Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /2019.06.19/ хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Түүнийг томилсноор Төрийн албаны тухай хуулийн дагуу мэрит буюу шатлан дэвших зарчмаар 14 хоногийн дотор, наадмын өмнө ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд даргаар жинхлэгдэн, томилогдох юм байна. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан, уг албан тушаалд нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн. Холбогдох газрууд материалыг шалгаж үзээд, Б.Ганбатыг “асуудалгүй” гэж үзвэл энэ долоо хоногтоо багтаан, түүнийг томилох чигтэй байгаа тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар хэнийг томилох нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Эмийн сангууд алдаатай, хуурамч жороор үйлчлэхгүй байхыг НМХГ-аас сэрэмжлүүллээ

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж байгаа аж. Уг шалгалтаар алдаатай болон хуурамч жороор сэтгэцэд нөлөөт эмээр үйлчилсэн зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авжээ.

Иймд эмч нар стандартын дагуу жор бичих, жор баригч нар эмийн жор хүлээн авахдаа стандартын дагуу бичигдсэн эсэхийг шалгаж, алдаатай, хуурамч жороор үйлчлэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон “Хамтдаа хэлэлцье” аяны үр дүнг танилцуулав

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан хэрэгжүүлсэн, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг орон даяар, нийтээр хэлэлцүүлэх “Хамтдаа хэлэлцье’’ аян өндөрлөж буйтай холбогдуулан тус холбооны зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэхүү аяныг 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 06 сарын 01 хүртэл гурван сарын хугацаанд явуулсан бөгөөд нийт 21 аймгаас 19500, 9 дүүргээс 10000, гаруй иргэд саналаа өгсөн байна. Тэдгээр саналуудыг нэгтгэхэд:

-Гэр бүлийн боловсролыг нас насны онцлогт тохируулан албан болон албан бусаар олгох

-Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Хүүхдийн тэтгэлгийн сан”- г байгуулж хүүхдийн эрхийг хангах хүүхдийн тэтгэлгийг насны ялгаваргүйгээр олгох

-Гэр бүлийн асуудлаар дагнан мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн хэмээн АЭХ-ны ерөнхийлөгч С. Одонтуяа хэллээ. Түүгээр ч зогсохгүй жилд 4000- 5000 гэр бүл салдаг бөгөөд хүн ам өсгөх бодлого явуулж буй манай улсын хувьд энэ тоо маш их байна гэлээ. Мөн энэхүү аяны хүрээнд эсээ, гар зургийн уралдааныг зарласан бөгөөд өнөөдөр шилдгүүдээ шалгаруулсан юм.

Т.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ой зургаан сартай хүүхэд голын усанд унаж амиа алджээ

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороотой байснаас голын түвшин нэмэгдэж улмаар иргэд голын усанд осолдож нас барах тохиолдол өдөр бүр гарч байна. Өчигдөр буюу энэ сарын 18-нд Ховд аймгийн Булган сум, Булган голын орчим амьдардаг 1,6 настай эрэгтэй хүүхэд ээжийгээ бие засах зуур голын усанд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэдийг голын орчим анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​“Зээлдэгчдийн холбоо”-ноос зээлийн хүүг бууруулахыг шаардав

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Зээлдэгчдийн холбоо”-ноос арилжааны болон ББСБ-уудын зээлийн хүүг бууруулахыг шаардаж буй талаар мэдээлэл хийлээ.

МУ-ын Үндсэн хуулийн 5-р зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Тэд Төр Үндсэн хуулийн энэ үүргээ биелүүлэхгүй байна гэж үзжээ.

Уг холбооноос сүүлийн 1-2 сарын дотор Арилжааны банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулсан ч бүх төрлийн зээлийн хүүг буулгаагүй, сүүлийн 2 жилээс өмнө авсан зээлийн хүүг одоогийнхтой дүйцүүлж бууруулаагүй, мөн интернет банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг олж байгаа, үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй зэргийг эсэргүүцсэн юм. Тэд зээлийн хүүг бууруулах гол арга бол инфляцыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтвортой барих явдал гэв.

“Зээлдэгчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Солонгийн хэлснээр арилжааны болон ББСБ-уудад зээлийн хүүг бууруулах, үйлчилгээний хууль бус мөлжлөг явуулахаа зогсоох шаардлагыг холбооны зүгээс хүргүүлэх, хэрэв арга хэмжээ авахгүй бол жагсаал цуглаан зохион байгуулах,шүүхэд хандах зэргээр тэмцэх аж.

Монголд өнөөдөр арилжааны 14 банк, 539 ББСБ үйл ажиллагаа явуулдаг байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны мэдээнээс үзэхэд, Арилжааны банкны зээлийн хүү дунджаар жилийн 25%, ББСБ-38,4%, Хадгаламж зээлийн хоршоо 34,8%, Ломбард 42 % -тай аж.

Э.АМИНАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шадар сайд Ө.Энхтүвшин: Хүний аминаас үнэтэй барилга байгууламж, орд уурхай гэж байхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд тогтоол гаргалаа. Өнгөрөгч 4-р сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийхдээ хэд хэдэн анхаарал татахуйц, ноцтой тоо баримтыг дэлгэсэн юм. Тухайлбал, “… өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнээс 25.8 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бөгөөд 12 хүн амь насаа алджээ. Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч ослууд гарсаар байна. Энэ онд л гэхэд “Эко алтан заамар”, “Пентатерра” компаниудад гарсан ослын улмаас 5 хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн 4 ажилтан амь эрсэдсэн осол гарлаа. Хүний аминаас үнэтэй барилга байгууламж, орд уурхай гэж байхгүй. Тиймээс осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтээрээ анхаарал тавих цаг болоод байна” хэмээсэн юм. Шадар сайдын энэхүү мэдээллийн мөрөөр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг шийдвэрлэжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчаас гаргаж хүргүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох эрх зүйн зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт, аймаг нийслэл, сум дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Бадельханд үүрэг болгов. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагыг нэн шаардлагатай хяналт шалгалтын тоног төхөөрөмжөөр хангах, хөдөлмөрийн, өргөх механизмын, газрын тос, хийн хяналтын, геологи, уул уурхайн зэрэг хяналтын улсын байцаагчдын орон тоог нэмэгдүүлэхээр болов.

Манай улсад 1500 гаруй ШТС, хийгээр цэнэглэх станц, шатахууны агуулах үйл ажиллагаа явуулдаг байтал Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд энэ чиглэлийн 3 улсын байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн 3 улсын байцаагч хяналт тавьдаг байна. Улсын хэмжээнд 80 гаруй мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ердөө 66 байдаг.

Categories
мэдээ нийгэм

Үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зургаадугаар сарын 21-ний өдөр үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын дурсамж уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тус уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр мэдээллээ.

Тэрээр “Хугацаат цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэний хуулиар хүлээсэн үүрэг төдийгүй эх орноо хамгаалах, эх оронч үзлийг бий болгодог хүндтэй алба юм. Хугацаат цэргийн албаа бага дарга, жагсаалын дарга цолтой хаасан иргэдэд зориулан нэгэн өдөр хамтдаа чуулж, дурсамжаа бахархан хуваалцах боломжийг олгох үүднээс энэнхүү уулзалтыг зохион байгуулж байна. Үйл ажиллагаа хөтөлбөр ёсоор зургаадугаар сарын 21-ний өдөр 10:30 цагаас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж үндсэн арга хэсжээ нь 11 цагаас СТӨ-д болох юм байна. Эрхэм хүндэт жагсаалын дарга, бага дарга та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.

Б.ОЮУНГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт орон даяар явагдана

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2019 оны 07 сарны 01-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах юм.

Дархлаажуулалтад:

  • Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
  • Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
  • Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
  • Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдана.
Categories
мэдээ нийгэм спорт

“Тамирчны өдөр”- өөр зарим спорт заал иргэдэд үнэгүй үйлчилнэ гэв

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас энэ сарын 22-ны өдөр бүх нийтийн спортын өдөрлөг болох талаар мэдэгдэл хийлээ. Тус өдөрлөг дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх олимпын эрхээ авсан таван тамирчинд баяр хүргэж цом гардуулах юм.

ЗГХА-БТСГ төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр:

Жил болгон зохион байгуулагддаг “Тамирчны өдөр”-ийг энэ жил “Олон улсын олимпын өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган хийнэ. Түрүү жилүүдийнхээс онцлох үйл ажиллагаа нь олимпын музей, спортын хорооны заал, талбай иргэдэд үнэ төлбөргүй байх юм. Сургуулиудын заалуудыг үнэ төлбөргүй ашиглуулах талаар мэдэгдэл хүргээд байгаа. Тодорхой мэдээллийг дүүргээсээ авах боломжтой.

