Month: February 2019
Сар шинийн баярын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага бэлэн байдалд ажиллана.
Шаардлагатай тохиолдолд нийслэлд 7012-8012 дугаарт, аймгуудад тухайн орон нутгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт шуурхай хандаарай.
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.
Үүнд:
-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах,
– ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах,
– Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах,
-Сар шинийн баяр, амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн алба хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх,
-Баярын өдрүүдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж, томоохон худалдааны төвүүдэд гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах,
-Төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах,
-Баярын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдуулан “Авто замын засвар, арчлалт”-ын компаниуд, Хэв журам сахиулах албатай хамтран зорчигчдын аюулгүй байдлыг хангах ажиллах зэрэг үүргийг өглөө
Сар шинэ нэгдсэн арга хэмжээ болж байгаа. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Нийтийн хэв журмын олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Цэрэнпунцаг: Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртайхолбогдуулан тодорхой төрлийн арга хэмжээг үе шаттайгаар авч байна. Сар шинийн баярын өдрүүдээр олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж байгаа. Төлөвлөгөө батлагдаад хүн хүчээ төвлөрүүлээд арга хэмжээг сарын өмнө эхлэсэн. Үүнд: бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон бусад сүм хийдэд болох ном хурах үйл ажиллагаанууд байгаа. Сүүлийн жилүүдэд иргэд нар харахаар тодорхой цэгүүд дээр гардаг болсон. Энэ арга хэмжээнүүдийн хамгаалалтыг хийхээр зохион байгуулаад байна. Сар шинийн баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд алба хаагчдыг нэмж томилон, эргүүлийн чиглэл болон обьектийн хамгаалалтууд дээр тодорхой тооны алба хаагчдыг нэмж томилон, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид болон олон нийтийн оролцоонд түшиглэн, ажиллах арга хэмжээг явуулж байна.
Урдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Бүрэнбаатар: Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсны үр дүнд, нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 3827 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 2018 оны эхний сартай харьцуулахад 127 гэмт хэрэг буюу 4.8 хувиар нийт гэмт хэрэг буурчээ. Мөн баяр наадмын үеэр хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Үүнтэй холбогдуулан “Хулгайн гэмт хэргээс урдчилан сэргийлье” аяныг зохион байгуулсан. Ингэснээр хулгайн гэмт хэрэг сүүлийн таван жилд буурч байгаагүй буюу 29.1 хувиар буурсан. Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсан. Энэ хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар буурсан. Энэ хоёр хэрэг хулгай нь нийт гэмт хэргийн 40-өөд хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг эзэлдэг.
Нийслэлийн цагдаагийн газрын урдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Амармөрөн: Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сард 2613 гэмт хэрэг гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан байна. Тэр дундаа хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 31 хувиар буурсан үр дүн гарлаа. Мөн халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 44 хувиар буурсан байна. Иргэд хулгайн гэмт хэргээс урдчилан сэргийлэхийн тулд сонор сэрэмжээ дээшлүүлэн, автомашин, гэр орноо эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн газрын урдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Лхагвадорж: Маргааш буюу хоёрдугаар сарын хоёрны өдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Хоёрдугаар сарын гуравны өдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын дөрөвний өдөр 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Мөн Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч нэмэлтээр ажиллана. Мөн олон нийтийн цагдаа гээд нийт 800 гаруй алба хаагч гудамж талбайн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтад хяналт тавьж ажиллана.
БНСУ-ын элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэд виз мэдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллагуудын тодорхойлолт лавлагааг хуурамчаар үйлдэн ирүүлж байна гэсэн гомдол ирсэн. Уг гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг гарч, асуудлыг шалгаж байгаа. Элчин сайдын яамнаас нийт 805 хүний хүсэлтийг ирүүлсэн. Хуурамч байж болзошгүй гэх магадлалтай. Ажлын хэсгийн зүгээс шалгалт явуулахад баталгаагүй газраар иргэд лавлагаа мэдүүлж, энэ нь элчин сайдын яамнаас буцаагдаж байгаа. Тэгэхээр ард иргэд БНСУ-ын элчин сайдын яамны баталгаатай лавлагаа мэдээлэл гаргадаг зуучлалын газруудын жагсаалтыг өөрсдийн веб сайт дээр байршуулсан байгаа. Түүнээс харж баталгаатай газраас лавлагаа мэдээллээ авна уу. Баталгаагүй хуурамч мэдээ мэдээлэл гаргадаг байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байх шаардлагатай. Мөн өөрсдөө хуурамчаар материал бүрдүүлснээр Монгол Улсын эрүүгийн хуулийн зүйл заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдал бүрдэнэ гэдгийг анхаараарай.
