Categories
мэдээ нийгэм

Дагавар хүүгээ зодож гэмтээсэн Б.Тодзаяагийн шүүх хурал болж байна

Image result for шүүх хурал

Тавдугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүрэгт дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан. Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр болж байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 29-ний 10.00 цагт товлосон юм. Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлджээ.

Categories
мэдээ нийгэм

СЭМҮТ-ийн гадна талбайд зогсоол, ногоон байгууламж, ойн төгөл байгуулна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин бүрдүүлж байна.

Ингэснээр иргэд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх таатай орчин бий болох юм. Мөн яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлэх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцахдаа эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг чанартай материалаар, ажлын гүйцэтгэл сайтай, хугацаанд нь хийж дуусгах буюу энэ оны долдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг даалгаврыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.

Categories
мэдээ нийгэм

Ачуулсан машиныхаа мэдээллийг цахимаар харна

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон билээ. Энэ удаад ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим систем, аппликэшнээр харуулах үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус үйлчилгээг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат үүрэг болголоо. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигчдын холбоо, ачигч компаниуд зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ, Мексикийн хил дээр хана босч эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг эхлүүлсэн байна. Нью-Мексико мужид ган хана барьж буй гэрэл зургийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний албан хаагч асан Брайан Колфаж твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Түүний хэлснээр, өнгөрсөн онд цахимаар явуулсан кампанит ажлын хүрээнд 22 сая гаруй ам.долларын санхүүжилт босгосон ажээ.

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трампын өгсөн гол амлалтуудын нэг болох хилийн дагуу хана барих талаарх түүний саналд АНУ-ын Конгресс санхүүжилт олгохоос татгалзсаны дараа Б.Колфаж “WeBuildtheWall” хэмээх кампанит ажлыг эхлүүлжээ. Тэрбээр твиттер хуудсандаа, “Бид түүхийг бүтээлээ. Олон нийтийн санхүүжилтээр барьж буй анхны хилийн дагуух хана энэ болж байна” хэмээн бичсэн байна.“WeBuildtheWall” байгууллагын зөвлөл зөвлөлийн даргаар Цагаан ордны ахлах стратегич асан Стив Беннон ажиллаж байгаа ажээ. Түүний “CNN” сувагт мэдээлснээр, хувийн санхүүжилтээр барьж буй шинэ хана нь урьд нь байсан 33 километр урттай хоёр ханыг холбох ажээ.

USA new mexico wall зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах ээлжит сургалт боллоо

БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Нийслэлийн Байгаль орчны газраас хүрээлэн буй орчны гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох, хяналт шалгалт хийх стандарт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгууллаа. Сургалтаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Дотоод хэргийн их сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхим, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын холбогдох албан хаагчид сургагч багшаар ажиллаж байгаль хамгаалагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосноос үүдэн ойн санд учирч болзошгүй эрсдэл, хүрээлэн буй орчны гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, баримтжуулан, мэдээлэхэд байгаль хамгаалагчдыг бэлтгэж байгаагаараа сургалт илүү ач холбогдолтой боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн сургалтад нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагчдаас гадна Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дархан-Уул аймгуудад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл 27 иргэн оролцлоо. Энэхүү сургалт нь Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй 5 дахь удаагийн сургалт бөгөөд энэ онд байгаль хамгаалагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд ил тод, шуурхай хүргэх зорилгоор архив, албан хэрэг хөтлөлтийн, компьютерийн хэрэглээний программуудын, эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга зүйн сургалтуудыг тус тус зохион байгуулаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батхүүгийн цаг бусаар амиа алдсан хэргийн эргэн тойронд

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.Тэрээр Монголын Автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон байна. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон. Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Г.Батхүү бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй” хэмээн таамаглал дэвшүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.

Г.БАТХҮҮГ УНАСАН БАЙСНЫГ ХАРСАН ГЭРЧ ЦАГДАА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨЛГҮЙ ЦАГ АЛДСАН ШАЛТГААН ЮУ БАЙВ

Нийслэлийн цагдаагийн Шуурхай удирдлагын төвийн 102 дугаартай утаст Төрийн ордны нэгэн ажилтан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад “Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна” гэсэн дуудлага өгсөн гэнэ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Төрийн ордноос ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж үзлэг явуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийг шалгах ажил НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд явагдаж байгаа” гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл анх цагдаа нарт дуудлага өгсөн хүн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг унасан байсныг 19:09 цагт анх харсан гэх мэдээлэл байгаа юм. Дээрх мэдээллийг батлах мэт зүйлсийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэлсэн.

