Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурын их тахилга болно

Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийд хамтран зуны дунд сарын шинийн 14-ний билэгт сайн өдөр буюу энэ сарын 16-нд Хөвсгөл нуурын их тахилгыг хийнэ. Их тахилгад Мөрөнгийн хүрээний болон Улаанбаатар хотоос лам хуврагууд хүрэлцэн ирж лусын номнуудыг уншиж, сэржим өргөн даллага авч Далай ээждээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа залбирах аж.

Сүүлийн жилүүдэд Хөвсгөл далайд лам хуврагууд сан тавьж ном уншиж байсан боловч энэ жилийн хувьд эрт дээр үеийн Хөвсгөл далайг тахьдаг байсан хуучны дэг ёсыг сэргээж анх удаа аймаг орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, Хөвсгөл нутгаас гаралтай төрийн түшээд, урлаг соёлын алдартнууд хамтарч их тахилга үйлдэхээрээ онцлог. Мөн энэ үеэр эрийн 3 наадам зохион байгуулна” гэдгийг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн Ловон лам М.Мөнхбат хэлж байна. Иргэд сүсэгтэн олон их тахилгад хүрэлцэн ирснээр цэнгэг тунгалаг, ариун тансагаараа хойчийн үедээ өвлөгдөн ирсэн байгаль дэлхийн ариун дагшин бүтээл Хөвсгөл далайгаасаа эрч хүч авч, буянаа арвижуулан номын дуунд даган баясах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

​Ерөнхийлөгч олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны захиралтай уулзлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга нар оролцлоо.
Ноён Алекс Санчез 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс амжилттай зохион байгуулж буй, Монголд энэ төрлийн спорт хурдацтай хөгжиж байгаа талаар ярилаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад олон улсын нэр хүнд бүхий тэмцээнийг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасанд нь талархал илэрхийлж, Улаанбаатар хотод болох Азийн хүүхдүүд 2020 олон улсын спортын их наадамд хамтран ажиллах, олон улс орны тамирчдыг оролцуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа: Монголын иргэнээрээ үлдсэн минь миний сонголт байсан

Стивен Сигалын үзэсгэлэнт гэргий гэдгээр манайхан андахгүй Батсүхийн Эрдэнэтуяатай ярилцлаа.


-Таныг хэвлэл мэдээлэлд төдийлөн нээлттэй нэгэн биш гэдгийг мэднэ. Юуны өмнө ярилцлага авах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Ер нь сүүлийн үед хүмүүс сошиал орон зайгаас мэдээллээ авч, бас бусдад түгээдэг болжээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Бид яалт ч үгүй мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүссэн, хүсээгүй бидний амьдарч байгаа цаг үе маань өөрөө ийм сошиал ертөнцийг бий болгочихож. Энийг бид бүгд өөрсдөө л бүтээсэн, өөрсдөө л эерэг сөрөг бүх үр дүнг нь үзээд, үүрээд явж байгаа. Худал үнэн сүлэлдсэн, хэрэгтэй, хэрэггүй элдэв мэдээлэл холилдсон энэ орчин, энэ орон зай бол хүн төрөлхтний хөгжил дэвшил, аюулгүй байдал, хүний оюун санаа, ухамсрын түвшинд сайнаар нөлөөлөхгүй гэж боддог. Мэдээж сайн сайхан давуу тал бий, гэхдээ муу нь илүү юм уу гэж хардаг. Хүн уншсан, сонссон байтугай, харсан зүйлдээ ч итгэхэд бэрх болсон цаг үе байна шүү дээ.

-Өөрийн тань сошиал орчинд нээлттэй хүргэдэг сургамжтай үгс, шүлэглэсэн үгсийг тань дагаж хүлээдэг хүмүүс цөөнгүй болжээ. Ер нь хэдийнээс ингэж бичих болсон бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна, тэр нь танд яаж мэдрэгдэж байна вэ?

-Миний номын багш их мундаг хүн байдаг юм. Тэр багштайгаа учирч, адис хүртсэнээс хойш ингээд л өөрөө урсаад байдаг болсон. Одоогоос дөрвөн жил хагасын өмнө юм байна. Багш маань хүний сүнс, өөрийнх нь өгөгдлийг сэрээж өгдөг увдис чадалтай хүн л дээ. Багш маань энэ судар сургаал, бичвэрүүдээ нийтэд тавих цаг болсон гэж зөвлөсний дагуу олонд түгээдэг болоод одоо бараг хоёр жил шахуу болж байх шиг байна. Монголчууд минь тэнгэр язгууртай, тээсэн их буянтай, суу билигтэй, сургаал судартай агуу сайхан ард түмэн гэдэг нь нийтлэл доорх сэтгэгдлүүдээс маш тодорхой харагддаг. Ард түмэн минь сэрж ухаарч, авьяас билгээ хөглөж, уг язгуураа өнгөлөн гоёж, өдрөөс өдөрт дэлгэрч байгаа гэдэгт бат итгэлтэй байдаг.

-Бүсгүй хүн эрхэлсэн ажил мэргэжил, хашиж байгаа алба, авьяас чадвар бас хань нөхрөөрөө ч овоглогдож явдаг. Та эмэгтэй хүнд харьяалагддаг олон цол гуншингаас чухам алинаар нь нэрлэгдэхийг хүсдэг вэ?

-Би чинь их олон янзын нэр, цол гуншинтай хүн шүү дээ. Аав ээждээ шар охин, анд нөхдөдөө Эрка, америк сургуульдаа Эрика, алс нутагт Эль, амраг ханьдаа Кандро, алаг үрдээ Ээж, Маам гэх мэт. Бурхны шашинд Ренбүчи хүний гэргийг Кандро (Хандмаа) юм уу Санюма гэж хүндэтгэн дууддаг. Монголоор дагина гэж орчуулж болох. Хань минь намайг нэг бол Кандро нэг бол Маам гэж дууддаг. Хүмүүс намайг бүжигчин гэдгээр нь ихэвчлэн мэддэг байсан, харин одоо шүлэгч, найрагч гэж бодоод байх шиг байгаа юм. Миний бичвэрүүд уг нь шүлэг найраг биш юм байгаа юм. Бичвэрүүд маань их энгийн байдаг. Учир нь би үгийн урныг хөөдөггүй, уянгын халилд автдаггүй, үгийн хүчийг ашиглаж, үнэн жам мөрийг сануулж, түмэн олондоо хайр ухаарал илгээхийн төлөө бичдэг. Энэ олон нэр, гуншингийн дотроос “Ээж” хэмээн дуудуулах л миний хувьд хамгийн эрхэм дээд хувь ерөөл юм даа. Үртэй байхын жаргал бол дээдийн жаргал.

-Анзаараад байхад танай гэр бүл, тэр дундаа та Монголдоо багагүй хугацаанд байна. Жилийн 12 сарын хэдэд нь аль улс оронд амьдарч байна вэ?

-Манай гэр бүлийг жинхэнэ орчин үеийн нүүдэлчин гэр бүл гэж хэлж болох байх шүү. Нэг газраа тогтвортой суурин амьдарна гэж бараг байхгүй. Уран бүтээлч, тэр тусмаа кино урлагийн хүмүүсийн амьдралын хэв маяг гэж хэлж болохоор. Америкт амьдардаг нэртэй, алаг дэлхийгээ тойроод л нүүдэллээд л байна. Сүүлийн гурав, дөрвөн жилийн 70 хувьд нь би Монголдоо амьдарсан гэж хэлж болно. Хүүгээ монгол хэл бичиг, оюуны дархлаатай, монгол сэтгэлгээтэй болгохын тулд Монголдоо амьдарч, хүүгээ монгол сургуульд сургаж, эмээ өвөө, элгэн садантай нь ойр байлгаж, их зүйлийг хүүдээ сургаж чадсандаа маш их баяртай байгаа. Хүү маань одоо монгол англи хос хэлтэй, энэ жилээс орос хэл сурч байгаа. Манайх АНУ-аас нүүх төлөвтэй, одоогоор Орост төвлөрч амьдарч, ажиллаж байна даа.

-Нүүгээд байхаар хүүхдийн сургуулийн асуудал хөндөгддөг. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ. Бас хүү нь монгол хэл соёлыг хэр хүлээн авч, тусгаж сурсан бэ?

-Хэдийгээр хань бид хоёр байнга аялдаг ч, хүүгээ Монголд хоёр жил яс сургасан. Одоо хүү маань Москвагийн Олон улсын сургуульд шилжин суралцаж байгаа. Бид хоёр гадагшаа явах үед эмээ өвөө нь ирж хүүгээ харж өгдөг. Аав ээж хоёр маань хүүдээ амь болохоор дуудангуут л уухайн тас хүрээд ирнэ шүү дээ. Хүү маань монгол сургуулиасаа явахгүй гэж зөндөө л юм болсон. Өчнөөн гуйж учирлаж байж зөвшөөрүүлсэн. Миний хүү чинь Монголдоо маш их хайртай, монгол сэтгэлгээтэй хүүхэд. Монгол хэл нь англи хэлнээсээ илүү, одоо хэл ам нь гүйцэгдэхгүй болсоон.

-Стивен Сигал Оросын иргэн болсон, амбан захирагч ч болж магад гэсэн яриа сонстож байсан. Танай гэр бүл алсын Америкаас наашаа дөхөөд л байгаа юм байна…

-Манай хүн хэдэн жилийн өмнөөс ОХУ-ын иргэн болж, иргэний паспортоо В.Путин ерөнхийлөгчөөс гардаж авсныг дэлхий нийт харсан шүү дээ. АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй гэсэн үг. Нөхрөө дагаад намайг бас Америк, Оросын иргэн болсон гэж хүмүүс боддог шиг байгаа юм. Би чинь зөвхөн Монголдоо гэдэг шиг хүн шүү дээ. Манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй болохоор Монголын иргэнээрээ үлдсэн нь миний сонголт байсан. Харин Оросын зүүн хязгаарын амбан захирагч болох тухай яриа бол хэвлэлийнхний тараасан худал цуу шүү. Нэг арга хэмжээн дээр “Манай муж захирагчгүй байгаа, та манай захирагч болчих л доо” гээд хүн тоглоод хэлэхээр нь “Өө тэгье л дээ” гээд бас тоглоод хариулсан юм. Тэгсэн энэ нь 30 минут ч хүрэлгүй мэдээ болоод дэлхийгээр нэг цацагдаж байж билээ. Ийм л цаг үед бид амьдарч байна. Сэтгүүлчдийн ёс зүй хаа сайгүй амаргүй байна аа.

-Таны нөхөр Стивен Сигал ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй тун ойр. Тэр ч утгаараа өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр танай гэр бүлийнхэн нэлээд тод харагдаж байсан. Тэдний нөхөрлөлийн талаар сонирхуулаач…

-Миний хань В.Путин ерөнхийлөгчийг дэлхийн хамгийн шилдэг удирдагч гэж үздэг. Түүний алдар гавьяа, амжилт ялалт, арга ухааныг нь асар их үнэлж, хүндэлж, үйл хэргийг нь ямагт дэмнэж, үнэн сэтгэлээр зүтгэж яваа. Ханийг маань ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны Онцгой Эрхт Элчин Сайдаар томилсон нь Ерөнхийлөгч Путин болоод ОХУ-ын Засгийн газрын зүгээс ханийг маань хэрхэн үнэлж хүндэлдэг, мөн ямар их итгэл найдвар хүлээлгэж байгаагийн тод илрэл гэж би хувьдаа боддог. Миний хань Орос Америкийн харилцааг сайжруулахын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ гэж ярьдаг хүн. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан.


-Хүйтэн дайн дууссан гэдэг ч өнөөдрийн нөхцөл байдалд өрсөлдөөн үргэлжилсээр байна. Таны хань С.Сигал энэ харилцааг хэрхэн сайжруулах гэж?

