Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын доктор, профессорыг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректор, доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулж, дараа нь баяр хүргэн хүлээн авч уулзав.

Тамара Викторовна Михайлова нь ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректороор 1993 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ сургуулийг Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван мэргэжлийн боловсон хүчин сурч, төгссөн байна.

Эдгээр нь Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд сурган хүмүүжүүлэх, оюуны болон шинжлэх ухааны үнэт зүйл болж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цохон тэмдэглээд ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийнхний айлчлал манай улсын биеийн тамир, спортын хамтын ажиллагаанд өргөн боломж, бололцоог нээж өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн билээ.

МӨН УУЛЗАЛТЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

  • Манай улсаас жүдо бөх, теннис, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрлөөр оюутан сургах асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах,
  • Монголын үндэсний шигшээ багийн жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, теннис, таеквондо, байт харвааны спортын дасгалжуулагчдыг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх,
  • Өсвөр үе, залуучуудад олимпын боловсрол олгох тал дээр хоёр орны олимпын академиуд хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг тавьж, эдгээр асуудлын хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2020 онд Улаанбаатар хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадамд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд ОХУ-ын спортын сургуулийн төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ойлголтын зөрөө

Насны зөрөө амаргүй гэж үг бий. Амаргүй гэснээс боломжгүй гээгүй аж. Харин ойлголтын зөрөө гэж бий. Харамсалтай нь, ойлголтын зөрөөг амаргүй гэхэд багадна. Ойлголтын зөрөө биднийг дэлхий ертөнцөөс өөр, дэлхий ертөнцийг биднээс өөр харагдуулж байна. Учир нь ойлголтын зөрөө нь яван явсаар итгэл үнэмшлийн зөрөө, үнэт зүйлсийн зөрөө болон хувирч байнам.

-Монгол хүн машин угсарлаа, монгол хүн пүүз хийлээ, монгол хүн араак эдгээлээ… монгол хүн тэглээ… монгол хүн ингэлээ…нэг талаараа өчигдрийн нүүдэлчид өнөөгийн иргэншсэн нийгмийн нэг хэсэг болсондоо бахадсан сэтгэл мөн. Гэхдээ л цаад утга нь “форд юу юм бэ”,”Тоёота хэн юм бэ”, “үхсэн баасны найк”, “элэнцгийн чинь анагаах ухаан”…гэхчлэнгийн бардамналууд ханхална. Үнэн хэрэгтээ Монголд машин орж ирснээс хойш л түүнийг эвлүүлж угсарч ирсэн, хүннүгийн булшнаас “юун найк, яасны чинь адидас” гэмээр пүүз олдсон, араанк тусаад эдгэрсэн тохиолдол гарч л байсан…тэглээ гээд бид юугаараа өөр болсон бэ?

Асуудлын гол нь Адидасаас өөр этгээд пүүз оёж чаддаггүй, Фордоос өөр газарт машин угсрах сачийгүйд байна уу, эсвэл бүх хүний чадаж болох зүйлсийг тэд илүү сайн зарж байна уу? Ойлголтын зөрөө эндээс л эхэлнэ.

Жишээлэхэд, ориг дипломтой хүмүүсийн доторх цөмийн физикчийн эзлэх хувийг авч үзвэл манайх дэлхийд тэргүүлнэ гэдэг. Хэдэн минутын өмнө Дубна дахь Оросын цөмийн шинжилгээний институтэд ажиллаж байсан цөмийн физикч Р.Бадамдамдин орж ирээд гарах жишээний. Энэ нь Монгол орон цөмийн зэвсэгтэй болох боломжтой гэсэн үг хараахан биш.

Манайд, захын утас засварын бүхээгт гар утас элбэгхээн хийнэ. Үүнийгээ “монгол хүн гар утас хийж чадаж байна, ийм учраас Айфлээс юугаараа дутах юм бэ” гэж бардана. Харин дэлхий ертөнц “Үгүй яахав дээ, арга барагдахад гар утастай болчих нөхөр байна. Тэрийгээ борлуулж чадахгүй болохоор нэмэргүй дээ” гэж бодно. Хэрвээ сайн санаатай илэн далангүй хүн байж таарвал “Хөгшөөн, ингэж цагаа үрж байхаар самсунгийн бэлэн утас борлуулбал чамд унацтай” гэж зөвлөх байх.

За тэр, “манай эрдэмтэд хорт хавдрын эм байнга нээж байгаа” асуудал байна. Зөв ойлгоорой, “Хорт хавдар анагааж байгаа” асуудлыг үгүйсгэх гээгүй юм шүү. Үнэхээр ч тийм тохиолдол байдаг.

Хамгийн гол нь нь анагаах ухаан ба монгол ухааны “ойлголтын зөрөө” гараад хэн хэнийгээ зовоогоод байгаа юм. Дийлдэшгүй гэгдэх өвчнөөс итгэл үнэмшил, эмчийн авьяасаас хамаараад салж чадсан, бурханы ивээлээр эдгэрсэн хувь заяатан бишгүй. Ийм тохиолдол ганцхан манайд ч байгаа юм биш. Гэтэл шинжлэх ухаан тохиолдлыг тооцож үздэг болохоос биш, түүнийг аксиом болгодоггүй.

Жишээлэхэд, манай садангийн Б.Дэмчигсүрэн эмчийн тээр жил ярьснаар, Улиастайд таван давхраас согтуу хүн унаад амьд үлдсэн тохиолдол гарчээ. Бэртсэн гэхээсээ илүү үйрсэн гэвэл зохистой байсан тэр нөхөр шал умаахан байсныхаа ачаар өвдөлтийн шокийг давж чадсан байна.

Ингэлээ гээд “Дээмээ эмч таван давхраас унасан хүний амийг аврах арга олсон” хэмээн одон тэмдэг, патент нэхсэнгүй. Бас “Монголчууд болкооноос унасан хүнийг аврах арга нээлээ” гэж шуугьсангүй. Улмаар “Хөх толбот монгол хүний үл үйрэх ясан” гэхчлэнгийн судалгаа илтгэл хийгдсэнгүй. Хориод жилийн өмнө арай ч эрүүл байсан юм биш байгаа, бид чинь.

Одоо эргээд “хавдар эдгээгч” нарын сэдэв рүүгээ оръё. Анагаахын салбарын илтгэл биш учраас нэлээд бүдүүвчилж бичнэ шүү, хэлчихье. Манайд анх “араанк” нэрээр орж ирсэн хорт хавдарын унаган нэр нь Рак (латинаар cancer гэх ба манайхан энэ нэрийг орос хэлнээс зээлджээ) буюу хайчин гартай хавч ажгуу. Дотор нь амьд рак орчихоод гэдэс дотрыг нь хайчлан тасчих мэт өвдөн шаналдаг байснаас тийн нэрийдсэн гэнэ. Олон зууны турш хүн төрөлхтөн түүнтэй байлдсаар иржээ.

Өсөлт нь дийлдэхээ байсан эсүүд урган раак мэт идсээр эзнээ үхүүлдэг ажгуу. Эсийг дунд сургуульд үздэг. Бүдүүвч байдлаар авч үзэхэд, амьд амьтан нь үй олон бөгөөд жижигхээн “амьд амьтан”-аас тогтоно. Тэр олон амьд амьтад нь өсч үржиж, үхэж үрэгдэн “том амьд амьтныхаа” амьдрах нөхцөлийг хангана. Тэдний насжил ба тоо нь генетикчдийн хэлдэгээр тусгай программаар зохицуулагдана. Энэ “жижиг амьтад”-ын өсөх үхэхийн зохицол ба нийт “жижиг амьтад”-ын тооны тэнцэл дээр том амьтны амьдрал тогтдог байдлаар үлгэрлэе. Хэн минь, чи гаднаас нь харахад ганц биетэй мэт үзэгдэвч, нүдэнд үл өртөх түг түмэн амьтны нийлбэр ажаам.

Дорно дахинд ийнхүү оршихуйг “зохистой харьцаа” хэмээн томьёолох ба өрнөдөд “хүчний баланс” гэж харах жишээний. Эрүүл мэнд “зохистой харьцаа”-дээр оршдог бол, энхтайван “хүчний баланс” дээр тогтдог гэдэг нь ийм учиртай.

Одоо “араанк” руугаа оръё. Зарим нэг эс хяналт алдагдан өсөөд дийлдэхээ байхыг раак гэдэг гэнэ дээ. За даа, манайхны сайн мэдэх мөнгөний ханш уналттай ч төстэй юм уу?

Ингээд инфляци болсон хавдрын эсүүдтэй хүний дархлааны эсүүд байлдаж эхэлдэг гэнэ. Төгрөгийн ханшийг унагахгүй гээд л Монголбанкнаас цаасан мөнгөний операци хийж аргацаадаг шиг юмуу даа. Цаад эдийн засаг нь сэргэж, хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол төгрөг унасаар л байдаг шиг хөөрхий дархлааны эсүүд байлдаад л байдаг, дайсан хавдар өсөөд л байдаг ажээ. Сонин шүү, хэрвээ эсүүд нь үхвэл эзэн үхнэ, бас эс нь үхэхээ байчихвал эзэн нь үхнэ, нэг ийм л дүрэм амьдралд үйлчилдэг аж.

Сонирхолтой нь тавиас дээш насныхны хавдар даах хугацаа харьцангуй урт ажээ. Болхидуухан тайлбарлахад, хөгшин хүний хавдар “хөгшин” байдаг, иймээс удаан томордог гэмээр юмуу. Шинжлэх ухааны хэллэгээр бол хөгшрөлөөс үүдэн физиологийн процесс удаашрах үзэгдэл.

Хүн төрөлхтөн олон зуун жил хорт хавдартай байлджээ. Гэхдээ ганцхан л тактиктай. Тэр нь аль болох удаан хугацаанд хориглон байлдах. Өөрөөр хэлбэл хавдрын эсийн өсөлтийг боломжоороо сааруулах гэсэн үг. Анагаах ухаан хорт хавдрын өсөлтийн боломжоороо л сааруулж чаддаг болсон, цөөнгүй тохиолдолд эдгээж байгаа ч түүнийг ялаагүй хэвээр. Яг л цэцгийн вакцина гарахаас өмнө цэцэг өвчин тусаад эдгэрсэн хүмүүс бишгүй байсан ч анагаах ухааны утгаар түүнийг ялаагүй байсан шиг зүйл.

Шинэ мянганы босгон дээр манай гаригийн эмч докторууд ийм дүгнэлт хийжээ. Хавдрын эсийг байлдаад байлдаад хориглолт хийхээс хэтэрч чадахгүй юм байна гэж үзэв. Ингээд тактикаа өөрчилжээ. Тактикийг хавдрын эсийн өөрийнх нь тактикаас санаа авсан гэвэл зохилтой. Хэрвээ “Хорт хавдрын эс бидний дотор орчихоод, бидний амьдрах программыг өөрчлөн үхүүлж чадаж байгаа юм чинь, бид нар чиний дотор ороод гэдэс дотрыг нь хутган алийг нь алдуулж яагаад болохгүй билээ” гэсэн асуултын хариу энд бий.