Тэрбээр “Талийгаач 18:30-18:36 цагт АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаатай “Би авто раллигийн хуралдаанд оролцсон Оросын талын төлөөлөгчтэй оройн хоолонд орно. Та Элчин байсан хүн, дээрээс нь хуучны түншүүд чинь ирсэн учраас оройн хоолонд цуг орох уу” гэж яриад, цаг болзсон байгаа юм. Мөн 18:35 цагт ордны гурван давхраар баруун тийшээ алхаж явсан нь дүрс бичлэгт үлджээ. Харин 19:09 минутад нэг давхарт унасан байдалтайгаар олдсон. Гэхдээ 19:57 минутад цагдаагийн байгууллагад анхны дуудлага өгсөн юм байдаг. Яагаад ийм удаан хугацааны дараа дуудлага өгөх болов гэдэгт хүмүүс эргэлзэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Г.Батхүүг хоёр давхрын гонхноос унасан байгааг харсан гэрчүүд ямар учир шалтгаанаар цаг хугацаа алдаж цагдаад дуудлага өгөх болсон бэ. Тухайн өдрийн 19:09 цагаас 19:57 минут хүртэлх хугацаанд юу болж өнгөрсөн бэ гэдгийг шалгаж байгаа гэнэ.

Тухайн үед талийгаачийн ар гэрийнхнийг хэргийн газар оруулалгүй хамгаалалтад авсан. Гэхдээ талийгаачийн талаас нэг хүн орж хэргийн газрыг харсан гэнэ. Г.Батхүүгийн төрсөн дүүгийн нөхөр цагдаагийн хурандаа н.Батсайхан хэргийн газарт очиж үзсэн гэх мэдээлэл байгаа юм.УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан гэх мэдээлэл гарсан даруйд цахим орчин болон нэр бүхий мэдээллийн сайт, телевизүүдээр учир битүүлэг мэдээлэл гарсан байдаг. Жишээ нь,“Г.Батхүүгийг зүрх нь гэнэт хаагджээ”, “Биеийн байдал нь хүнд байсан гэнэ”, “Хорт хавдартай байжээ”, “Даралт нь ихсээд харвалт өгсөн бололтой” гэсэн утга бүхий мэдээлэл гараад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү золгүй байдлаар Төрийн ордны хоёр давхрын гонхноос унаж амь насаа алдсан гэсэн мэдээлэл гараад эхэлсэн. Хэн хаанаас ямар эх сурвалжаас мэдээлэл авсан нь тодорхойгүй, хэрэгтэй холбоотой мэдээлэл хурдацтай тархсан.Талийгаачийн бие нь хөрөөгүй байхад маш хурдацтайгаар Г.Батхүү өвчний улмаас амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ нь Г.Батхүү бусдын гарт амиа алдсан байж болзошгүй. Гэмт хэрэгтэн үйлдсэн хэргээ нуун дарагдуулахын тулд санаатайгаар дээрх худал мэдээллийг тараасан байж магадгүй гэх сэжиг таамаг олон нийтэд бий болсон. Үнэн хэрэгтээ Г.Батхүү өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Бие нь эрүүл саруул байгаа талаар дүгнэлт гарсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа. Тэгвэл Г.Батхүү өвчний улмаар амиа алдсан гэх мэдээллийг тараасан сайт, телевизийн редактор, сэтгүүлч, хувийн хаягнаасаа бичсэн иргэдийг цагдаа нар шалгаж эхэлжээ. Нэр бүхий цөөнгүй хүнээс Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрынхан мэдүүлэг авсан байна.

Н.Номтойбаяр: ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮТЭЙ СҮҮЛД УУЛЗСАН ХҮМҮҮСИЙНХ НЬ НЭГ БИ ЯАХ АРГАГҮЙ МӨН

Ардчилсан намынхан Г.Батхүүг гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэх хэвлэлийн хурал зарласан. Мөн талийгаач хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан гэдгийг хэлсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн. Тэрээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр ордонд хамтдаа алхаад явж байсан. Бид өмнөх парламентад цуг ажиллаж, мөн хамтдаа автоспорт сонирхдог. Хоёулаа ч автоспортын холбоотой юм. Тэрээр “Дүүгийн өрөө аль билээ” хэмээн надаас асууж, манай өрөөнд 10-15 минут саатсан. Хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн нь хэн бэ гээд эргэлзээд, хайгаад байх зүйл байхгүй. Цаг хугацааг нь тооцоод үзэхэд сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би яах аргагүй мөн. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа би 19:18 цагт бүлгийн хуралд орсон. Бүлгийн хуралд ороод картаа хийхэд цаг нь автоматаар бүртгэгдэж байдаг учраас мэдэж байна. Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан. Хаана, хэзээ таарсан, юу ярьсан талаараа би мэдүүлсэн. БНХАУ руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ажил хэргийн асуудал ярьсан. Тэр үед Си Жиньпин даргын өгсөн бэлэгний архийг задалсан. Түүнээс халамцуу явсан зүйл байхгүй. Бид хоёрын хувьд манай холбооны автоспортын төрлийн таван жилийн ажлыг дүгнэх, тамирчдад цол зэрэг олгох тухай ярьсан. Удахгүй болох тэмцээнээ угтаж 44 мянган авторалли сонирхогчийнхоо өмнө хэвлэлийн хурал хийе гэх мэт ажил хэрэгч зүйлүүдийг ярьсан.Бид хоёр 2016 оны сонгуулиас хойш уулзаагүй. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач ганцаараа явсан. Гарахдаа “Хүн хүлээж байгаа. Ах нь яараад байна” гэсэн. Их л яаруу явж байсан.

