Categories
мэдээ нийгэм

Долоон сая төгрөгийн шагналын сантай гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

Нийслэлийн хөрсний бохирдлыг гамшгийн түвшинд хүрсэн хэмээн үзэж, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран Шийдэлд хамтдаа Хөрс & амьдрал гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна. Оролцогчид бүтээлээ зургадугаар сарын 10-с наймдугаар сарын 10-ны хооронд “Хангарди орд”-ны 4 давхар 406 тоот өрөөнд ирүүлэх боломжтой.

Нэгдүгээр байр гурван сая төгрөг, хоёрдугаар байр хоёр сая төгрөг, гуравдугаар байр нэг сая төгрөг, тусгай байр дөрөв тус бүр 250000 төгрөг нийт 7 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирсэн нийт бүтээлээр үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлүүдээр фото зургийн ном гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Интермед эмнэлэг зөрчил илэрсний улмаас рентген аппарат ашиглалтыг хэсэгчлэн зогсоолоо

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Интернэйшнл Медикал Сентер ХХК-ийн Интермед эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Хяналтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авчээ.

Тус эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт нэг, Дархан-Уул аймагт гурван хүн усанд осолджээ

Үргэлжилсэн борооны улмаас гол мөрний түвшин нэмэгдэж, усанд осолдох иргэдийн тоо нэмэгдэх болсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Гүн нуурын усанд Дорноговь аймгийн харьяат 36 настай Г нь энэ сарын 17-ны өдрийн 20.50 цагт осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч 21.45 цагт очиж Усчин-Аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр дөрвөн метрийн гүнд нэг удаагийн шумбалтаар 37 минут ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн юм байна.

Мөн энэ сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон голд 20-21 насны 3 залуу усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Модон бирваз” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 29 км-т/ “Орхон” голын усанд /2019.06.17/ хоёр иргэн осолджээ. Ослын тухай дуудлагыг тухайн өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 29 км зам туулан 11:05 цагт очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/-ын цогцсыг иргэд гаргасан байсан аж. Онцгойгийн алба хаагчид тус сумын харъяат иргэн Г /21 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 700 м-ийн зайнаас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн 8 сум, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, гурав нь хүүхэд байгаа юм. Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ө.Долгормаа: Монголчуудын нүүрс усны хэрэглээ хэт их болохоор таргалалт, өвчлөл буурахгүй байна


“Голден жим” фитнесс клубын сургалт хариуцсан захирал Ө.Долгормаатай ярилцлаа.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг минь хүлээн авч, цаг зав гаргаж ярилцаж байгаад баярлалаа. Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулна уу?

-Сайн. Сайн байна уу? Уншигчдадаа бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Долгормаа гэдэг. Хүмүүс ихэвчлэн Доко гэж дууддаг. “Голден жим” фитнесс клубын сургалт хариуцсан захирал мөн аэробекийн багш дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Өнөөдөр таныг урьсан шалтгаан бол урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор ялангуяа охид бүсгүйчүүд маань гоо сайхан, гадаад төрхөндөө илүү анхаарч эхэлж байна. Үүнтэй холбогдуулан хооллолт, дасгал хөдөлгөөн хоёрыг хослуулсан “Speed 14” хөтөлбөрийг “Голден жим” клуб дээр хэрэгжүүлж байгаа гэж сонслоо. Энэ хөтөлбөрийнхөө талаар бидэнд танилцуулаач?