-Хүйтэн дайн далдуур үргэлжилсээр байгаа нь америк хүмүүсийн Орос оронд хандах хандлагаас тод ажиглагддаг. Хэвлэл нийтлэл, мэдээллийн сувгуудаар байнга Оросын эсрэг буруу ташаа мэдээлэл цацаж, америкчуудын тархийг угаана, Оросын эсрэг турхирна, айлгана, хамгийн аюултай улс орон гэж сурталчилна. Гэтэл бодит байдал бол тийм биш гэдгийг өнгөрсөн зуны хөл бөмбөгийн дэлхийн аварга харуулсан шүү дээ. Наад захын америк хүн Орос орон руу зүглэхээс айдаг гээд бод доо. Гэтэл эсрэгээрээ Америк өөрөө хамгийн аюултай орон болчихлоо шүү дээ. Миний хань энэ буруу ташаа ойлголтыг засахад хувьдаа хичээж хаана ч арга хэмжээ, уулзалтанд оролцохдоо энэ тухай нээлттэй хэлдэг, залруулдаг, сошиал хуудсаараа нийтэлдэг. Өөр өөр улс гүрний иргэд хүмүүсийг холбож, ойлголцуулж, ойртуулж чаддаг гүүр бол ямагт урлаг, спорт байдаг. Тэр дундаа кино уран бүтээл бол хүнд бодрол ухаарал хайрлах тал дээр маш далайцтай, өгөөжтэй, наалдацтай байдаг шүү дээ. Миний хань энэ том салбаруудын том төлөөлөл болсон хүний хувьд давуу талуудаа ашиглаж, Орос, Америкийн харилцааг сайжруулахад хүчин зүтгэж яваа.

-Тангараг өргөх ёслолын үеэр та гоёмсог шар дээлтэй харагдсан нь нүдэнд тусч байсан. Гадны хэвлэлийнхний анхаарлыг ч ихээр татсан. Тэр үеэр зориуд үндэсний дээлээрээ, тэр дундаа тод өнгөөр гоёхоор шийдсэн үү?

-Тийм хүндэтгэлтэй том арга хэмжээнд үндэсний хувцсаараа гоёхгүй бол өөр юугаараа гоёх билээ. Би уг нь дэрвэгэр хормойтой хар ногоон дээл авч очсон байсан юм. Тэгсэн нэг л болдоггүй, хань маань ч таалдаггүй. Тэгээд л ээжтэй яриад, яаралтай цэвэрхэн, энгийн монгол дээл хийгээд явуулах арга байна уу гэлээ. Тэгсэн аав ээжийн минь цагаан сараар надад бэлэглэсэн тэр шар торго гэрт байж таараад, ээж минь тэрийгээ аваад л оёдолчин руу гүйсэн байсан. Тэгээд л нэг шөнийн дотор оёулаад, үүрээр Москвагийн онгоцонд дайж, би шууд тосч аваад л тангаргийн ёслолд өмсөөд зогсож байлаа шүү дээ. Тийм содон дээл болж олны анхаарлыг татна чинээ огт бодоогүй ээ. Би тэр өдөр тэр ёслолд тэр алтан шар дээлийг өмсөөд зогсож байх ёстой байсан болоод л бүх юм ингэж бүтсэн байх даа.

-Стивен Сигал жүжигчин монгол цустай гэгддэг. Бас орос цустай ч гэж сүүлхэнээс ярьж байна. Танай хүү бол тун монголжуу төрхтэй хүү байдаг. Хүүдээ хэл, соёлыг нь сургах дээр хичээдэг талаар бас дээр ярилаа. Сайхан санагдаж байна…

-Манай хүн чинь ээж талаасаа индиан цустай, эцэг талаасаа якут буюу түрэг урианхай ястай хүн. Бүгд л хөх толботой үндэстэн, ястангууд шүү дээ. Тийм болохоор хүү минь хөх толботой, монгол төрхтэй төрөлгүй яахав. Зарим нэг хүмүүс намайг харь хүнтэй суусан гээд их бухимдана аа. Монгол гэдэг нэр томьёо чинь асар өргөн цар хүрээтэй, зөвхөн өнөөгийн Монголын гурван сая хүнийг л монгол гэх юм бол асар өрөөсгөлийн дээр бид өөрсдийгөө асар их хумьж, жижгэрүүлж байгаа хэрэг болно. Дэлхийгээр нэг түгсэн монгол яс, цус байгаа гэдгийг мартаж болохгүй л дээ.

-Таныг гадны хүнтэй гэрлэсэнд бухимдах нь танд эхэндээ ямар санагддаг байсан бэ, он жил өнгөрөхөд тэр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж мэдрэгдэв үү?

-Хүмүүс мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьж бичдэгт нь л бухимдал төрдөг. Манай хүний жинхэнэ гарал үүсэл, язгуур яс цусыг нь огт мэдэхгүй байж л харь хүн, гадаад хүн гэцгээдэг. Гадаад улсад төрсөн гадаад иргэн бүхэн харь хүн биш шүү дээ. Миний хань хөх толботон хүн, мөн улааны шашны Ренбүчи хүн. Хүмүүс мартчихдаг юм уу, эсвэл атаацаад байдаг юм уу, нэг л их миний үр удмын яс цусанд санаа зовсон улс. Сошиал хуудсаараа орчлон хорвоогийн тухай бичиж байхад л, орж ирээд хувь хүн над руу дайрах хүмүүсийг би гайхдаг. За тэгээд хүн аль юм болгон амьдралаа, алив бүхнээ хүнд тайлагнаж явах вэ дээ. Буянаараа болог гээд л орхичиход их амар байдаг. Гэхдээ зууны ерэн найман хувьд нь хүмүүс их сайхан эерэг хандлагатай байдаг шүү.

-Та анх Америк тивийг зорьсноос хойш олон жил өнгөрчээ. Харь нутагт олон жил амьдрахад өөрөөр тань монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, монголчуудын талаар ойлголт авч байсан хүмүүс их байсан байх. Хэр нэр хичээж амьдарч ирсэн бэ?

-Өө, хичээлгүй яахав, чадлаараа л хичээнэ шүү дээ. Нэр хугарахаар яс хугар гэж, хүн хаана ч явсан нэр хичээж, буянд мөрлөж, сайнд тэмүүлж явах хэрэгтэй. Алхсан гишгэсэн, амьсгалсан газар бүхэнд тань мөр тань, үнэр тань үлдэж байдаг. Би хар багаасаа л сургуулиа, сумаа, аймгаа, улсаа төлөөлөөд уралдаан тэмцээн, хурал чуулган, баяр наадамд явдаг байсан болохоор багаасаа биеэ дааж, өөрийгөө олны өмнө хэрхэн зөв авч явах уу, би эх орон элгэн түмнээ яаж зөв сайхан сурталчлах уу гэж ихэд хичээж ирсэн. Монгол бүсгүйчүүд ийм хаттай, ухаантай, чадалтай, боловсролтой, шударга дайчин хүмүүс байдаг юм байна гэдэг урмын үгсийг үргэлж сонсч ирсэндээ бахдалтай байдаг.

-Монголоос гараад амьдрахаар бараг илүү эх оронч, илүүтэй их улсынхаа нэрийг боддог гэлцдэг. Энэ үнэн үү?

-Тэр миний л хувьд маш үнэн. Цаг явах тусам улам л Монгол руугаа тэмүүлдэг болсон. Тэмүүлсээр байгаад Монголынхоо хаяанд ирчихлээ шүү дээ. Монголоо бодохоор л нүдэнд минь нулимс хурж, хоолой минь зангирч, сайн сайханд нь баясан бахдаж, саар мууд нь сэтгэл чилж, өдөр бүр өргөл ерөөлөө өргөж, өөдөлж дэвжээсэй, өв уламжлал минь сэргээсэй, өсөх залуус минь сэрээсэй, өндийгөөсэй гэж байнга залбирч явдаг.

-Таны олон нийтэд шүлэглэн хүргэдэг санамж сэрэхүйгээс өв уламжлал, ёс заншлаа гэсэн сэтгэл нэвт мэдрэгддэг. Түрүүнд номын багшаасаа адис хүртээд урсаад байдаг болсон гэж хэлсэн. Буддын шашны багш уу, эсвэл өөр үү?

-Миний багшийг Ичинноровын Мөнхсаруул гэдэг. Аль нэгэн шашинд харьяалагддаг нэгэн биш, бөө удган биш, лам хувраг ч биш, йогчин бясалгагч бас биш. Тэртээх он цагуудыг туулаад монголчуудыг цөвүүн цагийн зовлонгоос гэтэлгэхийн төлөө, дэлхийд энх амгаланг цогцлоохын төлөө тэнгэрээс илгээгдсэн амьд Дарь-Эх л дээ. Өндөр дээд зөн билигтэй, өгөгдсөн их шид хүчтэй, хосгүй их ур увдистай, хорвоод ховорхон хүн дээ. Ертөнц, байгалийн хууль, орчлон хорвоогийн жам ёс, амьдрахуй оршихуйн учир жанцан гээд өвгөд эмгэдийнхээ таньсан их билгүүнээс тархи оюундаа татан буулгаж, хөх зөнгөө чимээлж, хүрэн зүрхээ уудалж, хүн оршихуйг цэвэрлэхийн төлөө амсхийх чөлөөгүй, алдарч унах сэхээгүй ихийг хийж, үйлдэж бүтээж яваа хүн. Монгол түмнээ сэрээж, мартагдсан бүхнээ сэргээж, ёс болгож үйлддэг зан үйл болгоны цаадах их гүн ухаан, өвгөд эмгэдийн эрдэм ухааныг таниулахын төлөө улс орон даяар олон нийтэд олон удаа айлдвар тавьсан, хүмүүс таньдаг болсон байх учиртай. Манай монголчууд чинь сурсан зангаараа янз бүрээр л хүлээж авч, ярьдаг шиг байгаа юм. Айлдвар дээр нь нэг удаа ирж үзээгүй байж их хүн шүүнэ ээ. Би ханиа дагаад олон дээрхийн гэгээнтэн, лам хувраг, гүрү багш нартай уулзаж явсан, олон ч мэргэн түргэн хүмүүстэй уулзаж учирч явлаа. Миний багш бол хорвоод хосгүй хүн гэж л хэлэх байна.

-Ер нь ингэхэд өөрөө ямар мэргэжлийн хүн билээ. Хүүхэд байхаасаа бүжиглэдэг байсныг нь мэдэх юм?

-Би МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын анги төгссөн. Сургуулиа төгсөөд Япон улсад магистрын сургалтанд явах гээд бүх юмаа зэхчихсэн байсан үед ханьтайгаа учирсан л даа. Тэгээд кино продакшндаа ажиллах санал тавьснаар Японд сурахаа хойш тавьж, би гэдэг хүн алсын Америк тивийг дахин зорьж байж билээ. Дахин гэдэг нь урьд нь оюутан солилцооны шугамаар нэг жил Америкт сурч амьдарсан юм. Бүжгийн хувьд таван настайгаасаа л бүжиглэж эхэлсэн. Сэвжидийн Сүхбаатар багш маань намайг Хөгжим Бүжгийн Коллежид оруулаагүй юм. Миний охин ясны бүжигчин хүн, тэнд сурах хэрэггүй, харин хэл сурч, тархи оюунаа цэнэглэж ав гэж зөвлөсний дагуу Чойроос хот руу нүүж ирээд, гадаад хэлний сургалттай 38 дугаар сургуулийн англи хэлний ангид шилжин суралцаж байж билээ.

-Өөрт чинь амьдралдаа үүний оронд тэрийг хийсэн бол, тэндээ сурсан бол гэдэг ч юм уу өөрчлөхийг хүсдэг зүйл байдаг уу?

-Би бүжгээсээ хөндийрсөндөө харамсаад байдаг юм. Ханьтайгаа учрахад амьдралын минь нэгэн шинэ хуудас нээгдэж, алдарт Холливудын ертөнцөд хөл тавьж, кино урлагт орсон. Хичнээн цаг наргүй ажиллаж байсан ч бүжгээ хажуугаар нь хийгээд явах боломж байсан л байх даа гэж өөрийгөө жаахан зэмлэж суудаг. Гэхдээ би одоо өнгөрсөн, одоо хөгширсөн гэж огт боддоггүй. Хүн хэд ч хүртлээ дуулж, хөгжимдөж, урлан бүтээж болохтой адил, хүн хэд ч хүртлээ бүжиглэж бас болох. Манайд нэг тийм нийтлэг буруу хандлага байгаад байдаг. Бүжгийн урлаг биед халтай, хатуу урлаг, 40 хүрээд тэтгэвэрт гарсан нь дээр гэж. Бүжиг бол бурхнаас бидэнд заяасан хамгийн сайхан, тансаг ур авьяас. Хүн яагаад тодорхой насанд бүжиглэхээ болих гэж. Саяхан нэг олон улсын арга хэмжээнд Японы бүжгийн ансамблийн тоглолтыг үзсэн. Тэгэхэд талаас дээш хувь нь 50-иас дээш насны бүжигчид байсан шүү, зарим нь 70-аас дээш. Надад гайхалтай санагдсан. Манай хөөрхий ахмад бүжигчид хааяа нэг тоглолтонд орохоороо нүүрэнд нь оч бадраад л цээжинд нь гал дүрэлзээд байдаг. Би удахгүй нэг сайхан уран бүтээл хийнэ дээ гэж боддог, тэгээд үхэн үхтлээ бүжиглэнэ гэж боддог хүн шүү дээ. Хэн юу гэх бол гэж бодож эмээлгүй хүн өөртөө л үнэнч байж, авьяас билгээ өнгөлж, аз жаргалтай байхыг хүсдэг.

