Categories
мэдээ цаг-үе

Ж.Нэргүй: Тархи гэдэг жаахан эрдэнээ талын нэг тараагаад хаячихсан би өөрийнхөө юуг нь бичих юм

Түрүүч нь №106(6207) дугаарт


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Польшийн Фердинанд Оссендовски, АНУ-ын Айн Рэнд, Оросын Эдуард Тополь, Владимир Высоцкий, Михаил Веллер, Владимир Войнович нар болоод Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейний бүтээлийг монгол хэлэнд анх удаа орчуулж. “Ялалтын симфони”, “Сэтгэл хазгар биш бол…” яруу найргийн, улс төр, эдийн засгийн нийтлэлийн “Хөшүүрэг”, уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”, эссээ нийтлэлийн “Ясан хуягт мэлхий их далайг зоримой”, орчуулга-судалгааны “Осол сүйрлийн бага нэвтэрхий толь”, Барон Унгерны тухай “Од шингэдэггүй” кино зохиол, судалгаа-орчуулгын “Нууц товчоо”-ны Палладий Кафаров” зэрэг ном бүтээлүүдээ уншигч олонд хүргэсэн өнөө цагийн нэрт соён гэгээрүүлэгч юм.


-Ээжийнхээ тухай бичсэн юм л хамгийн гоё болох юм даа…

-Тэгэлгүй яахав, ярих ч юм биш. Саяхан би яруу найрагч Доржпаламын Сумъяагийн “Амармагийн ааль” билүү, нэг номонд нь орсон, ижийнхээ тухай бичсэн дурсамжийг уншлаа. Мөн л ээжийн хөрөг юм даа. Бас л мэлмэрүүлэх шахсан. Өөрт нь ч зориуд баяр хүргэсэн, Чойномын “Өд” сан дээр таараад. Эр ч бай, эм ч бай, хүн чинь дандаа сайхан үгээр дутагдаж явдаг юм ш дээ.

-Ер нь хөрөг бичихийн нууц гэж юу байдаг юм бол оо?

-Хөөш нөхөөр, энэ чинь дандаа хөргүүд биш шүү дээ. Хөргөөр л асуултаа дагнаад байх юм.

-Тийм ээ, тийм. Энд чинь дурсамж ч байна лээ, хөрөг ч байна лээ, хэн нэгний уран бүтээлийг задалсан шүүмж судалгааны чиглэлийн юм ч байна лээ. Та ер нь асар их ажигч гярхай, уран зохиолын маш зузаан мэдлэгтэй, тэгээд задгай бичлэгтэй, танхай сэтгэлгээтэй хүн юм. “Чойномын орчуулах авьяас” гээд маш их сонирхолтой нийтлэл байсан шүү?

-Чойномын бэлэн зэлэн шүлэглэх авьяасыг нь л ам булаалдан яриад байдаг болохоос биш, орчуулах эрдэм, чадлынх нь тухай дэлгэрэнгүй байтугай, товч төдий юм ч гараагүй нь үнэн. Ринчен гуайн өнөөх “Марк Твений минь махыг идэж дээ” гэснээс хойш ер нь орчуулгын чанарын талаар олигтойхон чансаатай юм үзэгдээгүй. Ер нь манайд чинь орчуулгын судлал гэдэг юм огт хөгжиж өгөхгүй байгаа юм. Д.Галбаатар доктор ч арваад жилийн өмнө үнэнийг нь хэлсэн, “Манайд даанч гадаад хэл сайтай шүүмжлэгч алга” гэж. Уг нь орчуулгын шүүмж, судлал гэдэг чинь уран зохиол судлалын маш том салбар байхгүй юу. Гэтэл төгс төгөлдөр гадаад хэлтэй, хажуугаар нь өөрөө уран зохиолч хүн манайд их үгүйлэгдэж байна. Чухамхүү тийм л, хос чадвартай хүн орчуулгын шүүмж бичиж, судалгаа хийж чаддаг юм. Тийм “сайн хоточ нохой” байхгүй учраас л орчуулагч бүхэн өөрийгөө өнөөдөр Мишигийн Цэдэндорж гэж боддог болчихсон. Тэрнээс биш, орчуулгын онол гээд сүйдтэй тусдаа юм байдаггүй юм ш дээ. Орчуулгын шүүмж гэдгийг чинь зүгээр л нэг гадаад хэлний багш хүн шүүрч аваад уйдсандаа юм уу, атаархсандаа хийчихдэг эд биш. Харин сүүлийн үед МУИС-ийн хятад хэлний багш Ш.Эгшиг нарын санаачилсан орчуулга зүйн профессорын хамтлагаас ийм ажлын эхлэлийг тавиад эхэлсэн. “Орчуулга зүй” гэсэн сайн сэтгүүл гаргадаг болсон. Одоохондоо яахав, хятад хэлнээс хийгдсэн орчуулгууд дээр голлодог юм шиг байна билээ. Цаашдаа бусад хэлнийхийг үзэж хардаг болно байх гэж найдаж байна. Миний энэ Чойномын орчуулгын талаар бичсэн юм гэвэл эхлэл төдий зүйл. Ирээдүйд чадалтай залуучууд гарч ирээд Чойномын тэр чадварынх нь талаар дагнан судалгаа хийж диссертаци бичих болбол бэлэн хоол болж магадгүй.

-Хөрөг бичихийн нууц гэж тэгээд юу байдаг юм бол оо?

-Би яаж нарийн мэдэхэв дээ, тэгээд ч тэрийн болгоныгоо задлаад байх албагүй. Бичвэрээс нь төдийлөн тайлагддаггүй нууц ч байдаг. Ямар ч байсан зарим эрдэмтдийн энд тэндээс хуулж аваад эмхтгэчихсэн намтар судлал гээч юм биш байх. Намтар судлал гэдэг ч бас уран сайхны чанартай байх ёстой. Зөвлөлтийн алдарт цуврал өнөөх “ЖЗЛ” буюу “Суут хүмүүсийн амьдрал”-ын номнууд ямар тансаг, насан төгөлдөр байдаг билээ, чи лав мэднэ дээ. Цаад хүнээ төгс судалсан, зохиол бүтээлд нь шимтэн дурласан, тэр хүнээ уран бүтээлч талаас нь байтугай хүн талаас нь сэтгэл зүрхээрээ хайрласан байх ёстой болов уу. Хүнд хайртай, сайхан сэтгэлтэй хүн л сайхан хөрөг бүтээдэг. Тэр хүнийхээ сайн чанарыг товойлгож гаргаж ирэхийн тулд өөрийгөө хайр найргүй доош нь чихсэн байсан ч яадаг юм бэ гэж би мунхагладаг. Хүн чанараар нь бүү хэл, гэм согогоор нь доош нь чихсэн ч яадаг юм, өөрийгөө. Өөр хүний муу чанартай харьцуулалтай биш. Тийм нэг цорын ганц алдаа гаргасан нүгэл надад бий.

-Яасан юм?