-Манай клуб байгуулагдсан цагаасаа хойш маш олон хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн. Галбиржих хөтөлбөр, илүүдэл жингээ хасах тэмцээн, ахмадуудад зориулсан хөтөлбөр гэх зэрэг. Эдгээр хийсэн ажлуудаа хараад байхад хооллолт бас маш чухал юм байна гэж дүгнэсэн. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хоёр нь зорьсон газартаа хүрэхийн тулд хос гутал өмсөөд хурдтай алхахтай адил хэзээ ч нэгийг нь нөгөөгөөс нь салгаж болохгүй. Одоо үед хүмүүс зав чөлөө муутай болсон шүү дээ. Бид энэ хөтөлбөртөө зөвхөн дасгал хөдөлгөөнийг нь зааж хийлгүүлэхээс гадна хооллолтын зөвлөгөө өгч хүмүүсийнхээ хоолыг нь бас бэлдэж өгч байгаагаараа онцлогтой. “Speed 14” хөтөлбөр маань 2019 оны 6-р сарын 03-наас “Голден жим” фитнесс клубын төв салбар дээр “Healthy wayклубын дэргэд эхэлсэн. Одоо хүртэл хэрэгжиж байгаа. Ер нь фитнессээр хичээллэгчид хоол хүнсэн дээрээ тэр бүр анхаарахгүй зөвхөн дасгалдаа найдаад хийгээд л байдаг. Гэвч тэр ялгарч байгаа хөлсөөрөө их хэмжээний уураг, амин дэмээ алддаг гэдгийг мэддэггүй. Сүүлдээ энэ байдлаасаа болоод маш их ядарч сульдаад, шантраад бүр мөсөн болих тохиолдол элбэг байдаг. Яг энэ асуудал дээр бид анхаарч хүмүүстээ өглөө дасгалдаа ороход нь уураг өгч байгаа.

-Зөв хооллолт, эрүүл хооллолт гэж хүмүүс их яриад байдаг. Тэгвэл яг зөв хооллоно гэвэл ямар хүнс сонгож, яаж хэрэглэвэл эрүүл зөв хооллолт болох вэ. Зарим хүмүүс бүтэн өдрийн хоолны дэглэм хүртэл бариад, ойр тойрны хүмүүстээ зөвлөж байгаа харагддаг?

-Янз бүрийн хоолны дэглэмүүд байдаг л даа. Гэхдээ хүн бүрийн бие организм өөр өөр байдаг болохоор хүн болгон адил дэглэм барина гэвэл өрөөсгөл ойлголт. Ер нь монголчуудын нүүрс усны хэрэглээ маш өндөр. Энэ хэрэглээг багасгах хэрэгтэй. Авах хэрэгтэй нүүрс ус байхад хэрэггүй нүүрс ус ч гэж байна. Монголчуудын хувьд хэрэггүй нүүрс усны хэрэглээ хэт их байдаг болохоор таргалалт болоод янз бүрийн өвчлөл их байгаа юм. Үүнээс гадна шарсан хуурсан хоолыг багасгах нь зүйтэй. Дараагийн нэг зүйл нь хоолондоо амин дэм уураг сайтай нарийн ногоонуудыг маш олон төрлөөр хоол хүнсэндээ хийж идэж байх хэрэгтэй. Дээрээс нь тухайн хүний өдөрт шатааж чадах клкалорийн хэмжээ гэж байдаг. Жишээ нь өдөрт нэг таваг хоолноос ойролцоогоор 2000 клкалорийн хоолыг идлээ гэхэд таны шатааж чадах ккал 1500 байлаа гэж бодоход цаана нь 500 ккал шатааж чадахгүйгээр хуримтлуулдаг гэсэн үг. Тэгэхээр үүнийг яах ёстой вэ гэхээр дасгал хөдөлгөөнөөрөө шатааж өгч байх хэрэгтэй. Тэгж зохицуулж чадах юм бол маш хурдан үр дүнд хүрнэ.

-Хэдээс хэдэн цагийн үед яаж хоолловол зүгээр гэсэн үг вэ. Жишээгээр тайлбарлавал?

Нийтдээ өдөрт 4-5 удаа 2 цагийн зайтай хооллох нь чухал. Өглөө бол ер нь хөнгөн, бага зэргийн уураглаг юм идвэл зүгээр. Өндөг, өргөст хэмх, улаан лооль, бүхэл үрийн талх зэргийг идэж болно. 11 цагийн үед нэг ширхэг алим эсвэл нэг атга самар ч юмуу идээд өдрийн хоолоо ёстой сайн идэх хэрэгтэй. Сайн их иднэ гээд хамаагүй шарсан хуурсан, их хэмжээний илчлэгтэй юм идэж болохгүй. За тэгээд үдээс хойш 16.00-17.00 цагийн хооронд бас завсарын жижиг сажиг хөнгөхөн шиг жимс ч юмуу идээд оройдоо 18.00-19.00 цагийн хооронд өөртөө тохирсон нүүрс ус багатай, уургаар баялаг хоол идвэл зүгээр. Хоолондоо маш олон төрлийн ногоог холиод хийж идвэл бүр ч сайн.

