Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй боллоо

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхийн гэрчилгээг гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд эрх олгох сургалтад хамрагдсан та бүхэн сургалтаас олж авсан мэдлэг, дадлагаа улам өргөжүүлж, олон улсын жишигт нийцсэн эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлалыг Монгол Улсын нөхцөл байдалд тохиромжтой байдлаар нэвтрүүлэн, улс орон, ард, иргэдийнхээ аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө итгэл зүтгэл дүүрэн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сургалтад хамрагдсан 30 гаруй мэргэжилтнүүд гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй болсон юм.

Энэхүү сургалт нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүд болон шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдснаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Н.Эрдэнэцогт нар оролцсон. Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих тухай албан бичигт, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна” гэсэн байлаа.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалтуудын хамрах хүрээг хэт өргөтгөсөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.а буюу “батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр” гэсэн дэд заалтын хүрээнд батлан хамгаалах чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, аюулгүй байдлын салбар дахь Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна гэж дурджээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.б буюу “Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа” гэсэн дэд заалтын хүрээнд төрийн өмч хувьчлалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрүүд, ашигт малтмалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын тушаал, шийдвэрүүд, байгалийн нөөцийн удирдлагын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, тэдгээрийн харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа зэрэг асар өргөн хүрээний асуудал мөн л ямар нэгэн ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн уг дэд заалт нь утга агуулгын хувьд дээрх 3.1.7 дахь заалтдаа захирагдахааргүй, бие даасан хэмжээнд томьёологдсон байна. Тухайлбал, …төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа гэсэн нь 3.1.7 дахь заалтаасаа агуулгын хувьд өөр, бие даасан утга илэрхийлж байгааг анхаарах шаардлагатай гэдгийг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдсан.

Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын “тайлбар” хэсэгт буй “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх” гэсэн томьёололд улс төрийн шийдвэр гэдгийг хэрхэн яаж ойлгохыг хууль зүйн үүднээс тухайлан тодорхойлоогүй байх төдийгүй тухайн ойлголтыг “Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор…” гэж “улс төрийн шийдвэр” гэх ойлголтоос тэс өөр утгаар тайлбарласан. Ингэснээр уг хуулийн 3.1.7 дахь “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дараах шийдвэр” гэсэн заалт нь 3.1.7.а, 3.1.7.б гэсэн дэд заалтуудаа “улс төрийн шийдвэр гэсэн агуулгын хүрээнд” хашиж, хязгаарлах боломжгүйд хүрч байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан. Үүний хүрээнд Улсын Их Хурал Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд илт харшилж, зөрчил үүсгэх эрсдэлтэй хуулийг зохих ёсоор засаж, залруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцолсон. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна.

Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийндагуу хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхбуюу 92.3 хувь нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа. Н.Оюундарь нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн65.9 хувь дэмжсэн ч, 3/2 хувьд хүрээгүй учир Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах болсноор чуулганы хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг тус тус сонсоноор өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.07) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутадэхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцоллоо.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, З.Нарантуяанарасуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэх эсэх цаашлаад уг нэмэлт, өөрчлөлтийн төслийгбүх ард түмний санал асуулга явуулж хэлэлцүүлэх талаар тодруулж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх босгыг намсгасан шалтгааныг лавласан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.6-д “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй явуулна” гэж заасан байдаг ч, 11.5-д “Энэ хуулийн 11.3.6-д заасан заалтын хэлэлцүүлгийн үе шатын хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн (хэм хэмжээний бус) шинжтэй хойшлуулшгүй асуудлуудыг шийдвэрлэхэд хамаарахгүй” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 24.7 “хуулиар Улсын Их Хурлаас хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно” гэж тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заавал ард түмний санал асуулга явуулж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэсэн заалт байхгүй гэдгийг тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулсан атлаа Байнгын хорооны хуралдааны хэлэлцэн, шийдвэрлэх асуудал зохицуулалтгүй орхигдсон байдаг. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ердийн олонхын саналаар бус гуравны хоёрны саналаар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж босгыг нь нэмж, төсөлд тусгасан. Ингэснээр Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаад зургаа нь асуудлыг шийдэх бус олонхоороо шийдэх босгыг нь өндөрсгөсөн гэж хариулж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжив.

