Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газар уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтай уурхайн нуур руу унаж осолдсон хэрэг гарсан юм. Ослын газарт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд өчигдөр автомашиныг татан гаргажээ. Энэ сарын 26-ны өдөр осолдсон автомашины байршлыг 10-11 метрийн гүнд байгааг тогтоосон бөгөөд маргааш нь алба хаагчид дахин шумбалт хийн шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, кабин дотор хүн байхгүй байжээ. Осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Month: May 2019
Дорноговь аймагт хилийн цэргийн байлдагч нас барсан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд явна хэмээн цэргийн ангиас гараад сураггүй болжээ.
Улмаар цэргийн анги болон цагдаагийн бие бүрэлдэхүүн байлдагчийг 48 цаг эрэн хайсны дүнд тавдугаар сарын 28-ны өдөр хилийн 767 дугаар тэмдэгт орчмоос цогцсыг нь олсон байна. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар байлдагч А нь моринд чирэгдэж нас барсан гэх мэдээлэл байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт Төрийн ордонд эхэлж, 26 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай, Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай, Монгол орны байгаль орчны 2017-2018 оны төлөв байдлын тайлан багтжээ. Мөн Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
Түүнчлэн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай, 2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах тухай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай, Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр батлах тухай, Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай хэлэлцэнэ.
Мөн хуралдаанаар Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний 2018 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар, Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар, Байгалийн түүхийн музейн талаар, Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр төлөвлөсан байна.
Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар Фейсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан иргэддээ ирэх сарын 9-ний өдөр Монгол руу зорчихоос татгалзахыг зөвлөн, мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
“Торгоны зам-2019” олон улсын раллигийн багууд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орос-Монголын хилээр нэвтрэх тул Хиагт Автозамын шалган нэвтрүүлэх боомт ачаалал ихтэй болно.
Тэмцээн 06 дугаар сарын 06-ны өдөр Эрхүүд эхэлж, гараа нь 07 дугаар сарын 16-ны өдөр Хятадын Дунхуань хотод болох юм. Энэ тэмцээнд дэлхийн 40 орны тамирчид оролцож байгаа бөгөөд нийтдээ 400 орчим автомашин, мотоцикл хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.
Тэмцээний оролцогчид Буриадад 07 дугаар сарын 09 хүртэл байж, мөн өдрийн өглөөний 05 цагт Монгол руу хөдлөх юм. Өөрөөр хэлбэл Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор энэ өдөр ойролцоогоор 400 тамирчин машинтайгаа нэвтэрнэ гэсэн үг. Тиймээс Буриадын оршин суугчдыг Монгол руу зорчих өдрөө өөр өдөр товлохыг зөвлөж байна” хэмээжээ.
Энд дуулгахад, зуны улиралд аялал зугаалгаар манай улсын иргэд хойд хөршийг олноор зорьдог. Мөн наадам, цагаан сар зэрэг олон хоногийн амралттай баярын өдрүүдээр Буриадыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэн, хил дээр багагүй ачаалал үүсдэг юм. Энэ жилийн тухайд долоодугаар сарын 09-ний өдөр ийнхүү олон улсын тэмцээний тамирчид хилээр нэвтрэхтэй холбоотойгоор ихээхэн ачаалал үүсэх нь тодорхой. Тиймээс Монгол Улсын иргэдийг ч аялал, ажлаа зохицуулан төлөвлөхийг энэ мэдээллээр дамжуулан зөвлөж байна.
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон билээ. Энэ удаад жолооч та бүхэнд Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим систем, аппликэйшнаар харуулах үйлчилгээг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Тус үйлчилгээг 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат үүрэг болголоо.
Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигчдын холбоо, ачигч компаниуд зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.
Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн шалгалтын тайланг сонсох юм байна.
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
•Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.23-ны өдөр ирүүлсэн,зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
•Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайланг сонсох.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
•Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.23-ны өдөр ирүүлсэн,зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
•Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
•Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.23-ны өдөр ирүүлсэн,зөвшилцөх/;
•1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төсөл /Засгийн газар 2019.05.22-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/.
4.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;
•Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим шинэчлэлийн нөхцөл байдлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийн мэдээлэл сонсох;
•“Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
•Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох;
•Бусад.