-“Speed 14” хөтөлбөр хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?

-Ер нь 14 хоногийн зайтай сургалтууд үргэлжлээд явагдана. Хөтөлбөр маань нийтдээ 14 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн сургалттайгаар явагдана. Эхний ээлжийн хүмүүс маань хөтөлбөртөө хамрагдаад маш үр дүнтэй, сургалтандаа амжилттай сууж дуусгасан. Хамгийн ихдээ өөхнөөсөө 5 кг хаяж чадсан. Дараагийн сургалт нь бас 6-р сарын 17-оос дөнгөж эхлээд явагдаж байна. Ерөнхийдөө энэ сургалтаар зөвхөн дасгал хийлгүүлээд байх биш тухайн хүнд өөрт нь мэдлэг мэдээлэл өгч, цаашид ч гэсэн амьдралын зөв хэв маягаар амьдрахад нь нэмэр болох зорилгоор хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажилласаар байна.

-Энэ хөтөлбөрөөс гадна өөр ямар тогтмол үйл ажиллагаа, сургалт, хичээлүүд орж байна вэ?

-“Голден жим” фитнес клуб маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэд рүүгээ чиглэж ажиллахыг их хичээдэг. Ахмадууддаа болон хүүхэд багачууддаа зориулсан үнэ төлбөргүй хөтөлбөрүүдийг бас явуулж байгаа. Амралтын өдрүүдэд буюу бямба, ням гаргуудад өглөө 09.00-12.00 цаг хүртэл ахмадуудыгаа йога, хийн дасгалуудад бас хамруулж байгаа. Хүүхдийн сургалтын хувьд зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор “Зумба кидс” хөтөлбөр явагдаж эхэлж байна. Энэ хөтөлбөр маань олон улсын албан ёсны эрхтэйгээр, стандартын дагуу заагддаг байгаа.

-Клубын ажиллах цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөөч?

-“Голден жим” клуб нийт 5 салбар дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өглөөний 07.00 цагаас оройны 23.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Өглөө 07.00 цагаас йогийн хичээлээс эхлээд аэробикийн дасгалууд үргэлжлээд ордог. Оройны цагуудын хувьд 18.30, 19.30 цаг гэсэн цагуудаас сонгоод хичээллэх боломжтой.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.


Н. ЭНХЖИН

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой маргааш тохионо

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан түүхтэй. Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойг тохиолдуулан алба сурталчлах өдөрлөг, баярын ёслолын жагсаалын арга хэмжээ маргааш 09:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

Алба сурталчлах өдөрлөгийн үеэр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх юм. Мөн албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын 224 тоот дасгалыг үзүүлэх тоглолтыг зохион байгуулна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 15 жилийн хугацаанд 16583 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 295,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болж байна

“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдаж байгаа тул иргэд та бүхнийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

МУИС Японы их сургуультай хамтарч ажиллана

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Японы Хитоцубаши их сургуулийн Ахисан түвшний хуулийн сургуулийн дэд захирал профессор Ямада Ацуши, профессор Ванг Юнхай нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд профессор Ямада Ацуши Хууль зүйн сургуульд Азийн хууль зүйн их, дээд сургуулиудын захирлуудын форумд оролцож байгаа дурдаад цаашид хоёр сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналтай гэдгээ илэрхийлэв.

Захирал Я.Төмөрбаатар Япон Улсдаа нэр хүнд бүхий сургуультай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн буйгаа хэлээд МУИС болон Японы их дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Хитоцубаши их сургууль нь хууль болон бизнесийн чиглэлээр Япондоо хамгийн шилдэг сургалт явуулдаг талаар профессор Ямада Ацуши онцоллоо. Уулзалтаар талууд хичээлийн шинэ жил эхлэх үед хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах талаар нэгдсэн саналд хүрсэн байхаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Морин хуурын чуулга “Ассем гэр” театрт тоглоно

Улсын филармонийн Морин хуурын чуулга энэ амралтын өдрүүдэд /2019.06.22-23-нд/ “Нутаг минь, хүлэг минь” бүрэн хэмжээний тоглолтыг “Асем гэр” театрт тоглох гэж байна.

Тус тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл Б.Чинбатын “Аравт”, “Гэгээн бодрол”, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн агсан С.Гончигсумлаагийн “Ээждээ”, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Концертино”, “Наадмын дэнж дээр”, Төрийн шагналт Ц.Чинзоригийн “Идрэнгийн говиор”, Т.Пүрэвсүхийн “Сайхан дурсамж”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Өүлэн эхийн дуулал”, “Нутаг минь, хүлэг минь” бүтээл эгшиглэх аж. Мөн тус тоглолтын үеэр гадаадын хөгжмийн зохиолчдын Г.Свирдорын “Метель”, Д.Шостаковичийн “II вальс” тоглогдох юа байна.

Categories
мэдээ нийгэм

133 дугаар сургуулийн газрын асуудал шийдэгджээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо. Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр “айлын хажууд толгой хоргодож” байсан Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох боломж бүрдэж байгаа юм.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хувьд 22 мянган оршин суугчтай, 5000 гаруй сургуулийн насны хүүхэдтэй атлаа цорын ганц ерөнхий боловсролын сургууль болох 133 дугаар сургууль нь 2017 онд шинээр байгуулагдсан ч газаргүйн улмаас өөрийн гэсэн байраа барьж чадахгүй “Монгол тэмүүлэл” хэмээх хувийн сургуулийн нэг, хоёрдугаар давхарт, бусдын байранд хичээллэдэг байв. Тус сургуулийн хувьд Дүнжингарав худалдааны төвийн урд байрладаг бол Хотын даргын шийдвэрлэсэн 133 дугаар сургуулийн шинэ байр барих газрын хувьд “Монгол тэмүүлэл” сургуулийн замын чанх хойно, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлалтай юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны төлөөлөгчид дээрх нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Энэ үеэр хотын Захирагч “Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт хэрээс хэтэрсэн. Хүүхдийн сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олдохгүй хэрнээ зарим хувь хүн, аж ахуйн нэгж хотын төвд хэдэн арван га-гаар нь газар авчихаад, ашиглахгүй явдаг тохиолдол ч байна. Тиймээс олон нийтийн, хүүхдийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хариуцлагынх хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдэд газраасаа чөлөөлж өгөх тухай хугацаатай албан бичгийг хүргүүлсэн. Бид боломжтой бүх хувилбарыг ярилцаж байгаа тул удахгүй 133 дугаар сургуулийг шинэ барилгаа барих газартай болгож өгнө” гэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Хотын захирагч С.Амарсайхан 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдсэн захирамж гаргаснаар барилгын ажил нь удахгүй эхэлж, тус сургуульд суралцдаг 2000-аад хүүхэд болон нэгдүгээр ангид шинээр элсэн орох 680 орчим багачуудын сурч хөгжих нөхцөл бүрдэхээр боллоо.

imageimage

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдын үйл ажиллагаа дотоод хяналттай болно

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн.

Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, албан хаагчдыг хариуцлагажуулан, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн Дотоод удирдлагын UB ERP системийн Үүрэг даалгаврын дэд системийг шинэчлэн, үүрэг даалгаврын хяналтын картын системийг нэвтрүүлээд байна.

Тус системийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай “Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх нь” сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, ННЗБ-уудын удирдлагууд болон холбогдох 300 гаруй албан хаагчдыг хамруулсан бол өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч дарга нар, төслүүдийн удирдагчид, түүний туслах ажилтнууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтэс, нэгжийн дарга нар, ахлах мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Хяналтын картын тогтолцоог цаашид өргөжүүлэн, энэ оны аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хяналтын карт нэвтэрснээр төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх хурд сайжирч Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхэх байдал бүрэн арилах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.