Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдлоо

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага өнөөдөр /2019.04.04/ анхдугаар хуралдаанаа Төрийн ордонд хийлээ. Тус төрийн бус байгууллага нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэх зорилготой бөгөөд 1000 гаруй гишүүнтэй аж.

Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойгоо нэгтгэх, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэх хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байр суурийг бэхжүүлэн нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах гэнэ. Мөн Монгол улсын төрийн цэргийн байгууллагуудын цэргийн жинхэнэ албан хаагчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түрүүч, байлдагчид болон иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага аж. Холбоо нь их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх бөгөөд орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Мөн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхын саналаар татан буулгах боломжтой гэнэ.

Түүнээс гадна холбоо нь гишүүдийн татвар, иргэд, аж ахуй нэгж, дэмжигч байгууллагын хандив тусламж дэмжлэг, дүрмийн зорилоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого, гадаадын хандив, тусламж, дэмжлэг, холбооны гишүүдийн татварыг Удирдах зөвлөлийн хурлаар жил бүр ялгавартай тогтоох зэргийг дүрэмдээ тусгаж өгчээ.

Ийнхүү анхдугаар хуралдаанаар холбооны дүрэм, бүтцийг баталж, Бага хурлын гишүүд болон тэргүүнээ сонгосон юм. Анхдугаар хуралдаанд нийт 950 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хуралдаан даргалагчийн зүгээс холбооны тэргүүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн бөгөөд 100 хувийн саналаар томилов.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: Налайхын нүүрсний уурхайнуудын зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өнөөдрийн /2019.4.4/ хуралдаанаар Налайх дүүрэгт нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гаргалаа.

Налайх дүүрэгт нүүрс олборлох 22 тусгай зөвшөөрөл байгаа ажээ. Шалгалтаар 12 нь тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш газраа ашиглаагүй байсан аж. Харин есөн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгж нь нүүрсний 83 ам буюу цооногт нүүрс олборлох үйл ажиллагаа ялуулж байгаа юм байна. Тэдний 70 амыг “Сүмбэрхудаг” хариуцлагатай хувьцаат компани эзэмшиж байгаа аж. Шалгалтаар тусгай зөвшөөрөл авсан ч гурван жилээс дээш хугацаанд ашиглаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа ч нөхөн сэргээлт хийгээгүй байсан нь тогтоогдсон тул НМХГ-ын хуралдаад дараах шийдвэрт хүрчээ. Нэг компанид олон тусгай зөвшөөрөл олгосон байгаа тул Засаг даргын Тамгын газарт энэ талаарх зохих арга хэмжээг авч, шаардлага хүргүүлэхээр боллоо. Мөн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нүүрс олборлолтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмалын газар, Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болсон юм. Налайх дүүрэгт нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд 137 осол гарч, 274 хүн ослоос аврагдаж, 126 хүн амиа алдсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон нь өнөөдөр болж өндөрлөлөө.

Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм.

Өнгөрсөн жил энэхүү шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар 3333 сурагч анх удаа уншсан бол энэ жил Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2222 сурагч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар Сүхбаатарын талбайд уншлаа.

Шүлгийг уншихдаа сурагчид Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааны хэлбэрийг гаргаж зогссон юм.

ШҮЛЭГ УНШСАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Сайн байцгаана уу? Хүүхэд багачууд, хүндэт сурагчид аа.

Өнгөрсөн жил Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд анх уншиж, миний бие уг үйл ажиллагаанд хамтран оролцсон юм.

Тусгаар тогтнол хэмээх гүн утга, өргөн агуулгатай үг. Та бидний олон мянган жилийн түүх, соёл уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ололт амжилт, алдаа оноог шингээж байдаг. Тусгаар тогтнол хэмээх энэ үгэнд эх оронч өвгөд дээдсийн халуун амь, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл шингэж, бидний Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг.

Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж билээ. Хэдэн арван саяар тоологдох хүнтэй үндэстэн хэдэн зуун жилийн турш тэмцээд тусгаар тогтнож чадаагүй байгаа жишээ ч бий юм шүү. Гуравхан саяар тоологдох иргэдтэй ч дэлхийн хоёр том гүрний дунд туурга тусгаар, эрх чөлөөтэй оршин тогтнож байгаа Монгол Улсаараа бид бахархах ёстой.

Өнөө жил Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль энэхүү арга хэмжээг уламжлан авч, тус сургуулийн 2222 сурагчийн хамт Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг өргөн дуулсан “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Хүүхэд багачуудад эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой боллоо. Уламжлалт ажиллагаанд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ирсэн бүгдэд баярлалаа.

Баяр хүргэе.

Мөнх тэнгэр Монгол Улсыг ивээж, тусгаар тогтнол бат орших болтугай.” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122-р сургуулийн хамт олонд гардуулж өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр Тусгаар тогтнол гэж бичсэнээс гадна, шүлгийг өнгөрсөн жил уншсан 3333, энэ жил уншсан 2222 хүүхдийг бэлэгдэн тоог сийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Раднаа, Т.Цэрэндолгор нарт Монголын Үндэсний Олимпын Хороо хүндэтгэл үзүүллээ

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг өчигдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Монголын Үндэсний Олимпын Хорооны одонг зүүж өгчээ.