“Токио олимп сан”-гийн менежер Б.Өнөрбаяр:

“Токио олимп сан” нь тамирчдыг дэмжих, олимпын аваргыг дахин төрүүлэх, судалгаа шинжилгээ, хувцас, бэлтгэл хангах гэх мэт зүйлсэд зарцуулагдана. Санг байгуулсан шалтгаан нь улсын төсвөөс оруулж ирдэг хөрөнгө тамирчдад хангалтай хүрдэггүй. Тиймээс спортод хайртай, түүнийг сонирхон судалдаг иргэд, албан байгууллагаас хандив өргөж тамирчдаа дэмжин ажиллахыг хүсье. 21 аймагт ч бас мөн адил явагдах тул иргэд та бүхэн минь идэвхтэй оролцоорой гэж уриалъя.

ЗГХА-БТСГ Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар:

Өдөрлөгийн үйл ажиллагаа нээлт, суртчилгааны үзүүлэн тоглолт гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Талбайд нийт 20 асар байх ба түүнд спорт клубууд байршихаас гадна, спортын хэрэглэлүүдийг худалдаална. Шигшээ багийн тамирчид ирэх тул гарын үсэг зуруулах, хамтдаа зураг даруулах боломжтой. Мөн бие бялдрын сорил авч зөвлөгөө өгнө. Иргэдтэй хамт үзүүлэх тоглолт хийн, дасгал хөдөлгөөн, спортын төрлөөс суртчилан таниулж түүгээр хичээллэх боломжтой байгаа. Спортын сэтгүүлчдэд мэдээ мэдээллээ цогцоор нь нэг дороос авах үүд хаалга нээгдээд байна.

Монголын үндэсний олимпын хорооны мэргэжилтэн З.Гомбодорж:

Энэ жил шинэ олимп үүсгэн байгуулагдсаны 125 жилийн ой болж байгаа. Иймээс дэлхий нийтээрээ олимп өргөн хүрээнд болох нь тодорхой. Өдөрлөгийн хувьд олимын төрөлд шинээр орж байгаа төрлүүдийн үзүүлэх тоглолтууд их байгаа. Илүү залуу, илүү шинэлэг байх болно. Спорт өдөрлөгтөө нийт иргэдээ өргөнөөр оролцохыг уриалж байна. Нэг өдөр биеийн чилээгээ гарган, баг тамирчдадаа урам зориг өгөөрэй гэж хэлье.

У.УРАНБИЛЭГ

Categories
мэдээ нийгэм

ЗХЖШ албан ёсны хариу тайлбар хийлээ


Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “ЗХЖШ-ын нягтлан 313 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ” гэх гарчиг бүхий нийтлэлтэй холбогдуулан ЗХЖШ дараах албан ёсны хариу тайлбарыг гаргаж байна.

Тус нийтлэлд дурдсан нягтлан Б нь Зэвсэгт хүчний Жанжин штабт огт ажиллаж байгаагүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчний 065, 150 дугаар ангиудын санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэрээр дээрх Зэвсэгт хүчний ангиудын санхүүгийн нягтлангаар ажиллаж байхдаа гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажиллаагүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж 373,582,668.00 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан.

Түүний энэхүү төсвийн хөрөнгө завшсан хууль бус үйлдлийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн санхүүгийн дотоод аудитын албан тушаалтнууд шалгаж, илрүүлсэн бөгөөд тус хөрөнгө завшсан үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, улмаар харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/1486 дугаар тогтоолоор Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлж, түүний учруулсан хохирлын хэмжээг 310,725,167.00 төгрөгөөр тогтоож, Т.Б-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн.

Зэвсэгт хүчний Жанжин штаб нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн хэмээн үзэж Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн адил хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг буруу хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу ял хойшлуулж, шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан.

Ийнхүү Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны үр дүнд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг “Хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр шилжүүлсэн. Энэ нь Т.Б-д хорих ял оногдуулсан нь буруу байна гэсэн шийдвэр биш бөгөөд зөвхөн ял хойшлуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн хэмээн шийдвэрлэсэн болно. Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

ЗХЖШ-ын зүгээс төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, завшсан үйлдлийг дотоод аудитын хяналт, шалгалтаар илрүүлж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, цаашид ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх үүднээс шат шатанд анхаарч, санхүүгийн төдийгүй эд хөрөнгө хариуцаж буй албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб

2019.06.19