Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудыг чиглэсэн зам халтиргаа гулгаа ихтэй байна гэв

Говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өчигдрөөс /2019.03.19/ эхлэн цасан шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн хоножээ. Өнөөдрийн байдлаар баруун аймгууд руу явах зам халтиргаа гулгаа ихтэй, хоёр өдөр цас орсон тул замын нөхцөл байдал сайнгүй байгаа аж.

Цаашид нутгийн өмнөд болон баруун хэсгээр хоёр өдрийн турш цас орох төлөвтэй байна. 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21, 24-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь зэрэг аймгуудаар сүүлийн өдрүүдэд цас орсон байна. Энэ цас өнгөрчихвөл ерөнхийдөө цаг агаар тогтуун болно. Гуравдугаар сарын сүүлээр буюу 26, 27-ны үеэр зүүн аймгуудаар цасан шуурга шуурах төлөвтэй байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал-2018” товхимол олны хүртээл болжээ

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын статистик үзүүлэлтүүдийг нэгтгэн “Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал” товхимлыг жил бүр эрхлэн гаргадаг билээ.

“Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал-2018” товхимолд 2018 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг нийслэл, орон нутаг, тодорхой төрлийн гэмт хэрэг, зарим төрлийн гэмт хэргийн онцлог, шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт холбогдсон хүний онцлогоор нь тус тус гаргажээ. Мөн 10000 хүнд ногдох гэмт хэргийн түвшин, урьдчилан сэргийлэх чиглэлээр хүргүүлэх зөвлөмжийг бэлтгэж, хэвлүүлэн олны хүртээл болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын баг орон нутагт ажиллаж байна

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн сургалтын баг “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг иргэдэд ойртуулж сум, дүүрэгт нь зохион байгуулж, галт зэвсгийн бүтэц, аюулгүй ажиллагаа, сэтгэлзүйн бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж, хадгалалт хамгаалалт, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг олгож байгаагаар онцлогтой.

Мөн сургалтын үеэр бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэлжүүлэх, галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий сургалт юм.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн нислэг өссөнтэй холбоотойгоор шатахуун тээвэрлэлт нэмэгдэж байна

Орон нутгийн нислэг өссөнтэй холбоотойгоор шатахуун тээвэрлэлт нэмэгдэж байгаа гэдгийг Газрын тусгай үйлчилгээний алба/ГТҮА/-ны дарга С.Чинзориг тус албан дээр болсон Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийхдээ онцоллоо.

Өнгөрсөн онд хоёр алба болж салсан боловч ажлын уялдаа холбоог сайжруулж, давхардлыг арилгах үүднээс буцаан нэгтгэж нэг алба болгосон ГТҮА нь ИНЕГ-ын хэмжээнд ашиглагдаж буй 16 орны 35 үйлдвэрийн 95 маркийн 312 автомашин, механизм, төхөөрөмж, тэргэнцэр, чиргүүлийн үйлчилгээний бэлэн байдлыг хариуцан ажиллаж байна.

ГТҮА нь агаарын хөлгийн газрын үйлчилгээ, аэродромын цэвэрлэгээ, үйлчилгээ, автотээврийн үйлчилгээ, шатахуун хангамж, тээврийн үйлчилгээ, техникийн үйлчилгээ, засварын ажлыг хариуцан ажилладаг ба нэгэн зэрэг 4-5 агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Гадаад дотоодын агаарын тээвэрлэгч нарын агаарын хөлөгт газрын тусгай зориулалтын техникийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Буянт-Ухаа дахь нисэх буудал болон Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал руу ажилчдыг тус бүр 4 чиглэлээр нийтийн тээвийн үйлчилгээ үзүүлж байна.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар хүйтрэхтэй холбоотойгоор нисэх буудлуудын техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Үйлдвэрлэлийн шуурхайгаас үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр (2019.03.20) Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав.

ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер цаг зав гарган уулзаж буйд нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд талархал илэрхийлээд үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав.

Ноён Эмрах Устаомер ТИКА-д 15 жил ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатарт зохицуулагчаар томилогдоод найман сар болж байгаа юм. Тус байгууллагаас 2004-2019 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсад нийт 620 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээс тэрээр өнгөрсөн найман сарын хугацаанд 35 төсөл хэрэгжүүлжээ. Тэрбээр ТИКА-аас хөдөө орон нутагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн аж амьдралын тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ТИКА-ийн шугамаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байдгийг үгийнхээ эхэнд онцлоод аялал жуулчлал, түүх, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдав. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжилттай хийж чадсан туршлагаас суралцах, нийгмийн зөвшилцлийг хийсэн арга хэлбэрийг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ТИКА-ийн үйл ажиллагаа цаашид ч үр дүнтэй, өгөөжтэй хэлбэрээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, УИХ-ын зүгээс болон хувиасаа бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэв

Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцийн салбар, цэгийн агрономичид сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судалын хүрээлэнгээс Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, салбар, цэгийн агрономич, Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөц судлалын төвийн сорт сорилтын байнгын ажиллагаатай ажлын хэсгийн алба хаагчдад сорт сорилтын арга зүйн мэдлэг мэдээлэл өгч, практик дадлагын туршилт хийх сургалтыг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян тус сургалтыг нээж хэлсэн үгэндээ “ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөц судлалын төв 2018 оноос эхлэн Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн тарималын сортыг судалж, шинжлэх, түүнийг илрүүлэх замаар гал тэсвэртэй сортыг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Байгаль, цаг уурын эрсдэл бүхий манай орны хувьд галд тэсвэртэй таримал ургамлын сорт сорт маш чухал юм. Тиймээс энэ сургалтыг маш чухал ач холбогдолтой сургалт болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сургалтад хамрагдсан агрономич, мэргэжилтнүүд хамтран шинэ сортын сорилын арга зүйг боловсруулах юм.

Түүнчлэн энэ жил өнгөрсөн жилийн долоон сортыг сорьж үзэхээс гадна гадаадаас үр авчирч сорьж үзэхээр төлөвлөж байгаа юм байна. Ингэхдээ усалгаатай болон усалгаагүй сортыг сорьж үзэх, шинээр гаргаж авсан сортоо үржүүлэх зэрэг олон чухал судалгаа шинжилгээний ажил хүлээж байгааг доктор, профессор П.Даш онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1222 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 17 хүн амь насаа алджээ. Үүний 11 нь том хүн 6 нь хүүхэд байгаа юм.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Иймд:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг хахуулийн хэргээр АТГ-т шалгуулна

Хэвтүүл хөдөлгөөнийн үүсгэн байгуулагчдын нэг Л.Алтансүх АТГ-т хандаж, мэдээлэл хийлээ. Тодруулбал, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн 22.5.2-д заасан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өргөдөл өгсөн тухайгаа мэдэгдсэн юм.

Тус хөдөлгөөний зүгээс У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болох болон Засгийн газраа хамгаалахын тулд УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-аас зээл өгсөн хэмээн хардаж буйгаа илэрхийлжээ. Тухайн гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа нь түүний хээл хахуул Монгол Улсыг худалдах хэмжээнд хүрч болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж буйг хүсэлтдээ дурдсан байна.

Энэ тухай Хэвтүүл хөдөлгөөнийн үүсгэн байгуулагчдын нэг Л.Алтансүх хэлэхдээ, “Монгол Улсад 155 мянга гаруй аж ахуй нэгж бүртгэлтэй байдгаас 78,815 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 86 хувь нь буюу 62 мянга нь ЖДҮ-ийн салбарт багтдаг. Энэ салбарт 800 гаруй мянган иргэн ажиллаж байгаа. Үүний цаана хувиараа хөдөлмөр эрхлэгч нар, түүний ар гэр нийлсэн нэг сая гаруй иргэний ЖДҮС-аас зээл авах боломжийг хулгайлсан барим бий.

Өдөр ирэх тусам иргэдийн амьдрал доройтож байна. Худалдан авах чадвар нь буурч байна. Валютын ханш тэнгэрт хадлаа. Тухайлбал, 2016 он хүртэл олон жилийн турш 500 төгрөгний үнэтэй байсан бохь өнөөдөр 900 төгрөг хүрч хоёр дахин нэмэгдсэн байна. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн нэмэгдэж байгаа харж байгаа байх. Тэр хэмжээгээрээ цалин тэтгэвэр нэмэгдэж байгаа билүү үгүй билүү.

Иргэд хэдэн хувийн хүүтэй зээл аваад бизнес эрхэлж байгааг та бид харж байгаа. Гэтэл өөрсдөө гурван хувийн хүүтэй зээл авч түүгээрээ мөнгө хүүлж байгаа УИХ, Засгийн газрын гишүүдийг Хэвтүүл хөдөлгөөний залуус тэвчиж чадахгүй байна. Бид олон удаа жагсаал цуглаан хийсэн. Эрх баригчид таг дүлий мэт байсаар байна. Засгийн газрыг тэргүүлж, эрх барьж байгаа У.Хүрэлсүхийн байж болзошгүй үйлдлийг АТГ-т энэхүү бичгээрээ мэдэгдэж байна. Сая гаруй Монгол иргэн хохирчихоод байхад гэр гэртээ дуугүй суугаад байж болох уу. Татвар төлөгчдийн мөнгийг дундаас нь хулгайлсан үйлдлийг тэвчиж сууж чадахгүй” хэмээн ярилаа.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өгсөн бичигт:

“Хэвтүүл” хөдөлгөөний гишүүн Монгол Улсын иргэн Л.Алтансүх би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5.2-д заасан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 41.41.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж хууль биелүүлэх ажлыг Монгол Улсын их хурлын өмнө хариуцах ёстой. Гэвч Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус өөрийн удирдсан засгийн газрын харъяа тусгай сангийн мөнгөөр зохион байгуулалттайгаар өөртөө болон Засгийн газарт давуу байдалтайгаар УИХ-ын нэр бүхий гишүүдийг хахуулдаж хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуулийн 22.5.2-д заасан хахуул өгөх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ахлах мэргэжилтэн хүн дайрч хүнд гэмтэл учруулжээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хууль хэрэгжүүлэх чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагчид хүн мөргөж, хүний эрдэнэт аминд хүрсэн тохиолдол удаа дараа гарч байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 авто угаалгын төвийн зүүн замд авто осол гарчээ. Тодруулбал “Toyoto Alphard” загварын машины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ 67 настай эрэгтэй Б-г мөргөж хүнд гэмтэл учруулсан байна. Тэрээр дээрх ослыг гаргасан жолооч нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн эмэгтэй Б байсан нь хэргийн газар очиход тогтоогджээ.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ улс-төр

Төрийн алба хаагчид тендер шалгаруулахдаа ноцтой зөрчил гаргадаг гэв

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ :

-Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжинэ гэдгийг маш олон хүн хэлээд байна. Гэтэл яг яаж дэмжих вэ гэдэг нь тодорхойгүй байх шиг байна. Тендерийн үнэлгээний хороонд мэргэжлийн баг оруулж ирж байгаа гэх юм. Яг үүнийгээ хуульд тодорхой тусгасан юм уу. Мөн хамгийн бага үнэ санал болгож байгаа нь тендерт шалгарах үндэслэл болохгүй гэж байна. Хамгийн бага үнэ гэдгээ тодорхойлж хуулийн заалт болгоогүй байна.

Ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол:

-Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд импортын барааны тендерт багцлахгүй болсон. Энэ нь дотоодын ААН-үүдийг дэмжсэн нэлээн том бодлого болсон гэж ойлгож байгаа. Энэ хуулийг маш сайн уншаад, судлаад үзвэл маш сайн өөрчлөлтүүд орж ирсэн. Тендерийн үнэлгээний багийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг бүрэлдэхүүний 50 хувьд хүргэж оруулна гэсэн заалт оруулсан.


УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Цахимаар ил тод болгож байгаа нь олон нийтэд өндөр хүлээлт үүсгэж байгаа. Иймд цахимаар явуулах асуудлын эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийж өгсөн бэ. Үнийн зохицуулалтын валютын ханштай хэрхэн уялдуулахаар шийдвэрлэсэн бэ. Төрийн албан хаагчиддаа яаж хариуцлага тооцох вэ.

Ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол:

-Нэгдүгээрт дотоодын үйлдвэрлэлээ дэмжих тал дээр голлон анхаарсан. Цахимаар худалдан авах ажиллагааг оруулж ирснээр ил тод байдал нэмэгдэж, шударга Байгаль орчинд ээлттэй Хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн чанар техникийн үнэлэлт үнэлгээгээр одоогийн хуулиар хамгийн бага үнийн санал хэлсэн компанийг шалгаруулах хэвээр байна. Эрүүгийн шинж чанартай, ашиг сонирхлыг зөрчил гаргасан нь хуулиар тогтоогдвол зохих шийтгэл эдлүүлэх хуулийн заалт орсон.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Тендерийн будлиан маргаантай асуудлаас болж улсын бүтээн байгуулалтын асуудал маш ихээр тасалддаг. Гүйцэтгэл нь үзүүлэлт муутай гардаг. Үүний шалтгаан нь тендер шалгаруулалттай холбоотойгоор үүддэг. 2018 оны нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувь будлиантай гарсан. Тендер шалгаруулалтын хугацааг хуульчилж өгч болохгүй юу?

Ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол

-Тендерийн будлиан маргаантай асуудлаас болж улсын бүтээн байгуулалтын асуудал тасалддаг гэдэгтэй 100 хувь санал нэг байна. Тендер сонгон шалгаруулалтад үнэлэгээний хорооны гишүүдийн асуудал их чухал байна. Тендерийн сонгон шалгаруулалтад орох эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлэх нь чухал байна.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Хар жагсаалтын асуудлыг энэ хуулинд яг хэрхэн оруулж ирж байгаа юм бэ. Төрийн алба хаагчид тендер шалгаруулахдаа ноцтой зөрчил гаргадаг. Үүнийг зөрчлийг хуулиар арилгачихсан гэж ярьж байна. Гэвч энэ хангалтгүй. Энэхүү асуудлыг яг яаж хуульчилж байгаа юм бэ?

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Орон нутагт ажил гүйцэтгэх компани шалгардаг ч хяналтыг нь Улаанбаатараас хийдэг асуудал түгээмэл байдаг.

-СЯ-ны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд:

-Энэ хуулинд хар жагсаалтыг сэргээж хөтлөх асуудлыг дахин оруулж ирсэн. Тендер шалгаруулалттай холбоотой гомдол маргааныг шүүхэд 2017 онд 38, 2018 онд 68 гаргасан.