Categories
гадаад мэдээ

Хятадын дарга БНАСАУ-д айлчилна

Хятадын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийх гжу байгаа тухай тус улсын төв мэдээллийн агентлаг CCTV мэдээлжээ.

БНАСАУ-ын мэдээллийн хэрэгслүүд ч мөн Ши Жиньпиний айлчлалыг батлаад байгаа ба хоёр удирдагч Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцэнэ гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хятадын дарга 2012 онд ажлаа хүлээн авснаас хойш Ким Жон Унтай нийт дөрвөн удаа Хятадад уулзсан байдаг. Харин БНАСАУ-д өөрийн биеэр очиж байгаагүй юм байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд АНУ-тай хийсэн яриа хэлэлцээрүүд нь амжилтгүй болсноос хойш ОХУ, Хятадтай харилцаагаа зузаатгаж эхлээд байгаа билээ.

Зарим улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал ач холбогдлоор бага ч гэсэн цөмийн яриа хэлэлцээнд Хятад улс ч мөн тодорхой байр суурьтай гэдгийг бусад улс орнуудад харуулах гэсэн зорилготой хэмээн дүгнэж байна.

Хамгийн сүүлд 2005 онд Хятадын удирдагч БНАСАУ-д айлчилж байжээ. Тухайн үед БНХАУ-ын дарга байсан Ху Жиньтао тус улсад гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Жон Уны эцэг Ким Жон Ильтэй уулзаж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд тэгш бус хандаж байна хэмээн ҮХЦ-д ханджээ

Нэр бүхий иргэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орох, улмаар хуульчийн гэрчилгээ авах, цаашлаад хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг энэ хуулиар тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа ажээ. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болсон байна.

Иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халхын голын ойг тэмдэглэх гэж хамаг байдгаа барах хэрэг байгаа юм уу

Халхын голын тулалдааны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Манайхан ОХУ-тай хамтран 80 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх гэж эрвийх дэрвийхээрээ хэрэндээ л хичээж байх шиг байна. Халхын голын тулалдааны түүхт ойн баярт оросууд ч ихээхэн ач холбогдол өгч байгаа. Тулалдаан болсон Халх гол орчим, Сүмбэр суманд их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй. Шинэ сум төслийг уг суманд хэрэгжүүлэх болсноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ. “Роснефть” нийгэмлэгийнхэн Халх гол сумын бүтээн байгуулалтад найман сая евро хандивлах болсноо мэдэгдэж, дайны талбарт боссон хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажил хийж эхлээд буй. Энэ мэт уг ойн баярыг угтсан нүсэр ажил Дорнод нутагт цагтай уралдан өрнөж байна.

ХАЛХЫНГОЛЫНТУЛАЛДААНЫ ТАЛААР…

Халхын голын тулалдааны тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Гэхдээ Японы эзлэн түрэмгийлэгчид манай орон руу халдан довтолсон, ЗХУ-ын цэрэг, зэвсгийн тусламжтайгаар дайснуудыг таслан зогсоосон гэсэн ягшмал ойлголт олонход нь бий. Мөн Монгол Улс дэлхий нийтэд тусгаар тогтнолоо зарлан тунхаглахад Халхын голын дайн ихээхэн нөлөөлсөн ч гэдэг. Ийм үзэл суртлыг олон жилийн турш иргэдийн оюун санаанд нөлөөлөхүйц хэмжээнд бодлоготойгоор явуулж ирсэн. Тэгвэл орчин цагт энэ хэвшмэл ойлголт аажим аажмаар хувьсан өөрчлөгдөж байна. Жишээ нь, “Халх голын дайн том гүрнүүдийн геополитикийн тулгаралт байсан”, “Монголчуудад огт хамаагүй шахуу дайн байсан ч манай улсыг тулгаралтад хүчээр татан оролцуулсан” гэх мэт яриа цөөнгүй. Үүнийг үнэн гэдгийг баталсан байх магадлалтай нэг зүйл нь Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн хэлсэн үг юм. Тэрээр “Орос, Япон хоёр дуртайгаараа хоорондоо байлдана л биз. Үүнд Манжго, манай Монгол хоёр ямар хамаатай юм” гэсэн байдаг. Ерөнхий сайд асан П.Гэндэн энэхүү алдартай үгээ хэлэхдээ халамцуу байсан гэдэг. Түүний энэ үгийг ойр дотны нэгэн нь ЗХУ-ын тухайн үеийн удирдагчдад матаж байсан ч гэдэг. Эрдэмтэн судлаачид П.Гэндэнгийн хэлсэн дээрх үгийг эш татан Халхын голын тулалдааны талаар өдгөө ярих нь элбэг. Түүнчлэн түүхчид Халхын голын дайн бол дэлхийн олон сая хүний амийг хөнөөж, олон зуун хотыг эвдлэн сүйтгэсэн гамшигт дэлхийн II дайны эхлэл байсан хэмээн үздэг. Ямар ч түүх домог, хэчнээн төрлийн яриа байлаа ч дайн болсон нь үнэн билээ.

