Categories
мэдээ спорт

Усан сэлэлтийн төрлөөр Б.Элбэрэлт тусгай олимпоос алтан медаль хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадам үргэлжилсээр байна. Өчигдөр уг наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртэж, энэ удаагийн тусгай олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ. Б.Элбэрэлт нь эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож буй бөгөөд өчигдөр 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн алтан медаль хүртсэн байна. Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм байна. Тэрбээр усанд сэлэлтийн спортоор зургаан жил хичээллэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Эрсдэлгүй хороо” аяныг өрнүүлж эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны үр дүнг иргэдийн оролцоотой дээшлүүлэх, гамшиг осол, гал түймрийн дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй хороо” аяныг өрнүүлж байна.

Тус аян нь нийслэлийн 380 жилийн ойг угтаж, Засаг даргын Тамгын газраас 2019 онд дэвшүүлсэн “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгох” зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн “Шилдэг хороо, Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2019 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжлэх юм.

Аяны хүрээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр нийт хороодын зохион байгуулсан ажлыг удирдамжид заасан доорх 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.

Үүнд:
1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжүүлсэн байдал,
2. Хорооны нутаг дэвсгэрт эрсдэлтэй бүсэд амьдардаг өрхийн нарийвчилсан судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран шинэчлэн гаргаж, эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа өрхийн тоог бууруулах арга хэмжээ авах,
3. Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хорооны иргэдийн оролцоог хангасан байдал
4. Онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулсан гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөг, нэгдсэн арга хэмжээ.
5. Гамшгаас хамгаалах иргэний сургалтыг зохион байгуулсан байдал, иргэдийн оролцоо.
6. Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, төрийн бус, Олон Улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан байдал.
7. Орчны болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээ.
8. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байдал,
9. Хорооны нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, гал түймрийн дуудлагын өсөлт, бууралт,
10. Гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амьдрах орчины аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын тайлан мэдээг сар, улирал бүр гаргаж дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн байдал зэргийг харгалзан үзнэ

Categories
мэдээ нийгэм

4 настай хүүг орондоо шээсэн гэх шалтгаанаар хэвтэрт ортол зоджээ

Баянгол дүүрэгт гуравдугаар сарын 11-нд 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон байна. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Хойд эцэг Т нь 27 настай эрхэлсэн тодорхой ажилтай нэгэн гэнэ. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийгүй, хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан гэсэн 12 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.

Тухайлбал, энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн О /20 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн хаагчид ажиллан, иргэн О-г нуураас эсэн мэнд гаргасан.

Түүнчлэн Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний нягт багасаж, зузаарлын эрчим буурч мөс хэврэгшин голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд “Цахим бодлогын зөвлөл” ажиллана

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа билээ. Нийслэлийн төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах үүрэг бүхий “Цахим бодлогын зөвлөл”-ийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 26-р тогтоолоор байгуулсан. Уг ажлын хэсэг нь нийслэлийн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, шуурхай ил тод болгох, бий болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж технологи дээр суурилсан хотын цахим засаглалыг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангаж ажиллах юм. “Цахим бодлогын зөвлөл”-ийг НИТХ-ын Төлөөлөгч М.Халиунбат ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь төр, хувийн хэвшлийн төлөөлөл орж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Нэг-хором” хөдөлгөөнд Баянзүрхчүүд нэгдэв

Цагдаагийн ерөнхий газар, дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Нэг-хором” хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тодруулбал хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, шалтгаан нөхцөлийг тогтоож арилгах, ухуулга, нөлөөллийн ажлыг олон нийтэд хүргэх, тэдний оролцоог дээшлүүлэх, байгууллага, аж ахуй нэгж , гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах, эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү аян 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 30 хоногын хугацаанд үргэлжлэх бөгөөд өнөөдөр тус хөдөлгөөнд дүүргийн Засаг дарга Т.Баясах болон Тамгын газрын албан хаагчид нэгдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЖДҮ-ээс айж жүжиг тавьдагаа боль оо

Их хурлын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхлэх гэж байна. Чуулганаар ЖДҮ-ийн асуудлаас бусдыг хэлэлцэх гэнэ. Тэгвэл чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал ЖДҮ байх ёстой. Энэ талаар хэн ч ган хийхгүй байх юм. Төрийн гурван өндөрлөгийн зүгээс ЖДҮ гээд дуугарчих бий гэхээс айж байх шиг. Тойрч давхиад, бултаж зугтаад, өөр элдэв сенсаци нийгэм рүү шидэлж байна. Үүнд нь нийгмийн сэтгэл зүй автах шинжтэй. Үнэндээ ганц АН-ын зүгээс л ЖДҮ-ийн асуудлыг дуугарч байна. Гэвч АН хүчгүй юмаа. Дээр нь бүлэггүй болох нь. Гол төлөөллүүдийг нь дуулиант 49 хувьд айхавтар нааж байна. Тэгэхээр явж өгөхгүй нь л дээ.

Байдал нэгэнт ийм болохоор ЖДҮ-ийн хэргийг олон нийт анхааралдаа авах цаг болжээ. Үүнд хүн бүрийн хүчин оролцоо чухал. ЖДҮ-ийн хэрэг дээр төрийн гурван өндөрлөгийг шахаж ажиллуулмаар, анхаарлынх нь төвд аваачмаар байна. Ингэхийн тулд мэдээллийн бүх хэрэгсэл, сошиал ертөнц, олон нийтийн байгууллагууд, ер нь нийгэм даяараа ЖДҮ-ийн хэргийг авч хэлэлцье. Эрх баригчид ЖДҮ-ийн хэрэг явдлыг мартуулахын тулд элдвийг сөхөн сэдэж, ард түмнийг үймүүлэхийг зогсооё. Таван толгой, Эрдэнэтийн 49 хувь, ерэн оны их хувьчлал, эрдэс баялгийн 400 ордыг хураах… үгүй ээ ер нь яана яана ч гэнэв. Сүүлдээ ч энэ төр засгийн толгойд байгаа хүмүүс чинь солиорчихоогүй биз дээ гэж бодоход хүрлээ. Гэвч солиороогүй юм байна. Эрх баригчид жүжиг тавьж байгааг ойлголоо. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сууж буй 40 орчим гишүүн нь ЖДҮ-ийн санг тоносон гэмт үйлдлээс ард түмний анхаарлыг сарниулах гэсэн жүжиг юм байна.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаан дахь хамгийн том реформ бол их бага хувьчлал, түүн дээр босч ирсэн улсын эдийн засаг, үндэсний цөөн хөрөнгөтнүүд юм. Харин тэдний хөрөнгийг хураана гэсэн өнөөдрийн эрх баригчдын яриа бол заналхийлэл юм. Хөрөнгө хураах нь санааны зоргоор хийгддэг үйл явц огт биш. Хөрөнгө хураасан бүх процесс, хүн төрөлхтний түүхэнд цусан зам татуулсан. Өөрт ойрхон түүхээс эхэлье, 1917 оны пролетарийн хувьсгал Орос орны түүхэнд байгаагүй их яргалал, хэлмэгдүүлэлт, гуйланчлал, өлсгөлөнг авчирсан. Энэ аймшигт цаг үеийн гол үзэл сурталчид, манлайлагчид нь мөнөөх Ленин, Сталин шүү дээ. Үгээгүй хоосон, залхуу, боловсролгүйн туйлууд нийгэмд хувьсгал гээчийг хийж боловсролтой, хөдөлмөрч, хөрөнгөтэй давхаргынхнаа устгаж коммунист нийгмийг байгуулсан эмгэнэлт түүх юм. Энэ түүхийн гол цөм, философи нь хөрөнгө хураан нийгэмчилж, нийтээрээ ядуу амьдрах л байсан юм.