О.Баасанхүү: Г.БАТХҮҮ АГСНЫГ НАС БАРСАН БАЙХЫГ БИ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАРСАН. ТОЛГОЙ НЬ НЭЛЭНХҮЙДЭЭ ЦУС БОЛСОН БАЙСАН

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний өрөө 111 тоот буюу хэрэг болсон газрын наад өрөө. 18.00 цагт УИХ-ын чуулган тараад, хүмүүстэй уулзаад гарч байгаад хэрэг учралтай таарсан. Би өөрөө хуульч хүн учраас, 20 гаруй жил эрүүгийн хэрэг учралын хавтаст хэргийг үзэж, иймэрхүү хэргийг харж байсан учраас тухайн үед авах ёстой зохих арга хэмжээнүүд юу байх вэ гээд шийдвэрүүдийг гаргасан. ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Хоёрдугаарт, уг хүн нь амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. Манай өрөө хоёр давхар, хоёр хаалгатай тул тухайн үед дуу чимээ сонсогдох боломжгүй. Талийгаачийг унасан гэж ойлгож байгаа. Унасных нь дараа харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минут хэлэх боломжгүй. Сэтгүүлчид тэнд мөн байсан юм билээ. Тухайн үедээ толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар амиа алдсан уу гэдгийг мэдэхгүй. Толгой орчимд нь нэлэнхүйдээ цус болчихсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед Г.Батхүү агсныг гэж анзаараагүй, мэдэх боломж ч байгаагүй” гэсэн юм.

ТӨРИЙН ОРДОНД ТЭР ӨДӨР АРХИДАЛТ БОЛЖЭЭ

Талийгаач Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан өдөр тавдугаар сарын 17 буюу баасан гариг байсан. Тэр өдөр ордонд нэр бүхий УИХ-ын гишүүдийн дунд хавтгай архидалт болсон гэх мэдээлэл гараад байгаа. БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин манай улсын УИХ-ын нэр бүхий гишүүдэд гарын бэлэг өгсөн. Тэр дундаа хамгийн хүндтэй хүнд өргөн барьдаг 50 гаруй градусын спиртийн агууламжтай “Моту” хэмээх архийг гарын бэлэг болгон өгсөн. Урд хөршийн төрийн тэргүүний өгсөн архийг УИХ-ын гишүүд өдрийн хоолон дээрээ задалж ууцгаасан гэдэг нь тодорхой болоод байгаа. Төрийн ордонд болсон архидалтын талаар “Өдрийн сонин”-ы 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр гарсан “Ерөнхийлөгч үнэнийг шударгаар хэлжээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байдаг. Нийтлэлд УИХ-ын гишүүн Н нь өдрийн хоолноос эхлэн спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) хятад архи ууж эхэлснээ өөрөө хэвлэлийнхээ хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө хэлсэн.

1. Төрийн ордонд ажилладаг УИХ-ын гишүүд, туслахуудын яриагаар УИХ-ын гишүүн Ч-гийн өрөөнд Э, С нарын гишүүн үдийн хоолны дараа хэсэг бүлгээрээ архи ууцгаасан бөгөөд гишүүн Н хамгийн их уусан гишүүний нэг байжээ.

2. Түүний дараагаар хүчний байгууллагын өндөр албан тушаалтан, гишүүн Н-ын өрөөнд ороход тэрбээр архиар дайлж, өөрөө гурван удаа татжээ. Харин уг өндөр албан тушаалтан уугаагүй болохыг Н-ын туслах нь бусад туслахад ам алдсан яриа Төрийн ордноор нэг яригдаж байна.