-Гоо сайхнаа удаан хадгалж үлдэх гэдэг багагүй ухаан, хичээл зүтгэл шаарддаг. Өөрөө энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Гоо байх гэдгийг би их өргөн цар хүрээтэй ойлголт гэж боддог. Миний хувьд аливаа хүн бие, хэл, сэтгэл, бүхий л оршихуйгаараа гоо орших ёстой гэж боддог учраас тийм байхын төлөө хувьдаа хичээж явдаг. Энэ боломжтой юу гэвэл туйлын боломжтой. Хичээл зүтгэл, хүчин чармайлт, эрдэм боловсрол, уйгагүй хөдөлмөр, тууштай зан мэдээж шаардагдана. Гэхдээ тэнгэр бурхан, өвгөд дээдэс, аав ээжээс заяасан энэ сайхан амьдрал оршихуйг тултал нь сайн сайхан, гэрэл гэгээтэй авч явж чадахгүй бол энэ бидний л арчаагүйнх. Сайн явах, саар явах ихэнхдээ бидний сонголт байдаг гэж боддог шүү.Хүн уг нь зөв хооллоод, зөв ярьж сэтгээд, зөв үйлдэл хийгээд явахад л цаанаасаа гэрэлтээд байдаг юм шдээ. Түүнээс яаж ч оёж шидээд, татаж тэлээд, будаж шунхдаад дотроо пад хар бол, гаднаа мянга гялалзаад яах юм бэ. Зүс биеэрээ тоглох бол сайн зүйл яавч биш гэж санадаг.

-Хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо манайхан юун дээр алдаад байгаа харагддаг вэ?

-Хүн уг нь төрж өссөн газар шороо, нутаг усныхаа уламжлалт хоол хүнсээрээ хооллох нь хамгийн зөв байгаа юм. Гэхдээ ямар хүнсийг хэзээ, ямар үед, хэр хэмжээтэй, яаж бэлтгэж, ямар хольцтой идэх үү гэдэг тун нарийн. Манайхан гадны хамаа замбараагүй янз янзын хүнс, хоол, ундаа жүүсийг маш ихээр идэж ууж “хордож” байна. Тэр дундаа хятад, солонгос, турк хүнс, түргэн хоол, чихэр шоколад, боов жигнэмэг маш ихээр идэж хэрэглэж байна. Хамгийн органик, ориг, сайн хүнстэй ард түмэн атлаа, хамгийн муу хогон хүнсээр хооллоод, үр хүүхдээ тэжээгээд байх юм. Тэгээд дээрээс нь байгаа сайхан органик мах өөх тос, гурил будаа, сүү, сүүн бүтээгдэхүүнээ дандаа хэтрүүлж, буруу цагт буруу хольцтой хэрэглэнэ. Өвгөд эмгэд эртнээс мах сүүг хольж иддэггүй, бүр нарийн яривал арвай хүртэл сүүн голтой ургамал тул мах гурилыг ч хольж иддэггүй байсан байдаг шүү. Мах, элсэн чихэр, цагаан давс, цагаан гурилны хэтэрсэн хэрэглээ, мах сүүгээ хольж хэрэглэсний, гадны хогон хүнс болоод архи дарс их хэрэглэсний хор уршгийг ард түмнийхээ дундаж наслалтын тооноос харж болно. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд, сайн гэсэн бүхнийг аваад шууд хэрэглэлгүй, орц найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Олон химийн найрлага орсон байвал арьсаар тань нэвчээд, биед тань хор бохирдол болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Аль болох байгалийн бас цөөхөн орц найрлагатай, үнэр багатай, чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Чанартай, сайн бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна арьсны өдөр тутмын уйгагүй арчилгаа маш чухал.

-Нээрээ өөрийн чинь нэгэн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж, бүжиглэж байгаа рекламыг харж байсан. Стивен Сигалын гэргийг бүжиглүүлсэн, өнгө будаг гоётой сайхан энергитэй сурталчилгаа санагдаж байсан шүү…

-Тийм ээ, “Decello Cosmet­ics” гоо сайхны брэндийн нүүр царай болоод бараг жил болох гэж байна. Би олон жилийн өмнөөс химийн найрлагатай гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, органик, байгалийн бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэсээр ирсэн. Үнэртэй ус, духи бол бүр огт түрхэхээ больсон хүн. Хоёр жилийн өмнөөс энэ брэндтэй танил болж, өөрийн гэсэн судалгаа, туршилт хийсний үр дүнд арьсанд минь маш сайн зохиж, үр дүн нь мэдэгдэхүйц сайн байсан болохоор брэндийн нүүр царай нь болооч гэхэд дуртайяа зөвшөөрсөн. “De­cello Cosmetics” бол дэлхийн гоо сайхны ертөнцөд шинэ хувьсал хийж чадсан, хүний арьс толигор зөөлөн, нөсөө толбогүй байхад хамгийн их нөлөөтэй амин хүчлүүд, пептид уургийн агууламж маш өндөр бөгөөд байгалийн цэвэр тос, ургамал, жимсний найрлагатай байдаг нь надад таалагддаг.

-Та бол дэлхийн хөгжлийн түрүүнд нь яваа тэр нийгэмд амьдарч ирсэн хүн. Түрүүлж алхаж байгаагийн алдаа тэр улсын хүмүүст тусдаг уу, магадгүй хоцроод явж байгаа нь зарим талдаа давуу болох ч юм уу. Тэр харьцааны заагийг хамгийн сайн анзаарч байгаа байх гээд асууж байна л даа…

-Хөгжил гэдгийг аль утгаар нь харж ойлгохоос шалтгаалаад маш олон янзаар хариулж болох. Миний хувьд нийтлэг хөгжингүй гэж хэлэгддэг улс орнууд үнэхээр хөгжөөд байна уу, хөглөөд байна уу гэдгийг хэлэхэд амаргүй санагддаг. Дэлхий даяараа улс төр, эдийн засгийн байдал тун тогтворгүй болсон, хямрал, дайн дажин, терроризм, өвчин зовлон, гэмт хэрэг, худал хуурмагууд олширсон маш амаргүй цаг үед бид амьдарч байна. Миний эх оронд төр хямарсан, түмэн олон минь зүдэрсэн гээд амьдрал төдийлөн таатай биш байгаа ч дайн дажингүй байна аа гэдэг чинь л асар их аз буян гэж боддог. Би Монгол минь яана даа гэж бодохоос илүү Америк орныг яана даа гэж хувьдаа хардаг. Төр нийгмийн бодлого, улс төр, эдийн засгийн байдал, хэвлэл мэдээлэл, түмэн олны хандлага, хил хязгаар, цагаачдын асуудал, терроризм, гэмт бүлэглэлүүдийн асуудал гээд маш олон хүчин зүйлүүдийг хараад амаргүй ирээдүй хүлээж байгаа улс нийгэм гэж харж дүгнэдэг. Гэхдээ улс орон ямар ч бай, тухайн улс гүрний нэгж бүрэлдэхүүн болсон хүн гээч бодгалийн хувь хөгжил, боловсрол, ухамсар гээч зүйл хамгийн чухал юм байна гэж ойлгож яваа.

-Байгаа бүхнээ ерөөж амьдрах хэрэгтэй талаар “Ерөөлийн хүч” гэсэн бичвэр тань сошиалд дөрвөн мянга хол илүү шэйрлэгдсэн байсан. Үгэнд, сэтгэлд их хүч байна аа даа. Та сэтгэлээ хэрхэн чөлөөлж, хэрхэн ариун амгалан байлгахыг хичээдэг вэ?

-Миний хувьд амандаа хийж байгаа бүхнээ, амаараа хэлж буй бүхнээ, алд биеэрээ үйлдэж буй бүхнээ хянадаг. Дээр нь йогоор хичээллэдэг, бясалгадаг, өөрийгөө магтдаг, ерөөлийг ерөөдөг, байгаа бүхэндээ талархдаг, өвгөд дээдэстээ залбирдаг, газар тэнгэртээ сүсэлдэг, заяа тавилангаа хүндэтгэдэг. Ер нь сэтгэлээс бүх юм угтай. Сэтгэлийг зөв залахад хүний үг, үйлдэл зөв болоод л, царай зүс хүртэл аятай таатай болоод ирдэг. Хүний сэтгэл оюун, махан бие тун нарийн холбоотой тул сэтгэлийг зөв залахын тулд хүн махан биеэ бас эрүүл зөв авч явах хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг чинь ээ дээ ихийг хэлээд байдаг юм. Хүний ааш аяг, уцаар бухимдал, гуниг гутрал гэх мэт хүний сэтгэлийн сөрөг өнгө бүхэн махан биеийн өвчин эмгэг, зовлон зүдгүүрийн толь байдаг. Эсрэгээрээ сайн сайхан эрчим, тайван амгалан ааш аяг, баяр баясал, өөдрөг сэтгэл гэх мэт эерэг сэтгэлийн өнгө нь эрүүл саруул бие оршихуйн толь. Хүний бие эрүүл байхад цэвэр агаар, цэвэр ус, зөв зохистой хоол хүнс, дасгал хөдөлгөөн, зөв сайн амралт гэсэн үндсэн хэдэн чухал зүйлтэй л сайн тулж ажиллах хэрэгтэй байдаг.

-Холливудын одод шашин тэр дундаа буддын шашинг ихээр шүтэж эхэлсэн. Нэг үе маш хүчтэй давлагаа бий болж байсан. Тэр нийгэмд буддын шашны үзэл санаа чухал байсных уу, эсвэл мода болж байв уу?

-Би түрүүнд цухас дурдаад өнгөрсөн. Ямар ч нийгэмд хувь хүний хөгжил нэн чухал юм гэж. Америк орны соёл хүмүүжил, боловсролын бодлого нь хувь хүний хөгжил дээр түлхүү анхаардаг шиг санагдсан. Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг улсын хувьд ард иргэд нь шашны эрх чөлөөтэй, санаа бодлоо нээлттэй илэрхийлдэг, оюун санааны аливаа хувьсал, хөдөлгөөн, үзэгдэлд маш анхаарал сонирхолтой ханддаг, сайныг дагаж дуурайхдаа их шаргуу сайн гэж боддог. Амьдрал нийгэм хэцүү болж, хүмүүсийн бие сэтгэлийн дархлаа унаж, стресс бухимдал, өвчин зовлон нэмэгдээд ирэхийн хэрээр амьтай бүхэн амар амгаланд тэмүүлж, аль сайн сайхан арга ухаанд суралцахаар тэмүүлж байна гэж хардаг. Дан ганц Америк гэлтгүй дэлхий нийтээрээ дорнын гүн ухаан, үзэл баримтлал, йога бясалгал, анагаах дом эрдэмд татагдаж үй олноороо энэ зүг руу хуйларч байх шиг. Түүнчлэн Хятад, Түвдээс оргон дайжиж, амь гарч Энэтхэгт хүрч дийлсэн олон олон хутагт хувилгаад, номын багш нар, ренбүчи нар Америкт олноор ирж багшилж, ном тавьж, өөрсдийн сүм хийдээ босгож, олон олон шавь дагагсадтай болсон байхыг олонтаа харж байсан.

-Танай гэр бүлийн хүн хэдийнээс шашин шүтэж эхэлсэн бэ. Ренбүчи гэдэг цолыг бол бас зүгээр ч хүнд өгөөд байдаггүй байх?

