Categories
мэдээ нийгэм

Ойн түймэрт гурван га талбай шатжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Тэмээн хүзүү” гэдэг газар энэ сарын нэгэнд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн дуудлагын дагуу очиж түймрийн тархалтыг зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

Ганц хормын уур бухимдлаа “Уучлаарай” гэдэг үгээр солихыг уриаллаа

ЦЕГ-аас хийсэн судалгаагаар сүүлийн таван жилийн хугацаанд нийт гэмт хэргийн 25-30 хувийг Хүний эрүүл мэндийг халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 10 хүртэл явагдана

“Оюутан цэрэг” хөтөлбөрт 18 нас хүрсэн, сурлагын голч дүн нь 2.8-аас дээш дүнтэй, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан болон МСҮТ-ийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. Харин хоёрдугаар дамжааны оюутан хамрагдах боломжгүй гэж холбогдох албаны хүмүүс хэлж байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-н хүртэл үргэлжлэх бөгөөд хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтыг явуулах юм. Энэ жилийн хувьд өмнөх жишгээр 1000 гаруй оюутныг хамруулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 орчим оюутан энэхүү сургалтад хамрагдсан байна.

“Оюутан цэрэг”-т хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж, эхлээд сургуулиуд нь сонгон шалгаруулалт хийсний дараа цэргийн хэлтсүүд дээр сонгон шалгаруулалт явагдах аж. Тэнцсэн залуучуудыг дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд онолын бэлтгэл сургалтад хамруулах юм байна. Сургалтыг оюутан, залуусын үндсэн хичээлд саад болохгүйгээр зөвхөн бямба, ням гарагуудад өглөө 09:00-14:00 цагийн хооронд явуулна. Нийтдээ 2 кредитийн 96 цагийн хичээл орох ба явцын шалгалтад 60-аас дээш оноо авсан бол цэргийн мэргэжлийн сургалтад хамрагдах боломжтой болох аж. Хяналтын эрүүл мэндийн дахин үзлэгээр орсны дараа мэргэжлийн бэлтгэл сургалтад зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15 хүртэл явах юм. Энэ хугацаанд залуучууд 14 кредитийн 560 цагийг үзээд шалгалт өгч тэнцвэл 11 бага мэргэжил эзэмшсэн гэж цэргийн тангараг өргөдөг аж.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.

1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /”Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2,8 аас дээш байх/
7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Categories
мэдээ нийгэм

Суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалт эхэллээ

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:

  • Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
  • Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх
  • Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
  • Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг баримтлан бодитой тодорхойлсон байх,
  • Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг 2019 оны 3 дугаар сарын 11 -ний өдрийн 18:00 цаг хүртэл HTTP://WWW.PROJECT.EDU.MN/ цахим хаягаар хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

Нурангид дарагдсан хоёр дахь уурхайчны цогцсыг гаргалаа

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас дөрвөн хүн дарагдаж, сураггүй болоод байгаа юм. Осол болсон газарт Eagle News телевизийн сэтгүүлч Э.Оюун-Эрдэнэ, зураглаач Ж.Баяржаргал нар гурав дахь өдрөө ажиллаж байгаа билээ. Манай сурвалжлах багийн хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр онцгой байдлын алба хаагчид нэг иргэний цогцсыг усан дотроос дөнгөж сая олж гаргажээ. Одоо цогцсыг таниулах ажиллагаа явагдаж байгаа аж. Алба хаагчид өчигдөр мөн нэг иргэний цогцсыг гаргасан юм. Тэд аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Ил уурхайн 80 метр өндөр хананд хөрсний нуранги үүссэн бөгөөд нурахдаа мөстсөн байсан аж. Хөрсөнд ус ихээр нэвчсэн, усны дор мөс байгаа тул аврах ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгаа ажээ. Усны түвшин нэмэгдсээр байгаа тул онцгой байдлын аврагчид аврах, хайх ажиллагааныхаа тактикийг өөрчилж уржигдар далан байгуулж, хүчтэй насосоор усыг нь соруулж эхэлсэн.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Тонхил суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Тонхил суманд урьд шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, тус сумын Зүйл багийн ”Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 24 км-т/ гуравдугаар сарын 2-ны өдрийн 03:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:55 цагт утсаар мэдээлсэн байна.