Нийслэлийн хүн амыг хямд өртөгтэй махаар хангах зорилготой нөөцийн махны худалдаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 2322.8 тонн мах буюу нөөцийн махны 58 хувийг борлуулаад байна. Нийслэлийн найман дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг нэг килограмыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Энэ жил “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4.0 мянган тонн мах бэлтгэсэн юм.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан жишсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг үндэслэн тооцож үзэхэд Монгол Улсын хүн амын 2019 оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50.6 мянган тонн мах шаардлагатай байна. Улаанбаатар хотын жишсэн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийт 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг байна.
Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын баярын өдөр.Энэ өдрийг тохиолдуулан баярын хурал, хүндэтгэлийн концерт өчигдөр болсон юм. Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхтэй оролцож, 2002 оноос хойш давхардсан тоогоор 17 000 орчим цэнхэр дуулгатныг энхийг дэмжих ажиллагаанд илгээгээд байна. Тус ажиллагаанд хэдэнтээ оролцсон ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгож тэмдэглэх тогтоолыг 2002 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан байдаг.1945 онд Араб, Израилын зөрчилдөөнийг зохицуулах зорилгоор НҮБ-ын анхны энхийг дэмжих ажиллагааг эхлүүлсэн өдөр нь өнөөдөр юм.Энэ өдрийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн мянга, мянган цэнхэр дуулгатны алдраар бахархаж, амь насаа алдсан дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж, тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин манай улсын хувьд 2002 онд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, 2005 оноос баярын өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 онд Засгийн газрын тогтоолоор нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад оруулсан байдаг.
-Та энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан тухайгаа яривал?
-Энхийг сахиулах ажиллагаанд би нийтдээ таван удаа оролцсон. 2004 онд Афганистан улсад зохион байгуулагдсан АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн орчуулагчаар, 2006 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багийн ажиллагааны офицерын туслахаар ажилласан. Мөн Чад-Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын батальоны ажиллагааны ахлах офицер, Бүгд найрамдах Судан улсын Дарфур муж дахь Африкийн холбоо НҮБ-ын хамтарсан Энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын Цэргийн хүчний штабын ажиллагааны ахлах офицероор 2016 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсын зохион байгуулж байгаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд батальоны захирагчаар тус, тус үүрэг гүйцэтгэсэн.
-Арвин их туршлагатай байх нь ээ.Энхийг сахиулах ажиллагаанд цэнхэр дуулгатнууд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?
-Тухайн улс үндэстний улс төр, эдийн засгийн байдал, гадаад орчин нөхцөлөөс шалтгаалж ажиллагааны нөхцөл бүгд өөр, өөр.Мэдээж дайн байлдаан, мөргөлдөөн болчихсон газар нутагт гол золиос нь энгийн хүмүүсийн амьдрал байдаг. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан тухайгаа ярья. Тэнд хүмүүс дайн байлдаанаас болоод нутгаасаа дүрвэж НҮБ-ын энгийн иргэдийг хамгаалах байранд амьдарч байгаа юм. Тус байр нь 1.8 км урттай, 1.4 км өргөнтэй талбайтай хашаа.Тэнд 120 000 хүн амьдардаг.
-Тийм бага талбайд тэр олон хүн амьдардаг гэж үү?
-Манайхаар бол Булган, Орхон аймгийн хүн амыг нийлүүлээд тийм талбайд байрлуулж байна гэсэн үг. Тэнд хэрэглээний цэвэр ус, сургууль соёл, эмнэлгийн үйлчилгээ, тусламж гээд наад захын хэрэгцээг хангах нөхцөл байхгүй. Тэдний ажлын тухай бол ярилтгүй, 70 гаруй хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд амьдардаг.
НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагууд тэднийг хоол ундаар хангадаг юм. Ер нь тэнд борооны улирал, хуурай улиралтай. Борооны улиралд автомашин, техник хэрэгсэл явах боломжгүй. Тиймээс 1500 орчим метрийн өндрөөс шуудайтай гурил, будаа болох хүнсний зүйлсийг тарааж өгдөг.