-Энэ тухай би урьд нь тайлбарлаж байсан л даа. Ренбүчи гэдэг нь эрдэнэт нэгэн гэсэн утгатай түвд үг бөгөөд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд эргэж эх дэлхийдээ ирсэн түмэн олныг зовлонгоос гэтэлгэж гэгээрэлд дагуулах андгай тангарагтай, үүрэг хариуцлагатай, тэнгэрийн тамгатай хүмүүс байдаг. Тэд төрмөл болохоос олдмол биш юм л даа. Таалал төгсөтлөө улааны шашны тэргүүн хэмээн өргөмжлөгдөж явсан Дээрхийн Гэгээнтэн Пэнор (Бадамноров) ренбүчи миний ханийг 1997 онд Түвдийн Номун Хаан Гүртэн Чундагдорж хувилгааны хойд дүрээр тодруулсан байдаг юм.

-Стивен Сигал бол тулааны урлагийн томоохон төлөөлөл. Биеийн хүчний дасгал, бэлтгэлээ хийж байгаа юу, орхисон уу. Одоо ер нь ямар чиглэлд ажиллаж байгаа вэ?

-Манай хүн “Тэншин Дожо” Айкидогийн сургуулийн тэргүүн мөн ОХУ-ын Айкидогийн нийгэмлэгийн тэргүүн, гранд мастер. Нийгэмлэгийнхээ ажлын хүрээнд олон улсын сургалт семинар, тэмцээн уралдаан зохион байгуулж, байнга зааж сургаж, бэлтгэл сургуультай л байдаг. Одоо гол нь ОХУ-ын ГХЯ-ны элчин сайдын томилолт ажлаа хийж байна. Мөн Айкидогийн нийгэмлэгийн ажлаа хийж байна. Хажуугаар нь кино бүтээл, урлаг уран сайхны ажлаа ч давхар хийж байгаа. Монгол жүжигчдийг ч кинонд тоглуулах тал дээр бид чадах ядахаараа туслахыг боддог. Сайн англи хэлтэй сайн жүжигчин бас тэр бүр олддоггүй. Жүжигчин Баярцэцэгийг Тайландад хийсэн “Атришёон” кинондоо тоглуулсныг манайхан санаж байгаа байх. Энэ мэтчилэн олон олон монгол уран бүтээлчдээ гадны кино компани, продакшнтай холбох гүүр болж чадна гэж итгэж явдаг.

-Бид дотроо байгаа болохоор хуучин буруу зуршил, хэв маягаа анзаарахгүй мэдрэхгүй байх нь бий. Танд гаднаас нь харахад зөвлөж хэлмээр санагддаг зүйл юу вэ?

-Манайд мухар сүсэг их байна, атаа жөтөө маш их байна, шунаг шунахай хүмүүс их олширч, худал хуурмаг бүр дэндэж, нүүдэлчин монгол суурин Монгол болох замдаа хурдтай явж байна. Өөрсдөө хийхгүй, зүтгэхгүй, сэтгэхгүй байж, хийж бүтээж чадаж байгаа нэгэндээ бүр хонзонтой мэт атаархаж, муулж, элдэвлэж, ухаж төнхөцгөөдөг, нэгнээ дэмждэггүй тийм нэг атгаг муухай зангаасаа болоод л нийтээрээ хөгжихгүй, дэвжихгүй байна гэж хэлмээр. Нэгэн хэсэг нь Христ, Мүүн шүтээд явчихсан, үлдсэн хэд нь Бурхны шашинтан гэсэн хэрнээ бурхны гүн ухаан, ном сургаалын мөн чанарыг огт ухахгүй, өөртөө оршоохгүй, зөвхөн маань мэгзэм унших, Гандан хийдэд ном уншуулж, ламаар засал хийлгэх төдийхнөөр болчихлоо гээд явж байдаг, бас л овоо уужуухан хүмүүс юм даа гэж боддог шүү. Өвгөд дээдсийнх нь өвлүүлж үлдээсэн бэлэн эх орон, эрхэт төр, эрдэм ухаан, эм дом, газар нутаг, хэл соёл, ёс заншил байна, бид үүн дээрээ л түшиглэж санаж сэрж, харж ухаарч, хийж бүтээж, өсч дэвжих хэрэгтэй. Гэхдээ нэгэн үеэ бодоход монголчууд маань асар ихээр сэрж, агуу ёс заншлаа сэргээж, өөрийгөө болоод өвгөд дээдсээ таньж, өгөгдөл хүчээ уудалж, өв их соёл, өгөөж баян нутаг усаа хамгаалахын төлөө сэтгэл нэгдэж, хүчин зүтгэж эхэлснийг харахад тун таатай байдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.

-За танд бас гялайлаа. Таны ажил амьдралд аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе өө.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зэрэг салбарын сайд, удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож байна.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Х.БАТТУЛГА:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр бид бидний өмнө, дэлхий даяар, Монгол Улсын өмнө онцгой тулгамдаж байгаа усны асуудлаар хэлэлцэх гэж байна.

Амьдралын эх сурвалж болсон усны асуудлаар зөвлөлдөхөөр цаг гарган ирсэн, усны салбарт сэтгэл оюунаа зориулж яваа бүх хүмүүст талархал илэрхийлье.

Өнөөдөр дэлхий нийтэд тулгарч байгаа үндсэн хоёр бэрхшээл нь усны нөөцийн хомсдол, цөлжилт юм. Дэлхий нийтээрээ 2790 шоо.км усыг жилд хэрэглэж байна. Үүний дөрөвний гурвыг ундны хэрэгцээнд болон аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлд ашигладаг. Усны хэрэглээний 80 хувийг гадаргын усаар, 20 хувийг гүний усаар шийддэг ажээ.

Хөрш гүрнүүдийн геополитикийн бодлогын цөмд цэнгэг усны нөөц маш чухал байр эзэлдгийг Төвөдийн өндөрлөг, Байгал нуурт хэрхэн анхаарч байгаагаас нь харж болно. Төвөдийн өндөрлөг бол хятадын гурван их мөрний эх, Төв азийн ус хагалбарын шугам бол оросын Байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөц билээ. Хойд хөрш Байгаль нуурыг усны нөөцийн парк болгон зарласан. Өмнөд хөршийн хувьд Хойд хятад дахь усны хомсдолыг шийдвэрлэхийг чухалчлан үзэхээ илэрхийлсэн байдаг.

Монголчууд бид усны гурван том ай савын хагалбар шугам дээр оршдог. Нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг хур бороо, ган цөлжилтөд өртөмтгий, онцгой эмзэг бүс нутаг юм. Дахин хэлье нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг.

Эрдэмтэд Монгол орны байгалийн түүхийг судлаад 500 жилд давтагддаг хур тундасны татралт, цөлжилтийн мөчлөг ойртож байгааг мөн анхааруулсаар байна. 1575-1593 онуудад 18 жил хур татарч, ус гол ширгэн, бэлчээр хатаж, их цөлжилт явагдсанаас шалтгаалж 450 мянган монголчууд баруун тийш нүүдэллэн одсон нь одоогийн Халимаг юм.

1807-1866 онуудад 43 жилийн турш хур татарснаар Нийслэл хүрээ 29 удаа нүүсэн, 1807-1866 онуудад 59 жил гандаж их ядуурал болсон мэдээ бий.

1996-2007 оны 11 жилийн хур татралтаар Хангайн нуруунаас эх авсан Онги, Таац, Түйн гол татарч, Улаан, Таац, Бөөнцагаан, Адгийн цагаан зэрэг олон зуун нуур, цөөрөм, баянбүрд ширгэсэн жишээ бол бүгдийн санаанд байгаа байх.

Судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэхийг урьдчилан мэдээлж байна.

Иймд Монголын онцлогт тохирсон Усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болоод байна.

Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2 хувьд хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон юм. Өнөөдөр дэлхий дээр биднээс өөр хур тундасны болон гадаргын усаа нөөцөлж ашигладаггүй орон алга. Хөрш орнууд хэдэн зуун мянган усан сан барьж цэвэр усаа нөөцлөн ашигладаг. Манайхаас 4 дахин бага нутагтай ус чийг ихтэй Япон улс гэхэд л 17 мянган усан сан, хиймэл нууртай. Гэтэл бидэнд Тайширын Гэгээн нуураас өөр усан сан алга. Гэтэл гадаргын усны нөөц 14 хоногт, харин гүний усны нөөц нь 10 000 хүртэл жилд нөхөн сэргээгддэг.

Монголын уул уурхайн гол нөөцүүд гадаргын усны нөөцгүй говь, хээрийн бүсэд оршдог. Энэ бүсэд усны хэрэглээ тулгамдсан асуудал нэгэнт болчихоод байна.

Манай нутаг дээр бууж байгаа нийт хур тундасны 10 гаруй хувь нь гадагш урсан гарч, 90 хувь нь ууршиж, дэгддэг болохыг судалгаа харуулж байна. Усны тоо бүртгэлийн 2018 оны дүн, мэдээнээс үзэхэд 527 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэсэн. Төв аймагт гэхэд 94 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэснээс ердөө 15 нь буцаж сэргэсэн гэсэн тоон мэдээлэл байна.

Энэ бүхнээс үүдэн усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, олон салбарын зохицуулалт шаардсан энэ чухал стратегийн эрдсийн асуудлаар томоохон шинэчлэл хойшлуулалтгүйгээр хийх цаг болжээ.

Байгалийн баялаг усны нөөц ашигласны төлбөр ямар нэг хэлбэрээр хийгдэж байгаа ч зарим салбарт усны үнэ цэнийг ахиулах, төлбөрийг хуулийн дагуу зөв зарцуулах шаардлага чухал байна. 2018 оны байдлаар ус ашигласны төлбөрт 46.7 тэрбум төгрөг улс орон нутгийн төсөвт төвлөрсөн байна. Энэ мөнгөний 96 хувь нь усны хэрэглээний 17 хувийг эзэлдэг уул уурхайгаас оржээ. 83 хувийг эзэлж байгаа бусад хэрэглэгчид нь төлбөрөөс чөлөөлөгдсөн байх юм.

Усны тухай хуулиар энэ төлбөрийн 35 хувь буюу 16.3 тэрбум төгрөгийг жил бүр ус, усан орчныг сэргээх, нөөцийг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулахад зарах ёстой байтал дөнгөж талыг нь буюу 8 тэрбум төгрөгийг дээрх зорилгоор зарцуулсан байна.

Хуульд заасан хувь хэмжээгээр жил бүр ус хуримтлуурын усан сан, цөөрөм, бохир ус цэвэрлэх байгууламжийн засвар, гүний усны хайгуулд зарцуулсан бол чамлахааргүй үр дүнд хүрсэн байх биз ээ.

Дараах асуудлуудад Монголын төр, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл анхаарлаа чиглүүлэх шаардлага байна:

  1. Усны салбарын засаглалыг сайжруулах, хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулах;

Ядаж агентлагийн хэмжээнд хүргэх хэрэгтэй. Нэг дор зангидах шаардлагатай байна.

  1. Салбар дундын зохицуулалтын бодлого явуулах зөвлөлийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шилжүүлэх;

Яагаад гэвэл, Монгол орон бэлчээрийн мал аж ахуйтай. Малаа дагаж амьдрал өрнөдөг. Гэтэл цөлжилт Монгол орны ирээдүйд тун аюултай тул Үндэсний аюулгүй зөвлөлд шилжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

  1. Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлал, “УС” үндэсний хөтөлбөр болон төрөөс гаргасан бодлогын баримт бичгүүдэд суулгасан ойрын ирээдүйд хүн амын 90-ээс доошгүй хувийг чанарын шаардлага хангасан усаар хангах, Хүнс, хөдөө аж ахуйд усалгаатай газар тариалан, бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэн эрчимжсэн ХАА хөгжүүлэх бодлого барих

Гаргасан баримт бичгүүдээ нэгтгэн, дахин эргэн харах хэрэгтэй. Ингээд нэг багц болгож цөлжилт, усны асуудлыг шийдэх хэрэгтэй.

  1. Дээрх баримтад туссан Урсац тохируулгын усан сангуудыг барьж байгуулах,говь хээрийн бүсэд алсын зайнд ус дамжуулах төслийг нэн яаралтай шийдвэрлэх, ус хуримтлуурын жижиг хиймэл нуур цөөрмүүдийг аялал зугаалга, услалт, ус хангамжийн зорилгоор бариулах ажлыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд санал болгож төрөөс бодлогоор дэмжиж, гадаргын усны ашиглалтын 67% хүргэнэ гэсэн “Ус” үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах
  2. Говь хээрийн бүсэд газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажлыг төсвийн хөрөнгөөр шийдэж, цэнгэг усны ордуудыг зөвхөн хүн ам, ХАА-н усан хангамжид зориулах асуудлыг хууль, журмаар шийдэх
  3. Цөлжилт ба усны нөөцийн хомсдол бол нэг үгийн 2 утга гэж үзэн усны нөөцийг нэгдмэлээр ашиглаж хамгаалах, цөлжилтийг сааруулах менежментийг цаг алдалгүй эхлүүлэхэд төр засгийн анхаарлыг яаралтай хандуулах шаардлага, цаг нь тулжээ гэж үзэж байна.

Эдгээр асуудлуудыг шийдэх санал, зөвлөмжийг гаргуулахаар өнөөдрийг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа тул Та бүхэн идэвхтэй оролцож, зөвлөгөө, саналаа хэлж, шийдэл гаргахад дэм болохыг хүсэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн Газрын ЖДҮ задарсан уу

УИХ-ын гишүүд бөөнөөрөө ЖДҮ-ийн сангаас олон арван тэрбумыг авсан нь баригдаж нүдний булай болцгоож байгаа. Хэрэг явдал дуусаагүй, дууслаа ч улс төрийн карьертайгаа хамт дуусах биз. Гэтэл саяхнаас залгаас нь хийгдэж байх шиг байна. Засгийн Газрын гишүүд ЖДҮҮР-сэн байж болох муу мэдээлэл нийгэмд цацагдлаа. “10 сая долларын авлига авсан сайд”-ын асуудал айхавтар хурцаар босч ирлээ. Энэ бол намжиж дарагдахааргүй том дуулиан юм. Анх “Зууны мэдээ” сонин дээр хоёр ойрхон давталттайгаар “10 сая доллар авлигад авсан сайд хэн бэ” гэсэн мэдээлэл гарч, тэр нь тал бүр тийш тарсан, тараасан ч байх, цаанаас нь. Эзэн биегүй энэхүү 10 сая долларын эсрэг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гарч ирж мэдэгдэл хийсэн. Хэрэг дээрээ “Арван саяын эзэн бол аварга Сумъяабазар” гэж хэн ч хэлээгүй байсан л даа. Сошиалд ганц нэг тэнэмэл мэдээ байсан байх. Гэхдээ Д.Сумьяабазар мэдээлэл хийсэн нь болсон юм. Түүний мэдээлэл далд санаа ихтэй, “Ерөнхийлөгчийн айлчлалаар би яваагүй. Цаг хугацааны эрхээр энэ хэрэг ил болох байх” гэж. “Ерөнхийлөгчийн айлчлалд би яваагүй” гэдэг нь нэр холбогдсон сайд л тэр айлчлалд явсан гэдгийг хэлж өгсөн юм. “Энэ хэрэг ил болох байх” гэсэн нь холбогдсон сайд нь удахгүй ил болно гэдгийг шууд хэлсэн санаа. Иргэд олон нийт ингэж ойлгоод байж байтал маргааш нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн бас мэдээлэл хийсэн. “Би урд хөршид “Нэг зам нэг бүс” уулзалтад оролцсон. 10 сая доллар гэдэг санаанд багтахгүй их тоо” гэж. Санаанд багтах их тоо гэж бас байх нь. Францаас ирсэн гэх авлигын 1.2 сая евро бол санаанд багтах тоонд орох байх. Хэрэг дээрээ хэн ч “Ц.Даваасүрэн сайд 10 сая доллар хусчихсан” гэж бас яриагүй. Миний хувьд лав энэ хоёр сайдын мэдээллээс л анх “Аа золиг гэж энэ хоёр сайд 10 сая ам.доллар авсан хэрэгт холбогдоод байгаа юм байна” гэж мэдэж авсан юм. Олон түмний дийлэнх нь ч надтай адилхан ингэж мэдсэн байх. Яахав, сайд нар болохоор нийгмийн сүлжээг худлаа гэж ойлгоод тоохгүй байсан биз. Өдөр тутмын сонин дээр гараад эхлэхээр “Одоо яана аа…” гээд сандарч ярьцгаасан болов уу.

Энэ өдрүүдэд Засгийн Газрын гал тогоог барьж буй чухал хүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бас зүгээр суугаагүй. Хэвлэлийн бага хурал хийж “Хэвлэлээр ийм мэдээлэл гарсан байна. Нэр зарлагдсан зүйл байхгүй байна. Гэвч миний зүгээс хууль хяналтын байгууллагын удирдлагуудаас асуусан, одоохондоо иймэрхүү асуудал алга гэсэн” хэмээн мэдээлсэн юм. Л.Оюун-Эрдэнэ сайд тас цохисон мэдэгдэл хийж болно. Тэгээгүй л дээ, тийм нэг үлдэцтэй, одоохондоо гэж ирээд хэн нэгэнд анхааруулсан, цааш нь шалгавал шалгана, шалгахгүй байсан ч болно гэсэн өнгө аястай ярьсан юм. Тэрнээс ЗГХЭГ-ын даргад урьдын адил “Наадхи чинь ор үндэсгүй мэдээлэл. Манай Засгийн Газрыг муутгах гэсэн хар пиар байна” гэсэн хариулт мөн ч бэлэн цэцэн байгаа даа.

Болж буй үйл явц, эдний хэлж ярьж байгаа байр байдал, далд санаа, нийгэмд хаяж буй мессэжүүдийг харахад “10 сая долларын авлига авсан сайд” бол зүгээр ч нэг хар пиар огт биш юм. Ардаа дандаа үлдэцтэй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Энэ Засгийн Газрын зарим сайдуудад, хувь хувьсгалд нь нийлүүлэн 10 сая доллар өгсөн байж магадгүй” гэсэн нь ортой ч юм шиг. Хэрэвзээ энэ үнэн бол маш нууц түвшинд хийгдсэн энэ ажиллагаа яагаад битүү хатуу утгаар нийгэмд гэрэл цохиж эхлэв. Гэрэл цохиулж байна вэ ч гэх юм уу. Хэн ийм заналхийллийг битүү хатуунаар нийгэм рүү шидчихээд, хэн нэгнийг цочоогоод, ажиглаад суугаад байна. Арван сая долларын авлигын асуудлыг Засгийн Газрын сайд нар тэр чигээрээ мэдэж, гадарлаж байгаа гэх эх сурвалж ч байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ сайд зодолдсон, зодуулсан гэх мэдээлэл ордны зүгээс чих дэлсэх болсоор хэдэн хонолоо. Мань эр үүнийгээ цайруулахдаа “Хоолны хордлого маань хөл рүүгээ ороод…” гэсэн урьд хожид сонсоогүй сонин оношийг хэлж Солонгост очиж эмчлүүлснээ ярьсан. Тэдний ихэд ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар бол Л.Оюун-Эрдэнэ “том”-тойгоо гар зөрүүлсэн юм уу, газар унаталаа цохиулсан юм уу… ийм нэг мэдээллийг хэлж байгаа. Зөрөлдсөн шалтгаан нь гэвэл гал тогоог нь барьж буй, газар хошуу нэгтэй дүү нь Монголын бүр томд ихэд ойр байх болж, элдвийг ярих болсон, ярихаас ч өөр аргагүй тийм халуун дотно дэд бүтэц тэдний дунд байдгийг хэн хүнгүй мэдэх болсон зэрэгтэй холбоотой гэх. Газарт унаталаа тавиулсан хонзондоо өөрийн дэд бүтцээ ашиглан нийгэмд “Арван сая долларын авлига авсан сайд хэн бэ” гэсэн аймаар таавар таалгаж, “Цааш нь ярих уу, яах уу” гэсэн алдарт үгийг өөрийн томдоо хэлсэн ч гэх шиг. Өнөө том нь яаж хүлээж авсан нь удахгүй нийгмийн сүлжээ хийгээд тэдний мэдлийн хэвлэл мэдээллээс харагдах байх гэсэн яриа байна. Ийм л зүйлсийг Төрийн ордонд жиг жуг хийх болжээ. Эх сурвалжуудын мэдээгээр энэ бүхэн үнэн бол яах аргагүй Засгийн газрын ЖДҮ задрах нь. УИХ-ын ЖДҮ-гийн халдвар Засгийн Газарт нь халджээ гэсэн үг. У.Хүрэлсүхийн Засгийн Газрын кабинет УИХ-тайгаа яг адилхан боллоо гэсэн үг. Шулуухан хэлэхэд “Арван сая ам.долларын авлигал авсан сайд” гэсэн эзэн биегүй мэдээлэл Ерөнхий сайдад зориулсан заналхийлэл юм байна. Тэдний кабинетийн сайдуудад зориулсан юм байна. УИХ-ын гишүүд нь “ЖДҮ” гэсэн үг сонсоод үнхэлцэг нь хагарах шахдаг болсон шиг. Засгийн Газрын гишүүд нь “Арван сая” гэсэн үг сонсоод хувхай цайдаг болсон байх нь. Хэрэвзээ үнэхээр 10 сая долларын эзэн холбогдогчид ил болбол Их хурлын ЖДҮҮР-сэн гишүүдийг авч үлддэг шигээ сайдуудаа авч гарна гэвэл тэгээд сөнөх биз. Ирэх сонгуулийн тухай яриад ч хэрэггүй болох байх.

Энэ бүгдийг мэргэн уншигч та өөрийнхөөрөө тунгаа. Ямар ч л байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн Газар “Арван сая ам.доллар” гэсэн эзэн биегүй нэг том хадны мангаатай боллоо. Тэр нь хэзээ, хаанаас гарч ирж сүйд хийхийг мэдэхгүй. Дэд бүтэц сайтай, дээгүүр жаалж суугаа хэдэн хүний л мэдэх ажил байх. Монгол өнөөдөр тийм л болчихоод байгаа юм чинь…


Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 07-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт “Кемпински” зочид буудалд Стандарт, хэмжил зүйн газраас “Хангамжийн сүлжээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэлийн үүрэг” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 90910510

09.00 цагт ЭМЯ-нд Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны IX чуулган болно. Утас: 90180326, 91002110

10.00 цагт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ-д харааны бэрхшээлтэй иргэдэд үндэсний спортын тоглоом, наадгайг сурталчлах “Би чадна” өдөрлөг болно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд Монгол Улсад ажиллаж буй 539 ББСБ-ын удирдлагууд, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулна. Утас: 80881000

11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь нар төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авах талаар мэдээлнэ. Утас: 99077535, 11326670

11.30 цагт Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 98066116

14.00 цагт ХХААХҮЯ-нд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газраас “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 88087892, 96346465

14.00 цагт МҮХАҮТ-д “Бичил, жижиг үйлдвэрлэлийн санхүүжилт В2В” уулзалт болно. Утас: 90091979

Төрийн ордонд

09.00 цагт “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Үндэсний мэдээллийн тѳв”-д

11.00 цагт Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11.30 цагт “Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлнэ.

12.00 цагт Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батжаргал: Нэг тойрог байх сонгуулийн тогтолцоо олонд танигдсан, рейтинг өндөртэй улстөрчдөд ашигтай

Хуульч, өмгөөлөгч Б.Батжаргалтай ярилцлаа.