Тулалдаанд 120-иод мянган хүн оролцсон, хоёр талын хүчний харьцаа ерөнхийдөө ойролцоо байсан гэдэг. Барагцаалсан тоогоор Орос, Монголын талаас 57 мянга, Япон, Манжийн талаас 60 мянга орчим цэрэг, дайчид уг байлдаанд оролцсон байдаг. Байлдааны үеэр амиа алдсан цэргүүдийн тоог нарийвчилж гаргаагүй байдаг ч дайны хөлд Монголын талаас 200-300 орчим хүн амь үрэгдсэн, ЗХУ-ын есөн мянга гаруй хүн алагдаж, 15 мянга гаруй хүн шархтаж, нийтдээ 27 мянга гаруй хүн ямар нэг хэмжээгээр хохирол амссан гэх баримт байдаг. Харин Япон улсын 7-8 мянган цэрэг амь насаа алдаж, нийтдээ уг байлдаанд 19714 хүний хохирол амссан гэх тоо бий.

Халхын голын тулалдааны түүхэн 80 жилийн ойг тэмдэглэхээр манай улс ОХУ-тай хамтран ажиллаж буй. Орос ах нар энэ ойд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Бүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хүрэлцэн ирж, амиа алдсан цэргүүдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэр үеэр танк, онгоц, буу зэвсгийн үзэсгэлэн дэлгэхээр зэхэж буй.Үүнтэй холбоотойгоор дайны талбар дээрээс олдсон зүйлсийг эрэн хайж байгаа, худалдаж авна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч байна. Ойтой холбоотой зохиогдох олон арван томоохон арга хэмжээний тов гараад байна. Гэхдээ оросууд манайд тэмдэглэн өнгөрүүлэх Халхын голын тулалдааны 80 жилийн ойн баярт яагаад ингэтлээ ач холбогдол өгч байгаа, цаанаа улс төрийн ямар ашиг сонирхол тээж байгааг хэн хэн маань одоохондоо ухаж ойлгоогүй л байна.Манайхан энэ асуудалд нөгөө л хүнээс юм гуйдаг ядуу хоосон зангаараа хандаж байгаа нь илт. Ойн баярыг ашиглан Орос ах нараас хэд гурван юм салгаад авчих санаатай гуяа алгадаж, хөөрч баярлалдан гүйлдэж буй өнөө л дүр зураг хаа сайгүй.

Эцсийн эцэст энэ үйл явдалд төр засгаас ингэтлээ ач холбогдол өгч, хөл алдан өргөн хүрээнд тэмдэглэх хэрэг байна уу. Энд Халх голд өрнөсөн тулалдааныг үгүйсгэж, харлуулах гэсэн бодол агуулаагүйгээ тодотгох хэрэгтэй. Харин энэ ойг тэмдэглэснээр гарч болох сөрөг үг дагавар байгааг шуудхан хэлэх нь зөв. Хамгийн наад зах нь Халхын голын тулалдааны 80 жилийн ойг тэмдэглэх нь орчин цагийн, даяаршсан дэлхий нийтийн өнгө аяст хэр таарч тохирч байгааг манай удирдлагууд ухамсарлаж байгаа болов уу. Мөн энэ арга хэмжээ манай улсын сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маш эрчимтэй явуулж байгаа гуравдагч хөршийн бодлоготой хэр нийцэж байгаа бол. Дээр нь мартаж болохгүй нэг зүйл бол монголчууд сүүлийн 20 гаруй жил Японы ард түмний тусламж, дэмжлэгийг хэчнээн удаа, хэр хэмжээгээр авснаа бодох хэрэгтэй. Тэд манай оронтой найрсаг, сайхан харилцаатай байж, олон зүйлээр тусалж, салбар бүрт харамгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Гэтэл тэр бүгдийг ор тас мартчихаад л зөвхөн нэг орны нөлөөнд хэт их автан хэн нэгнээс чихэр авчихаад учраа мэдэхгүй хөөрч, догдолж байгаа жаахан хүүхэд шиг байх нь хэр зохистой вэ. Өөрөөр хэлбэл, төр засгийн дэмжлэгтэй аливаа арга хэмжээ ардчилсан үзэл санаанд хор уршиг тарих зүйл болчих вий гэсэн болгоомжлол бидэнд байх ёстой. Одоогийн төлөвлөснөөр Халхын голын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлбэл цаашид олон улс дахь нэр хүнд, бусад хамтын ажиллагаанд хор хөнөөл нь хэрхэн сүүдрээ тусгах вэ гэдгийг дахиад тооцоолоход буруудахгүй. Монгол, Орос стратегийн түншлэлтэй.Хойд хөрштэйгөө сайдаж, муудсаар нөхөрлөж яваа арвин их түүх бий. Монгол, Япон хоёр ч ялгаагүй. Стратегийн хувьд иж бүрэн түншилсэн. Манай улсын хувьд иж бүрэн түншилж байгаа улс орнуудынхаа харилцаанд сэв суулгачихгүй явах нарийн бодлого хэрэгтэй болсны хамгийн тод илрэл энэ ойн баяр болж таарлаа. Тиймээс улс орондоо хохиролгүйгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд хэрэгтэй, ашигтай.