Нэг ёсондоо нутгийн иргэд онгоцноос хоол хүнсээ хүлээж авах үед нь бид хамгаалалтад гардаг гэсэн үг. Биднийг тойроод хүүхэд, эмэгтэйчүүд олноороо хүлээнэ. Тэд онгоцноос тараах ачаанаас хаягдаж, үлдсэн хэсгийг авах гэж цугларч байгаа нь тэр юм. Биднийг буцаад явахад тэр газар асгарсан гурил, будааг хог шороотой нь хамаад явж буй нутгийн иргэдийг харахад үнэхээр нүд халтирдаг. Жирэмсэн эмэгтэй нэг, хоёр настай хүүхэд хөтлөөд гүйж ирээд асгарсан будааг хормойндоо хийгээд явах жишээтэй. Монгол эрчүүдийг хатуу, чанга л гэдэг. Гэвч манай хүчирхэг чанга эрчүүд маань гэрээ санаж уйлдаггүй атлаа тэнд хэцүүхэн амьдардаг хүүхэд, эмэгтэйчүүдийг хараад нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж байхыг олонтаа харсан.
-Тэдэнд энх тайван, эрх чөлөөт амьдралын талаарх ойлголт зөвхөн мөрөөдөл гэсэн үг үү?
-Энэ асуултаас аз жаргал гэж юу юм бэ гэдэг ойлголт гарч ирнэ. Би гэхэд одоо амралтын өдрөөрөө гэр бүлээрээ хотоос гараад, эсвэл төв талбай руу, Зайсан руу яваад амарч чадна. Гэвч тэнд тийм боломж байхгүй нь хэцүү. Тухайлбал, Монголд ажил олдохгүй байна л гэдэг. Гэвч хайвал байж л байгаа. Харин Суданд бол хайгаад ч байхгүй. Дүрвэгсэд хамгаалалтын байрнаас гарахад л тэднийг аюул отдог.
Эмэгтэйчүүд нь 15-20 км газар алхаж очиж түлээний модоо бэлтгэдэг. Толгой дээрээ том багцалсан мод, гишүү тавьчихсан эмэгтэйчүүдийн зураг, бичлэг байдгийг мэднэ биз дээ. Тэр ачаа нь ойролцоогоор 40-50 кг байдаг.Тийм хэмжээний ачааг толгой дээрээ тавиад 15-20 км явахдаа тэд дунд нь дээрэлхүүлнэ, дээрэмдүүлнэ, хүчирхийлэлд өртөнө. Тэдний хувьд оройд түлэх модтой, хүүхдүүддээ буцалгаж өгөх будаатай байхыг л бодно.Түүний цаана тав, арван жилийн дараа ямар байх ёстой талаар ямар ч төсөөлөл байхгүй. Тэнд бас 15, 16 настай хүүхдийг цэрэгт элсүүлэх гэж хулгайлахыг завдах тохиолдол олон.Тэр бүхнээс хамгаалах үүргийг манай энхийг сахиулагчид гүйцэтгэдэг.Манай зургадугаар батальон үүрэг гүйцэтгэж байхад ийм хэд, хэдэн тохиолдол гарч байсан.
-Монгол цэргүүдийн ур чадвар энхийг сахиулагчид дундаа өндөр гэж үнэлэгддэг юм билээ.Тийм тохиолдол таныг үүрэг гүйцэтгэж байхад хэр гарч байсан бэ?
-Нэг удаа босогчид өсвөр насны хөвгүүдийг хулгайлахыг завдсан. Дээр хэлснээр тэднийг цэрэгт элсүүлэх гэж тэр. Буутай хүмүүс ирээд тоглож байсан хүүхдүүдээс хоёрыг бариад авлаа гэсэн мэдээлэл ирсэн. Манай цэргүүд ч явж очсон. Буутай нөхөр ирчихсэн “Би тэднийг авч явна, энэ миний нутаг дэвсгэр. Би эзэн нь байна.Эсэргүүцвэл буудна” гээд цэргүүд рүү буугаа чиглүүлсэн байгаа юм.Хариуд нь манай цэрэг “Чи өөрийнхөө хувьцсыг хар. Бидний хувцсыг хар.Би цээжиндээ, толгойндоо хамгаалалттай.Чамд хамгаалалт байхгүй. Миний бууг хар, цэвэрлэчихсэн.Чиний буу зэвэрсэн байна.Миний бууны сум түрүүлж гарах уу, чинийх гарах уу. Чи буудвал бид нар ч буудна. Харин хэн нь түрүүлж үхэх вэ” гэхэд нөгөө нөхөр бодож бодож хүүхдийг орхиод яваад өгсөн. Тэр бол Монгол цэргийн зориг, үүргээ биелүүлэхийн төлөөх зүтгэл юм. Тэр үед цэргүүдээрээ бахархаж байсан.