-Сонгуулийн тогтолцоог зайлшгүй засах шаардлагатай гэж ярьсаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирээд байна. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулиа өөрчилж байна. Гэхдээ зөвхөн хуулиа өөрчлөөд зогсохгүй сүүлийн жилүүдэд сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг зуршилтай боллоо. Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр нэр дэвшигчид, ажиглагч, сонгуулийн ажилтнуудыг бэлтгэх, нөгөө талаар сонгуулийн тогтолцооноос хамаарсан бодлогын онцлогуудаас нь үүдэн улс төрийн ямар нөхцөл байдал байгаагаас хамаарч сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх хандлагатай болж байна уу даа гэж харахаар байна. Улс төрийн намуудын рейтинг, иргэдийн итгэл суларсан үед сонгуулийг томсгосон мажоратор, эсхүл холимог системийг илүүтэй хэрэглэх болсон. Өөрөөр хэлбэл, эх баригч нам өөртөө зориулсан тоглоомын дүрмээ тогтоодог байдал уламжлал болчихоод байна. Өнөөдөр гурав дахь хүчин гарч ирж болзошгүй байгаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан гишүүд дахин нэр дэвшиж магадгүй байгаа, бие даагч электрорат хөдөлгөөн үүссэн бие даагчид олноор сонгогдох боломжтой байгаа гэх мэт нөхцөл байдлаас үүдэн сонгуулийг нэг тойрог болгон явуулахаар шийдэж байх шиг байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн өгсөн зайлшгүй нэг тойрог болох ёстой гэсэн байр суурьтай санал нийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хэлээд буй үндэслэл нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр Төсвийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар засаад явах боломжтой гэж үзэж байна. Иймд сонгуулийг нэг тойрог болгох байр суурийг дэмжихгүй байгаа.

-Монгол улс-нэг тойрог байх сонгуулийн тогтолцооны талаар манай уншигчдад тайлбарлахгүй юу?

-Сонгуулийн тогтолцооны үүднээс бол нэг тойрог гэдэг нь мажоратор систем. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойргийн хувьд Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болно гэсэн үг. Үүнийг хүмүүс пропорциональ системтэй хольж ойлгож болохгүй. Пропорциональ систем бол хувь тэнцүүлсэн систем. Тэгэхээр сонгуулийн нэг тойрог бүхий мажоратор систем нь хувь тэнцүүлэхгүй, намын төлөө санал өгөхгүй.

Улс орны хэмжээнд нэр дэвшигчид бүртгүүлж, иргэн нэг л санал өгнө.

Ингээд хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг юм.

-Улс нэг тойрог тогтолцоо манай улсад хэр зохимжтой вэ?

-Тогтолцооны хувьд тохиромжгүй л дээ. Сонгуулийн саналын хуудас хэрхэх, санал худалдсан маргаан гарсан тохиолдолд хэрхэн саналыг дахин тоолох гэх мэт олон асуудлууд хүндэрдэг. Хар машинаар тоолж байгаа ч хэдэн мянган хүний нэрнээс иргэн сонголт хийхэд бэрхшээл гарч ирнэ, нөгөө талаар санал тоолох ажиллагаанд сааталд орвол яах вэ. Хяналтын тооллогыг гараар хийх тохиолдол гарвал юу болох вэ. Зэрэг олон асуудлуудаас үүсвэл маргаан гарах байх. Та бүхэн санаж байгаа бол 2008 оны сонгууль томсгосон мажоратор тогтолцоогоор явсан. 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнийг мартаагүй гэж найдаж байна. Учир нь ажиглагчид хоёр, гурав хоног нойргүй гараар санал тоолсон. Хэдийгээр 2012 оноос хар машинаар санал тоолж байгаа ч гараар хяналтын тооллого хийдэг гэдгийг мартаж болохгүй.

-Гадаад улс оронд ийм тогтолцоогоор сонгуулиа хийсэн улс орон бий юу?

-Дэлхий дээр дээрх тогтолцоог хэрэгжүүлдэг улс орныг би хувьдаа мэдэхгүй байна. Энэ тогтолцоог парламентын гишүүдийг сонгохоос илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуульд ашигладаг.

-Гадаадын жишээ баримтуудыг харахад ийм тогтолцоо нь томоохон намуудад илүү ашигтай байдаг гэнэ лээ. Энэ тогтолцооны давуу болон сул тал нь юу юм бол оо?

-Томсгосон мажоритар систем улс төрийн томоохон хүчнүүдэд ашигтай байдаг гэдгийг 2008 оны сонгууль харуулчихсан. Өөрөөр хэлбэл, жижиг намууд дэд бүтэц, намын үүр, дэмжигчид цөөн байдаг учраас сонгуулийн санхүүжилтийн хувьд тэгш бус өрсөлдөөнийг бий болгодог. Том намууд бол сонгуулийн сурталчилгаа, ажиллах хүчний хувьд санаа зоволтгүй шүү дээ.

-Хэрвээ сонгогч нэг хүнд саналаа өгвөл сонссон дассан нэрийг дугуйлдаг гэдгийг судалгаа харуулдаг. Тэгэхээр иргэд сонссон дассан хэдэн нэрсээ дугуйлж, улмаар цөөхөн хүн сонгогдож, танхим дүүрэхгүй байх эрсдэл бий юу?

-Маш олон нэрс дундаас хүн хамгийн их сонссон, хамгийн олонд танигдсан улстөрчдийгөө дугуйлдаг. Иймд улс төрийн рейтингийн судалгаагаар дээгүүрт бичигдэж байгаа гишүүдэд ялангуяа Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан гэх мэт улс төрчдөд ашигтай.

-Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөрөө дагалдах олон хуулиудад өөрчлөлт орох байх. Энэ талаар ярихгүй юу?

-Сонгуулийн хуулийн төсөл олон нийтэд ил биш байна. Түүнийг харж байж, тодорхой хариулт өгмөөр байна.

-Тухайлбал, Сонгуулийн сурталчилгааны хуульд өөрчлөлт орох болов уу. Нэг эргэлзэж буй асуудал нь 700 хүн нэр дэвшлээ гэж бодоход сурталчилгааны материал болон гишүүдийн танилцуулгыг хэрхэн зохицуулах бол?

-Өөрчлөлт оруулах байх гэж бодож байна. Бие даагчид ялангуяа хэвлэлийн цаг гэхэд л олдохгүйд хүрэх болов уу. Сонгогчдод очдог сурталчилгааны цааснуудаас өгсүүлээд хүндрэлүүд гарах байх.

-Энэ тогтолцоо Сонгуулийн төсвийг танах боломжтой юу?

-Төсөв танагдана гэж бодохгүй байна. Сонгуулийн санал авах байр цөөрөхгүй, сонгуулийн хороодын тоо буурахгүй болов уу.

-Ялсан нам нь үргэлж сонгуулийн дүрэм зохиодог гэх асуудлыг ярьж байна л даа. Энэ хуулиар үүнийг зогсоох боломж бий юу?

-Боломжгүй.


Categories
мэдээ цаг-үе

Лувсангийн Цэрэндулам: Дагвадорж ах минь Монголын дууны шүлгийн цаглашгүй хаан найрагч

Л.Дагвадорж, хүний их эмч Л.Цэрэндуламын хамт

Ард түмнээсээ “Дууны шүлгийн хаан” хэмээх эгнэшгүй их алдрыг хүртсэн зохиолч, яруу найрагч Лувсангийн Дагвадоржийн “Хайр дааж амьдарна” уран бүтээлийн дурсамж-хүндэтгэлийн тоглолт энэ сарын 31-ний 19 цагт (өнөө орой)“Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно. “Уг нь бол би дууны шүлгийн хаан биш, боол нь юм” гэж даруу загнасан эл найрагч “Хайр дааж амьдарна”, “Унаган хайр”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Бүүвэйл хорвоо”, “Эмч хүн жаргалын ээж”, “Нисэгчийн дуу”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Эр хүн”, “Бүсгүй хүн”, “Хүүгийн бодол”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Хүн хүндээ хайртай явъя”, “Оторч адуучны дуу”, “Дэлхий минь, хүмүүс минь”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул”, “Жолооч миний жаргал”, “Саальчин бүсгүй”, “Хүж дэлхий амгалан байг”, “Хүний маань дээд ээж минь”, “Сайхан монгол морь минь”, “Эрэл хүслийн дуу” зэрэг хүний сэтгэлийн торгон утсыг хөнддөг гурван зуу орчим дууг зохиосон нэгэн билээ. Үзэгдэх гэж өндөлзөлгүй, харагдах гэж ханхалзалгүй эглээс эгэл амьдарсан эл их хүмүүний төрсөн дүү, “Лувсангийн Дагвадорж сан”-гийн тэргүүн, хүний их эмч Л.Цэрэндуламтай уулзаж хөөрөлдлөө.


-“Дууны шүлгийн хаан” хэмээгддэг яруу найрагч Лувсангийн Дагвадорж ах тань Ховдын Буянтын хүн байх аа?

-Лувсангийн Дагвадорж гэдэг хүн миний төрсөн ах юм. Би дээрээ гурван ахтай. Тэдний маань бага нь яруу найрагч ах маань. Бид ахыгаа “Да да” гэж авгайлан нэрлэдэг сэн. Манайх Ховд аймгийн Буянт сумын уугуул айл. Ах маань Буянт сумын Бурхан улаан уулын зүүн хормойд хадны завсраас ургасан ганц улиасны дэргэд нутаглаж байхад намар төрсөн гэж өөрөө ярьдаг байсан. Бодвол аав ээж маань тийн хэлсэн юм бол уу даа. Бичиг баримтаас нь харахад 1936 оны наймдугаар сарын 10-нд төрсөн гэж бичсэн байдаг юм билээ. Багадаа аав ээжтэйгээ амьдарч байхдаа Ховдын арван жилийн сургуульд цөөхөн жил сурсан.

-Арваа төгсөөгүй гэсэн үг үү?

-Дөрөвдүгээр анги төгсөж чадсан бол уу, үгүй бол уу гэж боддог юм. Ховдын Буянт сумын Тавын газрын бичиг үсгийн дугуйланд сууж байж бичиг үсэгт тайлагдсан юм шиг байгаа юм. Намайг зургаа долоон настай байхад ах Ховдын сургуулиас гэртээ хүрээд ирсэн юм аа.

-Сургуулиа яагаад орхисон юм бол?

-Аав, ах хоёрын яриаг чагнаж байхад “Байж суух айл, орон байр байхгүй, хоол ундгүй ядруухан учраас хичээлээ орхиод ирсэн юм байна” гэсэн ойлголт жаахан байсан надад үлдсэн. Миний ах ер нь дөрөвдүгээр ангийн боловсролтой л хүн. Дээд сургуульд сураагүй. Төмөр замын техникумын машинистын курс төгсөн, цахилгаанчин болсон ч тэр мэргэжлээрээ ажиллаагүй хүн. Манайх Буянт сумын 108-ын төвд аж төрж байхад ах Станц хэмээх газар эмнэлгийн санитар хийж байсан гэдэг. Ах “Улаан тариа хийгээд, жирэмсэн эх төрөөд” гэж ярьж байсан нь санаанд үлдэж. Тэгэхээр тэнд манай сумын бага эмчийн салбар юм уу, эмнэлэг байсан болж таарч байгаа юм. Аав Лувсан “Соёл” нэгдлийн малчин, ээж Бунтуугийн Норхил саальчин хүн байсан. Манай Буянт сум хэзээнээс тариалангийн талбай ихтэй. Галдан бошигт хааны үеэс Буянт голоос салаа татан тариа тарьдаг, төмс, хүнсний ногоо ургуулдаг байсан угшилтай ийм сайхан газар. Буянт голын сав дагуухь тэр тариалангийн талбайг манай нутгаас эхлээд шуудуу татан Нэгийн газар, Арвын, Долоогийн, Зургаагийн, Дөрвийн газар гэж нэрлэдэг байсан. Манайх бол Буянтын Арвын газарт нутаглан тариа тарьдаг байсан. Зундаа тариалангийн талбай ялаа шумуул ихтэй, халуун учраас уул өөд нүүж зусна. Ах маань хожим энэ тухай “Буянтын урсгал” гэж их сайхан роман туурвисан. Тэнд бидний амьдралыг тодорхой бичсэн байдаг. Манайх тавин зургаан онд нутгаасаа шилжин нүүсэн юм.

-Хаашаа шилжин нүүв?

-Миний нагац ах Намсрай Улаанбаатар хотод Комбинатад ажиллаж байхдаа манайхыг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод нүүлгэж ирсэн. Одоогийн Мандал сум шүү дээ. Ах тэр үед арван естэй, би есөн настай байж. Шилжиж ирээд ах цахилгаан станцад галч хийж байсан. Том зуухны ам руу төмөр замаар явдаг яйшкинд нүүрс түрж авчирч хийнэ. Ах минь жаахан байсан учраас нүүрсээ даахгүй учир би өдөрт очиж түрэлцэж өгдөг байлаа. Ахдаа л тусалж байгаа ухаан нь юм биз дээ. Галчаасаа машинист болсон. Энэ үедээ Зүүнхараагийн төмөр замын клубт сайн дурын уран сайханч байсан. Л.Ванган гуайн “Тожоо жолооч” жүжгийн жолооч нарын даргын дүрийг бүтээж, албаны хувцас өмссөн зураг нь байдаг юм. “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дууг дуулна.

