Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүдэд зориулж хийморийн сан тавив

Өнөөдөр Төрийн ордны гадна лам нар УИХ-ын гишүүдэд зориулан Нолсан, Хийморийн сан, Дөрвөн уулын сан, Гандан лхавжий гэсэн номуудыг уншлаа. Тэд Төрийн ордны баруун хаалган дээр ном уншиж, арц, хомоол уугиулж сан тавьжээ.

Энэхүү ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийг огцорхыг шаардаж буй жагсагчид зохион байгуулжээ. Хоёр долоо хоног үргэлжлэн тэмцэж буй уг жагсагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөн, түүний хүү Н.Анхбаярыг Австри улсад суух элчин сайдаар явуулахгүй байх зэрэг хэд хэдэн шалтгаан хэлж байгаа.

Жагсагчид жагсаал хийх ямар нэг зөвшөөрөл аваагүй учраас жагсаал зохион байгуулагчдыг тарааж тэдний уугиулсан арц хомоолыг төрийн тусгай албаныхан унтраасан юм.

Categories
мэдээ нийгэм

Оношилгоонд хамрагдсан 344209 тээврийн хэрэгсэлээс 8713 нь тэнцээгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд 1.2 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн дотор 15-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна.

Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2018 оны байдлаар 970880 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас 20345 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ.

Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дээрх тоон үзүүлэлтэд жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагаас гадна техникийн бүрэн бүтэн байдал шууд нөлөөлдөг.

Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 25 техникийн хяналтын төвүүдэд 2019 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар 344209 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8713 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Үүнээс:

– Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр – 4,828

– Жолооны механизмаар – 2,763

– Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй – 2,607

– Экологийн үзүүлэлтээр – 917 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүдэд 1 сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.

Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэх юм.

Иймд автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-г баталсан байдаг. Энэхүү журмын 4.1. Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулна.

4.2. Дараах тохиолдолд энэхүү журмын 4.1-т заасан хугацааг үл харгалзан автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна. Үүнд:

4.2.1. хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;

4.2.2. урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;

4.2.3. зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл гарсан болон автотээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;

4.2.4. автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг байна.

Дашрамд дурдахад нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй техникийн хяналтын 3 төв нь өнгөрсөн онд албан ёсоор итгэмжлэгдсэнээр олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж эхэлсэн юм.

Хэрэв та тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй бол техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа идэвхтэй оролцож, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, үзлэг, оношлогоондоо хамрагдахыг АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ААС УРИАЛЖ БАЙНА.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 98,4 хувийн саналаар дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дууслаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг илээр явуулах буюу гишүүд гараа өргөж саналаа өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа гишүүд гараа өргөж саналаа өгсөн юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хуулийн төслийг ганцаараа дэмжээгүй юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хүндэтгэх шалтгаанаар санал хураалтад оролцсонгүй.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 12 хүн усанд осолдож амиа алдсаны гурав нь хүүхэд

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн 8 сум, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.

Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул:

Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цээж бодолтын олон улсын тэмцээнд монгол тамирчид оролцож байна

Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык Кол хотод энэ сарын 16-20-нд үргэлжилж буй “Mental Arithmetic-2019” цээж бодолтын нээлттэй тэмцээнд Монголын Оюун ухааны академийн 9 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний 9 насны ангилалд Б.Манлай, Ш.Ариун-Од нар мөнгөн медаль, Х.Мишээл хүрэл медаль хүртлээ. Харин том насны ангилал буюу 10 насны үндсэн ангилалд өрсөлдсөн Б.Эрмүүн хүрэл медалийн болзол хангасан бол дээд түвшинд өрсөлдсөн Д.Хүслэн алтан медаль хүртэж түрүүлэв.