Бас нэг удаа НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын ажилчдыг тосгонд хүргэх ажиллагаанд бид хамгаалалтаар явахаар болсон юм. Гэтэл хүмүүнлэгийн ажилтан “Би Монгол цэргүүдээр хамгаалауулахгүй” гэж байна. Учрыг нь лавлавал “Монгол цэргүүд эвгүйтвэл хэзээд буудалцахад бэлэн хүмүүс. Хэрэв буудалцаад эхэлбэл миний амь нас эрсэднэ.Харин түүний оронд нөгөө улсын (улсын нэрийг нууцлав) цэрэгтэй явбал тэд нар буцаад л явдаг, эрсдэл багатай”гэж байна. Уг нь хүмүүнлэгийн байгууллагын ажилтны үүрэг нь тэр тосгонд хүмүүнлэгийн тусламж хүрч, аюулгүй байдал нь хангагдвал дүрвэгсдийн хуаранд амьдарч буй иргэдийн тосгондоо буцах итгэл нэмэгдэнэ .
-Манай цэргүүдийн сахилга бат, ур чадварыг харуулсан явдал болж дээ?
-Ер нь монгол цэргийн сахилга бат, мэргэжлийн ур чадвар, дээрээс нь монгол хүнд байдаг дайчин чанар ялгарч харагддаг.Мэдээж тэнд үргэлж буугаа бариад хамгаалалтад гараад байхгүй.Цэргийн албан хаагчид, гэрээсээ хол, удаан хугацаагаар яваа хүмүүс учраас амралт чөлөөт цагаар уралдаан тэмцээн, урлагийн арга хэмжээг зохиодог.Уралдаан тэмцээнээс харахад манайханд хүний дор орж ялагдахгүй юмсан, улсынхаа нэрийг авч гарна гэсэн сэтгэл зүй харагддаг.
-Тийм цөвүүн нөхцөл байдлыг харж, энхийг сахиулж явсан хүмүүс эх орныхоо тухай бодоход, эх орондоо ирэхэд сэтгэл уужирдаг болов уу.Таны хувьд энх тайван байдал, эх орон гэж юу вэ?
-Өмнө нь энхийг дэмжих ажиллагаануудад яваад ирэхдээ нэг их зүйл боддоггүй байлаа. Гэрээ санасан хүн л ирнэ. Харин сүүлд 2016 онд 850 хүнтэй Монгол Улсын зургадугаар батальоныг ахалж яваад эх орондоо ирэхэд нэг л өөр байсан.Монголдоо буухад дотроос нэг хүнд юм гаргаад л хаячих шиг болсон.
Ажиллагааны газраас онгоцоор нисэхдээ нисэгч нарт “Монголын хилээр орж ирэнгүүт хэлээрэй” гээд захьчихдаг юм. Онгоцон дотор цэргүүдийн зарим нь унтаад, зарим нь нислэгийн турш догдолж ирнэ. Тэднийг удирдаж яваа учраас Монголын хил рүү нэвтрэнгүүт цэргүүд рүүгээ харсан. Тэдний харц, нүүрний баясгаланг үгээр илэрхийлэшгүй байсан.Ийм сайхан газарт, ийм сайхан орондоо, жинхэнэ аз жаргал руугаа буцаж ирж байна даа гэсэн баяртай хэрнээ цаанаа л нэг юм эргэцүүлсэн харцыг олж харсан. Эх орондоо буухад агаар ямар сайхан гээч.Афганистан, Өмнөд Судан, Иракт онгоц газардаад хаалга онгойход л халуун бүгчим агаар угтдаг. Яг хүлэгдчихсэн юм шиг болчихдог.Харин Монголдоо буугаад хаалга онгойход ямар ч хүн гүнзгий амьсгаа авдаг байх.
