Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаанд оролцохоор ирсэн ноён А.В.Гордеев өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, манай улсыг сайн мэддэг ноён Гордеевыг хоёр улсын ЗГХК-ын Оросын талыг даргалж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийлэв.

Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн түүхэн ой тохиож байгааг ОХУ-тай хамтран тэмдэглэх асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, 8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Халх гол сумыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд барилгын ажил үргэлжилж байгаа тул Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэх буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах үеэр бүтээн байгуулалтын ажил дууссан байна гэлээ.

Мөн Монгол Улсад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар төмөр зам”-ын таваарын тээвэр 20-30 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан талаар холбогдох судалгааг танилцуулав. Энэ нь төмөр замын одоогийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр төмөр замын шинэчлэлийн асуудлыг зайлшгүй хөндөх учир хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2018 онд тус улсын Владивосток хотод уулзах үеэрээ дээрх асуудлыг ярилцаж, төмөр замыг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулсан, 100 тэрбум рублийг ОХУ-аас олгуулахаар ойлголцолд хүрсэн талаар сануулж, энэ асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

Ноён А.В.Гордеев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн нь зууны бүтээн байгуулалт хэмээн баяр хүргэлээ. Мөн Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудлыг Монгол-Оросын Засгийн газар хооронд тусгайлан ярилцах зэргээр анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн 100 тэрбум рублийг олгох асуудлаар ОХУ-ын тал хуралдаж, зээл олгох зарчмын шийдвэр гаргасан байна. Зээлийг ямар байдлаар олгох, юунд зарцуулах асуудлаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэж буй шиг төмөр замын шинэчлэлийн ажилд зарцуулах боломжтой талаар ноён Гордеев танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдөд хандан Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаан үр дүнтэй болж, олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, ажлын амжилт хүслээ.


Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол Улс нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, тэгш эрх, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирснийг Шадар сайд тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрэн, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэх нь чухал гэж үздэгээ тодотгов. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын НАХЯ хамтран гэмт хэрэг, тэр дундаа хар тамхи, хүний наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэв. Хоёр улсын, ялангуяа хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байгааг БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэмдэглэв. Цаашид яамдын удирдлагуудын харилцан айлчлалын давтамжийг хадгалах, гэмт хэрэгтэй тэмцэх, мэдээлэл солилцох, хил орчмын хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгийн эмчилгээг сайжруулах шинэлэг аргыг нэвтрүүлж байна

Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Тэгвэл энэ хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан алсын зайнаас өвчтөнтэйгөө шууд харилцан, эмчилгээний хяналтан дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ. Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлснээр өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа хадгалах болон санхүүгийн байдалд дэмжлэг болох ихээхэн үр дүнтэй ажил юм. Одоогоор Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд энэхүү аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид бусад дүүрэгт энэхүү аргыг нэвтрүүлснээр эмчилгээний амжилт нэмэгдэх боломжтой юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Туул голд осолдсон хүүгийн цогцсыг гаргаж авчээ

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын орчим Туул голд тус дүүргийн харьяат арван настай эрэгтэй Т нь 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр 12:00 цагийн үед осолдсон гэсэн дуудлага мэдээлэл НОБГ-д энэ сарын 28-ны өдрийн 00:05 цагт иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан аврагч нэг автомашинтайгаар 01.00 цагт очиж Туул голоор гурван км сэлж, хоёр метрийн гүнд нэг удаа удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 01:50 цагт эрлийн ажиллагааг түр зогсоожээ. Ингээд өчигдөр өглөөнөөс нэмэлтээр таван аврагч, нийт 11 алба хаагч гарч хоёр завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 10.44 цагт Сонсголонгийн гүүрнээс зүүн зүгт 50 метрт байрлах Гүүрний хясаа гэдэг газраас хүүгийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хэлэлцлээ

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг яг одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан. Түүнчлэн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг даалгасан билээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва: “Оюутолгой компанийн татварын ачаалал Монгол Улсын татварын ачаалал тав дахин байгаа. Энгийн хувьцааг өмчлөх гэдэг үгийг хэрэглэсэн боловч “Дубай”-н гэрээгээр өмчлөх гэдгийг эзэмших гэдгээр засчээ. ТЭЗҮ-ийг эрхзүйн хувьд заавал мөрдөх баримт биш гэж “Дубай”-н гэрээнд өөрчлөлт оруулсан нь Монголын талын үр ашгийг бууруулах үндэс болжээ.