-Хэлэхгүй ээ, дахин сануулж, уурыг нь хүргээд, бусдад өгөөш болоод яахав. Туршлагагүйтсэнийх. Бас зарим нь “Чи хүний мууг ердөө бичихгүй юм” гэж буруутгахыг оролддог. Хэдийгээр би тэгж бичиж чадах ч зүрх минь зөвшөөрдөггүй. Муулъя гэвэл, гэхдээ энд уран зохиолын шүүмжийн талаар яриагүй, зөвхөн хувь хүний чанар талаас нь ярилаа шүү, газар дор ортол нь муулж чадна. Ичиж үхтэл нь. Гэвч хэзээ ч тэгж үр ач нартаа хараал хурааж үлдээхгүй. Цаагуур чинь дэлхий дүүрэн муухай хүмүүс байгаа, яршиг. Хувь хүн талаас нь, тухайлбал, архичин, харамч, садар самуун гэх мэтээр муулахыг зөвшөөрсөн онол гэж байдаг юм бол тийм онолыг эзэмшсэн нь л муулаг. Ямар ч хүнийг муулах түмэн шалтгаан бий, харин сайлах ганц ч атугай чанар байвал тэрнийг нь гаргая л гэж боддог. Гэтэл дандаа сайныг нь бичихээр зарим нь болохоор бялдуучиллаа гэдэг. Тэгвэл, би, жишээ нь, наана чинь жинхэнэ уран сайхны хөрөг нь орсон “шар” Мягаа (Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн. сур)-даа зуйрганаад яах юм бэ. Хүнийг буруутгахын тулд өөрөө асар их уншсан байх ёстой. Бас өөрөө маш сайн хийж чаддаг байх ёстой. Оросын сүүл үеийн сайн хөрөгч Эдуард Лимонов мууг нь гаргаж тавихыг голчилдог бол уран сайхны хөрөг нийтлэлийн үндэс суурийг дэлхийд тавьж өгсөн агуу их Максим Горький ч юм уу, Францын алдарт Андре Моруа бол ихэвчлэн сайн талаас нь бичсэн байдаг. Горькийн тэр Оросын хаант засгийн үеийн нэхмэлийн магнат Савва Морозовын тухай хөргийг уншиж үзсэн үү. Гайхалтай шүү дээ. Энэ атгаг нийгэмд хүмүүс дандаа хайраар өлсөх болсон. Ялангуяа уран бүтээлч эрчүүл. Аргагүй шүү дээ, цаад хүүхнүүд чинь эрчүүлээ “эрс хүйстэн” гэдэг болсон гээ биз дээ. Олигтойхон ажил олоод хийчихгүй, олигтойхон мөнгө олоод ирэхгүй, олигтойхон агсам тавьчихаж чадахгүй, олигтойхон нууц амраг ч байж чадахгүй болсон гэдэг гээ биз дээ. Өөрсдөө тэгвэл ямар юм. Гайгүй хэвтэнэ ээ, но баанууд.

-Ноо баанууд гэж юу гэж байгаа юм?

-Нохойн бааснууд гэж байгаа юм. А-г Б гэж гоёчлоод яахав. Гэтэл өнөөх эрчүүл чинь л хэдэн үрийнхээ төлөө муу хэлэгдэн, хэлэгдэн нуруугаа махийтал зүтгэдэг, хайр энэрлээр дутаад ирэхээрээ архи, тамхи хоёроос л тайтгарал хайдаг биз дээ. Эсвэл амиа хорлоод үхчихдэг. Яахаараа тэднийхээ сэтгэлийг жаахан ч гэсэн засаж болдоггүй юм. Хүнд чинь бас хайрын хэл гэж нэг юм байдаг даа.

-Тийм байх л даа, та жишээ нь номондоо тэнгэр болооч анд Оршихоог маань “хуруугаа ч тасдаад өгөхөд бэлэн хүн” гэсэн байсан. Ёстой нүдээ олсон илэрхий дүгнэлт гэж баярласан шүү. Бас Мэнд-Ооёо гуайг Дашбалбарын шидээд эвдчихсэн утсыг маргааш өглөө нь засаад сууж байхыг нь гайхалтай дүрсэлсэн байна лээ дээ?

-Мэнд-Ооёо бол тийм л түмэн амгалан зантай хүн. Харин манай Базаррагчаагийн Бат-Орших бол “Ах нь энэ хуруугаа цахилгаан хөрөөнд тасдуулчихлаа. Одоо цаад Гэмтлийн эмнэлэг чинь тасдаад хаячихсан хурууг буцаагаад залгадаг болчихсон гэнэ. Ах нь нөгөө тасарсан хуруугаа тэнд нь орхичихсон чинь алга болчихож, нохой зуугаад явчихсан байх. Чи долоовор хуруугаа (Хаалтанд хийгээд анхаарлын тэмдэг тавьчихаарай, бүр хамгийн хэрэгтэй долоовор хуруугаа шүү!) өгчихөөч” гэвэл “За тэгье” гээд л босоод дагаад явах хүн байсан юм. Тэгдэгтээ ч өөрийгөө хохироочихсон юм, хүнд садаа болохгүй гэсэн юм уу, аль эсвэл хажуудахууд нь хайрын хэлийг нь ойлгохгүй болохоор гомдоод явчихсан юм уу, бүү мэд, хөөрхий минь. Жинхэнэ Чойномын бүрэлбаа чинь манай Оршихоо байсан. “Бурхан ээждээ би бурхан болтлоо залбирна” гэж бичсэн хүн чинь өөрөө түрүүлээд бурхан болчихсон, бурхан ээж нь л харин бурхан болсон хүүдээ одоо залбирч суугаа. Хорвоо гээч ийм л маанаг. Мартсанаас, хөрөг хийхэд ганц оновчтой дүгнэлт ч цаад хүнээ алт шиг болгочихдог юм. Тухайлбал, Карл Марксыг энэ гарагаас маханбодио хураахад оршуулган дээр нь Фридрих Энгельс “Хүн төрөлхтөн нэг толгойн хэмжээгээр намхан боллоо” гэсэн байдаг билүү. Мундаг шүү.

-Та өөрийнхөө тухай хөрөг хийж чадах уу?

-Достоевский биш дээ, ямар. Тэр агуу Солиот гуай чинь ч гэсэн өөрөө өөртөө некролог бичсэн байдаг болохоос биш, хөрөг хийснийг нь дуулаагүй юм байна. Тархи гэдэг жаахан эрдэнээ талын нэг тараагаад хаячихсан өөрийнхөө юуг нь гол болгон барьж авах юм. Тийм үү.

-Ийм л танхай бодолтон шүү? (хоёул инээлдэв. сур)

-Намайг тоосонд чинь гялайлаа.


Categories
мэдээ цаг-үе

М.Алтансүх: Хөдөлмөрийн зах зээлд хүүхдийн эмч, нягтлан, инженерүүд эрэлттэй байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран өнгөрсөн онд Дэлхийн комиссоос батлан гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” дэлхийн илтгэлийг танилцуулах гурван талт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захирал М.Алтансүхтэй ярилцлаа.


-Ирээдүйн ажил мэргэжлийн тухай мэргэжлийн байгууллагууд хэлэлцэж байна. Дэлхий нийтэд одоо эрэлттэй байгаа ямар мэргэжил байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн форумаас хийсэн судалгаагаар хиймэл оюун ухаанд тулгуурласан бизнесүүд амжилттай хөгжиж байна гэж үзэж байгаа. Дижитал эрин үе, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухаантай холбоотой ажлын байрны эрэлт ихээхэн нэмэгдэж байна. Тэр тусмаа технологид суурилсан ажлын байрны эрэлт хамаагүй өндөр байх жишээтэй. Манайд бол өөр. Эдийн засгийн бүтцээсээ шалтгаалж бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүд эрэлттэй байна.

-Бүр цоо шинэ мэргэжил гарч ирэх нь үү?

-Бид нарын одоогийн судалгаа хязгаарлагдмал хүрээтэй. Янз бүрийн мэргэжил нийлж байгаа хандлага бол байна. Хүний ур чадвараас шалтгаалж мэргэжлийн чиг баримжаа нэлээд өөрчлөгдөж байна. Ажил олгогч талаас тавьж байгаа шаардлага ч өөрчлөгдөх болсон.

-Тэгвэл манайд одоо зонхилж байгаа ажил мэргэжил юу байна. Олон улсын чиг хандлагатай хэрхэн дүйцэж байх юм?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инсититутээс ирээдүйд богино хугацаанд Монголын хөдөлмөрийн зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг жил бүр судалж, оны эхэнд тайлагнадаг. 2019 оны байдлаар 69 мянга гаруй ажлын байр бий болсон. Хамгийн хэрэгцээтэй, зонхилж байгаа мэргэжил гэвэл барилгын салбар идэвхжээд засал чимэглэл, шаварчин, мужаан, боловсруулах үйлдвэрт эсгүүрчин, оёдолчин эрэлттэй байна. Дээд боловсрол шаардсан мэргэжлүүдээс нягтлан бодох, их эмч, тэр дундаа хүүхдийн эмч, эм зүйч, төрөл бүрийн инженерүүд эрэлттэй. Энэхүү судалгаа зөвхөн энэ онд бус сүүлийн таван жилд хөдөлмөрийн зах зээлд ажиглагдаж байгаа чиглэл юм.