Ингээд орчин үеийн анагаах ухааны салбар хорт хавдрын эсрэг тэмцлийнхээ тактикийг 180 градус эргүүлсэн бөлгөө. Бүдүүн тоймоор бол “Хавдартай байлдахын оронд дотор нь ороод уушгийг нь гэдэстэй, улаан хоолойг нь давсагтай нь холбоод, үржиж өсөх аргагүй болгож тавина” гэсэн санаа. Шинжлэх ухааны утгаараа хавдрын эсийг өөрийг нь шинэчлэн программчлах боломжийн тухай асуудал.

Тэгэхээр эс гэдэг “амьтныг” ширээн дээрээ боодог шиг тавьчихаад задлах аргагүй учраас илүү нарийн лабортори хэрэгтэй. Улмаар түүнийг мөч мөчөөр нь янзалж, илүү нарийн түвшинд холиодог болохын тулд салбарын хэдэн мянган эрдэмтэн шаардлагатай. Энд хэрэгтэй мөнгө ба эрдэмтний тоо хэмжээ манай засгийн өнөөгийн чадавхаас давсан эд гэнэ.

Нэг бус удаа, Баабар бичихдээ: Хорт хавдартай тэмцэх, ялах ажил нь эсийн түвшинд яригдаж байгаа учраас маш их мөнгө, олон институт, мянга мянган хүний оролцоо хэрэгтэй болсон гэж хэлээд байдаг нь ийм учиртай юм байна.

Ийм түвшинд оччихсон учраас л өрнөдийн судлаачид “Монгол хүн ийм өвснөөс хавдар эдгээдэг тийм эм гаргалаа. Тийм тангаар хавдрыг нам дарж сурлаа” гэхээр тоож өгөхгүй зовоогоод байгаа юм гэнэ. Тэрнээс биш, манай төр засаг эрдэм ухааныг олигтой дэмжихгүй, Монголын ард түмэн эрдэмтдээ санаанд нь хүртэл хайрлаж өгөхгүй, эсвэл гадаадынхан биднийг дээрэлхээд хүний дайтай үзэхгүй зэргээс болоод байгаа юм биш ажээ.

Ер нь бол наад захын ийм зүйлийг, энгүүнээр, бас түвэггүй ойлгоё гэвэл Их Британийн анагаах ухааны холбоо, ДК ба НЭПКО хэвлэлийн газрын хамтын бүтээл “Анагаахын иж бүрэн гарын авлага” номыг үзэхэд гэмгүй.

Угаасаа ч энд хорт хавдрын тухай ч ярих гээгүй юм. Энэ гайхал монголчуудаас хол байг. Харин “Ойлголтын зөрөө” гэдэг ойлголтын тухай ярих гэсэндээ түүнийг жишээлсэн хэрэг. Ойлголтын зөрөөг бол яаралтай шийдүүштэй байна. Учир нь өнөөдөр энэ “Ойлголтын зөрөө” нь манай “нийгмийн сэтгэлгээний араанк” болчихоод байна. Энэ зөрөө л манай улс төрийн хямралын гол шалтгаан ч бас мөн.

Наад зах нь бидний “Болно” ба хүн төрөлхтний “Болно” хоёрын хооронд асар их ойлголтын зөрөө байдаг. Соёлт ертөнцийн хувьд “ингэж-тэгж болно” гэдэг нь нэгдүгээрт, уг үйлдэл хууль журамд нийцэж байгаа эсэхээс хамаарна. Хоёрдугаарт, хуулиар хориглоогүй ч нийгмийн ёс суртахуунаар зөвшөөрөгдөх эсэхийг авч үзнэ. Гуравдугаарт, уг үйлдэл өөрөө хийх боломжтой эсэх нь орно. Харин, бидний хувьд эхний хоёр үзүүлэлт тийм ч чухал биш бөгөөд гурав дахь хэсэг л шийднэ.

Жишээлэхэд, болкоон дээрээс морь харж, сарих тухай асуудал гарлаа гэж бодъё. Баруунд бол хуулиар энэ асуудлыг яаж зохицуулсныг авч үзнэ. Хэрвээ улсын хуулиар болкоон дээрээс морь харахыг хориглоогүй байвал ёс суртахуун руу шилжинэ. Тухайн үндэстний ёс мораль нь хаа хамаагүй сарихыг юманд боддоггүй байж болно. Эндээс хувийн боломж руу шилжинэ. Хувийн боломж гэдэг нь болкоон дээрээс сарих гэхээр өндрөөс айдгаасаа болоод шээс нь боогдохгүй байх, өөрөө “юм хум”-аа олон түмэнд харуулахаас ичихгүй болох талын асуудлууд орно.

Харин манайд, ердөө л “шээс боогдохгүй” байхыг л боломж, бололцоо гэж үздэг. Бидний “болно” ба соёлт хүн төрөлхтний “болно” хоёрын зөрөөг эндээс харж болно.

Бид чадаж байгаагаа хийхийг ардчилал гэж ойлгож байгаа бол соёлт ертөнцөд хууль ёс суртахууны болон хувийн шалгуур энэ гуравт нийцсэн зүйл хийхийг ардчилал гэж үздэг. Ардчилал маш олон зүйлийг хуулиар зохицуулдаг ч түүнээс дутахгүй зүйлсийг нийгмийнхээ ёс суртахуунд даатган үлдээдэг. Манайд ёс суртахуунд даатгасан тэр хэсгийн орон зай “хар нүх” маягтай байна….Ойлголтын зөрөө ийм аймааааар.

2017.06.20

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүндийг өргөлтийн тамирчдыг дасгалжуулагч нь дарамталж допинг хэрэглүүлж байсан гэв үү

Монголын хүндийг өргөлтийн тамирчдын амжилт хурдацтай ахиж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд байгаа. Гэсэн ч хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчдын талаар таагүй мэдээлэл цацагдаж эхэллээ.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр тамирчдаа дарамталж олон улсад хориглодог допингийн төрлийн бодис хэрэглүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь нар нь гомдол гаргажээ. Тэрбээр оксандралоне, энантат, пропинат зэрэг бодисыг шавь нартаа хэрэглүүлдэг байсан талаар тамирчид нь гомдол мэдүүлсэн байна. Тус хориотой бодисыг хэрэглэсэн тамирчны биеийн байдал муудаж мэс ажилбарт оржээ. Улмаар дотор эрхтний үйл ажиллагаанд нь доголдол үүсч, хэд хэд хэдэн мэс ажилбарт орсон гэнэ. Хохирогчийн ээж энэ талаар Монголын хүндийг өргөлтийн холбоонд гомдол гаргахад авч хэлэлцээгүй байна. Энэ мэтчилэн 2012-2016 оны олимпийн мөчлөгт шигшээ багт хичээллэж байсан хэд хэдэн эмэгтэй тамирчид эрүүл мэндээрээ хохирсон гэнэ. Оксандралоне, энантат, пропинат зэрэг бодисыг хэрэглэсэн тохиолдолд тамирчдын элэг, бөөрний үйл ажиллагаа доголдож, ходоод цоорох эрсдэлтэй байдаг аж.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр олон улсын тэмцээний үеэр шавийгаа допингийн шинжилгээнд хамрагдахад оронд нь өөр тамирчин оруулсан зөрчил гаргасан гаргажээ. Харамсалтай нь шинжилгээнд хамрагдсан тамирчнаас нь нистерлон гэх допингийн төрлийн бодис илэрч олон улсын тэмцээнд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулсан байна. Тэрбээр энэ бүх үйлдэлдээ хариуцлага хүлээж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн байна. Харин түүний ажлыг хүү нь болох Х.Одхүү авч шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж.

Мөн дасгалжуулагч Ц.Хосбаяр АНУ-д болсон тэмцээнээс буцахдаа конторвантын хэрэгт холбогдон их хэмжээний эм тариаг хилээр нэвтрүүлэхийг завдсан ажээ. Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа аж.

Сонирхуулахад 2016 оны олимпийн наадамд манай улсыг төлөөлж оролцсон олон улсын хэмжээний мастер Ө.Чагнаадоржийн допингийн шинжилгээнээс тестостерон гэх бодис илэрч эрхээ хасуулж байсан билээ.

Б.САЙНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 04-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт “Холлидэй Инн” зочид буудалд “Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл” олон улсын чуулган болно.

10.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Зүүн Ази хариуцсан захиралтай уулзана. Утас: 325044

10.30 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91887887

10.30 цагт Ардчиллын өргөөнд Ардчилсан намын эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88989878

10.30 цагт “Сити” цамхагт “Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого” аяны хаалтын ёслол болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын шатрын холбооноос Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний мэдээлнэ.

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг зохион байгуулах Засгийн газрын комиссын хуралдана. Утас: 91915340, 99047423, 99519677

11.30 цагт Сакура сургуульд Кёкүшюзан Батбаяр хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга Ц. Раднаад орон сууц бэлэглэнэ.

13.00 цагт Ашигт малтмал газрын тосны газарт Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын багаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99191388, 88117157

14.00 цагт Сүхбаатарын талбайд автомашинтай жагсаал зохион байгуулагч нар арилжааны банкны ээлийн хүүгийн талаар мэдээлнэ. Утас: 99109834

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэболд: Урт хугацаандаа хуулиар биш, хувь хүнээр зохицуулагддаг төрийн тогтолцоо руу орчих вий

“Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар гурван Шүүгчийн эрх зүйн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг хуульчид шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж буй. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийг сэргээх боломжуудыг тодорхой тооны хүмүүс эзэлчихсэн. Энэ хүмүүс хууль шүүхийн шийдвэр гаргалтад нөлөөлж байна гэдэгт олон хүмүүс бухимдаж байгаа юм. Албан тушаалтанд үйлчилдэггүй, ард иргэдэд чанга үйлчилдэг нөхцөл байдал байна уу гэвэл 100 хувь тийм гэж хэлэхгүй ч ерөнхийдөө ийм зүйл байна. Хүнийг хэлмэгдүүлдэг, гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр гэмт хэрэгтэн мэтээр сурталчилдаг нөхцөл байдлууд бий. Тэгэхээр яалт ч үгүй хуулийн тогтолцоог ямар ч хүн дарга байсан сайжруулах ёстой. Энэ бол нэгдүгээр асуудал. Гэтэл хуулийн тогтолцоог сайжруулах ямар арга замууд байна вэ. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг шиг хууль бус зүйлийг таслан зогсоохын тулд хууль бус хэлбэрээр тэмцвэл урт хугацаандаа системд аюултай. Тиймээс засаглалын тэнцвэртэй байдлыг алдагдалд оруулж байгаа хэрэг юм биш үү гэсэн асуудал байна. Шүүх эрх мэдэл нөгөө хоёрыгоо хянаж байх ёстой. Гэтэл шүүхийг бие даасан байдлаас нь салгаж хэдхэн хүний үзэмжийн асуудлаар шийддэг болчих вий гэдэгт хуульчдын санаа зовж байна. Өнөөдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ямар хүмүүс байгаагаас үл шалтгаалан урт хугацаандаа хуулиар биш хувь хүнээр зохицуулагддаг төрийн тогтолцоо руу орчих вий гэсэн болгоомжлол төрсөн. Би хуульч хүнийхээ хувьд үүнд сэтгэл зовж байгаа. Би хувьдаа хонгилын систем тодорхой хэмжээнд байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг өөрчлөхийн тулд дахин хонгил байгуулах замаар явах биш, хууль дээрээ тодорхой болгох шаардлагатай.