Нөөцөд суурилсан тооцооллоор Монголын талын 34 хувийн хувьцааны өр хүүгийн хамт 1.4 тэрбум ам.доллар бөгөөд ирээдүйд ногдол ашгаа суутгасаар 2039 онд нэг тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй байна.

Далд уурхайн санхүүжилтэд авах зээлийн барьцаанд “Оюутолгой” төслийн А лиценз, бүхий л эрхүүд, үл хөдлөх хөрөнгийг барьцаалагдахыг зөвшөөрсөн байна. Энэ нь Монгол Улсын орд, баялгийг барьцаалж авсан зээл боловч хөрөнгө оруулагчдад давхар хүү төлөхөөр болсон нь шударга бус болжээ.

Хөрөнгө оруулагч тал одоогоор Монголын талын 34 хувиас бусад “Оюутолгой” лиценз, өмч хөрөнгө, ирээдүйн мөнгө гүйлгээ зэрэг бусад зүйлийг барьцаанд тавьсан төслийг цаашид үргэлжлүүлэхэд эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл эрсдэл гарлаа гээд хөрөнгө оруулагч тал гарахад бэлэн байна.

Дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангана гэсэн гэрээ хангагдаагүй. Монголын талын хүртэх үр ашиг 31 хувь байхаар төсөөлөлтэй байна. Гэтэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр Монголын талын хүртэх ашиг 53 хувь байхаар заасан.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд УИХ, Засгийн газрын чиглэлийг баримталж ажиллаагүй байна. Дахин тодолтгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Дубайн гэрээ холбогдох зүйл заалтыг зөрчсөн учир нягтлан судалж, хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна” гэлээ. Ингээд Д.Тэрбишдагва гишүүний дүгнэлтийг сонссоны дараагаар асуулт хариулт үргэлжлэв.

Categories
мэдээ нийгэм

Хотын төсвийн орлого, зарлагад хяналт тавих боломжтой боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриелла Спирли, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл болон бусад албаны төлөөлөл хийв.

Швейцарийн Хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл болон Дэлхийн Банкны “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар тус эмхэтгэлийг боловсруулан гаргасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг нийслэл дангаараа бүрдүүлдэг билээ. Улаанбаатар хотод амьдран суугаа иргэд маань харьцангуй санхүүгийн мэдлэгтэй, хариуцлагатай болж, хотын төсвийн орлого, зарлагын асуудал иргэн бүрийн анхаарлыг татах болж, бүтээн байгуулалт, хийгдэж буй ажлуудад санал бодлоо илэрхийлэх нь нэмэгдсэн. Ийм цаг үед хотын төсвийн эмхэтгэлийг иргэдэд ойлгомжтой, энгийн байдлаар хүргэснээрээ нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэр, гарч буй урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, гадаад дотоодын зээл тусламжийн тухай мэдээллийг иргэд олж авахаас гадна ямар төрлийн хөрөнгө оруулалтыг хаана хийх, хэрхэн үр ашигтай зарцуулах тухай санал санаачилга гаргах, эргээд төсөвт хяналт тавих боломж бүрдэнэ” хэмээлээ.