Хэдийгээр дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа ч хөгжиж буй орны онцлогоос шалтгаалж манай хөдөлмөрийн зах зээл нэлээд ялгаатай. Дэлхийн эдийн засгийн форумаас 2022 онд гэхэд 74 мэргэжлийн хэрэгцээ багасна, цаашид алга болно гэж үзсэн. Тэр нь нягтлан, нярав, нарийн бичиг, худалдагч зэрэг мэргэжил. Харин Монголд нягтлан, няравын эрэлт байсаар байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийг бид баримжаалах ёстой. Жишээ нь манайд land.mn буюу хиймэл оюун ухаанд суурилсан банк бус санхүүгийн байгууллага бий болсон. Энэ бол томоохон өөрчлөлтийн эхлэл. Энэ тал дээр төлөвлөгөө гаргачихсан аж ахуйн нэгжүүд ч манайд байна. Ирээдүйд зарим нэг дэлгүүрт худалдагч хэрэггүй болно. Өөрөө өөртөө үйлчилдэг, худалдагчгүйгээр тооцоо хийгээд гарчихдаг дэлгүүрүүд Монголд нээгдэнэ.

-Манай улс хуульч, сэтгүүлч зэрэг нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлүүдийг аль арван жилийн өмнө зах зээлд илүүдэлтэй гэж зарлаж байсан. Өнөөдөр ч үүнийгээ л ярьж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлээ зөв үнэлж, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэхэд хүргэж байна?

-Хөдөлмөрийн зах зээл дээр тодорхой мэргэжил илүүдэлтэйгээс гадна ажил олоход бэрхшээлтэй мэргэжил ч байдаг юм. Үүнийг бодлогын түвшинд авч үзэхээс илүү олон нийтэд мэдээллийг шуурхай хүргэхэд гол учир байна. Ирээдүйн чиг хандлага яаж өөрчлөгдөхөөс гадна мэргэжил сонгоход зөвлөдөг аав, ээж, ах, эгч нарыг мэдээллээр хангах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр анхнаасаа нийтлэг хэдхэн мэргэжил сонгох биш, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийг баримжаалсан, хувь хүний мэдлэг чадвар дээр суурилсан мэргэжлийг сонгох нь зүйтэй юм. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгээр бодлого боловсруулагчид хөдөлмөрийн харилцаанд гарах өөрчлөлтүүдийг баримжаалах боломж олдож байна. Бид хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг хэм, хэмжээ, дүрэм журамдаа ямар өөрчлөлтийг оруулах вэ, ирээдүйд бид энэ харилцаанд бэлэн байгаа эсэхээ мэдэх шаардлагатай юм.

-Хөдөлмөрийн зах зээлийн нэг чухал хэсэг нь ажил олгогчид. Сүүлийн үед ажил горилогчид ажлын байрандаа тэнцэхгүй тохиолдол хавтгайрсан гэж шүүмжилдэг. Ажил олгогчид энэ тал дээр юу гэж хэлэх юм?

-Ажил олгогчдын ажилтанд тавьж байгаа шаардлагыг харахад зөөлөн ур чадварыг чухалчилдаг болжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд зөв хүн, зөв хандлагатай, байгууллагын соёлд дасан зохицож чаддаг, өөрөө өөрийгөө илэрхийлж үзэл бодлоо хамгаалж чаддаг хүнийг ажиллуулах сонирхолтой болсон. Мэргэжлийн ур чадварыг ажлын байран дээр давтан сургах хэлбэрээр сайжруулах боломжтой гэж тэд үздэг байгаа.

-Уг нь ажил мэргэжилдээ чадвартай хүн байх ёстой биз. Гэтэл мэдлэг боловсролоо хойш тавиад хувь хүнийг төлөвшүүлэхэд анхаарч байна гэдэг нь чамлалттай байна уу даа?

-Бид судалгаан дээр үндэслээд сургалтын хөтөлбөрт тодорхой өөрчлөлтүүд оруулахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, мэргэжил олгохоос гадна зөөлөн ур чадварыг яаж зөв зүйтэй төлөвшүүлэх вэ. Энэ бол дан ганц их сургуулийн дөрвөн жил, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван жилд бэлддэг зүйл биш. Насан туршдаа, магадгүй хүүхэд байхад нь эхлэх ёстой хөтөлбөр юм.

-Хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүй иргэд маш олон байсаар байна. Ажилгүйдэл буурахгүй байгааг нэг талаас та бүхний үйл ажиллагаатай холбож тайлбарлаж болно. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Салбарын яамны зүгээс бид жил бүр судалгааныхаа зөвлөмжийг хэлэлцдэг. Эхний ээлжинд шийдэх ёстой асуудал бол ажилгүйчүүдийн бүртгэл. Өнөөдөр яг үнэндээ 105 мянган ажилгүй иргэн байна. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар дээр очоод бүртгүүлж байгаа нь 24 мянга л байна шүү дээ. Хэлэлцүүлгийн явцад Ажил олгогчдын нэгдсэн холбооны хүмүүс хэлж байна. Ажлын байран дээр ажиллах хүний хомсдол их байна гэж. Өөрөөр хэлбэл, ажилгүй иргэн их байна гэдэг ч ажил хайгаад ирж байгаа нь цөөн байна гэж тэд гомдоллож байна. Тиймээс бид нэг талаас үүн дээр шинжилгээ хийх ёстой. Ялангуяа ажилгүйчүүдийн дунд томоохон байр суурь эзэлж байгаа залуучуудыг бүртгэх ажил хангалтгүй байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллаж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид тун удахгүй мэргэжил сонголтоо хийнэ. Мэргэжлийн хүний хувьд та тэдэнд эрэлттэй байгаа ямар мэргэжлийг зөвлөх вэ?

-Хамгийн сүүлийн судалгаагаар үзэхэд дээд боловсрол шаардаж байгаа ажил мэргэжил гэвэл дээр хэлсэнчлэн уул уурхай, барилгын бүх төрлийн инженер байна. Нөгөөтэйгүүр их эмч, эм зүйчид, нягтлан, менежерийн ч эрэлт буурахгүй байгааг онцлох хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээл дээр эдгээр мэргэжлийн эрэлт байхаас илүүтэй тухайн хүн өөрийнхөө онцлог, ур чадварт тулгуурласан мэргэжлийг сонгох нь зүйтэй гэж зөвлөе.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Хагаралдуулаад захир

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Divide et impera гэсэн латин үг хүний түүхэн дэх магадгүй хамгийн цуутай улс төрийн зарчмын нэг байх. Разделяй и властвуй, Di­vide and rule гэх мэт орос, англи орчуулгыг нь олон хүн сонсохоороо нэг болоо биз. Энэ хэллэгийг хуучны улс төр, философийн орчуулгын ном бүтээлд монголоор Хуваагаад захир гэсэн байх нь харагддаг. Ингэхээр нэг бүтэн биетийг хэсэг бүлэг субьект олон хэсэгт хуваагаад тус тусдаа эзэмших гэж байгаа мэт дүр бий болно. Гэтэл хэлц үгийн утга нь бүр эсрэгээр, тухайлбал нэгэн цул биетийг биентэйгээ зөрчилдсөн олон хэсэг болгон салгачихаад нийтэд нь захирвал хялбар гэсэн санаа юм. Үүнийг Хагаралдуулаад захир гэж орчуулбал илүү дөхөм болох болов уу.

Хэрэвзээ аль нэг газар орон, улс нийгэм, бүлэглэл зэргийг эрхшээн захирах гэж байгаа бол тэрхүү улс орноо эхлээд дотор нь хагаралдуулан бутаргачихаад дараа нь хяналтандаа авч ноёлох хэрэгтэй гэсэн сургаал маягийн стратеги тактик ажгуу. Эртний Ромд баримталж байсан энэ зарчмыг хожим Макавилли задлан тайлбарласан ба, уран зохиолд Александр Дюма “Шадар гурван цэрэг” романаараа нийтэд алдаршуулан ойлгуулсан.

Арга техникийн хувьд тухайн нэгдмэл бүлгийг хооронд нь хагаралдуулахын тулд:

• Ашиг сонирхлынх нь яльгүй ч хамаагүй зөрчилдөөнийг гаднаас нь хөөрөгдөн дэвэргэх.

• Өөрийн захиргаа удирдлагатай зөрчилтэй байдаг жижиг бүлэглэлийг гаднаас нь дэмжих, туслах

• Тухайн удирдлага, захиргааны нэр хүндийг унагаж үл итгэх, дайсагнах уур амьсгал бүрдүүлэх.

• Тухайн захиргааг санхүүгийн хүндрэлд оруулж улс төрийн болон дайн тулааны талаарх шийдвэр гаргах бололцоог нь хаан боогдуулах.