-Уг нь манайх энх тайван улс шүү дээ.Харамсалтай нь сүүлийн үед нийгмийн байдалдаа бухимдсан иргэд бослого, мөргөлдөөнд уриалсан, өдөөн хатгасан байр суурийг илэрхийлэх болж?
-Энхийг сахиулагчдад ямар ч нөхцөл байдал тулгардаг. Тэр олон мянган хүнийг хамгаалах, эсвэл хүмүүнлэгийн бараа таваар тээвэрлэлтийг хамгаалах явцад гэнэтийн дайралт, тулгаралт олон гарна. Хүнс, бараа тээвэрлээд явж байгаа хүмүүсийг, жолоочийг нь буудаж хөнөөгөөд ачааг нь аваад явчихна. Тийм нөхцөл байдал дээр энхийг сахиулагчид л очиж арга хэмжээ авна. Гэр орноосоо дүрвэж үй олноор хэцүү нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг харахад л дайн байлдаан, бослого, мөргөлдөөн гэдэг үнэхээр хүсэх зүйл биш.
-Гэхдээ энх тайван эх оронд амьдарч байгаа бид эх оронч сэтгэлгээнээсээ алсраад байна уу даа?
-Тусгаар тогтносон бүрэх эрхтэй манай улсад өчнөөн боломж байна.Тэр боломжоо ашиглаад сурч боловсорч, мэдсэн сурснаа эх орноо хөгжүүлэхэд зарцуулах ёстой.Ийм сайхан энх тайван оронд төрж, амьдарч байгаа нь юутай ч зүйрлэшгүй аз завшаан.Тиймээс би хүн бүрийг эх оронч гэж боддог. Ямар ч монгол хүний зүрх сэтгэлд эх орны төлөөх чин хүсэл байж л байдаг.
Энэ дашрамд, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагч нартаа, тэр дундаа надтай цуг цэргийн багийг удирдаж явж байсан, мөн миний удирдлагад үүрэг гүйцэтгэж байсан энхийг сахиулагчдаараа үргэлж бахархаж явдаг.Та нартаа баярын мэнд хүргэе.
Б.ЭНХЗАЯА
08.00 цагт Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн I баазад нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах хүрээнд өрнүүлж буй ажлуудыг танилцуулах, туршлага сургалт болно. Утас: 89091819, 327968
09.00 цагт Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88106649
09.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас “Иргэдийн төсөв-2019” эмхтгэлийг танилцуулна. Утас: 325044, 88114737
10.30 цагт Имарт Чингис салбарт todnews.mn цахим хуудаснаас хүүхдүүдэд зориулсан өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 89119973
11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхий төлөө” дурсгалт цогцолборын шав тавих ёслол болно.
11.00 цагт МҮХАҮТ-д Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тус танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзана. Утас: 99090339
11.00 цагт “UB Palace”-ийн гадна талбайд Цагдаагийн ерөнхий газраас “Хүүхдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 91116332
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Тост, Тосон Бумбын нуруугаар аялж, сурвалжлага бэлтгэсэн “Хатуу мэдээ” цахим хуудсын “Хатуу сурвалжлага“ багийн найруулагч Б.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88949665
12.00 цагт НЗДТГ-ын гадна талбайда Нийслэлийн АН-аас жагсаал зохион байгуулна. Утас: 11321204
12.30 цагт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжүүлж буй “Шинэ хороо” төслийн ажилтай танилцана. Утас: 99233937
13.00 цагт “Пума” зочид буудалд “Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг болно. Утас: 99736124
13.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд профессор, доктор, түүхч Ц.Жамбалсүрэнгийн “Ю.Цэдэнбал-МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номын нээлт болно.
14.00 цагт МХЕГ-т “Ионжуулагч цацрагийн үүсгүүр импортлоход анхаарах асуудлууд” сургалт болно.
14.00 цагт Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ.
17.00 цагт Соёлын төв өргөөнд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн “Монгол эрдэнэ” тоглолт, үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99237173
Төрийн ордонд
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол болно.
11.00 цагт “Г” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт БЗД-ийн АН-ын гишүүд намынхаа харьяаллаас татгалзах талаар мэдээлнэ.