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг тэмцээнээ дуусгалаа

Image result for 3x3

Монгол Улсад багийн төрлийн /ДАШТ/ анх удаа болж байна. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр медалийн эзэд тодорно. Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-ий эрэгтэй 20 багаас Монгол Улсын шигшээ баг шөвгийн наймд үлдээд байсан. Энэ цагт хасагдах шатны тоглолт Монгол, Туркийн тоглолтоор эхэлж 21:18 харьцаагаар Туркийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж, манай залуус тэмцээнээ дуусгалаа. 18 хүртэлх насны ДАШТ-ий шилдэг дөрвөн багийн нэгээр үлдээд байгаа Туркийн баг “А” хэсэгт Итали, Словани, БНХАУ, Йорданы багуудыг дараалан хожиж, 100 хувийн амжилттайгаар хэсгээ тэргүүлж, улмаар Монголын багийг хожлоо.

Анх удаа ДАШТ-д өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг “С” хэсэгт Латви, Беларус, Гүржийн багуудыг хожиж, АНУ-д хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шилдэг наймд үлдсэн ч Туркийн шигшээ багт ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэсэн дипломат дугаартай машин нь хувийнх байсан

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ Монголын хоёр консулын ажилтан хар тамхитай холбогдсон хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ: “2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсаас Турк улс дахь Истанбулын консулын газрын ажилтан Б. Баттүшиг, жолоочийнхоо хамтаар дипломат дугаартай автомашинтай явж байхдаа Герман улсын хилээр нэвтрэх үеэрээ саатуулагдсан. Энэ үед 70 кг геройн буюу мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явж байсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ саатуулагдсан гэсэн үг. Германы Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Манай улсын Тагнуулын байгууллага энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгч этгээдийг шалгаж байгаа.

2018 оны сүүл, 2019 оны эхээр Европын холбооны улсуудаас дипломат болон албан паспорт, дипломат дугаартай машин ашиглан хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй чигналь авагдаж эхэлсэн. Энэний дагуу хэд хэдэн чиглэлээр шалгах, судалгаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаад Герман улсын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах үеэр энэ хэрэг гарсан. Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүй байхгүй тул Герман улсын хуулиар шийтгэгдэнэ.

Нарийн үзэх юм бол Дипломат дугаартай машин нь хувийн машин байсан. Хувийнхаа хэрэгцээнд ашиглахад тухайн орондоо хүсэлт тавиад дипломат дугаар авч болдог. Ийм машин ашигласан байж болзошгүй үйлдэл байгаа.

Цааш нь нэлээн сайн судлах шаардлагатай. Ямар учраас дипломат дугаар олгов. Туркт үүрэг гүйцэтгэж байсан хоёр яагаад Герман улсад явж байсан бэ. Их хэмжээний мансууруулах төрлийн бодисыг хэн нийлүүлэв гэдгийг тодруулж шалгах асуудал нэлээн байгаа. Шалгалт явагдаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын ажилд дараах боловсон хүчнийг авна

Image result for шинэ төмөр зам төсөл

Өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб хэвлэлийн бага хурал хийлээ. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга хурандаа Г.Батсуурь, Нийслэлийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицер дэд хурандаа Баярмагнай, Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Болдбаатар нар хүрэлцэн ирсэн юм. Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцож байгаа, цаашид яаж оролцох талаар мэдээлэл өгсөн юм. “Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын ажилд ямар боловсон хүчин ямар мэргэжлийн хүмүүсийг сонгож авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолын дагуу 419 км төмөр замын далан барих ажил эхлээд явж байгаа билээ. Цаашид хийх ажлын хүрээнд иргэд дундаас шаардлагатай байгаа мэргэжилийн хүмүүсийг сонгон авч бүтээн байгуулалтанд оролцуулах тухай тусгагдсан байна. Мөн энэхүү ажил нь хоёр жилийн хугацаанд хийх төлөвлөгөөтэй байгаа ба техник төхөөрөмж бүрэн хангагдсан тохиолдолд 1000 шахам ажлын байр бий болох юм байна. Цалин хөлсний тухайд одоогоор тогтоогдоогүй ч бусад зам, барилгын компаны жишгээр үнэлэгдэх ба орон байр, хоол, хувцас зэрэг хэрэгцээт зүйлсийн зардлийг төрөөс зохицуулна гэдгийг онцоллоо.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдэд дараах ажлын байрыг санал болгож байна.