3. МАН-ын Хяналтын зөвлөлөөр арга хэмжээ авагдсан УИХ-ын хоёр гишүүний улстөрчийн хувь заяаг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар шийдэхийн өмнө хэрхэх талаар С.Бямбацогт гишүүний өрөөнд МАН-ын хэсэг гишүүд ярилцаж суухдаа мөн л согтууруулах ундаа хэрэглэн, сэтгэлээ нээн ярилцахад гишүүн Н ч мөн манлайлан оролцсоныг хамт байсан УИХ-ын гишүүд, туслахууд нь ярьцгаасан байна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 31.618 хүүхэд хамрагджээ

“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьсон байгаа. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулалтад нийслэлийн 115 шүднхий эмнэлэг тэнцэж, гэрээ байгуулжээ. Харин орон нутгийн хувьд, шалгаруулалтад 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулсан юм. Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлт болгосон бөгөөд 02-12 насны хүүхдүүд гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 31.618 хүүхэд хамрагджээ.

"Эрүүл шүд-эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт 31.618 хүүхэд хамрагджээ

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтдаа “Мөсөн өргөө”-ний бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнгөрсөн ням гарагт “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны спортын бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцав. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хороонд /“Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд/ баригдаж буй спортын наадмын тосгоны бүтээн байгуулалтууд хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд энд битүү дээвэртэй мөсөн ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байгаа юм.

Энэ үеэр “Степпе Арена” ХХК-ийн “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ордны төслийн санаачлагч П.Цагаан “Мөсөн ордны шав тавьснаас хойш бүтээн байгуулалт 41 дэх хоног дээрээ нарийн төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгаа бөгөөд товлосон цагтаа ордноо нээхээр барилгачид цаг наргүй, аюул осолгүй ажиллаж байна. Ингэхэд төр засгаас шалтгаалах импортын татварыг чөлөөлөх, хүнд сурталтай холбоотой саад бэрхшээл, давагдашгүй зүйл гарахгүй бол бид 14 сар 20 хоногийн дараа бүтээн байгуулалтаа дуусгахаар ажлаа өдрөөр төлөвлөн чармайж байна” гэж хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга спортын бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийж чадаж байгааг онцлон тэмдэглээд эдгээр барилга байгууламжийг бүтээн босгож, ашиглалтад хугацаанд нь оруулахад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх зэргээр тал бүрээр дэмжих хэрэгтэйг хэлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ийм ажлыг төр, засаг дэмжихгүй юм бол өөр ямар ажлыг дэмжих юм бэ. Эдгээр спортын бүтээн байгуулалтыг барих явцад төр, захиргааны аль ч шатны байгууллага хүнд суртал гаргахгүй байж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, бүх талаар дэмжих хэрэгтэй гэдгийг холбогдох албаныханд анхааруулж байна. Би ирэх долдугаар сардирж, энэ бүтээн байгуулалтын ажлуудтай дахин танилцана” хэмээн онцоллоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар дагалдлаа.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагаас 290 орчим алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна

Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 05 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даяан дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Энэ хугацаанд 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь эмэгтэй алба хаагч байгаа юм.

SAMSUNG

2019 онд Онцгой байдлын байгууллагын 27 алба хаагч БНӨСУ-д энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.

Олон улсын энхийг сахиулагчдыг өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны үе, үеийн цэнхэр дуулгатнууддаа баярын мэнд хүргэж, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://nema.gov.mn/wp-content/uploads/2018/01/enkhiig-sahiulag-ajillagaand.pdf
Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Засгийн газар 26 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар 26 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай, Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудал багтаж байна. Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний 2018 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулах аж.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.

Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай

Ө.ЭНХТҮВШИН

3.

Хөрөнгө гаргах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

4.

Монгол орны байгаль орчны 2017-2018 оны төлөв байдлын тайлангийн тухай

Н.ЦЭРЭНБАТ

5.

Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн тухай

Н.ЦЭРЭНБАТ

6.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*

Н.ЦЭРЭНБАТ

7.

Хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

8.

Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлангийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

9.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн санаачилсан Актив удирдлагын тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

10.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай.

С.ЧИНЗОРИГ

11.

2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах тухай

С.ЧИНЗОРИГ

12.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ЗГ-ын 2012 оны 46 дугаар тогтоолын хавсралт/

Х.БАДЕЛХАН

13.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай

Ч.УЛААН

14.

Хөтөлбөр батлах тухай /Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр/

Д.СУМЪЯАБАЗАР

15.

Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай

Д.СУМЪЯАБАЗАР

16.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

17.

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний 2018 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

18.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

19.

Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

20.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

21.

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЭНХБОЛД

22. Х

Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар

С.ЧИНЗОРИГ

23.

Байгалийн түүхийн музейн талаар

Ё.БААТАРБИЛЭГ

24.

Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн талаар

Ч.УЛААН

25.

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

26.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