Categories
мэдээ нийгэм

Айлчлалтай холбогдуулан зам хаана

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд гардаг цагаасаа 10-15 минутын өмнө гарах, цагаа зөв тооцоолох зэргээр хувийн зохион байгуулалт хийж, зохицуулагчийн дохио зааврын дагуу соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд хуралдана.
Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Айлчлал энэ сарын 27-ныг дуустал үргэлжлэх бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү дөрвөн жилийн дараа айлчлах гэж байна. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт тус тус бараалхах юм. Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт танаа

УИХ-ын Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг гол газар. Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг шаарддаг. Түүнчлэн төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндтэй холбогдож байдгаараа онцлогтой. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудад энэ шаардлага бүр ч илүү хамаатай. Тийм ч болохоор үүний дагуу УИХ-ын гишүүн хүн бүр өндөр этиктэй байх ёстой болж таарч байгаа юм. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг ёсчлон биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана гээд бэлээхэн заачихсан байдаг.

Ёс зүйн талаар улс орон бүр өөр өөрсдийн гэсэн ойлголт, тайлбартай ч эцсийн цэг нь нэг л юмыг хэлээд байдаг. Грекийн философич Платон “Ёс зүйтэй байхын тулд цэцэн мэргэн ухаан, эрэлхэг зориг, ариун үнэнч сэтгэл, хүлээцтэй зан чухал” гэсэн байдаг бол түүний шавь, гүн ухаантан Аристотель “Хүн хамтаараа, нийтээрээ, нийгэм, улс, гэр болж амьдардаг амьтад. Хүн сүрэг болчихдоггүй нэг онцлог бол бид аливаа юмны буруу, зөвийг ялгадаг, сайн, мууг ялгах шударга, шударга бусыг ялгаж салгаж чаддагт оршино” гэсэн байдаг. Аристотелийн тодорхойлолтоос үзэхэд хүмүүсийг хүн сүргээс заагладаг, нэг шатны дээр зогсоодог зүйл бол ерөөсөө ёс зүй байх нь. Эртний энэ их мэргэд тэртээ он жилүүдийн өмнө л ингэж сургаж номлосон нь өнөө бидний үед яг тэр хэвээрээ уламжлагдан иржээ. Ёс зүй бол нэг хүрээ, ганц хоёр хүний хоорондох асуудал биш, ерөөс хүн төрөлхтөний байнгын хараан дор байдаг эмзэг сэдэв. Ёс зүй алдсан хэнбугайг аль ч улс оронд хатуу зэмлэж, олон нийтийн өмнө тэргүүнээ мэхийн уучлал гуйж, зайлшгүй тохиолдолд албан тушаалаасаа буухыг ч хүртэл шаарддагаараа хүчтэй хэм хэмжээ. Бид гадны улс орнуудад ёс зүйгүй авирласан, ёс зүйгүй үйлдэл гаргасан төрийн түшээдийг хэрхдэгийг олонтаа харсан. Харин манайд ёс зүйгүй үйлдэл гаргасан төрийн түшээд юу ч болоогүй юм шиг яваад байдаг нь гажуудал л даа.

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гарын бэлэг тараах нэрийдлээр олон мянган ахмадуудыг цуглуулах үеэр 83 настай нэгэн өндөр настан хүмүүсийн хөлд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ бол бүхэлдээ ёс зүйгүй үйл явдал болсон юм. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар яалт ч үгүй ёс зүйгээ алдсан гэж бид үзэж байна. Баянаараа аархаж, хөгшчүүдийг доромжилсон нь ёс зүйгүй үйлдэл мөн учир Та бүхний ёс зүйг нь хэлэлцдэг гишүүн ийм алдаа хийсэн болохоор энэ үйлдлийг хэлэлцэх ёстой хэмээн ийнхүү хандаж байна. Тухайн үед чухам юу болсныг эргэн санацгаая.

Цагаан сарын үеэр Баянгол дүүргийн өндөр настнуудыг Ж.Ганбаатар гишүүн гарын бэлэг тараана гэдэг зараар “UB Palace”-т цуглуулсан. Ер нь будаа, гурил тараадаг иймэрхүү арга хэмжээнд баян цатгалан хүмүүс очдоггүй. Хүүхэд шуухдадаа баярын бэлтгэлээ базаахад нь тусалж тавгийн боовонд нь нэмэр болох сон гэсэн хүсэл тээсэн хөгшчүүд л очсон. Ж.Ганбаатар гишүүн бол Монголын тоотой ТОП баячуудын нэг. “Оргил” гэж хүнс, барааны том сүлжээ дэлгүүрийн эзэн. Ийм хүн хөгшчүүдтэй уулзъя гэж байна, ирсэн хүмүүсийн дунд 300 мянгаас нэг сая төгрөг хүртэлх сугалаа сугалуулна гэхээр Монголын амьдрал ямар байгаа билээ дээ, бидний аав, ээж ямархуу амьдарцгаадаг билээ, тавгийн чихэр ч болтугай аваад үр хүүхдэдээ нэмэр болъё л гэцгээгээд гишүүний урилгын дагуу үй олноороо тэнд нь очсон. Сугалаагаар юу ч хожчих юм билээ, тэглээ ч тийм баян хүн, том дэлгүүрийн эзэн хүн дуудаж байгаа болохоор гээд хөгшин байтугай залуус нь ч гүйж очсон нь мэдээж.

Хар өглөөнөөс л цугласан ахмадууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээцгээсэн. Энэ ёс зүйгүй үйлдэлд Ерөнхий сайд гар биеэрээ оролцсон. Ерөнхий сайд нь цаг барихгүй, ажил нь амжаагүйгээс бүтэн өдөржингөө хөгшчүүдийг тэнд хашсан юм билээ. “UB Palace”-т өдөржингөө хашигдсан өндөр настнуудын цай нь холдож, даралт нь ихэсч, өлсч ундаасч, ядарч толгой нь өвдсөн. Ийм хүнд байдалтай, хөлсөө чадан ядан арчиж суусан ахмадуудын дунд “Түрүүлж очиж гарын бэлгээ авахгүй бол сүүлчийнх нь хүмүүст хүрэхгүй” гэдэг яриа гаргаснаас цугласан хүмүүс “Өдөржин суусных ганц ч болтугай юм барьж харья” гээд ухаан жолоогүй дайрцгаасан. Ингээд л нэг өндөр настан хүмүүсийн хөлд дарагдаж харамсалтайгаар амиа алдсан. Энэ үйл явдлыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт ёс зүйн хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. Төрийн түшээ, төр барьж байгаа хүн ийм байж болохгүй. Энэ гишүүн ард түмэн, сонгогч олныг дорд үзэн “Тавгийн боов тараахад ирэхгүй хаачих юм” гэж баярхаж, дээрэлхсэн. Ирсэн хойно нь зохион байгуулахгүй гарын бэлгэн дээр алалдуулсан. Энэ үйлдэлд олон нийт дургүйцэж тухайн үед “Тэр их том дэлгүүрийнхээ барааны шавхруун дээр хөгшчүүдийг алалдуулсан” гэж хатуухан хэлж шүүмжилж байсан.

Энэ бүх үйлдлийг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэж дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Төр ийм хүйтэн, цэвдэг сэтгэлтэй байж болохгүй. Ядахдаа ард түмнээс уучлал гуйлгах ёстой. Төрийн нэрийн өмнөөс тэнд хүмүүсийг цуглуулсан учир одоо төрийн нэрийн өмнөөс ард түмнээс уучлал гуйлга. Өндөр настан харамсалтайгаар амиа алдсан хэрэг гардаг үйл ажиллагаан дээр Ерөнхий сайд биечлэн ирж оролцсон учраас түүнтэй ч ёс зүйн асуудал ярих хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хоёроор уучлал гуйлгах ажлыг Ёс зүйн байнгын дэд хороо зохион байгуулах ёстой.

Ёс зүйн тухай гомдол нь эрүүгийн хэргийн гомдол санал, эрүүгийн хэргээс огт өөр. Ар гэрээс нь гомдол, санал ирээгүй гэж хамгийн түрүүнд хэлэх нь тодорхой л доо. Мэдээж энэ их мөнгө, хөрөнгө чинээтэй төрийн том зүтгэлтэн хүн ар гэрийг нь гомдол гаргахааргүйгээр харж үзээ байлгүй гэж таамаглаж байна. Хэрвээ тэгсэн бол гомдол гаргахгүй. Эрүүгийн хэрэг гомдол болон хохирлоор үүсдэг. Харин бидний анхаарал хандуулаад байгаа энэ харамсалтай үйл явдлыг гомдол гаргаагүй, хохирлыг чинээгээрээ барагдуулсан гэдэг талаас нь та нар хэлэлцэхгүй байх шиг байна. Гэтэл ёс зүйн асуудал өөр байдаг. Ёс суртахууны асуудлыг өөр маягаар авч үздэг юм. Ялангуяа төрийн дээд өндөр албан тушаалтан, өндөр дээд ёс суртахуунтай байх хүмүүс ийм увайгүй үйлдэл гаргасан тохиолдолд заавал ч үгүй авч хэлэлцэхгүй бол төр, төр биш болдог. Ийм учраас Монгол төрийг ихэмсэг, шударга байлгахын тулд энэ асуудалтай холбогдуулан Ж.Ганбаатар гишүүний ёс зүй, мөн дээр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ёс зүйг авч хэлэлцэх цаг нь болчихоод байна. Иймээс энэ асуудлыг Та бүхэн хэлэлцэж өгнө үү.