Мэдээж түүхийн явцад энэ нь хөгжин боловсронгуйжсаар есөн шидийн арга технологи нэмэгдсэн боловч дээрх нэрлэсэн хэдэн тактик стратеги голлох үнэлэмж хэвээр. Ийм тактикийг хүн анх үүссэнээс хэрэглээ л биз, гэхдээ бичмэл түүхэнд дурдсанаар хамгийн анх үр дүнтэй хэрэгжүүлж чадсан хүн нь Юлий Цезарь. Эртний Ромын иргэншил буй болгосон хүчирхэг гүрнийг Вандал, Гот, Сармат, Хүннү, Герман гэх мэтийн бүдүүлэг олон аймаг үргэлж сандаргаж байв. Галлийн дайн хэмээх номондоо Цэзарь өнөөгийн Францийг хэрхэн эрхшээлдээ оруулснаа бичсэн. Ялалтынх нь гол шалтгаан нь нэгдсэн Галлийн дунд Вэрцингэротиг удирдагчийг нь бусадтай нь муудалцуулж, үл итгэлцлийн гал өрдөж чадсанаа бахархан тэмдэглэсэн байдаг. Тэрээр Галлид нутагладаг герман овгийнхны заримыг өөрийн цэрэгт элсүүлж, тушаал дэвшүүлж, харж үзэж, шагнаж урамшуулж байв.

Монголын эзэнт гүрний үед хагаралдуулаад захир аргыг цөөн хүн амтай монголчууд сурамгай хэрэглэж байжээ. Тэд хятад хүнийг Төв Азийн лалын орнуудад өндөр албан тушаалд томилохын зэрэгцээ зөрүүлээд лал, христ хүмүүсийг Хятадад том зэрэг дэвд томилон эрх мэдэл олгоно. Ингэснээр харь элэгтнээр удирдуулах болсон аль аль талын дотоодод зөрчил үүсч таараа. Юань гүрний үед улсын нийт хүн амыг угсаа гарвалаар нь дөрвөн зэрэглэлд хуваан тус болгонд нь өөр хууль үйлчлэхээр тогтоосон нь хүн амын дунд хангалттай хагарал буй болгож байв. Нэг дүгээр зэрэглэлд хамаарах монгол хүн бусдын амь хөнөөвөл бодоор торгуулна, харин дөрөвдүгээр зиндаанд хамаарах хятад хүн адил хэрэг үйлдвэл амийг амиараа төлнө.

Англичууд өөрөөс нь олон дахин том, хавьгүй эртний иргэншилтэй Энэтхэгийг гол нь шашны зөрчилдөөн дээр нь тоглон хагаралдуулсаар колоничилж чадсан. Өчүүхэн Белги Африкт асар том колонитой болж чадсан нь хагаралдуулаад захир зарчмыг чадамгай хэрэглэсний үр дүн. Алс Америк тивийн ууган иргэншлүүд болох Ацтэк, Маяа, Инк-д өөрсдийг нь уулгалагч зэрлэг овгуудыг хооронд нь хагаралдуудах түмэн арга хэрэглэдэг байжээ. Орчин үед хагаралдуулаад захирах арга техник, технологи нь хөгжлөө дагаад улам төгөлдөршсөн. Хууль бусаар түлхэн унагагдсан Оросын төрийн эсрэг иргэний дайн дэгдээсэн большевикууд янз бүрийн хүчинтэй түр зуур эвсэн бутаргаж байсан. Тэд зүүн эсэрүүд, анархистууд, орос бус цөөнх үндэстнүүд, үндсэрхэг үзэлтнүүдтэй сүлбэлдэн, улмаар тэднийхээ дунд хагалан бутаргасаар дайн дуусахад гагцаар ноёлогч болжээ. Нацистууд Югославаас Хорватыг, Чехословакаас Словакийг, ЗХУ-аас Украин, Балтын орнуудыг салган өөрийн тал болгож байсан нь эдгээр улсын дотор оршсоор байсан ужиг зөрчлийг овжноор ашигласан хэрэг.

Хүчирхэг гүрнийг дотоод зөрчлийг нь ашиглах замаар сул дорой болгож байсан нэг жишээ бол Юаний дараахь Монгол юм. Баруун Алтай, Сияаны нуруугаар нутаглах ойрд монголчууд ой тайга, уул хад ихтэй газартай учир бэлчээрийн нэн дутагдалтай, тэрнээсээ болоод мал цөөнтэй, ядуу тарчиг амьдралтай байв. Гэтэл Хангай Хэнтийн нуруу, тэрнээс урагш уудам талд нутагладаг халх монголчууд хангалттай бэлчээртэй тул амьдралын түвшин нь харьцангуй дээгүүр байжээ. Ийм учраас нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлдэг халх ба ойрдууд дөрвөн зууны турш дайсагналцан уудам талын төлөө зөрчилдөн тулалдсан юм. Үе үеийн турш хүчирхэг байж эзлэн түрэмгийлэх уламжлалтай энэ орон, ард түмнийг хагалан бутаргах замаар доройтуулах сонирхол мингийн хятадуудад ч, төвдүүдэд ч, манж нарт ч байсан нь ойлгомжтой. Хүчирхэгжин гарч ирсэн Манж Чин улсын сонирхлыг монголчууд руу чиглүүлж өөрсдийгөө аврах хүсэл төвдүүдэд байсан бол Манж Чин гүрэнд бүх монголчуудыг өөртөө нэгтгэл сонирхол байв. Үргэлж довтолгон зовоох монголчуудыг хооронд нь муудалцуулан доройтуулж өөрсдийн амар амгаланг төвшитгөх зорилго мингийн хятадуудад байсан. Тэд гагц Ойрд-Халхын зөрчил төдийгүй ерөөс монгол ихэс дээдсийн хээл хахуулинд шуналтай, цол хэргэмд шохоорхуу, бэлэг сэлтэнд унамхай занг ашиглан нэгийг нь хөхиүлэхийн зэрэгцээ нөгөөг нь зориудаар гомдоох, хооронд нь өрсөлдүүлэх тактикийг элбэг ашиглана. Манж нар Лигдэн хаанд шан өгөн Цагаан хэрэм рүү довтлуулдаг байсан чинь хятадууд уран арга сийлэн шанг хэд дахин өсгөн эргүүлээд түүнийг Манж гүрэн рүү дайлдаг болгох жишээтэй. Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны дараа ч хятадууд баруун монголчуудад урьд өгч байсан цалин пүнлүүгээ тасалсангүй. “Улс орон чинь тусгаар болчихоод байхад та нар юунд харийнхнаас харамж авсаар байгаа юм” хэмээн асуухад ноёдууд “бид тэднээс мөнгийг нь авч хохироож байгаа юм” гэж хээв нэг хариулсныг А.Бурдуков хачирхан тэмдэглэсэн байдаг.

Орос-Японы дайны дараа 1907 онд тэд нууц гэрээгээр өөрсдийн нөлөөллийн бүсийг тогтоож ялсан Японд Манжуур, Өвөр Монгол хамрагдсан бол ялагдсан Орост Гадаад Монгол ноогджээ. Оногдсон нөлөөллийн бүсээ баталгаажуулахаар Коростовец ирж монголчуудтай хэлэлцээ хийв. Бардам ихэрхүү монголчуудтай тохиролцох үнэхээр хэцүү байлаа. Алтан ургийн ноёд ба лам нар хоорондоо таарамж муутайг ажигласан Коростовец ноёдуудын талд орон Цэрэнчимэд тэргүүтэй лам нарыг шахаж эхлэв. Үнэндээ тэр үед лам нар нь нөгөөдүүлийгээ бодвол хавьгүй илүү өндөр боловсролтой, ном журам жудаг сахилга дээртэй байжээ. Үүнээс хойш лам ба ноёдын дайсагнал чинээндээ тулсаар Богд болон Ерөнхий сайд Бадамдоржийг хориглосоор байтал 1919 онд ноёдууд хүч залиар түрий барин хятад цэргийг урин залж, арай гэж олсон автономи эрхээсээ татгалзан, Хятадын бүгд найрамдах улсад нийлэх шийдвэр гаргажээ.

