Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг хувийн хэвшлийнхэн нэгдэж хийх хэрэгтэй

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ нартай ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил ямар түвшинд байна гэж та бүхэн харж байна?

Ч.Ганхуяг: -Монгол Улсын хувьд 90-ээд он хүртэл хуучнаар социалист орнуудын хамтын нийгэмлэгийн эдийн засгийн бүсэд багтаж байсан учраас үндсэндээ хөтөлгөө морь шиг явдаг байсан. Үүний дараа эдийн засгийн гол хамтрагч нараасаа салсан, эдийн засгийн систем өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төрийн мэдэлд байсан бүх үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, хувьчлал явагдаж, мөнгө, санхүүгийн гэх мэт бүх системийн өөрчлөлт явагдаж эдийн засаг хүнд хямралын байдалд орсон. Энэхүү шилжилтийн үе нилээд удаан явагдсаны эцэст тогворжиж, 2005, 2006 оноос эхлэн зах зээлийн эдийн засгийн харилцаа харьцангуй төлөвшиж гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол Монгол Улс руу чиглэж, бизнес, хувийн хэвшлийн хөгжлийн гарц маань зөв гольдролд орж эдийн засаг сэргэж эхэлсэн. 2011 онд эдийн засгийн өсөлт оргилдоо хүрч дэлхийг алмайруулсан бол гадаад орчны нөлөөлөл, эдийн засгийн буруу бодлогын үр дүнд бид 2016 он хүртэл бид буцаад ухарсан гэж хэлж болно. 2018 онд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайн гарлаа. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, төсөв нь ашигтай гарч, төр энэхүү төсвийн орлогоороо хуримтлагдсан өрөө нимгэлэхээс гадна төрийн албан хаагчид, эмч, багш нарынхаа цалин, төрийн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудаа санхүүжүүлэх боломжтой болж байна. Эдийн засгийн эдгээр эерэг үзүүлэлтүүдийг төрийн алсыг харсан онч бодлого бус бизнес эрхлэхэд нэн таагүй орчинд ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн л бий болгож, төсвийн орлогын 90 гаруй хувийг манай топ компаниуд бүрдүүлсээр байгаа.

Түүнчлэн сүүлийн 30 жил уул уурхайн салбар биднийг тэтгэж ирсэн. 90-ээд оны хүнд хэцүүг Эрдэнэт үйлдвэр ганцаараа нуруундаа үүрээд давахад тусалсан. Харин одоо гадаад, дотоодын олон компани, хувийн хэвшлийнхэн томоохон хөрөнгө оруулалтыг хийж, бүтээн байгуулалтуудыг хийж, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулдаг болоод байна. Олон улсын стандартын дагуу хэд хэдэн цементийн үйлдвэр байгуулагдаж импортоор цемент авах шаардлагагүй боллоо. Энэ бүх ололт амжилт бол төрийн алсыг харсан онч бодлогын үр дүн биш харин хувийн хэвшлийнхний зүтгэлийн ололт юм гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Яагаад төрийн бодлого эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлж чадахгүй байна гэж та үзэж байна вэ?

Ч.Ганхуяг: -2005-2006 оны үед эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлсэн үеэс л популист улс төрийн тухай ойлголтын үндэс бий болсон нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж, улс төрчид маань өөрсдөө дахин сонгогдохын тулд гадаадын хөрөнгө оруулагчид, амжилттай яваа бизнес эрхлэгчдээ нийтээр нь харлуулж, бүгдийг нь авилгач, олигарх, улс төрчидтэй нэг оронд орсон хэмээн хар бараан төрхийг олон нийтэд тарааж эхэлсэн. Энэ нь эргээд улс орныг хар ангал руу түлхэж байна. Үүний жишээг бид холоос хайх хэрэггүй. Манайхтай төстэй байгалийн баялаг ихтэй Венесуэль улс 50-60 жилийн өмнө эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд дөрөвдүгээр байранд ордог байсан бол одоо улс төрийн популизмаас болоод хамгийн их ядууралтай, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдсэн, эдийн засаг, улс төрийн хувьд хамгийн тогтворгүй улс болчихлоо. Үүнээс харахад популизмын өртөг нь хувь хүний болон бизнесийн эрх чөлөөгүй, иргэд нь ядуу, айдастай, мэдлэггүй, сэтгэлгээний ядууралтай нийгэм болдог гэж харагдаж байна. Иймэрхүү улс төрийн тогтворгүй байдал, хөгжлийн бодлогоо сонгуулийн дөрвөн жилээр хардаг байдлаас болоод л төр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадахгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр ийм байдлыг би иргэнийхээ хувьд таслан зогсоох ёстой гэж бодож байна. Түүнчлэн бизнесийн төлөөллийн хүний хувьд бизнес эрхлэгчид нэгдэж, тодорхой хэтийн зорилгын төлөө хамтран ажиллаж, эдийн засаг, нийгмийн хөгжилд саад болж буй асуудлуудын эсрэг хамтдаа тэмцэж, хамтран урагшлахгүй бол Монгол Улс маань сүйрэх нь ээ л гэдгийг хэлээд байгаа юм. Иймээс төр зөв зохистой бодлогоо хэрэгжүүлж, хэрүүл маргаанаа зогсоогоод ажлаа хийгээд явбал бидэнд сайхан ирээдүй бий гэдэгт итгэдэг.