-Дууны хаан найрагч маань дуунд авьяастай хүн байж?

-Уран сайханчдын бригад төмөр замын зогсоолуудаар тоглолт хийж их явна. Дорноговийн Сайншандад тоглож ирчихээд “Сайн шанд гэж сайн устай газрыг нэрлэдэг юм байна. Гол мөрөн байхгүй, худгаас ундны усаа авдаг газар байна” гэж ярьж байсан. Ах маань жаран онд шарлаад маш хүнд өвдсөн. Комд орсон.

-Өө, баларч…

-Комд ороод хэцүү байхад нь “Дүү нарыг нь уулзуул” гээд намайг хоёр эрэгтэй дүүтэй минь эмнэлэгт оруулж ахыг тойруулсан. Тэгэхэд ах минь хүрэн юмаар огьчихсон ухаангүй хэвтэж байлаа. Азаар орос эмчийн хүчээр ах комоос гарч эдгэсэн. Жаран нэгэн оны хавар ах биеэ сувилуулах гээд Улаанбаатар хотын Рашаан комбинат руу рашаан сувилалд явлаа. Одоогийн “Оргил” рашаан сувиллын баруун талд шүү дээ. Энд Ардын дуу, бүжгийн чуулгын дарга Д.Батцэнгэлтэй танилцаж. Тэр хүн ахыг дуулуулж үзээд баргил сайхан хоолойг нь сонсон таашаасан байгаа юм. Батцэнгэл даргын урилгаар сувиллаас гаруутаа УАДБЧ-д дуучин болсон. Дуучин болоход нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай багшилж байсан гэдэг. “Цооцоо багш” гэж их ярьдаг байсан. Цогзолмаа гуайтай уулзаж нэг сайхан дурсамж яриулах сан л гэж бодох юм. Даанч, надад тэр том хүн олдохгүй л байх даа.

-Чуулгад удсан бол уу?

-УАДБЧ-д дуучин, утга зохиолын ажилтан, боловсон хүчний эрхлэгч зэрэг ажил эрхэлж хорин хоёр жил ажилласан. Дуучин байхдаа хөдөөгүүр их явна аа. Наян гурван оноос Монголын зохиолчдын эвлэлд соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн-зохиолч Д.Цэдэв даргын туслах, боловсон хүчний эрхлэгчээр ажиллаад, 1986-1991 онд “Үлгэрийн далай” чуулгын эрхлэгч, уран сайхны удирдагч байсан даа. Сүүлд Нацагдоржийн музейн эрхлэгчээр ажиллаж байгаад ерэн зургаан онд дөнгөж жархан насандаа бурхан болсон доо, ах минь.

-Ямар ааш зантай хүн байв?

-Ах маань угийн их дөлгөөн л дөө. Хэр барагтай уурлахгүй. Дуугүй байдгийн нууц нь уран бүтээлээ л боддог байсан байх. Хараалын үг хэлэхгүй шүү дээ. “Улаан сухай” гэдэг үг хааяа хэлнэ. Улаан сухай гэдэг чинь говьд жалганд ургадаг сайхан модлог ургамал юм уу даа. Бүүр их уураа хүрэхээр “нохойн баас” гэдэг хүн байсан.

-Уран бүтээлээ хэдийд эхэлсэн байдаг бол?

-Жаран дөрвөн оны арванхоёрдугаар сард “Тогоочийн дуу” гэдэг шүлэг бичиж, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дагважамц хөгжмийг бичиж чуулгын дуучин Норовжав дуулсан байдаг. Тэр үед Дагважамц гуайн дуунууд ид шуугиулж байлаа. “Тэнгэрт түгсэн оддын дундаас…” гээд мандаж байлаа. Жаран долоон онд “Шинэ жил” шүлэгт Гаадангийн Алтанхуяг аялгуу зохиож дуулсан. Завханы гавьяат С.Батсүх, Бат-Энэрэл хүү хоёр өнгөрөгч шинэ жилээр дүрсжүүлж дуулсан байсан даа. (“Шинэ жилдээ, шинэ ондоо…” гэж аялж өгөв. Л.Б) Дараагийн дуу нь “Оторч адуучны дуу” байна. “Удмаас хурдан хүлгийн давхианд

Уургын үзүүрт салхи исгэрнээ

Уулын нугын өвс нь сугсраад

Дөрөөн таваг шүргэн байна

Адуу минь зүсээрээ сайхан байна

Адуучин би жаргаж явна аа” гээд явдаг даа.

-Самандын Жавхлан гишүүний дуулдаг?

-Гавьяат жүжигчин Вандан анх гитартайгаа дуулсан юм. Батсүх гавьяатын дараа Жавхлан дуулсан. Юм чинь дэс дараалалтай байх учиртай. Хамаагүй юм дуугараад Батсүхийн урд Жавхланг оруулчихвал утгагүй шүү дээ. (инээв. Л.Б) Батсүхийнх их гоё. Эхлээд уртын дуу яваад, морь тачигнатал давхиад ёстой нэг эр хүний хийморь сэргэтэл дуулдаг юм. “Хайр дааж амьдарна” тоглолтод дуулна.

-Тоглолтонд ч аргагүй сайхан дуунууд дуулагдах байх даа?

-Ардын жүжигчин Б.Зангад “Бүүвэйл хорвоо”-гоо, ардын жүжигчин А.Долгор “Эр хүн”-ээ, гавьяат Ц.Өлзий-Орших “Хүүгийн бодол”-оо, С.Вандан, Д.Дуламсүрэн нар “Ятгын эгшиг”, “Бидэн хоёрын дуу”-гаа, Б.Сийлэгмаа “Хүн хүндээ хайртай явъя”-аа, Д.Энхзул гавьяат хүү Э.Чинбаяртайгаа “Дэлхий минь, хүмүүс минь”-ээ, гавьяат Ч.Бат-Эрдэнэ “Өр өвтгөх юм бүхнийг дуул”-ыг, гавьяат Б.Батбаатар “Нисэгчийн дуу”-г тус тус дуулах юм.

ХАЙР ДААЖ АМЬДАРНА

Шүлгийг Л.Дагвадорж Аялгууг Ё.Сүхбаатар

Үйлний хайчаар галаа шилээбэрдээгүй ээж минь

Хутгаа буулгалгүйгээр айлдаан ороогүй аав минь

Үй зайгүй амин зүрхний хайртай ханийн заяандаа

Хэн нь ч хэнийгээ чи гэж дуудаа нь үгүй жаргал

Хүсэл учралын сайхан хорвоод

Хайр дааж амьдрахын учир энэ ээ

Хувин дүүрэн сүүгээ цалгиулаа нь үгүй ээж минь

Дөмөн хүлгийнхээ уургыг гишгээ нь үгүй аав минь

Дөч эргэм насандаа ухаарлын үүдийг нээгээд

Дөмгөрхөн их хорвоогоо үүрэхийн чинээнд

алханаа даа

Дахилт

Үйлчин эмээгийнхээ учигтай зүүг зэврүүлээгүй ээж минь

Өндөр өвгийнхөө дээд талд суугаа нь үгүй аав минь

Сүү нь сүүгээрээ байгаагаас учирлахын үйл нь

байна уу даа

Дуу нь дуугаараа үлддэгээс ухаарлын учиг

олдоно доо

Дахилт

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Бидний мэдэхгүй Турк орон (III)

2016.07.15-ны халдлагын үеэр бөмбөгдөлтөд өртсөн Төрийн ордны байр

Бидний өмнө түргэн түргэн алхаж яваа эрхэм бол Туркийн үндэсний их хурлын гишүүн, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Махмет Эрдоан юм. Монголд хэд хэдэн удаа ирж байсан, “Би бол Монгол Улсыг Туркт төлөөлж байгаа нэгж” гэж ярих дуртай энэ эрхэм Турк-Монголын парламентын бүлгийг арав гаруй жил тэргүүлж буй туршлагатай нэгэн. Тэрбээр биднийг 2016 онд Туркт болсон цэргийн эргэлтийн үеэр парламентын ордон руу буудсан ор мөрийг үзүүлэх гэж дагуулан яваа юм. Туркийн Үндэсний парламентын ордон хоёр том барилгатай, нэгэнд нь 500 гаруй гишүүдийнх нь өрөө сэлт байдаг бол нөгөө нь хуралдааны танхим бүхий байр. Эхний онилсон сум тэрхүү хоёр барилгын яг голд нь унасан бөгөөд ойр орчмын модыг булга татсан харагдана. Сумны хонхорхой гаргасан хэсгийг майхан зоогоод хамгаалчихсан байна. Хойдхон талд байх парламентын ордны яг орой дээр дараагийн сум тусчээ. Тэр нь Ерөнхий сайдын өрөөний орчим бөгөөд аз болж хүн өртөөгүй гэнэ. Барилгын дээврийн нэг хэсэг өм цөм хонхойсныг тэр чигээр нь үлдээжээ. Хажуугийн хана, цонх, шил нэлэнхүйдээ үйрч унасны ул мөр одоо ч тод харагдана. Хожим хойч үедээ энэ үйл явдлыг битгий мартаарай гэж, тус халдлагын үеэр амь үрэгдсэн гэм зэмгүй иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх гэж сумны ор мөрийг тэр чигээр нь үлдээжээ.

2016 оны долдугаар сарын 15-нд болсон цэргийн эргэлт бол ард түмнийхээ өөдөөс гал нээсэн аймшигт үйл явдал болсон хэмээн албаны хүмүүс онцлон ярьж, танилцуулж байсан. Махмет Эрдоан ч “Турк улс терроризмтэй тэмцэх ажлын хүрээнд ФЕТО байгууллагатай ч мөн тэмцэж байна. ФЕТО бол Туркийн хэвлэл мэдээлэл, хууль хүчний байгууллага, боловсролын салбарт ч гүн гүнзгий нэвтэрч чадсан байгууллага” хэмээн ярьж байв.

Ер нь Монголын сэтгүүлчдэд Туркийн зүгээс хоёр зүйлийг тайлбарлаж байсны нэг нь ФЕТО хэмээх байууллага юм. Монголын сэтгүүлчдийн баг Монгол-Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өмнө тус улсад ажилласан бөгөөд ТИКА буюу Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг, тус улсад суугаа манай Элчингийнхэн энэ хөтөлбөрийг зохион байгуулсан юм.

Ямар ч улсын хувьд аюулгүй байдлаа хангахын тулд тероризмтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай байдаг. Туркийн зүүн өмнөд хил буюу Сиритэй хиллэдэг бүсэд байдал ээдрээтэй хэвээр байгаа тухай албаны хүмүүс мэдээлэл өгч байв. Тухайлбал, Сирийн чөлөөт армид сүүлийн жилүүдэд гадны улсаас хүмүүс ирж ихээр элсэж байгаа. Өдгөө 1500 гаруй дайчид энэ армид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Төв Азийн улсаас Сирийн чөлөөт армийг зорьж ирэгсэд олон гэнэ. Мөн энэ армийн зүгээс элдэв өдөөн хатгалга, террорист ажиллагаа явуулах аюул бий. ФЕТО хэмээх байгууллагыг Туркийн Засгийн газраас террорист үйл ажиллагаа явуулдаг, 2016 оны цэргийн эргэлтийг зохион байгуулсан хэмээн албан ёсоор зарлаад байгаа юм. Фетталлах Гулений удирддаг энэхүү байгууллага 2016 онд Засгийн газрын ордон руу буудаж, цагдаа, телевизийн байрыг эзэлж, Ерөнхийлөгчийн ордон руу дайрсан. Хамгийн эмгэнэлтэй нь ард түмэн рүүгээ буудаж энгийн 250 гаруй иргэн амь үрэгдсэн хэмээн тайлбарлаж байсан. Шашны номлогч Фетталлах Гулен гэдэг хүн өдгөө Америкт амьдардаг бөгөөд “энэ үйл ажиллагааг зохион байгуулаагүй” хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа ч баривчлагдсан хүмүүсийн 98 хувь нь Гулений үүрэг даалгавраар ийм зүйл хийсэн гэж мэдүүлсэн гэлээ. Цэргийн эргэлт гарснаас хойш Туркийн төрийн албанд маш том цэвэрлэгээ хийж, ойролцоогоор 10 мянган хүнийг баривчилжээ. Үүний дотор 300-гаад сэтгүүлч байгаа нь тэдний тайлбарласнаар Гулений даалгавраар төрийн эсрэг ажиллаж байсан хүмүүс гэнэ. Аль 40 жилийн өмнөөс Гулен дотоодоо төдийгүй дэлхийн олон оронд турк сургуулиудыг олноор байгуулсан бөгөөд оюутнуудаа дотуур байрандаа авдаг нь боловсролоор дамжуулж шинэ улсыг бий болгох гэсэн бодлого байсан хэмээн үздэг байна. Тиймээс ч гадаадад байгаа турк сургуулиудыг татан буулгах, тэнд ажиллаж байсан багш нарыг Туркт шилжүүлэх зэрэг хүсэлтийг улс орнуудад тавиад байгаа аж. Манайд ч ийм үйл явдал өрнөж, турк сургуулийн захирлыг хулгайлах гэлээ гэсэн дуулиан шуугиан болж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

* * *

Туркийн Гадаад хэргийн яамныхан Монгол Улсын Элчин сайд Р.Болд болон тэдний багийг бусад улс орнуудын элчингүүдээс хамгийн идэвхтэй ажилладаг, дөнгөж өчигдөрхөн бид уулзалт хийсэн хэмээн онцолж байна лээ.