  • Инженерийн мэргэжлээр:
  • Техникийн мэргэжлээр:
  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн үнэмлэх
  • Төгссөн сургуулийн диплом
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Цээж зураг 3 хувь
  • Эрүүл мэндийн хувьд ачаалал даах чадвар
  • Багаар ажиллах чадвар
  • Муу зуршилгүй байх
  • Авто замын инженер
  • Гүүр хоолойн инженер
  • Тоо хэмжээний инженер
  • Геодези, хэмжилтийн инженери
  • Материал, чанарын инженер
  • Лаборант /хөрсний/
  • Том оврын автомашины жолооч
  • Бульдозерчин
  • Автогрейдерчин
  • Индүүчин, жолооч
  • Усны машины жолооч
  • Шанагат ачигчийн жолооч
  • Өөрөө буулгагчийн жолооч
  • Трайллерийн жолооч
  • Кранчин
  • Экскаваторчин

Бүртгэл: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүлтэл харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм

​Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ

Өнөөдөр Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хуулийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах комиссын гишүүн Н.Туяа нар хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэхүү шалгалтыг 2016 оноос албан ёсоор авч эхэлсэн бөгөөд шалгалт өгдөг эрх зүйчдийн тоо олон байдаг хэдий ч тэнцсэн хуульчид цөөн байдаг байна. Шалгалтын үр дүнг статистик байдлаар авч үзэхэд:

Он

2016

2017

2018

Бүртгүүлсэн шалгуулагчид

1325

998

1005

Тэнцсэн шалгуулагчид

154

229

240

Эндээс үзэхэд эрх зүйчдийн мэдлэг чадвар муу байгааг харуулж байгаа аж. Тиймээс хуульчдад тавигдах шаардлагыг өндөр болгож энэ жилийн шалгалтыг 2019 оны наймдушаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 7-ноос долдугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Бүртгэлийг https://burtgel.mglbar.mn цахим хаягаар явуулна. Шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтад нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

Мэргэжлийн шалгалт өгөх эрхийг магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд сургууль төгссөн бакалаврын дипломтой, хуульчийн мэргэжилийн дадлага 2 жилээс дээш хийсэн байх шаардлагатай. Ингэхдээ дадлагыг шүүгч, поркурор, өмгөөлөгчийн туслах, нотариаторын туслах, УИХ-ын туслах, төрийн болон төрийн бус байгууллагын хууль зүйн асуудал эрхэлсэн ажилтнаар хийсэн тохиолдолд шалгалт өгөх юм.

Ч.СУУРИА

Categories
мэдээ соёл-урлаг

Хэнтий аймагт “Тогорууны баяр” болж байна

Хэнтийн Биндэрт "Тогорууны баяр" болж байна

Хэнтий аймагт жил бүр аялал жуулчлалын эвент арга хэмжээ болох “Тогорууны баяр”-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн “Тогорууны баяр”-ыг Биндэр сумын Цагаан нуурт болж байна. Манай улсад нийт долоон зүйлийн тогоруу байдгаас зургаа нь Биндэр суманд зусч намарждаг ажээ. Дэлхийд ховорт тооцогддог цэн тогоруу болон бусад зүйлийн хамгаалалтыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэхүү “Тогорууны баяр”-ыг зохион байгуулдаг юм. “Тогорууны баяр”-ын үеэр нэн ховордсон шувуудын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тогорууны тухай зохион бичлэгийн уралдаан, бүжгийн тэмцээн зохион байгуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос ураны үйлдвэр хэвийн ажилласаар байна гэв

Умард Солонгосын Ёнбён цөмийн цогцолборт ураны үйлдвэр хэвийн ажиллаж байгаа талаар Өмнөд Солонгосын KBS телевиз мэдээлжээ. Түүнд дурдсанаар тавдугаар сарын 28-ныг хүртэл авсан хиймэл дагуулын зурагнуудаас харахад “уран баяжуулах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэдэг нь тодорхой байна. Гэхдээ баяжуулалтын бодит түвшин болон нийт үйлдвэрлэлийн чадлыг тодорхойлох боломжгүй юм гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай хангамжийн эрхэмсэг гэгээн алуурчид