Б.Хаш-Эрдэнэ: Дээр нь нэмээд хэлэхэд сүүлийн үед “эдийн засгийн алуурчин” гэх нэршил их яригдах болсон.Ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг нэрлэж ойлгоод байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Монгол Улсын хувьд жинхэнэ эдийн засгийн алуурчин нь популист улс төрчид болчихоод байна. Популист улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдэл, улс төрийн тоглоомын золиос, өртөг нь манай улсын бизнес, эдийн засгийн зогсолт болоод байгааг бүгд харж байна. Иймээс л хувийн хэвшлийнхэн нэгдсэн зорилгын төлөө хамтдаа урагшилж, “монгол эдийн засгийн алуурчид”-ын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг зогсоож чадна.

-Төр засгийн зүгээс хувийн хэвшлээ хэр дэмждэг вэ?

Ч.Г: -Хувийн хэвшлийг дэмжих төрийн хамгийн бодит дэмжлэг бол тогтвортой байдал. Төр нь тогтвортой, бодлого журам нь ойлгомжтой, гаргасан хууль эрх зүйн актууд нь бүгдэд тэгш үйлчилдэг, төр нь өөрөө бизнестэй хутгалдахгүй байх хэрэгтэй юм л даа. Хувийн хэвшлийн хийж чадаж байгаа ажлыг төр хийх хэрэггүй. Ойрхон жишээ хэлэхэд “Монгол Шуудан” компанийг хувьчилсан нь сүүлийн 30 жилд хийсэн хамгийн зөв хувьчлал болсон. Хувьчлал нээлттэй болж, хөрөнгийн зах зээл дээр гаргаж, маш олон хүн хувьцаа худалдан авч оролцсон. Энд төр нь хувийн хэвшлийн, гадаад дотоод хувьцаа эзэмшигчидтэй нэг ширээний ард суучихаад асуудлын гаргалгааг гаргаад ажиллаж болж байгааг харуулж байна. Харин ганцхан өөрийнх нь өмч юм шиг удирдаад байгаа нийтлэг дүр төрх хувьцааг нь худалдан авсан жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн эрхэд халдаж байгаа үйлдэл болсоор байгаа. Өнөөдөр төр өөрөө нүүрс ухах ёстой юмуу. Төр өөрөө үйлдвэр барих ёстой юм уу. Өөрөө санхүүжүүлээд удирдаад явах ёстой юу гэх зэрэг олон асуулт гарч ирж байна. У. Хүрэлсүхийн засгийн газар энэ бүхэнд дүгнэлт хийж, бизнес эрхлэгчдэд таатай зөв бодлогыг гаргаж ирнэ гэж найдаж байна. Бизнес эрхлэгчдээ дэмжихгүй юмаа гэхэд ядаж саад болохоо л больчихвол эдийн засаг маань маш хурдан хөгжих бүрэн боломж бий. Төрийн зүгээс хувийн хэвшлийг олон талаар дэмжиж байна гэж ярьдаг. Гэтэл энэ үнэн хэрэг дээрээ тэр дэмжлэг нь жижиг аж ахуйн нэгжүүдэд хүрч чадаж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр төр бизнесийн цогц таатай орчинг бодлого, хууль, эрх зүйн орчноороо бүрдүүлж өгөөд бусад бүх үйл ажиллагааг нь хувийн хэвшлийнхэн хийдэг байх нь зүйтэй юм.

Б.Х: -Аж ахуйн нэгжүүдийг дэмжих хамгийн энгийн арга бол тэдний үйл ажиллагаанд төр саад болохгүй байх юм. Төр өөрөө хөрөнгө оруулалтаа хийгээд, өөрөө үйлдвэрээ бариад, өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрөө худалдаж аваад байх нь хамгийн зохисгүй байдал. Энэ бүхэнд гар цайлгах, танил тал харах, улстөрийн нөлөө орох гэх мэт зохисгүй маш их асуудал үүсгэдэг. Энэ нь хувийн хэвшлийн хөгжилд хамгийн том саад болж байна. Өндөр хүүтэй зээлээр бизнестээ хөрөнгө оруулалт хийж байгаа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авах чадвар муутай зах зээлд арай ядан борлуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж яаж төр хэмээх ийм том хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, худалдан авагчтай өрсөлдөж чадах юм бэ.

-Тэгвэл бид ямар бодлогоор хэрхэн хөгжих ёстой гэж бодож байна?