11.30 цагт Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмидийг үндэслэлгүйгээр баривчилсан талаар түүний эхнэр мэдээлнэ.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад удаагүй байна. Ямар гол өөрчлөлтүүдийг ярьж байна вэ?
-УИХ-ын даргын захирамжаар уг асуудалд ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтарч ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэр бүлийн тухай хууль гэдэг суурь хуулиудын нэг. Гэр бүл гэдэг хөгжлийн анхдагч нь байж, гэр бүлийнхээ хөгжлийг дэмжсэнээр цаашдаа улс орныг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулдаг шүү дээ. Энэ хуулиар нэлээдгүй олон өөрчлөлтүүдийг хийнэ. Өнөөдөр Монгол Улсад 12 орчим хэлбэрийн гэр бүлүүд шинээр бий болсон байна. Үүнийг нэлээд дэлгэрэнгүй байдлаар авч үзэж хуульчлах шаардлага тулгарчээ. Тухайлбал, анх удаа гэрлэж байгаа хүмүүс, хоёр дахь удаа гэрлэж байгаа хүмүүс, архины хамааралтай гэр бүл гэх мэт олон төрлийн шинэ гэр бүл, хамтран амьдрагчид бий болсон байна. Өдгөө нийгмийн шаардлагаараа гэр бүлийн хэв маяг шинжүүд их өөрчлөгдсөн. Мөн энэ удаагийн Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн хөгжлийг дэмжсэн тодорхой бодлого гаргаж тавих нь зөв, үүнд чиглэсэн бодлогыг бид хэзээ ч явуулж байгаагүй. Тиймээс гэр бүлийн задрал явагдаж, гэр бүл салалт ихэсч байгаа энэ нийгмийн харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн бодлого, үйлчилгээг бий болгох зохицуулалт оруулна. Цаашдаа гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлага байна. Өнөөдөр хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзаж байгаа хүмүүстэй гэр бүлийн хариуцлагыг яаж ярих юм бэ. Гэр бүлийн задрал их болж байгаатай холбоотой эцэг эх байх үүргээсээ татгалзаж байгаа энэ хүмүүст ямар хариуцлага тооцдог байх вэ гэдгийг хуульчилж өгөх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Нөгөө талаас гэр бүлийн салалт маш хүчтэй явагдаж байгаа энэ цаг үед хэрвээ хүүхдийн тэтгэмжээ хуулийн байгууллагаар тогтоолгочихоод төлөхгүй байвал тэр эцэг эхтэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг илүү чанга тусгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзсан гэж үзэж хариуцлагыг нь чангаруулна.
Өдгөө хүүхдийн тэтгэмжээ тогтоолгочихоод бараг 80 орчим хувь нь түүнийгээ төлөхөө больчихсон байна. Энэ нь ихэвчлэн залуу гэр бүлүүдэд тохиолдож байна. Гэр бүл төлөвлөлт зүйн харилцаа маш их бодлого зохицуулалтгүй явж иржээ. Бид нар гэр бүл гэж юу вэ, эхнэр нөхөр болно гэдэг нь ямар хариуцлагатай байдаг вэ гэж Ерөнхий боловсролын дунд сургуулиасаа эхлээд сургалтын хөтөлбөртөө оруулдаггүй байжээ. Тэгэхээр цаашдаа ийм ёс суртахууны хичээлийг зайлшгүй сургалтын хөтөлбөрүүддээ оруулах ёстой. Энэ мэт олон асуудлуудыг гэр бүлийн хуульд оруулах шаардлага тулгарсан.
-Энэ удаагийн хуульд оруулах хамгийн чухал зохицуулалт юу вэ?