С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцээд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж тогтоон шийтгэл оноосныг мэдэхгүй монгол байхгүй. Бүх харилцаа хуулийн дор өрнөдөг ардчилсан улсад шүүхийн шийдвэр бол эцсийн үнэн. Шүүхээс буруутай гээд алх тогшсон учраас монголчууд шоронд хоригдож буй гурвыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Гэтэл сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн хандлага гайхаш төрүүлэх боллоо. Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж гурвын гаргаж буй авирыг анзаарахад шоронд хоригдож буй хэд эрхэмсэг гэгээний туйл, хүний хайлан гэж ойлгогдохоор байна. УИХ-ын гишүүд хөтлөлцөж гүйж очоод хөлийг нь угааж өгөх нь халаг сүйд болж, эмнэлэгт хэвтүүлж, тусгай эмчилгээ хийж, Ц.Нямдорж уучлал гуйж нүд орой дээр гаргасан үйл явдал шил дарах болов. Ц.Нямдоржийн уучлал гуйлт бол Монголын түүхэнд Хууль зүйн сайд нь гэмт хэрэгтнээс уучлал хүссэн анхны тохиолдол.

УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нь хүртэл шүүхээс буруутайг нь нотлоод шоронд хорьсон гэмт хэрэгтнүүдийг сулла гэж ам нийлүүлж явна. Гэмгүй ариун цагаан хүмүүс байгаа юм, өвтгөж гэмтээж болохгүй, хамгийн сайн эмчилгээг хийлгэж, онцгой анхаарч асар, ахиад хэлмэгдүүлчих вий гэсэн үгс гишүүдийн амнаас давтамжтай унасаар байна. Ийм нөхдийг эрхэмсэг гэгээн гэхээс өөр юу гэхэв.

Нэр бүхий хэдэн улстөрчийн үйлдэл, мэдэгдлүүдээс харах нь ээ сор болсон сайн хүмүүсийг хэлмэгдүүлээд хорьчихжээ гэсэн ойлголт л төрөөд байна. Эрх мэдэлтнүүдийн хошуу цорвойлт сүүлдээ бүр утгаа алдлаа. Илт улайрсан улстөр гэж харагдахаар байна, үнэнийг хэлэхэд. Улайрч байгаагийн тод жишээ нь Монголын үндэсний олон нийтийн телевизээр саявтар цацсан бичлэг. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж буйг харуулсан камерын бичлэгийг олон нийтэд цацлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаг, олон нийтийн статустай үндэсний телевизээр ийм бичлэг цацсанд дургүйцэх хүмүүс олон байна. Бичлэгийг Б.Содномдаржаа нарын хэлмэгдсэн гэдгийг батлахын төлөө улайрсан улстөр гэж ойлгогдохоор тайлбартайгаар цацна лээ. Тэр бичлэг ч яахав, тийм газар гэгээн цагаан, аятай таатай үйл явдал өрнөхгүй нь ойлгомжтой. Жуулчны бааз, цэргийн анги биш Эрүүгийн хуулийн дагуу хэрэг шүүж шалгаж байгаа газар. Тийм газарт хар бараан, таагүй аягүй өнгө ноёлох нь гайхаж цочихоор зүйл биш. Хэрэгтнийг олж тогтоохын тулд нийгмээс тусгаарлаж шүүж, шалгах процесс дунд юу эс өрнөх билээ. Үндэсний телевизээр цацсан бичлэгт шинэ баримт байгаагүй. Өмнө нь ил болсон бичлэг дээр нэмэх нь хэрэгтнүүдийг өмгөөлөгч улстөрчдийн сүржин тайлбар яриа л цацагдсан. Шоронгийн амьдралыг харуулсан хар бараан бичлэгийг Монгол даяар цацахдаа Лу.Болд, Ж.Батзандан нар шинэ хувьсгалд уриалж харагдсан. Тэдний хувьсгалд уриалсан ярианаас Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёроос хувийн хонзонгоо авах гэсэн өнгө аяс л цухалзаад байх юм.

Бичлэгийн хувьд камер тавьсан байхад эрүүдэн шүүсэн нь ямар учиртай юм бол гэсэн асуулт тавимаар санагддаг. Камертайг нь мэдсээр байж эрүүдэн шүүх үү, ер нь Хяналтын камер дуутай бичлэг хийдэггүй гэсэн тайлбар бас дуулддаг. Энэ мэт үнэмшил төрмөөргүй зүйл олон бий. Анзаарч ухаад байх нь ээ, сайтар найруулсан жүжиг ч юм шиг. Нэг зүйлийг онцлох учиртай. Олонд ил болсон тэр бичлэг жинхэнэ хуурамч аль нь ч байсан хүний эрхэд халдах нь зүй бус хэрэг.

Энэ хэргийг тойрсон дуулиан дунд МАН таг дуугүй суугаа нь гайхахаас аргагүй том шалтгаан. Бас хэрэг юу болж буй тухай хөндөж ярьж суугаа эрх мэдэлтэн алга. С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай биш их л эрхэмсэг нандин хүмүүсийг барьж хориод хэлмэгдүүлсэн дуулиан л өндрөө авч байна. Хамгийн гол нь гурван шатны шүүхийн шийдвэрийг хэн ч сөхөж ярихгүй юм. Хууль тогтоож баталдаг УИХ-ын гишүүд нь шүүхийн шийдвэрийг үл тоож байгааг юу гэж ойлгох вэ? Хууль цаазгүй улс болохоор шийдчихсэн гэлтэй авирлал нь л улам төгөлдөржөөд байна. Хүчтэй танилтай, хувийн амбицтай, дээдчүүлийн атгаг санааг хэрэгжүүлэх санаа зорилго л бүхний дээр тавигдаж байна.

Ямар ч гэмгүй хөөрхийсийг суллахгүй бол хоёр дахь хувьсгал дэгдэнэ гэх юм. Хуулийн дор амьдарч аж төрдөг ардчилсан нийгэмд үнэн худлыг тогтоох тов тодорхой гарц бий. Тэр нь хууль. Хуулийн хүрээнд хэргийг задлаад буцаагаад шүүхээр оруулах боломжтой. Гурван шатны шүүхээр ахиад хэлэлцээд явна гэж мэдэгдвэл улстөрчдийг хардаж сэрдээд байх шалтгаан алга. Гэвч ингэх сонирхол хэнээс нь ч анзаарагдахгүй байна. Хуулийнхаа хүрээнд асуудлыг эргэж харъя гэхийн оронд “Сулла” гэж чанга дуугаар хашгирахаас өөр үйлдэл хийсэнгүй өнөөг хүрлээ. Цаашдаа ч үнэн мөн, хууль номоор нь явъя гэх сонирхол харагдахүй байна.

Өнгөрсөн түүхэнд одоо өрнөж буй дуулиантай төстэй байж мэдэх нэг хэрэг бий. Шүүх тухайн үед хэргийг эргэн задалж үнэн зөв шийдвэр гаргасан байдаг. Улсын прокурорын орлогч Л.Отгонбаярын сэдэж зохион байгуулсан “Дугархорлоогийн хэрэг” гэхээр олон нийт андахгүй. Хуучин нийгмийн үед Булган аймгийн нэгэн сумын агент Дугархорлоо өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг гарч байсан юм. Хэрэг гарснаас гурван жилийн дараа Зүүнхараагийн хорихын ялтан Мягмар уг хэргийг өөрийгөө үйлдсэн гэж мэдүүлж , хэрэгт арваад хүнийг ялтнаар татаж байв. Тэдний дөрөв нь цаазын ял сонсч байлаа. Тухайн үед сонинд нийтлэгдсэн нийтлэлийн мөрөөр өнөөдүүлийн гэм буруугүйг тогтоосон кейс Монголын шүүхийн өнгөрсөн түүхэнд бий.

Гэтэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлж, буруутай хүмүүст нь ял оноосон шүүх нь хүртэл таг чиг, ажин түжин байна. Ийм учраас тийм шийдвэр гаргасан гэх мэтээр тайлбар мэдэгдэл хийх учиртай газрын нэг нь яах аргагүй шүүх. Үнэхээр шүүх нь жүжиг тавьж буруу шийдвэр гаргасан бол, гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хохироосон бол Монгол Улс хаашаа яваад байна вэ гэсэн асуулт тавихаас аргагүйд хүрнэ. Хэрвээ байдал иймдээ тулсан бол энэ улсын хуулиудыг оройноос нь улыг нь хүртэл өөрчлөх, шинэчлэх шаардлагатай нүүр тулахаас аргагүй.

Нийгэм, эдийн засаг хуулийн дор хөгждөг. Хууль иймдээ тултал үнэ цэнэгүйдсэн бол нийгэм бутарна гэсэн том аюул эрсдэл бий. Ямартай ч алуурчин гэж шүүхээс тогтоогоод хорьчихсон хүмүүсээс Хууль зүйн сайд нь уучлал гуйж ”Монголд хууль байхгүй” гэсэн утгатай үг унагасан шигээ суугаа нь өнөөдрийн бодитой үнэн. Байдал үнэхээр иймдээ тулсан бол аль нэг талд нь гарах гэсэн цор ганц гарц байна.