Ч.Г: -Юуны түрүүнд бид өөрийн үндэсний онцлог болон даяаршсан дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайтар ойлгож тусгасан эдийн засгийн хөгжлийн өөрийн гэсэн загварыг бий болгож энэ дагуу цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний үндсэн дээр өөрсдийн чиглэж явах хэтийн зорилго, урт хугацааны төлөвлөгөөгөө гарган түүнийхээ төлөө нэгдэж, нэгэн зүгт чиглэн явах шаардлагатай. Гол нь төр хэн байх вэ гэдгээ өөрсдөө ойлгох ёстой. Төр урт хугацааны бодлого, чиглэлээ гаргаад, түүнийгээ хамгаалах эрх зүйн тогтвортой орчинг нь гаргаад л өгчихвөл хувийн хэвшлийнхэн тэр хүрээнд нь өөрсдөө ажиллаж, ажлын байраа бий болгоод эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулаад явчихна. Энгийнээр хэлбэл, төр хөлбөмбөгийн талбайг нь засаж өгөөд, шүүгчээ гаргаад, үзэгчдээ татаад аваад ирэх ёстой. Харин хувийн хэвшил нь тэр зассан талбайд нь тоглолтоо хийх ёстой л гэсэн үг. Гэтэл өнөөдөр шүүгч нь болох төр өөрөө хөлбөмбөг тоглоод, нөгөө багийн хувийн хэвшлийнхнийг тоглох гэхээр шүгэлдэж зогсоогоод байна.

Б.Х: -Өнөөдөр хамгийн эр зоригтой хүмүүс бизнес хийж байна. Өмнөө байгаа бүх хана, саадыг давж байна. Эдгээр ханыг төр л бий болгож байна. Бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа хамгийн том асуудлын нэг бол хөрөнгө оруулалтын асуудал. Манай санхүүгийн зах зээл дээрээс бид банкнаас л өндөр хүүтэй зээл авна, өөр сонголт бараг байхгүй. Түүнчлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ гэхэд борлуулах зах зээл байхгүй. Дотоодын зах зээлийн худалдан авах чадвар сайнгүй, бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэхээр манай гадаад худалдааны нөхцлүүд хүнд байна. Үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах гэхээр хүний нөөцийн чадавх сул, ажил хийх сонирхолтой хүмүүс маш цөөн байна. Үүнд нэг талаасаа хүмүүсийн сэтгэлгээ, боловсролын систем, нөгөө талаас зарим аж ахуй нэгжүүд санхүүгийн хүндрэлээс болж ажилчдынхаа хөдөлмөр, бүтээмжийг сайн үнэлж чадахгүй байгаагаас шалтгаалж байна. Иймээс бид хөгжлийн загвар, хэтийн зорилгоо тодорхойлсны үндсэн дээр өөрсдийн давуу талууд болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан аль салбаруудаа түлхүү анхаарч хөгжүүлэх ёстойгоо тодорхойлж тухайн салбаруудаа хөгжүүлэхэд шаардлагатай бүх факторуудыг нэгтгэсэн гинжин хэлхээ бүхий бүтцийг бий болгож хэрэгжүүлэх нь зүйтэй.

-Төрөөс тогтвортой урт хугацааны бодлого хэрэгжүүлэх ёстой юм байна тийм үү?

Ч.Г: -Ердөө л наад санаа чинь. Хамгийн чухал зүйл тогтвортой байдал. Хэн дуртай дарга нь орж ирээд бодлого, эрх зүйн орчинг нь өөрчлөөд байдаггүй байх хэрэгтэй. Төрөөс яриад байгаа хөгжлийн цогц бодлого маань үгүйлэгдээд байна. Эвлэлдэн нэгдээд улс орны хэтийн зорилго юу вэ гэдэг дээр нэгдэж чадахгүй байна. Манай боловсролын системээс дэлхийд өрсөлдөх чадвартай хүмүүс бэлтгэгдэхгүй байна. Цэцэрлэгээс их сургууль хүртэл боловсролын бүх түвшинд төр бодлогоор нөлөөлж чадварлаг бизнесмэн, инноватор, багш, эмч нарыг бэлтгэх ёстой. Бид Монгол Улсын өрсөлдөх чадвар гэж ярьдаг. Улс гэдэг дээрээ төртэй, доороо иргэнтэй. Юугаар нь өрсөлдөх чадварыг тодорхойлдог вэ гэвэл хүмүүсийнх нь мэдлэг чадвараар нь тодорхойлдог. Сингапур яаж ингэж хөгжсөн юм? Ердөө л иргэдийнхээ мэдлэг, чадварыг л сайжруулсны үр дүн. Тэд өөрсдийнхөө боловсролын салбарт л анхаарч, хөгжүүлсэн. Австрали 20-30 жилийн дотор уул уурхайд түшиглэсэн улс байснаа эдийн засгийн бүтцээ өөрчилж, одоо ДНБ-ийхээ 1/4 -ийг боловсролын салбараас бүрдүүлдэг болсон. Үүнээс л тухайн улсын төрийн бодлого харагдаж байна. Гэтэл бид энэ хугацаанд хоорондоо хэрэлдэж, төмөр зам барих, барихгүй тухай ярьсаар байгаад л өнгөрлөө. Энэ хэрүүл тэмцлээрээ бид ирээдүй хойч үеийнхээ оюун бодол, сэтгэлийг нь хордуулж байгаагаас гадна биеийг нь хотын хорт утаагаар хордуулж байна. Төрийн бодлого байхгүйгээс үндэстнээрээ утсан загас болж байгаа юм. Популистуудын хувьд сонгогчид нь ядарсан, чичирсэн, даарсан, айдастай, ядуу, тэнэгдүү байвал өөрсдөд нь амар, байнга сонгогдож чадна гэж үздэг. Ийм болохоор л манай популист улс төрчид хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулж, эх орноо хөгжүүлэх тухай бодох сонирхолгүй байгаад байна. Өрсөлдөх чадвар гэхээр хотыг заавал ярих шаардлагатай болдог. Өрсөлдөх чадвартай хотын жишээ бол Дубай байна. Тэнд гадаадын хөрөнгө оруулагчид бизнесээ эхлүүлээд, хөрөнгө оруулалтаа хийхэд маш хялбар байна. Амьдрах орчныг нь дээд зэргээр бүрдүүлж өгсөн. Татвараас хүртэл чөлөөлж байна. Гэтэл манай Улаанбаатарт төр нь иргэнээ ядаж модон жорлонд бие засуулахгүй болгочиж чадахгүй байна, утаагаар амьсгалуулахгүй байх ажлуудыг хийж чадахгүй байна. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуулинд нь заачихсан байдаг. Гэтэл харамсалтай нь төрийн буруу бодлогоос болоод хөдөө амьдарч, бизнес, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, хөдөө, орон нутаг эзгүйрээд байна. Сангийн дэд сайд байхдаа ч би энэ талаар ярьж л байсан. Хөдөө амьдарч байгаа хүмүүсийн татварыг нь тэглэчих, НДШ-ийг нь улсаас даачих, хөдөө үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын татварыг тэглээд цалинг нь нэмчих. Тэгэхэд л энэ утааны асуудал дорхноо шийдэгдэнэ. Удаан хугацаанд үр өгөөжөө өгөх тэтгэврийн тогтолцооны, баялгийн удирдлагын, төрийн өмчийн хувьчлалын бодлого, түүний хэрэгжилт үгүйлэгдсээр байна.

-Тэгвэл бизнесийн орчинг сайжруулахын тулд юу хийх ёстой гэж бодож байна?

Б.Х: -Тогтолцоонд нь өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна. Бодлого тодорхойлогчид маань хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө сонгуулийн дөрвөн жилээр л гаргадаг. Эдийн засгийн хөгжлийн хоёр тулгуур болох капитал болон хөдөлмөр хоёрын тэнцвэртэй харилцаа алдагдсан. Өнөөдөр манай нийгэмд хөрөнгө буюу капиталыг маш өндрөөр үнэлж, хөдөлмөрийг багаар үнэлж байгаа учир бидэнд тулгарч буй авилгал, хээл хахуулиас эхлээд ихэнх сөрөг үр дагаврууд бий болоод байна. Гэтэл хөдөлмөргүйгээр “цэвэр” хөрөнгө үүсэх боломжгүй, хөрөнгө оруулалтгүйгээр хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх боломжгүй. Юуны түрүүнд төрийн зүгээс саад болдог олон шат дамжлага, хүнд суртлыг арилгах тал дээр шокын арга хэмжээ авах хэрэгтэй. Бид энэ асуудлыг олон жил яриад үр дүн гарахгүй байгаа учраас шокын гэж хэлж байгаа юм. Үүнд төрийн зарим үйлчилгээнүүдийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг болох хэрэгтэй. Цахимжуулах, саад болж байгаа бүх дарамтуудыг хууль, эрх зүйн баримт бичгүүдээс авч хаях хэрэгтэй. Одоо УИХ-д өргөн баригдаад байгаа татварын багц хуулиуд дээр Сангийн яамнаас маш сайн ажиллаж олон нийтийн дунд идэвхтэй хэлэлцүүлгүүд хийж саналуудыг нь авах ажлуудыг зохион байгуулсан. Гэхдээ олон нийтээс ирсэн саналуудыг тусгасан уу үгүй юу гэдэг нь асуултын тэмдэгтэй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төслийн 20 гаруй хуудас тэр чигтээ татварын байгууллага, татварын байцаагч нарын эрхийг хуульчилсан байгаа. Тэнд татвар төлөгчдийн эрхийг тодорхойлж, хамгаалсан зүйл юу ч байхгүй. Татвар төлөгчид үүрэг хүлээж байгаа бол бас эрхтэй байж, эрхээ эдэлдэг байх ёстой биз дээ. Ийм жишээ ганц татварын хуулин дээр биш төр, хувийн хэвшлийн харилцаж байгаа бараг бүх харилцаан дээр төр, төрийн ажилтан давуу эрхтэй, хүлээх үүрэг, хариуцлага байхгүй. Харин татвар төлөгчид, иргэд, бизнес эрхлэгчид ямар ч эрхгүй, үүрэг хүлээдэг, ийм л тэнцвэртэй бус харилцаатай байдаг.

-Та бүхэн яагаад МҮХАҮТ-ын удирдлагад нэр дэвшихээр шийдэв?

Ч.Г: -Бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрийн байгууллагуудад хүргэх зорилгоор “Гүйцэтгэх захирлуудын клуб”-ийг би санаачлан байгуулж гишүүнээр нь ажиллаж байна. “Монголын эдийн засгийн форум”-ыг би бас санаачлан байгуулаад хувийн хэвшил нь төртэйгээ нүүр нүүрээ харж байгаад асуудлаа ярилцаж шийдвэрлүүлдэг механизм болгон ажиллуул үзлээ. Улстөрчид орж ирээд хутгаад үйлмүүлсэн. Манай компани энэ одоог хүртэл энэ форумын хамгийн том хандивлагч нь болоод л явж байна. Улаанбаатар хотын бизнесийн орчныг ярьдаг, хамтарч ажилладаг платформ бий болгох зорилгоор “Улаанбаатар хотын худалдааны танхим”-ыг олуулаа нийлээд байгуулж, удирдах зөвлөлд нь ажиллаад, татвараа төлөөд явж байна. Энэ бүхнийг хийсэн гол санаа маань бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төрд илэрхийлдэг, бизнес эрхлэгчид бидэнд төрөөс учруулж байгаа саад тотгорыг арилгахад өөрийн хувь нэмрээ оруулах л зорилготой байсан. Хэдийгээр дээрх бүх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа сайн явуулж байгаа ч бид улам олуулаа нэгдэж төр засагтайгаа хамтрах зүйл дээрээ хамтардаг, шаардлагатай зүйл дээрээ дуу хоолойгоо гаргаж, шахалт үзүүлдэг болох шаардлагатай байсаар байна. Ийм учраас миний хувьд Монголын нийт бизнес эрхлэгчдээ төлөөлөн тэдний төлөө гадаад, дотоодод монголын хувийн хэвшлийнхний бодлогыг ойлгуулж, тодорхой үр дүн гаргаж ажиллах зорилгоор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Танхим бол бизнесийн дээвэр байгууллага. Танхимыг хөгжлийн ийм шатанд хүргэсэн хүн нь Дэмбэрэл дарга. Одоо танхимыг хөгжлийн дараачийн шатанд нь гаргах хэрэгтэй байна. Би танхимын ерөнхийлөгчөөр ажиллахдаа цалин, хангамж авахгүй. Танхим бол төрийн бус байгууллага, тиймээс яахаараа надад цалин өгөх ёстой юм. Би сайн дураараа нийтлэг эрх ашгаа хамгаалья, нэгдье гэж хүмүүст уриалчихаад тэндээс цалин нэхэх утгагүй. Ингэж эхэлбэл цаашаа ч явахгүй.

Б.Х: -МҮХАҮТ-ын үйл ажиллагаа бодлогын буюу бизнесийн өмгөөлөл болон бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлтэй байдаг. Би 10 жил тус танхимд ажиллаж байхдаа Танхимын Бодлогын газраар ажиллаж танхимын өөрийнх нь хөгжлийн бодлогыг тодорхойлж, үйл ажиллагаанд хяналт тавьж, орон нутгийн салбар танхимуудаа удирдаж, хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн дуу хоолой, саналыг нь төр засгийн байгууллагуудад хүргүүлж ажиллаж байсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хөндлөнгөөс хараад байхад бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг, илэрхийлдэг бодлогын өмгөөллийн ажлаа сайн хийхгүй байна. Иймээс Танхимын Гүйцэтгэх захиралд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж танхимын бодлогын өмгөөллийн ажлыг улам эрчимжүүлэх, танхимыг хөгжлийн дараагийн шинэ шатанд гаргахад Ерөнхийлөгчдөө дэмжлэг үзүүлж ажиллах зорилготой байгаа.

-Тэгвэл цаашид танхимын үйл ажиллагааг хаашаа чиглүүлж, ямар тодорхой ажлууд хийх вэ?

Ч.Г: -Би ажил хийх гэж, өөрчлөлт оруулах гэж тэнд нэрээ дэвшүүлж, сонгогдвол очно. Надтай хамт мэргэжлийн баг бүрэлдэх ёстой. Танхимаа мэддэг, асуудлаа мэддэг хүмүүс тэнд ажилласан туршлагатай хамгийн гол нь сэтгэлтэй хүмүүс байх ёстой. Танхимын дарга орон тооны бус байдлаар ч ажлаа хийж болно гэж бодож байгаа. Олон улсын байгууллагын хуралд суух гэж, гадаадад аялах гэж, хувийн хэрэгцээг хангах гэж тэнд очихгүй. Өнөөдөр танхим бизнесийн хамгийн том төлөөллийн байгууллага. Нийт бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилт дэвшүүлэх ёстой. Төртэй гурван талт хэлэлцээрт танхим зайлшгүй ордог байх ёстой. Энэ тал дээр ажил олгогч эздийн холбоотойгоо хамтран ажиллана гэж бодож байгаа. Танхим Дэлхийн Эдийн Засгийн Форумд Монгол Улсыг төлөөлж оролцох ёстой. Мөн Монголын Эдийн Засгийн Форумыг гардан зохион байгуулдаг байх нь чухал. МҮХАҮТ нь бүх бизнесийн холбоодтойгоо шүхэр зарчмаар хамтран нэгдэн ажиллаж, хоорондын зохицуулалтыг хийж ажиллахын төлөө явах ёстой. Мэргэжлийн холбоодын удирдлагууд бүгд танхимд төлөөлөлтэй байх нь чухал гэж үзэж байна. Танхим өөрийн гишүүн компаниудын бүртгэлийн ажлыг ч цахимжуулж, цэгцтэй болгох хэрэгцээ байна. Хөдөө орон нутагт салбар танхимуудаа бэхжүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хийх шаардлагатай байна. Хөдөө орон нутгийн танхимын төлөөлөл нийслэл хотын танхимтай тулж ажиллах ёстой. Бизнесийн салбар бүрийн чиглэлээ хариуцсан дэд зөвлөлүүд дор бүрнээ үйл ажиллагаагаа сэргээгээд ажилладаг болох ёстой. Ингэснээр бид нэг талдаа гарч, нэг байр сууринаас асуудлыг шийдүүлэхийн төлөө зангидсан гар шиг ажиллах боломжтой. Түүнчлэн бид Танхимын дэргэд сэтгүүлчдийн боловсролын төвийг байгуулж, ажиллуулах ёстой, энэ нь эргээд залуу үеийг зөв хөгжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төв болгох ёстой, гадаад хөрөнгө оруулагчидтай монголын бизнес эрхлэгчдийг холбож өгдөг төвийг байгуулж, түүгээрээ дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг, гомдлуудыг нь хүлээж авч шийдвэрлүүлдэг болох ёстой, PR компанит ажлуудыг улс орон даяар зохион байгуулж, олон нийтийн эдийн засгийн, бизнесийн, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх талын олон ажил хийх ёстой. Эдгээр нь бүгд нийгэм, хувийн хэвшлийн хөгжлийг зөв чигт хандуулах, шинэчлэхэд чиглэгдэнэ.

Б.Х: -МҮХАҮТ бол энгийнээр хэлэхэд мөс хагалагч байх ёстой. Нийт бизнес эрхлэгчдийг манлайлдаг, тэдний өмнө тулгарч байгаа хаалт, мөсийг нь хагалж өгч бизнесээ тогтвортой, таатай орчинд явуулах боломжийг нь бүрдүүлж өгдөг, бизнес эрхлэгчдийг зөв зам жимээр эрсдэл багатай явахад нь тусладаг байгууллага байх ёстой юм. Гадаадын танхимууд ч яг л ийм зарчмаар ажилладаг. Иймээс юуны түрүүнд бид бизнес эрхлэгчдийн нийтлэг болон тухайлсан эрх ашгийг хамгаалдаг үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ. Саяхан нийгэм даяар шуугисан ЖДҮ-ийг Дэмжих Сангийн Удирдах зөвлөлд нь танхимын төлөөлөл байсан. Гэтэл энэ сангийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт болж ажиллаж чадсан уу? Энэ бол бодлогын өмгөөллийн ажлын нэг хэсэг. Түүнчлэн бид танхимын дэмжин урамшуулах үйл ажиллагааг жижиг, дунд, том бүх гишүүдэд хүртээмжтэй болгоно. Тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлнэ. Энэ хүрээнд гадаад, дотоодын хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт олж авах гүүр нь болох, гадаад зах зээлтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ холбож, худалдан авагчидтай нь тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход нь туслах, гадаад, дотоодын зах зээл дээр бизнес эрхлэгчдээ нэгдсэн бодлогоор сурталчилах, эрх ашгийг хамгаалах олон ажлуудыг хийх юм.


Categories
мэдээ нийгэм

​“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлнэ

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн ажлыг гүйцэтгэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудаас хангахаар тусгагджээ.

” Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум гэх хоёр компани нэг нь 60, нөгөө нь 40 хувиар нийлж консерциум болон энэ төсөлд оролцож байна. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хамгийн дэвшилтэт технологийг энэ төсөл дээр ашиглаар болж байгаа юм.

Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ахуйн бохир усыг Монгол Улс болон олон улсын стандартын шаардлагыг ханган цэвэрлэж, Туул гол, хүрээлэн буй байгаль орчны бохирдлыг буурах юм. Түүнчлэн шинэ цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг АНУ-ын Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжийн компакт гэрээний хүрээнд хэрэгжих “Ус дахин боловсруулан дулааны станцуудын хөргөлтийн системд ашиглах төсөл”-ийн хүрээнд дахин үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглаар болсон байна.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг нээж БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудын нэг нь шинээр барих цэвэрлэх байгууламжийн төсөл юм.

Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 метр/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл, дэвшилтэт шинэ технологитой. Цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ хавар эхлүүлж, 36 сарын хугацаанд, батлагдсан ТЭЗҮ-д тусгасан технологийн дагуу хуучин цэвэрлэх байгууламжийн залгаа байршилд барина.Төслийн нийт өртөг 267 сая ам.доллар. Хоёр улсын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхээр “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум” шалгарч, өнөөдөр гарын үсэг зурж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

​B737MAX-8 агаарын хөлөг өнөөдөр хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий B737MAX-8 агаарын хөлгийг өнөөдөр хүлээн авч байна.

МИАТТӨХК нь өнөөдрийн байдлаар 2 ширхэг B767-300, гурван ширхэг B737-800, нэг ширхэг B737-700 агаарын хөлгөөр олон улсын ес,орон нутгийн нэг чиглэлд нислэг үйлдэж байна. ИйнхүүB737MAX-8агаарын хөлөгтэй болсноорнийт долоон агаарын хөлөгтэй боллоо. Дэлхийн агаарын тээвэрлэгч бүр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, найдвартай, тохилог агаарын хөлгийг эрэлхийлж буй өнөө үед B737MAX-8 агаарын хөлөгагаарын тээврийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа дундын зайн хөлөг юм.

IE-MNG бүртгэлийн дугаартай B737MAX-8 агаарын хөлгийн давуу тал:

  • B737NG загвартай харьцуулхад түлшний зарцуулалт14 хувиар багссан.
  • Дуу чимээ 40%-иар бага.
  • Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгалд ээлтэй.
  • Oneboard wi-fi -тай , суудал бүр USB цэнэгнэлчтэй.
  • Бизнес 12, энгийн 150 суудалтай.
  • Их биеийн өөрчлөт шинэчлэлүүд:

-Хөдөлгүүрийг шинэчлэн CFM LEAP-18 хөдөлгүүртэй болсон ба хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.

– Сүүл болон далавчны дизайн шинэчлэгдэн аердинамик үзүүлэлт нэмэгдсэн.

  • Нисгэгчийн бүхээгийн доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.
  • Дээрх өөрчлөлтүдийн тусламжтайгаар нислэгийн алслат тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
  • Зорчигчийн тав тухыг хангах үүднээс бүхээгийн гэрэлтүүлэг Sky Interier дизайнтай хийгдсэн.

Б.Цэндсайхан

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг батлан даалтад гаргалаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг тус бүр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Д.Дорлигжавыг батлан даалтад гаргах шийдвэрлэлээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад нэр дэвшүүллээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын даргаар сонгогдсон. Түүний оронд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшүүллээ. Уг асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжсэн байна. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, маргааш эцэслэн шийдвэрлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 76 дугаар тогтоолоор батлагдсан “Тохижилт, цэвэрлэгээний талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас дагаж, мөрдөх журам” болон бусад дүрэм, журмын дагуу уламжлалт сар шинийн баярын өдрийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг бямба гаригт зохион байгуулах гэж байна. Иймд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд 50 метр орчмын их цэвэрлэгээнд зохион байгуулалттай оролцож, сар шинийн баяраа угтахыг аймгийн Захирагчийн ажлын албанаас уриалж байна. Цэвэрлэгээний ажилд бүх шатны Засаг дарга нар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба хяналт тавин ажиллах аж. Энэхүү ээлжит их цэвэрлэгээний үеэр Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөс, хог хаягдлыг цэвэрлэхийн зэрэгцээ хайс, хашлага, хогийн сав, сандал, хөшөө, баримал, гэрлийн шон, эвдэрч гэмтсэн хашлагыг засварлаж нөхөх, шатсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сольж, сайжруулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн сургалт боллоо

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жилийн анхны сургалтад хамрагдсан 30 иргэнээс 12 нь мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээгээ гардан авч, мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн эгнээд нэгдэн ороод байна.

Энэ удаагийн сургалт нь Дэлхийн Хөтөч, тайлбарлагчдын холбооноос бэлтгэгдсэн сургагч багш, хөтөлбөрөөр зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.

Дараагийн сургалт 2, 3, 5, 11 дүгээр саруудад зохион байгуулагдах бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачлагаар тавдугаар сарын сургалтыг Хотын аяллын мэргэшсэн хөтөч, тайлбарлагчдаар бэлдэнэ.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: УИХ-аас хяналт шалгалтын төр хороодыг байгуулах, санаачлагыг дэмжиж хүчээр тэтгэж ажиллана

Г.Занданшатар: УИХ-аас хяналт шалгалтын төр хороодыг байгуулах, санаачлагыг дэмжиж хүчээр тэтгэж ажиллана

УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатар үг хэллээ.

Бидний итгэл хүлээлгэж сонгосон Монголын ард иргэд эрхэм хүндэт сонгогчдоо төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Ард түмэн энэхүү эрх мэдлээ сонгосон төлөөлөгч гишүүдээрээ дамжуулж, эдлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд тусгасан. Ийм учраас УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, илч төлөөлөгч нь байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөх учиртай. Ийм ч учраас та бид нийгмийн ард түмний хүсэмжлэлт хариу өгөх учиртай. Хариуцлага гэдэг бол ард түмний хүсэлд хариу өгөх чадвар юм. Ийм учраас бид ард түмний хүсэл, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэж, дараах асуудлуудад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Монголын ард түмэн иргэд сонгогчид шударга ёсыг хүсэмжлэн шаардаж байна. Шударга ёс нийгмийн бодит хэрэгцээ шаардлага болсныг бид чихээрээ сонсож, нүдээрээ харж байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүй, хариуцсан ажилдаа сэтгэл зүтгэл хариуцлагатай ажиллахыг нийгэм хүсэмжилж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш шударга хэрэгжиж байж, төрд итгэх итгэл, УИХ-д итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ. Улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхлэж байна гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал дээр тогтсон эв санааны нэгдэл юм. Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцэрч, УИХ, сахилга дэг журмыг эрхэмлэх шаардлага бидний өмнө тавигдаж байна. УИХ-ын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө онцгойлон зүтгэж ажиллах болно. Сахилга хариуцлага дээрээсээ эхлэж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн иргэдэд нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар нэгэн зүйл урлаг гэж үздэг уламжлалтай ард түмэн бид. УИХ нь үндсэн хуулиа, Засгийн газар шүүх эрх мэдлийн эрх болон бусад хуулийг гуйвуулахгүйгээр дагаж мөрдөх ёстой. Цаашид УИХ-ыг төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна УИХ-ыг хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож, илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байна гэж үзэж байна. Ийм ч учраас шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, хуулийн хэрэгжилтийг хангах талаар УИХ-аас хяналт шалгалтын төр хороодыг байгуулах, санаачлагыг дэмжиж хүчээр тэтгэж ажиллана. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ гэж үзэж байна. Эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдэл, хувийн сонирхол давамгайлдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ард түмнийг алагчладаг явдалд хууль тогтоох дээд байгууллага хатуу тэмцэх учиртайг УИХ-ын нийт гишүүддээ уриалан сануулж байна. Дээр дооргүй хууль дээдлэх ёс, хуулийн засаглал ёс зүйг чанд баримтлан ажиллахыг уриалж бас сануулж байна. Төрийн бодлого нь тодорхой үйл ажиллагаа ил тод, иргэндээ хүрсэн байх ёстой. Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд УИХ дээр ажлын хэсэг байгуулж, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллах болно. УИХ-ын эрхэм гишүүдээ бид монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах ёстой. Тансаглал үрэхийг бус хийж бүтээхийг эрхэмлэх ёстой. Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг жигших ёстой. Үүний тулд ард түмний шударга ёсны хүсэмжлэл нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад тогтсон эв санааны нэгдэл бидэнд юу юунаас чухал байна. Баялгийн шударга бус хуваарьлалтыг цэгцэлж, орлогын ялгаа, орлогын тэгш бус хуваарьлалтыг оновчтой болгож, чинээлэг дундаж давхаргыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг ардчилсан нийгмийн үндсэн зорилго мөн. Монгол Улсын үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон үндсэн хууль 1992 онд батлагдснаас хойш 27 жил өнгөрчээ. Энэхүү үндсэн хууль үйлчилж байгаа нь өөрөө том ололт юм. Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд биелэлээ олсон. Гэхдээ үндсэн хуулийг баталж, мөрдүүлснээс хойшхи хугацаанд эрх мэдлийн хуваарьлалт, шунал тэмцэл, хариуцлагын тогтолцоонд зарим алдаа байгааг эрдэмтэн судлаачид, ард иргэд төдийгүй УИХ-ын гишүүд илэрхийлж байна. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь төрийн тогтолцоог илүү тодорхой болгож, төрийн хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх, хууль биелүүлэх, хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад чиглэгдэнэ. Монгол Улсын ИХ-ын гишүүний ёс зүйн хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, УИХ-ын хууль тогтоох чанар хариуцлагыг сайжруулах, УИХ төсвийн эрх мэдлээ хязгаарлаж, улсын төсвийг дураараа үрж, төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу чигийг зогсоох, хүний эрх эрх чөлөөг хангах, сахилга хариуцлага шударга ёсыг тогтоохдоо хяналт тавих чиг үүргийг тогтоохоор Үндсэн хуулийн төсөлд тусгаад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулиудад заасан УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө өмнөө байгаа сорилтуудыг давж, боломжийг ашиглан парлиаментад ёс, улс орноо хөгжүүлэн мандуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Парлиаментийн засаглал, ардчилсан ёсыг бэхжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүдийн санал санаачлагыг дэмжиж, хүчээ нэгтгэхийг уриалж байна. Монгол төрийн өлмий бат оршиг. Төр төвшин, түмэн амгалан байх болтугай.

Categories
мэдээ улс-төр

Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ой маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Мөн Д.Сүхбаатарын ажил үйлс, амьдралын баримтыг дэлгэсэн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд нээгдлээ. Эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой энэхүү үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий Н.Янжмаа нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн гэрэл зураг, урлагийн бүтээлд мөнхрөн үлдсэн баримал зэргийг багтаасан 100 гаруй үзмэр тавигджээ.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хуулийн төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Ерөнхийлөгчөөс 5, УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодоос 65, Засгийн газраас 49 буюу нийт 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ.

Тогтоолын төсөлд УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2. “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5. “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

6. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,

9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12. Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,

14. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

15. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

16. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

17. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,

18. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,

19. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20. Өмгөөллийн тухай хуулийн төсөл,

21. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

22. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24. Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

25. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

26. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

27. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

28. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,

29. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

30. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Байнгын хорооны даргын танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан зарчмын зөрүүтэй зарим санал гаргасан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Хаянхярваа гишүүн тогтоолын төсөлд Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг нэмж тусгах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингээд санад хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо.