Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр манай улс өнгөрсөн онд тус салбараас 2.5 их наяд төгрөгийн орлого олжээ. Ингэснээр уул уурхайн экспортын орлого өнгөрсөн оноос 456.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс нүүрснээс 910.6, алтнаас 80, цайраас 76.9, зэсээс 871.9, төмөрөөс 17.1, жоншноос 16.3 тэрбум төгрөг олсон. Ингэснээр гадаад худалдааны эргэлт 2.4 тэрбум ам.доллароор өссөн юм.
Month: February 2019
Манай улс арван жил тутам хүн амаа тоолдог. 2010 онд эл тооллого өрнөсөн бол уламжлал ёсоор 2020 онд хүн ам, орон сууцны тооллого болох юм. Үндэсний статистикийн хорооноос хүн амын урьдчилсан тооллого эхлүүлсэн байгаа. Харин энэхүү хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд Улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Дашрамд дурдахад, тус хорооноос өгсөн мэдээллээр манай улс 3.2 сая хүн амтай гэдэг.
Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн ордонд Есөн хөлт, цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ. Төрийн Есөн хөлт, цагаан туг нь Монгол түмний сүлд хийморь, Монголын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл юм. Их эзэн Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгийн үеэс уламжлан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.
Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо.
Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.
Томуугийн вирусын халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.
Жүдо бөхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Парисын “Гранд слам” тэмцээн энэ сарын 09-10-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд 100 орны 662 жүдоч /эрэгтэй-390, эмэгтэй-272/ оролцохоор мэдүүлсэн байна. Харин манай улсаас 21 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
Эрэгтэй
-60 kг Д.Aмaртүвшин
-60 kг Э.Ариунболд /2019 Улсын аварга/
-66 kг Г.Хэрлэн
-66 kг Н. Mөнхбаяр /2019 Улсын аварга/
-73 kг Ц.Цoгтбаатар
-73 kг Б.Батболд УАШТ мөнгөн медальт
-81 kг О.Ууганбaaтар
-81 kг Дагвасүрэн
-90 kг Г.Алтанбагана
-90 kг Э.Мөнхжаргал /2019 Улсын аварга/
-100 kг Д.Цэрэнням УАШТ мөнгөн медаль
+100 kг Б.Тэмүүлэн
+100 kг О.Цэцэнцэнгэл /2019 Улсын аварга/
Эмэгтэй
-48 kг М.Уранцэцэг
-48 kг Г.Наранцэцэг /2019 Улсын аварга/
-52 kг Л.Сосорбарам /2019 Улсын аварга/
-57 kg Л.Энхрийлэн /2019 Улсын аварга/
-63 kг Б.Ганхайч /2019 Улсын аварга/
-70 kг Б.Баасанжаргал УАШТ хүрэл медальт
-78 kг Ш.Сэржмядаг УАШТ мөнгөн медальт
+78 kг Э.Гандиймаа /2019 Улсын аварга/ нар багтсан байна.
Энэ долоо хоногоос илгээсэн мессэжээ 10 минутын дотор устгах боломжийг Фэйсбүүк компани хэрэглэгчдэдээ олгож эхэлжээ. Таны Мессенжэр аппликэйшн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн бол энэ боломж нээгдсэн байгаа. Хэн нэгэнд илгээсэн мессэж дээрээ дарахад “Copy”, “Forward”, “Remove” гэсэн гурван комманд гарч ирнэ. Хэрвээ “Remove” коммандын оронд “Delete” комманд үзэгдэж байвал таны аппликэйшн шинэчлэгдээгүй байна гэсэн үг.
“Remove” товчийг дарахад хэрвээ уг мессэжийг бичсэнээс хойш 10 минутаас хэтрээгүй байгаа бол “Remove for Everyone”, “Remove for Me” гэсэн хоёр сонголт гарч ирнэ.
Эхнийх нь бичсэн мессэжээ өөрийн болон хүлээн авагчийн цонхноос устгана гэсэн сонголт. Харин хоёр дахь нь зөвхөн өөрийн цонхон дээрээс устгана, хүлээн авагчид мессэж харагдсан хэвээр үлдэнэ гэсэн үг юм.
Ингэж устгавал илгээгчийн болон хүлээн авагчийн цонхон дээр мессэжний оронд “You (эсвэл хэрэглэгчийн нэр) removed message” гэсэн бичиг үлддэг байна.
Өөрөөр хэлбэл мессэж устгасан ул мөр заавал үлдэнэ.
Харин мессэжийг илгээгээд 10 минутаас хэтэрсэн бол “Remove” комманд нь зөвхөн өөрийн цонхноос устгах нөхцлийг санал болгодог.
Уг шинэ боломжийг Фэйсбүүк компани өнгөрсөн оны дундуур нэвтрүүлэх тухай анх мэдэгдэж байсан ч хойшилсоор өнөөдрийг хүрчээ.
iOS, Android аппликэйшнүүдэд нэвтэрснээс гадна вэб мессенжэрт мөн нэвтрээд байна. Вэб орчинд ашиглахдаа бичсэн мессэжнийхээ дээр хулганаа байрлуулахад урд нь гурван цэгтэй (***) товч гарч ирэх ба түүн дээр дарвал “Remove” комманд үзэгдэх юм.
Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас услаж байгаа аж. Харин баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм байна. Мөн сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарах тул малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн анхааруулж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд тус яаманд хариуцлагатай жижүүр, “Малчин лавлах 109 мэдээллийн төв”-ийн утас ажиллаж цаг үеийн шуурхай мэдээллийг өгч байгаа аж. Мөн тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон суманд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, мэдээллийг шуурхай хүргэж байгаа гэнэ.
Намрын ээлжит чуулганыг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хаасан. Чуулганыг хаахаас өмнө ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан юм. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс 32, Байнгын хороодоос 28, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас 5, Засгийн газраас 49, давхардсан тоогоор нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан байна.
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд:
1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
2. “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
4. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
5. “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
6. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,
9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
12. Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл,
13. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
15. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
16. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,
17. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,
18. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
19. Өмгөөллийн тухай хуулийн төсөл,
20. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
22. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
24. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
25. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
26. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
27. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
28. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
29. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
30. Бусад.
Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал 3 р шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байна.
Мөн Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахыг давхар сануулсан юм.
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй санал хүсэлтийг 11-323002 утсанд авч шийдвэрлэнэ.
Доорхи зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.
- Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
- Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
- Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
- Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
- Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
- Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
- Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
- Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
- Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
- Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
- Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
- Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
- Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
- Ууцыг халуун газар хадгалахгүй байх
- Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
- Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
- Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
- Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
- Хамгаалалтын бүс хэрэглэх
- Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.
Хаврын эхэн сар гарсан ч цаг агаар хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө баруун аймгуудын нутгаар цас орж, жавартай байсан бол маргааш болон 10-нд нутгийн зарим газраар цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10, 11-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.