Халхын голын тулалдааны 80 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж хамаг байдгаа барчихвий гэж гарчиг өгсөн нь зарцуулах хөрөнгө мөнгийг хэлсэнгүй. Төдийгөөс өдий хүртэл баримталж ирсэн олон тулгуурт бодлого, үзэл санаа, гуравдагч хөршийн бодлого зэрэг гадаад харилцаанд гаргаж чадсан багахан амжилтаа баллаад хаячихвий гэсэн зовнил юм.


Categories
мэдээ цаг-үе

Кшиштоф Бойко: Монгол дэлхийн том зах зээлийн цонх нь болж байгаа орон

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойкотой ярилцлаа.


-Та Монгол Улсын Ерөнхийлөгчид Элчин сайдаар ажиллах Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Танд баяр хүргэе!

-Тавдугаар сарын 28-ны өдөр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид Элчин сайдаар ажиллах Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Энэ нь миний хувьд маш их хүндэтгэлтэй чухал үйл явдал боллоо. Учир нь польшуудыг сайн мэдэх, тэднийг байнга дурсаж байдаг, мөн тэдэнтэй хамтарч ажиллахыг хүсдэг ийм оронд Элчин сайдаар ажиллах болсондоо маш их баяртай байна.

Польш, Монголын харилцааг дундад зууны үеэс эхлэлтэй гэж хэлж болно. Польшийн эрдэмтэн судлаачид XIX зууны эхэн үеэс л Монгол орныг зорин ирж Монголын түүх, соёлыг судалж байсан. Хоёр орны хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүний 70 жилийн ой ирэх онд болно. Энэ ойг хоёр орондоо өргөн дэлгэр тэмдэглэхээр ярилцаж байгаа. Ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна өргөн хүрээг хамарсан бизнес уулзалт хийхээр төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээ нь хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болно хэмээн найдаж байна.

-Таны хувьд Элчин сайдаар ажиллах хугацаандаа ямар ажлуудад гол анхаарлаа хандуулахаар байгаа вэ?

-Миний хувьд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд анхаарах болно. Энэ оны дөрөвдүгээр сард Европын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шугамаар “Улаанбаатар, Дарханд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлье” гэсэн сэдэвт семинарыг Польшийн тал санаачлан зохион байгуулсан. Цаашид ч энэ талаар идэвхтэй ажиллана. Мөн хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болох Польш улсын Хөрөнгө оруулалтын худалдааны агентлаг Улаанбаатар хотноо 2018 оны арванхоёрдугаар сард нээгдсэн. Энэ агентлаг нээгдсэнээрээ манай хоёр орны эдийн засгийн харилцааг тал бүрээр хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ”Монгол бидэнд илүү ойрхон болж байна” уриан дор Польш, Монголын бизнес уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улс газар зүйн байрлалынхаа хувьд хоёр том гүрний дунд оршдог. Түүний өмнөд хөрш БНХАУ маш их бараа бүтээгдэхүүнийг экспортлохоос гадна импортоор авдаг. Энэ улстай хил залгаа оршиж байгаагийн хувьд Монгол Улсыг дэлхийн том зах зээлийн цонх нь гэж хэлж болно. Манай хоёр орон энэ чиглэлд хамтарч ажиллах бүрэн боломжтой юм.

Би танай улсад томилогдон ажиллахынхаа өмнөхөн өөрийн улсын Ерөнхийлөгчид бараалхахдаа “Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг одоогийн байгаагаас нь илүү өндөр түвшинд гаргахын төлөө чармайн ажиллах болно” гэдгээ хэлсэн. Энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Танай оронд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг тал бүрээр нь хөгжүүлэхийн төлөө чармайж ажиллах болно” гэдгээ мөн хэлсэн. Тиймээс миний тавьж байгаа зорилт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Монгол оронд ирээд хүмүүстэй уулзаж байхад монголчууд польшийн ард түмэнтэй харилцаагаа хөгжүүлье гэсэн сайхан хүсэл эрмэлзэлтэй, аливаа асуудалд нааштай ханддаг юм байна гэдгийг илүүтэй ойлгосон. Тиймээс би Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг шинэ түвшинд аваачих боломжтой хэмээн найдаж байна.

-Хоёр орон боловсролын салбарт хамтран ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Цаашид энэ чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Хоёр орны харилцааны нэг чухал хэсэг бол боловсролын салбар юм. Боловсролын хамтын ажиллагаа хөгжихөд Монгол Улсаас манай оронд суралцан боловсрол эзэмшиж байгаа хүмүүс ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Бидний тооцоолсноор Польшийн их, дээд сургуульд 1000 орчим монголчууд суралцжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Их сургууль БНПУ-ын дөрвөн их сургуультай хамтран ажиллаж байна. Мөн Варшавын их сургуультай хамтран ажиллах эхний алхамууд хийгдэж байгаа. Намайг баярлуулж байгаа бас нэг зүйл нь монгол залуус польш хэлийг эх орондоо сурч байгаа явдал юм. Миний хувьд өөрөө их сургуулийн багш хүн. Тиймдээ ч хоёр орны их, дээд сургуулиуд хамтын ажиллагаатай байгаа нь намайг их баярлуулж байгаа. Цаашдаа ч энэ салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд онцлон анхаарч ажиллах болно.