1921 онд дахиад өөрийн төртэй болов. Ноёдын, Түшмэдийн, Ардын гэсэн гурван нам Богд хаандаа үнэнч байлаа. Зөвлөлтүүд хооронд нь хагаралдуулж байгаад эхлээд Ардын намыг, дараа нь Түшмэдийн намыг устгасан юм. Хожим Хувьсгалт залуучуудын эвлэл гэх нэртэй болсон Бошгыг халах залуусын байгууллага шинээр буй болгон хөөргөн залуучуудаар бүрдүүлж тэднийг дээрх намуудыг устгахад ашигласан. Монголын удирдагчид 1928 хүртэл большевик нам болон Коминтерний үгэнд орохгүй тусгаар байдлаа хадгалах гэж мэрийн дотроо эв нэгдэлтэй байлаа. Тэгэхээр нь КУТВ, Морин цэргийн сургууль, Намын сургуулийн сурагчдыг өдөөн хатгаж “Худонская фракция” гэх орос нэртэй бүлэглэл байгуулан араас нь шордсоор төрийн эргэлт хийлгүүлж дөнгөсөн юм. Улмаар Ойрад-Халхын ужиг зөрчлийг ашиглан Монголын баруун хэсгийг Тува, Хойд Шинжаантай нийлүүлэн тусгаарлах санааг нам төрийн удирдлагын нэг хэсэг болох Шижээ, Бадрах нарт шургуулан үймүүлжээ. Эндээс Халхын Гэндэн-Дэмидийн бүлэг, Ойрадын Шижээ-Бадрахын бүлэглэл үүссэн түүхтэй. Дорно зүгт дайны сүүдэр тусч Япон, Хятад хоёр байлдаад унуут Алс Дорнодоо хамгаалахын тулд зөвлөлтүүд Японд эртхэн хүчээ харуулах шаардлага гарчээ. Гэвч мөргөлдөөнд өөрийн нутаг дээр биш, хот суурингүй зэлүүд нутаг Монголыг байлдаан полигон болгон сонгож авсан юм. Монголын удирдлагыг нутаг дээрээ зөвлөлтийн цэргийг оруул гэж байн байн шахсан боловч Гэндэн, Амар, Дэмид нар эрс эсэргүүцсэн төдийгүй Ерөнхий сайд Гэндэн “Орос, Япон хоёр дуртайгаараа хоорондоо байлдана л биз, үүнд Манжго, манай Монгол хоёр ямар хамаатай юм!” гэж адарчээ. Төлөвлөсөн тулалдаанаасаа жил гаруйн өмнө тэд цэргээ зөвшөөрөлгүй оруулж ирэн байршуулсан. Ингээд Чойбалсанг заналхийлэн сүрдүүлж байж Монголын албан ёсны удирдлагын өөдөөс сөргүүлэн тавьсан ба япончууд Монголд аюул учруулах гээд байна гэсэн хуурмаг нэрийн дор Монголын сэхээтэн, лам, нам төрийн зүтгэлтнүүдийг Японы тагнуул туршуул хэмээн гүтгэж хиаруулан хядсанд нь тухайн үеийн Монголын нийт эрчүүдийн тав тутмын нэг нь өртсөн юм.

Аль алиндаа өгөхгүй, дундын жийргэвч бүс болгохоор тохирсон хөршүүд 1946 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө. Гэтэл коммунист систем задран унаснаар Монгол Улс хөршүүдийн анхаарлаас холдсон юм. Шинэ зуун гартал тэд Монгол Улсыг бараг мартчихжээ. Энэ хооронд монголчууд гурван зуу гаруй жилийн турш хорионд байсан гинжнээсээ мултарч гадаад ертөнцтэй танилцан хаалгаа нээв. Шилжилтийн эхэн үеийн нэн хүнд бэрхшээлийг олон улсын хамтын нийгэмлэгийн орнууд, тэдний олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд, ялангуяа Японы тусламж дэмжлэгээр даван туулсан билээ. Монгол нь асар их байгалийн баялагтай, хэрэв түүнээ зөв ашиглавал богино хугацаанд Төв Азийн бас нэг Кувейт болох бололцоотой нь харагдлаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэг хэсэгтээ идэвхжсэнээр ердөө арав хүрэхгүй жилийн дотор үндэсний үйлдвэрлэл нь даруй арав дахин нэмэгджээ. Ингэж огцом баяжсанаар гурван зуун жилийн өмнө гурав хуваагдсан монгол үндэстэний татах хүчин нь Улаанбаатар болж хувирав. Гадаад хэл сурахдаа авьяастай монголчууд энэ хооронд нийтээр англи хэл суралцсан төдийгүй хаа хамаагүй солонгос хэл хоёр дахь гадаад хэл нь болчихжээ.

Шинэ зуун гарангуут нэг хөршийн толгойд чанга гар гарч ирсэн бол түүнээс хойхно нөгөө хөршийн оройд дутахгүй чанга эр араас нь орж ирэх нь тэр. Хэнд нь ч үл хамаарах боловч геополитикийн хувьд өөр бусад газрын эрх ашиг оруулахгүй хэмээн тохиролцож байгуулсан жийргэвч бүс Монгол нэг харсан шал өөр болчихжээ. Энэ нутаг руу хэн ч хэзээ оруулж байгаагүй асар их хөрөнгө оруулалт хаа хамаагүй алс газраас ороод ирсэн байна. Аргадах аашлахыг зэрэгцүүлэн тэвчээртэй хүлээж цагийн уртад зорилгоо биелүүлдэг Хятад, агсам эр шиг юу юугүй нүүр нүдгүй нүдэж зодоод булчингийн хүчээр зорилгодоо хүрдэг Орос хоёр анхаарлаа Монгол руу төвлөрүүллээ. Аль алин нь Монголын баялагт шунаад байгаа юм байхгүй. Орос бусдын байтугай өөрийнхийгөө яая гэсэн дундаршгүй баялагаа ч ашиглаж чадахгүй сул хэвтүүлж байгаа бол, асар их байгалийн баялагтай ч дутуугаа дэлхийн хаанаас ч татаад авчих сүлжээгээ хятадууд хэдийнэ бий болгосон. Асуудал хөршүүдийн геополитик ашиг сонирхлын жийргэвч бүс рүү хаа холын дайсагнагч бүлэглэлүүд савраа шигтгэсэнд байгаа юм. Тэд Монгол руу богино хугацаанд олон тэрбум долларын хөрөнгө оруулчихсан ба энэ нь цаашид маш хурдтайгаар өсөх магадлалтай нь нүднээ илэрхий. Хөршүүдийн үзэж байгаагаар Монгол нь албан ёсоор тусгаар тогтносон улс боловч, зөвхөн хоёр хөршөөсөө хамааралтай вакумжсан орчин байх ёстой. Үлгэрлэвээс Хойд Солонгос лугаа адил.

Зөвлөлтийн эзэнт гүрний задарлыг ХХ зуунд тохиосон хамгийн том гамшиг гэж зарладаг Путин нь II Николай хааны үеийн Оросын эзэнт гүрнийг дахин сэргээхээр “хагаралдуулж байгаад эзэгнэ” зарчмыг цэргийн түрэмгийлэлтэй хослуулан хэрэглэх тактик стратегиэр гаргууд нэгэн сартваахи. Украин, Гүрж, Молдавт иргэний дайн өдөөж, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бусад үндэстний тусгаар улс болгонд дарамт шахалт, хууран мэхлэлт, өдөөн хатгалга хийн амжилттай яваа нэгэн. Алс холын хумсын чинээ Монтинигрогийн дотоод хэрэгт илэрхий оролцох нь өчүүхэн тоглоом. Африкийн хамгийн ядуу орон Төв Африкийн бүгд найрамдах улс, Мадгаскарт хуруу хумсаа шигтгэж чадаж байгаа нь ердөө л хээрийн сургууль. Аварга АНУ-ын сонгуульд нөлөөлөх гэж энэ хүчирхэг орны дотор дуусашгүй хэрүүл тарьж чадаж байгаа юм. Европын холбоог бараг задлангаа алдаж буй нь урьд нь Зөвлөлтийн хийж бараагүй ажил. Ийм гайхамшигт тоглолттой мастерын хувьд хөрш Монгол бол ердөө жижиг чулуу няслахын дайтай зугаа. АНУ-ын тагнуулын газраас оросууд Монголын сонгуульд дандаа хөндлөнөөс оролцдогийг зарласан удаатай.

Өрнөдийн хөрөнгө оруулагчдыг Монголоос үргээх ажлыг тэрээр биечлэн удирдсаар арав гаруй жил боллоо. Ураны орд дээр ашиглалт явуулж байсан Канадын компанийг монголчуудаар өөрсдөөр нь хөөлгүүлж олон арван сая долларын өрөнд оруулж чадсан. Арваад орны сонирхол татаж хөрөнгөө оруулахад бэлнээ илэрхийлээд байсан Таван толгойн аварга ордыг юу ч биш болгож чүчхэ маягийн “зөвхөн өөрийн хүчээр өөрсдөө” гэдэг зам руу түлхэн оруулсан. Францын төрийн компани Ариава Монголд 25 жил хайгуул хийж байгаа боловч одоо болтол ямар ч ахиц гаргаж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь хөршөөс ирэх хагалган бутаргах зорилго бүхий бяцхан санхүүжилтийн хүч нөлөө. Үр дүнд нь Монголд гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогслоо. Одоо үлдсэн ганц нь Оюу толгойн зэсийн орд юм. Нэгэнт олон тэрбум доллар оруулчихсан, түүнийг нь санхүүжүүлж буй өрнөдийн болон Японы 12 аварга банк санхүүгийн нэгдэл байгаа энэ том байгууламжийг хөрөнгө оруулагчид нь шууд хаяад гарч чадахгүй гацаанд оржээ. Ердөө ил уурхайн хэсгийг нь дөнгөж ашиглаж эхлүүтээ улсын төсвийнх нь 30 хувийг хангаж байгаа энэ ордын баялгийн 80 хувийг агуулж буй далд уурхай хоёр жилийн дараа ашиглалтад орохоороо жийргэвч бүс рүү тааламжит бус орнуудыг эрх ашиг бүр гүн шигдэнэ гэдэг нь ойлгомжтой. Энэ бол геополитик бодлогын үүднээс авч үзвэл хоёр хөршийн хувьд үнэхээр тэвчишгүй нөхцөл юм.

Си Жиньпиний Монгол руу хандсан бодлогын баримтлал нь эдийн засаг, мөнгөн дүнгээр хохиролтой байсан ч Монголтой аль болох наалдан итгэлийг нь олж авах явдал юм. Хятадад одоо 15 мянган залуус бүрэн тэтгэлгээр дээд сургуульд суралцаж байгаагаас гадна бага, дунд сургуульд ч тэтгэлгээр явж буй нь энэ тоог ч давах байх. Зөөлөн хүчний арга алсдаа илүү үр дүнтэйг ажигласан оросууд юун түрүүн сүрдүүлэх зодох аргаа зөөлрүүлж эхлэв. Халх голд болсон Орос-Японы тулалдаанд ялсан болон ялагдсан тал байхгүйд хүрч тэр дороо эвлэрлийн гэрээг Москвад зурсан билээ. Хэн хэн рүүгээ халдвал хүчтэй эсэргүүцэлтэй тулах юм байна гэдгээ хоёр тал аль алин нь ойлгоод дэлхийн II дайнд биенийхээ эсрэг байлдаагүй билээ. Подстамын гэрээгээр нэгэнт ялагдах нь тодорхой болсон Японы эсрэг дайнд орохыг холбоотнуудын өмнө оросууд үүрэг авсан явдлыг эс тооцвол. Үзэл суртлын зорилгоор зөвхөн Монголд “Халх голын дайны ялалт ба Зөвлөлтийн тусламж” гэсэн ёслол жил болгон дуулиантай тэмдэглэдэг байснаа хүйтэн дайн зогссоноос хойш бараг л мартагджээ. Харин ЗХУ-д энэ тулалдааны тухайд хэзээ ч ёслол хийж байгаагүй, зөвхөн Монгол-Зөвлөлтийн найрамдлын арга хэмжээ болгон тодорхой хүрээнд даруухан дурсаж байсан уламжлалтай.

Путин үзэл суртлын үеийн монгол уламжлалыг улам дэвэргэн сэргээхээр шийдлээ. Гэхдээ урьд байгаагүй далайцтай тэмдэглэхээр мөнгө хөрөнгө өөрөөсөө гаргах аж. Мөргөлдөөн болсон газарт буй жижиг суманд 10 сая доллар бэлэглэж буй нь тус сумын улсаас өгдөг төсвийг олон дахин нугална. Ёслолын үеэр өөрөө ирж нулимс дуслуулна (Урьд нь Улаанбаатарт айлчлахдаа хүлээн авалт дээр Халх голын тухай дурсамж ярианы үеэр уяран уйлж байсан). Жинхэнэ нөхөр чинь оросууд, уламжлалт дайсан чинь япончууд гэдгийг эргэж баттайгаар сануулна. Мөнгөний сургаар монголчууд идэвхжиж кино, үзвэр, концерт, шүлэг, дуу бэлдэн, шал худлаа түүх зохиож гарлаа. Үнэндээ Орос-Японы тэртээх байлдаанд Монголын тал хөлд нь чирэгдэн 238 хүнээ алдсаны гуравны нэгийг зөвлөлтүүд эндүүрч бөмбөгдөөд устгасан, мөн гуравны нэгийг нь Японы тал гэж гүтгэн хэлмэгдүүлсэн. Монголын талд 1921 морь, тэмээний хохирол амссан гэж Чита дахь архивт тэмдэглэн үлджээ.

Монголчууд болон түүнээс өмнөх нүүдэлчид Төв Азийн энэ нутагт зөвхөн ан гөрөө, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байжээ. Тиймээс тэдний хооронд бараа үйлчилгээний худалдаа, солилцоо байсангүй, харин эрхэлж буй аж ахуй нь асар том талбай нэхдэг учир бэлчээрийн маргаан тэмцэл тасардаггүй байв. Иймээс дундын нийтлэг эрх ашиг гэдгийг мэддэггүй үл тоомсорлодог, харин ч нэг талаас амиа бодсон, нөгөө талаас биентэйгээ мөчөөрхсөн талын нүүдэлчин бие хүний зан төрх төлөвшин удамшсан. Монголчуудын энэ сул талыг эргэн тойрныхон нь сайн мэддэг болохоор хооронд нь талцуулан хагаралдуулахад юун түрүүн ашигласаар ирсэн.

Хүйтэн дайнаас хойших Орос-Монголын эдийн засгийн харилцаа хэдийгээр суларсан боловч одоо болтол стратегид үзүүлэх Оросын нөлөө оролцоо тэргүүлсээр байгаа. Хоёр орны худалдааны баланс 15:1 гэсэн үзүүлэлттэй байна. Монгол нь Оросоос шатах тослох материалаар 100 хувь хамааралтай, төвийн эрчим хүч нь 30 хувь, баруун бүсийн эрчим хүч 100 хувь хамааралтай. Хамгийн том геологийн хайгуул ашиглалтын групп хоёр орны хамтынх, цорын ганц төмөр замын шугамаа тавь тавин хувиар хувааж эзэмшдэг.

Зөвлөлт Монголын хамтран байгуулсан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр эхний хорин жилдээ ашиг өгөх битгий хэл Монголын төсөвт хүнд дарамт болж байсан авч өдгөө хамгийн том татвар төлөгч болжээ. Гэвч Оюу толгойн уурхай тун удахгүй гүйцэх төдийгүй хол хаяхаас гадна бусад ордыг эзэмшин ашиглавал Эрдэнэт их хойгуур орж болох нигууртай. Цаашид орж ирэх болон нэгэнт орж ирээд ашигаа өгөөд эхэлсэн гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн үйлдвэрлэлийг нураахад одоохондоо Эрдэнэтийг ашиглах боломж байна. Хагаралдуулаад эзэгнэ зарчмаар шүү дээ.

Маш нууц байдалтай хэлэлцээр хийж байгаад өөрийн Засгийн газрын өмч болох Эрдэнэтийн 49 хувийг оросууд Монголын хувийн компанид 400 сая доллараар зарчихлаа. Их наядаар хэмжигдэх үндэсний орлоготой улсад энэ бол өчүүхэн зоос. Тэгээд ч зах зээлийн үнэлгээгээр ийм хямд баймааргүй. Хичнээн хоригт байгаад ч оросууд өнөөдөр ийм мөнгөөр дутахгүй. Гэтэл хөрш Монголын эдийн засагт нөлөөлөх чадвахын хувьд Эрдэнэт нь стратегийн асар их ач холбогдолтой хөрөнгө. Сүүлийн 30 жилд Эрдэнэтээс ашиг олоогүй, харин ч алдаж байна гэж өөрснөө тайлбарлаж байна. Энэ нь ч үнэн. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар монголчууд гэнэт заралснаас болж 200 сая долларын хохирол амссан гомдол Төрийн Думд ч хэлэлцэгдэж байсан.