-Хүүхдийн өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулж өгөх тухай зохицуулалт бол хамгийн гол нь. Гэр бүл салалтад хүүхэд ямар ч буруугүй. Тиймээс хүүхдийн эрх ашиг хохирох ёсгүй. Гэр бүлийн дундын өмчлөл болсон өмч хөрөнгийг хуваарилахдаа зөвхөн ээж, аав гэдэг хоёр хүний өмч мэтээр үзэж хуваадаг байсан энэ уламжлалыг эвдэж гэр бүлийн гишүүн бүрт нь дундын өмчлөл болсон өмч хөрөнгийг хуваах ёстой гэж үзэж хуулинд оруулна. Ийм тохиолдолд дөрвөн ам бүлтэй дундын өмчлөлтэй зуун сая төгрөгийн барилга, объекттой гэр бүл салж байна гэж үзвэл хэнийх нь өмч байх нь хамаагүй өмчийнхөө 25 хувийг л эзэмших эрхтэй. Өөрөөр хэлбэл дундын өмчлөлд бий болж байгаа хөрөнгийг 100 хувь гэж үзвэл бүгдэд нь ижил тэгш хувааж өгнө гэдгийг хуульчилж өгнө. Энэ тохиолдолд хүүхдийн өмчлөх эрх, сурч боловсрох эрх энэ хуулиар зохицуулагдах юм. Ингэсэн тохиолдолд гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийн хариуцлагаа ухамсарлаж, гэр бүл төлөвлөлтдөө анхаардаг болж, хүүхэд төрүүлбэл түүнийгээ өсгөх хариуцлагаа хамт үүрэлцдэг болж цэгцэрнэ гэж үзэж байгаа. Энэ нь зөвхөн Монгол Улсад хийгдэж байгаа шинэчлэл биш. Өдгөө дэлхийн олон улс орнуудад хүүхдийн өмчлөх эрхийг хуулийн төлөвлөлттэй нь хамт авч үздэг учраас энэ чиглэл рүү явж байгаа.
-Хуульд тусгагдсан энэ асуудлуудыг хэн хариуцаж, хянах вэ. Тусдаа яам агентлаг байгуулагдах уу?
-Монгол Улс хүн ам зүйн бодлогоо дэмжье, олон жил гэр бүл хүүхэд залуучуудынхаа асуудлыг бие даасан бодлого болгож авч үзье гэж бодож байгаа бол энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай. 2016 оны сонгуулийн өмнө энэ чиглэлийн агентлагийг нь татан буулгачихсан байсан. Сонгуулийн дараа харин бие даасан агентлагтай болсон. Ингэснээрээ хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн 108 утас гэх мэт олон шинэлэг ажил хийгдсэн. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс хүүхэд хамгааллын зардлыг нэлээн олон тэрбумаар нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй л байна. Жишээлбэл, хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах байр одоо хүртэл алга. Энэ асуудал зөвхөн сайн дурын төрийн бус байгууллагууд болон сэтгэл гаргаж ажилладаг, хүүхдийн төлөө зүтгэдэг хүмүүсийн масс дээр л явж байна. Төр энэ асуудлуудыг шийдвэрлэхэд хөрөнгө гаргадаг, үүнийгээ зохицуулдаг байх хэрэгцээ тулгарчээ. Тиймээс гэр бүл хөгжлийн яамтай болох нь зөв гэдэг асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсан. Цаашдаа энэ яамыг бий болговол хүн төвтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй гэж бодож байгаа. Мэдээж Засгийн газрын тухай хуульд бүтцийн өөрчлөлт хийх үед энэ асуудал яригдах байх.
-Итгэлийн зээл олгох хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
-Үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд орохын тулд иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл бэлэн болчихсон байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулиараа холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авах ёстой. Тиймээс Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад албан бичгээр явуулчихсан байгаа. Үүнтэй зэрэгцэн Банкуудын холбоо, Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо гээд байгууллагуудаас хуулийн төсөлтэй холбоотой саналаа өгнө үү гээд бичгээ явуулчихсан. Одоо Засгийн газар бидэнд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Бид Засгийн газрын хариуг хүлээж байна. Хариу ирвэл хуулийн төслөө УИХ-д өргөн барина.
-Итгэлийн зээлийг ямар нэгэн зээлтэй хүмүүс авч болохгүй гэх зүйл яригдаж байна. Та энд тайлбар өгөхгүй юу?