Өнөөдөр 11, 12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Итгэлмаа, Б.Биндэрьяа нар өрсөлдөх бол тэмцээний төгсгөлд нийт 400 тамирчны дунд зохиогдох “Absolute Champion” буюу “Үнэмлэхүй Аварга” шалгаруулах тэмцээн явагдах юм.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн сурагчдаас гадна академийн харьяа “Язгуур” бага сургууль болон “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн хүүхдүүд багтжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-д шууд засалтын шилэн технологи ашигладаг боллоо

Өчигдөр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) орон даяар 09:00 цагт Монголын түүхийн хичээлээр эхэллээ. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 15 мянга гаруй сурагч төгсөж байна. Урьд оны төгсөгчидтэй нийлээд 16 мянган сурагч ЭЕШ өгч байгаа юм. Анх 2006 оны төгсөлтөөс ЭЕШ авч эхэлсэн байдаг. Урьд урьдны жилүүдээс энэ оны төгсөлтийнхөн шалгалтын оноогоо дэлгэцээр шууд харах боломжтойгоороо онцлог. Сүхбаатар дүүрэгт шалгалтын хоёр төв байрлажээ. 45 дугаар сургууль болон Хоёрдугаар сургууль. ЭЕШ-ыг сурвалжлахаар СБД-ийн Хоёрдугаар сургуулийг зорилоо. Хоёрдугаар сургуулийн хувьд 11:20 цагийн үед Монголын түүхийн хичээлээр шалгалт өгсөн шалгуулагчид гараад ирчихсэн байв. Физикийн хичээлээр шалгалт өгөх шалгуулагчид эхнээсээ ирж, сургуулийн гадаа цуглажээ. Сургууль руу ороход нам гүм. Анги бүрийн үүдэнд А3-ын цаасан дээр 2620, 2605 гэх мэт дугаарыг томоор бичиж наасан байна. Улаан, ногоон өнгийн сумыг аль анги руу орохыг чиглүүлэн, коридороор цувуулан наасан нь шалгуулагчид цаг алдахгүй ангиа олоход хялбар байв. Монголын түүх хичээлээр шалгалт өгсөн Эрдмийн хөтөч сургуулийн 12а ангийн төгсөгч Б.Дэлгэрмаа ярихдаа “Арванхоёрдугаар ангид ороод л ЭЕШ-даа бэлтгэж эхэлсэн. Түүхийн хичээлээр дүүрэг, нийслэлийн олимпиадуудад амжилттай оролцсон. Хичээлээ сургуулийнхаа түүхийн хичээлийн багштай хамт бэлдсэн. Мөн хувиараа сайн бэлтгэсэн л дээ. Ирээдүйд би олон улсын харилцааны мэргэжилтэй болохоор зорьж байгаа. Энэ мэргэжилд түүх, газарзүйн хичээл чухал болохоор сонгосон. Шалгалт өгч дуусаад хариуг нь шууд дэлгэцээр харуулсан. Би бодохдоо дэлгэцэн дээр шалгуулагчийн зураг гараад оноог нь 800 хүртэлх эрэмбээр нь жагсааж гаргах байх гэж бодсон. Гэтэл хувьчилсан оноогоор биш хоёр тоотоор гаргасан. Би 58 оноо авсан л даа. Түүнийг хувьчилсан оноогоор бодоход хэд болохыг сайн мэдэхгүй байна. 24 цагийн дараа шалгалтад бүртгүүлсэн и-мэйл хаягаар оноог явуулна гэсэн. Би МУИС-ийн Олон улс судлалын ангид элсэх хүсэлтэй байгаа. Одоогоор МУИС-ийн босго оноонд хүрсэн эсэхийг сайн мэдэхгүй юм. Дахиад таван шалгалт өгнө. Монгол хэл, математик, англи хэл, газар зүй, нийгмийн хичээлээр. Өөрийн хэмжээнд шалгалтууддаа сайн бэлдсэн. Өмнө нь заавал өгөх ёстой монгол хэлний шалгалтад 610 оноо авсан” гэв. Монголын түүхийн хичээлийн шалгалтыг Хоёрдугаар сургуульд 40 хүүхэд өгөх ёстойгоос таван хүүхэд шалгалтдаа ирээгүй байна. Хоцорсон тохиолдол гараагүй гэнэ.