Тус сумын Засаг даргын орлогч даргатай холбогдож тодруулахад, тухайн газар айл байхгүй, газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай хэлжээ. Одоогийн байдлаар Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Яг одоо Говь-Алтай аймгийн онцгой комисс хуралдаж, онцгой комиссын бүрэлдэхүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийн, хаваржилтын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцыг талаар хэлэлцэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Улсын онцгой комисс Говь-Алтай аймагт ажиллажээ

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг өчигдөр Говь-Алтай аймагт ажиллаж, хаваржилт, цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонссон байна. Ингээд тулгамдсан асуудлыг Засгийн газар, Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр болжээ.

Тус аймаг аюулгүй нөөцөд 200 тонн өвс, 100 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 439.5 тонн өвс, 412 тонн тэжээл, нийт 639,5 тонн өвс, 512 тонн тэжээл бэлтгэсэн аж. Аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр Шарга суман дахь аюулгүйн нөөцийн агуулахад хадгалж буй өвсийг хямдруулж 7000 төгрөгөөр, тэжээлийг худалдан авсан үнээр буюу 13900 төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн байна. Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд 750 боодол буюу 15 тонн өвс, 3500 уут буюу 87.5 тонн тэжээл байгаа аж.

Он гарснаас хойш Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд цас их орж, цасан шуурга шуурснаас хаваржилт хүндэрсэн байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан зудын эрсдэлийн зургаас харахад аймгийн нийт нутгийн 17,1 хувь нь нэн их эрсдэлтэй, 46 хувь нь их эрсдэлтэй, 31,6 хувь нь дунд эрсдэлтэй, 4 хувь зудын эрсдэл бага гэж үнэлжээ.

Тус аймгийн 18 сумын 87 багийн 7106 малчин өрхөд 3,5 сая толгой мал хаваржиж байна. Үүнээс адуу 130 мянга, тэмээ 43.7 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1 сая, ямаа 2.1 сая толгой байгаа юм. Дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн болон зах зээлд борлуулсан малын тоо 998,4 мянган толгойд хүрчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнэ төлбөргүй үйлчлэх музейн хаяг, цагийн хуваарь

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах болсон бөгөөд энэ дагуу 2019 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна. Энэ жил халдварт өвчин түгээмэл байгаатай холбогдуулан арав хүртэлх насны хүүхдүүдэд үйлчлэхгүй юм. Нийслэлд болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй музейн хаяг, утасны дугаар болон гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг хүргэж байна. Мөн энэ өдрүүдэд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аймгийн музейнүүд хамрагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Говь-Угтаалын эрдмийн чуулган

Хөх нь чинэсэн ижий минь цагаан сүүгээ залгилуулах л гэж альхан чиг газраас даллаад байх шиг хөдөө нутаг руу хүлгийн жолоо залах сайхан. Уулсын салхинд жарган усны тунгалагт сэтгэл нялхамсч суух бүр таатай. Түрүү жилийн намрын хайлган цагаар их найрагчдын сүр сүлдэн дор их говийн таана хэнзэлсэн үдшийн сэрүүнийг нөмөрч, талын толгодод бодол бэлчээн зогссон билээ. Эх хэлнийхээ яруу сайхныг эгшиглэнт говийн салхитай хамт залгилсан нэгээхэн дурсамжаа одоо сөхьюү. Дамдинсүрэнгийн Урианхай, Тангадын Галсангаар ахлуулсан зохиолчид Дундговийн Говь-Угтаалд хүрч очлоо. Говь-Угтаал гэмээ нь Монголын яруу найргийн асгарсан аялгуу, ааг омогтой бадрангуй найрагч Барнангийн Доржпаламын нутаг юмсан. Мөнхүү говийн ухаа толгодын дунд монгол хэлний цаглашгүй гэгээг түгээсэн хүндэт багш Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очирын өлгий нь юмсан.

Хангайн тэлэмгэр нуруу Бөхөн шарын магнагтай Идэр их мөрний хөвөөнд хаврын хаварт чуулдаг эх хэлний баярын нэгэн цутгалан боржигон Угтаалын хоймрыг эзэгнэсэн нь учиртай. Монголын түүх соёл, үндэсний хөгжлийнх нь хөрс суурь болсон эх хэл бичгийн дархлааг “Идэрийн олимпиад” хадгалж явдаг. Оюуны судас лугшин буй талын Монголд омгорхол бардамнал, цээжээ дэлдсэн хийрхлийг үл огоорч зөвхөн монгол хэлний төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх нь олимпиадыг санаачлан зохион байгуулагчдын үүрэг гэлтэй. Улс үндэстний тусгаар тогтнол, оршин буйн дархлаа-эх хэлээ дээдлэгч “Үлэмж эгшиглэн сан”-гийн гавьяаг Хойд мөсөн далайд цутган дэлхийг туулсан Идэр мөрөн шигээ холын холд дуурьсалтай гэж санана.Эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм оюуны шандсаа сорих гэж агуу их Нацагдоржийн зүрхнийхээ угаас дуу алдсан Идэрийн голын хөвөөнд чуулдаг билээ, бид. Ийм л сайхан баяр арав гаруй жилийнхээ хавартай золгоод буйг монголоо гэх халуун зүрхтэй, бичиг соёлоо эрхэмлэгч бүхэн сэтгэл дүүрэн мэдрэх болсон доо. “Нэгэн насны ухаант амьдралаа эх хэлнийхээ төлөө зориулсан буурал багш нарын гавьяаг бид цагийн цагт эрхэмлэн хүндэтгэх болно” хэмээн “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч, “Үлэмж эгшиглэн сан”-гийн тэргүүн Лхамсүрэнгийн Төрбаяр хэлнэ билээ. Эл үгнээс боржигон Угтаалын эрдмийн чуулганы учиг шалтгаан ч тайлагдаад ирж байгаа юм.

Дундговь нутгаас монгол хэлний галыг манасан олон эрхмүүд тодорсны нэг нь Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очир багш. Номын төлөө төрж, номын хөлгөн их урсгалд өөрийгөө элээсэн түүнийг өдгөө эрдэмтэн мэргэд, үе үеийн шавь нар нь бахархан дурсч байна.“Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалж”, “Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүй” хэмээх язгуур хоёр ухагдахуун бол Эрдэнэ-Очир багшийн гол шугам юм. Эрдмийн зэрэг хамгаалсан дээд бүтээл, тулгуур багана нь билээ. Говь-Угтаал бол Халхын Сэцэн хан аймгийн сэцэн вангийн хошуу ардын цэц билэгтэй, номын авшиг ерөөлтэй хүмүүс төрдөг эрдэм оюуны ай сав. Ринчен гуай, Дамдинсүрэн гуай, Шадавын Лувсанвандан, Чой.Лувсанжав, Ш.Бира нарын мэргэдэд багшилж байсан алдарт Т.Данзан-Очир гавж болоод сүүл үеийн номч гүүш гавж Шагдарсүрэнгийн Сонинбаяр нарыг нэрлэхэд л номын авшигтай, тарнийн увидастай нутаг болох нь аандаамэдрэгдэнэ. Монгол хэлний дархлааг хадгалагч ардын багш Цэдэвийн Өнөрбаян “Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэрт эрдэмтэн” гэж эрхэм журмын анд номын садан Эрдэнэ-Очирыгоо тодотгосон бол хэл шинжлэлийн энэ цагийн ноён оргилуудын нэг академич Домийн Төмөртогоо “Жараад оны сүүл далаад оны эхээр Дундговь аймгаас Эрдэнэ-Очир, Төмөр гэдэг хоёр сэргэлэн хүү суралцдаг байлаа. Сургуулиа төгсөөд Эрдэнэ-Очир нь ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг судлан, эрдмийн зэрэг хамгаалж…” хэмээн дурсчээ. Төмөртогоо академичийн нэр зааж, бахархал дүүрэн хэлсэн хоёр шавь нь Эрдэнэ-Очир, эдүгээ ардын багшийн тэмдэг энгэртээ гялалзуулсан Далхсүрэнгийн Төмөр нар юм. Аварга багш нарын хэмжээг шалгадаг “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэгт олимпиад хангайд бус говьд, тэр тусмаа Говь-Угтаалд Эрдэнэ-Очир багшийн нэрэмжит болж зохиогдсон нь ийм учир ерөөлтэй ажгуу.

Угтаалд болсон эрдмийн баярт Галсан гуайтайгаа нэг нэг машинд заларч Богд хан уулынхаа ар хормойг бүслүүрдэн, хатан Туулаа эмжээрлэн хөдөлсөн сөн. Алдарт Заг, Байдрагийн голын Хүрэн бэлчирээс тодорсон Монголын уран зохиолын өвгөн бүргэд түүнтэй хол ойрын замд олонтаа явжээ. Өчүүхэн би сүүлийн нэг жилд буюу “тийн унжлагат” нохой жилд Тангадын Галсан аваргатай таван ч удаа аяны дөрөө нийлсэн байх юм. Эх орны баруун хязгаар Алтай Таван Богдын алтан бэл Баян-Өлгийд дэлхийн яруу найргийн өдрөөр бууж, маргааш нь болох Наурызын баярыг казахуудтай тэмдэглэсэн тал ч бий. Монголын алтан ургийн хамгийн сүүлчийн хаан Баатар ван Наваан-Юндэн гуайн 110 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд мөн Сэлэнгийн Сүхбаатар хотноо оролцсон байх жишээний. Галсан гуайн яриа хөөрөөг сонсчээ явахад монгол хэлнийхээ яндашгүй их далайд өөрийн дураар сэлэх алтанхан хувь заяаг бэлэглэх нь тэр. Зохиолч нөхдөө дурсан ярихын ид бахыг нь хэлэх юм биш. Ёстой хэнийг ч болов хэнийг бүтээл туурвил алдаа оноо, ахуй амьдралтай нь дурайтал ярина. Ухаандаа, “Монголын радиогийн бүдүүн дуут” Базарын Цэдэндамбаагийн залуу идэр насыг ярихад л тэр цагийн тэнхээ тамиртай зохиолчид болох Цэдэнжав гуайгаас аваад хуучны кадруудын дүр төрх кино зургийн хальс шиг бэлхэнээ тодроод ирнэ. Дөчин хэдэн оноос хойших урлаг, утга зохиолын ертөнцийг яаж тэгж мэддэг юм гэхээр нэвтэрхий ярих нь гайхмаар. Хүмүүсийн хэлсэн үгийг яг л өөрийнх нь дуу хоолойгоор хэлнэ,мөн ч шидтэй шүү. Тэр жил Солонготын давааг давахад Ванганыхаа тухай дурсаж билээ. “Сайн нөхрөө нутгийнх нь тэнгэр дор дурсахгүй бол алдас болно” гэж хэлсэн нь шаврай надад их олон зүйлийг бодогдуулсан сан.

Тэр жилийн намрын сүүл сард Их Монгол уулсын сэрвэнгээр Их Монгол элсний алтан нурлага зэрэглээтэж, Эрээн уулын салхи зөөлхөн сэвших цаг дор монгол найргийн дархан цэц Пүрэвдоржоо дурсаж явсан. Халуун голомтод нь нөхрийнхөө шүлгийг дуудаж, хамаатан садныг нь Харлин Шарлингийнх нь гол ус шиг мэлмэрүүлж орхисныг санах юм. Ингэхэд Галсан гуайтай анх Утга зохиолын сургуулийн хоёрдугаар ангийн жулдрайхан оюутан байхдаа хамт явах аз тохиож билээ. Хараа голын хөвөөнд зүрхнийх нь үгийг сонсоод сэтгэл балмагдсан хаврын тэр өдрийн мартдаггүй. Хөтөл хотод болсон “Уран үгсийн чуулган”-аас буцаж явахад тэрээр “Хүү минь чи Монголын их утга зохиолын босгыг алхах гэж хаалгыг нь онголзуулан зогсож байна. Утга зохиолын их өргөөний хойморт чиний багш өндөр Цоодол, өөлд өвгөн Галсан хоёр хүссэн хүсээгүй сууж таарна. Чи өндөр Цоодолыг түшсэн чинь зөв. Ер нь тэгээд хүн яруу найрагч болдоггүй юм шүү. Эхлээд хүн болох хэрэгтэй байдаг юм. Хүн болсны дараа зүрх сэтгэл чинь чамайг найрагч болгоноо” гэж билээ. Эдүгээгээс арван долоон жилийн өмнө хэлсэн тэр үгийг би дандаа боддог. Хүн болж яваагийн минь утга учир намайг утга зохиолын их бурхадтай аяны ганзага нийлэх хувь заяанд хөтөлдөг ч юм болов уу.

Эх хэлний баярын үеэр ёс юм шиг болдог зохиолч уншигчдын уулзалт Угтаалын соёлын төвийн тайзнаа эхэлсэн. Мэдээж хойморт нь Галсан, Урианхай, Долгорын Цэнджав, Хайдавын Чилаажав, эрдэмтэн доктор Дийзгарын Баттогтох, Монголын яруу найргийн наяад оны хайрын дууч Данзангийн Нямаа, монгол хэлний эдүгээ цагийн содон төлөөлөл Баастын Золбаяр гээд эрэмбэ дарааллаараа залрав. Нобелийн шагналд албан ёсоор нэр дэвшин бүртгэгдээд байгаа Азийн тэргүүн найрагч Урианхай өнөө л зөөлхөн нургилсан дуугаар шүлгээ дуудлаа. Урианхай ах хэзээ ч, хаана ч хэнийг ч гололгүй шүлгээ уншдаг. Одоогоос арван нэгэн жилийн өмнө, бидний хэсэг нөхөд эх орныхоо баруун хилийг тойрч тэнгэрийн хаяаг мөрлөн зогсож буй хэдэн бор цэрэгтээ шүлгээ дуудаж явсан сан. Ховдын Булганы Гурван хүүхдийн заставт шөнө оройхон очиж сарны гэрэлд шүлгээ уншсан үдшийн сайхныг хэлээд яанам. Байтагийн уулсаас салхилсан баруун зүгийн салхин их найрагчийн буурал үсийг илбээд, сарны мөнгөн туяанд сахал үс нь улмаа мөнгөрөн гэрэлтээд “Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд

Болжмор жиргэж л байвал би амьд явна

Тэр шувуунд би хачин их хайртай

Тэртээ уулын хормодйд

Ой шуугьж л байвал би амьд явна

Тэр эгшигэнд би хачин их хайртай

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна

Тэр бараанд би хачин их хайртай

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна

Тэр амьтдад би хачин их хайртай

Хайраар би амьдардаг аа…” хэмээн уншихад нь нүдний нулимс гарч билээ. Эл шүлгийн төгсгөлд “…Аялгуу содон монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна, тэр хэлэнд би хачин их хайртай” гэж бий сэн. Дорноговийн Хатанбулаг Сулинхээрийн хязгаараар явахад нэг орой сурагчдын дотуур байранд Урианхай ах нас тогтож яваа хоёр бүсгүйг өмнөө намбайтал суулгаад орчин цагийн утга зохиолын чиг хандлага, философийн тухай баахан ярьж толгойг нь эргүүлснээ, би ер нь шүлэг уншъя гээд зөөлнөөр инээмсэглэн сууж байв. Угтаалын тайзнаа Бямбын Ринчен багшдаа зориулж сүүлд тэрлэсэн “Монгол хэл” шүлгээ дуудсан юм.

Зохиолч найрагчдын ялгуун эрхэмсэг үдэш Соёлын төвөөс хөдөө хээр боржигон найрын хоймор руу шилжиж, уртын дуутай уясан сүлжилдэв. Сум орныхоо бэлгэдэлт шүтээн Их Угтаал уулын өвөрт намаржиж буй Дугарбаатарын малчны хотонд дуу шуутайхан дөрөө мулталж, айраг дэмбээ намрын боржигон найрыг энэ л Дундговь нутгийн хүү төрийн соёрхолт нэрт түүхч, угсаатан зүйч Хандын Нямбуугийн “дэглэснээр” үздэг юм байна. Таанын айраг сэнгэнэсэн намрын өдөр говийн тэнгэр дор дугуйрч зогсоод шүлгээ дуудах бахтай байсан. Тэртээ баруун урдтай домогт Их газрын чулуу ханарч, хойхно талд нь цуутай найрагч Цэндийн Чимиддоржийн төрсөн Зүүн хөндлөн, Ерлөгийн уулс нь хөндөлсөж, яг чанх баруун талд дэлхийн дууч Намжилын Норовбанзадын дуугаа хадаасан Баянзүрх хайрхан түшиж, араас минь Их Угтаалын уул нөмөрлөнө. Угтаалын уулын Ар шандад Барнангийн Доржпалам найрагч хүйгээ цөглөсөн. Авьяастай хүмүүн амин судсыг нь онож төрдөг энэ л ариун дагшин газар усанд найрагчдын зүрх огшилгүй яав гэж.

Их газрын чулуу бол онгод юуг минь хөглөсөн ид шидийн орон юм. Тэр жилийн намар Долгорын Цэнджав ахтай дөрөө харшуулан ирж Их газрын чулууг зүрх сэтгэлээрээ мэдэрч билээ. “Барнангийн Доржпалам, Цэндийн Чимиддорж бид гурав бол яах аргагүй Их газрын чулуу, Ерлөг уулыг зүүн баруун талаас нь харж биширч, шүтэж, мөргөж өсөцгөөсөн нэгэн үеийн унаганууд” гэж Цэнджав бээр хэлсэн нь гарцаагүй үнэн юм. Ерлөгийн уул, Зүүн хөндлөнг нь харж байгаад намрын говийн тэнгэр дор Чимээ ахынхаа “Цагаан зээр”-ийг омогтойхон уншлаа. Өөрөө бол “Би цуутай дорнын цагаан зээр, цусаа үзсэн улаан зээр” гээд их үс гэзгээ сэгсрээд уншихаараа аймаар. Ерлөг уулын зүүн хойдтой Сүүдэртийн улаан хэмээх жижиг улаан толгод бий. Түүний арын буурал хондны өвөлжөөнд Норовбанзад гуай төрсөн түүхтэй. Угтаалын уулын ар хөндий Жарангийн фермд Норовбанзад гуай үнээ сааж байсан гэдэг. “Намар оройхон үхэр сааж байгаад хөл нь даарахаар үхрийнхээ цавинд хөлөө хавчуулдаг сахилгагүй шар охин байлаа” гэж нутгийн эмгэд хөгшид дэлхийн дуучнаа дурсдаг. Норовбанзад гэх нэрийг зүрхэндээ хэлэнгүүт л дуурлиг их говийн хөхөмдөг цээлийг “Уяхан замбуу тивийн наран” асгараад л бүрхэж байгаа юм.

“Хар лустай Дэрэнгийн минь

Сүр сүлд

Хар голтой Дэрэнгийн минь

Хар сүлд

Уран тэлмэн хууранд хялгас нь дэргэж

Ус хонхрынхоо дуучин Норовбанзадыг дагаж

Дэлхий дүүрэн янцгаасан

Дэрэнгийн хар азарга” гэж өөрийгөө тунхагласан найрагчийн иртэй шүлгүүдийг Ерлөгийнх нь уул өндөлзөн сонсох шиг болсон. Үргэлжлүүлээд Доржпалам найрагчийн “Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь

Дурсгал болгон бие биендээ солилцож бид саллаа, би явлаа

Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар

Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо, би явлаа

Холдож явсан энэ мөчөөсөө эхлэн

Хонгор минь би чамдаа очиж яваа юм, ирж яваа юм, чамруу

Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас

Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм, чам руу…” шүлэг хайлган намрын хайрын симфони эшиглүүлснийг яана. Паламынхаа тухай Цэнджав нь “Омскийн дэлт чоно” гэж оройн үс босохоор зэвүүн хөрөг тэрлэснийг мэдэх юм. “Далаад оны сурагч биднийг Мандалговийн хотын арван жилийн сургуулийн дотуур байранд байхад нэг аймшигт амьтан гэнэт гараад ирлээ. Гашуун нясуун юм сэнгэнүүлээд энэ тэрийг сэжигтэй ажсан эвгүй харцтай, шилээ дарсан урт үстэй орос хороом гутлын түрийг гармуушиглан дарсан, улаан эрээн ороолт хайш яйш унжуулсан олигор хар нөхөр хаанаас гараад ирснийг мэдэхгүй. Тэрийг ч дэлсэж гэнэ, үүнийг ч ичээж айлгаж гэнэ, тэрний хоолойд хутга тулгаж гэнэ гэсэн дэл сул яриа хаа сайгүй дуулдах болов. Нэр ч байхгүй. Омскийн дэлт чоно л гэнэ. “Танай арван жилийн сургуулиас хамгийн гоёыг нь авч явна. Мөн ч азтай охин намайг дагаж алтан Москва үзнэ шүү дээ. Би онгоцонд суулгаад орос руу авч явна. Оросын эрээн даашинзтай охидод гайхуулна. Энэ муу шороотой аймгийг байтугай Омскийг бүхлээр нь айлгадаг юм чинь гэж хөөрлөх. Мань хашир ч хүч хэрэглэж нэг үзэж, хүзүү сунган гуйж нэг үзэж, булааж нэг үзэж, бултуулж нэг үзэж, эр хүний арван гурван мэхийг угсруулан хийсэн ч энэ тэрд олигтой тоогдсонгүй. Говь-Угтаал руугаа алга болсон уу, нөгөө алдарт Омск руугаа явсан уу, тэгсгээд дэлт чонын чимээ тасрав” гэж тэр хөрөг эхэлдэг. “…Бүр хожуу наяад оны эхээр шүлэг бичиж шаггүй нэр олчихоод байхад нь тааралдахад багын хөгтэй янз бүрийн юм яриад салсангүй. Нөгөөх алдарт хулигаан чинь хилийн цэргийн ногоон дүрэмт хувцас өмсөөд зэгсэн гүзээ суугаад махалж мяраалчихсан, хөдөлгөөн нь удааширч маг маг инээсэн, марзан юм ярьсан, ноосыг нь зулгааж байхад хивж л хэвтдэг тэмээ шиг номхон ноорхой амьтан болчихсон байх юм. Заставын офицер байснаа ярина. Хилийн муусайн хусарсан цэргүүд үгүй мөн хэцүү шүү, золтой л авгайгаа булаалгачихалгүй хилээс ирээд хотод төвхнөлөө. Харж байхад л хормойдчих гээд болдоггүй юм гэж цайлганаар инээнэ” хэмээх бичиглэлээс Палам нь зурайтал харагддаг.

Ерэн таван оны “Болор цом”-ын “Хөөрлийн шүлэг”-ээрээ булааж авсан Доржпалам найрагч хилийн цэрэг байхдаа хэдэн сайхан дуу хийсэн. Түүний нэг нь “Цэрэг чамдаа хайртай” юм. Чилаа ах Паламын “…Сэвшээ салхитай ноднин жилийнх шиг, шиврээ бороотой намрын өдөр, шинелийн товчин дээр алтан сомботой шинэхэн цэрэг чамдаа би хайртай…” дууг дууллаа. Чилаа ахынхаа дуулахыг олон сонссоон, бид. Энэ удаа дотогшоогоо мэлмэрч сонслоо. Тэр намар Их Алтайг туулаад буцахад Чилаа ах өөрийн төрсөн шүтээн уул Лүн хайрхнаасаа наашлаад Дэлгэрийн буурал талаа туулж явахдаа “Үрэл гэдэг модоороо өлгийг минь сийлсэн аав минь ээ хө, өвлийн шөнийн хүйтэнд өндийж хөхүүлсэн ээж минь ээ хө” хэмээн дуулахад өөрийн эрхгүй асгаруулан уйлж явсан даа. Аян замын ядаргаа чиг байсан уу, шартаж шаналахын зовлон чиг байсан биз. Яах аргагүй мэлмэртэл уйлаад сэтгэл онгойж билээ. Гэвч “Цохилох халуун зүрхэнд гийсэн цолмон хар нүдэнд би хайртай, шингэхэн дуутай хүүхэд зангаараа шинэхэн цэрэг чамдаа би хайртай” дуу аавын минь дуртай дууны нэг юм. Айлын том хүү намайг хоёрхон настай, миний дараагийн дүүг дөнгөж төрөөд удаагүй байхад адууч аавыг минь цэрэгт татжээ. Цас будагнасан намрын хохилзуур тэр өглөө аав хоёр нялх үрээ, гэргийгээ орхиод цэрэгт мордоход ээж яахаа мэдэхгүй уйлаад хоцорч байсан гэдэг. Гэвч сум нэгдлийн дарга Могойн Батсуурь гуай “Уурганыхаа үзүүрийг олж харахгүй шахам хараа муутай хүнийг цэрэгт татахдаа яахав” гэж комиссынхонтой ам зөрөн дайруулсаар байгаад авч хоцорсон байдаг. Тийм нэг дурсамжийн сэжүүр сөхөөд аав минь Хөшөөтийн голынхоо хул хонгор намраар энэ дууг аялдаг сан. Ийм л дуутай хууртай, найртай, найрагтай аялгуу сайхан монгол хэлнийхээ нэгэн баярыг бид Говь-Угтаалд тэмдэглэсэн юм. Эрдэнэ-Очир багшийн хань, хэл уран зохиолын ахмад багш Д.Даваасүрэн гуай Угтаалд үр хүүхдүүдээ дагуулаад оччихсон олимпиадын жаалхан сурагчдад бэлэг гардуулаад жавхаатай алхаж явна. “Хоёр багшийн дундаас төрсөн хэрнээ би чинь огт өөр мэргэжлийн хүн” гэж бага хүү Идэрцог нь хэлж байна. Тэрээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажилладаг тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Идэрийн олимпиадын аварга багш Дашзэвэгийн Отгонсүрэн аймгийнхаа төвөөс хүрэлцэн ирсэн байна. Сонирхуулахад, яруу найргийн “Болор цом”-ын эзэд гэдэг шиг “Идэрийн олимпиадын эрдэнийн тэмдэгт багш” гэсэн нэгэн дээд хүндэтгэл хэл соёлын ертөнцөд нэрлэгдэх болжээ. Увсын Минсэгийн Мягмаржав, Мягмаржавын Өлзийдэлгэр, Даваанямын Ариунаа, Хөвсгөлийн Дэмчигдоржийн Доржпагма, Говь-Алтайн Ороснуурын Сүнжидмаа, Завханы Лайханжавын Батцэцэг, Дундговийн Дашзэвэгийн Отгонсүрэн гээд Идэрийн олимпиадын эрдэнийн тэмдэгт багш нарыг нэрлэхэд сайхан байна. Эх хэлний минь дархлааг хадгалж яваа, эх орны минь тусгаар тогтнолын баталгаа болсон эрхэм хүмүүс билээ. Энэ л ерөөлийн хадган үгээр Говь-Угтаалын эрдмийн чуулганы тэмдэглэлээ өндөрлөе. Монгол хэл соёл минь өнө мөнхөд орших болтугай.


Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голоос зөвшөөрөлгүй загас барьж байсныг илрүүллээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ амралтын өдрүүдээр Хэрлэн гол дахь загасны ичээ, загасчдын гаргасан зам дагуу шалгалтын ажлын хэсгийг ажиллуулжээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй загас барьж байгаа иргэдийг илрүүлж, хариуцлага тооцох ажиллагааг эхлүүллээ. Нутгийн зарим айл өрхөөс хууль бус загасчдад загасны хөдөлгөөн, байршлын талаар мэдээлэл өгдөг, тусалдаг үйлдэл гарч байгаа тул иргэд олон нийтийг хууль бус үйлдлийг таслан зогсоохыг анхааруулсан байна.