-Ямар нэгэн зээлтэй гэдэг бол буруу. Харин тухайн зээлдэгч хугацаа хэтэрсэн зээлгүй л байх ёстой. Өөрөөр хэлбэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн бол зээл авах боломж бүрдэхгүй. Тэрнээс орон сууцны зээл, цалингийн зээл гээд хэчнээн төрлийн зээлд хамрагдсан байсан хамаагүй зээл авах боломжтой. Хугацаа хэтэрсэн зээлгүй Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн бүр авах боломжтой. Одоо ярьж байгаа зүйл бол хийх ажлын бизнес төлөвлөгөө буюу ийм зүйл хийгээд ингэж ашиг олно гэдэг тооцоо судалгаатай байх талаар юм. Түүнчлэн Зээлээ төрийн банкаар дамжуулж олгоё гэж ярьсан. Тиймээс бүхий л Төрийн банкны салбарт иргэдэд санхүүгийн мэдлэг олгох сургалт хийе гэж ярьж байгаа. Зээлээ хугацаандаа төлчихвөл дараагийн зээл авах боломж бүрдэнэ. Тиймээс зөвхөн Төрийн банкаар дамжуулж зээлийг олгох ёстой гэж хатуу хуульчилна. Төр өнөөдөр зохицуулалт хийх ёстой. 1990 оноос хойш Монголын ядуурал 30-35 хувьтай явсаар ирсэн. Өнөөдөр дахиад л бахь байдгаараа 30 дээрээ байна. Эдийн засаг 17 хувиар өсч байхад ч, өнөөдөр зургаан хувиар өсчихөөд байхад ч ядуурал буурахгүй байгаа нь иргэд рүүгээ чиглэсэн амьжиргааг нь дээшлүүлэх бодит ажил хийгдэхгүй байсантай холбоотой. Хамгийн гол нь энэ хууль зээл авч чаддаггүй олон мянган хүмүүст боломж олгох зорилготой.
-Ямар судалгаагаар 20 хүртэлх сая төгрөг гэдэг тоог гаргаж ирсэн юм бэ?
-Бүх банкнаас иргэдийн авч байгаа зээлийн судалгааг гаргуулсан. Уг судалгаанаас харахад нийт зээлийн 98 хувь нь 20 хүртэлх сая төгрөг байдаг юм билээ. Тиймээс энэ мөнгийг гурван жилээр гурав хүртэлх хүүтэй гэдэг эхний төсөл хэвээр явж байгаа. Бид ирэх долоо хоногоос олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах шийдвэрийг дахин санал болгосон. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Төр түшилцэж яваа бүх хүмүүс аливаа асуудалд хариуцлагатай хандах ёстой. Өнөөдөр Монголын төр түшилцэж яваа хүмүүст алдаа оноо аль аль нь байгаа байх. Засч залруулах, хариуцлага тооцох нь сонгуулиар шийдэгдчихдэг. Энэ бол ардчиллын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж ойлгодог. Тиймээс Монголын ард түмэн УИХ-д сонгогдсон улстөрчдөд дөрвөн жилийн дараа аливаа асуудалд хариуцлага алдсан, хувийн сонирхолдоо хөтлөгдсөн буруу зөрүү зүйлд холбогдсон бол дүнг нь тавиад явуулчихдаг. Ингэж л асуудал шийдэгдэх байх. Үүнээс өмнө парламент тарах гэдэг дэмий зүйл байх. Ер нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох нь Монголын дотоод болон гадаад улс төрдөө ч тэр ашиггүй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг үл хүндэтгэх, төрд итгэх ард түмний итгэл сулрах буруу талтай. Мэдээж хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцдог байх нь зөв. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг бүх асуудлыг парламент болон төрдөө наагаад байх хэрэггүй.
Эзэн холбогдогчтой томоохон хэргүүдийг эзэдтэй хариуцлага тооцдог байх нь зүйтэй. Үндсэндээ 2020 оны сонгууль болоход 400 гаруй хоног үлдэж байна. Тиймээс аливаа асуудалд хүлээцтэй хандаж төрийн хүний ухаанаар Монголын төрийг тогтвортой байлгаж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чиглэлээр бүгдээрээ ухаан, сэтгэл гаргаж ажлаа хийх ёстой. УИХ-ын гишүүд өөрсдөө хурал чуулгандаа идэвхтэй оролцдог, ирцээ бүрдүүлдэг байх, төр ард түмний гүүр болж ажиллана аа гэж орж ирсэн бол яг энэ чиглэлээр ажиллах ёстой. Зарим УИХ-ын гишүүд хариуцлагагүй, хангалтгүй ажилладаг тохиолдол байгаа.