Гээд энэ бол шалтгаан биш, шалтаг төдий. Хичнээн алдагдалтай байлаа ч улс төр геополитикийн хувьд энэ чухал объектоо зарна гэдэг өнгөц харахад бодлого утгаараа дэндүү тэнэглэл гэмээр. Монгол компанид худалдахдаа үнэ хаялцуулсан ба өрсөлдөгч нь Казахстаны Балхаш зэсийн үйлдвэр байсан гэх. Гайхалтай нь Эрдэнэтэд арван хэдэн сая долларын өртэй Балхаш өрөө төлөхөөс луу унжин гучаад жил болсон ороо компани. Бүр хачирхалтай нь 49 хувийг зарах мөнгийг Оросын нэр бүхий банк зээлдүүлэхээр тохирч хэлэлцээрт орж байжээ. Хямдхан өгнө, мөнгийг нь өөрснөө зээлдүүлнэ, өртэй компанийг нь дуудлага худалдаанд дуудан оруулна? Оросууд өөрийн эзэмшил 49 хувиа Монголын Засгийн газарт яавч худалдахгүй гэсэн шийдвэрээ бичгээр хийж өгсөн нь бүр ч гайхмаар.

Үнэхээр ч Оросын өмчид хамаарах Эрдэнэтийн 49 хувийг монгол компани худалдан авчирснаар Монголд бараг л иргэний дайн дэгдлээ. Монголын парламент асуудлыг яаралтай хэлэлцэн Оросын өмч асныг хурааж авахаар шийдлээ. Үүнийг нь Үндсэн хуулийн Цэц зөвтгөв. Худалдаж авсан компани шүүхэд гомдол гаргаад заргаа авсан чинь шүүх өөрөө буруутав. Шүүгчийг нь ажилгүй болголоо. Компанийг зөвтгөсөн шүүхийг төрийн бусад байгууллагын асуудлыг хэлэлцэх эрхийг нь цуцалсан хууль шинээр зохиож, ерөөс шүүхийг нь татан буулгахаар сүрдүүлэв. Худалдаж авсан компанид арга хэмжээ авсангүй хэмээн Авилгатай тэмцэх газар, Прокурорын бүрэлдэхүүнийг тэр чигээр нь халан солив. Үүний тулд шүүх эрх мэдлийг ердөө гурван бие хүнд шилжүүлэх “түр хууль” гэгчийг парламентаар батлуулав. Компанийн удирдлагууд болон тухайн үеийн Засгийн газар, төв банкны холбогдох хүмүүсийг баривчлаад эхэллээ.

Нясалсан жижиг чулуу байгаа яг онож том том чулуу өнхөрүүлж эхлэв. Эрдэнэт ажиллагаатай зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг сүржин бослого дэгдлээ. Юун түрүүн дайн Оюу толгойн эсрэг чиглэж арваад жилийн өмнө Засгийн газрыг төлөөлж гэрээ хийсэн Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг ямар ч нотлох баримт байхгүйгээр хий хов живд тулгуурлан шоронд хорьлоо. Оюу толгойг шалгах комисс гэдгийг байгуулсанд парламент, шүүх хүчний байгууллага, татвар, гаалийн агентлагууд байтугай рэкэт хийдгээрээ алдаршсан Төрийн бус байгууллагууд ч хамрагджээ. Газар дээр нь очиж шалгасан хүн хүчний тоо 300 хүрсэн гэдэг. 2021 онд ашиглалтад орох ба үүний тулд таван тэрбум доллар нэмж зарцуулагдахаар шийдсэн шинэчилсэн гэрээг байтугай ерөөс Оюу толгойг ашиглах бүхий л гэрээг цуцлах саналыг комисс гаргаж парламентаар хэлэлцүүлж байна. Оюу толгойн гэрээг анхлан хийж байхад судалгаагаар хүн амын 70 хувь нь дэмжиж байсан бол саяхи судалгаагаар иргэдийн 58 хувь нь Оюу толгойн гэрээг тэр чигт нь цуцлах нь зүйтэй гэж үзэж байна.

Асуудал цааш даамжран гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарсан монгол компаниуд руу довтолж эхлэв. Канадын алт олборлогч компанийг шүүхээс лицензийг нь цуцалснаар тэд гарч одов. Мөнгө олзворлодог компанийг хөөж гаргахдаа тагнуулын болон цагдаа хүчний байгууллагыг дагуулсан парламентын дарга газар дээр биечлэн очиж удирдан баривчилгаа явуулж сүрийг үзүүлсэн боловч энд шүүхийн ямар ч оролцоо огт байсангүй. Өрнөдийн банк санхүүгийн дэмжлэг зээлтэй, нэгэнт хөрөнгө оруулаад эхэлсэн зэсийн орд эзэмшигч монгол компанийн лицензийг хүчингүй болгон ордыг хурааж авахаа Засгийн газар олон нийтэд зарлалаа. Улсын нийт төсвийн 80 орчим хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг, үүний дийлэнх нь уул уурхайн компани ба эдний үйл ажиллагаанаас буй болсон мөнгөн дээр барилга, банк санхүүгийн компаниуд дэвжиж буй. Гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг явуулж буй энэ дайн цааш халин дотоодын том компаниуд руу чиглэснээр санхүү эдийн засгийн нөхөж баршгүй хямрал руу хөтлөх нь дамжиггүй.

Гаднаас нясалсан жижиг чулууны эффект богино хугацаанд амжилт оллоо. Энэ бодлогыг эсэргүүцсэн, буруушаасан, анхааруулсан болгоныг урвагч, гадны тагнуул туршуул, хөлс мөнгөөр ажилладаг дайсан гэх мэтээр харааж зүхэх, шоронд хийж шонд дүүжлэх, цаазаар аваачихыг шаардсан хийрхэл зэрэгцээд улс даяар өрнөх болов. Нийгмийн сүлжээг үүнд маш өргөнөөр ашиглаж байгаа ба тороолуудыг далдаас зохион байгуулан удирдаж буй хүмүүс нь “гадаадын мэргэжилтнүүд”.

Яг энэ процесс урьд нь 1930-аад онд тохиосон. Тэр үед Монголд бизнис хийж байсан Европ, Америк, Хятад, Японы олон пүүс компани, худалдаа, зуучлалын байгууллагуудыг гэнэт хөөн гаргасан. Дараахан нь урвагч, гадны тагнуул, хөлс мөнгөнд худалдагсад нэрийн дор ердөө 700 мянган хүн амтай байсан Монгол Улсын 30 мянган иргэнийг буудан хороосон билээ. Лам хувраг, язгууртан сэхээтэн, нам төрийн ажилтан зэрэг тэдгээр хядуулагчид нь тухайн үеийн нийгмийнхээ цэцэг цэврүү болсон боловсрол мэдлэгтэй сэхээтнүүд байсан юм даа. Түүний дараа л хөршүүд хоорондоо тохиролцон хэн хэнийх нь биш жийргэвч бүс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.

Хоёр аварга хөрш Монголыг анекс хийхгүй, халдан довтлохгүй, эзлэн түрэмгийлэхгүй, уусган шингээхгүй, тусгаар тогтнолыг нь гүнээ хүндэтгэсээр байх болно. Аль алинд нь жийргэвч бүс хэрэгтэй учир Монголд ийм аюул занал байхгүй, Монгол Улс вакумжсан жийрэг бүснийхээ үүргийг л гүйцэтгэх ёстой. Үлгэрлэвээс 1945-1990 оны хоорон дахь Хойд Солонгос лугаа адил.