-АН-аас энэ хуулийг хэлэлцэх явцад намын онц их хурал зарласан. Гэсэн ч цуцалсан гэх мэдээлэл байна. Энэ юунаас болсон бэ. Магадгүй намын даргын суудал ганхаж мэднэ гэсэн болгоомжлолоос болсон уу?

-Гадуур явж буй пиар нь АН-ын одоогийн удирдлагууд 60 тэрбумыг хамгааллаа, Ц.Элбэгдоржийг хамгааллаа гэж байна. Гэхдээ үнэн бодит байдлыг ойлгох хэрэгтэй. АН-ын хувьд ШХАБ-д элсэх нь эртэднэ. Хоёрдугаарт, засаглал сольж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийг болгоомжтой бодох ёстой. Дээр нь эрх баригч намын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Үндсэн хуулийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах замаар хууль шүүхийн байгууллагад шинэчлэл хийхийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Уг нь 60 тэрбумын схемийг анхнаасаа шүүмжилсэн. МАНАН гэхээр механик утгаараа МАН болон АН хоёрын хамтран засаг барьсан тухай ярьдаг. Гэтэл арай гүнзгийрүүлж ойлговол аль аль намууд дээр сандайлаад суучихсан цөөхөн хүмүүсийн бүлэглэлийн яриа явдаг. Бид хоёр дахь зарчим буюу цөөн тооны хүмүүс төрийн эрх мэдлийг эзэмших, хууль шүүхээр өөрийгөө хуяглуулах байдлаар МАНАН-г үүсгэсэн. МАНАН, 60 тэрбум, ЖДҮ-ийг эсэргүүцдэг. Засаглал солих асуудал дээр болгоомжтой хандах ёстой гэж үздэг. Эмч дээр ороход “Чи бөөрний асуудалтай юм байна. Гэхдээ чиний элгийг тайрна” гэдэг шиг зарчим байж болохгүй. Өнөөдөр явж буй улс төрийн хөөсрөл, бие биенийгээ үгүйсгэж буй явдал бол нэг удаагийн үзэгдэл. Урт хугацаандаа системийг зориуд буруу угсарч болохгүй. АН-ын удирдлагууд үүн дээр тайлбараа хэлэх байх.

-АН шинэчлэгдэж баруун төвийн үзэлтэй болсноо зарласан. Баруун төвийн үзэл баримтлал гэж юу вэ?

-Баруун төвийн үзэл баримтлал гэхийн урьд үзэл баримтлал гэдэг юу вэ, улс төрийн намд ямар үүрэгтэй бичиг баримт юм бэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан. Үзэл баримтлалын хувьд өөр өөр намууд механикаар эвсэл байгуулчихсан. Тухайн хүмүүсийн эдийн засгийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн бодлогууд хоорондоо өөр өөр гэсэн үг. Ингээд 2018 оны арванхоёрдугаар сарын таван хүртэл үндсэндээ 18 жилийн хугацаанд АН үзэл баримтлалаа үйл ажиллагаандаа зарчим болголгүй явж ирсэн.

-Зарчим болголгүй явж ирсэн гэдгийг илүү нарийн тайлбарлахгүй юу?

-Батлагдаж хэвлэгдсэн болов чиг нарийн зохицуулалтуудыг хийж өгөөгүй. Мөн үзэл баримтлалыг зүгээр батлаад л хаячихсан. Тэнд ямар зарчимын байр сууриуд байх ёстой вэ гэдэг нь тодорхойгүй. Үзэл баримтлал нь сонгуулиудын мөрийн хөтөлбөрийн суурь зарчмууд байх ёстой. Үүнийг хэрэгжүүлж өгөөгүй. Хүмүүс АН, МАН хоёр адилхан гэж шүүмжилдэг нь ч ортой. Үзэл баримтлалын хувьд энэ хоёр том улс төрийн хүчин ялгаралуудаа гаргаж өгөөгүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр сонгогчдын саналыг яаж авах вэ гэдэгт илүү анхаарч ирснээс биш, суурь зарчмуудаа яаж бодлого болгон хэрэгжүүлэх вэ гэдэг дээр улс төрийн намууд алдаа гаргаж ирсэн. Одоо бид юмыг хэт намчирхдаг, бүлэглэдэг, хуваадаг гэхээсээ илүүтэйгээр зарчмын хувьд бид ямар байр суурьтай байх вэ гэдэгт анхаарах цаг болжээ. Нэгдүгээрт, хувь хүний эрх, эрх чөлөөг хангах тал дээр бид ямар зарчим баримтлах юм бэ.

Хоёрдугаарт, эдийн засгийн эрх чөлөөг хангах тал дээр бид ямар баримтлалтай байх юм. Гуравдугаарт, улс төрийн эрх чөлөөг хангах тал дээр. Дөрөвдүгээрт, хуулийн засаглалыг хамгаалахын тулд ямар бодлоготой байх юм. Тавдугаарт, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, язгуур эрх ашгаа ямар суурь зарчмуудаар хамгаалах юм бэ гэдгийг сайн тодорхойлох нь чухал.

-2016 онд АН том даалагавар авч, шинэчлэл хэрэгтэй гэдгийг ухаарсан гэж ойлгодог. Гэтэл тухайн үед МАН-аас 60 тэрбумыг худлаа гэж байсан бол одоо үнэн гэдгийг батлаад эхэллээ шүү дээ?

-Ард түмнээсээ даалгавар авсан. Гэхдээ энэ ялагдал хууль бус гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлж байна. Нэг хэсэг эвлүүлэг гэж эд нар чинь үздэг байлаа шүү дээ. 60 тэрбум үнэн төдийгүй түүний толгойлогч М.Энхболд гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. М.Энхболдыг энэ шалтгаанаар УИХ-ын даргаас нь огцруулсан. Энэ үйлдэл нь 2016 оны сонгууль 60 тэрбумын зарчмаар явагдсан гэдгийг баталчихаж байгаа юм. Ерөнхийдөө өнгөрсөн түүхийг харахад улс төрийн намуудын алдааг тухайн үед нам удирдаж байсан юм уу, төрийн гурван өндөрлөгийн түвшинд ажиллаж байсан хүмүүсийн үйлдэл дээр анализ хийж хайдаг. Өнгөцхөн. Гэтэл тэдгээр хүмүүс аливаа нэгэн улс төрийн намаас сонгогдсон байгаа. Тэр хүмүүсийн улс төрийн суурь үзэл баримтлал нь тухайн намынхаа суурь үзэл баримтлалыг тээж байна уу, үгүй юу, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшиндээ гаргаж байгаа үйлдлүүд нь баруун төв, зүүн төвийн намуудын шалгуур дээр байна уу гэдгийг эргэн харах ёстой. Өнөөдөр бид МАН доторх зодооныг харж байна. 60 тэрбум, ЖДҮ-чин, концессчин, хулгайчаар нь дуудаж байна. Яг энэ сорил АН дотор өрнөж байсан. Одоо ч гэсэн цухас явагдаж л байна. АН эрх барьж байх үедээ өөр хоорондоо дайтсан уу дайтсан. Хуулийн байгууллагыг бие биенийхээ эсрэг ашигласан. Тэгэхээр энэ чинь хоёр намын аль алинд нь ядагдаж буй дотоод процесс байна аа даа. Мэдээж асуудлын голд хүн байдаг учраас хүмүүсийн хоорондын субьектив зөрчлөөс гадна цаанаа ямар логик, суурь асуудлуудаас энэ бүхэн үүсээд байгаа юм бэ гэдгийг бид тодорхойлох шаардлагатай. Намын гишүүнчлэлийн шалгуураар биш, шударга ёсны үнэлэмжээр хууль шүүхийн өмнө эрх тэгш зарчмаар энэ бүхний өмнө улаан шугам татах ёстой. Тийм учраас АН-ын хувьд улаан шугам татаж буй үйл явц нь үзэл баримтлалаа дахин шинэчлэх ажил байсан юм.

-Сонгуулийн ялагдлаас хойш АН-д хэд хэдэн томоохон үйл явдал болсон. Эдгээр үйл явдлууд таны яриад буй улаан шугамтай холбоотой байх нь ээ?

-Тийм. Нэгдүгээрт, шинэчлэлийн хөдөлгөөнүүд нэлээд эрчимжсэн. Энэ бүхний үндсэн дээр намын даргыг анхан шатнаас сонгох зарчим гарсан. Үүнээс харвал АН дотроо эрүүлээр өрсөлдөөн явуулъя гэдэг зарчим руу орсон байна. Намын дотоод шилжилтийг бид таван өнцгөөс харж байгаа. Нэгдүгээрт, нам шинэчлэгдэхийн тулд үзэл баримтлалаа эргэн харах учиртай. Хоёрдугаарт, үндсэн дүрмээ өөрчлөх ёстой. Гуравдугаарт, хүний нөөц нээлттэй, ордог гардаг сувгууд ойлгомжтой байх, нэг хүний хараа хяналтад орж болохгүй. Дөрөвдүгээрт, нам санхүүгийн хувьд ил тод байх ёстой. Анхан шатны гишүүдээсээ эхлэн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр нам шинэчлэгдэх эхний алхам үзэл баримтлалын асуудал. 2016 оноос хойш үзэл баримтлалын ажлын хэсэг гурван удаа солигдсон. Сүүлдээ нэгтгэж, 2018 оны гурван сарын 14-нд миний бие тус ажлын хэсгийг ахалж ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр АН-ын IX их хурлаар үзэл баримтлалаа батлуулж, нэгдүгээр сарын 11-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид ямар алдаа гаргаж байсан бэ гэдэг дээрээ судалгаа хийгээд тухайн алдааг дахин давтахгүйн тулд яах вэ, цаашдын УИХ болон орон нутгийн сонгуулиудад АН ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх вэ гэдгийн үндсэн суурийг гаргаж өгсөн. Үзэл баримтлал маань хуучнаасаа хоёр дахин товчхон. Энгийн ойлгомжтой байдлаар хийсэн. Улс төрийн философи, суурь зарчмуудыг зөв томьёолох шаардлагатай байсан. Хоёрдугаарт, улс төрийн намын дотоод орчил, өсөлт хөгжлийг нийгэмтэй уялдуулж, зөв манлайлал бий болгох хандлгыг тодорхойлох хэрэгтэй болсон. Ингээд бид орон даяар олон удаагийн хэлэлцүүлэг явуулж зөвхөн намын гишүүд төдийгүй жирийн иргэдийн санааг тусгасан.