ШАЛГАЛТАА ӨГСӨН СУРАГЧИД ДЭЛГЭЦЭЭР ОНООГОО ШУУД ХАРЖЭЭ

Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи юм. Боловсролын үнэлгээний төвд уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс 50 машин авч өгчээ. Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой учраас нэгдсэн журмаар шалгуулагчдыг харандаагаар хангасан байна. Тиймээс шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хоригложээ. Хэрэв авч орсон тохиолдолд шалгалтад оруулахгүй аж. Хоёрдугаар сургуулийн орчинд шалгалт өгөхөөр цугласан хүүхдүүд хоорондоо хөөрөлдөн 13:00 цагийг хүлээж байв. 12:20 цаг гэхэд дараагийн ээлжийн физикийн хичээлээр шалгалт өгөх хүүхдүүдийг оруулж эхэллээ. Физикийн хичээлийн шалгалт өгөхөөр ирсэн Л.Намуун “Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн 12а ангийг төгссөн. Манай сургуулийг нэг анги төгсөж байгаа. Одоо физикийн шалгалтандаа орох гэж байна. Түрүү жилээс манай сургуульд физикийн сонгоны анги хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш физикийн хичээлийг дэд сэдвүүдэд хувааж бэлддэг болсон л доо. Сүүлийн хагас жилээс өмнөх жилүүдийн ЭЕШ-ын материалууд дээр ажилласан. Өөртөө төгс итгэлтэй биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд сайн бэлдсэн. Химийн инженер мэргэжлээр Хятад улсын Наньжин хотын их сургуульд суралцахаар төлөвлөсөн байгаа. Хятад хэлний Эрдмийн гүүр сургалтын газраас 100 хувийн тэтгэлгээр дөрвөн жилийн турш суралцах эрх авсан” гэв.

ШАЛГАЛТЫН ТӨВИЙГ 32 БОЛГОЖ ЦӨӨЛЖЭЭ

Энэ жил нийт төгсөгчдийн тоо бага учир улсын хэмжээнд шалгалтын байрыг цөөлжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 50 шалгалтын төв байсан бол энэ жил 32 болгожээ. Улаанбаатарт 10 төв зарлагдсан. Хоёр, 24, 28, 45, 48, 52, 84 дүгээр сургууль болон Монголын үндэсний их сургуульд шалгалтыг авч байна. Өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургуулиудад ЭЕШ-аа өгч байгаа юм. Мөн орон нутагт шалгалт авах сургуулиуд нь Архангай аймагт “Хүмүүн” цогцолбор, Баян-Өлгий аймагт Гуравдугаар сургууль, Баянхонгор аймагт “Номгон” цогцолбор, Дархан-Уул аймагт “Оюуны ирээдүй”, Дундговь аймагт “Эрдмийн далай” цогцолбор, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургууль, Орхон аймагт Дөрөвдүгээр сургууль, Хөвсгөл аймагт “Ирээдүй 21 дүгээр зуун” сургууль, Багануур дүүрэгт “Гүн галуутай” цогцолбор сургуульд тус тус авч байгаа бол бусад аймгуудад аймгийн төвийн Нэгдүгээр сургуульд ЭЕШ-ыг авч байна. Физикийн хичээлээр шалгалт өгч байгаа сурагчдын эцэг эхийн төлөөлөл О.Ундармаа “СБД-ийн 58 дугаар сургуулийн 12в ангийг охин маань төгссөн. Тус сургуулийг энэ жил гурван анги төгсөж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хичээлийн дөрөвдүгээр улирлаас эхэлж бэлдсэн. Өдөр бүр өглөөний 10 цагаас өдрийн 13 цаг хүртэл давтлагаа хийдэг байсан учир охин минь өндөр оноо авна гэж итгэж байна. ЭЕШ-ыг физик, математик, нийгмийн ухаан, монгол хэл гэсэн дөрвөн хичээлээр өгөхөөр сонгосон. ЭЕШ-даа өөрийнхөө чадах хэмжээнд хүртлээ бэлдсэн. Энэ үе амьдралын хамгийн чухал үе нь шүү дээ. Эцэг эх, гэр бүлийнх нь зүгээс охиндоо анхаарал их хандуулж байгаа. Өөрт байгаа бололцоогоороо тусалж, дэмжиж байна. Манай охин багаасаа зураг зурах сонирхолтой. Архитектор, дизайнер, барилгын инженер чиглэлийн ангид орох хүсэлтэй. Охин маань шашны сургуулийн зураг төслийн ангийг маш их сонирхож байгаа. Шашны сургуульд орвол сүм дуганы сэргээн засалт, бурхны гүнгэрваа эсвэл бурхан бүтээх гэх мэт зүйлс хийнэ. Гэхдээ шалгалтынхаа онооноос шалтгаалан ямар их сургуульд элсэхээ сонгоно. ЭЕШ-ын оноог тэр даруйд нь зарлах нь зөв юм. Хүүхдүүд олон хоног шалгалтынхаа оноог хүлээж түгшихгүй, сонголт хийхэд нь хялбар байх юм болов уу гэж бодож байна” гэв.

ШАЛГАЛТЫН ОНООГ БОДОХ АРГАЧЛАЛЫГСОНИРХОВ

Боловсролын үнэлгээний төвийн мэдээлэл өгөх ажилтантай холбогдон оноог яаж бодох талаар тодруулахад “Авбал зохих оноо нь 100 оноо байсан гэж бодоход түүнээс хэдийг авсныг дэлгэцэн дээр шууд гаргаж байгаа. 24 цагийн дараа бүх шалгалт өгсөн хүүхдийн дүн серверт ороод ирэхэд оноог бодох тусгай аргачлалаар дүнг нэгтгэж бодно. Нэг шалгуулагч 58 оноо авсан байлаа гэж бодоход тэр нь 580 оноо гэж автоматаар ойлгож болохгүй. Хэдэн ч оноо болж болно. Энэ жилийн төгсөгч хүүхдүүдийн дээд ба доод оноог 13 проценттой ногдох томьёогоор боддог олон улсын аргачлал бий. Тэгэхээр энэ жилийн Монголын түүхийн хичээлээр шалгалт өгсөн нийт хүүхдүүдийн онооны дээрээсээ 13, доороосоо 13 хувьд дүйцүүлэн бодно. 24 цагийн дараа шалгалтад бүртгүүлсэн и-мэйл хаягаар оноо нь очно. Тиймээс тухайн шалгуулагч би 58 оноо авчихлаа, босго оноондоо хүрэхгүй нь гэж сэтгэлээр унах зүйл байхгүй. Тухайн хүүхэд тусгай аргачлалаар бодоод хэдэн оноо авахыг хэлж мэдэхгүй” гэв.

Хоёрдугаар сургуульд СБД-ийн ойролцоох хамран сургах тойргийн 24 Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид шалгалт өгөх юм. 12:00 цагийн орчимд физикийн хичээлээр шалгалт өгөх 200 гаруй төгсөгч Хоёрдугаар сургуулийн үүдэнд цугласан байв. СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хоёр цагдаа ирж шалгалт авах төвийн эргэн тойрны аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байлаа. СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлагч Б.Батболд хэлэхдээ “Шалгалт авах байрны ойр орчимд хяналт хийж байна. Одоогоор гарсан зөрчилгүй тайван. Шалгуулагчдын аюулгүй байдал, анхаарал сарниулах элдэв үйлдэл гаргуулахгүйн тулд анхааран ажиллаж байна” гэв.