Турк-Монголын парламентын бүлгийн дарга Махмет Эрдоан

Дэлхийн сонирхол Ази руу чиглэж байгаа энэ үед Турк-Монгол Улстай илүү өргөн хүрээнд харилцаа холбоотой байх сонирхолтой байгаа аж. Монгол Улсыг Туркээр дамжуулж барууны орнуудад нээх, Монголоор дамжиж Турк Азийн орнуудад гарах бүрэн боломжтой гэж тэд үзэж байна. Өдгөө хамтын ажиллагааны олон яриа хэлэлцээр үргэлжилж байгаа ч зарим асуудал бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна хэмээв. Учир нь өнгөрсөн онд Монгол-Туркийн хоорондын худалдааны эргэлт 30 сая орчим ам.доллар байгаа нь чамлахаар үзүүлэлт юм. Үүнийг 300 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж байна. Хоёр улс газар нутгийн хувьд хол оршдог, тээврийн асуудал шийдэгдээгүй байгаа нь худалдааны эргэлтэд нөлөөлж байна гэв. Үүнийг шийдэхийн тулд Монгол Туркийн хооронд шууд нислэг хийж байгаа “Туркиш эйрлайнс”-ийн нислэгийн тоог нэмэх, онгоцны багтаамжийг томруулах шаардлагатай гэж тайлбарлаж байлаа.

Хоёр улсын эдийн засгийн эргэлтийг сайжруулах үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Энэ чиглэлийн хоёр дахь уулзалт удахгүй Анкарад болно. Туркууд монголчуудтай хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд дээд хэмжээний уулзалт маш чухал байдаг. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ийм уулзалтыг хоёр талаас ярьж байгаа аж. Хамгийн сүүлд буюу 2018 онд М.Энхболд УИХ-ын дарга байхдаа БНТУ-д айлчилсан бол өнөө жил Батлан хамгаалахын сайд Н.Энхболд албан айлчлал хийсэн байна. Туркийн одоогийн ерөнхийлөгч Эрдоган 2013 онд ерөнхий сайд байхдаа Монгол Улсад айлчилж байсан юм.

Туркийн үндэсний авиа компани болох “Туркиш эйрлайнс” хоёр улсын хооронд долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Одоо тэд долоо хоногт таван удаа том онгоцоор шууд нислэг хийх санал тавьж байгаа бөгөөд ингэснээр хоёр улсын худалдаа төдийгүй аялал жуулчлал нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн зорчигчид тав тухтай нисэхээс эхлээд онгоц цагаасаа хоцрох, ачаа үлдэх зэрэг чирэгдэл гарахгүй гэж байв. Өдгөө жижиг онгоцоор нислэг хийх үед заавал Киргизэд бууж шатахуунаа цэнэглэдэг нь алдагдал хүлээдэг, зорчигчдод ч хүндрэлтэй байдаг аж. Энэ талын яриа хэлэлцээр үргэлжилж байгаа юм байна. Монгол Улсын хувьд “Туркиш эйрлайнс” том онгоцоор долоо хоногт таван удаа нислэг үйлдэх юм бол МИАТ-ийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хэмээн болгоомжилж буй бололтой. Харин Туркийн талаас МИАТ-ийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хамтарч нислэг хийх зэрэг бүхий л боломжийг санал болгож байгаа гэлээ. Хэрэв том онгоцоор олон удаагийн нислэг хийх юм бол тийзний үнэ хямдрах сайн талтай аж.

Турк улс хүн амынхаа талтай тэнцүү хэмжээний буюу 40 сая жуулчин жилд хүлээн авдаг. Аялал жуулчлалаасаа 30 тэрбум ам.доллар олдог нь дэлхийд дээгүүрт ордог үзүүлэлт юм байна. Өнөө жил үүнээс ч илүү их жуулчин хүлээж авна гэж төлөвлөжээ. Туркүүд ч хэдэн саяараа гадагшаа аялдаг. Хэрэв “Туркиш эйрлайнс”-ийн том онгоц хоёр улсын хооронд олон удаагийн нислэг хийх юм бол Туркэд ирж байгаа жуулчид Монгол руу ирэх боломж нээгдэнэ. Мөн туркүүдийг өвөг дээдсийнхээ нутаг руу очиж үзэх аяллыг зохион байгуулж болно хэмээж байсан нь боломжийн сонстож байлаа. Өнгөрсөн онд 3000 орчим турк иргэн манайд ирсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4500 турк ирсэн нь жуулчдын тоо өсөх магадлалтайг харуулж байгаа аж. Монголын сэтгүүлчдийн баг Стамбулд байх “Туркиш эйрлайнс”-ийн төв байраар орж танилцлаа. Нийт 335 онгоцтой, үйл ажиллагааныхаа цар хүрээгээрээ Европдоо нэгд, дэлхийд 10-т ордог том авиа компани. Энэ үеэр Турк Улсад суугаа Монголын Элчин сайд Р.Болд тус компанийн удирдлагуудад саналаа хэллээ. Санал ч юу байхав дээ, өмнө нь ярьж тохирсон яриа хэлэлцээр яагаад ажил хэрэг болохгүй байгаа талаар нэлээн шүүмжлэлтэй, хатуухан яриа өрнүүллээ. Элчин сайд Р.Болд ““Туркиш эйрлайнс”-ийн нислэг хоцордог, ачаа хоцордог, хоол муу, монголчуудад муу үйлчилдэг гэсэн гомдол их ирдэг. Үүнийг яаж шийдэж байна. Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгт онгоцны доторх зааварчилгаа, үйлчилгээг турк, англи, монголоор зарлах тохиролцоонд хүрсэн. Тэр яагаад одоо болтол хэрэгжихгүй байна вэ. Яагаад та нар хэлсэн ярьснаа биелүүлэхгүй байгаа юм. Компанийнхаа Монголын талыг хариуцсан хүмүүсээ дууд” хэмээн албан ёсны хатуухан шаардлага тавьсан нь хамт явсан бидэнд тун бахархалтай байлаа. Хэлэх үгээ хэнд ч хэлж чаддаг, хамтын хэлэлцээрийн үр дүнгээ шахаж шаарддаг туршлагатай, мэдлэгтэй дипломатчийн зангараг тэнд бүрэн дүр зургаараа харагдаж байсан юм. Үүний хариуд “Туркиш эйрлайнс”-ийн удирдлагууд “Хоол, үйлчилгээгээрээ манай компани дэлхийд дээгүүрт ордог. Таны хэлсэн асуудлыг нягтлан судалъя. Бишкекээс Монгол хүртэл англи, монголоор зарлаж байгаа” хэмээн учирлаж байсан. Элчин сайд “Бикшекээс Улаанбаатар хүртэл биш, Стамбулаас Улаанбаатар хүртэл зарлах гурван хэлний нэг нь монгол байх учиртай” хэмээн сануулсаар гарав.

* * *

Турк улс аялал жуулчлалаа хөгжүүлж чадсаны нууц нь хувийн хэвшлээ хангалттай дэмжиж чадсаных ажээ. 1970-аад оноос улсын мэдэлд байсан газрыг хувийн хэвшилд түрээслэх ажиллагааг эхлүүлжээ. Түрээсэлсэн компаниуддаа төрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээр зочид буудал олноороо бий болжээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр гаднаас жуулчин ирвэл ая тухтай байлгах байр саваа ингэж бэлдэж чаджээ. Ингэснээр 1.5 сая ор бүхий 10 мянга гаруй өндөр зэрэглэлийн зочид буудалтай болсон байна. Дараа нь жуулчдын очих дуртай түүхийн болон байгалийн хосгүй үзэсгэлэнт газруудаа танилцуулж, сурталчилж эхэлсэн байна. Газарзүйн өвөрмөц тогтоцтой, далай тэнгисийн эрэг, түүхийн ховор дурсгалт газар ихтэй энэ улс жуулчдыг соронзон мэт татсаар байна.

Монголын хувьд турк жуулчдыг татах нэгэн сайхан сэжим нь “Өвгөдийн нутгаа үз. Түүх дурсгалтай нь танилц” хэмээн урих явдал юм. Орхоны хөндий дэх Билгэхан, Культегин, Налайх дахь Тонюкикийн зэрэг хөшөө дурсгалыг үзэх сонирхох хүсэл туркүүдэд бий. Ямартаа л тэд хоорондоо “Монголд очсон хүнийг жинхэнэ турк боллоо гэж бод” хэмээн ярилцдаг байхав. Ер нь түүхийн баларсан жимээр аялж, сонин хачныг өөрийн биеэр үзэх сонирхол хэн хүнгүй дуртай байдаг хойно. Дашрамд дурдахад, туркүүдтэй холбоотой Монголын нутаг дахь дээрх хөшөө дурсгал хүрэх засмал замыг Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан байдаг.

Турк улсын тухай бид өөрсдийгөө дажгүй сайн мэдлэгтэй гэж боддог. Нэг үеэ бодвол Туркийн тухай бидний мэдээлэл хавьгүй их байгаа ч яг тулаад ирэхээр ерөнхийлөгч Эрдоган болон Туркиш эйрлайнсийн шууд нислэг, турк хувцас хунар гээд цаашаа хэтэрдэггүй мэт. Бидний сайн мэдэх хэрнээ огт мэддэггүй Турк орны талаар дараагийн нийтлэлдээ үргэлжлүүлэн хүргэх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д “Тусгай хангамжийн эрхэмсэг гэгээн алуурчид” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнөө жил хур тунадас бага орж байгаа болохоор тариалалт удаашралтай байгаа. Хурын үүл, пуужин байгаад ч салхи нь тогтохгүй бол бороо ордоггүй гэнэ. Энэ тухай мэргэжилтнээс тодруулга аван нэгдүгээр нүүртээ нийтэллээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар уншиж сонирхоорой.

УИХ-ын дэд дарга,
УИХ – ын гишүүн Я. Санжмятавтай хийсэн ярилцлагыг нэг, тавдугаар нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог, алдарт гуравдугаар нүүрт “Тусгай хангамжийн эрхэмсэг гэгээн алуурчид” нийтлэл хэвлэгдлээ.

Манай улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа
Элчин сайдын яамны харьяа
Истанбул хот дахь Ерөнхий
консулын газрын хоёр
ажилтан онц их хэмжээний
мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад
баригдсан. Энэ тухай дэлгэрэнгүй нийтлэлийг гурав болон долдугаар нүүрнээс унших боломжтой.

БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д айлчилж буй. Энэхүү айлчлалын тухай дэлхийн мэдээний есдүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

Манай сонины Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн бэлтгэсэн сонирхолтой нийтлэлийг 12 дугаар нүүрэнд хэвлэн гаргалаа.

Мөн түүнчлэн “Нэг ангийнхан”, “Ном ярьж” өгье булангуудаа уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