-Хүмүүс тэр болгон АН-ын шинэ үзэл баримтлалыг өнгийж хараагүй байх. Таниулах ажил хийж байгаа юу?

-Нэг талаасаа бид таниулах сурталчилгааны ажлыг хийх зайлшгүй шаардлагатай. Чөлөөт нийгмийн хамгийн том дайсан бол популизм. Популизмаас талцал, нийгэмд дан сөрөг үр дагавар бий болдог. Үүнийг байхгүй болгодог суурь зарчим аливаа нэг улсын хөгжлийн бодлогыг урт хугацаанд стратегийн зорилттойгоор судалгаанд суурилсан хөгжил рүү явах ёстой. АН энэ тал дээр ажиллахын тулд бодлого суурьтай нам болох тал дээр зорилго тавин ажиллаж байна. Жирийн хүмүүсийн нүдэнд намын дарга хэн байх, намын удирдах түвшинд ямар хүмүүс ажиллаж байгаагаар дүгнэдэг. Дарга болгон солигддог. АН-ын удирдлагад хэн байхаас үл шалтгаалан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг хэрэгжүүлэх институци байх боломж нь АН-д ямар байх ёстой вэ гэсэн чадавхыг тодорхойлж буй бичиг баримт нь үзэл баримтлал.

-АН-ын хэсэг залуус намынхаа даргыг суудлаа өгөх ёстой гэсэн мэдээлэл хийсэн удаатай. Энэ явдал АН-ыг дотроо хагаралтай байна уу даа гэсэн хардлага нийгэмд төрүүлээд амжлаа?

-Одоо бид хэн нэгэн ахынхаа бамбай болдог байдлаасаа татгалзах хэрэгтэй. Ах нарынхаа хуваагдлыг дагаж залуучууд нь үзэл бодлоо илэрхийлэхээс илүүтэйгээр зарчмын хувьд АН-ыг тодорхойлж байсан өмнөх үеийнхнийхээ алдааг бүгдийг нь гаргаж тавих хэрэгтэй. Тэр алдааг бид давтахгүйн тулд юу хийх ёстой вэ гэдэг дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж нэгдэх шаардлагатай.

Бидний “Ах нар” гэж хэлж буй АН, МАН-ын лидерүүд ерөнхийдөө Монголын хөгжлийг эерэгээр манлайлж явах нөөц бололцоо нь шавхагдаж, 30 жилийн өс хонзон, өвөр түрийдээ орсон байдалдаа харилцан барьцаанд орж хүлэгдсэн байна. Тийм учраас улс төрд шинэ хандлагатай, шинэ үе гарч ирэх шаардлагатай.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Ахмад багш Г.Хорлоо: Дэндэвийн Пүрэвдорж найрагчтай нэг бууцанд төрснөөрөө бэлгэшээдэг юм

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй ахмад багш Г.Хорлоотой ярилцлаа.


-Та чинь Өвөрхангайн Бүрд сумын хүн. Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн нэрэмжит сургуульд бүхий л насаараа багшилсан хүн дээ?

-Пүрэвдорж найрагчийн нэрэмжит сургуульд багшлаад зогсохгүй тэр агуу их найрагч бид чинь нэг голын, нэг бууцны хүмүүс юм. Их Эрээний Хажуу булаг гэж уулын шандтай хонд бий. Тэнд би төрсөн. Мөн тэр өвөлжөөнд Монгол Улсын ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж найрагч мэндэлсэн түүхтэй. “Хажуу худагийн буурал хондонд хана шийрлэсэн буурь минь бий” гэж “Эрээн уул” шүлгэнд байдаг нь ийм учиртай. Надад их сайхан санагддаг юм. Пүрэвдорж гуай манай ээжийн үеийн хүн. Ээжтэй хамт Хужиртын арван жилийн сургуульд дээд доод ангид сурч байсан гэдэг. “Сумын наадам” хэмээх алдарт шүлэг нь Хужиртын наадмаас төрсөн гэж өөрөө бичсэн. Бүрднээс хоёулаа очиж сурч байжээ. Ээж Даариймаа минь нэгдлийн мал малладаг аймгийн депутат явсан хүн. “Пүрэвдорж багадаа илүү дутуу үгтэй, дээлнийхээ бүсийг доогуурхан бүсэлсэн хүүхэд байж билээ” гэж ээж минь хэлдэг сэн. Миний бие бага ангийн мэргэжил эзэмшсэн хүн. Их найрагчийнхаа нэрэмжит Бүрд сумын сургуульд 32 жил тасралтгүй ажиллаад насны тэтгэвэртээ гарсан.

-Хаана ямар сургууль төгсөж багшийн мэргэжил эзэмшив?

-1976 онд Архангайн Багшийн сургууль төгссөн. Төгсөж очоод сумандаа бага ангийн багшаар ажилласан. Бага ангийн багшаар хориод жил, хичээлийн эрхлэгчээр арваад жил, сүүлийн найм есөн жил сумын Тамгын газарт албан бус боловсролын арга зүйчээр ажилласан. Багш хэмээх эрхэм алдрыг хүртэхэд олон хүн нөлөөлсөн гэж боддог. Хужиртын арван жилд сурч байхад ангийн минь багш Сүхээ гээд физик математикийн нэртэй багш байлаа. Дуу цөөтэй, аливаад шулуун шударга ханддаг, сайхан хүн. Улсад олон жил ажилласан Хужиртын бахархал болсон багш нарын нэг. Бидэнд монгол хэл, уран зохиолын хичээл зааж байсан Монгол Улсын гавьяат багш Санжаа байна. Тэр хүн л бидэнд монгол хэлний уран яруу эгшиглэн, зохиол бүтээлийн мөн чанарыг ойлгуулж өгсөн. Багш зохиолыг бүтнээр нь яриад, хэлээд өгдөг болохоор бидэнд ном унших эрмэлзэл их төрнө. Уран зохиолын хичээлийн холбогдолтой ном сайн уншина. Есдүгээр ангидаа гадаадын уран зохиолоор шалгалт өгч байв. Гадаадын уран зохиолоос Эрнест Хэмингуэйн “Зэр зэвсэг минь баяртай” болон “Үхэвч залуугаараа” гээд номууд байна, мөн Пушкины шүлгүүд байна. Шүлэг найраг их цээжлүүлнэ. Харин Есөнзүйл сумын сургуульд суралцаж байхад Лхам гээд шинэхэн төгсөж очсон багш. Хичээлээ маш сайхан заана. Нэг их гоё намуухан дуутай. Хүүхдүүд чинь багшийгаа гадаад байдлаас нь их хардаг шүү дээ. Лхам багшийн урт хархан үс, үсээ дугуйлаад шуучихдаг чамин байдал, цав цагаан царай нь хичнээн гоё гэж бодно. Мөн Туяа гэж хэл уран зохиолын хичээл ордог бас Лхам багшийн үеийн залуухан багш байсан. Туяа багш маань одоо ч бий. Урт гэзэгтэй, үсээ сүлжээдар нуруу руугаа унжуулчихна. Монгол дээл дандаа өмсөнө, дээл маш гоё зохино. Тэр хүний амнаас гарсан үг бүхэн сэтгэл зүрхэнд хүрч байжээ.

Намайг нэгдүгээр ангид байхад Нопилмаа гэж багш байсан. А үсэг заасан ачит багш минь юм. Мөн л урт үстэй гоё багш. Тэр л сайхан багш нарын минь залуугийнх нь дүр төрх сэтгэлд үлдэж дээ. Энэ хүмүүс шиг гоё багш болж, олон түмний хүүхдэд хичээл заагаад шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээх юмсан бодно. Тэрхүү бодол мөрөөдөл минь намайг амьдралын замд хөтөлсөн. Далан хоёр онд аравдугаар ангиа төгсөөд Архангайн багшийн сургуульд ирсэн. Гарамрагчаа гэж зураг хөдөлмөрийн багш угтаж авсан. Ангид орж ирээд нүдээрээ гүйлгэн харж бүгдийг нэг бүрчлэн бүртгэнэ. “Та нар нүдээ сайн нээ. Сэтгэл харанхуй бол нүд харанхуй гэдэг юм” гэнэ. “Ангидаа орж ирээд хамгийн түрүүнд ангиа нэг бүрчлэн харж бай. Ангийн чинь хогийн сав хогтой байж болохгүй. Хүүхдүүдтэй ажиллаад л хичээлээ заагаад байдаг. Гэтэл ангийн хогийн сав нь хогоор дүүрсэн байхыг анзаараагүй бол ямар байх уу” гэж асуудаг одоо ч санаанд байдаг. Энгийн юм шиг хэрнээ маш үнэн үг хэлдэг байв. Хэл уран зохиолын Надмидцэдэн, математикийн Дэмбэрэл, орос хэлний Түвдэндорж, хөдөлмөрийн Гончиг гэж сайхан багш нарыгаа дурсмаар байна.Тэдний хүчинд л би багш гэдэг алдрыг нэр төртэй авч гарсан байх.

