Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 09-ний хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг тодруулсан. 2018 оны нохой жилд салбартаа манлайлсан Улсын аваргуудын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж Баянлиг сумын саальчин Цэрэнноровын Намжилмаа, Баянговь сумын малчин Цэрэнбалжирын Бат-Эрдэнэ, Шинэжинст сумын малчин Өлзийбатын Адилбаяр, Жинст сумын малчин Сойзодмаагийн Түвшин нарын Улсын аваргын шагналыг хотонд нь гардуулан өглөө. Мөн Баянхонгор сумын төлчдийн зөвлөгөөнд оролцох үеэрээ Баянхонгор сумын Шаргалжуут багийн Улсын аварга малчин Юндэндоржийн Хүрэлсүх, мөн тус сумын Улсын аварга тариаланч Доржийн Борхүү нарт Засгийн газрын шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Улсын аварга малчдад “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, аварга саальчинд “Улсын аварга саальчин” цол хүртээж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, мөнгөн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олголоо.
Баянхонгор аймгаас энэ жил Монгол Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин найм, Улсын аварга саальчин хоёр, Улсын аварга тариаланч нэг төржээ.
2018 онд малчид, тариаланчид маань хичээж ажиллалаа. Та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг Засгийн газраас үнэлж Улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай гэдгийг ЗГХЭГ-ын дарга шагнал гардуулахдаа тодотгож байлаа.
Улсын аварга малчид гэдэг аварга л байдаг юм байна. Малынхаа үржил угсааг сайжруулсан, хашаа хороогоо барьсан, аргал түлшээ нөөцөлсөн, ахуй амьдралаа цогцлоосон жишиг нь аваргуудын хөдөлмөрч, малч ухааныг тод харуулж байна. Хашаа хороо, өвс тэжээл, маллагаагаа өвөг дээдсээсээ уламжлаад зогсохгүй үр хүүхэддээ өвлүүлж байна.
Аав, ээжээсээ малч ухааныг өвлөсөн, нутгийн олондоо хүндлэгдсэн, мал маллаад зогсохгүй морь уяна, адуу сайхан эдэлнэ. Хань ижил үр хүүхэддээ түшигтэй, ойр орчмынхоо малчид, иргэдэд тусалж дэмждэг шилдгүүд маань Улсын аварга болжээ. Малчин хүүхдүүд биеэ даасан, өөрийн гэсэн бодолтой, эх оронч сэтгэлтэй байдгийг мэдэрч байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд Г.Занданшатар хэллээ. Малчид бол монгол ахуй, нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээгчид. Бид малчдаа бодлогоор дэмжиж ажиллах учиртай гэлээ
Баянхонгор аймагт цас багатай, дулаахан өвөл болж байна. Хавар урт, зүтгүү болох төлөв байна. Гэсэн ч бэлтгэлээ сайтар базаасан тул өвөл, хаврыг өнтэй давна гэж аваргууд ярьж байлаа.
Малчид малынхаа тоонд бус чанарт анхаарч эхэлжээ. Малын тоо өсөх нь сайн боловч нөгөө талаасаа бэлчээрийн даац хэтрэх, чанаргүй мал олон болох, энэ хэрээр хүн хүч, хөдөлмөр илүү шаардана гэж малчид ярьж байна.
Баянхонгор аймаг Бэлчээр ашиглах үлгэрчилсэн журмыг баталж, сумд бэлчээр хамгаалах журам боловсруулж ажиллаж эхэлжээ. Бэлчээрийн даацаас хэтэрсэн хэмжээндээ багийн иргэдийн хурлаас тогтоосон хураамжийг Бэлчээр хамгаалах санд төвлөрүүлж байгаа. Энэ мөнгийг багийн хурлаар хэлэлцүүлээд худаг ус, цэг гаргах, өвөлжөө, хаваржаа засах, бэлчээр хамгаалах, цаг уурт зориудаар нөлөөлж хур тундас оруулах зэрэг ажилд зориулна. Энэ нь малын тоо толгойг зохистой хэмжээнд барих сэтгэлзүйг ч малчдад суулгаж байна. Үүний үр дүнд аймгийн мал сүрэг 7,8 хувиар буурч 380 мянгаар буурч, тус аймаг 2018 оны тооллогоор 4 сая 200 гаруй мянган мал тоолуулжээ. Хэт олон мал бэлчээрийг доройтуулж, бэлчээр сэргэх боломжийг үгүй болгож байгаа юм гэж аймгийн удирдлагууд хэлж байлаа.
Амралтын өдөр гэж үгүй, жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажилладаг малчдаа анхаарч, тэдэнд хандсан бодлогоо Засгийн газар үргэлжлүүлнэ. Засгийн газар хүнс экспортлогч орон болох зорилт тавиад буй. Энэ зорилтыг ажил хэрэг болгоход малчид, тариаланчдын үүрэг оролцоо их гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар малчид, хөдөлмөрчидтэй уулзахдаа ярьж байлаа.
Тэрбээр нутгийн хүүхэд залуус, хөгшчүүлтэй уулзаж, ярилцан санал зөвлөгөөг нь сонсч явлаа. Шинэжинст сумын малчин Өлзийбатын Адилбаярынд шагнал гардуулах үеэр хотны хүүхдүүдтэй ярилцсан юм. Хүүхдүүд,
-Малаа хариулж явахад сэтгэл амгалан, сайхан байдаг. Тэгээд л малчин болно гэж бодсон. Адилаа ах шигээ сайн малчин болно.
-Хүмүүст гайхуулмаар малчин адуучин, уяач бөх болно.
-Улсын аварга өвөөгөө дуурайсан малчин болно. Эр хүн адуутай нөхөрлөх сайхан. Эр хүний чимэг бол сайн морь.
-Нутагтаа малчин болно, бид энэ нутгийнхаа эзэн нь шүү дээ гэж тов хийтэл хариулж байлаа.
Улсын аварга малчин Ө.Адилбаярын ээж,
-Манайх арван хүүхэдтэй. Улсын аварга аавыгаа өвлөн зургаан хүү минь малчин болсон. Ач нар маань ч малчин болно гэдэг юм. Мал маллах хамгийн сайхан ажил гэж би хүүхдүүддээ хэлдэг. Өглөө эрт босч, орой аажуу унтдаг хүн л амжилтад хүрдэг юм даа, хүүхдүүд минь гэлээ.