XVII жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан эхэллээ. Цагаан сарын барилдааны түрүү бөх тэр жилдээ улсын наадамд ч сайн барилддаг гэж ярьдаг. Тиймээс өнөөдөр түрүүлсэн бөх энэ жилийн улсын наадмын түрүү бөх болох ч магадлалтай. XVII жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд хэн түрүүлэх бол.
Оргихын Хангай харцага Буянт Ухаа спорт ордонд одоогоор ѳвдѳг шороодоогүй байгаа. Сар шинийн барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн харцага ѳнѳѳдѳр түрүүлэх гэж зодоглох биз. Доогуур даваанд унахгүй бол түрүүлнэ дээ.
Ѳнгѳрсѳн жилийн түрүү Баярхүүгийн Бат-Ѳлзий Хангайтай тав дээр тунах магадлал ѳндѳр. Давсан нь аварга арслангуудтай тулна.
П.Бүрэнтѳгс арслан ѳнгѳрсѳн жил үзүүрлэсэн, ѳнѳѳ жил их шѳвѳгт гараад ирэх биз.
Аварга Батсуурь хоёр ч томоохон барилдаанд үзүүрлэсэн. Хангайд л хазайчихаад бусдыг нь аргалчихаад байгаа.
Энхтѳгсийн Оюунболд арслан онцгой сайн байгаа. Түрүүлдэг жилээ л ийм формтой байсан санагдана. Залуу арслан Сар шинээр сайн барилдаж амжаагүй л яваа. Ѳнѳѳ жил түрүүлж мэднэ.
Дорнодын Анар начин барилдаан алгасалгүй шѳвгѳрч байгаа. Нутгийнхаа сар шинийн барилдаанд ѳнгѳлсѳн байна лээ. Том барилдаанд яах юм бол. Харцагуудтай л тунах болов уу.
Сүхбат аваргын шагналыг хэн авах нь бас сонирхолтой. Б.Түмэндэмбэрэл ѳнгѳрсѳн жил тав дээр түрүү бѳхтэй тунасан ч шагнал авч чадаагүй. Бэгзсүрэн нь Ирээдүйн аварга
шагнал аваад наадмаар харцага болсон. Ѳлгийн Эркэбулан арслан шагнал магадлалтай шүү. Болдын Эрдэнэхүү, Увсын Ц.Мѳнхбаяр, Хутагийн Цогтгэрэл нарын арслангууд Ирээдүйн аварга шагналд яригдаж байгаа.
Санжаа аварга сар шинийн барилдаанд онцгой сайн барилддаг. Зүүнээ магнайлаад гарвал хѳнгѳхѳѳн дунд шѳвѳгт шалгарна даа. Цаашаа яах юм байгаая.
Нээрээ дархан аварга Ѳсѳхбаяр гурав давбал Сар шинийн барилдаанд 100 дахь даваагаа авах юм гэсэн шүү.