-Архангайн багшийн сургуулийг төгсөөд Бүрд сумандаа очсон гэдэг. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Далан зургаан онд төгсөөд очиход нэгдлийн малчдын хүүхдүүд ид суралцаж байв. Сургуулийн дотуур байр 300 гаруй хүүхэдтэй. Мэдээж ихэнх нь малчдын хүүхэд. Нэгдүгээр ангид орсон сурагчаа гуравдугаар анги төгсөхөд нь аав, ээжийг нь мэддэггүй байсан. Нөгөө малчид чинь малаа маллаад хүүхдийнхээ багштай ирж уулзах завгүй. Бид бас хөөцөлдөөд явж амжихгүй. Сурагчдын амралт болохоор эрэгтэй багш нар хүүхдүүдийг хуваарилж аваад нэгдлийн машинд суулгаад гэр гэрт нь хүргэж өгнө. Амралт нь дуусахаар гэр гэрээс нь очиж авна. Орчин үетэй адилхан ариун цэвэр сахих нь хэцүү, багш нарт хүндрэл гарна. Нийгэм цаг үе нь ч тийм байж дээ. Эмэгтэй хүүхдүүд үс толгойгоо самнаж чадахгүй, бөөстөнө. Би амралтын ганц өдрөөр байрныхаа хүүхдүүдийн үс толгойг цэвэрлэж өгөөд орой ирж өөрийнхөө хүүхдүүдийг ус цасанд оруулдаг байсан. Мөн цагаан сараар малчдын хүүхдийг тараахгүй, байрандаа байна. Битүүний орой гэртээ бууз жигнээд цай чанаад байрны хүүхдүүдийн цагаан сарыг нь тэмдэглэнэ. Шинийн нэгэнд багш нар хоёр цагийн зайтай жижүүр хийнэ. Байрны хүүхдүүдэд цагаалга аваачиж өгнө. Хэвийн боов хүүхдийн тоогоор өгнө, тэгээд л дараа нь гэртээ золгуутаа хийдэг байсан. Гэр орноосоо хол байрны хүүхэд гэлтгүй тэр үеийн хүүхдүүд сурлага сайтай байсан. Инээд хөгтэй ганц нэг жишээ хэлье л дээ. Манай ангид “Ү” үсэг тогтоодоггүй Б.Цэцэнбилэг гэж охин байсан. Аргаа ядахдаа “Ү” үсэг чинь үхэр гэдэг үгний эхэнд ордог. Чи хөдөөний хүүхэд үхэр сайн мэднэ. Үхэр гээд хэлэхээр “Ү” үсэг эхэнд нь уншигдаж байгаа биз. Ү үсгээ мартвал үхрээ санаарай” гэж хэллээ. Маргааш нь уншуултал байдаггүй шүү. Ү үсгэн дээр ирээд чимээгүй болчихов. Тэгээд над руу харж байснаа “үхэр гэдэг үсэг” гэж хэлээд ангийнхныхаа инээдийг хүргэж байсан. Орой хичээл тараад явахад нь хүүхдүүдийг үсгийг нь заавал уншуулж явуулдаг байлаа. Хананд хадсан том үсэгнүүдийг унштал нэг хүүхэд эхнээс нь дуржигнатал уншлаа. Тэгээд Й үсгэн дээр ирснээ бүдэрч хэсэг зогссоноо “тал и” гэдэг юм. Бас л бөөн инээдэм. Хүүхэд ер нь үсгээ нэг л тогтоогоогүй бол огт тогтоодоггүй, хэцүү.

-Албан бус боловсролын арга зүйч байх сан тухай та түрүүнд хэлсэн. Түүнийгээ жаахан тодруулаач?

-Цэрэгт явах насны залуучуудад хичээл заасан минь мартагддаггүй. Бичиг үсэг заахаас гадна эрүүл мэндийн боловсрол, хууль эрх зүйн боловсрол гээд бүхнийг орно. Амьдрах ухааны боловсролыг ч олгодог байлаа. Тэд маань“Сургуулиас гарчихсан хонь хариулж явахдаа яаж ном суръя даа гэж боддог байлаа” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлдэг байсан. Яаж ном уншиж сурах тухай ижий аавдаа хэлэхээр “Одоо юу гэж сурахав дээ” гэж хэлдэг шиг байгаа юм. Тэднийг өрөвдөж л байсан. Хүн харахаар том эрчүүд. Тийм хэрнээ бичиг үсэг мэдэхгүй. Хүүхдүүдээс ичээд бичих зүйлээ хичээл дээрээ давтаад, унших зүйлээ гэртээ давтдаг сан. Тэр залуучуудын нүүрийг хагалан авьяасыг нь бага ч болов нээж, олны дунд оруулж ирсэн маань үнэтэй санагддаг. Албан бус боловсролд ажиллаж байхдаа бичиг үсэг эхлэн сурагч хүүхдүүдэд зориулсан математик, монгол хэлний жижигхэн сургалтын ном бичиж байсан. Тэр үед компьютер гэж байхгүй, олшруулах зүйл байхгүй гараараа бичсэн. Ази, Номхон далайн орнуудын албан бус боловсролын чуулган Бээжинд болсон юм. Уг чуулганы төлөөлөгч хүмүүс миний тэр номыг аваад явж л дээ. Тайландын билүү эрдэмтэн багш “Энэ багшид олшруулах машин өгөх юм сан. Гараараа бичсэн байх юм” гээд миний тэр эхлэн сурагчдын гарын авлагыг магтсан байдаг.

-Залуухан багш ирж байхад сургуульд үлгэр авмаар сайхан багш нар олон байдаг даа?

-Тэгэлгүй яахав. Гунгаажавын Гомбосүрэн гэж физик математикийн хүндэт багш байна. Биднийг дөрөвдүгээр ангид суралцаж байхад багшилж байсан. Мөн дөрөвдүгээр анги төгсөхөд Ламганжавын Гомбожав гэдэг монгол хэл, уран зохиолын багш бага сургуулийн хичээлийн эрхлэгч байсан. Тэр хоёр маань сургууль төгсөөд багшийн диплом өвөртлөн ирэхэд хичээлээ заасаар л угтсан. Багш гээд сургуульдаа иртэл багш нар минь байж байхаар өөрийгөө сурагч юм шиг бодно. Багшийгаа ямар нэгэн юм хэлбэл сурагч нь юм шиг үг дуугүй дагана. Багш нар гэдэг хэзээд ч мөнхийн багш нар байдаг юм байна гэж тухайн үед бодогддог байсан. Хичнээн нөмөр нөөлөгтэй санагддаг байв. Он жилийн дараа миний шавь нар төгсөөд багш болоод ирэхэд би мөн хичээлийн эрхлэгч хийгээд сургуульдаа угтсан. “Багштайгаа хамт ажиллах гоё юмаа” гэж шавь багш нар минь хэлэхэд залуухан багш ирж байх үе минь санаанд орж байсан даа. Осорхүүгийн Цэцэгмаа гэж монгол хэлний, Батжаргалын Ганбат гээд дуу хөгжмийн багш нар төгсөөд ирж билээ. Манай сургууль чинь ахмад үеэ машид хүндэтгэдэг бичигдээгүй хуультай. Тэтгэвэрт гарсан багш нараа баяр бүхнээр заавал урина. Хаана ч явсан холбоо хэлхээгээ таслахгүй. Удирдлагуудын сайхан чанар юм даа.

-Таны шавь нар гэвэл мянга мянган хүн бий байх?

-Өө, түүнийг тооцолохын аргагүй.Сум орон нутгаа гээд бодоход л сумын Засаг дарга Гомбодоржийн Баярмөнх миний шавь. Хошин урлагийн Төөтөө байна. Аав нь математикийн багш Довдон, ээж нь эх баригч эмч Дарьсүрэн. Өвөрхангайн Эрүүлийг хамгаалах газрын дарга Даажамбын Шиваанүрдэв байна. Төөтөө тэр хэд нэг анги юм. Улсын аварга малчин Гомбожавын Золжаргал байна. Бүгд л сайн сайхан амьдарч явна. Одоо ч тэгээд шавь нар минь түрүүчээсээ тэтгэвэртээ гарч эхэллээ. Далан нэгэн онд өвөөгийн минь бие чилээрхээд би чөлөө авч байсан. Тэр жилээ гуравдугаар анги дааж багшилсан юм. Тэр шавь нар минь өнөөдөр тэтгэвэртээ гарч байна. Ямар сайндаа “Багштайгаа адилхан өтөлж байна даа гэхэд нь, яаж та нар надтай ижил байх юм. Би та нарын багш гэхэд, за даа та дөнгөж аравдугаар анги дүүргэсэн бидэнтэй ойролцоо хүүхэд л байсан биз дээ” гэж инээлгэж байв.

Хүүхдийг эрдэм номонд сургахаас гадна хүмүүжил дээр нь сайн анхаармаар байна. Хүмүүжил тал нь доголдоод байх шиг. Хүүхдээ хэтэрхий дураар нь байлгадаг. Эцэг эхчүүд юм л бол өмөөрөх тал руугаа шүү, ялангуяа хот газрынхан. Энэ бол тийм ч сайн зүйл биш л юм байгаа. Хүүхдийг загнахдаа загнаж, буруу зөвийг нь сайн хэлж өгдөг байх ёстой. Биднийг багад эмээ өвөө “Өнгөнд бүү шунуул, амттанд бүү дурлуул” гэдэг. Гэтэл өнөөдөр үнэтэй цээтэй юмыг хүүхдүүддээ өмсүүлж, амттай бүхний дээдийг өгч байна. Мөн Монголд үг үсгийн алдаа гэдэг арай дэндлээ. Бидний үед хүүхдийн нүдэнд буруу үг битгий харуул гэдэг. Одоогийн энэ тест гэдгийг би ойшоодоггүй. Буруу зөв хоёрыг нь зэрэг харуулаад тэндээс нь зөвийг нь олуулдаг. Ингээд буруу үг хүүхдийн нүдэнд хоногшчихдог. Буруу үгийг битгий харуул гэдгийн гол ойлголт үүнд бий. Ийм ийм зүйлийг ахмад багшийн хувьд хэлэх гэсэн юм. Сүүлд нь хэлэхэд, миний бие 2007 онд Улсын хэмжээний тэргүүний “Гэгээрэл төв” шалгаруулах уралдаанд манай сумын “Гэгээрэл төв” шалгарч тэргүүн байр эзлэн иж бүрэн компьютерээр шагнуулаад тэтгэвэртээ гарч байсан нь сайхан санагддаг. Түүнээс хоёр жилийн өмнө нь аймагтаа хоёрдугаар байрт ороод 750 мянган төгрөгөөр шагнуулж сумандаа хөрөнгө оруулалт хийж байсан.

Categories
мэдээ цаг-үе

Дара эхийн шүншигт Усан зүйлийн тэнгэр дор

ГЭГЭЭНТЭЙ ХОЛБООТОЙ СОНЬХОН ЯРИА

Өндөр гэгээн Занабазар 1635 оны хөхөгчин гахай жил Усан зүйлийн /Цайдам/ хөндийн Шувуутын голын хөвөөнд Мандалын цагаан овооны “Тахилгат” бууцанд Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас мэндэлжээ. Гэгээнтэн Ширээ цагаан нууранд даахиа үргээлгээд л нутгаасаа гараад явчихсан түүхтэй. Бид түүний тухай сайтар мэдэх учир олныг эс нуршин хэд гурван сонин домог хуучаас нь дээжлэн хүргэсү.

Гэгээнтний төрсөн бууринаас зүүн хойхно Нар хайрхан гэдэг сүг зураг ихтэй, хилэн хар өнгөт уул бий. Тэндэхийн тэмээн цохионы бөөрөнд нар мандахын үед бурхан багшийн дүр тодордог гэнэ. Үүнийг хальсанд буулгасан тухай нэг нь дуун алдаж сууна. Баруун ууланд нь “Гэр чулуу” хэмээх хүний гараар бүтээсэн бясалгалын агуй бий. Мөн Зүйлийн хөндийн хоёр гэрэлт хөшөө нь Ахар-Цахарын уулнаас ирэх муу зүйлийг зайчуулдаг гэх.

Цагаан толгой гэж “мөнх цаст” толгод буй. Энэ нь гэгээний живхний үнсийг асгасан газар гэнэ. Живхний үнс гэдгийн тухайд одоогийн залууст тайлбарлахгүй бол горьгүй. Энэ нь юу гэхээр, живхний даавуун доор үнс тавиад, дээр нь адууны дэл, сүүл сэмлэн зулж тавина. Үүнийгээ өлгий өөжинд хийнэ. Одоогийнхоор бол “памперс”. Ардын ухаан юм. Нутгийнхан тэр толгойд сүжиглэж, цагаан чулуунаас нь цайндаа буцалган ууна.

Өндөр гэгээн ном тавьж явахдаа хоноглосон газар нь хонин арц ихээр ургажээ. Ном айлдаж суусан тэрбээр туслахдаа “За та хө, энэ дээжийг араараа дүүрэн агар зандан ургаарай гэж хэлээд өргө” хэмээн гаргатал мань эр андуурч мартагнаад “…арц хүж ургаарай” гээд өргөчихөж. Тэгээд л битүү хонин арц. Агар ургасан бол сайхан аа.

Олон жилийн дараа гэгээнтэн ханиа дагуулан нутаг усаа эргэжээ. Эхнэр нь доожоо муутай, бараг л царай муутын туйл байсан юм байх. Нутгийнхан гайхаж, жиг жуг гэлцэв. Сүсэгтэн буурлууд “Та ийм эхнэртэй байж болохгүй. Бид танд сайхан бүсгүй залж ирье” гэтэл гэгээнтэн уриалгахан инээмсэглэж “Бололгүй яахав. Гэхдээ надад ийм л хүн хэрэгтэй” хэмээн хүрлийн буцлам хайлмагийг улаан гараараа хутгаж буй гэргийгээ заасан гэдэг. Саваагүй нэг нь шөнөөр очиж, тотгоор нь шагайваас мөнөөх хүүхнээс нь гэрэл гэгээ цацарч байжээ.

Гэгээнтэн бурхан цутгахаар хайлуулсан хүрлийн бялхмал руу хуруугаа дүрж үзнэ. Эхнэр нь ч бас долоовроо хээвнэг дүрнэ. Тэднийг харсан нэг сониуч хүүхэд бялхмалд хуруугаа дүрээд тасалчихаж. Гэгээнтэн ихэд сандарч, тарни уншаад тасарсан хурууг нь үлээтэл тэр даруй ургаад эдгэчихсэн ажээ.

Хууч мөшгөвөөс: Жагарын орноо гурван гэгээнтэн дээдийн номд нэвтэрч, эх нутагтаа хөл тавьжээ. Төд удалгүй Галдан хаан их гүрнийг байгуулж, байнга л “Байлдана, дайтна” гэнэ. Харин Өндөр гэгээн “Байлдахгүй, дайтахгүй” гэх. Тэр хоёрын аль нь зөвийг үл ухах Ламын гэгээн дундыг барин давс хужрыг нь тунгаадаг байсан юм гэнэ билээ.

ӨВГӨН СУВАРГЫН БУРХАД ЭРГЭН ИРНЭ

“Өвгөн суварга” нь Монголын бага хаадын үетэй ч холбогдож мэдэх урт настай эд. Үйл, цагийн салхинд овгор туурь үлдсэн ч хөх тоосгыг нь сэргээн, улаан тоосгоор үргэлжлүүлэн барьж, орон сүмтэй болгожээ. “Өвгөн суварга” хэмээсний учир нь Өндөр гэгээнийг “Өвгөн хутагт” хэмээдэг байснаас үүдэлтэй гэнэ. Гэгээнтэн суваргыг аргилан шүтэж, дахин шүншиглэсэн биз ээ. Мөн XVII зууны II хагаст Өвгөн суваргын дэргэдэх жижиг сүмийг байгуулжээ. Хожим 1930-аад онд устгагджээ. Сүмийн 140смх100см хэмжээтэй хэрэмний үлдэц, чулуун хашааны ул мөр одоо ч бий. 2000 оны хавраас сэргээн засварлажээ. Суваргыг ухаж малтах явцад гурван ширхэг чулуун хөөрөг, бусад эд өлгийн зүйл гарсныг буцааж шүншиг болгон залсан гэнэ. Хойноо найман соёмбот суваргатай. Хошууны үе үеийн засаг ноёд Гэгээнтний нутаг бууцыг нүдний цэцгий мэт хайрлан хамгаалсаар иржээ. Дээхнэ үед хийдийн хамбуудыг Бэйлийн хүрээнээс томилж, газар лусыг баясгах ном уншлага үйлдэнэ. Дайн самууны хөлд талхлагдаагүй. Суваргын дуганыг сэргээснээр сумын захирагч Гиеэг Чимэддорж агсны хань Д.Батдэлгэр, зээ хүү Ч.Ганхүү нар голомтыг манаж сууна.

Занабазарыг таван настайд нь анх дугаар Богдоор тодруулж, Эх даншиг хийж, төрсөн газар нь мөргөлийн дуган босгожээ. Тэрхүү дуган нь өнөөгийн Дашгунгаадэжид хийд. 25 жилийн өмнө сэргээсэн ч лам байдаггүй нь гаслантай. Уул нь нэг жаалыг Жагарын оронд бэлтгэсэн ч үсээ ургуулаад, морь мал хөөгөөд яваад өгч. Гэхдээ цаг ирж, нас тогтохоор хийддээ эргэн ирнэ гэсэн андгай өргөжээ. Хийдийн нэг сүмийг 1194 онд барьсан гэх ба хожим өмнө талд нь Өндөр гэгээний дурсгалд зориулан нэг суваргыг босгожээ. 1700-гаад оны эхээр Зүйлийн хийд дөрвөн дуган, 100-гаад ламтай ном хурж эхэлжээ. 1937 онд дөрвөн дуганыг нь нураасан ч До яамныхан яагаад ч юм Өвгөн суваргад гар хүрээгүй гэдэг. Хийдийн гол шүтээн нь “Улаан сахиус”. Голдуу Намжилдонжид номыг хурдаг байсан тухай өвгөд хуучилдаг.Анх “Өвгөн суварга” усан давтсанаас болж, хийдийг баруун тийш гурван км-т нүүлгэн, сүм дуганыг барьж босгожээ. Тээр жил Өндөр гэгээний гарын хийцийн хоёр алтан бурхан Суварган сүмээс алдагдаж, холбогдогч нь нэг их удалгүй үхсэн байгаа юм. Хэргийн гол эзэн нэг лам бий гэх. Гэвч нутгийнхан “Бурхан эргэж ирнэ” гэдэгт гүн бат итгэдэг аж.

АРИУН ГАЗРЫН СУЛ ЧИМЭГ

Зүүн хайрхан /Оролгон/, Дөлгөөн, Мандалын овоо нь эртнээс тахилгатай. Хошуу ноён зарлиг гаргаж, алт, мөнгө, эрдэнийн зүйлсийг бумбалан өргөдөг байжээ. Яруу найрагч Д.Алтангэрэлийн нутаг усаа бахадсан даяарын дуу “Тогосын цагаан овоо” тэртээд цайрна. Бэлд нь амар болоочдыг хөдөөлүүлдэг гэнэ. Баруун-Зүүнхайрхан, Эрээн уул, Дулаан хайрхан, Наран хайрхан сэрэлзэнэ. Ханхал хайрхан /Халгах/ ханхалзана. Лусын өргөө гэлтэй Өлзийт овоо зүмбэртэж, Эмгэн цохио, Сэнжит цохио, Бүдүүн цохионууд харуулын цэрэг мэт жагсана. Зун цаг ирэхэд Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэглэсэн Цацын Цагаан нууранд 40 гаруй төрлийн усны шувууд цэнгэн чуулна. Алаг дэлийн бүрд, Хөх бүрд, Цайдам, Давст, Шаварт гээд борооны усаар тэжээгддэг гүехэн цалгайдуу нуурууд цөөнгүй. Олон түрүүн, Жаргалант, Хавцгай-Марзтай, Шувуутын голууд харгилан жирэлзэнэ. Дүрваат, Чуван, Хад, Улаанчулуут, Мөнх, Сэрүүн булаг оргилон мэлтэрч, Үлийтийн тал дуниартана. Ер нь эндэхийн ам бүхэн рашаан устай. Улиаст өндөр, Сэнжит цохио, Баян-Үйлсээр үлгэрийн диваажин тунарч, аранзал хэжтэй алтан шаргал Сар хайрхан домог цуурдана. Дөлгөөн ууланд бараг ган гачиг үгүй. Жинхэнэ буга, аргалийн эх орон. Дөлгөөн хайрханы цээнийн цэцгийн мандалд зун цагаар аялагчид очиж эмчилгээний маягаар суудаг аж. Яг л нөгөө Дорнодын Баянхангай дахь “Үнэрийн рашаан” шиг. Эл цэцэг нь зургадугаар сард хэдхэн хоног дэлгэрдэг. Мөөлөн чулууны хадны зураг гайхалтай. Үүнийг бүхэлд нь “Зүйлийн өвөр хөндийн дурсгал” гэх. Монголын эртний овог аймгийн тамга, шүтээн амьтдын дүрс зураг цөм бүрэн. Байгалийн өвөрмөц тогтоцтой Бумбын хад, Ногоон тохой, Нурамт, Өвт, Хуурайн сархиа, Хаалганы өндөрөөр нинжнагва, башир, намуу алаглана. Ууландаа ихээр ургадаг зэрлэг сонгиныг нутгийнхан түүж үл зүрхэлнэ. Сайхан улиасан ой байж. Өтөнд идүүлээд бараг дууссан гэнэ ээ. Зүүнхайрханы бэлд хоёр шонхор шувуу хон хэрээ рүү улангасан дайрч буйг харж зогслоо. 300 гаруй жил насалдаг өвгөн хэрээ яг тэдний идэш болж харагдаач. Гэхдээ хөөрхөн шоглуулчихсан шүү.

Энэ хавиар цав цагаан тарвага 50 гаруй бий. Түүнийг агнасан хүний голомтод нь гоёо ургадаг аж. Баян-Улааны яргайг цавчвал нүд сохордогтой адил юм даа. Уулын савдаг байдгийг шинжлэх ухаан ч хүлээн зөвшөөрлөө дөө. Тэр ч бүү хэл наяад оны шувтарга хүртэл бов бор мөндөл гаргадаг хар тарвага, Өвтийн аманд хар үнэг ч байсан байна. 1990-ээд онд цөм устаж үгүй болжээ. 1970-аад оны сүүлээр харагдахаа байсан цагаан зээр 1990-ээд оноос үзэгдэх болж, одоо бүр нутагшсан байна.

СОЁЛ,ТҮҮХИЙН ЭРХЭМ ДУРСГАЛ

Далай гүний хүрээний туурь. Хийдийн туурь сумын төвийн хойхно оршдог. Тэртээ 1806 онд Далай гүний хүрээ Цагаан овооны энгэрт байгуулагдаж, нэг дугантай хурлаа эхэлсэн бол 130-аад жилийн дараа дөрвөн аймаг, зургаан дацан бүхий мянган лам хувраг бужигнасан томоохон хийдийн мал нь гэхэд л 15 мянгаас давж байв.