Categories
мэдээ нийгэм

​Гуравдугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм


09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэл нэвтрүүлэх” техник, хамтын ажиллаагааны төслийн нээлт болно.

09.00 цагт Багш хөгжлийн ордонд “Багшийн хөгжил- Сурах бичиг- Сургалтын хэрэглэгдэхүүн” эрдэм шинжилгээний баг хурал болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Монгол орны бордооны үйлдвэрлэл ба Хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт “Туушин” зочид буудалд Дэлхийн Банк, Омбудсмений Газар болон Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн туршлага солилцох хурал болно.

11.00 цагт Ардчиллын өргөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88989878

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт болсон дахин сонгуулийн дүнг танилцуулна. Утас: 325044

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас 2019 он 03 дугаар сард хийсэн ажлаа танилцуулна.

11.00 цагт Монголын Хүүхдийн ордонд “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг болно.

14.00 цагт МУИС-ийн Номын санд сэтгүүлч, судлаач Я.Борчулууны “Харвардын серендипити” номын нээлт болно.

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019″ эхэлнэ. Утас: 88010867, 80189929, 91119757, 99049347

10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны салбарын эрдэмтэдтэй уулзана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Сэтгэлзүйч, багш нар хамтран “Полулизмын мэдрэлтнүүдийг оношлох аян” эрдэм шинжилгээний бага хурлын талаар мэдээлнэ.

12.00 цагт Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: Хөршүүдээрээ зүгээр тэжээлгэж амьдарна гэдэг хүүхдийг чихрээр хуурснаас ялгаагүй зүйл

Түрүүч нь № 050(6151) дугаарт


“Эрдэнэт ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.


-Та өмнөх яриандаа хоцрогдлын эдийн засаг гэж цухас дурдсан. Яг ямар эдийн засгийг хоцрогдлын гэж тодотгодог юм бэ?

-Мэддэггүй зүйлийнхээ тухай том дүгнэлтүүд хийж, шийдвэр гаргалтад оролцоод ирдэг хүмүүс олшрох тусам тухайн улс хоцрогдол руу ордог. Боловсролгүй байна гэдэг физиологийн утгаар өвчин биш л дээ. Эдийн засгийн утгаараа бол өвчин. Тархи муу ажиллаж байна гэдэг хөл, гараа хугалсантай адилхан зүйл. Өнөөдрийн шаардлагад тохирохгүй. Тийм хүнд цэрэг цагдаа хөдөлгөх, хуяг дуулга, малгайтай хүмүүсийг дайчлах, тэднийг даргалах эрх өгчихөөр юу болдог вэ гэдгийг дэлхийн түүхэнд болсон дайнуудаас харж болно. Дандаа боловсролгүй бага дарга нар улс орныг удирдаж, дарангуйлал тогтоож, хүний хийсэн бүтээснийг устгасан байдаг. Тийм хүмүүс харанхуй, ном боловсролгүйчүүдийг ашиглаж дээшээ гарч ирснийхээ дараа эрх мэдэлд хүргэж өгсөн олон түмнээ мартдаг. Тэднийхээ төлөө юм хийдэггүй. Гол төлөв өөртэй нь өрсөлдөж болзошгүй хүмүүсийн эсрэг ажиллагаа явуулсаар төгсдөг. Эрх мэдлээсээ буухгүйн төлөө ажилладаг. Хоцрогдлын эдийн засаг гэж энэ л дээ.

-Боловсролгүй бага дарга нар төр засгийн толгойд гараад суучихсан нь нийт олонхын мэдлэгийн цараа хүрээнээс болдог байх. Хоцрогдлын эдийн засгийн том суурь шалтгааны нэг нь мэдлэг нимгэн олонх байх, тийм үү?

-Тэгж ойлгож болно. Хөгжил буурай, болхи энгийн байх үед боловсрол, мэдлэгтэй нь цөөхөн байдаг. Нийт олонх нь мэдлэггүй байдаг юм. Ийнхүү эргэцүүлэн бодох чадвар бололцоо хомс үед төрийн, ахмадуудын үүрэг илүү байдаг нь жам. Мэргэжил сайтай, туршлагатай хүмүүс дэлхий нийтийн туршлагыг судалж болгоомжтой хөдөлдөг юм. Нийгэм хөгжих хэрээр мэдлэгтэй хүмүүсийн тоо нэмэгддэг.

-Бүхнийг төрд авна гэсэн үзэл, популизм хэтрэхээрээ яадгийн тод жишээ олон оронд анзаарагддаг. Ер нь ийм үзэгдэл дэлхийд хэдийнээс эхэлж, ямар улсууд биеэрээ туулаад ирсэн бол. Мэдээлэл, баримт бол өчнөөн бий. Бусад улсаас сургамж авах ёстой гэдэг утгаар асуугаад байна л даа?

-Ном үзсэн хүмүүс мэднэ. Үзээгүй нь ойлгохгүй. Ямар нэг юмыг ойлгохын тулд эхлээд хаа нэг газар туршилт хийдэг. Өөр дээрээ туршилт хийвэл дэндүү үнэтэй. Харамсалтай нь дэлхийн түүхэнд ингэж туршсан олон улс бий. Соёлын хувьсгалыг Хятад өөр дээрээ хийсэн. Социалист хувьсгалыг Орос бие дээрээ туршсан. Нацизм ямар байдгийг Германы ард түмэн туулсан. Диктатур, дарангуйлагчид ямар байдгийг Итали, Франц, Испани мэднэ. Дэлхийн газрын зургийг томоор нь харвал энэ улсууд нөгөөдүүлдээ лабораторийн том өрөө. Венесуэл өнөөдөр дэлхийн анхааралд байна. Популизм хэтрэхээр, бүхнийг төрд авах үзэл амьдрал дээр хэрэгжихээр яадгийн тод жишээ. Араб, Израилийн тулалдаан миний мэдэхийн 2000 жил үргэлжилж байгаа. Нэг ч өдөр дайн байлдаангүй амьдарч үзээгүй бүс нутаг. Тэгэхээр өөрсдийнхөө зөв бурууг мэдэхийн тулд эхлээд өөр улсуудыг харах хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн Оросын талд байсан хувийг олоод ирсэн хүмүүсийг барьдаг, гавладаг шоронд хийдэг, худалдаад, өмчлөөд авсан өмчийг, эзэмшлийг нь хууль бусаар булааж авдаг, шүүхийн шийдвэрийг уландаа гишгэдэг, онцгой байдал зарлах шаардлагагүй нөхцөлд онцгой байдал зарлан дур мэдэн авирладаг, Засгийн газар нь хөгжлийн бодлого ярьж, хууль боловсруулж баталж, хуулиар хэрэгжүүлээд явахын оронд өмчийн булаацалдаанд ороод явдаг дүр зураг харагдаж байна.

-Үгүй ядах нь ээ ямар нийгэм сонгосноо эргэж хармаар санагдаад байдаг боллоо. Бидний сонгосон нийгэм уг нь өмчийг нийгэмчлэхийн эсрэг үзэл хандлагатай биз дээ?

-Ямар нийгэм сонгосноо ухаарч сэхээрч харахгүй яваа байж болно. Зарим нэг хүмүүсийг нь ойлгож байна. Ном уншдаггүй, ухдаггүй хүний хувьд алхаж яваа замаа эргэж харж чадахгүй явдаг байж магадгүй. Гэхдээ төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс хариуцлагатай байж, ядаж намынхаа мөрийн хөтөлбөрийг харж, дагаж ажиллах ёстой гэж бодож байна. Мөрийн хөтөлбөртөө “Өмч хувьчлалыг үргэлжлүүлнэ” гэсэн хэрнээ хувьд байгаа бүхнийг буцаагаад нийгэмчилнэ гэж ярьж яваа улсыг яах вэ. Нийгэмчлэх буруу гэдгийг бүх дэлхийн түүх харуулаад байна. Яахаараа ингэж ярьдаг хүмүүс эх оронч байдаг юм бэ. Монголын эрх ашгийн эсрэг, өөрийнхөө төлөө ажиллаад байна. Тэд ганцхан зүйлээр олны дэмжлэг авч байж магадгүй.

-Олны дэмжлэг ээ. Би тэгж бодохгүй байна. Нийгмийн учир мэдэх хэсэг нь мэдэж байгаа ч ажил, амьдралдаа түүртээд дуугарах завгүй яваа юм биш үү?

-Аль ч улс оронд улстөрчдийг нь гурван хэсэгт хуваадаг. Улс орноо хөтөлж, чирч, түрж шинэ цаг руу дагуулдаг, шинэлэг бүхнийг эсэргүүцдэг, учраа олохгүй дагалдан баясдаг гэж гурав хуваадаг юм. Би олны дэмжлэг гэдгийг арай өөр утгаар хэлж байна. Сая хэлсэн улстөрчид шиг сэтгэдэг, холыг хардаггүй, бусад оронтой, дэлхийтэй улсаа харьцуулдаггүй, эрх мэдэлд хүрчихсэн хэсэг бүлэг хүмүүсийг хэллээ. Дахиад хэлье, эрх мэдэлтнүүд тэр хүмүүсийнхээ дотор л нэр хүндтэй яваа. Хамтарч эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд гэсэн жижигхэн зорилгоор нэгдсэн бүлэг хүмүүс. Сайт, сонин хэвлэлээр та бид хоёрын ярьж суугаа эрх мэдэлтэй улстөрчдийг өмөөрсөн мэдээлэл цацагдсаар байгаа. Ийм агуулгатай мэдээллүүд нийт ард түмний, нийгмийн олонхын бодол санаа биш. Сая хэлсэн бүлэг хүмүүсийн л бодол.

