Categories
мэдээ цаг-үе

Монголын соёлын өв судлаач доктор гэр бүл

Тэд гуч гаруйхан настай ч дөрвөн хүүхдийн аав, ээж болцгоож, эхнэр Д.Одсүрэн нь “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалгажээ. Энэ өнөр бүлийн нэг өдрийг хамт өнгөрүүлэхээр энэ удаагийн “Танайд өнжье” буландаа урилаа. Тэдний том хүүхэд нь одоо 13 настай харин “одон”-гийн хүүхэд нь хоёр ой хүрч яваа бяцхан хөвгүүн аж. Дунд хоёр нь ихэр хөвгүүд. Нэг нь юу л хийнэ нөгөөх нь дагаад л явдаг гэнэ. тэд хамтдаа шатар, даам, бөх, теннис, хөлбөмбөгийн дугуйланд суралцаж байгаа. Өрхийн тэргүүнийг бат-Өлзийн баатархүү гэдэг. тэрбээр 14 жил шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнд ажилласан нэгэн. Мөн СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирлын албыг хоёр жил хашжээ. Тэрбээр соёлын өвийг дагнан судалгаа хийхийн сацуу СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, БСШУСЯ-ны дэргэдэх Түүх соёлын дурсгалд үнэлгээ, зэрэглэл тогтоох мэргэжлийн зөвлөлд ажилладаг гэнэ. биднийг очиход гэргий Д.одсүрэн нь хаалга тайлан “орцгоогоорой” гэсээр угтлаа.

Тэд өрөөнүүдийнхээ шүүгээ болгоныг номоор дүүргэсэн нь тод анзаарагдана. тэдний ихэнх нь эрт, эдүгээ үеийн Монголын түүх, археологи, угсаатан зүйн номууд байв. Мөн хүүхдүүд нь голдуу уншдаг болов уу гэмээр танин мэдэхүй, шинжлэх ухааны хатуу хавтастай номууд ширээн дээр өрөөстэй харагдана. Харин отгон хүүгийн хэрэглэдэг хоёроос таван настнуудад зориулсан “тоо тоолол” гэсэн ном сонирхол татав. Учир нь уг номыг эсгийгээр урласан бөгөөд хуудас бүртээ элдэв өнгийн эсгийгээр хийсэн хээтэй. Нэгээс 10 хүртэлх тоог нэг өнгийн эсгийгээр хуудас бүрийн дээр бичсэн байлаа. Ийнхүү элдвийг сонирхох зуур эхнэр нь аль хэдийнэ цайгаа чаначихсан “Алив ширээнд сууцгаа, цайлцгаая” гэлээ. Мөн хулууны зутан шөл хормын төдийд хийн бидний өмнө аягалан тавих нь тэр. Энэ хооронд гэрийн эзэн Б.Баатархүүтэй ярилцлаа. Тэрбээр “Миний хамгийн дур сонирхолтой ажил гэвэл, ердөөсөө Монголын соёлын өвийн судалгаа хийх. Би 2001 онд МУИС-ийн угсаатан судлалын ангийг дүүргэсэн юм. Угсаатан судлаач, түүхч мэргэжилтэй гэсэн үг” гэлээ. Түүний суралцаж төгссөн тэнхимийг Төрийн шагналт, нэрт угсаатан судлаач Х.Нямбуу гуай байгуулсан бөгөөд тус тэнхимийн анхны төгсөгчдийн нэг, мөн анхны доктор нь Б.Баатархүү юм байна. Эхнэр Д.Одсүрэн мөн эл тэнхимийг ижил мэргэжлээр дүүргэсэн бөгөөд хоёр дахь доктор аж. Тэрбээр 2015 оноос СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа.

Гэр бүлийн хоёрын гол хийдэг ажил нь судалгааны ажил юм байна. Тиймдээ ч энэ өрхийн хамгийн эрхэмлэдэг зүйл нь хөлс, хүч, цаг хугацаагаа зарцуулан туурвисан судалгааны ажлууд нь ажээ. Энэ ч утгаараа жил бүр БСШУСЯ-наас зохиодог Шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдэд олгодог шагналын тусгай байр эзэлж байсан “Монгол гэр”, “Тувачууд” номынхоо өргөмжлөлийг том өрөөнийхөө хоймрын хананд байрлуулжээ. “Монгол гэр” ном нь гэрийн эзэгтэй, эзэн хоёрын анхны хамтын бүтээл аж. Гэр бүлийн хамтарсан “Монгол гэр” номын судалгааг Увс аймагт хийжээ. Тэд тус номоо 10-аад жилийн судалгаа, таван аймгийн нутагт 100 гаруй гэр урлаачидтай уулзсан туршлага мэдлэгтээ тулгуурлан бүтээжээ.

Тэдний амьдралтай зайлшгүй холбогддог нэг зүйл нь тувачууд. Тэд хоёул олон ч тува найзуудтай бөгөөд Б.Баатархүү Тувад хадмуудтайгаа танилцаж байжээ. Харин эхнэртэйгээ танилцсан түүхээ ярихдаа Б.Баатархүү “2004 онд би магистрант байсан. Манай хүн ахлах курсийн оюутан байлаа. Тухайн үед танихгүй утасны дугаараас надад их мессэж ирдэг байлаа. Тэгсэн сүүлд хэн бичиж байсан нь баригдаад эхнэртэйгээ танилцсан юм” хэмээв. Танилцсаныхаа дараа тэд нэг их удалгүй гэр бүл болцгоосон байна. Б.Баатархүү айл гэр болж байсан анхны гараагаа бусад харчуудын адил хадмындаа амьдарснаар эхэлжээ. Удалгүй тэд одоогийн амьдарч буй байрандаа нүүж ирж өрх тусгаарлажээ. 2005 онд том охиноо өлгийдөн авчээ. 2007 онд Б.Баатархүү Эрхүү рүү докторын зэрэг хамгаалахаар явахад охин нь өөрийнхөө зургийг өгсөн гэнэ. Тухайн үед эхнэр нь жирэмсэн, тогоон чинээ гэдэстэй Улаанбаатарт үлджээ. Хүний нутаг руу авч явсан охиныхоо зургийг өөрийнхөө хичээлийн ширээн дээр тавьсан бөгөөд харах бүрдээ гэрээ санадаг байжээ. Уг нь тэрбээр судалгааны ажил хэмээн хэдэн сараар ч хамаагүй хөдөө яваад өгчихдөг нэгэн. Бүр тувачуудыг судлахаар 120 хоног тэдэнтэй хамт амьдарч байсан. Гэвч хил давсан тохиолдолд түүний толгойд гэр бүлээс нь өөр юу ч орж ирдэггүй. Түүнийг Эрхүүд байхад эхнэр нь хоёр дахь удаагаа төрж, ихэр хүүтэй болсон гэдгээ дуулсан даруйд вагонд суун Улаанбаатарт ирж, Эрхүү дэх сургуулиа тэр чигт нь хаяж байсан гэнэ. Хожим 2012 онд Монголдоо докторын зэргээ хамгаалжээ.

Эхнэрийнх нь тал ихрийн удамтай. Түүний эмээгийнх нь талд олон ч ихэр мэндэлжээ. Д.Одсүрэн хоёр дахь төрөлт дээрээ эмчээрээ тоглоом хийж “За миний гэдсэн дэх хүүхдүүд ихэр байна уу” гэж асуухад эмч нь Эх нялхаст яаралтай очиж үзүүл хэмээсэн байна. Хэлснийх нь дагуу очиж, эход харуулахад эхийн хэвлий дэх нэгдүгээр ураг, хоёрдугаар ураг гэж хяналтын дэвтэр дээр нь ярайтал бичихэд бараг л итгэж яджээ.

Гэрийн эзэн Дорноговиос гаралтай бөгөөд аавынх нь аав лам хүн төдийгүй бас ахмад дайчин байжээ. Тэрбээр хуучнаар Боржигин сэцэн вангийн хошууны Хуум овгийн үр сад аж.

Тэд “Эрдэм номоос өөр зүйл хийж чадахгүй юм билээ” хэмээн инээлдэн суулаа. Учир нь охиноо өлгийтэй байхад тэдэнд мөнгөний хэрэгцээ гарч дэлгүүр түрээсэлж үзсэн байна. Дөрвөн сарын турш дэлгүүр түрээсэлж, орлого муутайхан байтал нэгэн өдөр дэлгүүрт нь орж ирсэн хүн “Эдний дэлгүүр ч гэж ТҮЦ шиг юм” гэж хэлчихээд гарч явахаар нь хоёул бараагаа тоолж үзээд дэлгүүрээ хааж байжээ. Сүүлийн үед энэ гэр бүл Монголын соёлын өвийг олон түмэнд түгээх ажил хийхээр хөдөлмөрлөж явна. Хоёр жилийн өмнө буюу 2016 онд “Монгол гарваль” хэмээх соёлын өвийн талаарх уран сайхны нэвтрүүлэг хийжээ. Уг нь нэг удаагийн нэвтрүүлгээр нэг соёлын өвийг таниулах. Харамсалтай нь санхүүжилт, мөнгөний асуудлаас болоод дараагийн нэвтрүүлгийн санаа нь компьютерт нь л хадгалаастай байгаа гэнэ.

Тэд одоо хүүхдэд зориулсан ном хийхээр төлөвлөж байгаа аж. Учир нь арван жилийн сурах бичгээс гадна соёлын өвийнхөө үнэ цэнийг мэдрүүлсэн танин мэдэхүйн хялбаршуулсан ном байх хэрэгтэй гэж тэд үзэж байгаа гэнэ. Санаж, сэдсэн зүйлс тэдэнд их бий. Үүнийгээ биелүүлэхээр “Shark tank” нэвтрүүлэгт хүртэл орж байжээ. Нэвтрүүлэгт монголчуудын уламжлалт хөлөгт тоглоомоос санаа авч, хөлөг дээр тоглодог, нүүдлийг нь эртний цэргийн урлагаар орлуулан тоглох тоглоом бүтээж орсон байна. Харамсалтай нь нэг төгрөгийг яаж хоёр төгрөг болгох талаар үргэлж бодож байдаг эрхэм Shark-ууд үүнийг дэмжээгүй ажээ. Хэрэв санаачлалыг нь Shark-ууд дэмжсэн бол хүүхэд үүнийг тоглоод түүхийн мэдлэгтэй болохоос гадна сэтгэн бодох чадвар нь хөгжих байжээ.

Биднийг ийнхүү ярилцах зуурт гэрийн эзэгтэй улаан, яагаан, ногоон өнгийн гурилаар хийсэн бууз таваглахаас гадна бидний өмнө пицца тавив. Эд бүгдийг тэр өөрөө хийжээ. Нөхөр нь “Уг нь манай эхнэр чинь анх бэлтгэгчээр л ажилладаг байлаа. Би бол ахлах тогооч. Нэлээд хэдэн жил энэ маягаар явж байгаад саяхнаас эхлэн үүрэгт ажлыг нь өөрт нь хүлээлгэн өгсөн” хэмээн инээлдэв. Харин эхнэр нь “Манай хүн одоо хоол хийнэ гэж хамаг шүүгээнд байгаа бүх түмпэн, савыг гаргаж завааруулдаг” хэмээв. Хадам аав нь хүргэнийхээ хийсэн цуйванд их дуртай гэнэ.

Хоёр ихрээ гэдсэнд байхад тэд гэр бүлээрээ Тувад нэг сар амьдарчээ. Ингэхдээ тарчигхан, мөнгө багатай явж, архивт судалгаа хийж байснаа дурдав. Эдний гэр бүл “Тавин саяын уналт” нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаарт буюу “Тавин бэлэгний уналт”-д орж, бусад гэр бүлээс хамгийн их, 11 бэлэгтэйгээр нэвтрүүлгийг өндөрлөж байсан юм байна.

Нэвтрүүлэгт орсон үеийнхээ дурсамжаас ярихдаа “2016 онд энэ тэмцээнд орж байсан. Тэр үед манай хоёр ихэр л биднийг авч гарсан даа. Нэвтрүүлгийн дундуур хоёр ихэр маань ямар сайндаа аавыгаа “Танд ер нь мэддэг юм байна уу” гэж хэлээд амжсан шүү дээ” хэмээв.

Тэдний гэр бүлийн үзэж буйгаар хүн төрөлхтний дунд хэл, биологийн төрөл зүйл, соёл гэсэн гурван зүйл үгүй болж байгаа гэнэ. 2013 онд монгол гэрийг ЮНЕСКО-д бүртгэж авсан. Гэтэл монголчууд гэр гэхээр л утаа, эсвэл ядуу айлын оромж гэж ойлгон соёлоо мөхөөж буй. Гэвч зөвхөн монгол гэрээр музей байгуулах боломжтой талаар дурдав.

Гэрийн эзний мөрөөдөл бол угсаатны зүйн музей байгуулах. Бидэнд сонирхуулахаар номын тавиурынхаа дээд талаас нум, сумны сум шиг зүйл гаргаад ирэв. Үүнийг Дундговь аймгийн өндөр настан н.Баянжаргал түүнд музей байгуулбал тавиарай хэмээн дурсгасан гэнэ. XIX зууны сүүл үеийн эмэгтэйчүүдийн ашигладаг үйл урлах хэрэгсэл буюу индүү гэдгийг тэрбээр бидэнд тайлбарлан өглөө. Сум шиг хэлбэртэй эл зүйлийн ард хэсгээр нь даавуун дээр зурж эсгүүр гаргадаг бөгөөд урд хэсгийн хавтгай жижигхэн гурвалжин зүйлийг галын цогонд бүлээсгэн даавуугаа индүүддэг ажээ.

Монголын соёл, түүхийн өвийг 10 гаруй жил судалж буй гэрийн эзэн Б.Баатархүүгээс удахгүй болох Сар шинийн баярыг яагаад хаврын эхэн сард тэмдэглэдэг болсон тухай асуухад тэрбээр “Дэлхийд данслагдсан Монгол өв” хэмээх цувралаар гурван ном хийх санаатай байгаа. Үүний нэг нь Цагаан сарын тухай байх болно. Энэ баяр хэдийгээр ЮНЕСКО-д бүртгэгдээгүй боловч Соёл, спорт аялал жуулчлалын яам гэж байхад энэ баярыг бүртгүүлэх нэн шаардлагатай өвд тооцож байсан. Өчигдөрхөн би Цагаан сарыг Манжийн гаралтай баяр, ядуус нь баячуудтайгаа золгодог гэж уншлаа. Үгүй ээ, Цагаан сар бол Монгол төрийн баяр. 1921 оны долдугаар сарын 11-нд Нийслэл хүрээг гамингаас чөлөөлөхөд наадмыг тэмдэглэдэг боллоо. Тэгвэл Цагаан сарыг 1206 онд Чингис хаан Монгол Улсыг байгуулж нэг овог, аймгийн нэрийг нийт улсын нэр болж, овог аймгууд нэгдсэн. Иймд Чингис хаан 1206 оны бар жил Цагаан сарыг хаврын эхэн сард тэмдэглэж байхаар болгосон. Үүнээс өмнө нь буюу Хүннүгийн үед Цагаан сарыг Сүүн сар гэж нэрлэдэг байсан. Хуучин намар цагт Хувь сар гэж тэмдэглэдэг баяр Чингисийн үед хавар тэмдэглэдэг баяр болж байсан юм билээ. Үүнийг бид төрийн баяр гэж ойлгох хэрэгтэй. Энэ баярын гол утга нь золголт. Хоёр хүн нэгэндээ хар, муу санаагүй гэдгээ илтгэж байгаа хэрэг. Зан заншил гэдэг нь өөрөө том ой санамж байдаг. Мөн Цагаан сар нь махан болон цагаан идээний баяр. Цагаан сарыг зөв тэмдэглэхгүй бол энэ нь дарамт шиг болчихоод байна. Уг нь дээр үед Цагаан сардаа бэлдэх нь өөрөө бас нэг баяр байлаа. Тухайлбал, хэв залах буюу ул боов хэвлэдэг хүнийг урьж залан хэдэн гэрээрээ хамт ул боовоо хийдэг байсан юм. Тавгийн идээ гэдэг нь домогт гардаг сүмбэр уулаа бэлгэдсэн зүйл. Үүнийхээ дээр шар тос, өрөм тавьдаг. Гэтэл одоо зарим айл тавгийнхаа дээр алим, чихэр, янз бүрийн зүйл тавьдаг болж” гэлээ. Харин тэрбээр шинийн нэгний өглөө үйлддэг мөр гаргах ёсыг мөн тайлбарлав. Түүний хэлж буйгаар, мөр гаргана гэдэг нь шинэ эхэлж буй жилээ цог хийморийнхоо зүгт явахыг хэлж байгаа юм байна. Мөр гаргах ёсыг тухайн айлын гэрийн эзэн нь үйлддэг. Нэг ам бүлд байгаа хүн болгон мөр гаргадаггүй гэдгийг онцлон хэлэв. “Цагаан сарын өглөө цаас барьчихсан, тоолчихсон алхаж байдаг хүмүүс олон. Ингэж зүг гаргаж огт хэрэггүй ээ. Гэрийн эзэн шинийн нэгний өглөө буу саадагтай бол буугаа үүрч, дэлийг нь зассан морио унаж, хол давхин явж, хийморио сэргээдэг юм. Бид залуу гэр бүл учраас ахмад настнуудаа хүндэтгэн золголт хийдэг” гэлээ.

Орчин үед ууцныхаа том, жижгээр өрсөлддөг “мода” дэлгэрээд байгаа. Эрт үед ч мөн энэ зүйл байсан эсэхийг сонирхоход “Барьж ирэх ууц гэж байдаг. Үүнийг таахай ууц гэдэг. Өндөр гэгээн Занабазарыг дүрсэлсэн зурган дээр жижигхэн ууц таллаж байгаа харагддаг. Тэгэхээр Цагаан сарын ууц тийм саяхныг хүртэл нүсэр бус таахай байсан. Эрт үед хангай чигийн хүмүүс Цагаан сарынхаа идээнд ангийн мах тавьдаг байсан түүх бий. Энэ баярын уг сурвалж нь Хувь сар буюу анчин гөрөөчний баяраас үүдэлтэй учир тэр” гэнэ.

Тэд гэрийнхээ баруун хананд дөрвөн хүүхдээ тэврэн авахуулсан гар зурган дээр тойруулан бичсэн ерөөлийн үгээ жаазлан өлгөсөн байв. Тухайн үед эхнэр Д.Одсүрэн докторын зэрэг хамгаалахтайгаа зэрэгцэн “Алдарт эх”-ийн одонгоо зүүсэн бөгөөд “Эхийн баяр, Эрдмийн баяр” хүндэтгэлийн арга хэмжээ хийж байсан тэр үед эл ерөөлийн үгээр хүрээлэгдсэн зургийг бэлэглэсэн байна. Гэрийн эзэгтэй “Бид хоёр бусад сүрхий хүмүүс шиг амьдрал, үр хүүхдээ төлөвлөөгүй ээ. Бурханаас заяасан бэлэг л гэж боддог. Хүүхдүүд эрүүл саруул өсөж байгаа нь л том аз жаргал” гэлээ. Хүүхдүүдээ уг нь ном их уншаасай гэж боддог, даанч заримдаа санаснаар болохгүй сатаарах юм их болчихож. Бид хоёр ч хүүхдүүддээ бага цаг зарцуулах юм. Ээж, эмээ нарын маань ачаар л хүүхдүүд маань өсөж торниж байна. Залуу байсан болоод ч тэр үү, ер амьдралд түүртэж байсангүй. Хүүхдүүддээ цаг гаргаж хамтдаа байх, бас эрүүл мэндэд хэрэгтэй гээд гэр бүлээрээ усанд сэлцгээнэ. Хүүхдүүд маань бидний ажил хөдөлмөр эрхлэхэд огтхон ч түвэг болж байгаагүй. Ажлын тухайд анх их сургуулиа төгсөөд энэ сургуульдаа багшаар ажилд орж байсан. Тухайн үед тосож авсан хамт олон, удирдлагаасаа их зүйлийг сурч авсан. Тэгээд сургалтын алба, эрдэмтэн нарийн бичгийн дарга, улмаар 2010 онд тус сургууль СУИС-д нэгдсэний дараа төв сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад одоо буцаад сургуульдаа захирлаар ажиллаж байгаа” хэмээв. СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургууль 2018 онд СУИС-ийн Шилдэг сургууль болж Д.Одсүрэн Шилдэг захирал болж байжээ. Тэрээр ажил руугаа орохоор нэг л жаргалтай байдаг. Ямар ч ажилд сэтгэл зүрхээ зориулахад л аяндаа ажил бүтээд байдаг гэж ярилаа.

Ийн ярилцсаар нэг мэдэхэд гадаа харанхуй болсон тул бидний яриа өндөрлөж тэд хүүхдүүдээ дагуулан эмээгийндээ очиж Цагаан сарынх нь буузыг хийхээр хамтдаа гарцгаав.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ цаг-үе

Гавж Д.Нямсамбуу: Муу сэтгэл нэмэгдвэл хүмүүс өөрийгөө мэдрэхгүй орилолдоод, чарлалдаад, алалдаад тайвширч чадахгүй болчихдог

Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай уулзаж ярилцлаа.


-Цагаан сар удахгүй болох нь. Монголчууд Цагаан сараар аливаа мууг үйлдэх бүү хэл амны билгээ бодож хүнтэй муудалцахыг ч тэвчдэг. Таны сургалтын гол цөм ч Буддын шашинтны ёс суртахууны тухай байдаг болохоор ярих хэлэх зүйл ч их байгаа байх?

-Хэлэх ярих зүйл их алга аа. (инээв. сур)

-Таны сургалтыг цахимаар харж үзэж байхад нүгэл, буяны тухай ойлголтыг энгийн ойлгомжтойгоор амьдралд ойрхон тайлбарлаж байгаа нь хүмүүст их таалагддаг юм билээ?

-Хүмүүс намайг “Ном уншуулаад хэрэггүй” гэсэн, “Зурхай хэрэггүй” гэлээ гэдэг. Би яалаа гэж тэгж хэлэх билээ, тэр ярилцлагыг уул нь бүтэн уншвал. Ганданд ном уншуулах хэрэггүй гэж би яалаа гэж ярихав дээ. Би өөрөө Ганданд номоо уншуулдаг юм чинь. Гэхдээ зан үйлээсээ илүү ёс суртахуун нь чухал байна. Сургаал номлолоо өөрсдөө унших, өөрсдөө итгэх, мөрдөх нь л чухал байна гэж боддог юм.

-Буддын ёс суртахуун гэж юуг хэлээд байна?

-Этик буюу ёс зүй гэдэг ойлголт дотор ингэх ёстой, тэгэх буруу гэсэн зааврууд байж болно. Тэр зааврууд юун дээр үндэслэсэн бэ гэсэн асуулт, хариулт байж болно. Бүр цаашлаад ер нь зөв, буруу гэж юу юм гэж ухах ёстой байх. Тэгэхээр би энэ асуултад “Буддын этик философи гэж энэ ээ” гээд товч хариулчих боломжгүй юм. Ер нь дийлэнх шашнууд нийтлэг ёс зүйн заалт дээр айхтар зөрөлдөөд байх нь юу бол.

Гол нь өнөөдөр бидэнд юу шаардлагатай байна гэвэл хараажийн буруу зүйлүүдийг хийдэггүй болж дадах хэвших юм. Жишээлбэл, хулгай хийхгүй байх, хэзээ ч хийх ёсгүй гэсэн итгэл суулгах чухал. Түүнээс хүмүүсийн асуугаад байдаг шиг машин унаад явж байсан чинь нэг талд нь хүүхэдтэй хүн байлаа, нөгөө талд нь хоёр хөгшин байлаа. Зогсох боломжгүй бол аль тал руу нь дарах вэ гэсэн маягийн асуултууд биднийг зовоогоод байгаа биш. Хэн хараажийн тодорхой төсвийн хулгай, авлига, хээл хахууль, бие биеэ дарлах, доромжлох зэргийг хэрхэн хийхгүй байх вэ, хийхгүй байж болдог юм уу, хэрхэн тийм болох вэ, дадуулах вэ гэдэг надад сонин байна. Бид авлигачид гэж үзэн яддаг, харин би өөрөө тэр их мөнгөнөөс татгалзаж чадах уу, тэр хонжоо харж байна, би бас хонжоо хардаггүй бил үү гэж өөрөөсөө асуугаад үзмээр.

-Сайн сайхан аж төрж яваа нэгэндээ жөтөөрхдөг атаа хорсол гэж аюултай зүйл байх юм даа. Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романд л гэхэд эрдэм номд шамдсан Санж гэцэлд атаархсаар эцэст нүдийг нь сохлон хээр хаяж байдаг даа?

-“Оройгүй сүм”-ээс хүмүүс их эшлэх юм. Хичнээн уран зохиол ч гэсэн, тэр чигтээ худлаа. Социализмын үед буддизмыг яаж муутгах вэ гэж л хийгдсэн зохиол. Шашин судлал гэдэг бол шинжлэх ухааны салбар. Шашин судлал Исламын шашныг судалж болно. Христ болон Буддизмыг судалж болно. Гэхдээ таах биш, зохиох биш, сэжиглэх биш, шүтэх ч биш. Яг юу гэж үздэг юм бэ, яг энэ практик байдаг юм уу, байдаггүй юм уу, хүчирхийллийг дэмжсэн байна уу, дэмжээгүй байна уу энэ бүхнийг байгаагаар нь шинжлэх ухааны арга зүйгээр ашиглан тодорхойлох гэж оролдож байгаа юм л даа. Буддын шашин чинь өнөөдөр сайн судлагдчихаад байна. Буддын шашинд хүчирхийлэл байдаг эсэх тухай академик бүтээл олныг уншсан. Гавлаар нь аяга хийх гээд хүн алах гэж зүтгээд байдаг утгагүй юм яаж байх вэ дээ. Би өөрөө түвдүүдийн дунд арван жил сурсан. Түвдүүдийг би сайн хүн ч гэхгүй, муу хүн ч гэхгүй. Бидэнтэй л ижилхэн хүмүүс. Тэд монголчуудыг ном эрдэм сурангуут нь алаад хядаад байдаг гэвэл 1900-гаад оны эхээр Лхасын хамаг томчуул нь монголчууд болчихсон байсныг би сайн мэдэж байгаа юм л даа. Гурван том сургуулийн хамба нь бүгд монголчууд. Нууц тарнийн сургуулийн хамба нь монгол. Багш нар нь олноороо монголчууд байсан.

-Та яасан сайн мэдэж байх юм бэ?

-Арвангуравдугаар Далай багш Монголд шилээвэр лхаарамбуудаа дагуулан Их Хүрээнд авчран монгол лам нартай ном хаялцахад манайхан ялчихсан юм гэнэ лээ. Далай лам Хятад руу соронзон дуу хураагуур захиж авчруулан монгол лам нарын ном хаялцаж байгаа мэтгэлцээнийг хурааж аваад тэрийгээ Лхастаа очин лхаарамбууддаа сонсгон олон эрдэмтнээ загнасан гэдэг. Би энэ тухай Монголд байхдаа сонсож байсан юм. Үүнээс цаашихыг нь би Энэтхэгт сурахаар очоод сонссон. Далай лам нутагтаа очоод “Хойшоо Монголд очиж ном хаялцах хамгийн эрдэмтэй хүмүүсээ сонгоё” гээд Буддын гүн ухааны долоон том сургууль дотроо мэтгэлцээн зохион байгуулаад шалгаруулахад жагссан эхний арван хүн нь монгол хүн байсан гэж настай түвд багш маань ярьж байсан. “Оройгүй сүм” дээр гардаг шиг эрдэмтэй лам нарыг алаад байдаг байсан бол тийм эрдэмтэй монгол хүмүүс гарч ирэхгүй биз дээ. Тэр ч битгий хэл Лхасын гурван том сургуулийн мэтгэлцээний талбай дээр “Монгол хэлгүй бол ном хаялцахад хэцүү боллоо” гэж ярилцдаг байж. Яагаад гэвэл ном мэтгэлцэж байгаа олон мундаг хүмүүс нь монголчууд болохоор монгол үг их оруулж яриад, тэрийг нь ойлгохгүй болчихоод байж.

-Мань мэт ч уншигчийн хувьд зохиолынх нь амт шимтэнд автаад жигтэйхэн үнэмшээд байдаг сан…

-Би ч гэсэн бас тэр номыг уншаад итгэчихсэн байсан. Энэтхэгт очоод тийм том цөгцөн дотор өөрөө зулын гол болох зан үйлийн тухай асуутал бөөн инээдэм. “Зул гэдэг юуны төлөө билээ. Гэрэл гаргахын төлөө. Гэрэл гаргахын төлөө өөрийгөө алах ямар хэрэгтэй юм бэ” гээд инээцгээгээд байгаа юм чинь. Вьетнамын дайны үед Буддын лам биеэ шатаасан нь шашны зан үйл бус гэдэг. Дайныг эсэргүүцсэн хувь хүний акц, гэхдээ Бурханы шашинтан тул бусдыг дэлбэлэх бус өөрийгөө түлж, тэр нь ч уг дайныг зогсооход бодит нөлөө болж чадсан байдаг. Бурханы номонд өөрийгөө хөнөөнө гэдэг тун ч том нүгэл, Бурханы шашны тантрын ёсонд бол бүр Бурхан хөнөөсөнтэй ижил нүгэлд тооцдог. Нэг ганлин бүрээ хийх гээд хүн алаад чөмгийг нь авна гэсэн тийм инээдтэй юм байхгүй. (инээв. сур) Бурханы шашны ганц бахархдаг зүйл нь бусдад хорлолыг тэвчих гэж байгаа. Ялаа шумуулыг хүртэл алахгүй. Ялааг хайрлаад, хүнийг хайрладаггүй ёс суртахууны номлол байж болох уу. Тэр “Оройгүй сүм”-д тэр ч битгий хэл Далай ламыг урт наслуулахын тулд нэг ламыг золигт гаргалаа, “Урьдын цагт жинхэнээс нь золигт гаргадаг байсан юм гэнэ лээ” гэсэн үг байгаа. Бурханы шашинд хамгийн бахархдаг зүйл нь бусдад хорлолыг тэвчих, цуст тахилыг хориглох. Өөрөөр хэлбэл ямар ч амьд амьтныг алах, хядах, цусаар тахил өргөх ёсгүй. Яагаад гэвэл амьтан аллаа гээд хүний нас уртсах биш, бүр богиносно гэсэн үйлийн үрд бид итгэдэг. Тэрнийх нь төлөө хэт ноомой болголоо гэж шүүмжлээд байдаг байх аа. Хүн өвдлөө гээд мал сэтэрлэдэг болохоос алдаггүй. Мөн “номоо монголоор орчуулаад уншсан чинь гэсгүй нь шийтгэсэн барьсан” гээд эрүүл ухаанд орохгүй гүтгэлэг энэ номонд бий. Энэ романы тухай их шуугиад байдаг чинь Буддизмын тухай бидний мэдлэг сул байгаагийнх. Үнэн худал хамаагүй, Бурханы шашныг муулж л байвал баясдаг хүмүүст бол аз жаргал юм биз дээ. Тэрнээс шашин судлал, мэдлэгийн түвшиндээ бол хялгасын төдий ч үнэ цэнгүй зүйл. Дээрээс нь хэлэхэд жаахан хулгайтай зохиол.

-Хулгайтай гэнэ ээ?

-“Маань ганбум” гэдэг зохиол дотроос үлгэрийг нь хулгайлчихсан шүү дээ.

-Юу гэсэн үлгэр байна?

-Зохиолын эхлэл төгсгөлд, сүм барьж байсан хүнээ сохолж цөлөөд, дараа нь оройг нь барьж чадахгүй болоод хүн зарж явуулаад, “Оройг нь хэрхэн барих вэ” гэж асуулгаад, хулсан бийр чихрангуут мэдчихлээ гэж гардаг шүү дээ. Зохиолын нэр ч үүнтэй холбоотой. Тийм зохиол Буддын номонд гардаг юм. За, атаа жөтөөний тухай асуултаас хоёулаа хэтэрхий халиад явчихлаа. Атаа жөтөө бол лут чөтгөр юм даа. Уул нь хүний муу сэтгэлүүд буурахын хэрээр хүнд амгалантай гэж номонд буудаг. Муу сэтгэлийг халуун өвчтэй адилхан гэдэг. Муу сэтгэл нэмэгдээд байвал хүмүүс өөрийгөө мэдрэхгүй орилолдоод, чарлалдаад, алалдаад, уралдаал тайвширч чадахгүй болчихож байгаа юм. Энэ цахим ертөнц, жиргээг харж байхад бид үе үе халуун өвчнөөр энэлсэн хүмүүс шиг санагдах. Жаахан тайвшрах сан. Муу зүйлийг тоолгүй орхи гэсэн үг биш шүү, дийлэнх тохиолдолд бид амин хувийн ашиг сонирхлоороо л талцдаг. Дайсагнаад байгаа хүндээ хамгийн зэвүүн муу үг хэлчихвэл бах нь ханаад, тэр хэрээрээ өөрөө муухай үг сонсоод л. Халуун хамуу, маажаад байхын хэрээр л гоё байдаг юм биз дээ.

-Наян дөрвөн мянган нисванисыг яасхийж дармаар ч юм бэ дээ?

-Хоёр төвшин байгаа юм. Наян дөрвөн мянган муу сэтгэлийг дарах юм яривал гэгээрэл байна гэсэн үг. Гэгээрэл гэж холын юм. Хүнээс илүү шуналтай хүн жигтэйхэн гэгээрэл яриад унахаар гэгээрэл гэдэг үгийн үнэ цэнэ алдагдах. Бурханы шашинд гэгээрэх шат дараалал байна аа гэнэ. Адаглаад ерийн дунджаас илүү зарчимтай болж чадсаны дараа тэр гэгээрэл мэгээрлээ яривал чухам үнэмшилтэй байна биз дээ. “Бодь мөрийн зэрэг” номонд өгүүлснээр эхлээд бид нийтийн ёс суртахуун гэдэг зүйлээ дагаж мөрдөж сурах хэрэгтэй. Тэгэхээр бид ганцхан өнгө мөнгөнөөс илүү үнэт зүйл байдаг гэдгийг эхлээд ухаарах хэрэгтэй. Шуналыг тодорхой хэмжээнд хязгаарладаг, түүнээс давсан эрх чөлөөг өөртөө бий болгох. Тэрний дараа шуналаа бүр дарах хэрэгтэй байх. Одоо түүний халууныг нь жаахан бууруулах, бүр адаглаад бууруулах хэрэгтэйг ухаарах нь л эн тэргүүний хэрэг болоод байна.

-Өнөө цагт их олон хутагт хувилгаад тодроод байх юм. Хутагт, хувилгаад гэдэг чинь номын зэрэг цол юм уу, эсвэл цаанаасаа төрчихдөг юм бол уу?

-За хутагт хувилгаан гэсэн агуулгад буддын өөрийн онол, буддизмд судлал, шүтэх бишрэх эрх чөлөө, бүр шашны маркетинг гээд олон шугамууд харагддаг тул санаагаа жаахан дэлгэрэнгүй хэлье. Нэгд, Бурханы шашны бүх урсгалууд хойд, урд нас бий гэж үзнэ. Хоёрт, гэгээрэл бол урт удаан замнал юм гэж үздэг. Бурхан багшийг өмнөх олон төрөлдөө сайн сэтгэлээ хөгжүүлэн хөгжүүлсээр байсан тухай Буддизмын бүх урсгал сургуулиуд хүлээн зөвшөөрдөг жатака (цадиг хэмээх монгол үг энэ үгнээс гаралтай гэдэг) хэмээх цадигт гардаг. Хэрвээ тийм бол, энэ насандаа өчнөөн гэгээрлийн номыг хөгжүүлээд, дадуулчихсан хүмүүс дараа төрөлдөө энгийн хүнээс арай илүү авьяаслаг байна аа гэсэн санаа гардаг. Төгөлдөр хуурын авьяас гэж байдаг шиг номонд илүү авьяастай байна. Төрөлхийн шунал нь бага байна. Төрөлхийн энэрэл нигүүсэл нь арай их байна. Тэр хүмүүсийг олоод номонд оруулбал шашны манлайлагч нар гарч ирнэ. Ийм л санаа шүү дээ. Би Өндөр богдоос нааших найман богдод их сүсэглэж залбирдаг юм. Монголын шашны эзэн нь залраад шашнаа манлайлна л гэж боддог. Энэ чинь итгэл үнэмшлийн асуудал. Хоёр мянган жилийн өмнө Ромд байсан еврей хүнийг ертөнцийн жигтэйхэн гайхамшигтай ганц аврал гээд шүтээд байгаа биз дээ. Тэр хүнийг бүр үхээд боссон юм гэнэлээ гэж итгэж болоод байна. Мүүн гэдэг нэг солонгосыг амьд бурхан гэж нэлээд монголчууд шүтэж болоод байна. Чинхай хэмээх вьетнам-хятад бүсгүйг төгс гэгээрсэн гээд монголчууд шүтэж болоод байгаа биз дээ. Тийм бол төрөл тутамдаа монголчуудыг аварна гэсэн тангарагтай, агуу их энэрэл нигүүсэлтэй, урьд урьдын ерөөлийн хүчээр Монголд төрж буй бодгаль гансаг Монголд байна аа гэж би итгэж болно оо доо. Итгэх эрхтэй. Миний энэ итгэл үнэмшлийг бусад хүн хүндлэх нь зөв. Нөгөө талаар хутагт хувилгаад төрнө гэдэг чинь шашны институцийн асуудал байгаа юм.Түвдийн шашинд жишээлбэл хутагт хувилгаад байдаг. Гэхдээ хутагт хувилгааныг бүтээдэг үйлдвэр буюу мундаг сургуулиуд байна. Намайг Энэтхэгт сурч байхад манай ангид хоёр гурван хувилгаан байсан. Тэр хувилгаад яадаг вэ гэхээр энгийн лам нараас хоёр гурав дахин ачаалалтай, илүү хяналттай, тусгайлан бэлдэх нь байна шүү дээ. Тэд ч багаасаа хариуцлагаа ухаарсан байдаг. Тэгэхээр хутагт хувилгаад гэж зүгээр нэг тодруулаад хаячихдаг юм биш. Шашны институци хариуцлагаа бүрэн хүлээж, түүнийгээ бэлтгэж, мэдлэгтэй болгоод хувилгаан гэсэн брэндийг бүтээдэг. Үе удам дамжтал ийм брэндийг бий болгодог, хүмүүст хүрэх шашны институцийн арга байж болно. Нөгөө талаас, хүнээс илүү, эгэл биш хутагт хувилгаадыг би харж л байсан. Монгол хувилгаадын дунд ч эгэл биш гэмээр, хүндэлмээр хувилгаад байна.

-Эгэл биш нь яаж анзаарагдах вэ?

-Үгүйдээ гэхэд хүн хүнээс илүү номоо үзэх, хүнээс илүү гэгээн зөв, одоогийн хүүхдүүдтэй харьцуулахын аргагүй төвлөрөлтэй хүүхэд байна шүү дээ. Бид Жалханз хутагт, Дилова хутагт гээд ийм гайхамшигтай хутагтуудын жишээг мэднэ. Монголын түүхэнд үнэхээр үүрэг гүйцэтгэсэн лам нар. Тэд ямар их эх оронч байсан юм. Гэхдээ дахиад хэлэхэд, хутагт хувилгаадыг зүгээр ч нэг тодруулаад орхичихдог юм биш. Хувилгаадын хувилгаан Далай ламыг хүртэл тэр цаг үеийн хамгийн мэргэн багш нар сургаж, ташуурдах газар нь ташуурдаж байж одоогийн их багшийг бүтээсэн гэлцдэг, Далай багш өөрөө ч айлддаг. Тэгэхээр шашны байгууллын зүгээс бол маш хянуур, бодлоготой хийх ёстой зүйл. Бурханы шашны олон урсгалд хувилгаан тодруулах зан үйл байдаггүй.

-Аравдугаар Богд Монголоос тодорсон гээд шуугиад байх юм?

-Би сайн мэдэхгүй юм. Хэрэв аравдугаар Богд тодорвол Монголд төвлөрсөн Бурханы шашин хүчирхэгжинэ. Буддын ертөнцөд энэ бол том чимээ болно. Аравдугаар Богд тодроход л Өмнөд Монгол, Буриад, Халимагаас өчнөөн монголчууд ирдэг болно. Үе үеийн Богд эрдэнийн үйлсийн хүч, нөгөөтэйгүүр бидний ухаан тал талаасаа нийлж чадвал дэлхийн хэмжээний хүн гарч ирнэ шүү. Жавзандамба хутагт гэдэг нэрийг бид ашиглаж чадвал дэлхийн брэнд шүү. Тодруулахаас өмнө л дэлхийн том том хэвлэлүүдэд “Монголд морилсон гэнээ” гээд гараад эхэлчихсэн. Тодроогүй байхад л аль хэдийнэ нэр нь яваад байна шүү дээ. Энд дахиад хэлэхэд энэ итгэмгүй тэнэг сонсогдож болно. Гэхдээ Монголын Бурханы шашинтнууд бидний л шүтэх эрх юм.

Categories
мэдээ цаг-үе

Л.Чулуунбаатар: Миний хамгийн сайн хийж чадах зүйл бол дуу дуулах

СТА, дуучин Л.Чулуунбаатартай ярилцлаа.


-Нэг хэсэг нам гүм байлаа. Уран бүтээлээ завсарлачихав уу. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Уран бүтээлээ ер нь завсарлаагүй. Яахав удаан темпээр явчихсан байх л даа. Сүүлд дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтарч хоёр ч уран бүтээл хийлээ. 1978,79 оны үед зохиогдож байсан “Үүрийн туяа” хамтлагийн хөгжимчин, хөгжмийн зохиолч Батдэлгэр ахын ая, Болдын шүлэг “Ханийн дуу” дууг дахин шинэчилж, шинэ найруулгаар дууллаа. Ирэх тавдугаар сард болох тоглолтынхоо өмнө “Чулуунбаатар 2019” шинэ цомгоо гаргах гээд ажиллаж байна. Эх нь бэлэн болчихсон. Хэвлэлтэд явуулаад ирэх гуравдугаар сараас худалдаанд гарна. Тоглолтоо тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баяраар төлөвлөсөн л дөө. Гэхдээ ялалтын баяр гээд дайны тухай дуу дуулахгүй. Өөрийнхөө уран бүтээлийг дуулахаас гадна Оросын дуучдын дууг дуулна. Аль болох тоглолтоо баялаг болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тоглолт гэдэг тийм амархан зүйл биш. Мэдээж чанар чансаатай байхаас гадна жилээс жилд өсөн дэвжсэн байх ёстой гэж боддог. Тэр талаараа ч ойр ойрхон тоглолт хийх нь өрөөсгөл юм болов уу. Цомгийн хувьд ч мөн адил ийм зарчимтай ажилладаг. Одоогоор тоглолтынхоо бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Л.Чулуунбаатар гэдэг хүн юугаараа онцлог юм бэ, ямар стильтэй дуу энэ тоглолтдоо дуулж байна, өмнөхөөсөө өөрчлөгдөж үү гэдэг нь тодорхой харагдана.

-Тоглолтдоо зориулаад шинэ уран бүтээл хийж байна уу?

-Шинэ дуунууд хийгдэнэ. Одоо “Анир студи” дээр “Хайрын шивнээ” гээд шинэхэн дуугаа гаргахаар ажиллаж байна. Анир студи дээр шинэ дуунууд болоод тоглолтын бэлтгэл маань хийгдэж байна. Тоглолтод оролцох хөгжимчид тус студиэс бүрдэж байгаа.

-Дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтарсан дуунууд хүмүүст нэлээд хүрсэн. Хамтдаа ахиж уран бүтээл хийхээр төлөвлөж байна уу?

-Хүмүүс хуриман дээрээ “Зангаараа амраг”, “Дулаахан” дууг дуулуулах сонирхол их байдаг. УГЗ Т.Сэр-Од багшийн “Зангаараа амраг” дууг мэддэг байсан л даа. Нэг ийм сайхан дуу байдаг даа гэж. “Чингис хаан” хамтлагийн дуучин гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ах анх энэ дууг дуулсан. Энэ дууны шүлэг нь дуэт, бие биедээ хандаж хэлсэн шүлэг байсан учраас би Т.Сэр-Од багшид санал тавьсан юм. Поп дууг өөр хувилбараар дуэт болгож дуулбал ямар вэ гэж хэлсэн. Ингээд хоорондоо ярьж байгаад л Г.Эрдэнэтунгалагтай дуулахаар шийдсэн. Дараа нь гавьяат жүжигчин Н.Чулуунхүү гуайн “Дулаахан” дууг дуулсан. Одоо энэ хоёр дуунаасаа муу дуу хийх эрхгүй болчихож байгаа юм л даа. Энэ сайхан дуунуудаасаа давсан дуутай одоохондоо таараагүй л байна. Мэдээж сайхан уран бүтээл байвал дуулахад татгалзахгүй.

-“Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Бор борын бялзуухай”, “Эр хүн шиг эр хүн дээ” дуунууд тантай салшгүй холбоотой. Дуучин дуугаа олно гэж байдаг даа?

-Ер нь уран бүтээлч хүн цаг ямагт уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг. Хамгийн гол нь өөрийгөө мэдрэх хэрэгтэй. Энэ уран бүтээл надад тохирох уу, зөв уран бүтээлээ олж уу гэдгээ өөрөө их мэдрэх ёстой юм шиг санагддаг. Хөгжмийн зохиолч, яруу найрагчид ч мэдэрдэг, санал тавьдаг. Миний хувьд дөнгөж СУИС төгсөөд дуурийн театрт ажиллаж байхдаа хүүхдийн дууны нэрт мастер, хөгжмийн зохиолч Монгол улсын гавьяат багш Л.Галмандахын “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дууг дуулсан. Бид хоёр нэг нутаг. Тэр хүний сайхан уран бүтээлтэй учирч тэрнээс цааш олон олон уран бүтээл хийсэн.

-Нийтийн дуу гэхээр хүмүүсийн дийлэнх нь настай, эсвэл хөдөөний хүмүүс сонсдог гэсэн ойлголттой байдаг. Тэгсэн хэрнээ замд гарахдаа ч юм уу, аав ээж, нутаг усаа санахаар энэ төрлийн дууг сонсож байдаг шүү дээ?

-Зохиогчгүй дуу гэж байхгүй. Нийтийн дууг нийтээрээ сонсдог учраас нийтийн дуу гэж нэрлэж байгаа болов уу. 50,60-аад оны үед нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуучууд болох эмч, жолооч, салбар салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дуунууд төрийн бодлогоор хийгддэг байж л дээ. Жолооч нарт зориулж “Алтан шар зам”, малчид, тариаланчдад зориулж тухайн үеийн Соёлын яам гэж байхад дуу хийдэг байж. Тэр үед урлаг эзэнтэй байлаа шүү дээ. Ингэж л бодлогоор боловсон хүчнүүддээ анхаардаг, эргээд нийгэмдээ олон сайхан уран бүтээл хийж үүгээр нь ард түмэн хөглөгддөг байсан. Ингэж явсаар өнөө цагийн бид бүхэн дээр өртөөлөн үргэлжилж явж байгаа гэж ойлгодог.

-Сүүлийн үед залуу дуучид, дуу маш ихээр төрөн гарч байна. Нийтийн дуу одоо ямар түвшинд явна вэ. Нэг хэсэг их өндөрт гарч байсан шүү дээ?

-Аливаа зүйл зах зээлийнхээ зарчмаар явдаг. Одоо нийтийн дуу маань жинхэнэ бужигнаан дунд явж байна. Үүнийг доош татахад дуулах авьяасгүй ч гэлээ урлагийг амархан гэж ойлгодог хүмүүс маш их нөлөөлж байна. Огт танихгүй хүмүүс ч олон байна. Сайхан дуучид ч байна. Эцэст нь ард түмэн л дүгнэж байгаа шүү дээ. Цаг хугацаа л хамгийн том шалгуур. Би урлагийг хэн дуртай нь хийдэггүй байх ёстой салбар юм болов уу гэж боддог. Хүнийг соён гэгээрүүлнэ гэдэг хэн дуртай нь хийдэг зүйл биш л дээ. Дээхнэ үед бүх дуу, шүлэг шүүлтүүрээр ордог байсан. Одоо урлагийн бүх л салбарыг хариуцсан яам байхгүй, эзэнгүй болчихсон. Миний хувьд нэг зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Манайд урлагийн сургууль олон байх хэрэггүй санагддаг. Ганц урлаг ч бус. Жилд 200,300 дуучин төгсөөд бүгдийг нь ажилд авах ажлын байр байхгүй шүү дээ. Эстрад, дуурийн дуучин бэлтгэгдээд ихэнх нь урлагт хайртай хүмүүс болоод үлдэнэ. Харамсалтай. Урлаг шударга баймаар байгаа юм. Зарим жил элсэлтээ өнждөг байх хэрэгтэй. Дээр үед боловсон хүчин хэрэггүй ээ гэхэд элсэлт авдаггүй байсан. Яг л авьяастай хүнийг олж, сургаж, хөгжүүлэх хэрэгтэй.

-Дуучин бүр өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг.

-Би ийм, тийм байх гэсэн зарчимд баригддаггүй. Тухайн уран бүтээлийг мэдэрч ойлгож нэг ёсондоо ном уншаад ойлголт авдагтай адил би энэ дууг ингэж дуулах юм бол хүнд хүрэх юм байна гэдгээ мэдрэх хэрэгтэй. Би Чулуунбаатарын онцлог юу юм бэ гэдгийг л харуулахыг хичээдэг. Ямар ч уран бүтээл үзэгч олонд шүүлтүүрээр ороод гарч байгаа. Сонсох нэг нь сонсож, сонсохгүй хүмүүс ч байгаа. Тэгэхээр чин сэтгэлээсээ хамгийн сайнаар өөрийнхөө үйлдвэрээр оруулаад гаргаж байдаг л гэсэн үг л дээ. Миний дуунууд дунд ихэвчлэн хайрын дуунууд давамгайлсан байдаг.

-Нийтийн дуучид ардын дуу, уртын дуу гэх мэт арай өөр жанраар дуулж байдаг л даа. Та нийтийн дуу дуулдаг ч поп маневртай байдаг. Сонсогчид ч дуунуудад тань дуртай. Энэ таны гартаа оруулсан арга барил уу?

-Би эстрад попоор дуулах сонирхолтой. Ирэх тавдугаар сард болох тоглолт маань эстрад симфони найрал хөгжимтэй, поп тоглолт болно.

Ер нь би уянгын поп тал руугаа дуулах сонирхолтой. Зүгээр л дуу дуулахаас илүү цаад талыг нь харах чухал санагддаг. Ямар нэгэн уран бүтээлээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь хийхийг л зорьдог. Хамгийн гол нь үр дүн болохоор нухацтай ханддаг.

-“Миний л амраг” дуун дээрээ сахалтай имиж бүрдүүлж дуулсан. Тухайн үед энэ имиж бүрдүүлэлт үзэгч, сонсогчдод их хүрсэн санагдана?

-Хоёр жилийн өмнө хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын хөгжим, О.Энхжаргалын шүлэг “Миний л амраг” гэж дууг дуулсан. Уран бүтээл дээр өөрийгөө эвдэж гарч үзье гээд клипээ хийсэн л дээ. Тухайн үед аав маань “Миний хүү, хүн аавыгаа байхад сахал тавьдаггүй гэнэ лээ шүү” гэж хэлсэн юм. Тэгээд клипний дараахан сахлаа авсан.

-Урлагийн хүмүүс олны үлгэр дуурайл болдог. Та ямар байхыг эрмэлздэг вэ?

-Миний амьдралын хамгийн гол зарчим хүн зөв л байх ёстой гэж боддог. Хийж байгаа үйлдэл, уран бүтээлдээ хандаж байгаа хандлага чин сэтгэлээсээ зөв байх ёстой. Зөв амьдарна гэдэг бүх л зүйл зөв байна гэсэн үг биз дээ. Би зөв эр хүн байх сан гэж боддог.

-Дуучин Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, Т.Баясгалан гээд та бүхэн тухайн үеийн нийтийн дууг дахин шинэ шатанд гаргаж ирсэн?

– Бид хэн хэнийхээ уран бүтээлд санаа бодлоо хэлдэг. Бид өөрсдийгөө хурцлахдаа хурцалж, уран бүтээлийн тал дээр өрсөлдөхдөө өрсөлдөөд л явсан. Уран бүтээлийн хувьд дөнгөж сургууль төгсөөд нэг тийм цаг үе таарсан юм аа. Юу гэхээр клипэнд их өөрчлөлт орсон. Нийтийн дуу ууланд морь унаад л явдаг клипүүд их гардаг байсныг 2003 онд Логик фильмын залуучуудтай нийлж клипийг зохиомжтой болгосноор хүмүүст их хүрсэн. Дууны найруулга тал дээр Аранзаа ах, “Анир” студийн Алтанхуяг нар ажиллаж эхэлсэн. Дандаа амьд хөгжим ятга, шанзтай дуулдаг дуунууд хөгжмийн найруулгатай хийгддэг болж эхэлсэн юм. Нэг талаар нийтийн дууны тал дээр тодорхой хэмжээний хөгжил үзүүлсэн болов уу гэж боддог.

-Та дуугаа өөрөө ихэвчлэн сонгодог уу. Яруу найрагч, хөгжмийн зохиолчдоос танд санал тавьдаг уу?

-Янз бүр л дээ. Надад дууны санал тавьдаг. Би энэ дууг дуулъя, харин надад зохихгүй дуу байвал энэ дуу минийх биш байна аа гэж хэлдэг. Өөр хүнд зохих дууг аваад ирэхээр бусдад зохих юм байна гэж шууд хэлдэг. Миний төсөөлөлд буухгүй байна гэдэг. Тийм зарчмаар дуулагдсан дуу ч байдаг. “Мойлхон” киноны Р.Дэлгэрмаагийн дуулсан дуу байдаг. Р.Дэлгэрмаа л энэ дууг дуулна гэж ардын жүжигчин А.Энхтайван ахад хэлж байсан. Харин энэ киноны эрэгтэй дүрийнх нь дууг би дуулсан.

-Та саяхан магистр хамгаалсан. Танд багшлах санал ирж байх юм уу?

-Би 2015 онд магистраа хамгаалсан. Уран бүтээлээ хийж байгаад яваандаа багшилна гэж боддог. Өөрийнхөө хэмжээнд хүмүүст чаддаг, мэддэг зүйлээ зааж өгөхийг хүсдэг. Яг таг тэр үед багшилна гээд төлөвлөчихсөн зүйл алга. Гэхдээ багшлах бодол бий.

-Таны урын сан нэлээд арвин болсон байх. Одоо хэчнээн дуутай болчихов оо?

-Тоолж байгаагүй юм байна. Нийтдээ дөрвөн цомог гаргасан. Цомогт орсон болон ороогүй дуу ч олон бий. Ойролцоогоор 100 гаруй дуу байгаа байх гэж бодож байна. Шинэ цомогтоо тэдгээр дуунуудаасаа шигшээд оруулж байгаа.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн. Би айлаас гурвуулаа. Эгчтэй, доороо эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү л дээ. Өмнөдэлгэр сумандаа л өсөж торнисон. Аав, ээж маань энэ сумандаа ажиллаж амьдарч байна. Хоёр буурай маань 70 хүрч байгаа хүмүүс байна даа.

-Танайхаас урлагийн хүн бий юу?

-Манайд ер нь урлагийн хүн байгаагүй шүү. Манай ээж, аав хоёр урлагт их хайртай хүмүүс. Ялангуяа ээж маань их зөв хоолойтой, зөв дуулчихдаг.

-Та багаасаа л дуучин болъё гээд шийдчихсэн байв уу?

-Би хөгжим тоглодог хүүхэд байсан. Манай суманд “Хангалийн цуурай” гэж үлээвэр хөгжмийн хамтлаг байлаа. Тэр үлээвэр хөгжмийн хамтлагтаа бүрээ үлээдэг байсан. “Хангалын цуурай” хамтлаг маань улсын уралдаанд хоёр удаа тэргүүн байр эзэлж байлаа. 1997 онд наймдугаар ангиа төгсөөд би цэргийн хөгжмийн сургуульд шалгалт өгч МУУГЗ удирдаач Р.Ганбат гэдэг хүний шавь болж үлээвэр хөгжимчнөөр элсэж байлаа. Тэнд сурч байх хугацаандаа оюутнууд хагас бүтэн сайнд чөлөөгөөр гардаг байсан. Тэр үед “Ирээдүйн одод” гээд хүүхдийн улсын уралдаан болдог байлаа. Ардын жүжигчин агсан Г.Хайдав багш маань шүүгчээр ажиллаж байсан юм. Тэр уралдаанд тэргүүн байр эзэлж, СУИС-д орох урилгаар шагнуулсан. Ингээд л хөгжимчнөөрөө төгсөх үү , СУИС-д орох уу гэсэн хоёр сонголттой тулгарсан. Зүрх сэтгэлд маань дуучин болох хүсэл давамгайлаад СУИС-д элсэн орсон. 1998 онд УИХ-ын гишүүн С.Жавхлан, уртын дууч гавьяат жүжигчин Г.Хонгорзул, гавьяат жүжигчин Т.Баясгалан гэх зэрэг мундаг дуучидтай хамт нэг ангид таван жил сурч төгссөн. Мэргэжлийн багш нараараа их бахархдаг. Мундаг багш нараар хичээл заалгадаг байсан. Миний хувьд МУГЖ, дэд профессор О.Ичинхорлоо багшийн шавь. Багш маань Болгарт сургууль төгсөж ирсэн өндөр боловсролтой хүн. Бид нарын үеийнхэн алтан үеийн багш нарын шавь болж төгссөнөөрөө азтай. Тэр хүмүүсийн сургаалаар өдий зэрэгтэй яваа гэж ойлгодог. Ингээд л 2003 онд их сургуулиа төгсөж, будаг нь ханхалсан гэдэг шиг шинэ залуу дуурийн театрт орж байлаа.

-Та шинэ оны өмнөхөн “Алтан гадас” одонгоор шагнуулсан?

-2003 оноос хойш хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь үнэлж төрийн хайр хишгийг хүртлээ. Миний хувьд хүндэтгэлтэй санагдаж байгаа. Хийсэн бүтээсэн зүйлээ үнэлүүлж байгаад баяртай байна.

-Олны дунд шагнал ямар ч үнэ цэнэгүй болчихжээ гэх яриа их байдаг. Залуу дуучид ганц хоёрхон уран бүтээл, тоглолт хийгээд л СТА авчихдаг болсон гэх шүүмжлэл байна?

-Урлагийнхан олны нүдэнд ил болохоор тэгж харагдаад байдаг юм болов уу гэж боддог. Гэвч нийтээрээ шагналын үнэ цэнэ ийм болчихсон байна л даа. Шагналын тал дээр тухайн хүний шалгуур, судалгаагүй явдаг юм шиг санагддаг.

-Урлаг спортынхон олонд танигдаад ирэхээрээ Төрийн албан хаагч болж байгаа жишээ олон байна л даа. Танд Төрийн алба руу орох бодол бий юу?

-Надад тийм санал олон удаа ирж байсан. Гэхдээ тийм бодол байхгүй. Миний хамгийн сайн хийж чадах зүйл бол дуу дуулах. Би дуутайгаа байхдаа л аз жаргалтай байдаг. Дуулж чадахаа больтлоо уран бүтээлээ хийнэ. Төрийн алба руу орж байгаа нь тухайн хүмүүсийн л шийдвэр байх даа.

-Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл тавуулаа. Хоёр хүү, нэг охинтой. Манай гэр бүлийн хүн Нийслэлийн Өмчийн харилцааны газар ажилладаг Эрдэнэтуул гэж бүсгүй бий. Урлагийн хүний хувьд хамгийн түшиг тулгуур болдог хүн бол гэр бүлийн маань хүн л дээ. Аль ч үед арын албанд минь зогсож байдаг. Зун цаг болохоор хоёр талын ээж, аав нар маань дэм болдог. Хоёулаа ажилтай үед хүүхдүүд маань том нь жижгээ харах жишээтэй байна даа.


Categories
мэдээ нийгэм

Булаагч одтой, хар бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 4, Сумъяа гариг. Билгийн тооллын битүүн, Булаагч одтой, хар бич өдөр. Өдрийн наран 8:13 цагт мандан, 17:56 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. 11 цаг 31 минутанд 17-р жарны Шороон нохой жилийн хаврын уур орно.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Монгол үндэстэн улам хүчирхэгжиж, амьдрал сайхан болж байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 28 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монгол үндэстэн улам хүчирхэгжиж, амьдрал сайхан болж байна” хэмээн өгүүлжээ.

“Нийтлэлч Б.Цэнддоо: Сургуулиас зугтаж сургуульд орсон” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярилаа.

С.Жавхлан: Эх захгүй хэрэлдчихээд юу хийсэн гэж завсарладаг юм хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Зурхай ” нүүрт “XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн шинийн нэгний өглөө зүг мөр гаргах зурхай” гэж бичжээ.

“Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргал: Монгол хэлгүй гадныханд уртын дуугаа дуулаад нижигнэсэн алга ташилт сонсох ямар сайхан гээч хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

“Хамарын хийдийн Ловон лам С.Борхүү: Лицензийг нь иргэд эсэргүүцэхээр цуцлуулж, оронд нь том орд авдаг заль энд явж байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Азийн цагаан сар” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“ХААИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургуулийн 2018 оны онцлох 10 үйл явдал” хэмээн “Боловсрол” нүүрт бичжээ.

“МИАТ” ТӨХК “Вoeing 737 МАХ-8” буюу “Толуй хаан” агаарын хөлгөө хүлээн авлаа хэмээн “Нийгэм” нүүрт бичив.

“Цагаан сараа 78 дахь жилдээ хамтдаа угтаж буй Ч.Намдаг, С.Адьяа нар” хэмээн “Танайд өнжье” нүүрт өгүүлжээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Бид 60 сая малтай, яагаад арьс шир, савхи, гутлын үйлдвэрлэлээ хөгжүүлж болохгүй гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв: Бясалгалаар хичээллэдэггүй бол төрснөөсөө хойш сэтгэлд үүссэн хирээ арилгаагүй яваа гэсэн үг хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

Сэтгэл зүйч Ж.Үйлст: Хүмүүст томоохон баярууд нь мөнгөний дарамт болсноос аймшигт хэргүүд нэмэгддэг хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

“Ерөнхийлөгч Төрийн дээд цол, одон медаль хүртээлээ” хэмээн “Цаг үе” нүүрт бичив.

“Катар Ази тивийн шилдэг хөлбөмбөгийн багтай улс” хэмээн “Дэлхийн спорт” нүүрт бичсэн байна.

“Д.Нямсамбуу гавжийн захиас” хэмээн“Энэ өдөр” нүүрт өгүүлэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төрийн дээд одон медаль гардуулав

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид гардуулан өгөв.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, “Улаанбаатар Хүннү” эмнэлгийн дарга Ш.Болдбаатар, “Сод золбоо” авто сургуулийн багш Н.Гонгор, ЧД-ийн ЕБ-ын 50 дугаар сургуулийн багш Б.Оюунчимэг, нийслэлийн ХХААГ-ын ахмад ажилтан А.Цэцгээ, нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Б.Цэнгэл нарын 15 хүнийг,

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БГД-ийн 1-р хорооны ахмад настан Г.Өлзийдоог

“Алтан гадас одон”-гоор НИТХ-ын төлөөлөгч, Н.Баярмөнх, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, БЗД-ийн ахмад настан Б.Алтантуяа, УБЗАА-ны инженер Л.Алтангэрэл, Налайх дүүргийн Шилний үйлдвэрийн ерөнхий технологич Х.Буянбат, БЗД2ийн 22-р хорооны нийгмийн ажилтан Г.Баярмаа, Налайх дүүргийн 2-р хорооны ахмад настан Д.Тунгалаг, УСУГ-ын инженер Л.Дунгармаа, БЗД-ийн ахмад настан Н.Цэвээндолгор нарын 67 хүнийг,

“Цэргийн гавьяаны одон”-гоор Налайх дүүргийн 2-р хорооны ахмад настан Ш.Баян, Налайх дүүргийн 7-р хорооны ахмад настан Ч.Пүрэвдорж, СХД-ийн ахмад настан Г.Сэрээтэр нарын гурван хүнийг,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дэд дарга Б.Азжаргал, ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборын Д.Дулдамсүрэн, нийслэлийн Өргөө амаржих газрын сувилагч Н.Байгалмаа, СТӨ-ний мужаан, барилгын засварчин Б.Санчирхүү, Налайх дүүргийн ЭМТ-ийн сувилагч Б.Нармандах Дулааны III цахилгаан станц ТӨХК-ийн жолооч М.Амгалан нарын 18 хүнийг шагнав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж

Ойрын өдрүүдэд томуугийн дэгдэлт буурч байгаа ч сар шинийн баярын өдрүүдэд эргээд нэмэгдэх магадлалтай буй талаар Эрүүл мэндийн салбарынхан анхаарууллаа.

Иймд Эрүүл мэндийн яамнаас амьсгалын замын халдварт өвчин, хоолны хордлого болон осол гэмтлээс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Баяраар ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?Баяраар ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?Баяраар ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?Баяраар ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?

Categories
мэдээ нийгэм

“Эртний монгол хийц” үзэсгэлэн “Хаан” галерейд нээгдлээ

Өнгөрсөн үеийн түүхийг сөхөн орчин цагийн амьдралын хэмнэлд нийцүүлэн урласан, үндэсний дээл хувцас, өв соёлын үнэ цэнийг мэдрүүлэх “Эртний монгол хийц” үзэсгэлэн ХААН Галерейд нээлтээ хийлээ. Монгол дээл урлалын үзэсгэлэн тус галерейд анх удаа ийнхүү дэлгэгдсэн бөгөөд загвар зохион бүтээгч О.Уранцэцэгийн урт хугацааны хөдөлмөр, ур ухаанаа шингээж урласан уг бүтээлүүд нь гар аргаар чимэглэж, монгол ахуй, соёлыг өөртөө шингээснээрээ онцлог аж.

Эртний Хүннү, Сяньбичуудын үеэс улбаатай нумарсан нуман зах, ан гөрөө хийхэд тохиромжтой цөөн тооны товч, таван хошуу малын гаралтай түүхий эд зэрэг монголчуудын эртний өвөг дээдсийн ахуй амьдралаас монгол дээлийн ур хийцэд тусгалаа олсон зүйлс их байдаг. Эдгээр загвар хийцийг илүү сайжруулан хөгжүүлж, хойч үедээ уламжилж үлдээхийн тулд загвар зохион бүтээгч О.Уранцэцэг “Эртний монгол хийц” үзэсгэлэнгээ гаргахаар шийдсэн аж.

Дэлхийг чимсэн Монгол үндэсний дээл хувцас, өв соёлын үнэт өвийг танд мэдрүүлэх “Эртний монгол хийц” үзэсгэлэн ХААН Галерейд энэ сарын 22-ныг дуустал гарах бөгөөд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, сонирхохыг урьж байна.


Categories
мэдээ спорт

Зургаан уяач “ТОД МАНЛАЙ” уяач цол хүртлээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Тод манлай уяач цолоор

  1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг,
  2. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнх,
  3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа,
  4. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйгийн Далай,
  5. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Өлзийхутагийн Пүрэвбаатар,
  6. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Бат-Очирын Энхболд на Тод манлай уяач цол хүртээв.

Манлай уяач цолоор

  1. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат
  2. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гомбожавын Баярцогт
  3. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Ганбаатарын Баянтогтох
  4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дэмбэрэлийн Дэлгэрбаяр
  5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъян
  6. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир
  7. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайхан нарт Манлай уяач цол олголоо.

Алдарт уяач цолоор

  1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболд
  2. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдорж
  3. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Пяранлайн Буд
  4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээ
  5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Гүнсэнгийн Ганчулуун
  6. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугар
  7. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайван нарт Алдарт уяач цол олгов.
ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УЛСЫН ЦОЛ ХҮРТСЭН УЯАЧДАД ХАНДАЖ:

“Эрхэм уяачдын амгаланг айлтгаж, айсуй сар шинийн мэндийг дэвшүүлье.

Уламжлалын дагуу сар шинийн баярын өмнө уяачдад цол, тэмдэг гардууллаа.

Монголчууд бол морьтон ард түмэн. Морьгүйгээр, морин уралдаангүйгээр, морьны өв соёлгүйгээр Монголыг, монголчуудыг төсөөлөх боломжгүй.

Үндэсний морин уралдаан хэмээх өв соёл, ёс заншлыг тээж, хөгжүүлж тордож яваагийнх нь хувьд морин уралдаанчид, уяачдад талархах ёстой. Гэхдээ морин уралдааны өнөөгийн байдлыг харж байхад хэлэх сануулах шаардлагатай зүйлс ч цөөнгүй байна. Ард түмнээс мөн олон санал ирдэг.

Морин уралдаан зохион байгуулах тал дээр нийтээр дагаж мөрдөх тогтсон журам, үнэлгээтэй болсоор байгаа хэдий ч та бүхэн үндэсний өв соёлыг тээгчдийн хувиар олон жил үргэлжилж байгаа эрлийз адуу, монгол үүлдрийн адуу уралдах гэх мэт маргаанаа эцэслэж, нэгдсэн тодорхой журамд оруулах хэрэгтэй.

Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, үнэлгээний тал дээр орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн насны хязгаар, бие бялдрын шаардлагыг тодорхой болгож мөрдүүлэх зэрэг тулгарч байгааг анхааралдаа авна биз ээ.

Үндэсний их баяр наадам, цэнгэлийг хэрүүл маргаан, осол эндэгдэл цаашид гарахгүй байхаар морин уралдааныг зүй зохистой зохион байгуулах тал дээр уяачдын холбоо, бусад байгууллагууд зохистой шийдлүүдийг олж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд өөрсдийн зүтгэл, бүтээлээр цол, тэмдэг авсан явдалд дахин баяр хүргэе.

Айсуй шарагчин гахай жилд уясан хүлэг морьд нь хурдан, унаач хүүхдүүд нь эрүүл саруул, уяачид нь цэнгэл баясалтай наадацгаах болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын өв соёл улам дэлгэрэн бадартугай» гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Сар шинээр ажиллах эмнэлэгүүдийн жагсаалт

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь, утасны жагсаалтыг хүргэж байна.