Жонон вангийн хэрэм. XVII-XVIII зууны үед амьдарч байсан Халхын Жонон ван Дэмчиг угшилт маш хурдан хүлгийг Галшараас авчирч, Манжийн ноёрхлын үеийн эрийн гурван наадмын хурдан морины түрүүг авахаар морио нууж уях гэж хэрмийг бариулсан гэдэг. Уяачийн арга барилаа нууцлах, хар цагаан хэл амнаас хамгаалах үүднээс тэр байх л даа. Уг туурь нь үхэр боржингуудыг залгалгүйгээр өрж босгосон ул мөрийг илтгэнэ. Дүгрэг хэрэмний тойргийн голч дунджаар 80 метр. Зассан чулуун довжоотой хэрэм дотор ямар нэг байгууламжийн ул мөр үгүй.Эртний домогт “Хүүхэн хутагт”. Бууралын хөшөөг Монголын төв цэг гэж үзээд алсдаа ирж суурьшина гэсэн санаагаар хятадууд босгосон гэх. Хөшөөг 1909 онд Финляндын эрдэмтэн Г.И.Рамстед анх судалж “Баруун гараараа бортого тэвэрч, зүүн гараараа бүсээ атгаад, дөрвөн талт малгай духдуулсан, урт хянган хамартай, шивэр сахалтай хүний дүр. Дүгрэг товруутай бүсний үзүүрий гар талд хавчуулсан ба баруун ташаанд хавтага, хутга мэтийг зүүжээ. Гэдэс нь цүндгэр агаад доод хэсэг нь газар шигдээстэй тул суугаа, босоо ямар дүртэй нь тодорхойгүй. Хөшөө нь км орчим үргэлжлэх зэл чулуутай. Мөн ханан хээтэй чулуун хашлагатай” хэмээн тэмдэглэж үлдээсэн. Зарим нь түрэг жанжны хөшөө гэлцэх.

Уйгар-Түрэгийн дурсгал. Уулангийн хар овоо, Урд Бумбат, Цагаан хадаар хүн чулуу, хадны зураг, эртний булш элбэг. Наран толгойн Хүрлийн үеийн хадан зургууд тун өвөрмөц. Өлзийт сумтай залгаа нутаг Зэгстэйн голын зүүн амыг Тарвагатай гэнэ. Энд 70-аад булш буй. Хүүр тоногсод эндэхийг бас бусниулж орхисон. Галав судлаачид эндээс навчин зүлд, мөнгөлсөн чөмөг, мөнгөн гоёл, эртний нум сум сэлтийг олж байжээ. Хамгийн сонирхолтой нь, эндээс амгай зуусан адууны толгойн яс гарсан байдаг. Сумын төвийн дэргэд XVII зуунд холбогдох нэгэн дурсгал бий. Дээд хадны хүн чулууг хоёр хүүхэдтэй гэр бүл гэж таамагладаг. Ер нь эл нутаг Түрэг, Уйгарын үеийн дурсгал ихтэй. Ойролцоогоор 300 шахам булш хиргисүүр, 16 тооны гэрэл хөшөө, буган чулууг 20 гаруй малчин айл хамгаалж буй.

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ МЭЛМИЙ ГИЙСЭН ОРОН

1922 онд Сайн Ноёнханы Илдэн бэйлийн хошуунаас таслан шинэ сумын шавыг тавьж, Эсэргүүний жил /1932/ УБХ-ын тогтоолоор Цэцэрлэгмандал аймгийн Арвайхээр уулын хошууны Тахилганы дэнжид Есөнзүйл сумыг байгуулжээ. “Усанзүйл” гэдэг үг “Есөнзүйл” болсон нь ч сонин. Усан зүйл гэдэг нь усан тахилын орон гэсэн бэлгэдэлтэй. Харин эдүгээ цагийн нутгийн хүмүүс “Өө, есөн зүйлийн цэцэг ургадаг болохоор нь “Есөн зүйл” гэчихсэн юм” хэмээн хэнэг ч үгүй тайлбарлаж сууна. Бүр цаашлаад хэт сунжруу газар усны нэр засаг захиргаанд таарахгүй хэмээн улаантны заавраар “Есөн” гэдэг үгийг нь хасаж, Зүйл сум болгосон ч сумын нэр дахин сэргэсэн юм. Есөн зүйл нь хэд гурван аварга малчныг эс тооцвоос овойж оцойсон алдартан үгүй. Их гэгээнтний сүрэнд дарагддаг биз дээ. Хэдэн эрдмийн зэрэг цолтон бий. Түмний мэдэх нь гавьяат багш Ц.Дашдорж гуай, яруу найрагч “Гэзэг” Алтангэрэл. Харин эрт урьдаас онцлох хүмүүс хаа сайгүй мундахгүй байдаг болохоор эндэхийн “алдартнууд”-тай та танилц.

Бургасан голын хувилгаан лам. Өвгөн Ж.Түдэв, Б.Готов нарын хуучилснаар, “Сүмийн лам нь “Бургасан голын хувилгаан” гэдгээрээ алдартай. Бороонд нордоггүй, жаварт жинддэггүй, ном эрдэмтэй байж. Түүнийг жанч халснаас хойш энд лам нь тогтдоггүй болжээ. Сүмийн манаач нэг нөхөр тэргэл сартай шөнө нэгэн үнэг гүйж ирснийг алчихсан чинь сүм баларч үгүй болжээ. Хожим энэ тухай шинжээчид сүмийг цагаан зааны хоншоор дээр босгочихож. Дээр нь юу ч тогтохгүй шүү дээ гэсэн гэдэг” хэмээжихүй.

Алдарт зурхайч “Жоожой” Мандгай: Тэрбээр ногоон малгайтнуудад баригдсан улсаас амьд үлдэж байсан цөөн хүний нэг. Тэрбээр нутагтаа эргэн ирэхдээ “Чойрын ном байтугай Чойбалсангийн номд ч сайн боллоо” гэж байсан гэдэг.

Гэндэн гэлэн: Эсэргүүний жил шоронд байхдаа хорихын тэмээг хариулдаг байж. Гэхдээ номын увдисаар хариулдаг байсан гэнэм. Түүнийг суллах шийдвэр гарахын урьд өдөр зүг бүр салхидаж тарсан тэмээ нь бөөгнөрч ирээд эзнээ үдсэн гэдэг. Нутагтаа ирээд гутлаа сугавчлаад хонь малаа хариулна. Хээр таарсан хүн “Та яаж байгаа юм” гэхээр “Хад чулуутай газар гутлаа гамнаж байна аа” хэмээнэ.

Шилийн хулгайч бямбаа: Хайрханы агуйд 1970-аад оны үед эл сайн эр орогнож байжээ. Дунжийн Бямбааг цагдаа нар нэхээд ирэхээр Оролгон ууланд будан татаад, бараа сураггүй алдарна. Айлд орлоо гэж сонссон нэхүүлүүд тийш зориход мөндөр нүдэж, цасан шамарга тавиад буцахаас өөр аргагүй болдог байж. Гамингууд хүртэл энэ ууланд тулж очоход мод нь амилах мэт үзэгдэж, “Их цэрэг биднийг отож байна” хэмээн мөр буруулан амь зулбаж байжээ.

“Под” одсүрэнгийн паян: Хазаар гүйлгэдэг, цуутай эр байж. Сайншанд руу мориор өртөөчилж довтлоод хоёр ч хонолгүй хүрнэ. Тэнд машинаар очсон нутгийн хүн Одсүрэнтэй таараад балмагдан гайхаж, “Хүүш, та өчигдөрхөн нутагтаа байсан, хаанаас гараад ирэв” гэхэд “Чишш, ахыгаа энд явна гэж хүнд бүү хэлээрэй” гээд давхин оджээ. Буйр нуур хаана байдгийг хүнээс сонсоод “Хэ цэс. Тэр нуур чинь намрын найрны газар шив дээ” гэжээ. Нэг удаа хил давж Хятадын пүүс ухаад, буцах замдаа хөдөө хоноглож байтал шилбүүр барьсан өвгөн хүрч ирээд ачаа барааг нь авч явахаар цэгцлээд, дэвсээд хэвтэж байсан гудсыг нь авахаар хүрээд ирж. Босоод бариад автал нөгөө өвгөн ганц тонгороод чивчиртэл хүлэн тэргэн дээр чулуудаад, хөсөг хөдөлгөжээ. Хөөрхий хүний нутагт ийн барьцаалагдан өвгөнийд айраг уусаар сар болсон байна. Тэмээндээ явах хударгаар нь модон бариулт царилыг нь бариад, уяа морьдоос нь нэгийг нь унаад зугтжээ. Хүү нь араас нь нэхэхэд царилаараа цохиж унаган цааш одсоноор сая нутгийн бараа харав. Хүмүүс өвгөний хүүгийн тухай асуухад “Хөөрхий амьтан үхсэн байх аа. Цус их алдаж байсан. Арван хэдэн тэмээ ачаагаар ганц хүүгийнхээ амийг сольсон азгүй өвгөн” хэмээн ярьж суужээ. Тэр морь таньдаг байж. Нэг морины ташааг нь төөлж үзээд “Сэтгэлд таарсан хүлэг” гээд панзчингаас 26 адуугаар сольж авчээ.

Хатан зоригт “Хадан” Дэндэв: Мань эрийг хар гэрт эрүүдэж, салба банзаджээ. Гэтэл нэг удаа ч “ёо” гэж дуугараагүйгээр үл барам гуяныхаа язарсан махыг хутгаар огтолж аваад “Өөрийнхөө нохойд өгнө өө” гээд гутлынхаа түрийнд чихэж байсан гэдэг. Хамт хоригдогсод нь “Та өвдөлт мэдэрдэггүй юм уу” гэхэд “Өвдөхгүй зүрх гэж байхаас өвдөхгүй зовлого гэж хаа байхав” хэмээн өгүүлж суусан гэдэг. Тэрбээр 1950-иад оны сүүлээр Говь Гурвансайханд нутгийн Балган гэдэг хүний хамт адуугаа оторлож ирээд хилс хэрэгт сэрдэгдэн, аймгийн шоронд таалал төгссөн аж. Тэр цагаас хойш “Хадан Дэндэвийг банздахаар хад банзад” гэсэн үг домогшин үлджээ.