Дэлхийн Банк, Германы хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй боловсруулагдсан тус эмхэтгэл нь нийслэлийн 2019 оны батлагдсан төсөв, түүнд туссан төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, хөтөлбөрийг иргэдэд хамгийн ойлгомжтой хэлбэрээр зурагжуулан, тайлбартайгаар хүргэж буйгаараа онцлог юм.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Иргэд хотынхоо төсвийг өөрсдөө хянах боломж олгож байгаагаараа энэ эмхэтгэл онцлогтой. Мөн нэг давуу тал нь зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд биш өнгөрсөн жилийн улсын төсвийг олон нийтэд харуулж байгаагаараа ач холбогдолтой юм. Тийм учраас бусад аймаг, хотууд энэ жишгээр иргэддээ мэдээллээ ил тод хүргэдэг тогтолцоонд шилжих байх гэж найдаж байна. Цаашид ч энэ ажил маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл эмхэтгэлийн ач холбогдлыг “Нээлттэй нийгмийн үнэт зүйлсийн нэг нь иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо бөгөөд ялангуяа төсвийн төлөвлөлт, зарцуулалтын үйл явцад олон нийт оролцох нь төсвийн зарцуулалт оновчтой, үр өгөөжтэй байх, цаашлаад авлигын асуудалд хяналт тавихад чухал үүрэгтэй байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын боловсруулан гаргасан “Иргэдийн төсөв-2019” эмхэтгэл нь иргэдэд төсвийн талаарх мэдээллийг ойлгомжтой, энгийн хэлбэрээр хүргэж байгаагаараа онцгой чухал үүрэг, ач холбогдолтой юм” гэсэн юм.

Тус иргэдийн төсвийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр www.ulaanbaatar.mn, www.irgen-tur.mn цахим хуудаснаас татах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Skype ашиглан сүрьеэгээр өвдсөн иргэдийг хянаж эхэлжээ

Сүрьеэгээр өвдсөн хүмүүс эмнэлгийн зайлшгүй хяналт дор эм бэлдмэл ууж өвчнөө эмчилдэг. Тэгвэл энэ хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан Skype аппликэшн ашиглан эмч, эмнэлгийн ажилтан алсын зайнаас өвчтөнтэйгөө шууд харилцан, эмчилгээний хяналт дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч ажиллаж эхэлжээ.

Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлснээр өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа хадгалах болон санхүүгийн байдалд дэмжлэг болох ихээхэн үр дүнтэй ажил юм.

Одоогоор Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд энэхүү аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид бусад дүүрэгт энэхүү аргыг нэвтрүүлснээр эмчилгээний амжилт нэмэгдэх боломжтой аж.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Lenovo” нугардаг дэлгэцтэй компьютерын загварыг танилцуулав

Хятадын Lenovo компани дэлхийн анхны нугардаг, уян дэлгэцтэй зөөврийн компьютерын загварыг танилцууллаа.

Уг бүтээгдэхүүн 2020 онд ThnikPad X1 брэндийн нэг хэсэг болж зах зээлд хүрэх юм гэнэ. Тус зөөврийн компьютер нь 13.3 инчийн хэмжээтэй, 4:3 харьцаатай, 2K OLED дэлгэц нь нугалсны дараа хатуу хавтастай номны хэмжээтэй болдог байна. Хагас дэлгэсэн үедээ 13 инчийн зөөврийн компьютер болох бөгөөд дэлгэцний нэг хагас нь гарны товчнууд бүхий самбар болж хувирах юм. Харин бүрэн дэлгээд тусгай суурь дээр байрлуулж, гар, хулгана залгавал All-in-one загварын ширээний компьютер болж хувирна. Үүнээс гадна тусгай үзэг ашиглан таблет болгон ашиглаж боломжтой.

Туршилтын шатанд яваа уг компьютерын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг Lenovo компани одоогоор нууцалж байгаа юм. Уг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хугацаа, үнэ зэрэг мэдээлэл тодорхой болоогүй байна. Дизайн, хийцийн хувьд ч бэлэн болоогүй ба туршилтын загвараа тодорхой хүрээнийхэнд танилцуулжээ.