Цагаан сарын барилдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 10 бөх:
Увс аймгийн Наранбулаг сумын харъяат улсын аварга Одвойгийн Балжинням цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 1987 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
Үзүүр:
- 1992 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
- 1994 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
- 1995 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 1999 онд түрүүлсэн (үзүүрт Б.Бат-Эрдэнэ)
- 2001 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)
Үзүүр:
- 2003 онд үзүүрлэсэн (түрүү Д.Сумъяабазар)
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 2002 онд түрүүлсэн (үзүүрт И.Доржсамбуу)
- 2003 онд түрүүлсэн (үзүүрт А.Сүхбат)
Үзүүр:
- 2001 онд үзүүрлэсэн (түрүү А.Сүхбат)
- 2005 онд үзүүрлэсэн (түрүү Г.Өсөхбаяр)
- 2006 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
- 2007 онд үзүүрлэсэн (түрүү Г.Өсөхбаяр)
Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 1980 онд түрүүлсэн (үзүүрт Д.Долгорсүрэн)
- 1984 онд түрүүлсэн (үзүүрт Ё.Ишгэн)
- 1985 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 2010 онд түрүүлсэн (үзүүрт Г.Өсөхбаяр)
- 2015 онд түрүүлсэн (үзүүрт М.Өсөхбаяр)
- 2017 онд түрүүлсэн (үзүүрт О.Хангай)
Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 2004 онд түрүүлсэн (үзүүрт И.Доржсамбуу)
- 2005 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)
- 2007 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)
Үзүүр:
- 2009 онд үзүүрлэсэн (түрүү Б.Ганбат)
- 2010 онд үзүүрлэсэн (түрүү Ч.Санжаадамба)
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 1978 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
- 1983 онд түрүүлсэн (үзүүрт Д.Амгаа)
- 1986 онд түрүүлсэн (үзүүрт М.Мөнгөн)
Үзүүр:
- 1979 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
- 1981 онд үзүүрлэсэн (түрүү Ж.Мөнхбат)
- 1985 онд үзүүрлэсэн (түрүү Д.Хадбаатар)
- 1987 онд үзүүрлэсэн (түрүү О.Балжинням)
- 1990 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат дархан аварга Жигжидийн Мөнхбат цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 1963 онд түрүүлсэн (үзүүрт Ч.Бээжин)
- 1964 онд түрүүлсэн (үзүүрт Л.Дашдаваа)
- 1968 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
- 1973 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Хайдав)
- 1976 онд түрүүлсэн (үзүүрт Л.Сосорбарам)
- 1981 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
Үзүүр:
- 1966 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
- 1974 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
- 1975 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
Увс аймгийн Хяргас сумын харъяат дархан аварга Хорлоогийн Баянмөнх цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 1966 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
- 1967 онд түрүүлсэн (үзүүрт Ч.Бээжин)
- 1972 онд түрүүлсэн (үзүүрт У.Пүрэв)
- 1974 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
- 1975 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
- 1977 онд түрүүлсэн (үзүүрт П.Дагвасүрэн)
- 1979 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
- 1982 онд түрүүлсэн (үзүүрт М.Мөнгөн)
Үзүүр:
- 1968 онд үзүүрлэсэн (түрүү Ж.Мөнхбат)
- 1970 онд үзүүрлэсэн (түрүү Д.Дамдин)
- 1989 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
- 1993 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
- 1987 онд үзүүрлэсэн (түрүү Д.Цэрэнтогтох)
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ цагаан сарын барилдаануудад:
Түрүү:
- 1988 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбаатар)
- 1989 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
- 1990 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
- 1991 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбаатар)
- 1992 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
- 1993 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
- 1994 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
- 1995 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
- 1996 онд түрүүлсэн (үзүүрт Д.Мөнх-Эрдэнэ)
- 1997 онд түрүүлсэн (үзүүрт Ц.Цэрэнпунцаг)
- 1998 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбат)
- 2000 онд түрүүлсэн (үзүүрт Ц.Магалжав)
- 2006 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)
Үзүүр:
- 1999 онд үзүүрлэсэн (түрүү А.Сүхбат)
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна.
Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул баяр наадмын өдрүүдэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Соёлын гавяъат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээв.
Шагнал гардуулах ёслолын үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч П.Бадарч, “Миний анхны ном 1967 онд “Морьд” нэртэй гарч байлаа. Тиймээс ч “Монголын утга зохиолд морьтой ирсэн найрагч” гэсэн нэр авч байсан юм. “Есөн эрдэнийн орон” найраглалыг би цэрэгт явахынхаа өмнө бичиж байсан юм. Халх голд алба хааж байхдаа би Гарамгай баатар Л.Дандартай дотно нөхөрлөж, олон аймаг, сумдад уран зохиолын үдэшлэг хийж байлаа. Энэ онд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Би Төрийн шагналд өмнө нь гурван удаа нэр дэвшиж байсан. Ингээд дөрөв дэх удаа нэр дэвшиж, энэхүү дээд шагналыг авч байгаадаа баяртай байна. Надад олон хүн баяр хүргэж, дахин төр, түмний хүртээл болох уран бүтээл туурвихыг хүсч, ерөөл өргөлөө. Монголын ард түмэндээ Сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.
Тэрбээр Хилийн тэнгэр цэлмэг байгаасай, Цэрэг эх орны дуулал, Байтагийн чулуу зэрэг цэрэг эх орны сэдэвтэй олон арван бүтээл туурвисан. Үүний дотроос Есөн эрдэнийн орон найраглалаар нь Монголын ард түмэн сайн мэднэ. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол хүртээсэн байна.
