Categories
мэдээ улс-төр

2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.17 цагт 56 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу сургуулийн дэргэдэх туслах аж ахуй нь ашгийн төлөө бус байх, хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжтай холбоотой зохицуулалтыг сонголттой болгох, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар Засгийн газарт даалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсгээс боловсруулсныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хороогоор дэмжигдсэн саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Хууль батлагдсаны дараа хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хүүхдийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдсэнийг онцолсон юм. Тэрбээр, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн газар, мэргэжлийн хүний нөөцтэйгөөр хоолны үйлчилгээ үзүүлж сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжих боломж бүрдэж байгааг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн, шаардлагатай төсөв, хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Улсын Их Хурлаас даалгаж буйг дуулгалаа. Хууль батлагдсанаар дэлхийн 169 гаруй оронд хэрэгжиж буй олон улсын нэр хүнд бүхий жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх болсноор Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцөл бүрдэж, ирээдүйн эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн том ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт болж байна гэлээ. 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм.

Мөн хуралдаанаар Дараа нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Үргэлжлүүлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Бусад байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө.” гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураажээ. Тухайлбал:

Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хороо: “Шинээр барих гал унтраах, аврах ангийн барилгын тоог нэмэгдүүлэх”, “Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх”, “Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах чадварыг сайжруулах”, “Бие бүрэлдэхүүнийг чадваржуулах” гэснийг “зэвсэг, техник, хувцас, хэрэглэл болон материаллаг баазыг бэхжүүлэх” гэсэн саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлтдээ тусгасан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: “Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжид цахилгааны хэрэглээний хөнгөлөлт үзүүлэх”, “Нөөцийн махны хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх,” “Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх”, “Хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогцолбор төв барих”, “Уул уурхай, хүнд үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах, дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах”, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: “Соёлын баримтат өвийг хамгаалах, музей, түүх, соёлын өвийн сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх”, “ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, “Бурхан Халдун уулын соёлын өвийн менежментийн захиргааг байгуулах”, “Эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах” гэсэн төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна.

Хууль зүйн байнгын хороо: “Үндэсний гадаад паспортод бичилт хийх, программ хангамж тоног төхөөрөмж нийлүүлэх”, “Сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагыг техник, хэрэгслээр хангах” зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хороо: “Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх”, “Нийслэл, аймгийн төвүүдийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн хийх”, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барилгын ажлыг үргэлжлүүлэх”, “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг эхлүүлэх”, “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн төвүүдийн техник, тоног төхөөрөмж, компьютерийг шинэчлэн нийлүүлэх”, “Сонгуулийн санал тооллогын техник хэрэгслийг шинэчлэх арга хэмжээ авах”, “Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хороодоос төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг ирүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дэмжсэн болоод дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хороо 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуулийн төслийн талаар анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул өргөн мэдүүлсэн төслийн хэмжээнд эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

Мөн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх тухай зохицуулалт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 10.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана”, 10.3 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.” гэж заасантай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон тул Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ.

Эдийн засгийн байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн томьёолж, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бөгөөд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно. Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно хэмээн өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар анхны хэлэлцүүлгээр баталсан юм.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Эдийн засгийн байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 29-ний өдөр хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд:

тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг баталж байхаар;

олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулахаар тусгажээ. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэнд радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах мөн тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж байхаар тус тус зарчмын саналыг тусгасан байна.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, хадгалах бодлогын зохицуулалт хангалтгүй байсныг Засгийн газар баталж байх зохицуулалтыг оруулжээ. Түүнчлэн шуудангийн маркын тодорхойлолтыг дэлхийн шуудан холбооны конвенцид нийцүүлэн өөрчлөн найруулсан байна. Шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавихаар; мөн үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх гэсэн заалтыг төсөлд тусгажээ. Улс хоорондын шуудангийн илгээмжийн зохицуулалтыг илүү тодорхой болгох хүрээнд улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, шуудангийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөх, мөн улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарах гэсэн зарчмын өөрчлөлтийг тус тус төсөлд тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргажээ

Монголын хэвлэл мэдээллээр гарсан БНСУ-ын ЭСЯ-тай холбогдолтой мэдээний талаар тус улсын ЭСЯ байр сууриа илэрхийлэн, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Сүүлийн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллээр манай Элчин сайдын яамтай холбоотой “БНСУ-ын Элчин сайдыг хахуулийн хэрэгт буруутгав”, “БНСУ-ын Элчин сайд төсвөө хувийн зориулалтаар ашигладаг байжээ”(Үндэсний шуудан, Монголын үнэн), “Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг шалгаж байна”(Монголын мэдээ) гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Дээрх мэдээ нь солонгост гарсан мэдээг эш татаж гаргасан байна. Гэвч солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг талыг баримталсан, бодит байдлаас зөрүүтэй, шалгаж судлаагүй мэдээ гаргасан учир Элчин сайд Жон Жэ Нам тэр даруй БНСУ-ын Засгийн газарт өөрөө хүсэлт гаргаж, удахгүй албан ёсны шалгалт хийх гэж байгаа бөгөөд үүгээр үнэн мөнийг тогтоох болно. Элчин сайд Жон Жэ Нам солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуултад тайлбар өгсний дагуу солонгосын хэвлэл мэдээллээр цаашид үүнтэй холбоотой зөвхөн нэг талыг баримталсан мэдээлэл гаргахаа ихэнх нь зогсоосон байгаа юм. Иймд албан ёсны шалгалтын үр дүн гартал монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн тус Элчин сайдын яам болон Элчин сайдад сөргөөр нөлөөлж болохуйц нэг талыг баримталсан мэдээг гаргахгүй байхыг хүсч байна. Ийм мэдээ хэвлэл мэдээллээр гарах болсон шалтгааныг солонгосын визийг дүрэм журмын дагуу зохицуулан ажиллаж буй Элчин сайд Жон Жэ Намын талаар хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж буй арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд үүнийг нотлох материал ч хэд хэд байгаа юм. Одоогийн байдлаар албан ёсны шалгалт хийгээгүй байгаа учир дараа зохих цагт олон нийтэд дэлгэх тухай судалж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар боллоо

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Дэд комисс, Ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрэв. Тухайлбал олон жил яригдсан “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг шинэчлэх санхүүжилтийн таатай боломж бүрдэж байна.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрснээр эхний ээлжинд 550 айл одоо амьдарч байгаа орон сууцаа өмчилж авах үндэс бүрдлээ. Үлдэх орон сууц, барилгын өмчлөлийг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов. Хуралдаанаар мал эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, өнгөрсөн оны байдлаар 1.8 тэрбум ам.доллар байсан худалдааны хэмжээг 2020 он гэхэд хоёр тэрбум ам.долларт хүргэх болон эрчим хүч, уул уурхай, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв.

22 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тусгасан протоколд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев нар гарын үсэг зурав. Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрүүд амжилттай хэрэгжсэн гэж талууд дүгнэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБ 18 нас хүрч буй харилцагчдадаа 7 дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ

ХХБанк 18 нас хүрч буй харилцагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг “Junior Customers” арга хэмжээгээ 7 дах жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн арга хэмжээ 6-р сарын 29-ний өдөр 15 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулалдагдсан юм. “Junior Customers” арга хэмжээ нь хүрэлцэн ирсэн харилцагчдадаа 18 жилийн турш ХХБанканд итгэж, хуримтлалаа хадгалуулсанд талархал илэрхийлдэг хүлээн авалт төдийгүй цаашдын ирээдүйд нь амжилтыг хүсэж, мэргэжил сонголтоо зөв хийх, амжилттай суралцах арга барил, зорилгодоо үнэнч тууштай байх зэрэг хувь хүний хөгжлийн чухал мэдлэгүүдийг олгохыг зорьдог билээ.

Арга хэмжээнд ХХБанкны 18 настай 250 харилцагч хүрэлцэн ирж хувь хуний хөгжлийн илтгэлүүдийг хүлээн авч сонссон бөгөөд илтгэгчидтэй хамт чухал сэдвүүдээр ярилцлаа. Мөн эрч хүч, инээд хөөрийг мэдрэхээр урлагийн тоглолтуудыг бас хүлээн авсан.

Энэхүү өдөр АШУҮИС-ийн багш, Сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшин, Цахим эмч нэвтрүүлгийн хөтлөгч, редактор, Хүний эх эмч Б.Баярбямба, “Эзэнт гүрний туульс”, “Монгол зарчим” зэрэг номуудын зохиогч Харвардын их сургуулийн төгсөгч С.Энхболд, СЭЗИС – ийн ахлах багш, Доктор Г.Уянга нар илтгэлээ толилууллаа. Мөн эрч хүчтэй охидын хамтлаг Wassabies болон дуучин Чойжоо нар ХХБанкны 18 настай харилцагч нарт урлагийн тоглолтыг хүргэж, Зураач каллиграфч Л.Амарсанаа каллиграф монгол бичгээр зочдын нэрийг дурсгал болгон бичиж залуу харилцагч нартай хамтдаа цагийг өнгөрөөсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Сум, орон нутгийн ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн Нотариатчын үүрэг гүйцэтгэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Х.Нямбаатар танилцуулсан. УИХ-ын энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Ажлын баг төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Мөн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл үүссэн гэж ажлын хэсгээс үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлд нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газар эсхүл тус Тамгын газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсонтой холбоотойгоор үүрэг гүйцэтгэгч Засаг даргын Тамгын газрын тамгыг хэрэглэхгүй, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, мөн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах саналыг тус тус гаргасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авав. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав,Нотариатчгүй сум, орон нутгийн тамгын газрын дарад байсан нотариатын эрхийг тус тамгын газрын хуулийн мэргэжилтэнд давхар гүйцэтгүүлж байгааг хэрхэн зохицуулсныг тодруулав. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хуулийн өөрчлөлтөөр, Нотариатын танхимын удирдлагыг нэг удаа дөрвөн жилийн хугацаатай сонгодог байхаар тусгажээ. Нотариатын үүрэг гүйцэтгэгч нь нотариатгүй суманд үүрэг гүйцэтгэх эрх эдэлдэг. Түүчнлэн хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газарт томилуулж ажиллуулдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр, нотариатчын үүргийг зөвхөн сум орон нутгийн ЗДТГ-ын дарга биш, хуулийн мэргэжилтэн нь гүйцэтгэх боломж бий болгосон. Үүнийг дагаж хууль зүйн асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллагаас тусгай тамга, тэмдэг олгох журам баталсан. Гишүүдээс цахим мэдээллийн санг хэрхэн зохицуулах талаар тодруулж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Цахим сангаар төрийн бүртгэлийг уялдуулах хууль батлагдсан. Энэ хууль гарснаар нотариатаар үзүүлж байгаа үйлчилгээ Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, шилждэг байхаар зохицуулсан. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн төсөлд нотариатч заавал хуульч байх шаардлага тавьсан гэдгийг тодотгоод, одоо ажиллаж байгаа хуульчийн гэрчилгээгүй нотариатчын асуудлыг хэрхэх талаар асуув. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Хуульчийн гэрчилгээгүй 13 нотариатчын асуудлыг анхны хэлэлцүүлгээр ярьсан. Гишүүдийн гаргасан саналаар, тэдгээр хүмүүст нотариатчын эрхийг олгох шийдэлд хүрсэн” гэв. Ийнхүү санал хураахад 74.4 хувийн саналаар Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

“Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 163 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр(2019-2023он) ”Тээврийн цагдаагийн албаны 2019 оны үйл ажиллагааны төвөвлөлтийг хэрэгжүүлэх Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг, нас баралт,гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 219 бүртгэгдэж, хэргийн улмаас 11хүүхэд нас барж, 56 хүүхэдхүнд, хүндэвтэргэмтэлавсныгөмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 1.9 хувь, нас баралт 2 дахин, гэмтсэн хүүхэд 93.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн зам тээврийн ослын 65.7% хувь нь нийслэлд, 34.3% хувь нь орон нутагт гарч, ослын улмаас гэмтсэн хүүхдийн 57.2 хувь нь нийслэлд,42.8 % хувь нь орон нутагт бүртгэгдэж, амь насаа алдсан хүүхдийн 92% хувь нь орон нутгийн замд тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас,нийслэд гэмтэж бэртсэн 109 хүүхдийн 92 нь буюу 81% хувь нь явган зорчигч хэлбэрээргарцгүй газраар,ганцаараа замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртөж амь нас нь хохирсон байна. Ийм учраас тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэсэн жолооч, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан нарыг хяналт шалгалт зохион байгуулан илрүүлж тодорхой хугацаагаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн сургалтад хамруулах, зөрчлийн бүртгэлийн санд бүртгэж эхний ээлжинд анхааруулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Иймд хүндэт эцэг, эх ,асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхнийг 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хууль, дүрмэнд заасны дагуу заавал харгалзах хүнтэй оролцуулах, харгалзах хүн нь хүүхдийг хөтөлж /үүрэх, тэврэх/ тээврийн хэрэгсэлд тээвэрлэх үедээ биеийн өсөлтөд тохирсон хамгаалалтын суудал, хамгаалалтын хэрэгслэл,болон суудлын бүсийг зохих дүрэм журмын дагуу зөв хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Сайн дурын багш нар бэлтгэгдлээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн төвшинд болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриан дор “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяныг өрнүүлж байна. “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяны хүртээмжийг нэмэгдүүлэх, төслийн гамшгийн менежментийн багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын багш бэлтгэх сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад 9 дүүргийн төсөл хэрэгжиж буй зорилтот 9 хорооны 54 иргэнийг хамруулан, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модулийн сургагч багшаар бэлтгэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ука, Thunder нарын шинэ клипийг 450000 хүн үзээд байна

Сүүлийн үед реппер Thunder нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай уран бүтээлүүд хийсээр байгаа билээ. Монгол улсын хэмжээнд Цагдаагийн ерөнхий газраас өрнүүлж буй “ЗӨВ ТУСГАЛ” аяны сүлд дууг “Хоёулаа дахиж муудахгүй шүү” реппер Thunder зохиож, дуучин Uka-тай хамтран дуулсан. Тэгвэл тавдугаар сарын тавдугаар сарын 22-нд нээлтээ хийсэн энэхүү дууг долоо хоногийн дотор 450000 хүн үзсэн байна.

Thunder x Uka – Ахиж хоюулаа муудахгүй шүү дууны үг

Өдөр болгон хэрүүл хийж, салах дээрээ тулна
Харилцаагаа аврах биш, ялах илүү чухал байх
Хаашаа гэдгээ мэдэхгүй, гараад явна уурандаа
Орчин тойрноо мэдэлгүй, хараал тавьна уурандаа
Аар саархан зүйл
Амьдралд таарч болох зүйл
Яаж ч байсан яарч яавч байж болохгүй үг битгий
Бидэнд нурааж болохгүй зүйл бий
Ер нь 2уулаа бодлогогүй шүү
Салах талаар бодохгүй шүү
Яах гэж байснаа мартахгүй
Яаж ч байсан хардахгүй
Гарсан алдааг давтахгүй шүү
Ер нь 2уулаа бодлогогүй шүү
Хүүхдийн дэргэд согтохгүй шүү
Салах талаар бодохгүй
ХҮҮХДИЙН ХАЖУУД ОРИЛОХГҮЙ ТОХИРЬЕ
АХИЖ ХОЁУЛАА МУУДАХГҮЙ ШҮҮ

Ахиж хоёулаа муудахгүй шүү
Салах талаар бодохгүй шүү
Хүүхдийн дэргэд маргахгүй шүү

Миний хажууд чамайг муулахад би дургүй
Мэдээж Монголд асуудалгүй гэр бүл үгүй
Найзуудтайгаа гараад яв
Найдвартай бол хамаагүй
Хайр нь тултал нь арыг нь даана
Тайтгартал минь хажууд суу еээ
Өвөө эмээ болоод яаж танилцсанаа ярих уу
Өглөө бүр үнсэж унтахад хөл нуруу барих уу
Хүүхдийн дэргэд хэрүүл маргаан
Хүйтэн байдал харуулахгүй байя
Аав нь ээжид нь хайртай болохоор
Айлын охиныг зовоохгүй байх
Хоёулаа бодлогогүй шүү
Салах талаар бодохгүй шүү
Юуг туулсанаа мартахгүй
Юу ч болсон холдохгүй
Гэр бүл дахиж олдохгүй шүү
Гэхдээ хоёулаа бодлогогүй шүү
Хүүхдийн дэргэд согтохгүй шүү
Салах талаар бодохгүй
ХҮҮХДИЙН ХАЖУУД ОРИЛОХГҮЙ ТОХИРЬЕ
АХИЖ ХОЁУЛАА МУУДАХГҮЙ ШҮҮ

Ахиж хоёулаа муудахгүй шүү
Салах талаар бодохгүй шүү
Хүүхдийн дэргэд маргахгүй шүү

Ахиж хоёулаа муудахгүй шүү
Салах талаар бодохгүй шүү
Хүүхдийн дэргэд маргахгүй шүү

Ахиж хоёулаа муудахгүй шүү
Салах талаар бодохгүй шүү
Хүүхдийн дэргэд маргахгүй шүү

Би хамгийн cool аав болноо
Чамайг тэвчиж хүлээх болноо
Ямар ч ууртай байсан эхнэр хүүхэдрүүгээ инээх болноо
Бидний ирээдүй хүүхэд болохоор тэдний төлөө гүйх л болноо
Миний CHANNEL GOOGLE болноо хожим хойноос шуугих болноо
Харанхуйгаас гэрэл олноо
Хэрүүл болиод эрүүл бодлоор
Хамаг зүйлээ хүүхдэд үлдээж
Халуун дулаан тэврэх болноо еээ
Гэр бүл болоод
Эр хүн болохоор
Нэр төр болоод
Үр хүүхэд хамгийн эрхэм болноо
ХОЁУЛАА ЕР НЬ БОДЛОГОГҮЙ ШДЭЭ

Ахиж хоёулаа муудахгүй шүү
Салах талаар бодохгүй шүү
Хүүхдийн дэргэд маргахгүй шүү

ХҮҮХДИЙН ДЭРГЭД МАРГАХГҮЙ ШҮҮ

Б.Саруул


Categories
мэдээ нийгэм

Мөргүүлсэн цагдаагийн биеийн байдал тааруу байна

Өнөөдөр Сүхбаатарын талбайд АН-аас “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” болсон билээ. Уг жагсаалын үеэр Төв музейн зүүн талын уулзвар дээр ажлаа хийж байсан замын цагдааг 00-02 дугаартай Ланд крузер маркийн машины жолооч мөргөсөн осол гаргажээ. Цагдаагийн биеийн байдал тааруу, ухаан санаа нь орж гараад байна. ГССҮТ-д шинжилгээ өгч үзүүлж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны эх сурвалж хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монголын Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас хүслээ. Энэ тухайгаа “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр байнгын хорооны дарга Ж.Ганбаатарт хүргүүлэв. Арга хэмжээ авах тухай албан бичигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч дэмжигдээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний эцэст дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Т.Аюурсайхан, Л.Болд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг хүлээсэн байна. Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнээс хойш 7 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Иймд уг хуулийн төслийг 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг Танаас хүсэж байна. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11-д “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” тухай арга хэмжээ тусгагдаж, авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Гэвч энэ заалт батлагдсан өдрөөсөө хойш 20 хоногийн дараа Улсын Их Хурлын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон юм. Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын хүрээнд ашигт малтмал, уул уурхайн салбарыг зохистойгоор хөгжүүлэх, үр өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хөрөнгө оруулагчидтай эрх тэгш, харилцан ашигтай ажиллах зэрэг нь Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа амин чухал асуудал мөн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэдэг байх онцгой ач холбогдол бүхий эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон төрийн бодлогоо хамгаалж Монголбанкыг ашиглах хууль санаачилсан юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайланг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн байх бөгөөд энэ үеэр “Рио-Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, Улсын Их Хурлын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд сөхөгдөж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсаас гарч буй экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг илэрхийлжээ.

Улс орны хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолд үнэмлэхүй хувь нэмэртэй гэж үзэж болох ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй иймэрхүү хүндрэл, бэрхшээлийг төрийн оновчтой, ухаалаг бодлогоор шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд нэн даруй авч хэрэгжүүлвэл зохих нэг л арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль юм. Түүнчлэн саяхан батлагдаж, 2020 оны 01 дүгээр сараас мөрдөгдөхөөр хүлээгдэж буй татварын багц хуулийн асуудлыг мөн нухацтай авч үзэх, уг хуулиудаар гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн болон үндэсний эрх ашигт хохиролтой олон асуудал дагуулсан, зөрчил хийдэл ихтэй эрх зүйн орчин бүрдэж байгааг онцгойлон анхаарах шаардлага бас байна. Эдгээрийг судлан үзэж, анхаарал хандуулан ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.