Манайд ч ийм л юм болсон. Чойбалсан, Жамбалдоржууд гарч ирж 40 мянган иргэнийхээ амийг хороож хувийн хөрөнгийг хураасан. Өдгөө ч хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд Монголын төр сая сая төгрөгийн нөхөн олговор өгсөөр байна. Ингэж л хөрөнгө хураадаг. Эцсийн үр дагаварт нь улс орон сүйрлийн ирмэгт очдог. Үнэхээр өнөөдрийн эрх баригчид хөрөнгө хураана л гэж байгаа бол Монголд цус урсана. Өөр ямар ч арга байхгүй. Учир нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, бие сэтгэлээ барж босгосон амьдралаа, капиталаа зүгээр хураалгадаг хүн гэж хүний нийгмийн бүх цаг үеийн түүхэнд байгаагүй. Хойшид ч байхгүй. Өнөөдрийн эрх баригчдад зүгээр зогсож байгаад хөрөнгөө хураалгах жижиг ТҮЦ-ний эзэн ч олдохгүй. “Ав ав” гээд ухаж байгаа нүхнийхээ аман дээр зүгээр хараад зогсох нинжа ч байхгүй. “Цагаан суварга”-ын орд ганц Номтойбаярынх гэж бодож байна уу. Үгүй шүү дээ, энэ ордод сая сая долларын хөрөнгө оруулчихсан барууны томчууд хөрөнгөө зүгээр өгөх үү. Өчнөөн саяын хөрөнгөө манай уул уурхайд хууль номоор нь оруулчихсан урд хөршийн саятнууд зүгээр хараад суух уу. Улсын төсөвт боломжийн татвар төлж байгаа манай бизнесмэн бүхэн гадны ямар нэг хамтрагчтай хөрөнгө хоршсон байдгийг эдийн засаг гадарладаг хүн бүр мэдэж байгаа.

Ард түмэнд сонгуулиар таалагдъя гээд эрх мэдэл, албан тушаалаараа бярдан хөрөнгө хураая гэж бодъё. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Шүүх баримт дээр л тулгуурлана. Тэгвэл их хувьчлалын үеийн бүх процесс 100 хувь төр засгийн шийдвэртэй хийгдсэн. Засгийн газрын шийдвэргүй нэг ч дэлгүүр, нэг ч үйлдвэр, нэг ч уурхай хувьд очоогүй. Шүүх дээр энэ бүх баримт гарч ирнэ. Шүүхээс лав “У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэргүй юм байна” гэж хураахгүй нь тодорхой. Монгол Улс нь нэг л засаг захиргааны бүтэцтэй. Сайд дарга нар бол сонгуулиар солигдож, холигдоод явдаг нь ардчилсан нийгмийн тогтолцоо. Тэрнээс биш “Тэрний үеийн Засгийн газрын шийдвэр юм байна” гээд хөрөнгөө хураалгах ТҮЦ-ний эзэн байхгүй гэдгийг өнөөдөр ойлгох ёстой юм.

Ингээд харахаар энэ өдрүүдэд болж байгаа энэ олон баривчилгаа, байцаалт, онцгой дэглэм… бүгдээрээ ирэх сонгуульд зориулсан жүжиг байгаа биз. Ирэх сонгууль хүртэлх 1,8 сарын хугацаанд хийж амжуулах ажил биш гэдгийг эрүүл ухаантай бүхэн ойлгоно. Дараагийн сонгуулиар ялбал үүнийг үргэлжүүлэн хийнэ, та нартаа тарааж өгнө хэмээн ядарсан ард түмнээ хуурсан, саналыг нь авах гэсэн драм юм. Ийм дэмий, гэнэн, хүүхэд хуурч байгаа юм шиг арга залинд хууртдаг ард түмэн одоо байхгүй болсон. Сонгууль жижиг тойрог дээр явагдана. Ард түмний өмнө, индэр дээр нэг ЖДҮ-чин сууж байвал хэн түүнийг сонгох юм бэ. Тийм учраас эрх баригч МАН-ынхан одоо асуудлыг том зургаар нь харж, энэ удаагийн ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүдийнхээ асуудлыг нэн даруй авч хэлэлцэн, нэг тийш нь шийд. Захын нэг иргэн “Хээцэс, ерэн оны хувьчлалыг шалгана ч гэх шиг, хөрөнгө хураана ч гэх шиг, юугаа солиороод байгаа юм. ЖДҮС-г тоносон хулгайчиддаа хариуцлага тооцохгүй байж” гээд зэвүүцэж суугааг мэдэрч байна уу, эрх баригчид аа. Тэгэхээр ЖДҮ-чин гишүүдийнхээ асуудлыг шударгаар шийдчихвэл ядаж намын чинь нэр дэвшигч тойрогтоо нүүр бардам очиж, хэлэх үгтэй байх юм даа.

Та нарын шуугиан болгоод байгаа Эрдэнэтийн 49 хувь, хураана гэж байгаа 400 орд, их бага хувьчлалын чинь ард хохирогч байхгүй байгаа юм аа. Нөгөө агаар дээрх тоо гэдэг шиг хий л ард түмэн хохирсон гэдэг. Гэтэл ард түмнээс нэхэмжлэл гаргаж, хохирол барагдуул гэсэн юм алга. Харин ЖДҮ-ийг болохоор сул тогтолцоотой байсан зээлийн том санг улам сулруулж байгаад тоночихсон үйлдэл. Мөнгө өгсөн, бас авсан эзэд нь тодорхой, мөнгөн дүн нь тодорхой, төрийн өндөр албан тушаалтны цагаан дээр хараар бичсэн тушаал шийдвэртэй, зохион байгуулалттай гэмт хэрэг. Уул шугамандаа бол өөрийнхөө төлөө саналаа өгсөн, бас өгөх эсэх нь эргэлзээтэй байсан гишүүдийг найдвартай багцлахын тулд хийсэн үйлдэл. Найдвартай 40 саналын төлөөс. Нам төрийн өндөр дээд албан тушаалаа ашиглаж гишүүдийг барьцаалсан хэрэг. Эрдэнэтийн 49 хувийг авсан санхүүгийн схем гэж яриад байгаа. Тэгвэл ЖДҮС-г тоносон санхүүгийн схемийн дээр Ерөнхий сайд сууж байгаа учраас хөдлөхгүй байна. Гишүүдийг Жидүүрүүлсэн хүн нь Хү-к. Эмчлэх арга нь ч түүнд байх шиг. Тийм болохоор Хү-к “Эмчилгээг чинь зогсоочихно шүү” гээд тэднийг айлгаад сууж байна. Тэдэн дотор тойрогтоо очиж хэвтчихээд, айхгүй байгаа ганц хүн бол Г.Солтан гишүүн л байна. Учир нь мань эр өмнөх гишүүд шигээ Баян-Өлгийгөөс цаашаа ганцхан харайгаад орчих нутагтай хүн. Бусад нь хаачих юм бэ, муу ч сайн ч Монголдоо байх учраас ЖДҮС-г тонон дээрэмдсэн үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээх л болно. Тэр болтол элдэв жүжиг тавьж ард түмнээ хуурах гэж оролдохоо боль.


Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэн: Хэт даварсан эрх мэдлийг Үндсэн хуулийн хүрээнд хязгаарлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Чуулганы хуралдаан завсарлачихсан энэ үед та ямар ажлууд хийж амжуулав?

-Тодорхой хуулийн төслүүдийг санаачилж, боловсруулаад явж байна. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбартай холбоотой хуулийн төсөл бий. Өнөөдөр Монгол Улсад бэлчээрийн асуудал талхлагдсан байдалтай байна. 65-70 орчим хувь нь унаган төрхөө алдсан ийм нөхцөл байдалд хүрчээ. Энэ тохиолдолд бэлчээрийг зүй зохистой ашиглах, багийн ИНХ-ын түвшинд болон багийн иргэд, малчид бүх нийтээрээ зохицуулалттайгаар оролцож, тухайн бэлчээрээ ашигладаг, хамгаалдаг, чөлөөлдөг энэ харилцааг зохицуулж өгөх шаардлага байна гэж харж байгаа. Уг хуулийг боловсруулаад ерөнхийдөө дуусч байна. Хаврын чуулган эхлэхээр УИХ-д өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хоёрдугаарт, малын тоо толгойноос илүү ашиг шим, чанарт анхаарах шаардлагатай болжээ. Тиймээс Малын ашиг шимийг нэмэгдүүлэх тогтоолын төслийг боловсруулаад УИХ-аас өргөн барихаар бэлтгэж байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын түвшинд бий болоод байгаа улстөржилт, намчирхал, талцал хуваагдлыг эцэслэх үүднээс үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Энэ хүрээнд анхан шатандаа улс төрийн намын оролцоогүйгээр баг хороо, сум дүүргийн сонгуулийг хийх хуулийн төслийг боловсруулж байна. Төрийн албыг бэхжүүлж, улс төрийн намын төрийн албанд үзүүлэх нөлөөллөөс ангид байх эрх зүйн орчинг бүрдүүлж, төрийн эрхийг ямар улс төрийн нам барьж байгаагаас үл хамаарч тухайн Засгийн газар мөрийн хөтөлбөр, бодлого дараагийнхаа Засгийн газартай хэлбэрдэхгүйгээр мөрдөгддөг байх эрх зүйн орчинг бүрдүүлье гэж оруулж ирж байгаа. Мөн улс төрийн намуудын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд нь зааглаж хязгаарлах, иргэдийн оролцоог өндөр түвшинд байлгаж, нэмэгдүүлэх талаар оруулж ирнэ.

-Яг энэ цаг мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн боловсруулалтын асуудал яригдаж байгаа. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Нэгдүгээрт, улс төрийн нам болон түүний эрх мэдэлтэй холбоотой асуудлыг зааглаж хязгаарлах хэрэгтэй. Даварсан, хэт хавтгайрсан тэр эрх мэдлийг хязгаарлах боломжийг Үндсэн хуулийн хүрээнд хийж өгөхгүй бол болохгүй болжээ. Үүнээс улбаалан дээд болон доод түвшиндээ хэт улстөржиж, намчирхал талцал болдог нь төрийн албыг хүчгүй, үнэгүй болгодог. Энэ нь улс төрийн намаас улбаатай асуудал. хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал бий. Тэгэхээр энэ асуудлыг бид эргэж харж, анхан шатны байгууллагаасаа эхлээд улс төрийн намын оролцоогүйгээр удирдах албан тушаалтнуудыг иргэд нь сонгодог байх бодлогын асуудал байна. Тухайн баг, сум, дүүрэг хорооны дарга нар төрийн жинхэнэ албан хаагч байх эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. иргэдэд хамгийн ойр байгаа эдгээр албан тушаалтнууд улс төрийн намын харьяалалтай гэдэг нь улс төрийн албан хаагч байх шаардлагад нийцэхгүй байгаа юм. Гуравдугаарт, хүн ам цөөнтэй улсын хувьд сонгодог парламентад засаглалдаа түшиглэж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийх шаардлагатай. Сүүлийн үед зарим судлаачид парламентын гишүүдийн тоог нэмэх, дээд доод танхимтай болох гэх мэт асуудлуудыг хөндөж байна. Энэ бол гарц биш. Тооноосоо илүү бид чанарт анхаарах ёстой. хэрхэн парламентад засаглалыг бэхжүүлэх вэ, парламентад мэдлэг туршлагатай, тухайн салбарын асуудлыг мэддэг ийм гишүүдийг хууль тогтоох дээд байгууллагад оруулж ирэх нөхцөл бололцоог хөндөх ёстой. Энэ хүрээнд ажил мэргэжлийн шаардлага, ажилласан жилийн туршлагыг тавьж өгч болж байна. Мөн насны доод хязгаарыг тавьж өгч болно. хууль тогтоох байгууллагад хийсэн бүтээсэн зүйлтэй, тухайн салбарынхаа сайн мууг мэддэг хүмүүс гарч ирж байж шинэчлэлийг хийнэ шүү дээ.

-ШХАБ-д элсэх талаар нэлээн удаан яригдаж байна. Таны хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн хүн. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-2004 оноос хойш манай улс энэ байгууллагад идэвхтэй ажиглагчаар оролцож ирсэн. Тухайн үедээ Монгол Улсын хувьд гадаад бодлогоо тодорхойлохдоо идэвхтэй ажиглагчаар оролцоно гэж байр сууриа тодорхойлсон. Манай улс хязгаарлагдмал газар нутагтай. хоёр том хөрш улсын дунд оршдог онцлогтой. Тиймээс бидний хувьд хоёр хөршөөсөө эхлэлтэй гадаад бодлогыг тодорхойлдог билээ. Тиймээс хоёр хөрштэйгөө ижил тэнцвэртэй харилцана гэдэг бодлогыг гаргасан. Бид ШХАБ-д элсэх асуудлыг яагаад өнөөдөр хөндөж тавиад байгаа юм. Яагаад 15 жилийн дараа энэ асуудлыг хөндөх болов. Уг асуудалд бидний зүгээс ямар нэг геополитик, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн үү, үгүй юу гэдэг дээр бодитой үнэлэлт дүгнэлт, судалгааг хийж байж шийдвэрлэх шаардлагатай. Тэрнээс тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлж, ямар нэг улстөрчийн эмоцид хөндөгдөж шийдэгдэх асуудал биш. Тэр дундаа Монгол Улсын гадаад бодлого дээр хэт их улстөржиж хандах ёсгүй. Энд хувь хүний улс төрийн өнцөг байх ёсгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Уих-ын гишүүд болон улстөрчдийн байр суурь энд нэг байх ёстой. Байр сууриа нэгтгэж байж гадагшаа гаргах нь зүйтэй. Манай улсын хоёр залгаа хөрш нь ШхАБ-ын хоёр багана болсон улс орон. Энэ хоёр улсын байр суурь эдийн засаг, стратеги, геополитик, түншлэлийн түвшинд ойлголцож, нэгдсэн байр сууринд хүрдэггүй зөрчилдөх асуудал олон бий. ШхАБ-ын түвшинд шийдвэрлэх уг асуудлын хүрээнд Монгол Улс ямар байр суурьтай хандах юм. ийм асуудал ч урган гарна. Манай улс НҮБ-ын гишүүнээр элсээд олон жил болж байна. ШхАБ-д бид шинээр элслээ гэхэд НҮБ болон олон улсын тавцан дахь байр суурьт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлуудыг судалж үзэх хэрэгтэй. Эдгээр асуудлуудыг судалж, байр сууриа нэгтгэж байж эцсийн шийдийг гаргах ёстой.