Мөн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, “Монгол хүн бүр П.Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх хүн байхгүй биз. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжээ олж авдаг юм. П.Бадарч гуайн хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд илхэн, номонд шингэж, ардынхаа сэтгэлд хоногшсон тул би ихийг ярих нь илүүц биз. Ингээд Төрийн шагнал хүртсэн П.Бадарч гуай танд эрүүл энх урт удаан насалж, ихийг бүтээхийг ерөөе. Миний эх орон авьяас эрдэнийн билээ. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл дэлгэрч, авьяас билэгтнүүд урлан туурвих нь өргөн болох болтугай” гэв.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын Засгийн газар 2018 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар ажиллаж байгаа. Зохион байгуулах хорооны хурал өнөөдөр боллоо.
Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шадар сайдын тушаалаар, Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны гэсэн дөрвөн дэд ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг ажлын төлөвлөгөөгөө яаралтай гаргахыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Ажлын хэсгүүдийн төлөвлөгөө, саналыг нэгдсэн төлөвлөгөөтэй уяж дахин баталгаажуулна гээд ажлаа шуурхайлахыг Шадар сайд анхаарууллаа.
80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халх голыг сумыг жишиг сум болгох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх ажлууд хийхээр төлөвлөөд байна. Түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга, нисэх хүчний үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр агаарын бохирдлыг бууруулах асуудлаар анх удаа Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 01 дүгээр сарын 10-нд Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын даргад хүргүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай болон Нийтийн сонсголын тухай хуульд заасны хүрээнд зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг уншигч та хүлээн авч, энд дарж танилцана уу.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Энэ жил манай компаниуд маш сайн ажиллаж татварын орлогыг 800 гаруй сая доллараар давуулжээ. Гэвч төр энэ их мөнгийг юунд зарцуулах тухай мэдээлэл алга. Энэ талаар хуулиар бизнесийн салбарыг төрд төлөөлдөг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Эрх баригчид эдийн засгийн маш хүнд үеийг дууслаа гэж зарлаж байна. Үнэхээр эдийн засаг сэргэж эхэлсэн үү?
-Макро эдийн засгийн тоон дүн цатгалдсан сайхан дүн гарлаа. Мал өслөө. Татварын орлого хоёр их наяд төгрөгөөр давлаа. Энэ чинь 834 сая доллар гэсэн үг шүү дээ.
-Хэр их мөнгө бол?
-Төрийн албан хаагчдын бараг найман сарын цалинг тавьчих хэмжээний мөнгө. Нэг жилийн тэтгэвэр, тэтгэмж тавьчих мөнгө л дөө. 2017, 2018 онд манай бизнесменүүд гайхалтай ажиллалаа. Одоо энэ мөнгийг нийтийн төлөө хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал гарна.
-Эдийн засаг мөнгөжлөө гэж ойлгож болох уу?
-Төсөвт тооцоогүй 2.2 их наяд төгрөг орж ирнэ гэдэг бол мөнгө хангалттай гэсэн үг. Төсөвлөснөөс 33 хувиар их мөнгөтэй болчихлоо.
-Юунаас болоод гэнэт баяжив?
-Гэнэт баяжаагүй. Манай бизнесменүүдийн нөр их хөдөлмөр. Эдийн засгийн өсөлтийн хувьд шударгаар ний нуугүй хэлэх хэрэгтэй. Аливаа Ерөнхий сайд ирэх жилүүдийнхээ авах ургацын үрийг суулгадаг. 2013-2014 он хямралын оргил үе байсан. Тэр үед би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болж таарсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй анхны хэрэгжүүлсэн ажил бол “Ил тод байдлын тухай” хууль. Эл хуулийн үр дүнд 17 тэрбум долларын бараа, үйлчилгээ ил гарч ирсэн. Дараа нь НӨАТ-ын хууль дээр ажилласан. Энэ бол өнөөгийн эдийн засгийн өсөлтийг хангах Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тарьсан үр гэж хэлж болно. Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн томоохон ажил бол ОУВС-тай хийсэн гэрээ. Татвар нэмнэ, нэмэхгүй гэсэн маргаан байсан ч үр дүнгээ өгсөн. Дээр нь газрын баялгийн үнийн өсөлтийн үе давхацсан. Одоогийн Ерөнхий сайд төрд бугшсан элдэв юмыг цэгцлэх гээд жил гаруй ноцолдож байгаа харагдаж байна. Сахилга бат, ёс зүй тогтоох, авлигатай тэмцэх гээд чамгүй үр тарьж байна. Нефтийн үйлдвэр, Таван толгойн хувьцаа, том төслүүдийг хөдөлгөх гээд ажиллаж л байна. Би дээрх Ерөнхий сайд нартай дөрвөн жил хамтарч ажиллалаа. Тийм учраас бодит байдлыг хэлэх хэрэгтэй. Ерөнхий сайд бүрийн оролцоотойгоор эдийн засаг өндийж байгаа юм шүү. Энэ их эдийн засгийн өсөлт хэдхэн сарын хэн нэгний хөдөлмөрийн үр дүн биш л дээ.
-2013-2016 оны хямралаас сургамж авсан уу?
-Болсон. Гэхдээ хэн сургамж авав, хэн сургамж авсангүй гэсэн тухай яривал өөр зураг гарна. Компаниуд бол хангалттай сургамж авсан. Сургамж авсан гэдэг сая татварын орлого давж биелснээс харагдаж байгаа юм.
-Төр аваагүй гэж үзэж байна уу?
-Энэ бол асуултын тэмдэг. Төр, Монголбанк нийтийн мөнгөний менежмэнтийг хийж байгаа. ОУВС тэднийг дасгалжуулж байгаа. Төрийн том сангийн менежмэнтийг хийж байгаа дээрх субьектууд дасгалжуулагчийнхаа үгэнд орж байна уу, үгүй юу гэдэг нь бас л анхаарлын тэмдэг болж байна.
-Яагаад ингэж дүгнэж байна?
-Энэ бол УИХ 2019 оны төсөв хэлэлцэх үеэр илэрсэн үзэгдэл. Өнөөгийн үр дүн бол зудны дараахь бизнесменүүдийн асар их хөдөлмөрийн үр дүн. Гэтэл 2019 оны төсвийг батлахдаа өмнөх жил нь 400 тэрбум байсан хөрөнгө оруулалтыг 1.4 их болгоод тэрбумаар өсгөж байгаа юм. Энэ бол 2020 оныг угтсан 76 жалга руу цацсан мөнгө. Нэг их наяд төгрөгийг ингэж цацна гэдэг нь дасгалжуулагчийнхаа үгийг авахгүй байна гэж харагдаж байгаа юм. Тэр их наяд төгрөгөөс гадна 800 гаруй сая ам.доллар орж ирлээ.
-Орлого давсан 800 гаруй сая ногооныг ЖДҮ-дэхгүй гэсэн баталгаа байна уу?
-Тийм зүйлд эсвэл дарга нарын мөрөөдлийг биелүүлэх гэсэн чиглэлээр зарж болохгүй. “Сансарт пуужин нисгэнэ, утааг нэг өдөр арилгана” гэх мөрөөдлөөс хол байлгах хэрэгтэй.
-Энэ их нэмэгдэл орлого аль салбараас орж ирсэн бэ?
-600 тэрбум нь нүүрс, зэс гэх уул уурхайн салбараас. 1.6 их наяд нь бусад салбараас орж ирж байгаа. Бид зөвхөн уул уурхайгаас орж ирж байгаа мэтээр яриад байгаа. Энэ бол худлаа шүү.
-Бусад салбараасаа аль салбар нь түлхүү байна?
-Худалдаа, үйлчилгээ. Мах л гэхэд өмнөх жилүүдээс харьцангуй ихээр экспортолсон. Өмнөхтэйгөө харьцуулахад бүх салбарт өсөлт гарсан хамтын бүтээл шүү.
-Баяжсан Ерөнхий сайд Сангийн сайд хоёр энэ их мөнгөнөөс иргэд, аж ахуйн нэгжид хишиг хүртээх болов уу?
-Хишиг юу байхав дээ. Орлогын нэмэгдлийг иргэд, аж ахуйн нэгжид хүртээх дараагийн асуудлаа оновчтой болгох тухай асуудлыг би Ерөнхий сайдад тавьж байна.
-Төсөвт суулгаагүй энэ их мөнгийг Засгийн газар захиран зарцуулах эрхтэй юу?