-Одоогоос 10 жилийн өмнө Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаад татан буугдсан. Польшийн Элчин сайдын яам манай улсад дахин үйл ажиллагаагаа явуулах уу. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар дахь манай улсын Элчин сайдын яамны үйл ажиллагаа 2009 онд зогссон байдаг. Тиймээс миний бие Элчин сайдаар ажиллах хугацаандаа хаагдсан Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээхийн төлөө чармайж ажиллах болно. Энэ асуудлаар манай улсын Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргана. Хэдийгээр Улаанбаатар хотод манай Элчин сайдын яам байхгүй ч гэсэн хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёлын салбарт маш сайн хөгжиж байгаа нь намайг баярлуулсаар байна.

-Польш хүмүүс Монгол орны талаар ямар мэдээлэлтэй байдаг бол?

-Монгол Улс Азийн орнуудаас ялгарах өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр нь улс орноо ардчилсан замаар хөгжүүлэх зорилт тавьж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж байгаа явдал юм. Ардчиллыг хөгжүүлэх үйлсэд илүүтэй анхаарч байгаа нь Азийн орнуудаас ялгарах түүний гол онцлог. Тиймдээ ч польш хүмүүс Монгол орныг өндрөөр үнэлж дүгнэж байдаг. Манай хоёр оронд ижил төстэй нэг зүйл байдаг. Монгол орны эдийн засгийн хөгжил Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд нэлээд хурдацтай хөгжиж байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн статистикийн мэдээгээр Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй байснаараа Ази тивдээ, манай улсынх 4.6 хувийн өсөлттэй байснаараа Европын орнууд дотроо өндөр байр суурь эзэлж байгаа юм. Ингээд сониноороо дамжуулж монголчуудтай уулзах боломж олгосон “Өдрийн сонин”–ны редакцийн хамт олонд талархал илэрхийлье.


Categories
мэдээ цаг-үе

Явуугийн төрсөн бууцнаа яруу найрагчид чуулж, хутагтын хишигтнүүд тодорлоо

Зуны дунд сар эхэлж, зулзаган ногоо ургаж ахуй цаг дор Завхан аймгийг зориод ирэв. Зургадугаар сарын 4-ний орой нийслэлээс хөдөлсөн биднийг маргаашийнх нь үдэд Улиастай хотын угтал хаалганаа Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс угтлаа. Тэр өдөртөө Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн Алдархаан сумын Ар амны Тасархайн бууцны бэлд эгнүүлсэн хорь гаруй гэрт дөрөв таваараа байрлацгаав. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шаравын Бадарч, Мулцангийн Уянсүх, Аюурбуньяагийн Лхагва, МЗЭ-ийн шагналт зураач, яруу найрагч Мягмарын Амархүү бид тав нэгэн ам бүл болжээ. Гэртээ ороод харвал тооноор Тасархайн бууцны арын шовх элгэн улаан хад өнгийх нь сүрдэм. Аймгийн төвөөс арваадхан километр зайтай ч эл сайхан хайрханд янгир, шилүүс, ирвэс байдаг гэж байна шүү. Уулын гөрөөс байгаа газарт Улаан номын гайхлууд байх нь дамжиггүй л дээ. Ургахын улаан нартай уралдан боссон найрагчид унд зоогоо базаачихаад их найрагчийнхаа мэндэлсэн голомтын ардах байгалиас заяат хаан сэнтий мэт дөрвөлжин хадан суудалд тухалж бийр цаас нийлүүлж, билэг оюунаа уудлан, шүлэг юүгээн хэлхэцгээв. Цөөн хоромд туурвисан эл бүтээлүүдээр “Тасархайн бууцны шүлгүүд” гэсэн ном хэвлэх гэнэ. Явуу найрагчийн ерэн насны ойн баярын нээлтийг төрсөн бууцнаа нь хийсэн нь цаанаа л нэг ёслол төгөлдөр сайхан болов.