Б.САРУУЛ

Categories
мэдээ улс-төр

Гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын уулзалт боллоо

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний ээлжит уулзалт 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо болов. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Ханьхуй нар гурван талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов. Уулзалтад гурван улсын ГХЯ болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов. Гадаад харилцааны дэд сайд нар гурван талын транзит тээвэр, гааль, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч буйг тэмдэглэхийн зэрэгцээ хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, бодит агуулгаар баяжуулахын тулд салбарын яамд, байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ГХЯ-дын зүгээс идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Талууд 2019 оны 6 дугаар сард хийхээр төлөвлөж буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын бэлтгэл, тус уулзалтын үеэр гарын үсэг зурах боломжтой баримт бичгүүдийн талаар ярилцаж, тодорхой ойлголцолд хүрэв. Гадаад харилцааны дэд сайд нар түүнчлэн бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Categories
энтертаймент-ертөнц

Тавь гарсан загвар өмсөгчдөөс дэлхийд манай Э.Одгэрэлийг гүйцэх нь байна уу?

Тавь гарсан насандаа дотуур хувцасны зураг авалтад оролцоно гэдэг хүссэн загвар өмсөгч бүрийн хийгээд байдаг зүйл биш билээ. Загвар өмсөгч Э.Одгэрэл Италийн алдарт брэнд “Инканто”-гийн нүүр царай болж, Монголын хамгийн том нисэх онгоцонд өвөрмөц зураг авахуулсан нь нэлээд шуугиан тарив. Мөнхийн залуу Э.Одгэрэл гэж тодотгодог ч дотуур хувцасны зураг авалтыг тавь байтугай гуч гарсан загвар өмсөгчид ч зориглож хийлгэдэггүй билээ. Тэгвэл үзэсгэлэнт Э.Одгэрэлийн энэ шийдвэр түүнийг харих болоогүй байгааг үнэхээр батлан харуулж байна. “Инканто” брэндийн хувьд гучаас дээш насны чанартай бас халуухан загварлаг дотуур хувцасыг хүсдэг бүсгүйчүүдэд зориулсан брэнд юм. Тэр ч утгаараа Э.Одгэрэл “Инканто” брэндтэй төгс зохицжээ. Маш өвөрмөц загвар, халуухан байдлыг илтгэх торон оруулгууд дотуур хувцасыг тав тухгүй мэт болгодог. Харин топ моделийн сонголт болох “Инканто” торон атлаа маш бат бөх, биед харшил төрүүлдэггүй, агаар нэвтрүүлдэг тансаг материалаараа гайхагддаг байна. Ер нь сүүлийн үед дэлхийн дотуур хувцасны брэндүүд эмэгтэй хүн бүхий л насандаа гоо сайхан байдаг гэдгийг батлах үүднээс тавь гарсан загвар өмсөгчдийг сонгон хамтран ажиллах болсон билээ. Тухайлбал, Шинэ Зеландын “Lonely Lingerie” брэнд 56 настай Мэрси Бреверийг сонгож, эмэгтэй хүн бүхий л насандаа гоо сайхан байдгийг харуулахыг оролдсон. 2014 онд АНУ-ын “American Apparel” загвар өмсөгч Жаки Шавтнесигээр мэдрэмжинд нас хамаарахгүй гэж харуулахыг хүссэн удаатай. Мөн усны хувцасны “Land of Woman” брэнд 2016 онд 60 настай Я.Россигоор загвараа өмсүүлсэн нь томоохон шуугиан тарьж байсан. Харин 56 настай Никола Грифин “Слинк” сэтгүүлд ийнхүү дотуур хувцастай зургаа авахуулж байжээ. Энэ тавьтнууд дотроос манай топ шиг халуухан, залуухан харагдах нь бас ховор байгаа биз дээ. Загвар өмсөгч Э.Одгэрэлийн хувьд брэндийн мөн чанараа илэрхийлж, бас тавьтнууд ч гоо сайхан хэвээр гэдгийг Монголдоо төдийгүй дэлхийд баталж чадах зургийг “Инканто”-той хамтарсан энэхүү зургуудаараа баталж байх шиг.