-ШХАБ-д элсэх ёстой гэдэг үгийг эрх мэдэлтэй улстөрчид хэлээд эхэллээ. ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох сонирхол төрийн өндөр албан тушаалтнуудын дунд өндөр байх шиг. Танд тэгж анзаарагдаж байна уу?

-Надад тэгж сүрхий анзаарагдсан юм алга. ШХАБ-д элсэнэ гэж хэн яриад байгаа юм?

-УИХ-ын нэр бүхий гишүүд уварч цувраад мэдэгдэл хийгээд байна шүү дээ?

-Тэр чинь гадаадын нөлөө шүү дээ.

-Ерөнхийлөгч зүгээс хүчтэй ярьж байна л даа. Тэр утгаар нь хэллээ гэж ойлголоо. УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч ам нэгтэй зүтгэж яваа нь сүүлийн үед өрнөсөн улс төрийн тоглолтуудаас тодорхой харагдаж байгаа. Дээд түвшиндээ үгсэж чадаж байгаа ийм нөхцөлд ШХАБ-д элсчих болов уу гэсэн эргэлзээ, болгоомжлол төрөөд байх юм?

-Би танаас эргүүлээд асууя. ШХАБ гэдгийг зөв дуудаж чадах хүн Монголд хэд вэ? Захын нэг таксинд суугаад жолоочоос нь асуу даа.

-ШХАБ-д элсчихвэл мундаг хөгжинө, Орос, Хятадаа түшвэл мөнгөтэй болно гэсэн пиарыг хүчтэй хийж байна.Тэр утгаар нь харчихсан нь л олонх болохоос яг ямар байгууллага вэ гэдгийг ухаж бодсон нь тун цөөн гэдэг нь тодорхой. Ямар байгууллага вэ гэдгийг хэлж өгөх ёстой хүмүүсийнх нь нэг учраас танаас онцолж асуугаад байна л даа?

-Орос, Хятадыг түшээд мөнгөтэй болно гэдэг чинь нялх хүүхдэд чихэр өгье гэж хуурахаас ялгаагүй тайлбар. Яахаараа энэ хоёр улсыг сохроор дагачихаар мөнгө авч амар сайхандаа жаргана гэж. Хэдэн онд энэ хоёрынхоо дунд зүгээр суугаад жаргаад яваад ирсэн юм бэ, бид. Орос, Хятадтай муудсан үе бий, сайдсан нь ч байгаа. Оростой бол 20-иод оноос хойш муудалцах тэнхээ байсангүй. Чингисийн үе гэж ярихаа больё. Дээр дороо ороод явж байсан түүх өчнөөн. Шинэ цагт ямар харилцаатай явсаар ирснээ эргэж харъя. Монгол Улсын огцом өсөлт хэдхэн шалтгаантай. Нэгдүгээрт, хэн нэгэнтэй эвсэлд үл нэгдэх, хэн нэгний эсрэг өөр хүнтэй нийлэхгүй байх зарчмыг барьсан учраас хөгжсөн. Бид гурав дахь улсын эсрэг ямар нэгэн эвсэлд Хятадтай ч, Оростой ч орохгүй гэсэн том зарчим барьж яваа. ШХАБ-ын гол асуудал нь маш тодорхой. Манай хоёр хөрш хажуу бөөрөндөө үймээнтэй, маргаантай халуун цэгүүдийг аль болох байлгахгүй байхын төлөө чиглэсэн цэрэг, улс төрийн эвсэл. Дахин тодотгоё, эдийн засаг гэхээсээ илүү цэрэг улс төрийн эвсэл. Үнэхээр ард түмнээ мал гэж үзээгүй бол манай эрх баригчид үүнийг нь зөв тайлбарлаад өгчих хэрэгтэй. “Энэ байгууллагын дүрэм нь ийм, анх тийм зорилгоор байгуулагдсан гэж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Дүрмийг нь уншсан, тайлбарлаж чаддаг хүнээр яриулах ёстой. Жишээ нь, Гадаад яамны туршлагатай дипломатч, Элчин сайд Д.Баярхүү байна. Энэ байгууллагыг судалсан, хэлтэй, номтой, зөвхөн энэ сэдвээр гэхэд л маш олон ном уншсан хүн. Одоо ч уншиж суугаа байх.

-ШХАБ-д элсэх ёстой гэж ярьж суугаа эрх мэдэлтэй улстөрчдийн яриаг сонсох нь ээ ядаж нэг ном уншаагүй нь илт анзаарагддаг шүү. Ажил болоогүй өдийг хүрсэн том төслүүдээ урагшлуулна гэсэн агуулгатай зүйл л яриад суугаа харагдах юм?

-Ер нь тийм. Дээд удирдлагын хүмүүс энэ тухай нэг ном байтугай нэг хуудас танилцуулга ч уншаагүй яваа. Хятадууд шинэ торгоны зам, Нэг бүс нэг зам гэж санал болгож байгаа. Үнэхээр хамтаръя гэвэл ШХАБ-д ор гэж тулгасан зүйл байхгүй. Төмөр замыг чинь, ТЭЦ-ийг чинь бариад өгье, мөнгийг нь, технологийг нь өгье гээд байхад нь бид аваагүй.

-Хятадын эрхшээлд орохгүй гээд үү?

-Харин тийм. Яаж ч бодсон, ямар ч тохиолдолд балансжуулсан бодлого явуулах нь мэдээжийн хэрэг шүү дээ. ШХАБ-д орчихвол Орос Эгийн голыг зөвшөөрчихнө гэдэг бол том эндүүрэл. Бүх улс орон өвөрмөц онцлогтой. Тэр онцлогтоо тохирсон асуудлуудтай. Асуудлууд нь том жижгээрээ ялгаатай. Ихэнх нь газар нутгийн маргаан байдаг. Эсвэл сална нийлнэ гэдэг. Абхаз, Осети, Гүрж, Орос, Чечень, Украин, Молдав, Испанийг хар. Английг анзаар. Хэчнээн жил хамтарчихаад орж гараад, эсвэл орж гарах яриа үүсгэсээр яваа. Жишээ нь, Европын холбооноос гарна, гарахгүй гээд байгаа Англи фунт стерлингээсээ татгалзаагүй. Өөрөөр хэлбэл еврогийн зон руу ороогүй. Гэхдээ гааль, худалдаа, бусад зүйлээрээ Европын холбооны улсуудтай нийлчихсан. Салах процессоо эхлүүлэх гээд, эхлүүлж чадахгүй суугаа нь ийм учиртай. Ер нь аль ч улсын ард түмэн сайнтай, муутай. Өрнийн соёлт англичууд “Европын холбооноос гарна” гэж гар өргөчихөөд “Гарчихвал визтэй, татвартай болно шүү” гэхээр “Тэгвэл тэрийг чинь зөвшөөрөхгүй” гэж байна. Маниасаа хавьгүй туршлагатай Англи хүртэл өнөөдөр иймэрхүү янзтай сууцгааж байна гээд бод доо. Гэсэн хэдий ч өнөөдөр иймэрхүү янзтай сууцгааж байна гээд бод доо.

-Английн ард түмэн ухаж сэхэхдээ иймэрхүү янзтай суухаар манайхан нийт олноороо ШХАБ гэж алга таших эрсдэл өндөр л юм байна. Та түрүүн ШХАБ-ыг цэрэг улс төрийн нэгдэл гэж тодорхойлсон. ШХАБ-ын жинхэнэ гишүүнээр элсэхгүй байх том шалтгаануудыг цухас дурдлаа. Илүү дэлгэрүүлж ярих уу, хоёулаа?

-Монголын хувьд Орос, Хятадтай газар нутгийн маргаангүй болсон цорын ганц тайван байдалтай улс. Өчнөөн олон улс үндэстнүүд олон жилийн турш шашны, улс төрийн, нутаг дэвсгэрийн маргаантай олон асуудлаа шийдэж чадалгүй явсаар ирсэн. Афганистан, Иран, Пакистан, Кашмир гээд дурдвал олон жишээ бий. Тэр байтугай Хятад, Энэтхэгийн хооронд ч асуудал бий. Тийм учраас эдгээр улс шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн асуудлаа шийдэхийн тулд, халуун дайн болгочихгүй юмсан гэсэн зорилгын хүрээнд хамтрахаас аргагүйд хүрсэн юм. Тэр хамтын ажиллагааны байгууллага нь ШХАБ. Хятад ч, Орос ч хажуу бөөрөндөө халуун цэгтэй байхыг хүсэхгүй. ШХАБ-ын гишүүн орнуудын тухайд бид Орос, Хятад хоёроос өөр улстай хил залгасан юм алга. Манай улсын нутаг дэвсгэрт ямар ч асуудлыг хоёр талын эсвэл гурван талын байр суурин дээр шийдэх бүрэн бололцоотой. Тийм учраас л би “ШХАБ-д орохгүй бол мөнгө өгөхгүй” гэдэг тайлбарыг хүүхэд хуурсан гэнэн хандлага гээд байгаа юм.

-ШХАБ-ын жинхэнэ гишүүн болсноор Монголын гэх ямар нэгэн оролцоо, нөлөө байж болох уу?

-ШХАБ-ын хүрээнд өрнөж буй ямар ч асуудалд дэм болох, санал нэмэрлэх, хүч нэмж өгөх потенциал Монголд байхгүй. Бидэнд тийм нэр хүнд ч байхгүй. Ялангуяа өнөөдрийнх шиг өмч булаадаг, шүүхийн шийдвэргүйгээр иргэдээ шоронд хийдэг, шүүхийн шийдвэр гараад байхад засаг нь нулимдаг улс ямар ч оронд үлгэр болохгүй. ШХАБ-ын жижиг улсууд болох Киргиз, Узбек, Тажик, Туркменүүдэд ч үлгэр жишээ болж чадахгүй. Нигери ядуурал дампуурал зэрэг муу үзүүлэлтүүдээрээ дэлхийд эхний аравт багтдаг. Тэгэхэд Нигерийн парламент дээр зарим нэг эрүүл улстөрчид нь “Монгол шиг болж болохгүй шүү” гэж ярьж сууна. Бид Нигерийн зарим улстөрчдийн муугийн жишээ болчихсон явна гээд та төсөөл дөө. Монголчууд дэлхийн улс орнуудаас боловсрол, эдийн засаг гэх мэт гол чухал үзүүлэлтүүдээрээ байж болох хэмжээнээсээ хэд дахин хойно явж байна. Би танаас нэг зүйл асууя. Сая төсвөөс өчнөөн төгрөгийн цалин хангамжтай ажилладаг УИХ-ын гишүүд гурван сар ажлаа хийгээгүй нь таны амьдралд нөлөөлсөн үү?

-Нөлөөлөөгүй. Ажлаа хийгээд амьдрал хэвийн л үргэлжиллээ.

-Жирийн иргэд яг тан шиг ийм хариу хэлнэ. Засгийн газрыг, УИХ-ыг үгүйлээгүй. Гурил, мах, хүнс, шатахуун тасарсангүй. Бүгд хувьд оччихсон учраас тэр л дээ. Засаг, УИХ-ын ажил нэг жил гацсан ч бидний амьдралд тэгтлээ цочир нөлөө үзүүлэхгүй. Харин цахилгаан станц бариагүй, зам харгуй бариагүйгээс болж алсдаа хохирол амсана. Амссаар ч ирсэн. Төрийн удаан хойрго хандлага, худалдагдсан байдал, хахуульд баригдсан системээс болж Монгол хөгжиж чадахгүй цаг алдаж яваа нь бодитой үнэн. Тийм учраас би хоцрогдлын эдийн засаг гэж яриад байгаа юм. Монголын төр оролцсон ажил бүхэн гацаж байна. Хамгийн тод жишээ нь Таван толгой. Хуйвалдаан, хахууль, бүлэглэлийн аргаар намаа хөгжүүлдэг зарчим газар авчихаад байна л даа. Дэн Сяо Пинийн нэг алдартай үг бий. “Муур ямар өнгөтэй нь хамаагүй, хулгана барьдаг л байх ёстой” гэж. Манай Монголын улстөрчид хулгана хараагүй, харсан ч барьж чаддаггүй, улсын бэлэн хоол иддэг муурнууд.

ОРОО БУСГАА ИЙМ ҮЕД ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭЭД ДЭМИЙ

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг удахгүй хэлэлцэнэ гэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой үе нь өнөөдөр мөн үү?

-Ороо бусгаа ийм цаг үед тусгаар тогтнол хөгжлөөс илүү чухал. Ард түмэн нь юм мэддэггүй, үнэн худлыг ялгаж чаддаггүй, уяачид дуучид, луйварчдад тархи толгойгоо бариулчихсан цаг үед эрх мэдэлтнүүдийг хэн сонгох вэ. Сая миний тодорхойлсон ард түмэн сонгоно. Ийм цагт тусгаар тогтнолын цор ганц баталгаа нь Үндсэн хууль. Монголын тусгаар тогтнолтой холбоотой шийдвэрүүдийг гаргахдаа уншиж судалдаггүй, олуулаа хэлэлцэж чаддаггүй, ганц хоёрхон хүний дохио зангаа, төлөвлөгөөгөөр бүх зүйл шийдэгддэг цагт Үндсэн хуульдаа гар хүрэх дэмий гэж бодож байна. Иргэдийнх нь олонх номтой, хоёроос гурван гадаад хэлтэй, гуравны нэгээс доошгүй нь хоёр дипломтой болох хүртэл Үндсэн хуулийн шинэчлэл яриад дэмий.

-Улстөрчид ярьсных бас нэг асуулт байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшигч, удирдлагыг барьж хорьдогийн өмнөх өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “Миний дүү барахгүй шүү” гэх маягийн үг унагасан. Төрийн сайд хүн ийм агуулгатай, шуудхан хэлэхэд бүдүүлэгдүү, гудамжны, заналхийлсэн өнгөтэй үг унагасан нь содон дуулдсан. Ийм хандлагатай улстөрчдийг тодорхойлдог үг гэж байна уу?

-Л.Оюун-Эрдэнэ тиймэрхүү агуулгатай үг унагасныг би ч сонссон. Хэдий хараалын үг биш боловч дэлхий нийтэд ийм хандлага, агуулгатай үг хэлж буй хүнийг “хулигаан” гэдэг. Бүдүүлэг, заналхийлсэн, яг үндсэндээ Гитлерийн, Геббельсийн л хэлдэг үг байхгүй юу. Сталины үед ерөнхий прокурор А.Я.Вышинский ийм арга, хандлагаар ажилладаг байсан юм. Нам засгийн даалгавраар, Сталины өгсөн үүргээр ямар нэг хүнийг яллах ёстой болвол бараг толгой холбох нь холгүй уран үгээр муулдаг байсан. Эхлээд нотлох, шүүх ёстой гэсэн ойлголт огт байгаагүй. Муучлаад, заналхийлээд “ахын дүү” гэж байгаа хүн нь хэзээ Л.Оюун-Эрдэнийн дүү болсон юм бүү мэд. Та бод доо, би ч гэсэн “Ахын дүү” гээд учир нь олдохгүй юм ярьж болно шүү дээ. Гудамжны хулгиануудын үг учраас би тэгж ярихгүй. Олуулаа нийлж нэг хүнийг буланд шахчихаад зодох гэж байхдаа тиймэрхүү үг хэлдэг. Бүдүүлэг, дээрэнгүй, номгүй, боловсролгүй, соёлгүй хүний л авир. Яахав онолын хувьд ярьж буй тал нь зөрчилтэй, буруу зүйл хийсэн байлаа гэж бодъё. Тэглээ гээд хүнийг, иргэнийг, төрийн эрх мэдэлгүй хүнийг дарамтлах, доромжлох эрх хэнд ч байхгүй. Тэр байтугай шоронгийн хоригдлыг ч доромжлох эрх хэн нэгэнд байхгүй.

-Хамгийн гол нь шүүх буруутай гэж үзээгүй, ялын дүгнэлт үйлдээгүй байхад хэн нэгнийг гэм буруутай гэж үзэж, ярьж, мэдэгдэж, хууль бус баривчилгаа хийгээд яваа нь буруу харагдаад байна л даа. Хуучин нийгмийн үеийн эрх баригчдын хандлага, хэт үзэл сурталжсан авир анзаарагдаад байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Шүүхийн шийдвэр гараагүй байхад мэдэгдэл, үйлдлээрээ хүнийг яллах ёсгүй. Ямар нэг материал танилцуулж байгаа бол ядаж цээжилчихсэн байх учиртай. Материалаа бүрэн уншаад, ярих зүйлийнхээ эрэмбэ дарааг тогтоож, логиктой мэдэгдэл хийх хэрэгтэй. Гэтэл тэгж чадахгүй, ямар ч логик авцалдаагүй, цээжилж ядсан, нэлээн хичээсэн маягтай ярина лээ. 30,40-өөд оны, үзэл сурталжсан, улстөржсөн мэдэгдэл шиг зүйл ярилаа гэж анзаарсан. Монголд ийм хандлага үндсэндээ арилсан гэж бид бодож явсан. Гэтэл хуучин нийгмээс татгалзаад 30 жил болсны дараа сэргээж, шинээр эхлүүлж буй хандлага анзаарагдаад байна. Үүнийг неоидеалогизм гэдэг юм. Ямар нэг компанийг онилж аваад иймэрхүү агуулгатай мэдэгдлүүд хийж, нийгмийн уур амьсгалыг өнөө компанийн эсрэг болгож байгаад барьж хорих ажиллагаа явууллаа л гэж харж байна.

ҮНЭХЭЭР ЭХОРОНЧИД БОЛ
“ЭРДЭНЭТ”-ИЙН АШГИЙГ ӨСГӨСӨНД НЬ “МОНГОЛЫН ЗЭС”-Д БАЯР ХҮРГЭХ
ЁСТОЙ

-Д.Эрдэнэбилэг, М.Орхон хоёрыг баривчилсан явдал “Салхит”-ын хоёрдугаар анги гэж харагдаж байгаа. Гуравдугаар анги нь Цагаан суварга гэж яриад эхэллээ…?

-Тэгсэн, саяхан Салхитад Хятадын компани дээр туршиж үзсэн нь илэрхий зүйл шүү дээ. Хятадынх учраас булааж болно гэсэн бүдүүн тоймын муйхар пиар явуулаад л хийчихсэн. Баахан хар хувцастай, малгайтай, нүдний шилтэй хүмүүс хээр уулын аманд байгаа манаачид эр бяраа гаргасан л явдал болсон. Цалин аваад хашаа манах үүрэгтэй хүнд эр бяраа гаргасан гэж харсан нь хэд бол. Гэмт хэргийг давтан үйлдэж магадгүй тохиолдолд л тусгайгийнхан тэгж ажилладаг. Худалдаа хөгжлийн банкны удирдлагын баривчилгаа Салхитаас ялгаагүй зүйл болсон. Тэд гадагшаа оргон зугатах гээгүй, онц ноцтой гэм хэрэг үйлдээгүй, хэзээ мөдгүй айхавтар хэргийг давтан үйлдэх оролдлого гаргаагүй, тийм улс хэтээсээ биш. Товчхондоо ойрхон зайтай өрнөсөн хоосон сүр бадруулсан хоёр ажиллагаа юм мэдэхгүй, харанхуй хэсэгт зориулсан акц байсан. Хууль шүүхтэй улс учраас энэ ажиллагаа нь бүтэлтэй юм болсонгүй л дээ. Монгол Улсын Үндсэн хуульд буруутай эсэхийг нь шүүхээр нотлоогүй тохиолдолд хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцохгүй гэсэн агуулгатай заалт бий. Тийм атал гэм буруутай нь нотлогдоогүй хүнийг “Ахын дүү болгоомжтой байгаарай” гэж заналхийлж болохгүй.

-Г.Занданшатар бол ЗГХЭГ-ын өмнөх дарга. Л.Оюун-Эрдэнэ одоо ыг толгойлж байна. нэг нь хувийн өмч рүү илтэд халдах ажиллагаа хийсэн бол нөгөө нь шүүхээр буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг хууль бусаар, шүүхийн шийдвэргүйгээр баривчиллаа. Агуулгаар нь харвал хоёулаа хувийн өмчийн эсрэг чиглэлтэй үйл ажиллагаанууд. систем буруу явж эхэлсний жишээ мөн үү?

-Бараг систем болчихлоо гэж харагдаж байна. Ямар богино хугацаанд буруу уламжлал, буруу практик тогтож байна вэ. Шүүх хууль, прокурор, хуулийн системийн дүгнэлтгүйгээр шууд баривчилдаг, төрийн эрх мэдэлтэн ялтныг өөрөө тогтоодог, тэрийг нь төрийн бас нэг эрх мэдэлтэн цэрэг удирдаж очоод хэрэгжүүлдэг систем байж болохгүй. Бүхэлд нь харвал Засгийн газрын зүгээс сүүлийн үед болхи, бүдүүлэг хэлбэрийн дарангуйлал ажиглагдаад байна.

-Гэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэмшигчид рүү дайрч суугаа улстөрчдийн “Энэ хувь ганц компанид биш ард түмэнд очих ёстой” гэсэн тайлбар нь олонд аятай таатай сонсогдоод байна л даа?

-“Алтан тугал”, “12 сандал” гээд оросын нэрт зохиолч Ильф, Петров хоёрын алдартай зохиолууд бий. Маш хурц хошин шог. Хулгайч луйварчны сэтгэлгээг их тод гаргасан байдаг юм. Хулгайч луйварчин гэдэг чинь бидний ойлгодгоор бол “сайн эр”. Манай ардын дуунд ч байдаг ойлголт. Уг нь хууль зүйн нэр томьёогоороо бол хулгайч шүү дээ. Баян хүний эдийг хулгайлбал хулгайч биш гэсэн ойлголт энэ нийгэмд байж таарахгүй. Ноёны малыг хулгайлаад ядууст тараасан учраас хулгайч биш гэж үзэж болохгүй. Хүний юмыг авсан л бол хулгай. Жирийн ард түмний дотор “Энэ баянаас хөрөнгийг нь аваад ядууст өгчихвөл гоё” гэдэг урьдчилсан хүлээлт хаа сайгүй бий. Английн “Робингүүд”-ийн үлгэр домогт ч гардаг биз дээ. Өнөө баатар нь энд тэнд очоод баячуудыг тонож дээрэмдээд хөрөнгийг нь ядууст тараадаг даа. Гэхдээ ийм “сайн эр”-чүүд хэзээ ч өөрийгөө мартдаггүй гэдгийг ард түмэн олж хардаггүй. Хулгайлж дээрэмдсэн юмныхаа 80 хувийг өөрөө аваад 20 хувийг нь тэр хавийнх нь тосгоны ядууст өгчихдөг. Тэгээд л найр, морины уралдаан, шоу хийгээд суудаг байхгүй юу. Тийм учраас ядуус нь “Манай тэр буянтай хүн шүү, хүүхдэд минь чихэр өгсөн” гэж ярьдаг юм. ЖДҮ, жаран тэрбум мөн л “сайн эр”-ийн хулгай. Хулгайлаад сурсан хүн үргэлж өлөн нүдэлж явдаг. “Эрдэнэт” дээр “Монголын зэс” корпорацийн төлөөлөл ороод ирсэн учраас дундын тогоонд чанадаг хоолны хэмжээ хэд дахин нэмэгдчихсэн. Та бид хоёр ярилцлагынхаа эхэнд “Эрдэнэтийн ашиг хэд дахин нэмэгдсэн” гэж ирээд ярьсан шүү дээ. Олборлолтын хэмжээ нэмэгдээгүй ч ашиг хэд дахин өссөний шалтгааныг энгийн хар ухаанаар бодоод үзье. Хэн нэгэн дундаас нь идсэн болж таарч байгаа биз. Товчхондоо “Монголын зэс” корпораци цөөхөн хүмүүсийн хулгайлж иддэг байсан мөнгийг дундын тогоо руу хийсэн. Гэтэл өнөөдөр идэх зүйлээ хасуулсан улстөрчид төсөвт ороод эхэлчихсэн их мөнгийг буцааж өөрсдөдөө авах гэж улайрч байна. “Эрдэнэт” дээр үүсээд байгаа бужигнааны шалтгаан нь ерөөсөө л энэ. Том халбага, том түмпэнтэй дарга нарын эсрэг ажилласан хүмүүсийг ад үздэг нь хаанахын ёс вэ л гэж асуумаар байна. Уг нь улсын тогоо руу ахиу мөнгө орох тусам цэцэрлэг, сургууль, үйлдвэр, цахилгаан станц, зам барих боломж өснө. Бүтээн байгуулалт өрнөх тусам иргэдийн амьжиргаа сайжирна. Маш хялбар, энгийн логик.

Гэтэл өнөөдөр манайд эсрэгээрээ бүтээн байгуулалтууд гацаж, том жиптэй дарга нарын тоо л өсөөд байна. Зүй нь өнөөдөр манай сайд, дарга нар үнэхээр эх оронч бол “Эрдэнэт”-ээс төсөвт ирэх мөнгийг 2-3 дахин өсгөсөнд “Монголын зэс”-д баяр хүргэж, одон медалиар шагнах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Г.Алтанзаяа: Багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчийн эрх ашигт нийцсэн олон зохицуулалт орж байгаа

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Уг хуулийн талаар Худалдаа үйлдвэрийн их сургуулийн дэд захирал, Татварын мэргэшсэн зөвлөлийн ерөнхийлөгч Г.Алтанзаяатай ярилцлаа.


-Татварын багц хуулийн төсөлд ямар, ямар шинэ заалтууд тусгагдаад байна вэ. Гол, гол өөрчлөлтүүдээс дурдахгүй юу?

-Татварын хуулийн шинэчлэлд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын төсөл явж байгаа. Эдгээр хуулиудын шинэчлэлийн хүрээнд нэлээд олон зүйл шинээр нэмэгдэж байгаа. Татварын ерөнхий хуульд Олон улсын татвар ногдуулалттай холбоотой шинэ нэр томьёо, ойлголтууд орж ирж байна. Үүнд, татвараас зайлсхийхийн эсрэг арга хэмжээ, мэдээлэл харилцан солилцох, харилцан тохиролцох журам, үнэ шилжилтийн механизм гээд шинэ, шинэ олон зохицуулалт тусгагдсан. Мэдээж хуулийг сайжруулахын төлөө хийж байгаа учраас хуулийн бүтэц, концепцийн хувьд олон зүйл дээр сайжирна. Хуучин хуульд тодорхой бус байсан зохицуулалтуудыг тодорхой болгох, нэг мөр ойлгох, зохицуулалтгүй, дутуу дулимаг байсан зүйлүүдийг өөрчлөх, шинээр нэмэлт заалт оруулах гээд өргөн хүрээний шинэчлэл болж байна гэж харж байгаа. Гэхдээ хүмүүсийн харах өнцөг нь өөр, өөр болохоор шүүмжлэлтэй хандах хэсэг ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч хуулиудын шинэчлэл бол өнөө цагт зайлшгүй шаардлагатай, шийдвэрлэвэл зохих олон зүйлүүдийг төсөлд тусгасан. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох, эрсдэлгүй татвар төлөгч хяналтгүйгээр татан буулгах, татварын тайландаа залруулга хийх, хялбаршуулсан горимыг хэрэглэх, татвар төлөх дарааллыг эхлээд нөхөн татварыг төлөх (өмнөх хуульд алданги, торгууль, нөхөн татвар гэсэн дараалалтай байсан), илүү төлөлтийг эхлээд буцаан олгох зэргээр татвар төлөгчийн эрх ашигт нийцсэн олон зохицуулалт байгаа төдийгүй татварын улсын байцаагчийн хариуцлагыг чангатгасан. Монгол Улсын хувьд татварын системд зайлшгүй хийх ёстой олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээсэн, бидний мэдэхгүй шинэлэг харилцаанууд ажил хэрэг болно гэж харж байгаа. Хуулийг дагаад олон дүрэм, журмуудыг дагаж мөрдөх хэрэг гарна.

-Сайжруулсан заалтууд олон байгаа гэлээ. Эхлээд Татварын ерөнхий хуульд орсон шинэчлэлээс сонирхуулбал…

-Татварын ерөнхий хуульд орсон шинэчлэлийг бүгдийг энд дурдах аргагүй л дээ. Яагаад гэвэл бүхэлдээ шинэчлэгдэж байгаа. Зарим нэгээс дурдахад дээр дурдсанаас өөр мэдээллийн санг өргөтгөсөн “Бусад байгууллагаас мэдээлэл гаргуулах, хамтран ажиллах” гэсэн зүйлд 30-аад байгууллага, албан тушаалтан татварын зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээж байгаа. Татвар төлөх хугацаа нэг жил байх, хүндэтгэн үзэх шалтгаантай бол дахин нэг жил сунгах юм. Хуучин хуульд энэ хугацаа 60 хоног байдаг. Эрсдэлтэй татварын урьдчилан хураах, эрсдэлтэй татвар төлөгчид хяналт шалгалт хийх, Маргаан таслах зөвлөлийг хоёр шатлалтай байсныг нэг шатлалтай болгоно. Татвар төлөгчдийг хүндрүүлэхгүй байх үүднээс шат дамжлагыг цөөрүүлсэн гэж үзэж байгаа. Өмнө нь анхан шатны Маргаан таслах зөвлөл дээр шийдүүлж чадаагүй асуудлаа дээд шатныхад шийдүүлдэг практик байсан. Энэ утгаараа татвар төлөгчид хэрэгтэй байсан гэж үзэх хүн ч тааралдаж байна. Татварын өр барагдуулахтай холбоотой өргөн зохицуулалт орсон. Тодруулбал, Өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, Хөрөнгө битүүмжлэхэд баримтлах зарчим, Битүүмжлэхийг хориглох хөрөнгө, орлого, Хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас битүүмжлэх, бэлэн мөнгө хураах, татварын өр гаргуулах, Авлага битүүмжлэх, татварын өр гаргуулах, Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх, татварын өр гаргуулах зэрэг.

Монгол Улсын хувьд олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх олон зохицуулалтуудыг Татварын ерөнхий хуульд оруулсан байгаа. Хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Олон улсын татварын зарчмын дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэж бий. Үүнд, татвараас зайлсхийхийн эсрэг авах арга хэмжээ, харилцан тохирох журам, гадаад улсын эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох журам зэрэг байгаа. Монгол Улс олон улсын татварын шинэчлэлийн хүрээнд ВEPS арга хэмжээний “минимум 4” стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэлээд олон өөрчлөлт орохоор төсөл боловсруулагдсан гэл үү?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд бас л өргөн хүрээний өөрчлөлт орсон. Энэ шинэчилсэн найруулга учир хуучин байсан заалтууд нь найруулгын өөрчлөлт хийх, зарим нь хасагдах, шинээр зохицуулалт нэмэгдэх юм. Юун түрүүнд концепцийн хувьд татвар төлөгч гэдэгт бүх хуулийн этгээд хамрагдахаар байгаа. Энэ хуульд татвар ногдох зүйлийг олж байгаа ашгийн болон ашгийн бус бүгд хамрагдаж тайлан гаргана. Гэхдээ ашгийн бус байгууллагын дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны орлого нь чөлөөлөлт эдэлнэ. Татвараас хасагдах зардал зарчимд үндэслэн хасагдана. Тухайн орлогыг олохтой холбоотой зайлшгүй гарах баримтаар (е-баримт) нотлогдох зардал хасагдана. Харин хасагдахгүй зардлыг зааж өгч байгаа. Хуучин хуулинд хасах зардал гээд баахан зардал жагсаасан байсныг өөрчилсөн гэсэн үг. Татвар төлөгчийг тодорхойлох байнга байрладаг, байрладаггүй, төлөөний газар гэсэн ойлголтуудыг илүү тодорхой болгож шалгуур оруулсан бөгөөд олон улсын жишигт нийцүүлсэн байсан. Жишээлбэл, “Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж гэдэгт шалгууруудын гурав ба түүнээс дээш нөхцлийг хангасан этгээд хамрагдана, арванхоёр сарын хугацаанд 90 хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх …. үйл ажиллагааг төлөөний газар гэж үзнэ” гэж тодотгосон байгаа.

Мөн алдагдал шилжүүлэх хугацаа нь салбарын ялгаатай байсныг өөрчилж, салбар харгалзахгүй таван жилийн хугацаанд шилжүүлэх болж байна. Хувь хэмжээний хувьд 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, зургаан тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр зургаан тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

Татварын тайлагналд хэлбэр болон хугацааны хувьд олон өөрчлөлт орж байна. Татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөхөөс гадна хялбаршуулсан горимоор тайлагнан төлөх боломж бий болж байна.

Хөнгөлөлт, чөлөөлөлтөд өөрчлөлтүүд орсон. Хүмүүсийн их асуудаг нэг зүйл нь нэг хувийн татварын тухай. МАН-ын мөрийн хөтөлбөрт нь тэгж байгаа л даа. Харин хуульд татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй татвар төлөгчийн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан. Өмнөх хуульд энэ заалтад хамрах салбарын хүрээ хязгаарлагдмал байсан. Харин энэ хуульд ашигт малтмал, согтууруулах ундаа, тамхи зэргээс бусад салбарт хамрагдахаар болсон байсан. Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох, улс бүрээр үнэ шилжилтийн тайлан, эцсийн эзэмшигч гэсэн шинэ зохицуулалтууд орсон.

-Тавин сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж жилдээ нэг хувийн татвар төлдөг болно гээд байгаа. Судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Татварыг нэг хувь болгох, ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөх хоёр бол эцсийн дүндээ адилхан. Харин 50 сая гэж байгаа бол Хувь хүний орлогын албан татварын хуульд хялбаршуулсан горимоор 50 сая хүртэлх орлоготой татвар төлөгч өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяалах татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж нэг хувиар татвар ногдуулах заалт байгаа. Энэ тохиолдолд уг татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх эрхгүй. Энэ нь бичил бизнес эрхлэгч татвар төлөгчид татвараа төлөхийг нь хялбарчилж байгаа, татварын алба татвар хураалтаа хөнгөвчилж байгаа зохицуулалт гэж үзэж байна даа.

-Байнга татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, хөнгөлөлт урамшуулал олгох заалт байгаа юу?

-Яг тийм агуулгатай заалт олж хараагүй юм байна. Зардалд ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг нийт цалингийн дүнгийн таван хувиас хэтрүүлэхгүй, хязгаарлалтаас давсан хүүгийн зардлыг ирээдүй рүү таван жилээр шилжүүлэх, ашигт малтмал эрхэлдгээс бусад нь барилгад элэгдэл тооцох хугацаа 25 жил, компьютер хоёр жил гэсэн татвар төлөгчид таатай байхаар зохицуулалт байна уу гэж харж байсан.

Орлого олсон бол татвараа төлдөг. Татвараа төлөөд төрөөс эдлэх ёстой дэмжлэгээ хүртэх ёстой. Иймээс хөнгөлөлт чөлөөлөлтийг, төлсөн татварын хэмжээгээрээ тайлагнаад эдлэхээр зохицуулсан байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд аль алинд үүнийг тодорхой заасан байсан. Тайлангаа гаргахын гол утга нь орлого, зардлаа, ногдох татвараа тодорхойлоод, төлөөд, төрийн дэмжлэгээ эдлэх юм. Энэ хоёр орлогын албан татварын тухай хуулийн төсөлд хуучин хуульд байгаа чөлөөлөлт, хөнгөлөлтийн заалтууд хэвээр байгаа харагдсан.