-ШХАБ-д элсэх асуудалд хоёр хөрш орны нөлөө бий юу?

-Үүнийг бид шууд энд дүгнэж чадахгүй асуудал л даа. Энэ талаар судлаачид, гадаад харилцааны асуудлаар дагнасан мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Мэдээж аль нэг улс орон өөрсдөдөө давуу байдал олохын тулд тэмцэлдэж байдаг. Энэ дээр бид аль болох болгоомжтой, ул суурьтай хандах ёстой.

-ЖДҮХС-тай холбоотой асуудлаар таниас хуулийн байгууллага гэрчийн мэдүүлэг авсан уу. Таны ээжийн “Спа” цогцолбор компани дээр 700 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарчихсан байгаа?

-Надтай холбоотой ямар нэг мэдүүлэг авсан зүйл байхгүй. Нэгдүгээрт, би үүнд ямар ч хамааралгүй. Би өөрөө төрийн албанд 15 жил ажилласан хүн. хувийн хэвшилд нэг ч ажиллаж байгаагүй. Яахав хамаарал бүхий компани болон хүн зээл авсан гэдэг нэг асуудал. Үүнийг надтай холбож, ойлгоод байх шаардлага байхгүй. хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэрлэл гэдэг асуудал дээр бид хэт их хавтгайруулж ойлгож буй зүйлс байна. Ерөнхийдөө Монгол Улсын өнөөгийн тогтолцооны хүрээнд 15 жилийн хугацаанд бий болсон жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хүрээнд бий болсон асуудал байгаа. Энэ асуудалд хуу-лийнх нь өнцгөөс хандах хэрэгтэй. Хууль зөрчиж зээл авсан асуудал байна уу, үгүй юу. Тухайн эрх бүхий албан тушаалтнуудад нь нөлөөлсөн. Албан бичгээр хандсан, утастаж дарамталсан гэдэг юм уу ийм нөлөөллийг үүсгэж зээл авсан асуудал байгаа юу гэдгийг шалгаж, судлах ёстой. Гуравдугаарт, тухайн авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж банк, санхүүгийн байгууллагад өгч мөнгө угаасан асуудлууд байвал зайлшгүй хуулийн хариуцлага хүлээлгэх санкцын асуудал бий.

-Өнөөдөр Ээлжит бус чуулган эхэлнэ. Ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Танилцуулагдаж байгаа-гаар Татварын ерөнхий багц хуулиуд хэлэлцэгдэхээр төлөвлөгдөж байгаа. Тодорхой хууль шүүхийн байгууллагуудын томилгооны асуудал хэлэлцэгдэнэ. Тат-варын ерөнхий багц хуулиудад анхаарч үзэх шаардлагатай зүйл бий. Энэ хуулийн хүрээнд иргэдийн дунд шүүмжлэлтэй байгаа асуудал нь татвар төлөгчийн хүрээнд үүсгэсэн өрийг хамаарал бүхий хүмүүст нялзаах бодлогын асуудлууд орж ирж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд байж болшгүй асуудал юм. Үүнийг хэлэлцүүлгийн явцад зайлшгүй өөрчлөх хэрэгтэй.

-Өнгөрсөн баасан гаригт та багийн иНХ-ын дарга нар болон багийн Засаг дарга нарын зөвлөлдөх анхдугаар уулзалтад оролцсон. Энэ тухай?

-Аливаа улс орны хөгжил дэвшил гэдэг анхан шатнаасаа эхлэх ёстой. Монгол Улс нийт 1613 багтай. Эдгээр багуудын төлөөлөл болсон нутгийн удирдлагын дарга нар өнөөдөр ирж хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ. Тухайн баг дээр хөдөлмөр, халамж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн үйлчилгээг хэрэгжүүлэхтэй холбоотой багийн удирдлагууд дээр тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх талаар тэд саналуудаа хэлж, хоорондоо сайн туршлагуудаа солилцож зөвлөлдлөө.


Categories
мэдээ цаг-үе

Д.Гантулга: Энэ сарын сүүлээр дахин хэд хэдэн хүний орлогыг нотлуулна

Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгатай ярилцлаа.


-Оны өмнөхөн ХҮН нам Орлогоо нотол хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ ажил зогсчихоогүй биз дээ?

-“Орлогоо нотол” хөдөлгөөн нь Монгол төрийг хулгайчдаас цэвэрлэх зорилготой. Үргэлжилж байгаа. Эхний ээлжинд бид олон нийтийн хардлагатайгаар хөрөнгөжсөн төрд байгаа хүмүүсийг шударгаар орлогоо нотлохыг уриалсан. Эхлээд бид МАН-аас Ж.Мөнхбат, АН-аас С.Эрдэнэ нарыг орлогоо нотлохыг шаардсан. Энэ хоёроос эхэлсэн нь шалтгаантай. Тухайн үед Ж.Мөнхбат “Цензургүй яриа”-гаар ороод баахан тоо ярьсан л даа. Гэтэл тэр тоонууд нь 500-гаад сая төгрөгөөр зөрсөн. 500 сая төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тухай олон зүйл яригддаг. “Шонхор” товэроос эхлүүлээд л. Ямар нэг хардах үндэслэл байгаа учраас энэ бүгдийг гаргаж ирж тавьсан. Бид нар ч гэлтгүй Монголын иргэд төрд байгаа хүмүүсээсээ орлогоо нотлохыг шаардах ёстой. Тэд нар нийтийн баялгаас аваад байгаа юм биш үү гэдгийг шалгаж байх ёстой. Бид нарт тодорхой хэмжээний мэдээлэл цугларч байна. Энэ сарын сүүлээр дахин хэд хэдэн хүний орлогыг нотлуулна. Энэ нэг удаа хийгээд орхичихдог ажил биш. Долоо хоног болгон хийгээд байдаг ч ажил биш.