-Уг нь сонгодог утгаараа бол хөгжлийн сан гэх мэтийн сангуудад хуримтлагдах ёстой л доо. Ерөнхий сайд энэ мөнгийг захиран зарцуулах эрхгүй. Ерөнхий төсвийн хуулиар баталсан мөнгийг зарцуулах үүрэгтэй. Тэр мөнгөндөө л ойртох эрхтэй. Илүүдэл мөнгөө хуримтлуулах ёстой. Гэхдээ үүнийг манайхан хийж байгаагүй юм л даа.
-Төсөвт суугаагүй нэмэгдэл орлогыг хэн зарцуулах эрхтэй вэ?
-УИХ шийдэх ёстой. 2021 оноос төлөх том өрөнд өгөх, эсвэл яригдаж байгаа том төслүүдэд зарцуулах гэсэн хувилбар бий л дээ.
-Та Ерөнхий сайд байсан бол энэ их мөнгийг яаж зарцуулах байсан бэ?
-Хямралтай холбогдуулаад орлогын давтамжийг зургаан жилээр тооцох хэрэгтэй. Өнөөгийн байдлаар зөөлөн бүтэц рүү хандуулах ёстой.
-Зөөлөн бүтэц?
-Хүндээ хөрөнгө оруулалт хийхийг хэлж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд бид хатуу бүтэц буюу байшин, барилга дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулсаар ирсэн. Одоо иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг болсон. Тийм учраас иргэдээ чадавхжуулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Гэхдээ надад боломж байсан бол эн тэргүүнд төрийн өмчийн 90 гаруй компанийг хувьчлах байсан. Энэ компаниуд манай эдийн засгийн 40 гаруй хувийг эзэлдэг шүү дээ.
-Эрдэнэт тэргүүтэй компанийг хувьчилж барах уу?
-Хувьчлахаас өмнө хувьцаат компаниуд болгох ажлыг эхний ээлжинд хийх шаардлагатай. Энэ ажлыг хийхэд их мөнгөнөөсөө 30 хувийг зарцуулчихвал эргээд түүнээс илүү өгөөж өгнө.
-Яг яаж хувьцаат компани болгох вэ?
-Бид өмнө нь УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байсан. Тэр үед ОУВС татвар нэмэх шаардлага тавьж байсан юм. Бид эхний удаад хувьчилж чаддаггүй юм гэхэд хувьцаат компани болгох гэж байсан. Энэ компаниудыг хувьцаат болгоход 2-3 жил шаардлагатай.
-Хувьцаагаа яаж гаргах вэ?
-Одоо байгаа үнэлгээгээр хол юм ярих хэрэггүй. Төрийн Таван толгойг өнөөдрийн загвараар ашиглавал арван жилийн дараа тэнд хэнд ч хэрэггүй нүх үлдэнэ.
-Яагаад, тэнд чинь хэдэн тэрбум тонн нүүрс байгаа биз дээ?
-Хамгийн их ашгийг хамгийн бага зардлаар олборлож болох давхаргыг сорчилж байна. Зүгээр л таван жилийн төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа юм шиг ажиллаж байна.
-Таныхаар бол яаж ашиглах ёстой вэ?
-Таван толгойн ордод хэрэгжиж байгаа гурван компанийн менежмэнт байна. Тэднийг харьцуулж харах хэрэгтэй. Эрдэнэс Таван толгой буюу төрийн мэдлийн, Орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоотой жижиг Таван толгой, “Энержи ресурс” компанийн мэдлийн орд ашиглагдаж байгаа. Төрийн таван толгойг ашиглахад энэ гурван компанийн хамгийн сайн менежмэнтийг л ав. “Энержи ресурс” нүүрсээ угаагаад нүүрсээ нөгөө компаниасаа хоёр дахин илүү үнэтэй зарж байна. Энэ компани хувьцаагаа олон улсын зах зээлд гаргачихсан. 600 сая доллар босгоод үйлдвэр, цахилгаан станцаа барьчихсан. Таван толгойн ордод ийм бэлэн жишээ байхад шинэ дугуй хийх гэж цаг алдах хэрэггүй. Эрдэнэс Таван толгой өнөө маргаашгүй “Энержи ресурс”-ын захирал Батцэнгэл гэдэг залууг урьж ажиллуулах хэрэгтэй.