2019 оны 05 сарын 25

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаатай баривчлан саатуулсан бололтой

д.эрдэнэбилэг зурган илэрцүүд

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг Оросын талаас худалдан авсан асуудалтай холбогдуулан иргэн Д.Эрдэнэбилэгийг гнш сарын хугацаатай баривчилсанй талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг баривчлах саналыг өнгөрсөн удаад шүүгчээс хамааран хоёр удаа хойшлуулаад байсан ч өнөөдөр Нийслэлийн прокурорын саналыг шүүх хэлэлцээд уг асуудлыг ийн баталгаажуулсан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг хүүхдийн шинэ эмнэлэгтэй боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд өнөөдөр орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орлоо. БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр баригдсан тус эмнэлэг нь нийт гурван давхар бөгөөд шүд, дүрс оношилгооны кабинет, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, хүлээн авах хэсэгтэй юм байна. Тухайлбал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бүрэн тохиромжтой орчин үеийн багаж хэрэгсэл, ЭХО аппарат болон нярайн шарлалтыг хэмжих фото аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан уг эмнэлэгт хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллана. Нийт 28 ажиллагсадтай тус дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны 13.345 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой ажээ. Шинээр ашиглалтад орж буй хүүхдийн эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хятадын коммунист намын Гадаад хэргийн дэд сайд Ван Ян Жу, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн сонсголд иргэдийг оролцуулна

“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хууль тогтоомжийн төслийн сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагыг урьж байна.

Хуулийн төслийн тухай:

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан.

Сонсох асуудал:

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг хангах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхэд тулгарч байгаа асуудлыг тодорхойлох

Хэзээ:

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 09.00 цагт

Хаана:

Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд

Бүртгэлийн хугацаа:

Оролцогчийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ.Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор бичгээр ирүүлнэ.

Бүртгэх журам:

-Иргэн, хуулийн этгээд нь овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаарбүртгүүлнэ;

-Хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ;

-Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажна;

-Бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.

Холбоо барих:

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-425, Эдийн засгийн байнгын хороо /+976-51-262344, +976-51-260749, sonsgol@parliament.mn/

УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс


Categories
мэдээ цаг-үе

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган амжилттай өндөрлөлөө

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр өдөр чуулж, өнөөдөр /2019.05.28/ төгсгөлийн баримт бичиг болох Тунхаглал баталснаар өндөрлөлөө.

Хаалтын хуралдааныг УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа даргалан явуулав.

Габриела Куэвас: Улс төрийн хүсэл эрмэлзэл болоод хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй

Хоёр өдрийн хуралдааныг дүгнэн ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас үг хэлсэн /b. Тэрбээр, tнэ удаагийн хурал амьд, идэвхтэй ярилцлага, хэлэлцүүлгээр өрнөн, жендерийн тэгш байдал, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хамгийн их анхаарал татсан асуудлуудыг хөндсөнийг дурдаад оролцогчдын хуваалцсан үнэтэй туршлагуудаас санаа авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлбэл шинэлэг үр дүн гарах нь дамжиггүй гэлээ. Түүнчлэн Тунхаглалд улс орнуудын парламент бүр Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах өөрсдийн чадавхийг нэн даруй үнэлж, тэргүүлэх зорилго болон стратегийн арга хэмжээг тодорхойлох тухай зөвлөмжийг санал болгосныг дурдаад Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхээр манлайлан ажиллаж чадвал үр дүн нь дэлхий нийтэд хүрэх болно хэмээн онцолсон. Хатагтай Габриела Куэвас парламент дангаараа биш хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, оновчтой хуулиудыг гарган, улс төрийн хүсэл эрмэлзэл болоод хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ.

Л.Энх-Амгалан: Оролцогчдын чухал санал, үнэтэй зөвлөмжүүд хуралдааныг өндөр үр дүнтэй болгож чадсанд сэтгэл хангалуун байна

УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Чуулган зохион байгуулах хорооны дарга Л.Энх-Амгалан орон орноос ирсэн оролцогчдын чухал санал, үнэтэй зөвлөмжүүд энэ хоёр өдрийн хуралдааныг үр бүтээлтэй, өндөр үр дүнтэй болгож чадсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, дэмжсэнээр үе дамжсан ядуурлыг таслан зогсоож чадна хэмээсэн. Боловсролтой иргэдийн хамтран ажиллах чадвар нэмэгдэн, иргэдийн эрүүл мэнддээ анхаарахад ч нөлөөлж, цаашлаад улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулдагийг онцолсон. Тиймээс чанартай боловсролыг дэмжих, бүх хүмүүст боловсролыг тэгш олгох боломжийг бүрдүүлэх асуудлыг дэмжин ажиллах талаар Тунхаглал бичигт тусгасныг тэмдэглэн хэлсэн.

Мөн хуралдаанаар нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хэнийг ч орхихгүй хамтдаа хөгжих хандлагыг бий болгохын төлөө хамтран ажиллах нь зүйтэй хэмээн хэлэлцсэнийг дурдаад “Одоо бид яриад зогсохгүй хийж бүтээх ёстой” гэсэн үгээр хаалтын хуралдааныг өндөрлүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаар хийгдсэн хэлэлцүүлгүүдийн үр дүнд Ази-Номхон далайн бүсэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх тодорхой стратеги, зөвлөмжийг Тунхаглал бичигт тусгажээ.

Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилгыг парламентын ажил, үүрэгтэй цогц байдлаар холбогдсон эсэхийг баталгаажуулахын тулд Парламентын холбоо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан өөрийн үнэлгээний аргыг ашиглах нь зохимжтой хэмээн тусгажээ.

Мөн чанартай боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламжийг бүх нийтэд хүртээмжтэй болгох хөдөлгөөнд парламентын гишүүд, иргэд, олон нийт, иргэний нийгэм болон бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үйл ажиллагаанд татан оролцохыг уриалах талаар зөвлөмж болгосон байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, байгаль орчныг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон боловсролын үндэсний хөтөлбөрүүд дэх парламентын оролцооны зайлшгүй нэг хэсэг байх ёстой учир уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн үр дагаврыг сааруулах арга хэмжээний зардлыг төсөвлөхийг зөвлөмж хэсэгт тусгажээ.

Эцэст нь Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэхүү Тунхаглал баримт бичгийг парламентын гишүүд, бусад оролцоотой талуудын анхааралд бүх боломжит сувгаар хүргэх талаар тусгасан байна.

Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэн Төгсгөлийн баримт бичиг-Тунхаглал батлан гаргаснаар амжилттай өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Таксины жолооч нарт инээмсэглэх арга техникийн сургалт явууллаа

Монгол Улсад такси үйлчилгээ анх үүсэж хөгжсөнөөс хойш 60 гаруй жил өнгөрчээ. Эдүгээ Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 10 компанийн 600 орчим такси байна. Эдгээр байгууллагууд “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартыг мөрдөн ажиллаж 1.5 сая хүн амтай их хотын завгүй иргэдэд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлж байна. Албан ёсны бүртгэлтэй таксигаар үйлчлүүлснээр зөв талдаа жолооны хүрдтэй, төлбөрийг баталгаатай хэмжих таксиметртэй автомашинаар үйлчлүүлэх, эд зүйлээ мартсан тохиолдолд эргээд олох, нэгдүгээр эгнээгээр түргэн шуурхай зорчих давуу талтай юм. Үүнээс гадна Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн гадаадын жуулчид нисэх онгоцны болон төмөр замын буудалд буугаад такси үйлчилгээг сонгодог. Иймд зочлох үйлчилгээний салбарт хамаарагдах такси үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Харилцааны ур чадвар, хандлагын хүч” сургалтыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулав. Тус сургалтад такси үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй компанийн 200 жолооч хамрагдаж инээмсэглэл, биеийн хэлэмж, хандлага мөн урам зоригтой ажиллах, эрсдэлийн менежмент ба цагийн менежмент, стрессийг даван туулах зэрэг үйлчлүүлэгчид соёлтой боловсон үйлчлэх арга техникийг эзэмшлээ.

Categories
мэдээ нийгэм

Машинтай жагсагчдыг гурван хоног хорино

Сүхбаатарын талбайд өчигдөр хэд хэдэн төрийн бус байгууллагын төлөөлөл бензин, мах гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн машинтай жагссан билээ.
Тэгвэл тэд жагсаал хийх зөвшөөрөл аваагүй байжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас өчигдөр зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, дээрхжагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргажээ. Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох “Хариуцлага нэхэх” Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм. Цагдаа нар баривчилгаа явуулах үеэр жагсагчидтай мөргөлдөж, 2-3 хүн гэмтэж, бэртэж Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн болон Сүхбаатар сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 35-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 40-70 см давсан байдалтай байна.

Иймд Сэлэнгэ мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.