Зохион байгуулагчдын зүгээс шалгалт өгч буй шалгуулагчид бичиг баримтаа сайн шалгаж, цагаа баримтлахыг анхааруулж байлаа. Өчигдрийн байдлаар СБД-ийн Хоёрдугаар сургуульд шалгалт өгч буй шалгуулагчид хоцрох нь харьцангуй бага байсан ч Монголын түүхийн хичээлийн шалгалтад бүртгүүлсэн 40 хүүхдээс 34 нь ирсэн. Зургаан хүүхэд ирээгүй гэнэ. Амьдралаа шийдэх мөч учраас шалгуулагчид өөрсдөөс шаардах зүйлүүдийг бүрэн бүтэн шалгаж, анхааралтай хандах ёстойг дахин дахин анхааруулж байлаа. Өдрийн 14:40 цагт физикийн хичээлийн шалгалтын цаг дуусч, шалгуулагчид гарч ирлээ. Тус хичээлээр шалгалт өгсөн 31 дүгээр ахлах сургуулийн 12б ангийн төгсөгч Н.Хатантөмөр “Би инженерийн мэргэжлээр сурах зорилготой. Тиймээс сүүлийн гурван жил физикийн хичээлээр бэлдсэн. Налайх дүүрэгт байдаг Герман-Монголын хамтарсан их сургуульд элсэн суралцах хүсэлтэй байна. Хүүхдүүд ихэнх нь өмнөх жилийн ЭЕШ-ын материалыг харж бэлддэг. Энэ жил өмнөх жилийн материалаас хамаагүй өөр асуултууд ирлээ. Яагаад гэвэл хичээлийн цөм хөтөлбөр нь өөрчлөгдсөн гээд судалж, бэлтгэж байсан хоёр том сэдэв хасагдсан байна. Тэгэхээр нэлээд хүнд байлаа. Өөрчлөлт орсныг сүүлд мэдсэн болохоор асуудалтай байсан. Бэлдсэний дагуу мэддэг зүйлүүд олон ирсэн л дээ. Түүнийгээ дагаад мэдэхгүй өөрчлөгдсөн зүйлүүд ч их ирлээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд сайн хийсэн л гэж бодож байна. Дэлгэцэнд гарсан оноо нь 68 гэсэн. Энэ дундаа харьцангуй өндөр оноо авсан бололтой. Дотроо их л баяртай байна” гэв. Монголын түүхийн хичээлээр шалгалт өгсөн нэгэн шалгуулагч нэг асуултад адилхан хоёр хариулт байсан. Алийг нь дугуйлахаа мэдэхгүй зохион байгуулагч багш нарт хэлэхийг бодсон ч шалгалтын дундуур хүний анхаарлыг сарниулж түвэг удахгүй гэсэндээ асууж чадаагүйгээ учирласан юм. ЭЕШ өнөөдөр 09:00 цагаас хими, 13:00 цагт газар зүй, 16:30 цагт англи хэлний хичээлийн шалгалтаар үргэлжилнэ.



Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт төр, нийгмийн зүтгэлтнүүд урилгаар оролцож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төр, нийгмийн зүтгэлтэн болон Үндсэн хууль тогтоогчдыг урилгаар оролцуулж байгааг УИХ-ын дарга танилцууллаа.

Тодруулбал, Ардын их хурлын депутат асан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нараас гадна Монфемнет үндэсний сүлжээ төрийн бус байгууллагын зөвлөх Д.Сүхжаргалмаа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийгчуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр чуулган ээлжит бусаар ийнхүү үргэлжлүүлэн хуралдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид Киргиз улсад сургалтад хамрагдаж байна

Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдаж байгаа “Уулын аврах ажиллагаа”-ны дадлага сургуульд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцож байна.

Тус сургалт нь Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Киргиз улсын үндэсний аврагч бэлтгэдэг сургалтын төв болж буй тус сургалт энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн цахилгаан засварын хуваарь

Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарийг танилцуулж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:00-16:00 цагт: 2, 4-р хороо Доржийн 31, Глобын 32, 28/5-р байрууд, иргэн Давааням, Алтантуяа, Баяраа /СӨХ/, Д.Энхтайван, Магнайтрейд ШТС-8, Ди Би Ти Би, Алтанжолоо ХХК-ууд, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Глоб интернэйшнл болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:30 цагт: 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамжууд, 65/А, 65/Б байрууд, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

10:00-16:00 цагт: 9, 13-р хороо 13-р сургууль, 3-р хороолол 1-11/А, 20, 26-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10:00-17:00 цагт: 5, 6-р хороо Хангай зах, түүний хойд хэсгээр, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

13:00-16:00 цагт: 6-р хороо Горхи-Тэрэлжийн БЦГ, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

Categories
мэдээ нийгэм

Голуудын усны түвшин эрс нэмэгджээ

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн 8 сум, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.

Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул:

Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.