-Та Төрийн Таван толгойн одоогийн менежмэнтэд итгэхгүй байгаа юм уу?
-Би яаж итгэх юм бэ. Тэнд зүгээр л нэг нам дагаж гүйсэн залуу очоод суучихсан. Тэрний бизнес, менежмэнт мэднэ гэж юу байх вэ дээ.
-Өнөөдөр та бидний нэр дээр байгаа 1072 гэсэн тоо хувьцаа мөн үү?
-Хувьцаа гэсэн тодотгол. Би энэ ордын түүхэнд оролцож явсан. Анх АНУ Пибоди Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад С.Батболд (Ерөнхий сайд асан) гэдэг залууд өгөөд гарсан юм. Тэр залуу арваад жил хадгалж байгаад Ерөнхий С.Баярт буцааж өгсөн байдаг. Түүнээс хойш Таван толгойг зохицуулах ямар ч эрх зүйгүйгээр өнөөг хүрсэн. Өнөөдөр энэ 1072 гэсэн хувьцааг бэлгэдсэн тоо болчихоод байгаа юм.
-Яагаад энэ 1072 гэсэн хувьцаа болж биежихгүй өнөөг хүрэв?
-1072 гэсэн тоо авсан хоёр сая гаруй иргэн байна. Тэд нэг суугаад хуралдах боломж алга. Тэдний хувьцааг төлөөлсөн нэг ч хүн төрийн Таван толгойн ТУЗ бүү хэл хашаанд нь ч алга. Тэгэхээр иргэдийн хувьцаа амилахгүй л дээ. Харин тэнд суугаа эрх баригч намын томилсон улсууд юу дуртайгаа яриад сууж байна шүү дээ.
-Та яг юуг буруутгаж байна?
-Гүйцэтгэх захирал нь бодлогын чанартай том том яриад сууж байна. Тэр хүн бол зүгээр л ТУЗ-өөс гарсан шийдвэрийг дамжуулаад, хэрэгжүүлээд сууж байх ёстой нөхөр байхгүй юу. Гэтэл нэг их том бодлого ярьсан нөхөр. Энэ чинь өөрөө хувьцаа биежээгүй учраас хаа хамаагүй нэг нөхөр бидний өмнөөс яриад байгааг харуулж байгаа байхгүй юу.
-Монголын хөрөнгийн биржээс хувьцаа авахдаа би юуг анхаарах ёстой вэ?
-Том хөрөнгө оруулагчид хэн болох, гүйцэтгэх захирал ямар ажлын дадлагатай, менежмэнттэй, компанийн стратеги төлөвлөгөө, ойрын болон холын ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт, олох ашиг гээд энэ бүхнийг харж байж хувьцаа авах хэрэгтэй. Энэ тухай өөрөө мэдэхгүй бол брокерийн компаниудаас зөвлөгөө авах хэрэгтэй.
-Дээрх үзүүлэлтүүд манай төрийн Таван толгойд бэлэн үү?
-Та өөрөө үзсэн дээр байх. (инээв).
-Тэгээд яаж төрийн Таван толгойн 30 хувийг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө оруулагч татах вэ?
-Гадны хөрөнгө оруулагч зах зээл дээр тоглож байгаа улсуудыг л харна. Манайхны менежмэнт гэдэг бол ухаад, ачаад, хүргэж өгөхийг хэлээд байгаа юм. Усны асуудал шийдэгдсэн үү, дэд бүтэцтэй болох уу, боломжтой юу гэх мэтийн хөрөнгө оруулагчид эргэлзээ төрүүлэх олон асуудал бий. Харин сая цахилгаан станц барих шийдвэр бол нааштай үзүүлэлт. Энэ бүхнийг харж байж л хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргана. Ер нь төрийн өмч гэдэг юмаа тодорхой болгохгүй бол хөрөнгө оруулалтын тухай ярих хэцүү.
-Юу гэсэн үг вэ?
-Үндсэн хуульд төрийн өмч гээд заачихсан. Гэтэл энэ бүхэн нь хуулийн ямар ч хамгаалалтгүй.
-Яагаад?
-Яагаад улстөрчид төрийн өмчид дураар халдаад байгаа вэ гэхээр түүнийг нь хэрхэн зарцуулах, хулгайлахаас хамгаалсан хууль байхгүй. Тиймээс сонгуулиар хэр хэмжээний хөрөнгийн эрх эдэлж байна. Тэр хэмжээгээр хулгай хийж байгаа юм.
-Өмчийн хууль гарах гэж байгаа гэсэн биз дээ?
-Харин тэр хууль дээр сууж байсан дэд сайд Энхбаяр дараагийн долоо хоногт нүдээд бэлэн болгох тухай ярьж байсан чинь сая хусуулчихлаа шүү дээ. Уг нь нэлээд нухаад бооход ойртсон юм билээ.
-Энэ хуулиар юуг тодорхой болгох шаардлагатай вэ?
-УИХ Засгийн газар, компани, иргэнд төрийн өмчийг эзэмших ашиглах, өмчлөх эрхийг яаж өгөхийг тодорхой болгоно. Үндсэн хуульд төрийн болон хувийн өмчийг хуулиар хамгаална гэсэн заалт бий. Гэтэл төрийн өмчийг хамгаалах хууль алга. Тэгээд хэн Засгийн эрх авна. Тэр захиран зарцуулаад эхэлж байгаа юм.
-Үнэхээр төрийн өмчийг хамгаалах хууль байхгүй юу?
-Ямар ч хууль байхгүй.
-Та өмнөх ярилцлагадаа “Анх удаа төрийн гурван өндөрлөг нэгдлээ. Таван толгой хөдлөх байх” гэж хэлж байсан.
-Та дутуу хэлчихлээ. “Цаашдаа хэр зохицохоос Таван толгойн хувь заяа шийдэгдэнэ” гэж хэлсэн.
-Нөгөө хоёр нь нэгийгээ тууж байх шиг байна.
-Таван толгой дээр зохицоогүй учраас байх (инээв).
-Би танд “Энержи ресурс”, жижиг Таван толгой, төрийн таван толгойн хувьцаа санал болговол алийг нь авах вэ?
-“Энержи ресурс”-ийг сонгоно.
-Яагаад нөгөө хоёрыг сонгохгүй гэж?
-Жижиг Таван толгой нөөц дуусч байгаа. Төрийн таван толгой ямар ч стратеги, менежмэнтгүй.
-Эрдэнэтийн зэсийн худалдааны гэрээг хэн хийдэг, хэдэн хувь хүртдэг тухай мэдээлэл олсон уу та?
-Олоогүй. Тэр мэдээлэл төрийн гурван өндөрлөгийн түвшний мэдээлэл. Зүгээр мэдээллийн чанартай зүйл хэлэхэд энэ жил Эрдэнэт 220 сая долларын ашигтай ажилласан. Оросууд яагаад хаясан гэвэл зарим жил хоёрхон сая долларын ашиг авч байсан байхгүй юу.
-Юунаас болж гэнэт цоортол ашиг хийв?
-49 хувийг авчирсан залуусын хүчээр. Ажилчид хүртэл “Олсон мөнгөө үйлдвэрийн технологийн шинэчлэлд зарж, бидний нуруу амарч байна” гэж байна шүү дээ.
-49 хувийн маргаан яаж дуусах бол?
-Үүнд тухайн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хариу өгөх ёстой. Үнэхээр оросууд хугацаатай авах санал тавьсан уу. Хэрэв тэгсэн бол энэ улс төрийн шийдвэр. Цааш яриад байх зүйл байхгүй.
Та тэр үед өссөн гээд бухимдаад байсан байх аа. Тийм юм болсон. Гэнэт доллар өсөхөөр гайхаж байтал Монголоос 400 сая доллар гараад явчихсан байсан. Манайх шиг жижиг зах зээлээс хоёрхон өдөр 400 сая доллар гарна гэдэг чинь аюул биз дээ. Үүнийг харж байсан УИХ, Монголбанк юу хийж байсан юм. 2016 онд наймдугаар сарын ханшийн өсөлт энэ байсан байхгүй. Тэгээд өсөлтийн зөрүүг бид төлж байгаа биз дээ. Хэрэв улс төрийн шийдвэр бол дотроо зохицох хэрэгтэй. 2003 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Н.Энхбаярыг долоо хоногийн дотор 250 сая доллар төлбөл их өрийг хаах санал тавьсан. Манайхан шавхаад 200 сая доллар гаргасан. Фрийдландаас 50 сая доллар зээлсэн. 2004 оноос гадны хөрөнгө оруулалт орж ирсэн.
Үргэлжлэл бий.