Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдлоо утсаар өгөх боломжтой

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн //2019.02.02/ 16:00 цагийн байдлаар 713,332 иргэнд 101.3 тэрбум төгрөгийг олгоод байна. Одоогийн байдлаар “Голомт” банкны харилцагч 11,543 иргэний гүйлгээг хийх дутуу байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулахыг зөвлөлөө. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808,000 иргэн нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.

Categories
мэдээ нийгэм

Эрээн чиглэлийн галт тэрэг сар шинийн гурван өдөр аялалд гарахгүй

“Улаанбаатар төмөр зам”-аас сар шинийн баярын өдрүүдийн үеэр буюу 2019 оны хоёрдугаар сарын 03, 07, 10-ны өдрүүдэд Эрээн чиглэлийн 21/22-р галт тэрэг аялахгүй болсныг мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Өлзийхүү Гавьяат жүжигчин, Л.Сосорбарам Ардын багш цолоор энгэрээ мялаалаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлал сар шинийн баяр цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 2-нд зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шилдэг өнгө” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Монголын хошин урлаг болон дэлгэцийн урлагт хоёргүй сэтгэлээр гуч гаруй жил зүтгэснийг минь үнэлж, төрийн дээд шагнал гардуулсанд маш их баяртай байна. Хөдөлмөрийг минь үнэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга болон хамтран уран бүтээл туурвидаг хамт олон, ах эгч, дүү нар, найз нөхөд, үзэгчид, ард түмэндээ талархаж буйгаа ирэлхийлье. Ирж буй гахай жилдээ эрүүл энх байхын ерөөлыг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэж сэтгэгдэлээ хуваалцлаа.

Дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний болон их спортыг хөгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, үндсэний бөхийн Монгол Улсын арслан гавьяат багш Лувсанчимидийн Сосорбарамд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.


Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын түүх, ёс заншил

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.

1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.

Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.

УУЦ ХӨНДӨХ ЁСОН

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаастүшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.

Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

ШИНЭЛЭХ ЁСОН

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол
хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.

Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаантос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших

гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

ЗОЛГОХ ЁСОН

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаадзолгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.

золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.

Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор

талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

ХАДАГ БАРИХ ЁСОН

Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих

хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

ХАДАГ БАРИХАД ХЭЛЭХ ҮГ

Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/

Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.


ЦАГААН САРААР ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛ

  • Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
  • Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
  • Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
  • Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
  • Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
  • Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
  • Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
  • Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
  • Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
  • Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

/Ч.Арьяасvрэн “Монгол ёс заншлын их тайлбар толь” Гутгаар боть/

Categories
мэдээ спорт

Аймгийн арслан Б.Баянмөнх түрүүллээ

Зүүнхүрээ Дашчойлин хийдийн нэрэмжит “Майдар бурханы авшиг түгээх” аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр/02.02/ Бөхийн өргөөнд болж Ховдын арслан Бүрнээгийн Баянмөнх найм даван түрүүллээ. Тус барилдаанд 256 бөх зодоглосон бол Баянхонгорын хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэж, их шөвөгт Хөвсгөлийн Ц.Сандагдорж, Увсын Цэ.Мөнхбаяр нарын бяртай, иртэй арслангууд шалгарлаа.Дунд шөвгийн наймд а.х.а Ө.Сүхбат, а.а Б.Хашбат, Н.Мустафа, Х.Цогтгэрэл нар үлдэв.15 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү уламжлалт барилдаанд амжилттай барилдсан залуус тухай жилдээ улсын цолны өндөр босгоор алхдаг сайхан уламжлал байдаг.

Categories
мэдээ спорт

О.Насанбурмаа дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн. Дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн эхнийх нь өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний дурсгалд зориулсан Гранпри тэмцээн юм.

Красноярскийн тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноог нэмж олгодог. Өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүн болон Иван Ярыгиний тэмцээний медальтнууд болон шагналт байрт орсон тамирчдын оноог нэмж шинэ чансааг гаргажээ. Чансаанд багагүй өөрчлөлт болж, манай улсын 10 бөх жиндээ “ТОП-5”-д, нийт 35 тамирчин дэлхийн чансаанд багтав.

Дараагийн чансаа хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-нд Болгарын Русе хотод болох Дан Коловын нэрэмжит ОУТ-ий дараа гарна.

ДЭЛХИЙН ЧАНСААНД БАГТАЖ БУЙ МАНАЙ БӨХЧҮҮД
Эрэгтэйчүүдийн 57 КГ: Н.Насанбуян 13 дугаар байр (12 оноо)
– Э.Бэхбаяр 10 дугаар байр (10 оноо)
61 КГ: Т.Түвшинтулга дөрөвдүгээр байр (25 оноо)
– Ц.Чинзориг 15 дугаар байр (10 оноо)
– Г.Отгонбаатар 16 дугаар байр (10 оноо)
65 КГ: Т.Тулга дөрөвдүгээр байр (28 оноо)

– Б.Батмагнай 12 дугаар байр (12 оноо)
70 КГ: Б.Бямбадорж тавдугаар байр (20 оноо)
– Г.Мандахнаран 10 дугаар байр (14 оноо)
– Э.Бямбадорж 13 дугаар байр (12 оноо)
79 КГ: П.Өнөрбат дөрөвдүгээр байр (26 оноо)
86 КГ: О.Үйтүмэн 12 дугаар байр (12 оноо)
92 КГ: Л.Төртогтох зургадугаар байр (20 оноо)
– Б.Өлзийсайхан 12 дугаар байр (10 оноо)
97 КГ: Ө.Батзул гуравдугаар байр (26 оноо)
– Б.Намхай 15 дугаар байр (10 оноо)
Эмэгтэйчүүдийн 48 КГ: Э.Нарангарэл есдүгээр байр (14 оноо)
– Н.Анударь 8 оноотой 15 дугаар байр ( 8 оноо)
53 КГ: Э.Сумъяа тавдугаар байр (22 оноо)
55 КГ: Э.Даваачимэг есдүгээр байр (14 оноо)
– Б.Болортуяа 13 дугаар байр (10 оноо)
57 КГ: С.Цэрэнчимэд 10 дугаар байр (14 оноо)
– Б.Хонгорзул 13 дугаар байр (8 оноо),
59 КГ: Б.Шоовдор дөрөвдүгээр байр (25 оноо)
– А.Батцэцэг 12 дугаар байр (10 оноо)
– Ө.Пүрэвсүрэн 15 дугаар байр (7 оноо)
62 КГ: Э.Гантуяа гуравдугаар байр (26 оноо)
– Х.Болортуяа 15 дугаар байр (7 оноо)
65 КГ: Х.Болортуяа есдүгээр байр (16 оноо)
– З.Болортунгалаг 12 дугаар байр (10 оноо)
68 КГ: С.Батцэцэг гуравдугаар байр (32 оноо)
– Э.Даваанасан 11 дүгээр байр (12 оноо)
– Э.Дэлгэрмаа 12 дугаар байр (10 оноо)
72 КГ: О.Насанбурмаа хоёрдугаар байр (48 оноо)
76 КГ: Г.Наранчимэг есдүгээр байр (14 оноо)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

Өнөөдөр 10-20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. Дугаарын хязгаарлалтын хүрээнд тээврийн хэрэгслүүдийг дээрх хуваарийн дагуу өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ өдөр “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч архи худалдан авахаас сэрэмжлүүлж байна

“Сангийн далай групп” ХХК-д үйлдвэрлэсэн гэх хуурамч хаяг шошго бүхий хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, онцгой албан татварын тэмдэггүй, шинжилгээний бичиггүй, “Далай” нэрийн 350 хатуулагтай, 0.5 литрийн савлагаа бүхий хуурамчцагаан архи худалдаалагдсан зөрчил илэрсэн тул уг архийг худалдан авч хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ард иргэдэд анхааруулж байна.

Ийм төрлийн хуурамч архи худалдаж байгаа зөрчил илэрвэл нийслэл болон тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж аж ахуйн нэгжээс мөнгө нэхжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барин аж ахуйн нэгж рүү “Одоо очиж шалгалт хийнэ. Бэлэн биш бол шалгалтын бүрэлдэхүүн болох таван хүний дунд 150.0 мянган төгрөг шилжүүл. Тэгвэл дүгнэлтийг чинь бичиж өгнө” гэж утсаар ярьж, дансны дугаар явуулсан байна. Тус аж ахуйн нэгжээс Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж энэ талаар гомдол өглөө. Шинэ жил, цагаан сарын баярын үеэр ачаалал ихтэй ажилладаг хоол, хүнсний худалдаа үйлдвэр, үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллагууд руу энэ мэтээр холбогдож залилан мэхлэх үйлдэх гарч болзошгүй тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дахин сэрэмжлүүлж байна. Ийм тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Занданшатар: Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан нь энэ чуулганы онцлох үйл явдал боллоо

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хаах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, түр хороод 92 удаа хуралдсан байна.

Намрын чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, нийт 46 хууль, УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталлаа.

Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас 9 удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан тасалдсан. Гэхдээ Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой асуудлуудаа шийдэж чадлаа.

Өнгөрсөн 2018 онд Ирээдүйн өв санд 620,7 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 206,9тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд нэгдсэн төсвийн нийт орлого болон тусламжийн дүнг 11,067.0тэрбум төгрөгөөр баталж, үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 322.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон нь өнгөрсөн оноос даруй 200.0 тэрбумаар илүү байна. Ирээдүйн өв санд1,068.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг төлж барагдуулснаар уг санд 550 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсэх боллоо.

Ингэснээр УИХ, Засгийн газар өр биш өв үлдээдэг сайн жишиг тогтоож байна.

Нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв, санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг Улсын Их Хурлаас тууштай баримталж ажиллалаа.

Тухайлбал, 2019 оны төсөвт 123 сургууль, сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7, цэцэрлэгийн 176 барилга барих хөрөнгийг суулгаж, 58 сургууль, 5 сургууль-цэцэрлэгийн цогцолбор болон 134 цэцэрлэгийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж гаргалаа.

Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, эдийн засагт бий болж байгаа эерэг хандлага, үр нөлөөг бэхжүүлэх, цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг бодлогын арга хэмжээг хамарч байгаагаараа онцлог болсон гэж үзэж байна.

Харин энэ намрын чуулганы завсарлагаанаар валютын ханш, үнийн өсөлтийн талаар ажлын хэсэг байгуулж, цаашид авах арга хэмжээний талаар үнэлэлт, дүгнэлт боловсруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Оны эхнээс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн биелэлтийг хангахад шаардлагатай холбогдол бүхий дүрэм, журмыг намрын чуулганд багтаан баталлаа. Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хуулийн дагуу бүрдүүллээ.

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдүүлж, төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж хууль дээдэлж, хуулийг ягштал биелүүлж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд үүгээр үүрэг чиглэл болгож байна.

Ард иргэд төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, санаачилгатай байхыг хүсэж, хүлээж байна. Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн ард иргэдэд нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар болохыг дахин анхааруулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хариуцсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон зарцуулсан хөрөнгө, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсголыг анх удаа зохион байгуулсан нь энэ чуулганы бас нэг онцлох үйл явдал боллоо.

Цаашид иргэдийн оролцоотой нийтийн сонсгол хийх замаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийг удирдах хэрэгт иргэдийг оролцуулах, иргэдийн бүтээлч санал, санаачилгыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулганы танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх учиргүй. Ард олны хүсэмжлэл, олон нийтийн санал, бодолд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн нь парламентат ёс, парламентын соёлыг төлөвшүүлэхэд гарцаагүй чухлыг бид анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүний тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг УИХ-д нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын Их Хурлын ээлжит чуулган завсарлах нь амралт биш юм. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган завсарлах дөхсөнтэй холбогдуулан гишүүд амрах гэж байгаа гэх мэт буруу ташаа мэдээлэл их явж байна.

Монгол Улсын Их Хурал бол байнгын ажиллагаатай парламент. Парламентын бүрэн эрхээ чуулган болон зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг. Тодорхой хугацаанд тогтмол чуулж, завсарлаж байх Үндсэн хуулийн зохицуулалттай институц.

Ард түмнээс мандат авч, тэднийг төлөөлөн төрийн эрх барьж байгаагийн хувьд чуулганы завсарлагааны хугацаанд иргэд, сонгогчидтойгоо ойр ажиллаж, ард иргэдээ сонсож, УИХ-аас баталсан хууль, тогтоомж, бодлогыг тайлбарлан таниулах ажил хийх нь Та бидний үүрэг байх ёстой.

Мөн чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох чиглэлээр холбогдох хуулийн төслийг эцэслэн боловсруулах чиглэлд ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.

УИХ хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр илүү санаачилга гаргаж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Завсарлагааны үеэр УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг хангах чиглэлээр УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор холбогдох ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулах болно.

Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар УИХ-аас хянан шалгах түр хороодыг байгуулах асуудлыг шийдвэрлэх болно.

Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно гэдгийг энд онцлон тэмдэглэж байна.

Удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ хүргэж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан, хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.