“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааг СХД-ийн ЗДТГ болон “Хонгорын шинэ эрин” ХХК нар дэмжин ажиллаж байгаагаас гадна “Монголын Хүүхдийн урлан бүтээх төв”, Монголын Үндэсний сурын холбоо, хүүхдэд ээлтэй олон төрийн болон төрийн бус байгууллага, холбоод хамтран зохион байгуулж байгаа юм. Баярын арга хэмжээний үеэр хүүхдийн бөхийн барилдаан, хүүхдийн үндэсний сурын харваа, морь унуулах үйлчилгээ, Монголын хүүхдийн ордон болон ЕБС-ийн шилдэг сурагчдын урлагийн тоглолт, морьтой буухиа тэмцээн, “Хос сайхан морьтон гэр бүл” шалгаруулах тэмцээн, “Гийнгоо” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах аж. Монгол үндэсний хэв шинж маягийг агуулсан, эрийн гурван наадмын өв соёл, ёс заншлыг сурталчилсан, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах зорилготой “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ 11:00-18:00 цагийн хооронд Хүй долоон худгийн “Хүнс, худалаа, үйлчилгээний талбайд зохион байгуулагдах бөгөөд хүүхэд, залуусыг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ах, эгч нар нь уриалж байна хэмээв.
Month: May 2019
Дөрөвдүгээр сард 52 тэрбум төгрөгийн мөнгөн ус бусдад худалдахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгасан билээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газраас дээрх хэргийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоосон бөгөөд их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүсийг Эрүүгийн хуулийн 24.3-т заасан Химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулахыг завдсан үндэслэлээр мөрдөн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Чопперын моторын дуунд нэгдсэн 800 мотоциклчид төмөр хөлгөө хөлөглөн тав дахь жилдээ “Талын салхи-2019” олон улсын мото наадамд оролцоно. Арга хэмжээг зургадугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулах бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадын хамт хөдөлнө. Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд Дэлхийн II дугаар дайны дараа Америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклын үүсэл тавигдаж байв. Ингээд 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон ба Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьж байжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тангараг өргөлөө. Энэтхэгийн эрх баригч “Бхаратия Жаната” нам дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 19-ний хооронд болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар Нарендра Моди Засгийн газрын тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, тангараг өргөж байгаа юм.
Тангараг өргөх ёслолд улс төрийн өндөр албан тушаалтнууд, Болливуудын одод, Бангладеш, Шри-Ланк, Мьянмар, Непал, Бутан зэрэг гадаад улсын төрийн тэргүүнүүд оролцсон бол, зарим сөрөг хүчнийхнээс нь, мөн Пакистаны Ерөнхий сайд Имран Хан зэрэг хүмүүс байлцаагүй байна.
Нарендра Моди сонгуулийн хугацаанд хувийн байр байдлаасаа гадна өнгөрөгч хоёрдугаар сард Пакистаны талтай Кашмирт мөргөлдсөний дараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой байр суурь зэргээ хүмүүст илүү харуулахыг чармайж байсныг хэвлэлүүд дурджээ.
Танхимын тэргүүнээс гадна Энэтхэгийн шинэ Засгийн газрын гишүүд тангаргаа өргөөд байгааг ч мэдээлж байна. Хоёр дахь бүрэн эрхийн тангаргаа өргөөд байгаа Засгийн гарын тэргүүн болоод шинэ Засгийн газар Энэтхэгийн эдийн засгийн удаашралыг даван туулах, шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлага шахалттай тулаад байгаа юм.
Үүнээс гадна Энэтхэгийн Сангийн сайд Арун Жетли эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа зарласнаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Модигийн нам, шинэ Засгийн газар нэгэн шинэ цохилтод орсон гэж хэвлэлүүд бичиж байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр зохион байгуулсан жагсаалынхаа шаардлагыг хурал даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулан өглөө. Мөн Ерөнхий сайдад ч энэхүү шаардлагаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.
УИХ дах АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Эрх баригчид албан тушаалын төлөөх тэмцэлдээ ард иргэдийг хөлдөө чирч бухимдуулах үйлдэл хэрээс хэтэрлээ. Мөн улс орныг дарангуйлал руу аажмаар хөтлөх санаархал газар авч байгааг АН эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга болон Засгийн газарт өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Энэхүү шаардлагадаа Засгийн газрыг огцруулах шаардлагатай байгааг хэдэн зүйлээр онцолж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудлаар хариуцлага тооцохгүй байгаа явдал, сүүлийн үед олон сая ам.долларын авлига авсан сайд нарын тухай яригдаж байгаа ч ямар ч хариу өгөхгүй байгаа явдал, төрийн албаны байгууллагуудаас авлига илэрсэн байхад үүнтэй холбогдуулан хариуцлага тооцохгүй байгаа асуудал, Үндсэн хуулийн цэцтэй хуйвалдаж нөхөн сонгуулийг цуцалсан асуудал, шатахуун, мах гэх мэт стратегийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөж байгаа нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болж байна гэдгийг жагсаалд оролцогчид хэлсэн” гэлээ.
ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна. Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм. Энэхүү сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, мэдлэг дадлагыг эзэмшиж байна. Мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн дадлагаа “Туушин” зочид буудал болон “Мах Импекс” ХХК-д хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.
-УИХ Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Эдийн засгийн байнгын хороон дээр уг ажлын хэсгийн тайланг сонслоо. Ямар дүгнэлт гарсан талаар тодруулаач?
-Эдийн засгийн байнгын хороогоор Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Ажлын хэсэг Оюу толгойн гэрээг эргэн харж, сайжруулах ёстой гэх дүгнэлтийг гаргасан. Дубай болон анхны гэрээн дээр ч ялгаагүй эргэн харах зүйлүүд байна гэдгийг хэлж байгаа.
-УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан учраас Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх боломжтой юм билээ. ЭЗБХ-оос Засгийн газарт чиглэл өгөх үү?
-Бид УИХ-ын даргатай зөвшилцөнө. Миний хувьд энэ дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор зайлшгүй хэлэлцүүлээд УИХ-аас тогтоол гаргах нь зөв гэж үзэж байна. Энэ саналаа ч УИХ-ын даргад хүргүүлнэ гэсэн бодолтой байгаа. УИХ-ын дарга энэ асуудалд ямар чиглэл өгөхийг мэдэхгүй. Одоогоор хараахан уулзаж амжаагүй байна. Ямартаа ч Оюу толгойн гэрээг зайлшгүй эргэж харахаас өөр аргагүй байна.
-Монголчууд Оюу толгой компанид өрөнд ороод зогсохгүй, өрийн хүү нь 541 сая ам.доллар болж өсчээ. Энэ яг ямар учиртай юм бэ?
-Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалт гэж тэрбум гаруй ам.доллар өгөх ёстой байсан юм билээ. Үүнийгээ өгөөгүй учраас нөгөө тал банкнаас зээл авсан байгаа юм. Тэрхүү зээлийн хүү нь л нэмэгдсээр байгаад 500-гаад сая ам.долларын асуудлыг үүсгэчихсэн хэрэг. Гэхдээ Монголын тал өнөөдрийн байдлаар нэг ч ам.доллар зарцуулаагүй байгаа.
-Монгол Улс Оюу толгойгоос эхний ашгаа 2048 онд хүртэнэ гэх юм. Ийм зүйл байж болох уу?
-Монголын талд, 34 хувьд хэзээ ашиг ирэх вэ гэдгийг миний болон бусад гишүүдийн зүгээс онцлон асууж байгаа. Яах аргагүй санаа зовоож буй гол зүйл нь Монголын талд өгөөж хэдийд ирэх тухай юм. Үр ашигаа өгөх хугацаа нь 2038, 2048 он гэсэн хоёр өөр тоог Сангийн яам болон Оюу толгой компанид Монголын талыг төлөөлж буй удирдлага хэлж байна лээ. Энэ бол үнэхээр байж болшгүй зүйл л дээ. Энгийн бизнес таван жил, хамгийн дээд тал нь 10 жилийн дараа үр өгөөжөө өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийдэг.
Гэтэл 20, 30 жилийн дараа үр өгөөжөө өгнө гэж байгаа нь тун онцгүй явдал юм. Анх тохирсон хөрөнгө оруулалтынхаа зардлыг нэмэгдүүлэхгүй гэж УИХ-ын тогтоол дээр зааж өгчихөөд байхад Дубайн гэрээгээр нэмэгдүүлж, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн нь маш буруу.
-Рио Тинтогийн хувьд Оюу толгойн гэрээнд цэг, таслалын ч өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн байсан. Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух боломж бий юү?
