“МАК Цемент” ХХК нь 2017 оны зургадугаар сард Европын тоног төхөөрөмж, технологи бүхий цементийн үйлдвэрийг амжилттай ашиглалтад авч дотоодын цементийн зах зээлийн 40%-ийг хангаж, 600 гаруй шууд ажлын байр бий болгож, улс орон нутгийн төсөвт 30 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, импортыг орлон 35 орчим сая ам.доллартой тэнцэх валютын гадагшлах урсгалыг зогсоосон хувь нэмрийг Улс эх орондоо оруулаад байна. Тус үйлдвэрт нийт 340.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаагаас 175.5 сая ам.долларыг (52%) өөрийн хөрөнгөөр, 98.7 сая ам.долларыг (29%) гаднын банкны зээлээр, 66.5 (19%) сая ам.долларыг Монгол Улсын Хөгжлийн Банк (цаашид “МУХБ” гэх)-ны зээлээр санхүүжүүлсэн.
Цементийн хэрэглээний 80 гаруй хувийг импортоор хангадаг байдал, Засгийн Газар (цаашид “ЗГ” гэх)-ын хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан орон сууцжуулалт, төмөр зам, цахилгаан станц, хүнд даацын бетонон зам гэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилт, цементийн хэрэглээний цаашдын өсөн нэмэгдэх төсөөллийг харгалзан үзэж ЗГ-аас дотооддоо цемент үйлдвэрлэх төслүүдийг дэмжих чиглэл гаргасан. Тухайн чиглэлийн хүрээнд 2014 оны 218 тоот тогтоолоор ЗГ 87.5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн зээлийг МУХБ-аар дамжуулан МАК Цементийн төсөлд олгохоор шийдвэрлэж, улмаар МУХБ нь нийт 20 тэрбум төгрөг болон 55.6 сая ам.долларын бодлогын банкны хувьд МАК Цементийн төслийг санхүүжүүлсэн нь уг бодлоготой нийцэж байгаа боловч олгосон зээлтэй холбоотой дараах хүндрэлүүд тулгарсан. Үүнд:
- МУХБ нь зээлийг ЗГ-ын тогтоолд тусгагдсанаас 21.5 сая ам.доллароор дутуу олгосон тул Компани дутуу санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр нөхөх шаардлага тулгарсан, мөн зээл удаашралтай олгогдсон учир төслийн төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдээгүй, улмаар үйлдвэр хоёр жилээр хойшлогдож ашиглалтад орсон.
- ЗГ-ын тогтоолоор төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн хэдий ч, МУХБ зээлийн дийлэнхийг ам.доллароор олгосон буюу зээлдэгч рүү ханшийн эрсдлийг шилжүүлсэн. Ингэснээр зээл авах үед ам.долларын ханш дунджаар 2029 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 2647 төгрөг болж ханш 30%-иар суларснаас шалтгаалан үндсэн зээлийн дүн 34.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь Компанийг ханшийн алдагдалд оруулаад байна.
- ЗГ-ын хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын төслүүдийн ихэнх нь хэрэгжээгүй, Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан байгаагаас цементийн хэрэглээ нэмэгдэх бус, харин 2014 онд 2 сая тонн байсан хэрэглээ буурч 2018 онд 1 сая тонн болсон.
- Олон улсын практикт хөгжлийн банкууд энэ төрлийн томоохон төслийг найман жилээс багагүй хугацаатай санхүүжилт өгч дэмждэг. Харин МУХБ нь зээлийг нэг жилийн буюу богино хугацаатайгаар дөрвөн тусдаа зээл болгон хувааж 2014-2016 онуудад олгосон. Талууд анхны тохиролцоогоор эдгээр дөрвөн зээлийг нэгтгэн урт хугацаатай төслийн зээл болгон хөрвүүлэх байсан боловч эхний зээл авснаас хойш ЗГ гурван удаа солигдож, тухай бүртээ МУХБ-ны удирдлагыг сольсноос шалтгаалан тус банк нь энэ талаар өнөөг хүртэл шийдвэрлээгүй. Иймд уг асуудлыг шийдвэрлэх хүртэл МУХБ нь дөрвөн зээл тус бүрийг маш богино хугацаагаар сунгасан нь зээлийн бүтцийн өөрчлөлтийг олон дахин хийсэн мэт харагдуулж байгаа бөгөөд зээлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш дахиж сунгаагүй.
Гэсэн хэдий ч Компанийн зүгээс бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж МУХБ-наас авсан зээлд өнөөдрийн байдлаар 7.9 сая ам.доллар төлөөд байна. Одоогийн зээлийг урт хугацаатай төслийн зээлд хөрвүүлж төлбөрийн хуваарийг гарган, таван жилийн хугацаанд бүрэн барагдуулах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн бөгөөд МУХБ нь МАК Цементийн үйлдвэрийн нийгэм эдийн засгийн ач холбогдол болон дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ гэж найдаж байна. МУХБ-ны зээлийг холбогдох хууль дүрэм, журмын дагуу авсан бөгөөд зориулалтын бусаар ашиглаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдье. ”МАК Цемент” ХХК нь МУХБ-ны зээлийг таван жилийн хугацаанд бүрэн эргэн төлөхөөр ажиллахын зэрэгцээ Улс орны бүтээн байгуулалтад оруулах хувь нэмрээ улам өргөжүүлэх болно.
Хүндэтгэсэн,
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТТУЛГА