыг өөрийнхөө хүлээсэн үүргийг хэрэгжүүлж чаддаг юм байна гэж үзэж байгаа.

-Олон улсын парламентын холбооны зүгээс манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн хэргийг анхааралдаа авч ажилладаг. Энэ тухай?

-Олон улсын парламентын холбооны бүтцэд Парламентчдын хүний эрхийн хороо гэдэг байгууллага бий. Тэр хороо энэ асуудлаар дараагийн долоо хоногоос Монгол Улсад ирж ажиллах гэж байгаа. Парламентчдын хүний эрхийн хороо нь энэ асуудал дээр дагнан ажилладаг юм. Тиймээс тэд Монгол Улсад ирж ажилласны дараа илүү бодитой, дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой болно байх.

Ер нь Олон улсын парламентын холбоо парламентчийн хүний эрхийн асуудалд ач холбогдол өгч ханддаг. Мэдээж бидний зүгээс энэ хэрэгт холбогдох үйл ажиллагааг явуулна. Зохих хэмжээний арга хэмжээг авна. Судалгаа, дүгнэлт, ажиглалтыг хийнэ. Гэхдээ Парламентчдын хүний эрхийн хороо бол бие даасан үйл ажиллагаа явуулдаг нэгж. Тэгэхээр тэд энэ асуудалд зохих журмынх нь дагуу ажиллана гэж найдаж байгаа.

-Манай улсын улс төрийн зүтгэлтэн, олон удаа парламентад сонгогдож байсан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнд Монгол Улсын улс төрийн хүчин болох Ардчилсан намын зүгээс Олон Улсын Парламентын Холбоог энэ асуудалд хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн. Ирэх долоо хоногт Парламентчдын хүний эрхийн хороо энэ асуудал дээр ажиллах уу?

-Монгол Улс хүний эрхэд нэлээдгүй ач холбогдол өгдөг орон. IPU буюу Олон улсын парламентын холбооны тухайд мэдээж энэ хэрэг дээр зохих ёсны буюу дүрмийнхээ хүрээнд туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ Парламентчдын хүний эрхийн хороо бол манай холбооноос тусдаа буюу бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр тэд энэ хэрэг дээр зохих арга хэмжээг авч, энэ хэргийн материалуудыг сонсч, хамтран ажиллах байх гэдэгт итгэж байгаа. Бидний зүгээс ар гэрийнхэнтэй нь уулзсан.

-Тогтвортой хөгжлийн зорилго гэдгийг тайлбарлахгүй юу?

-Тэгш бус байдал дэлхийн олон улс орны санааг зовоосон асуудал болоод байгаа. Энэ талаар бид юу хийж, ямар үр дүнд хүрч байгаагаа эргэн харах ёстой.

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх төрийн бодлого нь бүх хүмүүсийг хамарч, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэгддэг. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө улс орныхоо нөхцөл байдлыг оновчтой үнэлэн дүгнэж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхэд парламентууд анхаарч ирсэн шүү дээ. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль, тогтоомжууд баталж, үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэн гээд өөрийн гэсэн туршлагыг бий болгон ажиллаж байна.

-Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бүс нутаг бүрт л өөр байна байх. Ази, Номхон далайн бүс нутгийн онцлог юу вэ?

-Энэ бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл нэлээд тохиож, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг амсаж байна. Онцлог гэмээр бэрхшээлүүд ч бий. Нялхсын эндэгдлийг бууруулах, сургуульд хамрагдалтын түвшнийг сайжруулах, сургууль завсардалтыг багасгах болон насанд хүрээгүй хүмүүсийн гэрлэлт санаа зовоосон асуудал. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудлаар бүс нутгийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад илүү сайн бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна. Амьдралын чанарыг сайжруулах, нэн ялангуяа бэрхшээлтэй байгаа бүлгийнхэн, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөр үеийнхний асуудалд энэ бүс нутаг илүү анхаарах ёстой байна.

-Эцэст нь та энэхүү чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэхүү чуулган тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулсан амьд, идэвхтэй болж өнгөрлөө. Энэ хоёр өдөр маш үр дүнтэй боллоо. Гарсан гол үр дүн бол мэдээж тогтвортой хөгжлийн зорилтуудаа ярилцсан. Энэ ярьсан хэлсэн зүйлээ хамгийн гол нь үр дүн болгох нь чухал. Тухайлбал, жендерийн тэгш байдал, нийгмийн эрх тэгш байдал, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гэх мэт анхааралдаа авч, өөрчлөлт хийх ёстой чухал сэдвүүд дээр бүс нутгийн парламентын гишүүд хоорондоо санал бодлоо хуваалцлаа. Энэхүү чуулганд оролцсон парламентын гишүүд энд хэлэлцсэн туршлагуудаас санаа авч, улс орондоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ хамгийн гол нь тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтдээ хяналт тавих нь чухал. Мөн төсөвтөө энэ хэрэгжилтийг хангахуйц төсвийг суулгаж, оруулж өгөх ёстой гэсэн ийм чухал асуудлуудыг ярилцсан байгаа.