СУМАНД БАЙДАГЦОРЫН ГАНЦ ГАЛЕРЕЙ

“Бурхан бумбын орон” бол Монгол Улсын суманд байгуулагдсан анхны галерей. Соёлын төвийн дээд давхрын хоёр гурван танхимтай эл галерейд саяхан Монголын 50 яруу найрагчийн хөрөг зургийн үзэсгэлэн дэлгэгджээ. 1980-аад онд Зүйл сумын нэгдлийн удирдлага нийслэл хотоос тусгайлан хоёр уран зураачийг орон нутагтаа хэрэг болгон залан авчирч, уул усныхаа сонин содон газруудыг зуруулж, 10 гаруй бүтээлийг нь 40 шахам жил хадгалж үлдсэн гэнэм. Цөм тосон будгийн ажлууд. Чухам энэ л үнэ цэнтэй урлагийн бүтээлүүд Монгол улсын 329 сумаас анх түрүүн уран зургийн “Бурхан бумбын орон” галерейг байгуулах үндэс суурь нь болсон байна. Ардын зураач А.Сэнгэцохио, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран зураач Ц.Нарангэрэл, Ё.Өлзийхутаг, МУЭ-ийн шагналт С.Төгс-Оюун тэргүүтэй алдарт зураачдын эх зургуудаас гадна Сайн ноён хан аймгийн Илдэн бээлийн хошууны ноёны “Дууч үст” хэмээх Соном овогтой Лхамжавын өвөрмөц, хосгүй хийц бүхий морин хуур энд байраа эзэлжээ. Галерейг “Бурхан бумбын орон” гэж нэрлэсний учир нь Д.Алтангэрэл найрагчийн тэрлэсэн алдартай шүлгийн дууны нэр. Мань эр энэ нутгийн унаган хүү. Утга зохиол, уран зураг хоёрыг дээдэлж эхэлнэ гэдэг Есөнзүйл сумын хүн нь хөгжиж, мандан бадрахын өлзий учрал бүрдэхийн зөн.

81 СУРАГЧ УРАЛДСАН УЯНГАТ НААДАМ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Ишдорж, зөвлөх Б.Ганбат нар зорьж ирсэн байлаа. Тэд “Бурхан бумбын орон” галерей, Өндөр гэгээний номын өргөөтэй танилцаж, сурагчдын шүлгийн тэмцээнийг үзэж сонирхлоо. “Миний мэдэх яруу найрагч” уралдаанд нийт 81 сурагч бүтээлээ ирүүлснээс II шатанд 22 сурагч шалгарч, Соёлын төвийн тайзнаа авьяас билгээ сорин өрсөлдсөн юм. Наадмын дүн гарахад 11а ангийн сурагч У.Дэжидмаа түрүүлж, Соёл урлагийн газрын шагнал, “Утга зохиол, урлаг” сонины нэрэмжит шагнал хүртсэн юм. Удаах байруудад Э.Атарцэцэг /8б/, Б.Жигмэдцэрэн, Б.Мөнхцоож /9а/, Б.Энхтуул, Б.Анударь нар шалгарч, шилдэг өсвөрийн шүлэгчид болцгоов. Өндөр гэгээний өргөөт цогцолбороор зочиллоо. Байгууллага, хувь хүмүүс эрвийх дэрвийхээрээ сайхан орд өргөө босгожээ. Занабазар гэгээнтний адистидын дээдийг хайрлан цагийг төвхнүүлэгч судар бүхий мэлхий, алтан соёмбын хөшөө, сүмт хүрд урлажээ. Өргөөнд анхдугаар Богдын хүрэл баримал, Дара эхүүд биднийг тослоо. Тэднийг Монголдоо, тэр дундаа Төв аймагт цутгажээ. Манай ганц цутгуурын үйлдвэр л дээ. Эл цогцолбор нь эзэнгүй мэт. Сум хүн томилоод ажиллуулъя гэхээр барьсан компаниуд нь хүлээлгэж өгөөгүй, өөрсдөө эзэмших санаатай бололтой.Иймээс арчилгаа орхигдож, өргөөнд цуурал өгчээ. Хэдэн мод суулгасан ч цөм үхжээ.

САРАН ХӨНДИЙД МЯНГАН “ЗУРААЧ” ХОТОЛНО

Энэ зун Саран хөндийд Усан зүйлийн мянган адуу олон улсын фестивальд оролцохоор багширна. Тэд энэ үеэр гадна дотныхонд “Адууны нутаг” гэдгээ гайхуулах боломж олдох нь ээ. Өндөр гэгээний унаган хүлгүүд сүүл, туурайгаараа “уран зураг” зурж, гэрийн хорол тооныг дүрсэлнэ. Адгуус хүртэл ямар гайхамшиг бүтээдгийг дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд яруу тодоор харуулах бололтой. “Бэст Арт” галерейн захирал, уран зураач С.Чулуунбаатарын АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлэх эл урлагийн төслийг Өвөрхангай аймгийн удирдлага ч таашаан дэмжихээр болжээ.

ЗОХИОЛЧ Л.ТҮДЭВ “УУШГАЙ ҮЗНЭ” ГЭСЭЭР ОЧЖЭЭ

1990-ээд оны босгонд Ардын уран зохиолч Л.Түдэв авгайтайгаа цуг “Уушгай үзнэ” гэсээр энэ суманд хөл тавьжээ. Тэгээд нутгийн хүмүүсээр газарчлуулан Хөшөөн булагийн давааны араас авахуулаад гурван ч уушгайг газар дээр нь судалсан байна. Уушгай гэдэг нь юу юм гэхээр “хүн чулуу” гэсэн үг юм гэнэ. Би лав сонсоогүй үг. Баруун зүгийн нутгаар тийн нэрлэдэг бололтой дог оо. Түүнээс арваад жилийн өмнө 1981 онд Тарвагатайн давааны Галуутын хаданд нэг лут эрдэмтэн эр баахан оюутнууд дагуулан ирж, газрын хөрсийг ганцхан өдөр яралзтал маажиж малтан ховор сонин эд зүйлс авч одсоныг нутгийнхан өдгөө ч ярьсаар байна.

ХОРИГДЛУУДААР БУГАА ХЯДУУЛСАН НЬ

Тээр жил эл нутгаар буга, согоо үржээд сүйд болжээ. Хархориноос хоригдлууд хүртэл авчирч, хөгшин болоод эмгэгтэй бүгдийг хядуулсан байна. Гэтэл чив засаа, эвэр, согооны савны наймаа цэцэглэж, мөнөөх хангайн амьтан ганцхан хаврын дотор бүр устаж мөхөх дээрээ тулсан бугын сүрэг нэг үеэ бодоход овоо өсжээ. Гэвч эврийн ангуучид хавар болохоор бүр хоньчилж хариулаад, ясан эврийг нь авдаг болсон гэнэм. Хотын ченжүүд тэднээс нэг кг-ийг нь 50 мянган төгрөгөөр авч, хужаа руу дамлана. Эврийн ченжүүдэд мэргэжлийн хяналтынхан зөвлөмж гардуулбал зохино. Яг л нөгөө замын цагдаагийнхан толины хулгайчтай биш, техникийн захын хулгайн толь зардаг наймаачидтай тэмцдэг шиг. Согоо нь дангаараа сүрэглэнэ. Орооныхоо үед л дайр /эр буга/-тайгаа нийлнэ. Бусад цагаар дайр торлог модон дунд амарч, согоог бусдаас булааж авах хүч чадлаа хуримтлуулна. Эх согоо нэг илий төрүүлдэг ч хааяа ихэрлэх нь бий. Ийн бичээд байваас үл дуусах тул даруй дуусган цэг тавьсу. Ертөнцийн диваажин Есөнзүйл минь зун сайхан учиръя, түр баяртай.

АВГАРЖИН Ж.БАЯРЖАРГАЛ

УБ-Элсэн тасархай-Мөнхбулаг

2019.03.10

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ойлголтын зөрөө” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ойлголтын зөрөө” хэмээн өгүүлжээ.

“Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх – (1990/02/18-02/23-ны өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн М.Энхболд: ЖДҮ-ийн зээлийг тойргийн сонгогчдоо авч өгөхийг хүссэн ч бүтээгүй хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: Шүүх хүчний байгууллагуудыг цэгцлэх хамгийн боломжтой хувилбар энэ байсан” хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Баримт, үйл явдал” нүүрт “Хэрэг бүртгэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл: Шөнийн цэнгээний газарт хоорондоо зодолдох гэж байсан залуусын хажуугаас “Нэг хором” гэж хэлээд эвлэрүүлсэн байна лээ” хэмээн ярилаа.

“Азийн хөгжлийн банк: Монголын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаанаас мэдрэмтгий хэвээр байна” гэж “Эдийн засаг” нүүртбичсэн байна.

“МХЕГ-аас 29 уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоожээ” хэмээн “Нэгдүгээр” нүүрт бичжээ.

“Домогт мөнхөрсөн цэцэгс” хэмээн “Сав шим” нүүрт өгүүлэв.

“Омотэнаши ба тосгоны гэр бүл” хэмээн “Аян замын тэмдэглэл” нүүрт өгүүлжээ.

“Нарлаг өндөр Алтайн ууланд намрын хяруу унаа даа Настай буурал аав минь намайгаа харуулдан суугаа даа” хэмээн “Дуу төрсөн түүх” нүүрт өгүүлжээ.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: Салбарын төлөө төр засаг ч багш нар ч бүгд нэг зүгт нэг зорилготой харж байна” хэмээн “Багш” нүүрт ярьжээ.

“Алжирийн ерөнхийлөгч огцрохоо мэдэгджээ” хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлэв.

“50 гишүүний нэрс буюу таван настай ЖДҮ-чин хүү” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилогдлоо

Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ. Д.Дамдинцэрэн нь эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг алба хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийлээ. Шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад холбогдох хуулиуд, дүрэм, журам, норм, стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгооргуравдугаар сарын 18-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд хийв.

Монгол Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар 1751 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 52 хувь нь сүүлийн жилүүдэд олборлолт явуулаагүй байна. Шалгалтын явцад 32 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, есөн хувь нь эхлүүлэхээр бэлтгэл хангаж байсан бол 7 хувь нь байнгын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байв. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн хувьд уурхай дээр байх ёстой бичиг баримтын бүрдэл дутуу, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, тайлагнаагүй, ус ашиглах дүгнэлт, гэрээгүйгээр усыг их хэмжээгээр ашиглаж байгаа зөрчил илэрчээ. Мөн хүнд даацын автомашин, төхөөрөмжүүдийн ашиглалт, засвараас гарсан аюултай хог хаягдлаа зориулалтын дагуу хадгалаагүйгээс байгаль орчныг бохирдуулсан зөрчил илэрчээ.

Түүнчлэн ил уурхайн хажуугийн тогтворжилтын шинж чанар алдагдсанаас чулуулгийн гулсалт, нуралт үүсч болзошгүй нөхцөл үүссэн, аюул бүхий хэсэгт хориглох, анхааруулах тэмдэг, хаалт байгуулаагүй зөрчил нийтлэг илэрсэн байна.

Шалгалтын явцад нийт 592 зөрчил илрүүлснээс 90-ийг нь газар дээр нь арилгуулж, 28 аж ахуйн нэгж, 13 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоожээ.