Categories
мэдээ нийгэм

Шүдний эмнэлгүүдийг шалгалаа

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сандитис”, “Азутис”, “Ахмеруерттис” шүдний эмнэлгүүдэд эмчилгээ, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийлээ. Өмнөх шалгалтаар өгсөн үүргийн дагуу “Сандитис” шүдний эмнэлэг хүүхдийн шүдний хэсэгтэй болсон, ариутгагчийг мэргэшүүлсэн бол “Азутис” эмнэлэг нь тоног төхөөрөмжөө шинэчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар дээрх эмнэлгүүдэд гурван албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Дамжин бохирдол үүсэх эрсдэлтэй байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Хосгарьд” ХХК, “Тун од” ХХК, “Дөрвөн од интернэшнл” ХХК-иудын хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, эрсдэлийн үнэлгээ хийхэд 4 үйлдвэр дунд, 1 үйлдвэр бага эрсдэлтэй үнэлэгджээ. Шалгалтаар бэлэн болон дамжлага дундын бүтээгдэхүүн, түүхий эдийг хамт хадгалсан дамжин бохирдол үүсэх эрсдэлтэй, үндсэн түүхий эд махны чанар, аюулгүй байдлын баталгаажилт шаардлага хангахгүй, бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл зөрүүтэй, дотоодын хяналт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Иймд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ноогдуулан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах албан шаардлага хүргүүлэхээр боллоо.

Мөн шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, технологич, эрүүл ахуйч, инженер техникийн ажилтан, лабораторийн эрхлэгч нарт мэргэжил аргазүйн болон хууль эрхзүйн чиглэлээр зөвлөгөө өгчээ.

Шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт уул уурхайн хяналт шалгалт үргэлжилж байна

Баян-Өлгий

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй“СС Монголия” ХХК-ны үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөлмөр, тээвэр өргөх механизмын хяналтын чиглэлээрхяналт шалгалт хийлээ. Тус компани нь “Ашигт малтмалын тухай” болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуульд заагдсан бүрдүүлвэл зохих баримт бичгийг бүрдүүлсэн, уурхайн байгууламжуудыг ерөнхий дэвсгэр зурагт тусгасны дагуу байршуулсан, уурхайн аюулгүйн параметр, хажуугийн тогтворжилтын үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлийг ТЭЗҮ болон 2019 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусган үйл ажиллагаа явуулж байна.2018 онд 5.5 га газарт биологийн, 26,6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагч нарын хамтарсан албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Дундговь

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Аргатай”, “Монголросцвeтмeт”, “Үнэн анд”, “Говь шоо”, “Мөнх болор хүрээ”, “Хан хас трейд”, “Эм жи би”, “Болор жонш” зэрэг найман аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч хоёр аж ахуй нэгжид зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ тооцож, хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Өмнөговь

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн баруун, зүүн 8 сумын төсөвт байгууллагууд, худалдаа үйлчилгээний цэг салбар, сумдын нутаг дэвсгэрт уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт, зөвлөн туслах, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх тандалтын хяналт шалгалтыг хийж байна. Хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 27 албан шаардлага, 5 дүгнэлт, 15 зөвлөмж үйлдэж хүргүүлжээ. Мөн хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгч байгууллагын сургалт зохион байгуулсан байна. Сумдын удирдлагуудад хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулж харилцан санал солилцож, байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллав.

Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө, Хүдэр, Сайхан сумдын нутагт ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд “Ашигт малтмалын тухай” хууль болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомжуудад заагдсан бүрдүүлбэл зохих баримт бичгийг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, уурхайн аюулгүй параметрүүд төсөлд тусгагдсанаар байгаа эсэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж байна.

Увс

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бөхмөрөн сумын нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэй “Хотгор” ХХК, “Хотгор шанага” ХХК, “Эрчимбаян-Өлгий” ХК-иудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийв.

Ховд

Ховд аймагт ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “МоЭнКо” ХХК, “Тефисс майнинг” ХХК, “Талст молор” ХХК, “Булган стар” ХХК, “Бодонч их бүрд” нөхөрлөл /бичил уурхай/ болон “ОдЦэ” ХХК, “Жаргалант рашаан” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас байгаль орчин, геологи, уул уурхай, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын чиглэлээр энэ сарын 19-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж байна.

Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоов. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөжээ.

Хэнтий

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бэрх, Батноров, Баян-Адарга, Хэрлэн зэрэг сумдад жонш олборлож байгаа бичил уурхайн үйл ажиллагаанд энэ сарын 19-22-ны өдрүүдэд хяналт шалгалтхийжээ. Шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй, техникийн үзүүлэлтийг тодорхойлох боломжгүй, гар хийцийн лыботкуудыг буулгуулж, үйл ажиллагааг нь зогсоон, өргөх механизмын даацын туршилт, магадлал хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар даацын туршилт, магадлал хийлгүүлэх, илэрсэн дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Нийт 26 бичил уурхай эрхлэгчдэд улсын байцаагчийн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн аюулгүй байдлыг ханган ажиллахыг сумдын удирдлагуудад танилцуулан, сум орон нутгийн зүгээс хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Лондон хотноо айлчлал хийв

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр Лондон хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд сайд Ц.Даваасүрэн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Марк Филд, Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Жулиан Найт, Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Грогэн, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алэйн Пилью болон Британийн эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод, эрчим хүчний компаниудын төлөөллүүдтэй тус тус уулзаж хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, ухаалаг эрчим хүчний системийн талаар санал солилцов.

Сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Эрчим хүчний яамнаас 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбоотойгоор эрчим хүчний салбарын бүх шатанд ухаалаг систем хэрэглэхийг зорьж ажиллаж байгааг тэмдэглээд, цаашдаа хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ухаалаг систем, инноваци нэвтрүүлэх төслийн хүрээнд хамтран ажиллах саналтай байгаагаа хийсэн уулзалтуудын үеэр илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх аврах, дадлагажуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 04 сарын 24, 25, 26-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тус ажлын хүрээнд Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сургуулийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр Ус Сувгийн Удирдах Газар, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаах Түгээх Сүлжээ ТӨХК-уудын удирдлага, албан хаагчидтай уулзаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө.


Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулж ажиллахыг даалгалаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/01 дүгээр захирамжаар 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласан болон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хурлаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Хотын Ерөнхий менежерээс 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 02 тоот “Албан даалгавар”-ыг гаргалаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгч иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автобусны зогсоолуудын тохижилт, орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг авч, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагыг чангатгаж, ажил үүргийн уялдаа холбоог сайжруулж ажиллахыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, тээвэр, хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөө, замын цагдаа, замын хөдөлгөөн удирдлагын төв зэрэг холбогдох чиг үүргийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд даалгалаа. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, сар бүр хэрэгжилт үр дүнг тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хэлтсүүдэд даалгав.

Categories
мэдээ нийгэм

Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх эхо аппаратыг ашиглаж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн.

“HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын дижитал ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ургийн оношилгоог хийх давуу талтай.

Нийт гурван төрлийн датчиктай бөгөөд хэвлийн буюу гүдгэр датчик /EUP-C715/ нь хэвлийн хөндийн дотор эрхтнүүдийг харах боломжтой бол, шугаман буюу шулуун датчик /EUP-L74M/ нь зүрх судас, хөх, бамбай зэрэг эрхтэнд оношилгоо хийнэ. Харин гурав дахь датчик буюу 3D/4D буюу /EUP-CV724/ нь эх барих, эмэгтэйчүүд болон ургийн гаж хөгжлийг оношлох боломжтой.

Уг аппарат нь цуллаг эрхтэний хатуурал болон хавдрыг эрт үед нь илрүүлэх өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн 4D дэвшилтэт технологи юм.

Мөн элэг болон бусад цуллаг эрхтэнд үүссэн голомтот өөрчлөлт, хавдрын хэмжээг нарийвчлан тооцоолно. Ялангуяа цуллаг эрхтэний, тэр дундаа элэгний хатуурлын зэргийг тодорхойлох Эластография программтай юм.

Энэ нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр цогц байдлаар хэрэгжиж, элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд чухал алхам боллоо. Ийм хүчин чадалтай аппарат өмнө нь нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаагүй болно.

Categories
мэдээ нийгэм

“Жижиг, дунд бизнесийн логистикийн хөгжил, хандлага” зөвлөгөөн боллоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих багтай хамтран “Жижиг, дунд бизнесийн логистикийн хөгжил, хандлага” олон улсын тэргүүн туршлагыг танилцуулах зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй худалдааны төвүүд, сүлжээ дэлгүүрүүд, үндэсний үйлдвэрлэгчид, хүлэмжийн аж ахуй, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөллүүд оролцож байна.
Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээний салбарын 70 орчим хувь нь төвлөрч буй томоохон салбар юм.
Улаанбаатар хотын хүн амын огцом өсөлт нь түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл, зам, тээвэр гэх мэт холбогч дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг жил бүр нэмэгдүүлсээр ирсэн.

Судалгаанаас үзэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний дэлгүүр, супермаркет, баар, ресторан, кафе ажиллуулж буй бизнес эрхлэгчдийн 79 хувь нь бараа татан авалтыг 09.00-13.00 цагийн хооронд хийж байгаа нь их хотын түгжрэлд хамгийн ихээр нөлөөлж байна. Ихэнх ААН нь үдээс өмнө буюу 15.00 цаг хүртэлх хугацаанд өдрийн ид ачаалалтай, оргил цагуудад бараа татан авалт хийдэг бөгөөд 80 хувь нь өдөрт 1-ээс 3 удаа, түүнээс дээш давтамжтайгаар бараа татан авалт хийж байгаагаас түгжрэл үүсгэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 550,0 мянган автомашин /2019 оны 01 дүгээр сарын байдлаар/ бүртгэлтэй байгаагаас 400.0 мянга нь нийслэлд идэвхтэй замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр автомашинуудын 70% нь байнгын түгжрэлд буюу 20 км/цаг-ийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож байна.
Замын түгжрэлээс үүдэж буй хохирлын үр дүнгээс харахад шууд хохирол нь иргэн хүнд мэдрэгдэж, бидний нүдэнд шууд харагдаж байгаа боловч шууд бус хохирол нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй нийгмийн ёс журам алдагдах, бүтээмж буурах хор уршиг дагуулж байна.
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, тээвэр логистикийн болон тулгамдаж буй бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор УБ хотын Захирагчийн ажлын алба нь “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт “Нийслэлийн худалдааны газруудын логистик, нийлүүлэлтийн сүлжээний нөхцөл байдлыг судалж, үр ашгийг нэмэгдүүлэх тооцоолол хийж, оновчтой шийдлийг илэрхийлсэн зураглал, зөвлөмж боловсруулах”-аар тусгасан.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн логистикийн судалгааг хийж, бодлогоо боловсруулан оновчтой шийдвэр гаргах нь чухал асуудал юм
Categories
мэдээ нийгэм

Эвдэрч сүйдсэн өмч хөрөнгийг нөхөн төлүүлэх, арчлалт хамгаалалтад хяналт тавив

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн А/54 дугаар бүхий “Эд хөрөнгийг үнэлэх зөвлөмж, аргачлал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдаж Нийтийн эзэмшлийн эвдэрч сүйдсэн өмч хөрөнгийг нөхөн төлүүлэх, арчлалт хамгаалалтад хяналт тавих ажлыг онцгой анхаарч эхэлсэн. Тус ажлын хэсэг байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 16 байршилд хайс хашлага, ногоон байгууламж сүйтгэгдэж, таван байршилд гэрэлтүүлгийн шон дайрагдсан тооцоо гараад байна. Нийт 29,582,965 төгрөгний хохирлын учраад байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажилласны үр дүнд есөн ослын эзэн холбогдогчийг олж тогтоон 3,077,093 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулж нөхөн сэргээлт, засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Урьд нь эвдэрсэн хайс хашлагыг сэргээн засварлахад Улаанбаатар зам засвар арчлалтын газар, ногоон байгууламж сүйдэхэд Хот тохижилтын газар болон ашиглалт хариуцсан аж ахуйн нэгжид, гэрлийн шон дайрагдахад мөн хариуцсан гэрэлтүүлгийн байгууллага руу шилжүүлэх гэх зэрэг олон төрлийн дансанд орж нөхөн сэргээлтийн хяналт хангалтгүй хийгдэх, орхигдох асуудал гардаг байсан. Уг ажлын хэсэг байгуулагдсан гол онцлог нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Төрийн сан банк дах дансанд нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийн хохиролтой холбоотой бүх нөхөн төлбөрийг төвлөрүүлж нөхөн сэргээлт, хэрэгжилтийг нэгдсэн нэг хяналтын дор зохион байгуулдаг болсон явдал юм. Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоо ТББ-тай хамтран хохирлыг хэмжээг бодитой, шуурхай, үндэслэлтэй тогтоож Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэж хохирол барагдуулах ажиллагааг шуурхай шийдэж байгаа нь тус менежментийн онцлог болж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Холливудын уран бүтээлчид Монголд ирнэ

“Холливуд Монголд” Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Үүнтэй холбогдуулан 2019-03-28-нд 11:00 цагт “Туушин” зочид буудлын 4-р давхрын СҮЛД танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байгуулах гэж байна. Энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой аж.

Кино бүтээхтэй холбоотой бүхий л салбар бүрээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болох юм байна.