Categories
мэдээ нийгэм

Филиппинд хүүхдүүд сургуулиа төгсөхийн тулд 10 мод тарина

Саяхан Филиппиний Засгийн газар байгаль орчинд ээлтэй нэгэн сонирхолтой хуулийг хэлэлцжээ. Энэ нь төгсөх ангийн хүүхдүүд 10,10 ширхэг мод тарь байж сургуулиа төгсөх эрхтэй болох хууль юм. Энэхүү хууль нь бага, дунд, ахлах ангийболон их дээд сургуулиудад ч үйлчлэх аж.

Хуулийг санаачлагч нь Филиппиний Конгрессын гишүүн Гари Алехано. Тэрбээр хүүхэд залуусыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үүргээ ухамсарлаж байгаасай хэмээн хүсдэг гэнэ.


Түүний хэлж буйгаар 175 сая мод ургамлыг хүүхдүүд тарих юм байна. Тарьсан бүх модны ердөө 10 хувь нь цааш тэсч үлдээд ургалаа гэхэд л 525 сая мод ургамалтай болж үлдэнэ хэмээн тооцоолжээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Нянгийн бохирдол илэрсэн гурван тонн хар зайрмагийг устгав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул 3 тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгажээ.

Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үйлдвэрт үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авсны дараа устгалд оруулах юм.

Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор баталсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт”-ын 8.3 “Сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь MNSСАС 192 “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, шаардлага”-ыг хангасан, … бөгөөд тэдгээрийн хэмжээнд тогтоосон нормтой нийцсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх арга хэмжээг авсан байна. Нянгийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, түүхий эдийн сонголтод анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Үүнтэй холбогдуулан импортоор оруулж ирж буй зайрмагт хяналт тандалт хийхэд эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шаардлагыг хангасан дүнтэй байна. Тухайн хүнсний нэмэлттэй зайрмагийг гурван компани импортолдог бөгөөд энэ онд 2 тонн импортолжээ. Энэ төрлийн зайрмагийн орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “Хүнсний тухай” хуулийн 16.1-д заасны дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар импортыг түр хязгаарлаад байна.

МХЕГ цаашид хүнсний нэмэлт бүтээгдэхүүний стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж, хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.

Хуульд хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт хүргүүлсэн болно.

ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан бол Арван зургадугаар зүйлд “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, шүүхэд хандах” зэрэг Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг нэрлэн зааж, хуульчлан баталгаажуулсан.

Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийн дор тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргаж буй хуулийн энэ өөрчлөлт тухайн салбарт ажиллагсдын эрх зүйн баталгааг бүрэн алдагдуулах үр дагавартай тул Үндсэн хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй юм. Үүнийг хуулийн хэрэгжилтээс үүдэн гарах сөрөг үр дагавруудын зөвхөн нэг жишээ гэж үзэж болно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна.

Түүнчлэн уг дэд заалт нь утга агуулгын хувьд дээрх 3.1.7 дахь заалтдаа захирагдахааргүй, бие даасан хэмжээнд томьёологдсон байна. Тухайлбал, …төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа гэсэн нь 3.1.7 дахь заалтаасаа агуулгын хувьд өөр, бие даасан утга илэрхийлж байгааг анхаарах шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан бол Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Үүний хүрээнд ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд орон нутгийн саналыг авах буюу харгалзах шаардлагыг хуульчилсан байдаг.

Хэдийгээр Захиргааны ерөнхий хуульд оруулж байгаа энэ өөрчлөлтөөр замбараагүй, хяналтгүй, үр өгөөж муутай байгаа ашигт малтмалын салбарт өөрчлөлт гарч, байгалийн баялгаа зохистойгоор ашиглах чиглэлд төрийн хяналт сайжран, үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн ойлголтыг нийгэмд түгээж байгаа боловч нөгөө талдаа Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийн дор Үндсэн хууль болон түүнтэй нягт уялдсан хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байдлаар хадгалж, хамгаалах шаардлагатай газар нутагт ашигт малтмал олборлох шийдвэрийг гаргах, ингэж гарсан Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх зэрэг ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй. Энэ нь мөн үүсэж болох сөрөг үр дагавруудын нэг бөгөөд өмч хувьчлалын болон бусад асуудлын хүрээнд ч эрсдэлтэй, эргэлзээтэй зүйлүүд олон байна.