Тодруулбал, Бүгд найрамдах Польш улсын Торун хотноо гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ зохион байгуулагдсан билээ.

45, 50, 60, 70, 80, 90 насны ангиллаар дэлхийн 88 орны 500 гаруй тамирчид өрсөлдсөн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 13 тамирчин оролцов.

Өдгөө 85 настай иргэн Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон бол 81 настай иргэн Т.Цэрэндолгор нь шидэлтийн таван төрлөөр 1 алт, 4 мөнгөн медаль хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо жагсаалыг дэмжиж оролцоно гэв

Ардчилсан Намаас энэ сарын 5-ны өдөр бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байгаа талаараа өмнө нь мэдээлсэн. Энэхүү жагсаалыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос дэмжиж оролцохоо дуулгаж, мэдээлэл хийлээ.

Тус холбооноос УИХ-ын ээлжит сонгууль өнгөрөөд гурван жил өнгөрсөн ч амлалтаа биелүүлээгүй байгаа. Иймд эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг өнөөдрөөс эхлэн шаардаж тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.

Энэ талаар тус холбооны тэргүүн С.Одончимэг хэлэхдээ, “Эдийн засаг өслөө гэж гэдэгт энэ өсөлт айл өрхүүдийн хаалгаар орсонгүй. Харин ч ядуурал нэмэгдэж байна. Мөн хүний эрхийн зөрчил маш их гарч байна. Энэ дээр хариуцлага тооцохыг шаардана. Ялангуяа хүүхэд хамгааллын асуудал дээр хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдэг албан тушаалыг бий болгосон. Тэр хүүхдийн эрхийн байцаагч нар хаана явна вэ. Тийм учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, хяналт тавих болно.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг хэрхэн тусгасныг сонирхуулъя. Тухайлбал, эх, нялхсын эндэгдлийг бууруулна, тав хүртлэх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг болгоно, бага насны хүүхдийн осол эндэгдлийг хоёр дахин бууруулна, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн заалтууд байна. Эдгээр заалт биелсэнгүй. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэсэн ч хэрэгжсэнгүй” гэлээ.

Иймд МАН-ын энэ мөрийн хөтөлбөрт итгэж саналаа өгсөн ээжүүд, эмэгтэйчүүдийг дөрөвдүгээр сарын 5-ны жагсаалд нэгдэж, амлалтаа биелүүлэхийг шаардацгаая хэмээн уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Орхон голд живсэн иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд Орхон голд иргэн О живсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрынхан дуудлагын дагуу осолдсон газраас Хөвдөг гүүр хүртэл хоёр км газарт 8 удаа 4-5 метр гүнд шумбалт хийж, 16 км газарт усаар, голын хоёр эргээр осолдсон газраас “Мөндөлтэй хошуу” хүртэл 3 км-т 5 удаа нийт 15 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сарын 15-нд дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь улирлын ялгаагүй 08.00-20.00 цагт үйлчилнэ. Харин энэ сарын 15-ны Даваа гарагаас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжиж тэлэх юм. Зуны бүсчлэл аравдугаар сарын 15-н хүртэл үргэлжилж, тухайн өдрөөс өвлийн бүсчлэлд шилжиж, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө.

Categories
мэдээ нийгэм

Гоо сайхны эмнэлэгт өөхөө соруулах гэж байгаад амиа алджээ

Гоо сайхны хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирсон өчнөөн хүн байдаг. Тэгвэл ийм төрлийн хагалгаанд ороод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй нас баржээ. Тэрээр өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

​Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг хаана

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2019 оны энэ сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, замыг шинэчлэн засахаар болсон.

Тус Замын хөдөлгөөнийг хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулах зураглал гаргасан байна. Хүнд даацын ачааны автомашин болон автобус нь Зуунмодын замаар зорчих бол бусад тээврийн хэрэгслүүд түр замаар зорчихоор зохицуулалт хийж буй тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

  • Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-дөрөвдүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр явуулахаар болов.
  • Нийт жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.

Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэх ажилтай холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана. Иргэд мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байгаа юм.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон-2019” цом Баянзүрх дүүрэгт аялж байна

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагддаг ‘’Улаанбаатар марафон’’ олон улсын гүйлтийн тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тодруулбал, дүүргийн Биеийн тамир спорт хорооноос “Улаанбаатар-Марафон-2019” цомыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, 28 хороогоор нэг сарын хугацаатай аялуулах юм.

Иймд өнөөдөр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Болормаад дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун“УЛААНБААТАР МАРАФОН-2019” цомыг гардууллаа.

Дашрамд, тус гүйлтийн тэмцээн ирэх тавдугаар сарын 18-нд зохион байгуулагдах бөгөөд дүүргийн хэмжээнд “УЛААНБААТАР МАРАФОН-2019” цомыг 5 сарын 14-ний өдрийг хүртэл аялуулах аж.