-Оюу толгойн гэрээнд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхэд 15 гишүүн оролцсон. Хуралдаанд оролцсон гишүүд энэ гэрээг эргэж харах зайлшгүй шаардлага бий гэсэн саналыг хэлсэн. Тийм учраас энэ асуудалд ганцхан байнгын хорооны дүгнэлт гаргаад зогсохгүй УИХ-аар тогтоол гаргах, Засгийн газарт чиглэл өгөх эсэх нь УИХ-ын асуудал болж хувирч байгаа хэрэг. Энэ бол ганцхан Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудал биш гэж миний хувьд дүгнэж байгаа.
Оюу толгой компани ил уурхайн нөөцийнхөө 16 хувийг, далд уурхайнхаа 7-8 хувийг ашиглачихсан юм билээ. Дийлэнх хэсгээ ашиглаагүй байна гэсэн үг. Тэгэхээр Монголын болон рио Тинто ч ялгаагүй хэлэлцээрийн ширээний ард сууж, энэ асуудлууддаа анхаарал тавих нь зүйтэй юм.
-Оюу толгойн хувьцаа, үл хөдлөх хөрөнгүүд, ашиглалтын тусгай зөвшөөрөл, дотоод, гадаадын данснууд зэргийг 15 банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан гэх зүйл яригдаад буй. Энэ үнэн бол манайд ямар эрсдэлтэй юм бэ?
-Сангийн яамнаас энэ талаар тодруулахад “Батлагдаагүй мэдээлэл” гэсэн зүйлийг ярьж байна лээ. Манай талаас л тийм байх магадлалтай гэж хардаж байгаа юм билээ. Тийм байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ бол батлагдаагүй мэдээлэл.
-Татварын багц хуульд татварын байцаагчдад давуу байдал олголоо гэж шүүмжилж байгаа. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй учир энэ асуудлыг дахин ярих боломж бүрдсэнгүй гэдгийг ч хэлж байна. Энэ тухайд?
-Татварын байцаагчийн эрх мэдэл өмнөх хуулиасаа нэмэгдсэн. Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр хяналт шалгалтыг дахин хийж болно гэсэн зүйл байгаа. Мөн байгууллагуудад тооллого, үзлэг хийж болно гэх мэтээр аж ахуйн нэгжүүдийн дотоод эрх ашигт хандсан зүйлүүд орсон нь үнэн. Гэхдээ төр байгаа цагт татвар авах, төлөх нь үнэн шүү дээ. Хамгийн гол нь хэрэгжүүлэхдээ хэт дарамталсан байдлаар, тухайн байгууллагад орлого боломжийг нь олгохгүй, үйл ажиллагааг нь хааж, боох нь зохимжгүй юм. “Би энэ байгууллагыг очоод цоожилчихож чадна. Энэ надаас гуйхгүй яадаг юм” гэсэн суурь дарга зан байдагт л асуудал оршоод байгаа юм. Хуулиа бариад л ажиллах ёстой.
-УИХ-ын зарим гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ яг ямар учиртай хууль вэ?
-Миний хувьд Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар хуулиудыг дагаж гардаг томоохон журмуудыг цэгцэлж байгаа юм. Ямар нэгэн байдлаар журамд хураамж, зөвшөөрөл гэх мэт зүйлүүдийг оруулахаар болвол Засгийн газраас зөвшөөрөл авдаг болно. Энэ нь 2004 оноос хойш яригдсан асуудал юм билээ л дээ. Энэхүү хууль агентлагийн дарга нарын дураараа авирладаг байдлыг цэгцлэх байх гэж найдаж байгаа.
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Таны хувьд энэ удаагийн үндсэн чиглэлийн хэрхэн дүгнэж байгаа вэ?
-10 их наяд 600 гаруй тэрбум төгрөгөөр 120-иод ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж Үндсэн чиглэлд заасан. Бүхэл бүтэн нэг улсын тухай ярьж байгаа тохиолдолд харьцангуй бага мөнгө юм гэж бодож байгаа. Хувь хувьсгал, гадны зээл тусламжтайгаа нийлээд гурван тэрбум хүрэхтэй үгүйтэй ам.доллараар л ажлууд хийж гүйцэтгэх нь гэсэн үг л дээ. Энэ бол чамлалттай л тоо харагдаж байгаа юм. Ямартаа ч хэдий өртгөөр, ямар ажлууд хийгдэх эсэх нь төсөв хэлэлцэх үеэр дэлгэрэнгүй яригдах болно.