Иймд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гэсэн томьёолол нь хэрэг дээрээ хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэн зангидаж, төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх зарчмыг алдагдуулаад зогсохгүй Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэний үндсэн эрхийн баталгааг бүрнээ алдагдуулахад хүргэж буй тул хуулийн өөрчлөлтийг дахин нягталж үзэх нь зөв гэж үзэж байна.

Тодруулбал, уг хуулийн 3.1.7 дахь заалт “тайлбар” хэсгийнхээ агуулгаар буюу “Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргаж буй Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно” гэсэн утгаар тайлбарлагдаж, хууль хэрэглээнд гажуудал үүсэх магадлалтай бөгөөд үүнийг “хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар хуулийг бичих” тухай заасан Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж болохоор байна.

Үүний хүрээнд Улсын Их Хурал Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд илт харшилж, зөрчил үүсгэх эрсдэлтэй хуулийг зохих ёсоор засаж, залруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад буй “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэсэн нэр томьёо, түүний тайлбар нь ойлгомж муутай, Монголын нөхцөлд танил бус гэсэн үндэслэл бүхий шүүмжлэл гарч байгааг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг маргаангүй байдлаар өөрчлөн томьёолох боломжтой юм. Тухайлбал “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэснийг “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэж өөрчилж болно.

Захиргааны эрх зүйн салбарт төдийгүй Захиргааны хэргийн шүүхийн практикт өнөөг хүртэл нэг мөр болж чадаагүй, олон янзаар тайлбарлагдан маргаан дагуулдаг, зарим нэг улс орны хууль тогтоомжид тусгалаа олсныг эс тооцвол төдийлөн түгээмэл бус “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэсэн нэр томьёо, ойлголтыг манайд харьцангуй төлөвшсөн ойлголт болох “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэсэн ойлголтоор өөрчлөх нь олон талын ач холбогдолтой. Үүнд:

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү

Categories
гадаад мэдээ

“Чернобыль” цуврал зарим үзүүлэлтээрээ “Хаадын тоглоом”-ыг давжээ

Америкийн “HBO” сувгаар гарч буй “Чернобыль” цуврал кино одоогоор “IMDB” цахим хуудасны хэрэглэгчдийн үнэлгээгээр түүхэндээ хамгийн алдартай телевизийн шоу болоод байгаа тухай “Риа Новости” агентлаг мэдээлжээ. “Чернобыль” цуврал зарим үзүүлэлтээр “Хаадын тоглоом” цувралын үнэлгээг даваад байгаа аж.

“IMDB” нь кино болон телевизийн уран бүтээлүүдэд зориулагдсан хамгийн том цахим хуудсуудын нэг юм. Энэ цахим хуудасны мэдээллийн санд 5 сая гаруй кино, 9 сая гаруй жүжигчдийн мэдээлэл багтдаг бөгөөд бүртгэгдсэн хэрэглэгдчийн тоо 80 сая давдаг байна.

“Үзэгчдийн өгсөн үнэлгээгээр бүх цаг үеийн хамгийн шилдэг 250 телевизийн шоу” жагсаалтад “Чернобыль” цуврал нийт 10 онооноос 9.6 оноог авжээ. Энэхүү жагсаалтад “Гараг дэлхий 2” цуврал кино хоёрдугаар бичигдсэн бол түүний араас “Breaking Bad”, “Хаадын тоглоом” зэрэг цувралууд орсон байна.

Уг цуврал нь Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд болсон ослын тухай өгүүлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Шатахууны борлуулалтын үнийг өсгөх нөхцөл үүсээгүй гэж үзсэн

Related image

ШӨХТГ-аас мэдээлэл хийж шатахууны үнэ, махны үнэ, сурагчдын үдийн цай зэрэг асуудлуудаар мэдээлэл хийлээ. 2017, 2018 онуудад иргэдээс гомдол санал ихээр ирдэг байсан бол 2019 онд иргэдээс зөвлөмж, зөвлөгөө хүссэн хүсэлт ирэх болжээ. Иргэдээс ирсэн гомдлын дийлэнх нь жижиглэн худалдаатай холбоотой гомдол байжээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, “Үдийн цай хөтөлбөртэй холбогдуулж олон төрлийн шалгалтыг хийж байгаа. Зөрчил дутагдал гарсан хэвээр байна. Бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн гэрчилгээ хангалтгүй, бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ хангалтгүй зэрэг нь тогтоогдсон гэв. Махны үнийн өсөлтийн талаар “Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос буурч байна. Махны үнэ өсөхөөр манай агентлаг хянадаг гэж ойлгодог ч бидэнд үнэ хянах эрх байдаггүй. Бид зөвхөн монополь ААН-үүдийн үнийг хянах эрхтэй. Гэхдээ бид махны үнийн өсөлттэй холбоотой шалгалт хийж дүгнэлт гаргасан. Эмээлт зах, Хүчит шонхор худалдааны төвүүдэд шалгалт хийсэн.

Шалгалтын явцад үнэ өсөхөд малчдаас шууд худалдан авах үйл явц саадтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, олон дамжлага байсаар байна. Жилд багадаа 12 мянган тонн мах нөөцөлдөг байсан ч энэ жил дөрөвхөн мянган тонн мах нөөцөлсөн. Мөн экспортын квотын эрхтэй компаниуд их хэмжээний мах нөөцөлсөн учир үнэ нэмэгдсэн гэж үзсэн. Шатахууны үнийн асуудлын тухайд IV сард хоёр, энэ сард нэг удаа үнээ нэмсэн. Шатахуун жижиглэнгийн үнэ төрөл тус бүрээс хамаарч 97-161 төгрөгөөр өссөн байна.

Үүнийг бид хилийн үнэ, худалдан авч буй “Роснефть” компанийн үнийг судлахад жижиглэн борлуулалтын үнийг өсгөх нөхцөл үүсээгүй гэж үзэж байна. Холбогдох шаардлагуудыг тавьсан. Мөн төрийн байгууллагуудад холбогдох саналыг хүргүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын онц чухал обьектуудын нөхцөл байдалтай танилцлаа

Дотоодын цэргийн штабын дарга, даргын зөвлөлийн гишүүд Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн хамгаалалтад байгаа улсын онц чухал объектуудын хамгаалалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулан, хамгаалуулагч байгууллагын удирдлагатай ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр объектын хамгаалалтыг боловсронгуй болгох, харуулын бүрэлдэхүүний албан үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулахад чиглэсэн ажил, арга хэмжээг хамтран тодорхойлох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу улсын онц чухал объектыг хамгаалалтын үйл ажиллагаатай танилцсан юм.

Categories
мэдээ улс-төр

Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлав.

АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг байна. 2018 оны байдлаар 169 орны 338 сая сурагч “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамруулж буй юм. Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа бөгөөд Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа юм. Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэхээр дээрх хуулийг боловсруулсан юм.

Уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хууль 2020 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийг баталсан тул өмнө хэрэгжиж байсан Бага, дунд боловсролын тухай хуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болголоо.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа болох хүсэлтэй залуусын анхааралд

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат: Бүртгэл

– Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобаазад,

– Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.

Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр.

Хоёрдугаар үе шат: Судалгаа Бүртгэлд хамрагдсан иргэд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр /Даваа гараг/-ийн 09:00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр очиж нэгдсэн бүртгэлд хамрагдаж, шалгалтад орох эрхээ авна.

Дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  • Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
  • Бүрэн дунд, дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3 үеийн намтар;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
  • Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,

Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:

  • Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна,
  • Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой, гажиггүй байх,
  • Хууль, эрх зүйн шалгалт авах тул Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг уншиж, судлах,
  • Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, элэгний В, С вирус, зүрхний бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг авсан байх,

Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыгЦагдаагийн байгууллагын цахим хуудас www.police.gov.mn /веб сайт-Хүний нөөц-Төрийн албаны салбар зөвлөл-зарлал мэдээлэл/, “Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл Мэдээллийн Төв” гэсэн цахим хаяг /facebook/ хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн танилцахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд Хүний нөөцийн хэлтсийн 70191041, 70191043 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

Шалгалтад тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуульд 3 сарын дамжаанд суралцана.

Анхаарах зүйлс:

  • Суралцах хугацаандаа Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар баталсан “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийг баримтлах,
  • Бусад хууль, дүрэм, журмыг чанд сахих,
  • Суралцагч нь дүрэмт хувцсаар хангагдаж, хээрийн болон усанд сэлэх, мотоцикл жолоодох, бие хамгаалах урлаг гэх мэт ур чадварын сургалтад хамрагдах тул төлбөрийн зохих хэсгийг гаргахыг анхаарах,
  • Хичээл сургалтын явцад шаардагдах ном, дэвтэр, үзэг, цүнх бусад хэрэглэгдэхүүнийг суралцагч хариуцах,
  • Сургалтын явцад суралцагчийг дотуур байраар хангах бололцоогүй тул суралцагч өөрөө түр амьдрах байраа олж аюулгүй байдлаа хариуцна,
  • Дамжаа амжилттай төгссөн иргэдийг нөөцөд бүртгэж, онооны дарааллыг харгалзан цагдаагийн байгууллагын ахлагч ажлын байр /албан тушаал/-д томилон ажиллуулна.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.15 цагт эхэллээ. Чуулганаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ. Мөн хуралдаанаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан ажлын багийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх хэрэгтэй хэмээв. Монгол Улс Оюутолгой төслөөс ашиг хүртэх хугацаа 2038 он хүртэл хойшилсон асуудлыг дүгнэлтэд тусгажээ. Энэ нь Монгол Улсад хэт хохиролтой тул нэн даруй хэлэлцэх ёстой хэмээсэн юм. Харин Ж.Батзандан гишүүн Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, эрүү шүүлт амссан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахад УИХ анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа дурдлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэдийн амжиргааг дэшлүүлэх бодлого гаргахад УИХ анхаарлаа хандуулж, бодлого гаргах шаардлагатай байгааг хэллээ. Тэрбээр, “Валютын ханш өсч, шатахуун, махны үнэ огцом өслөө. Үүний улмаас иргэдийн амьдрал доройтож байна” хэмээв. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Хорт хавдрын эрт илрүүлгийн тухай хуулийн төслийг нэн даруй хэлэлцэж батлах шаардлагатай гэсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Эдийн засгийн байнгын хорооноос Оюутолгой төсөлд хийсэн шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл гаргах болсон. Одоогоор тогтоолын төсөл гараагүй байгаа тул өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах боломжгүй. Хорт хавдрын эрт илгүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд холбогдох байнгын хороод анхаарах хэрэгтэй” хэмээв. Мөн тэрбээр Засгийн газраас ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарах шаардлагатай байгааг онцолсон юм. Ийнхүү чуулганаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргалаа

Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл“-ийг авч хэлэлцэн, зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжид, зээлийн хүүгийн дээд хязгаарыг хатуу тогтоох нь санхүүгийн салбарын тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй хэмээн үзсэнээ илэрхийлсэн байна. Зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын дарга, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл, Монголын банкны холбоонд тус тус албан тоот бичгээр хүргүүлээд байгаа юм.