-Дараагийн орлогоо нотлох төрийн түшээд тодорсон уу?

-Дараагийн хүн тодорхой болж байгаа. Гэхдээ тэдний нэрийг одоо зарлахад арай эрт байна. Мэдээллээ сайн нягтлахгүй бол эргээд гүтгэлэг болох магадлалтай шүү дээ. Тиймээс нухацтай судалж, тэдгээр хүмүүсийг гаргаж ирнэ.

-Танай намыг ард иргэд АН, МАН-ын араас гуравдагч хүчин болно гэж ярьж байсан цаг саяхан. Гэвч намын дотоод зөрчлийн асуудал үүссэн шүү дээ. Яагаад ийм байдалд хүрсэн юм бэ?

-Манай нам дээр үүссэн асуудлын өдөөгч нь гаднаас байсан. Хэн гэдэг нь ч ойлгомжтой. Эрх баригчид зөвхөн биднийг ч биш, бусад жижиг улс төрийн намуудыг олон нийт дэмжих аястай болоод ирэхээр янз бүрийн арга сүвэгчилж бусниулдаг. Дотор нь хутган үймүүлдэг. Манай нам ч гадны хүчин зүйл, өдөөлгөнд орсон нь үнэн. Гэхдээ гадны хатгалгад ороод хоорондоо зөрчилдсөн нь бидний алдаа. Энэ томоохон сургамж болсон. Энэ үйл явдлыг базаад хэлэхэд тухайн үед манай нам хоёр даргатай болсон. Нэг нь одоогийн ХҮН-ын дарга Б.Найдлаа болон түүнийг дэмжсэн нэг хэсэг бүлэг хүмүүс. Нөгөө талд нь МАХН-ын дэд дарга С.Ганбаатар байсан. Ганболд мэтийн хүмүүстэй нийлчихсэн. Дотоод зөрчлийн шалтгаан нь энэ байсан. Мэдээж жижиг сажиг зүйлс зөндөө бий. 2016 оноос 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл бүтэн хоёр жил энэ асуудалтай шүүх дээр зууралдлаа.

-Тамга авч зугтсан асуудал юу болсон бэ?

-Тамга авч зугтаасан хүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхээр орсон. Тэгээд тамгаа буцаагаад өгчихсөн шүү дээ. Тэр хүн намын тамга, гэрчилгээг буцааж өгөөд дотоод зөрчил дууссан. Одоо бид ХҮН-ын хууль ёсны удирдлагууд болсон. Манай намд хууль зүйн ямар ч зөрчил байхгүй.

-Энэ хоёр жилийн хугацаанд та бүхэн юу хийв?

-Бид зүгээр суугаагүй. “Монгол хүний товчоон” номыг өнгөрсөн пүрэв гаригт хэвлэлтээс гаргалаа. Энэ номоороо манай улсын хөгжлийн үндсэн үзэл баримтлалыг өгүүлсэн. Ингэхдээ бүр Хүннүгийн үеэс эхлээд одоог хүртэлх сургамж, дэлхийн бусад улсууд хэрхэн хөгжсөн талаар судаллаа. Хөгжлийн томьёог л хайгаад байна гэсэн үг байхгүй юу. Дэлхийн 28 улсын талаар 28 өөр хүн бичсэн. Энэ бүгдийг нийлүүлэд төр цогцлоох гэдэг асуудлыг хөндлөө. Бид дээр дооргүй Монгол төр мухардалд орчихлоо гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ долоо хоногийн дөрөв дэх өдөр номныхоо нээлтийг хийх гэж байгаа.

-Танай нам одоогийн байдлаар ямар зорилготойгоор урагшилж байна вэ?

-Цөөхөн хэдэн гэр бүл, нийгмийн хэсэгт биш, бүх монголчуудад дэвшил хэрэгтэй байна. Бид бусдаас хоцорчихсон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 1990 онд Эрээнд очиход ямар газар байлаа. Тосгон л байсан шүү дээ. Тэнд байсан байшин барилга, зам харгуй, хүмүүсийнх нь царай зүс ямар юм байлаа. Цаашлаад Бээжин нь ямар юм байлаа. Тэгэхэд тэр үед Замын-Үүд, Улаанбаатар хот ямар байлаа. 30 жилийн дараа ялгааг нь харъя. Эндээс үзэхэд л бид үнэхээр их хоцрогдчихсон байна. Манай намын гишүүн биш ч, бид нарыг дэмждэг залуучууд бий. Бид нар 1970-1978 оны үед л төрсөн залуучууд. Бид 90-ээд оны үед нийгэм өөрчлөгдөхөд бизнес хийж хөрөнгөжиж чадаагүй. Ихэнх нь гадны улсуудад сурч байсан хүмүүс. 1996 онд ардчилсан Засгийн газар гарч ирээд сурагчдыг тэтгэлгээр гадаад явуулсан. Мөн Сорсын сангийн гэх мэт маш олон тэтгэлгээр монголчууд гадаад явсан. Тэр үеийн хүмүүс бол бид. Бид нар яахав бизнес эрхлээд амьдралаа залгуулаад явж болно. Гэтэл ирээдүйд хүүхдүүд минь ямар нөхцөлд амьдрах нь бүрхэг байна. Ийм нийгэмд яаж үр хүүхдээ үлдээх юм бэ. Амьдрал зөвхөн мөнгө биш гэдгийг бид нар ойлгочихсон хүмүүс. Амьдрал гэдэг өргөн ойлголт. Бид тодорхой хэмжээнд биеэ засаад, гэрээ засчихсан хүмүүс. Ийм зорилгоор улс төрд орж ирж байна. Зорилгодоо хүрэхэд алсын хараа хэрэгтэй. Тиймээс “Монгол зорилго 2050”-ыг тодорхойлсон. 2050 онд Монгол Улс ямар түвшинд очих вэ, хүмүүс нь ямар байх юм гэдгийг тодорхойлоод, зорьж байгаа. Үүнийгээ ХҮН-ын мөрийн хөтөлбөр болгож Дээд шүүхэд бүртгүүлчихсэн байгаа.

-Ойрын зорилго юу вэ?

-Төрийн эрх мэдэлд очихыг зорино. Яаж вэ гэвэл сонгуулиар очно. Тиймээс бид нарын ойрын зорилго сонгууль л байна даа.

-2020 оны сонгуульд танай нам ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ?

-Зорилтуудаа яриад эхэлчихсэн байгаа. Бид есөн үндсэн чиглэлээр шийдэл гаргаж ирж танилцуулна. Тухайлбал, боловсролын салбар дахь хөгжлийн стратеги маань гурван үндсэн чиглэлтэй. Нэгдүгээрт, хөгжил гэдэг хүний хөгжил. Тэрнээс зам талбай барих, өндөр шилэн барилга барих биш. Тэгэхээр монгол хүн яаж хөгжих юм. Эхлээд бид шинэ технологиудыг маш хурдтайгаар өөрсдөдөө нааж авах хэрэгтэй байгаа юм. Одоо манай шинжлэх ухааны байгууллагуудад улсын төсвөөс татаас өгч байгаа шүү дээ. Төсвийн татаас гэдэг нь халамжийн чанартай мөнгө өгч байгаа хэрэг шүү дээ. Хөгжих гэж байгаа бол үүнийг тулгуур хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн байгаль орчны асуудал байна. Наад зах нь л хүрээлэн байгаа орчны асуудал бий. Улаанбаатар хотод гэхэд л агаарын бохирдол, түгжрэлийн асуудал биднийг зовоосоор байна.

-Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа утаа, түгжрэл гэх асуудлаар танай нам шийдэл ярилцаж байгаа юу?

-Утааны шийдлийг бид аль хэдийнэ танилцуулаад, гаргаад тавьчихсан шүү дээ. Утааны талаар хүмүүс янз бүрийн өнцгөөс ярьж байна. Нэг хэсэг нь хэдэн инженерийн асуудал ч юм шиг, янданг сайжруулах талаар ч юм шиг ярьж байна. Энэ гол нь биш юм байна аа залуус аа. Асуудлын үндсийг бид харах хэрэгтэй. Утааны асуудлыг улсын байгууллагууд хоорондоо шидээд байна. Хамгийн эхэнд Ерөнхийлөгчийн дор, дараа нь Ерөнхий сайдын мэдэлд байсан. Хамгийн сүүлд Байгаль орчны сайдын дор очсон. Утааны асуудалд сүүлийн найман жил гэхэд 575 тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа. Нөгөө талдаа Засгийн газрын өр 7-8 тэрбум доллар боллоо. Энэ мөнгийг юунд зарцуулаад байгаа юм бэ. Эрх ашгийн зөрчилтэй хүмүүс хувийн шугамаар зарцуулаад байна. Наад захын жишээгээр Богд уулын араар, туул голын урдуур зам тавьсан. Мөн Богд уулын амуудаар баригдсан байшингууд руу халуун, хүйтэн усны инженерийн дэд бүтэц тавьсан байна. Хэнд зориулж вэ. Тэнд өөрийн амралтын газраа орлоготой байлгах гэж, эсвэл хууль бус барилгаа зарах гэж төсвийн мөнгөөр дулааны шугам татаад байна. Яагаад гэр хорооллоор инженерийн шугам сүлжээ татахгүй байгаа юм.

Мөн Улаанбаатар хотын утаатай байгаа шалтгаан нь орон байрны асуудлаа шийдэж чадахгүйд байна. Монгол гэр гэхэд суурин газар амьдрахад тохиромжгүй шүү дээ. Тиймээс өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжих ёстой. Нэг нь гарч ирээд зогсоочихдог баймааргүй байна. Энэ асуудлаар зөндөө ажил хийгдэж байгаа. Тэр ажлуудыг төр нь базаад цэгцлэх хэрэгтэй. Гэр хороолол руу зоригтой мөнгө хаях хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор Улаанбаатар хотын орон байрны асуудлыг шийдэхэд 2.5 тэрбум долларын санхүүжилт хэрэгтэй. Орон байрны асуудал шийдэгдсэнээр утааны асуудал шийдэгдэнэ. Тэрнээс уул сэтлээд утааг нь гаргачихаар бид нар сайхан амьдарчихгүй. Цаад талд нь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал байгаа. Бид үр дагаврыг нь л хараад байна. Асуудлын үндсэн суурийг нь шийдэх ёстой.

-Танай намын үзэл баримтлалын мөн чанар юу вэ. Нэгэн зүгт байгаа гэж бодож байгаа юу?

-Бид зүүн төвийн нам. Төвийн гэж байгаа мөртлөө зүүн тал руу яагаад хэлбийсэн бэ гэхээр монголчууд гуравхан саяуулаа. Бид нарт Америк шиг том капитализм таарахгүй. Энэтхэгт байдаг шиг олон анги давхаргын систем зохихгүй. Тэгэхээр Монголд дундаж давхарга давамгайлсан нийгэм байх ёстой. Ийм нийгмийг цогцлоох боломж байгаа. Бидэнд байгалийн баялаг бий. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг бид нар зоосны хоёр талаар хараад байгаа шүү дээ. Эдийн засгийн хөгжил гэдэг бидний орлого, амьжиргаа. Амьжиргаа муу, ядуу газар юу ч яриад хэрэггүй. Ардчилал ч яриад бүтэхгүй. Тиймээс бид үзэл баримтлал дотроо амьжиргааны асуудал буюу эдийн засгийн түвшнийг ихээхэн чухалчилж авч үздэг.

Эрдэнэт үйлдвэрийн асуудал гол сэдэв болоод байгаа. Засгийн газраас авч буй арга хэмжээг хэрхэн харж байна?

-Энэ асуудалд бүгдийнх нь л буруу байгаа. 49 хувийг авсан нь ч буруу. 51 хувийн асуудал ч буруу. Тэрийг шийдэж байгаа арга нь ч буруу. Буруу зүйлийг цэгцлэх гэж байгаа нь зөв. Шуудхан хэлэхэд энд бүлэглэлүүдийн хоорондын зодоон яваад байна шүү дээ. Наанаа нийтийн эрх ашиг гэж түрүү барьсан хүмүүс. Ойлгомжтой байна шүү дээ. Жишээлбэл, хэсэг бүлэг хүмүүс Эрдэнэтийн 49 хувийг авчихжээ. Тэрийг хууль зөрчөөд авчихсан байгаа бол хууль энд ажиллах ёстой. Энэ асуудал хуулийнхаа дагуу шийдэгдэхээс биш, хувь хүмүүс рүү нь дайрах нь өөрөө өрөөсгөл. Нөгөө талд нь төрийг төлөөлж ярьсан хүмүүс нь хаана байна. Хэн 49 хувийг авах эрхийг нь өгсөн юм. Хувийн сектор төртэй харьцсан байна шүү дээ. Төрийг төлөөлж харьцсан хүмүүс нь хаана байна. Зэрэгцээд суулгах ёстой. Тэдгээр төрийг төлөөлсөн хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм. Хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах ёстой. Тэрнээс эрх мэдэлтэй болоод дураараа авирлах ёсгүй. Зөв зүйлийн төлөө буруу аргаар муйхарлан дайрж болохгүй шүү дээ.

-Намууд ялзарч дууслаа гэж ярьж байна. Энэ тухай?

-Манайх шиг цөөхөн хүн амтай, том газар нутагтай улсад пропорционал сонгуулийн систем зайлшгүй хэрэгтэй. Энэ системийг 2012 онд ганцхан удаа хийж үзээд, буцаагаад сольчихлоо. Пропорционал системээр нийтийн юм ярьдаг, мэргэжлийн хүмүүс сонгуульд гарч ирэх боломж бүрддэг. Түүнчлэн намууд төлөвшинө. Төлөвшсөн намд л иргэд итгэж санал өгнө шүү дээ.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт оруулах талаар яригдаж байгаа. Үүнийг судалж үзэв үү?

-Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд манай намын зүгээс албан ёсны байр сууриа ажлын хэсэг рүү нь хүргүүлсэн. Харамсалтай нь өнгөрсөн намрын чуулганаар хууль хэлэлцсэнгүй. Ер нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал чухал. Үүнийг л цэгцлэх хэрэгтэй. Үгүй бол нөгөө албан тушаалын наймаа, 60 тэрбумын хэрэг шиг асуудлууд давтагдсаар байна. Тиймээс сонгуульд шаардлагатай мөнгөн дүнг нь хуулиар багасгах хэрэгтэй. Бидний байр суурь бол санхүүжилтийн хэмжээ бага байх ёстой нэгдүгээрт. Хоёрдугаарт, намуудын сонгуулийн зардлыг төсвөөс даадаг байх ёстой. Үүнийг зарим хүмүүс буруу ойлгодог л доо. Тухайлбал, сонгуулиар их мөнгө зарлагаддаг шалтгаан бол ажиллах хүч байдаг. Нэг тойрог дээр 10 орчим хүн нэр дэвшдэг. Нэг нэр дэвшигчид хуулиараа 50-60 ухуулагч ажилладаг. Тэр хүмүүс айлуудын хаалга цохиод л ухуулах хуудсаа тараана. Энэ нь тийм ч хэрэгтэй ажил биш. Хүмүүс хаалгаа цоожлоод залхсан маягтай байдаг. Энэ ажлууд зарлага ихтэй, хэрэггүй санагддаг. Харин тойргийн нэг сургууль дээр нэр дэвшигчид очоод зэрэгцээд өөрсдийн үзэл баримтлалаа яривал харьцангуй бага зардал гарна. Сонирхсон хүмүүс нь очоод үнэлэлт, дүгнэлтээ өгөөд саналаа өгөхөд харьцангуй амар болно. Үүнийг улсын төсвөөр зохион байгуулна гэсэн үг.

-Танай нам нөхөн сонгуульд оролцох уу?

-Оролцоно. Манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд орж чадаагүй. Мэдээж нөхөн сонгуульд оролцогчийг намын дүрмийн дагуу төлөөллийн төв байгууллагаараа батлуулж, тухайн цаг үед зарлана. Баттай хэлэхэд манай нам бие дааж орно. Өөр эвсэл, намуудтай нийлж орохгүй. Хоёрдугаарт, хулгай хийдэггүй, худал хэлдэггүй, хүчин хийдэггүй хүнийг л бид нэр дэвшүүлнэ. Тэр хүн заавал манай намын хүн байх албагүй. Амьдрал нь цэвэрхэн. Өөрийнхөө оюун ухаан, тархиараа амьдарч ирсэн, юм мэдэхгүй байж худлаа попроод байдаггүй, асуудлыг хүчээр шийддэггүй шинэ хүнийг бид нэр дэвшүүлнэ.


Categories
мэдээ цаг-үе

Г.Ундрах: Арьс цайх болон арьсны бэрх өвчнүүдийг бүрэн эмчилж байна

Мон Шинжүкү скин мед эмнэлгийн эмч Г.Ундрахтай ярилцлаа.


-Танай эмнэлэг Японы арьсны тэргүүлэх эмнэлгийн эмчилгээг нэвтрүүлж байгаа гэсэн. Эмчилгээний арга технологио танилцуулахгүй юу?

-Манай эмнэлэг өндөр хөгжилтэй цөөхөн хэдхэн оронд ашиглаж байгаа дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр арьсны эмчилгээ хийж байгаа юм. Энэ технологи Солонгос, Хятад улсад ч байдаггүй юм билээ. Манай эмчилгээний гол төхөөрөмж болох Vtrac 308 эксимер гэрэл аппаратыг Харвардын Анагаахын сургуулийн эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд арьс цайх болон хайрст үлдийг богино хугацаанд, үр дүнтэй эмчлэхэд тусгайлан зориулан бүтээсэн. Эрүүл арьсанд ямар ч гэмтэл учруулахгүй. Жирэмсэн, хөхүүл, бага насны хүүхдийг эмчлэхэд хориглох заалтгүй. Эдгээр зүйлс маш олон судалгаагаар батлагдаж олон улсын хамгийн өндөр стандартыг хангасан төхөөрөмж юм. Энэ аппаратны гол үйлчилгээ нь арьсны эсийг идэвхжүүлэн, арьсны дархлааг бий болгогч эсүүдийг өдөөн сэргээдэг. Өөрөөр хэлбэл, арьс цайх өвчнийг арьсыг гаднаас нь механикаар борлуулах бус эсийн түвшинд эмчилж, нөсөө үүсгэж хүний унаган арьсны өнгөнд хүргэж байгаа хэрэг юм.

-Манайд арьсны өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа статистик тоо бий. Арьс цайх өвчнөөр бага насны хүүхдүүд их өвчлөх болжээ. Танай эмчилгээнд хүүхдүүд хэр хамрагддаг вэ?

-Манай үйлчлүүлэгчдийн 50 хувь нь бага насныхан. Энэ нь арьс цайх өвчин залуужиж байгааг харуулж байгаа юм. Манайд гурав, таван сартай нярай хүүхдүүд эмчлүүлж эдгэсэн тохиолдлууд ч бий. Дөнгөж шинээр үүсч, элдэв баталгаагүй тос, спирт түрхээгүй, шинэ урган төлжиж байгаа учраас үр дүн нь маш богино хугацаанд гардаг. Манайх таван сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байхад биеийн байдал, өвчин үүсээд хэр удсан эсэх, ямар нэг эмчилгээ хийлгэж байсан үгүй, маш олон янзын үйлчлүүлэгчдийг эмчилж байна. Эндээс нэг зүйл ажиглагдсан нь Хятад, Өвөрмонголд жил бүр эмчилгээнд явж, маш их тос, түрхлэг түрхэж, эм тан ихээр ууж байсан хүмүүсийн эмчилгээний үр дүн удаан гарч байгаа юм. Шинэ эринд дэвшилтэт технологид суурилсан, зорилтот эмчилгээ буюу нэг өвчнийг эмчлэх гээд бусад эрхтэнийг гэмтээж, хордуулж хохироодог эмчилгээ хол хаягдаад байна шүү дээ. Хөдөө орон нутгаас хүүхдүүд ч их ирж байгаа. Олон жил яах учраа мэдэхгүй, хүүхдийнх нь өвчин ихсээд байгаа бэрхшээлийг амссан хүмүүст тэр хол, сургууль хичээл бас чухал биш байдаг юм байна. Арьсны өвчний нэг сөрөг тал нь хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, нийгмээс өөрийгөө тусгаарлачихдаг. Нэг ёсондоо өөртөө итгэх итгэлгүй, энэ байдал нь хүний амьдралын чанарт нөлөөлдөг. Ийм байдал нь хүүхдүүд, голдуу өвсөр насныханд илүүтэй тулгардаг тул хот, хөдөө гэлтгүй л зорьж ирж байна даа.

-Манайхан арьс цайх өвчнийг арьс хуурайшин цахлайтахтай адил анзаардаггүй юм шиг санагддаг?

-Арьс цайх өвчин ганцхан өдрийн дотор үүсчихдэггүй. Эхлэхдээ хэд хэдэн янзаар илэрч болно. Ихэнхдээ тэр хэсгийн арьс ягаарч, эсвэл улайж тэр хэсэгтээ загатнаж эхэлдэг. Хүмүүс заримдаа арьсаа цайж байгааг ч анзаардаггүй. Арьс хуурайшиж цахлайтах нь ихэвчлэн хүүхдэд тохиолддог. Цахлай хэсэг газартаа цайж эхлэхээс гадна арьс нь хуурайшсан бага зэргийн хайрстай байдаг. Харин арьс цайх өвчин эхлэхдээ цахлай шиг хуурайшдаггүй. Хэрвээ хүүхдэд тань ямар нэгэн тууралт гарч эхэлсэн л бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

-Арьс цайх өвчнөөр өвчилсөн бол юуг анхаарах ёстой вэ?

-Арьс цайх өвчтэй хүмүүс, ялангуяа хүүхдүүд сэтгэл зүйн хүнд дарамтад ордог. Тэр тусмаа 7-13 насныхан. Манайд эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх ээж, аавууд “манай хүүхэд их сэргэлэн болоод хичээлдээ сайжирсан” гэж баярлаж ярьдаг. Өөрөөр хэлбэл, арьсны өвчнийг эмчилнэ гэдэг давхар амьдралын чанарыг нь сайжруулж, өөртөө итгэх итгэл, бусдаас дутахааргүй нийгмийн харилцаанд ороход нь тусалж байна гэсэн үг. Дээр нь арьс цайх өвчнийг эмчлэхгүй удаан явснаар харшил, бөөрний дутагдал гэх мэт олон хүнд өвчин үүсэх суурь болдог. Зүгээр нэг гоо сайханд сөрөг, зовиур шаналгаагүй өвчин гэж тайвширч болохгүй. Тэгэхээр арьс цайхаар өвчилсөн хүүхдийг сэтгэл санааг нь тайван, өөдрөг байлгаж, өөртөө итгэх итгэлийг нь өсгөх, стрессээ тайлах, хоббитой болгохоос гадна сайн унтуулж амраах хэрэгтэй. Мөн гар утас, цахилгаан соронзон долгионоос хол байлгах нь чухал. Химийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзаж органик бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

-Эмчилгээний үр дүн гарч эхэлсэн үү?

-Яг зориулан бүтээгдсэн аппарат учраас эхний зургаа дахь оролтоос л энэ өвчин эмчлэгдэх нь гэсэн шинж тэмдэг илэрдэг. Бага талбайд цайралттай эхний үйлчлүүлэгчид маань үр дүнгээ өгөөд эмчилгээ дууссан. Манай үйлчлүүлэгчдээс үр нөлөө гараагүй нэг ч хүн байхгүй, эмчлүүлэгчид маань бүгд сэтгэл ханамж маш өндөр байдаг. Ер нь бол хувь хүний арьсны онцлог, биеийн аль хэсэгт цайралттайгаас шалтгаалан эмчилгээний үр дүн харилцан адилгүй байдаг. Арьс цайх ч бай, хайрст үлд, атопи гээд арьсны энэ бэрх өвчнүүд удаан хугацааны эмчилгээ шаардагддаг. Гэхдээ бүрэн эдгэсэн хүмүүс олон бий.

-Арьс цайх өвчний эмчилгээ хэр удаан үргэлжилдэг вэ?

-Хүн бүрийн арьсны онцлогоос их шалтгаалдаг. Зөвхөн нүүрний нэгээхэн хэсэгт арьс нь цайсан бол эмчилгээний хугацаа богино байна. Биеийн 95 хүртэлх хувь 70-80 хувь нь цайралттай бол удаан хугацааны, 4-6 сарын эмчилгээ шаардагддаг. Манай эхний цайралтын талбай бага үйлчлүүлэгчид эдгээд явсан. Харамсалтай нь олонх хүний биеийн ихэнх хэсэг, 70-80 хувь нь цайралттай байна.

-Эмчилгээний хувьд энэ төрлийн өвчний төлбөр ямар байдаг вэ. Гадаад орнуудад хэр төлбөртэй байдаг бол?

-Гадаад орнуудын төлбөртэй харьцуулбал манайхыг үнэгүй гэж хэлж болно. Бид анхнаасаа л амьжиргааны түвшинд тохирсон үнээр үйлчилж байгаа. Ийм өндөр технологийн эмчилгээг бид маш хямд хийж байгаа гэж ойлгож болно.

АНУ, Японд арьсны эмчилгээнд явахад зардал маш өндөр. Бололцоотой нь Хятад руу эмчилгээнд явдаг ч эмчилгээний үр дүн бага байдаг шүү дээ. Хятадад олон удаа хэдэн жил эмчилгээ хийлгээд үр нөлөө үзүүлээгүй олон хүн манайд эмчлүүлж байгаа. Тэдний ярьснаар бол Бээжинд арван хоногийн эмчилгээ багадаа 13-15 сая төгрөг, нэг сар уух эм, түрхлэг гурван сая төгрөг байдаг юм билээ.

-Арьс цайх өвчнөөс гадна бусад өвчнүүдийн эмчилгээ хийгддэг үү?

-Зөвхөн арьс цайх бус атопи, хайрст үлд, экзем, батгашилт гээд арьсны бүх төрлийн эмчилгээ хийж байна. Хайрст үлд бол маш бэрх өвчин, хүүхдүүд ч ихээр өвчилсөн байна. Манай эмнэлгийн ашиглаж буй төхөөрөмж хайрст үлдийг эмчлэхэд зориулан бүтээгдсэн тул бид ийм төрлийн өвчлөлийг бууруулахад бас анхаарч байна даа. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь арваас дээш жил энэ өвчнөөр шаналсан, яг оносон эмчилгээ хийлгэж байгаагүй, тос түрхлэг байдалтай л өдий хүрсэн байдаг. Аппараттай хавсарч Японы тос түрхлэгийг эмчилгээндээ ашиглаж байгаа тул эмчилгээний үр дүн хурдан гарч байна.

Арьсны өвчнүүд удаан хугацааны уйгагүй эмчилгээ шаарддаг тул тэр бүр гадагшаа явж эмчлүүлэх боломж хомс, эмчилгээний өртөг өндөр байдаг тул хүмүүс өвчинтэйгөө эвлэрээд л явж байдаг. Гэтэл арьс цайх өвчнөө эмчлүүлэхгүй удаан явснаас олон хүнд өвчнүүдийн суурь болж байдаг гэдгийг хүмүүс мэддэггүй. Нөгөөтэйгүүр амь наснаас хол гэсэн байдлаар хандсанаас өнөөдөр арьсны өвчлөл хэт тархалттай, тэр хэрээрээ өвчилсөн хүмүүсийн амьдралын чанар доогуур байна.

Сэтгэл зүйн гүн дарамтад орсон, хичээл сургуульд дургүй, нийгмээс өөрийгөө бүрэн тусгаарласан байдаг. Тэгэхээр өвчнийг нь эмчлэхийн зэрэгцээ амьдралын чанарт ихээхэн эерэгээр нөлөөлж байгаа юм.