-Та Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдсон. Байнгын хороон дээр хэлэлцэхээр хүлээгдэж буй ямар асуудлууд байгаа вэ?
-Ер нь бүх асуудлын гол нь л эдийн засаг шүү дээ. Улс хоорондын маргаан газар нутаг, үзэл бодлын зөрчлөөс эхтэй байдаг байсан цаг хэдийнэ ард хоцорч эдийн засаг, худалдааны л дайн болдог болсон. Өнөөдрийн нийгэмд бүх асуудал эдийн засгаас шалтгаалдаг болчихсон. Тэр утгаараа Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаж байгаа яамдууд бусад байнгын хорооныхоос харьцангуй их. ЭЗБХ-нд таван яам, хоёр хэрэгжүүлэгч агентлаг харьяалагддаг. ЭЗБХ-оор улс орны томоохон асуудлуудыг эдийн засгийн үр дүнтэй юу, үгүй гэдгийг чухалчлан авч үздэг. Тиймдээ ч чухал байнгын хороо гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр манай байнгын хороон дээр хэлэлцэхээр хүлээгдэж буй 24 асуудал байна. Энэ нь мөн л бусад байнгын хороодын хэлэлцэх асуудалтай харьцуулахад харьцангуй их байгаа юм. Иймд байнгын л өндөр ачаалалтай ажиллах шаардлагатай. Миний хувьд энэ ажлыг хүлээж аваад өмнөх хүмүүсийнх нь хийж, хэрэгжүүлсэн ажлыг гүйцээх, Засгийн газар болоод Их хурлын хоорондын харилцааг хурдан шуурхай болгох хэрэгтэй гэж харж байна. Мөн зөвхөн орж ирж байгаа асуудлуудыг ярихаас илүү тус байнгын хороо өөрөө санаачилж хийж хэрэгжүүлэх ажил олон бий. Гэхдээ цаг хугацаа бага байна. Үндсэн хууль хэлэлцэгдээд эхэлбэл бүх байнгын хороодын хэлэлцэх гэж байгаа асуудлууд зогсдог. Тиймээс Үндсэн хууль хэлэлцэж эхлэхээс өмнө гол асуудлуудаа хийж хэрэгжүүлэх ёстой. Хүлээгдэж байгаа ажлууд их байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сонины газраас зохион байгуулж буй 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдаж, үндсэн илтгэгчээр оролцов. Тэрбээр дэлхийн шинэ дэг журам, хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудал болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төрөөс явуулж буй бодлого, цаашдын зорилтын талаар илтгэв. Тус форумд Филиппин Улсын Ерөнхийлөгч Р.Дутертэ, Малайзын Ерөнхий сайд М.Махатир, Бангладешийн Ерөнхий сайд Ш.Хасина, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен нарын зэрэг төр, засгийн тэргүүн нар оролцож байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр “Никкэй” сонин, “Nikkei Asian review” сэтгүүлд ярилцлага өгөв. Мөн форумын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Либериал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай нартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Төрийн ордонд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна.
Хойд Солонгост Төрийн зөвлөлийн АНУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хек Чоль цаазлуулсан гэж Өмнөд Солонгосын “Чосун Ильбо” сонин мэдээлжээ. Түүний зэрэгцээ, Ханойн дээд хэмжээний уулзалтанд оролцсон, БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дөрвөн албан тушаалтныг мөн цаазалсан байна.
“Чосун Ильбо” сонины мэдээлснээр, АНУ болно БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай зөвшилцөлд хүрч чадаагүй гэж дээрх өндөр албан тушаалтнуудыг цаазлах тушаалыг Ким Жон Ун өгсөн гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлжээ.
Эргэн сануулахад, АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон юм. Энэ хэлэлцээрийн дүнгээр талууд хэлэлцээрт гарын үсэг зуралгүй, хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэлгүй уулзалтыг өндөрлөсөн.
Ийнхүү зөвшилцөлд хүрч чадаагүйн шалтгаан нь Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээ байлаа. Энэ уулзалтын дараа Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ БНАСАУ бүхий л хориг арга хэмжээг цуцлахыг шаардсан гэж байв. Харин БНАСАУ-ын Гадаад хэргийн яам үүнийг үгүйсгэн, хязгаарлалтын арга хэмжээг хэсэгчлэн цуцлах хүсэлт тавьсан хэмээн онцолж байлаа.