Цэцэгсийн анхилуун үнэрт намуухан сэвшээ хацар илбэж, дуниартсан өглөөний наранд агаар тэнгэр цэлмэн тэлмийгээд униартсан их холд ногооны хөөг цэнхэртэн нялхраад хүн бүхний царайд баярын мишээл тодорно. Уулын энгэрээр нэг тархан байрласан ерэн охид, хөвгүүд “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би” гэсэн “Би хаана төрөө вэ” шүлгийг уншихад дэлхийн дэвжээнд суудалтай утга уянгын их хаан Монголд заларсан нь юутай их хувь билээ гэсэн омголон бодол төрнө. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга, нийслэл дэх Завханы нутгийн зөвлөлийн дарга Я.Санжмятав, аймгийн Засаг даргын Тамгын газрынхан, ардын уран зохиолч Тангадын Галсан, төрийн соёрхолт, Болор цомын тэргүүн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Цэнджав, “Явуухулан сан”-гийн тэргүүн Энхээгийн Чинзориг, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар, Жүмпэрэлийн Саруулбуян, хэл бичгийн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Дашлхүмбийн Галбаатар, Болор цомын тэргүүн яруу найрагч Жамсрангийн Баяржаргал, Лхагвасүрэнгийн Хасар болон “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадамд оролцогчид, хүндэт зочид гээд хоёр гурван зуугаад хүн оролцож, монгол түмнээ танигдсан Бямбаа, Бямбацогт, Гантигмаа нар яруу сайхан хөтөллөө. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав “Явуухулан бол магтаалын цагаан яруу найргийг утга уянгын сор болгож чадсан агуу суу билэгтэн” гэсэн бол ардын уран зохиолч Т.Галсан “Ерэн жилийн өмнө Тасархайн энэ бууцан дээр анчин Бэгз гуайн гэрт ерийн усан нүдтэн биш, оюун билгийн охин тэнгэрийн зараалаар билэг билгүүн төгөлдөр нэгэн хүү мэндэлсэн нь их Явуу. Энэ хүү унасан орчлонгоо тэс ондоогоор харж тэнгэрийн орон болгосон” гэж өгүүлэх нь бахдал төрүүлсэн.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан найрагчдыг угтан авав. 2019.06.05

Яруу найрагч Ц.Бавуудорж “Хүрэл чоно улина” шүлгээ уншиж Явуудаа хүндэтгэл үзүүллээ. Морин хуурын найрал аялгуу хангай дэлхийг баясгаж, дэлхийд алдартай уртын дууч Хонгорзул гавьяатын шуранхай уулсын оргил дамжин дээд тэнгэр мандлын өехийд цуурайтах ажгуу. Нутаг орноороо овоглосон С.Батсүх гавьяат Бат-Энэрэл хүүгийн хамт Цаст их Очирваань хайрхан Отгонтэнгэрээ магтан бахдан дууллаа. Зургааны өдрийн морин цагт аймгийн номын сангийн үүдэн дэх их найрагчийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болсны дараа “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам боллоо. Энэ наадмын эхний шатанд 80 гаруй яруу найрагч сүүлийн таван жилд гаргасан ном болон Очирваань хайрханы тухай бичсэн шүлгээрээ оролцож, шилмэл 36 найрагч хоёрдугаар шатанд шалгарсан байсан. Наадмын хоёрдугаар шат Монгол Улсын төрийн шагналт зохиолч Ламжавын Ванганы нэрэмжит театрт болж, доктор Д.Галбаатар, Д.Сумъяа, яруу найрагч Б.Хүрэлбаатар, Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Б.Баяржавхлан, Д.Дарьсүхбаатар нарын нутаг угшилтай шүүгчид арван хутагтын хишигтэн яруу найрагчдыг тодрууллаа. “Мял гэгээн, Цагаан дарь эхийн хувилгаан Нацагшугарын Цэрэндондовын хишигтнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Ишхүү, Буурал багшийн хувилгаан Гончигийн Гэндэнжамцын хишигтнээр Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Балдансодномын Энхжаргал, Алт мөнгөн тамгат хамба гэгээн Ядамжавын Жамбалдоржийн хишигтнээр М.Амархүү, Арь гэгээн Бадраа овогт Чанравын хишигтнээр Монголын радиогийн сурвалжлагч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр, Ар халхын алт мөнгөн тамгат Ялгуусан хутагт Данзинванчүгийн хишигтнээр Болор цомын эзэн Л.Хасар, Халхын наян найман шидтэн Наробанчэн Данзанлхүндэвийн хишигнээр яруу найрагч А.Мягмаржав, Дилав хутагтын хишигтнээр яруу найрагч Ч.Алтантүлхүүр, Жалханз хутагт Данзанчойжийванчүгийн хишигтнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Ачит ламын хувилгаан Хаст овогтой Вандандоржийн хишигтнээр ӨМӨЗО-ы Дээд Монголын яруу найрагч Б.Бүргэд, Билэгт ламын хувилгаан Батхүү овогт Дашдоржийн хишигтнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Гомбожавын Бямбажав тус тус шалгарлаа.

“Явуухулан сан”-гийн шагналаар яруу найрагч Гантогтохын Лхагвадорж, Ванягийн Нэргүй нар шалгарсан бол Монголын Бурханы шашны анхдугаар богд, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын соёмбо үсгээр бичсэн “Адистэдийн дээдийг хайрлагч Жанлавцогзол” номын өргөмжлөлт шагналыг яруу найрагч М.Уянсүх, Д.Сумъяа, А.Лхагва, Д.Оюундэлгэр, г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга (миний бие энд багтана) нар хүртсэн юм. Найргийн наадмын дараа Улиастай хотын Гайхамшгийн гайхуулгын өргөө (музей)-нд Явуугийн мөнгөн жүнзний ёслол болж, хутагтын хишигт найрагчид сүү ууцгаав. Энд нэгэн зүйлийг зориуд бахархан тэмдэглэхэд зохиогдож буй бүхий л үйл ажиллагаа архи дарсгүй болсноороо онцлог байсан. Зургадугаар сарын 7-ны өдөр Алдархаан сумын нутаг дахь Таван булгийн ариун дагшин хяраас Очирваань хайрхан Отгонтэнгэр ууланд сүслэх ёслол болсноор дөрвөн зүг, найман зовхисоос цугласан найрагч, зочид нутаг нутгийн зүг жолоо залцгаалаа.

Categories
мэдээ цаг-үе

Тэмбүүгийн эсрэг “Улаан тариа-2“ аяныг эхлүүллээ

-ЖИЛД10 МЯНГАН ХҮН ТУТАМД 17-25 ТЭМБҮҮГИЙН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ БАЙНА-

ТЭМБҮҮ ӨВЧИНТЭЙ ДАЙН ЗАРЛАЖ БАЙНА

Тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаан тариа-2” аяныг орон даяар эхлүүлэхээр болсноо Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ”ЭМЯ, эрүүл мэндийн салбар бүхэлдээ өнөөдрөөс эхлэн бэлгийн замаар халдах халдвар, тэр дундаа тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Нийт бэлгийн замын халдварт өвчний дунд тэмбүүгийн эзлэх хувь 35-40 хувьтай байна. Жилд 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол илэрч байна. 1990 оноос өмнө хүн амынхаа 95 хувийг урдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг эмчилж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр удаа УИХ-ын хаалттай хуралдаанаар бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа тэмбүү өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Хоёрын хоёр Ерөнхийлөгчийн үед үндэсний аюулгүй байдлын төвшинд яригдсан ч түүнээс цааш хэтэрсэнгүй. Бодит үйл ажиллагаа хийгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Л.Гүндалай сайдын үед мөн бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх асуудал өрнөж, бэлгэвч тараах аян явуулсан. Түүнээс хойш бодитой, дорвитой ажил хийсэнгүй. Зөвхөн ярианы түвшинд ярьж ирсэн” гэв.

Эрүүл мэндийн сайдын дэргэдэх зөвлөл болон ХӨСҮТ, мэргэжлийн бүх хүмүүс энэ чиглэлийн үйл ажиллагааг төрийн бодлогын түвшинд явах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гурван халдварт өвчинтэй тэмцэх зорилт оржээ. Элэгний вирус болон сүрьеэ, тэмбүү бэлгийн замаар дамжих халдвар. ХУД-ийн 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн 33 тохиолдол бүртгэгдэж байсан. Харамсалтай нь энэ үед 15 дугаар сургуулийн удирдлага энэ асуудлыг мэдээлсэн МҮОНРТ-ийн ММ агентлагийг худал мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр шүүхэд өгчээ. Хэрвээ тэр үед нь тус мэдээллийг нуун дарагдуулаагүй бол өнөөдөр 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн тохиолдол 500 хүүхэд халдвар авах түвшинд очихгүй байсныг салбарын сайд хэллээ. 15 дугаар сургууль дээр гурван өдөр ариутгал халдваргүйжүүлэлт хийж,халдвар авсан бүх хүүхдүүдээ эмчилгээнд оруулж, эцэг эхтэй нь ойлголцоод эмчлэх үйл явц амжилттай явж байгаа гэв.

ТЭМБҮҮ ӨВЧНИЙГ ЯАГААД ЭРТ ЭМЧЛҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Тэмбүү өвчин хүний бүх эрхтэн, яс, үс, арьс салст, дотор эрхтэн тэр бүү хэл мэдрэлийн бүхий л эд эсийг гэмтээдэг. 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр нийгэм, эдийн засаг, анагаах ухаан, биологийн зэрэг олон шалтгааны улмаас өвчлөл дахин нэмэгдэх хандлагатай болж, өнөөдөр арван мянган хүн тутамд 17-25 тохиолдол болтлоо өсчээ. Төрөлхийн тэмбүү өвчин буурахгүй жилд 40-50 тохиолдол бүртгэгдэж байна. Хэдий тэмбүү ийм хор хөнөөлтэй нийгмийн өвчин боловч бүрэн эмчлэгддэг. Тархах гол шалтгаан нь уг өвчний 60 гаруй хувь нь далд хэлбэрээр оношлогддог. Тухайн халдвар авсан иргэнд ямар нэгэн зовиур шаналал илэрдэггүй учраас эмнэлэгт ханддаггүй аж.

1921 онд анхны “Яр тэмбүү өвчнөөс ард түмнээ салгая” гэсэн уриа гаргаж байжээ. 1927 онд Шастин докторын хийсэн судалгаагаар 600 мянган хүн амын 50 хувь нь тэмбүү өвчний халдвартай байх магадлалтай байна гэсэн судалгааг хийжээ. Мөн Хилтман, Голтен нарын эмчийн судалгаагаар төрсөн хүүхдийн гуравны нэг нь нас бардаг, 15-49 насны бүх эмэгтэйчүүдийн гуравны нэг нь жирэмсэлдэггүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн гуравны нэгийнх нь ураг зулбадаг гэх судалгаа гарсан байна.

“УЛААН ТАРИА2БУЮУ ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮГ УСТГАЯ АЯН ЭХЭЛЛЭЭ

“Улаан тариа-2” буюу төрөлхийн тэмбүүг устгая аян хоёр жилийн хугацаатай үргэлжлэх аж. Аяны зорилгынхоо хүрээнд хоёр том зорилтыг дэвшүүлжээ. Эхнийх нь, жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах, төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг бууруулах. Хоёрдугаарт, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг оношилж, эмчилж бүрэн устгах. Тус үйл ажиллагааг зөвхөн эрүүл мэндийн салбар дангаараа хийхгүй. Салбар дундын үйл ажиллагаа, иргэдийн оролцоо маш чухал. Социализмын үед илрүүлгийг маш сайн хийдэг. Илрүүлснээ маш сайн эмчилдэг байжээ. Хавтилт халдаагч буюу халдвар тээгчийн цаана байгаа өвчтэй хүнийг олж эмчлэн уг үндсээр бүрэн эмчилж чадаж байсан гэнэ. Сүүлийн жилүүдэд тэмбүүгийн халдвар нэмэгдэх болсон шалтгаан нь архидан согтууралт, хувь хүний ухамсар, шинжилгээ өгдөггүй явдал, уул уурхайн компаниудад залуус олноороо ажиллах зэрэг зүйлсүүд нөлөөлж байгаа аж. Тиймээс дан ганц эрүүл мэндийн салбар энэ өвчинтэй тэмцээд хүчрэхгүй. Бүхий л салбаруудыг хамтран ажиллахыг уриаллаа. ДОХ, тэмбүү нь томуу, сүрьеэ шиг агаар дуслын замаар халдахгүй. Хувь хүний бэлгийн харьцаагаар дамждаг учир өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө шинжилгээнд хамрагдан эрт илрүүлэгт орохыг мэргэжлийн байгууллагууд уриаллаа. Нэгэнт илрүүлэгтээ хамрагдаад илэрсэн бол эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэх шаардлагатай. Зориулалтын тариаг долоо хоногоор гурван удаа тарихад бүрэн эдгэрнэ. 1-2 удаа хийлгэхэд өвчний голомтыг сууриар нь дарахгүй халдварын голомт үлддэг гэнэ. Тариагаа гурван удаа хийлгэх ёстой товлолоороо хийлгэсэн бол араас нь зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд эмч, эмнэлгийн хяналтад байх ёстой. Хамгийн гол нь эхнэр нөхөр, найз залуу, бүсгүй, хамтрагчаа хамт эмчлүүлэх нь чухал. Төрөлхийн тэмбүү буюу эхээс урагт дамжих тэмбүүг хянаж эдгээх амархан. Гэвч жирэмсэн эхчүүд хяналтандаа эрт ордоггүй, тодорхой суурьшсан хаяггүй зэргээсээ болж эхээс урагт халддаг. Улмаар ураг энддэг, дутуу төрдөг, цэврүү үсэрсэн мэт төрдөг байна. Жирэмсэн эх хяналтдаа эрт орж, илрүүлгээ эрт хийлгэн, зөв эмчилгээгээ хийлгэснээр ураг эрүүл төрөх боломжтой.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Халдвар авсанаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр идэвхтэй vржиж эхэлсэний шинж. Энэ үед өвчтөнд бие эвгүйцэх, толгой өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдэгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчилэхгvй бол үе үе сэдэрч, тууралт нэг гарч, нэг оргүй алга болох зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий. Өвчин эхэлсэн үеэс холдох тусам түр намдаж үе нь улам уртасна. Өвчний өдөөгч нь аль хэдийнэ бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.

Хэрэв өвчтөн огт эмчлүүлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гүн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бүрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зүрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь үрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэний үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжгүй.

ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТАЛААРХ ХҮМҮҮСИЙН БУРУУ ОЙЛГОЛТ

Тэмбүү өвчнийг нэг туссан тохиолдолд цусанд орж эдгэдэггүй гэх. Тэгвэл мэргэжлийн эмч судлаачид эмчилгээгээ зөв хийлгэсэн тохиолдолд тэмбүү бол төгс эмчлэгддэг өвчин хэмээн зөвлөж байна. Хүмүүс тэмбүү туссан нэгнээ гадуурхах үзэл байдгаас шалтгаалан тэмбүүгийн эмчилгээг хийхдээ нэрийг нууцлан кодоор дуудан эмчилдэг байна.

ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭГ ХААНА ХИЙЛГЭХ ВЭ?

Өрхийн эрүүл мэндийн төвд анхан шатны шинжилгээг авна. Тэмбүү өвчнийг үнэ төлбөргүй урдчилан илрүүлэх ба ДОХ зэргийг түргэвчилсэн тестийн аргаар шинжилгээ хийж илрүүлнэ. Хэрэв илэрсэн тохиолдолд хоёр дахь шатны кабинетийн эмч нарт хандана. Түүнчлэн дээр дурдсан тариаг хийж төгс эмчлэгддэг. Халдвартай иргэн харьяалал хамаарахгүй ойрхон байгаа газрынхаа өрхийн эмнэлэгт бичиг баримттайгаа хандахад үзлэг шинжилгээг үнэгүй хийх юм байна.


Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эдийн засгийн форум-2019” энэ сарын 28-нд зохион байгуулагдана

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн форум”-ийг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө болон үйл ажиллагааны хөтөлбөр, агуулгыг ярилцаж, энэ жил ямар уриан дор нэгдэх зэрэг асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэн удирдах зөвлөлд танилцуулахаар боллоо. Эдийн засгийн форум нь төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргах зорилготой юм.

Өнгөрсөн жил “Монголын эдийн засгийн форум-2018”-ыг төрийн ордонд “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулсан. Энэ жил зургадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахаар тогтсоныг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн онцгой комисс борооны улмаас үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа

Нийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж: Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орно гэсэн мэдээллийг үндэслэн байгууллагуудын хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангуулах, үер болсон тохиолдолд ажиллах хүн хүчний судалгааг гаргах зэрэг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласан. 15-ны өдрийн хүчтэй салхины улмаас замын хайс, хашлага, рекламны самбар нурсан, барилгын гадна пасад, дээвэр ховхорсон, ургаа мод хурагсан зэрэг 16 дуудлага мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу УСУГ, УБЗАА, НОБГ, НМХГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллалаа.

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас барилга байшингуудын зоорийн давхарт хөрсний ус маш их хэмжээгээр нэвчсэн. Ялангуяа Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна. Энэ нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээг эрс нэмэгдүүлж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ийм байдлаараа байвал цэвэрлэх байгууламж дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров: Үерийн усны эрсдэлтэй бүс, үерийн далан дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айлууд маш их байна. Одоо борооны улирал ирж байна. Энэ айлуудыг нүүлгэн шилжүүлж, арга хэмжээ авахгүй бол хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үерийн усны аман дээр бууж голдирлыг өөрчилсөн иргэн, ААН хуулийн дагуу хэрхэн арга хэмжээ авч байгаа юм гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас асуумаар байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: Аливаа эрсдэл гарахад цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагууд нөхцөл байдлын газар дээр ажиллах үүрэгтэй. Үер усны зурваст буугаад байгаа айлуудын хувьд дүүргүүд ажлаа хийх хэрэгтэй. Дүүргийн Засаг дарга нар энэ айлуудад арга хэмжээг нь авч, мэдэгдэл өгч ажлаа хийх хэрэгтэй. Түүнчлэн Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй байна. Өөрсдөө хууль бус зөвшөөрлүүд олгочихдог, түүнийхээ араас хяналт тавьдаггүй. Чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд анхаарлаа тавьж ажилламаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөлгүй буусан айлуудыг зохицуулдаг газар биш. Бид зөрчил гаргасан нөхцөлд хариуцлага тооцдог. Адаглаад Газар зохион байгуулалтын албаныхан хаана хаана зөвшөөрөлгүй газруудынхаа судалгаа, жагсаалтыг гараад өгчих хэрэгтэй. Хот байгуулалт хөгжлийн газар ч мөн зөвшөөрөлгүй баригуудынхаа жагсаалтыг гаргаад өг. Тэгвэл манай байгууллагын зүгээс зөрчлийн хэрэг үүсгээд, шалгах, хариуцлага тооцох боломжтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан “Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж, шуурхай ажилла. Болзошгүй үер усны гамшгийн үед учирсан хор уршгийг арилгахад нэгдсэн удирдлагаар хангаж, яаралтай зохицуулалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хийж ажиллах хэрэгтэй. Ажил үүргээ гүйцэтгээд араас нь тавих хяналт тавих асуудал маш чухал. Үерийн далан, суваг шуудууны бүрэн бүтэн байдлыг хангаж, цэвэрлэгээ үйлчилгээг маш сайн хийж байх хэрэгтэй. Ус их хэмжээгээр тогтсон газрууд болон барилга байгууламжийн суурийн давхарт хуримтлагдсан усыг соруулах, зайлуулахад бүгд уялдаа холбоогоо хангаж, оролцож ажиллах хэрэгтэй” хэмээн уялдаа холбоогоо ханган ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Буудлагын тэмцээн” болж өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 12 байгууллагын дунд “Буудлагын тэмцээн” болж өндөрлөлөө.

Тус тэмцээний “Мэргэн буудагч”-ийн төрөлд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогч, ахмад Д.Баасантулга, ахлах дэслэгч Б.Эрдэнэ-Очир нар тэргүүн байр эзэллээ. Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшүүлэх зорилго бүхий энэхүү тэмцээн нь Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Хил хамгаалах ерөнхий газар”-ын сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан юм.