-“Х” тайлан илгээдэг аж ахуйн нэгжүүд жилдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 мянган төгрөгийн татвар төлдөг болохоор оруулж ирж байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна л даа?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хялбаршуулсан тайлан илгээх тухай заалт байдаг. Үүн дээр тодорхой төлбөр төлөөд тайлангаа тушаасан гэдэг агуулгаар өөрчлөлт оруулсан юм билээ. Ер нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо өсөөд байдаг, харин татвар төлдөг нь буураад байдаг. Судлаад үзэхэд хүнд хэлэхэд бэрх тоо гардаг л даа. Энэ тухай судлаачийнхаа хувьд нэлээд эртнээс олон удаагийн илтгэл өгүүллэгтээ бичсээр, ярьсаар л ирсэн. Уг нь аж ахуйн нэгжийг ашиг олох зорилготой байгуулдаг биз дээ. Ашиг олж л байгаа бол татвараа төлөөд тайлагнах үүрэгтэй. Манай улсад аж ахуйн нэгжийн тоог гаргахад ч хэцүү, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хорооноос татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо авахад өөр, өөрөөр гардаг. Өнөөдөр манай улсад бүртгэл тооцоо ямар түвшинд явж байгааг харуулж байна. Ер нь 160 мянган аж ахуйн нэгжийг тайлангийн ирцийг гаргахад “Х” тайлантай 40 орчим хувь байсан. Тэгэхээр энэ хэмжээний мэдээллийг татварын албаны хүрээнд боловсруулах ажиллагаа нь ямарч үр өгөөжгүй хий зардал үүсгэж байгаа. Үйл ажиллагаа явуулаагүй гэсэн агуулгатай баахан цаасан компаниуд хэдэн арван жилээр тайлан гаргах бүртгэлтэй яваад байгаа тогтолцоо зөв үү гэсэн асуулт гарч байна. Нийт аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь татвар ногдох орлоготой, татвараа төлөх үүргээ хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Үүнтэй уялдаад “Х” тайланг багасгах, тайлангийн ирцийг хангах үүднээс улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв хуваасантай тэнцэх хэмжээний татвар төлнө гэсэн заалт оруулсан бол уу. Энэ бол татвар төлөгчдийг дарамтлаад байгаа зүйл биш. Аливаа үйл ажиллагаа гэдэг бол эдийн засгийнхаа мөн чанарын хувьд бодитоор гарч, бодитоор явж байдаг систем. Үүнийг бий болгох нь татварын хяналтын үүрэг л дээ. Тиймээс “Та үнэхээр үйл ажиллагаа явуулна гэвэл ийм хэмжээний татвар төл. Үгүй бол татан буулга” гэсэн зарчим л болов уу.

-Иргэдийг бизнес эрхлэх хүсэл сонирхлыг нь унагааж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаж байгаа хэрэг биш үү?

-Бид зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүр үзэж байна. Уг нь энэ нийгэмд иргэн хүн үүргээ хэрэгжүүлж байж эрхээ эдлэх, хариуцлагаа хүлээх харилцаа үйлчилдэг. Аливаа иргэн хуулийн этгээд үүсгээд, бизнес хийх эрхээ эдэлж байгаа бол татвар төлөх үүргээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Хуулийн этгээд үүсгэнэ гэдэг чинь цаанаа эдийн засгийнхаа мөн чанарын хувьд бодитоор үйл ажиллагаа хийж байх процесс шүү дээ. Тэгэхээр бодит бусаар цаасан компани үүсгэж тамга, тэмдэг ашиглах нь эдийн засгийн мөн чанараараа жинхэнэ бизнес биш юм л даа. Ер байх ёсгүй зүйлийг байх ёстой юм шигээр харж, эрх ярьдаг мөртлөө байвал зохих хэм хэмжээг ярьдаггүй хандлагаа өөрчлөх цаг болсон.

-Орлого олоогүй байж татвар төлөх нь шударга гэж үү?

-Орлого олоогүй байж болно. Энэ бол тодорхой хугацааны асуудал. Тэрнээс арав хорин жилийн хугацааны асуудал биш шүү дээ. Бас хэдэн арваар нь нэг өдөр компани үүсгээд нэг хүн захирал нь гээд нэг жишээ хэдхэн хоногийг өмнө олон нийтэд тодорхой болсон доо. Ийм л замбараагүй байдал Монгол Улсад хаа сайгүй байгаад байна. Нэгэнт л аж ахуйн нэгж үүсгээд орлого олох гээд явж байгаа юм бол хугацаа шаардана. Тэрийг хүлээн зөвшөөрнө. Тиймээс тодорхой хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй гэдэг тайлангаа гаргаж болно. Бас бизнес эрхэлж байгаа юм чинь алдагдал хүлээж болно. Ашигтайгаас нь татвар авдаг юм чинь алдагдлыг нь шилжүүлээд өгчихье. Үнэхээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм уу. Бодитоор алдагдал хүлээгээд байна уу. Энэ бол бодит юм уу бодит бус юм уу гэдэг асуудал дээр л яригдаж байгаа зүйл.

-Татварын өрөнд орлоо гэхэд гэр бүлийнхнийх нь хөрөнгийг хураах заалт орсон юм уу. Үндсэн хууль зөрчсөн асуудал болно биз дээ?

-Татварын ерөнхий хуульд Татварын өр хураах үйл ажиллагаа гэсэн бүлэг байгаа. Ер нь татварын өрийг барагдуулахтай холбоотой үйл ажиллагааг их өргөн хүрээгээр зохицуулсан харагдсан. Өртэй татвар төлөгчийн хөрөнгөөс татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй нь тогтоогдсон, тухайн татвар төлөгч үр шимийг нь хүртдэг, үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг өмчилдөг этгээд татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна гээд түүнд нь тухайн татвар төлөгчийн орлогоос хүртэж буй гэр бүлийн гишүүн багтах юм байна гэж ойлгосон. Хоёрдогч этгээдийн үүрэг, өр барагдуулах, хөрөнгө битүүмжлэх гэсэн харилцаануудын зохицуулалт шинээр орсон байна лээ. Яг гэр бүлийнх нь хөрөнгийг хураана гэсэн зүйл олж хараагүй юм байна. Ер нь өрийг төлүүлэх арга хэмжээний зохицуулалтыг өргөтгөсөн, татварын албаны хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой болгосон байна.

-Маргаан таслах зөвлөлд хандахад арван хувийн дэнчингийн мөнгө яригдаад байна. Үүнийг татварын байцаагчтай тохиролцож, авлига авах боломжийг бүрдүүлсэн заалт гэх юм?

-Үүнийг ОУВС-ийн зүгээс зөвлөсөн гэж сонсож байсан. Олон улсад хэрэгжүүлдэг практик гэсэн. Яаж хэрэгжүүлэх үү гэдгээс л хамаарах байх. Нэгэнт маргаан үүсгэх бол татварын байцаагчтай тохиролцох шаардлага гарах уу. Ер нь татварын маргааныг шийдвэрлэх, маргааны үр дагаварт татварын албаны талд шийдэгдсэн төлбөрийг барагдуулах хөшүүрэг юм бол уу. Гэхдээ татвар төлөгчийн талд шийдвэр гарвал түүнийг яаж буцаан олгох уу, хүүтэй байх уу гэсэн зохицуулалт байх хэрэгтэй. Харин байршуулсан мөнгийг яаж буцаан авах тал дээр “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг төсөвт төлөх байршуулах ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэсэн заалт байгаа.

-Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад нэлээд шинэлэг зүйлүүд орж байгаа юм байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хувьд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Харин энэ хуульд концепцийн шинжтэй дорвитой шинэчлэл хийгдэхгүй нь гэж харж байгаа. Хуучин хуулиа найруулсан, сайжруулсан олон зүйл л хийгдсэн. Одоогийн хувь хүний орлогын албан татварын хууль нь татвар авах зорилготой хийгдсэн. Ингэхдээ иргэн хүн цалин хөдөлмөрийн хөлсний орлоготой гэдэг агуулгаар л хийгдчихсэн. Тиймээс өнөөдөр хувь хүний орлогын албан татварын 90 гаруй хувийг цалингаас суутгасан татвар эзлэж байгаа. Гэхдээ хуулинд иргэн жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргаж тушаана гэсэн заалттай. Тайлан тушаах гэдгийг зөвхөн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүн хийх гэдгээр ойлгож ирсэн. Тайлан гаргах гол хөшүүрэг болох хөнгөлөлтийг цалингаас суутгасан татвараас хөнгөлөх үүргийг суутгагчид олгосон. Энэ хөнгөлөлтийг жилийн эцэст тайлангаа гаргахдаа иргэн өөрөө эдлээд буцааж авдаг нь олон улсын жишиг. Төрөөс авах дэмжлэгээ, татвар төлөх үүргээ тайлагнах замаар иргэний үндсэн үүргээ хэрэгжүүлдэг систем гэж ойлгосон. Харин манайд иргэний эдлэх эрхийг цалин хөлс олгож байгаа этгээд буюу ажил олгогчид нь даалгачихдаг. Ажил олгогч(нягтлан бодогч) болохоор тэр иргэдийн өмнөөс татварыг нь төлөх, төрийн өмнөөс татвар хураах ажлыг давхар хийгээд байгаа.

-Яагаад өөрөө тайлагнах гэж?

-Үндсэн хуульд зааснаар иргэний ардчилсан нийгэмд хяналт тавих үүрэг нь иргэний нийгмийн гишүүн хүн өөрөө байна. Тэгэхээр тэр гишүүн төртэйгээ харилцдаг гол харилцаа нь татварын тайлагналын асуудал. Тайланг хийхдээ үүргээ би гүйцэтгэлээ. Эдлэх юмаа эдэлье. Төрөөс авах ёстой дэмжлэгээ авъя гэдгээ тайлагнадаг систем юм. Тухайлбал, хүүхдийн мөнгийг өгөхийн тулд айл болгоныг “Хөргөгчтэй юу, машинтай юу” гэх, мөн эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн хөнгөлөлт гээд өнөөдөр асуудал дагуулсан олон зүйлийг энэ хуулиар шийдвэрлэх боломжтой. Хуулийн төсөлд ийм дорвитой өөрчлөлт оруулж чадаагүй. Судлаачийн хувьд шалтгааныг нь дэд систем нь хараахан бүрэлдэж чадаагүйтэй холбоотой болов уу гэж харж байна. Гэхдээ энэ хуулийг нэгэнт өөрчилж байгаа бол тэр сууриа хийчихээд явцын дунд системээ үүсгэж, хөгжүүлэх алхмыг дорвитойгоор шийдэх боломжтой.

-Хүн болгон татвар төлөгч биш гэдэг асуудал гарах байх л даа?

-Татвар төлдөг, төлдөггүй нь хамаагүй. Төрийн дэмжлэг, үйлчилгээг тайлагналаараа л буцааж авах замаар эдлэх асуудал юм. Монгол Улсын иргэн ийм үйлчилгээ авсан байна гэдэг нэгдсэн баазтай болно. Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн дугаараар иргэд нийгмийн харилцаанд оролцдог тогтолцоог бий болгосноор Үндсэн хуульд заасан иргэний нийгмийн харилцааг төлөвшүүлэх үндэс болох юм. Энэ хуулиар иргэдийн тайлагналын системийг хэрэгжүүлснээр е-баримтын хэрэгжилтийг эрчимжүүлэх төдийгүй хяналтгүй олон зүйлд хяналт тавих, нийгэмд авлигаас хол хариуцлагатай тогтолцоог бий болгох суурь нь болно гэж үзэж байна.


Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийн өмгөөлөгч Э.Ганхөлөг: “Дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий эргэлзээ бий” гэсэн заалтаас л болж Ч.Ганзориг хоригдсон

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн Цэцэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд буй талаар хандсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн хоёр, 14.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт болон 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 14.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгүүд нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Улмаар миний бие өмгөөлөгч Б.Даариймаатай хамтран Үндсэн хуулийн Цэцэд мэдэгдэл гаргасан.

-Эдгээр заалтуудын яг юу нь Үндсэн хуультай зөрчилдөөд байгаа юм бэ?

-Дээрх заалтууд нь яллагдагч, шүүгдэгчид авагдах таслан сэргийлэх арга хэмжээг зохицуулсан байдаг. Ингэхдээ “Дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий эргэлзээ бий” гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх, прокурор, мөрдөгчид авч байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай нь шүүхээр орж тогтоогдоогүй бол энгийн субьект гэсэн үг. Гэтэл шалгагдаж байгаа хэрэгтээ гэм буруутай нь тогтоогдоогүй байхад “Дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь Үндсэн хуулийн дээр заалтуудыг зөрчиж, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Практик дээрх ингээд хоригдож байгаа тохиолдол элбэг байдаг. Яг энэ үндэслэлээр миний үйлчлүүлэгчдийн хэд хэд нь одоогоор хоригдож байгаа. Уг нь Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд тавьж, хуулиараа баталгаажуулж өгсөн байдаг. Гэтэл “гэмт буруутай нь тогтоогдоогүй байгаа” субьектийг “дахин гэмт хэрэг үйлдэх” гэх үндэслэлээр цагдан хорьж байгаа нь эцсийн дүндээ ял тулгаж байгаагаас өөрцгүй зүйл.

-Тухайлбал, таны ямар үйлчлүүлэгчийг энэ үндэслэлээр цагдан хорив?

-Миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн хүн Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэдэг энэ заалтаар цагдан хоригдсон. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг байна. Түүнийг “дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий эргэлзээ байна” гэдэг зүйл заалтаар цагдан хорьчихсон. Үүнээс болоод түүний эрх ашиг тодорхой хэмжээнд хөндөгдсөн нь харагдаж байгаа юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахад Ч.Ганзоригийг гарын үсэг зурсан гэдэг. Энэ хэргийн үйл явц цаашдаа хэрхэх бол?

-Энэ хэрэг дээр би “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Сая шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн үеэр нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт хэргийг буцаасан. Прокурорт хэргийг буцаасан гэдэг хүрээнд хэргийн талаар яривал, миний үйлчлүүлэгчийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалаад, батлан даагаад ямар нэгэн гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурж, барьцаанд тавьсан асуудал огт байхгүй. Энэ нь маш олон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдчихсон байгаа. Олон улсын шинжээчийн дүгнэлтүүдээр ч тэр, 160-170 гарын үсгийг хуурамчаар үйлдчихсэн. Дотоодын шинжээчийн байгууллага ч гэсэн гарын үсгийг хуурамчаар үйлдээд хийсэн. Тиймээс үүн дээр “Эрдэнэт” үйлдвэр ямар нэгэн зүйл дээр зээлийн батлан даалт гаргаагүй юм байна гэдэг нь харагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учир одоо шүүх дээр эл хэрэг нэг тийш нь шийдэгдэх байх. Тэр үед миний энэ яриад байгаа зүйл нэлээд тодорхой болох байх.

-Ч.Ганзориг энэ хэрэг дээр өөрөө ямар байр суурьтай байна вэ?

-Өөрөө бол “Би ийм гэмт хэрэг үйлдсэн зүйл огт байхгүй. Харин ийм гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг шалгаж өгөөч ээ. Өнөөдөр яагаад “Эрдэнэт” үйлдвэрт ийм их хэмжээний хохирол учирчихав, “Эрдэнэт” үйлдвэр хохирсон байх ёсгүй. Тэгэхээр үүнийг хэн хохироов гэдэг асуудлыг шалгуулж тогтоолгоно. Түүнээс биш Ч.Ганзориг гэдэг хүн ял авах уу, авахгүй юу эсвэл Ч.Ганзориг буруутай юу, үгүй юу гэдгийг тэртэй тэргүй шүүхийнхэн шалгаад эцсийн шатанд буруугүйг тогтооно” гэж тэрбээр өөрөө хэлдэг. Үүн дээр ч эргэлздэггүй. Хамгийн гол нь “Эрдэнэт” үйлдвэрийг хохироож, Арбитрын шүүх дээр олон зуун сая долларын өрөнд унах болчихов гэдэг субьектүүдыг шалгаж, эзэн холбогдогчийг олж шалгуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа.

-Тэгээд Үндсэн хуулийн Цэц таны гаргасан гомдол мэдээллийг шалгаж үзэн хариу ирүүлсэн үү?

-Үндсэн хуулийн Цэцийн 19 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Маргаан үүсгэсэнтэй холбогдуулан УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон ч маргааны хянан шийдвэрлэх ажиллагаа одоо түдгэлзсэн байгаа.

-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэн томилогдов. Мөн УИХ-аас ямар байр суурьтай байгаа болоод энэ асуудал түдгэлзэв?

-Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар томилогдсон. Тэрбээр Цэцэд хүсэлт гаргаснаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол гарсан. Түүний гаргасан хүсэлтээс харахад “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”-ийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулсантай холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, уг өөрчлөлтөд Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх дээрх зүйл заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан тул Улсын Их хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг хүртэл хойшлуулж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргасан. Үүнээс үзэхэд УИХ ч өөрөө дээрх зүйл заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн чуулганаар хэлэлцэх гэж байгаа болов уу гэх бодол төрөөд байгаа.

-2018 оны намрын ээлжит чуулган аль хэдийнэ болчихсон шүү дээ?

-Өнгөрсөн чуулганы хуралдаанаар энэ асуудал хөндөгдөөгүй. Тиймээс бид Цэцэд маргаан шийдвэрлэх хурлыг яаралтай товлоно уу хэмээх хүсэлтийг гаргасан.Тэгэхээр энэ хаврын чуулганаар хэлэлцэж магадгүй. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Үгүй бол маш олон хүн энэхүү Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хуулийн зүйл заалтаар үндэслэлгүйгээр хоригдсоор байна.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Онгоц одтой, цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 25, Сумъяа гариг. Билгийн тооллын 20, Онгоц одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6:45 цагт мандан, 19:11 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “С.Зоригийг алсан гэх хоёр хүний өмнөөс Ц.Нямдорж л ганцаараа тонголзоод гүйгээд байх юм” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “С.Зоригийг алсан гэх хоёр хүний өмнөөс Ц.Нямдорж л ганцаараа тонголзоод гүйгээд байх юм” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт Татварын багц хуулийг эцэслэн баталлаа гэжээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Би бусдаасаа ялгаатай нь гаж тогтолцоог олж харчихаад байна. Засах гарцыг нь ч олж харлаа хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярилаа.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилохыг дэмжив хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Өнгөрсөн онд мотоциклтой холбоотой 552 осол гарч, 166 хүн амиа алджээ хэмээв.

Бэлчээрийн доройтолд өлийн цагаан оготно буруугүй хэмээн “Томилолт” нүүрт бичжээ.

Х.Эрхэмбаяр: Оюун санааны эрэлд мордсон хүн бүхэн энэ жүжгийг үзээсэй хэмээн “Соёл урлаг” нүүрт ярив.

“Уран бүтээлч” нүүрт МУГЖ С.Өлзийхүү: Уран бүтээлийн амьдрал маань яг дундаа орж байна гэж боддог хэмээх ярилцлагыг хүргэлээ.

“Энэ тухай” нүүрт Д.Жавхланболд: Байгаль орчинд ээлтэйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь манай төслийн гол зорилго хэмээжээ.

АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон АШУҮИС Эталон болно хэмээн “Боловсрол” нүүрт ярьсан байна.

“Дэлхийн мэдээ” нүүрээс Нобельд нэр дэвшсэн Грета Тунберг охин хэмээх мэдээллийг уншина уу.

Хөлбөмбөгийн ЕАШТ-2020 гараанаасаа хөдөллөө хэмээн “Спорт” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