Categories
мэдээ спорт

“Paris Grand Slam 2019” тэмцээнээс манай жүдочид 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна

Энэ сарын 9-10-нд Франц улсын нийслэлд болж байгаа “Paris Grand Slam 2019” /Парис Гранд слам-2019/ жүдо бөхийн тэмцээний эхний өдөр Ц.Цогтбаатар 73 кг-д мөнгө, Д.Амартүвшин 60 кг-д хүрэл медаль хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнд 5 тивийн 97 улсын 576 тамирчин оролцож байгаа бөгөөд эрэгтэй 336, эмэгтэй 236 жүдоч хүч үзэж байна. Харин манай улсаас 21 тамирчин хүч, ур чадвараа сорин оролцож байгаагаас найм нь эмэгтэй жүдочид юм.

Гахай жилийн анхны тэмцээн болох “Paris Grand Slam 2019”-д энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-д амжилттай барилдсан залуу жүдоч олноор багтсан бөгөөд багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Aмaртүвшин, Э.Ариунболд /2019 оны Улсын аварга/, 66 кг-д Г.Хэрлэн, Н.Mөнхбаяр /2019 оны Улсын аварга/, 73 кг-д Ц.Цoгтбаатар, Б.Батболд /УАШТ-ий мөнгөн медальт/, 81 кг-д О.Ууганбaaтар, Дагвасүрэн, 90 кг Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал /2019 оны Улсын аварга/, 100 кг-д Д.Цэрэнням /УАШТ-ий мөнгөн медальт/, +100 кг-д Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл /2019 оны Улсын аварга/ нар хүч үзэх юм.

Харин эмэгтэй жүдочдын хувьд 48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг /2019 оны Улсын аварга/, 52 кг-д Л.Сосорбарам /2019 оны Улсын аварга/, 57 кг-д Л.Энхрийлэн /2019 оны Улсын аварга/, 63 кг-д Б.Ганхайч /2019 Улсын аварга/, 70 кг-д Б.Баасанжаргал УАШТ хүрэл медальт, 78 кг-д Ш.Сэржмядаг /УАШТ-ий мөнгөн медальт/, 78 кг-д Э.Гандиймаа /2019 оны Улсын аварга/ нар ур чадвараа сорин барилдахаар Парист очжээ.

Тус тэмцээний эхний өдөр буюу 2 дугаар сарын 9-нд эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Гранд сламын алт, мөнгө, хүрэлмедальтнуудаа шалгаруулсан байна. Энэ өдөр Японы жүдочид 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Канад 1 алт, 1 мөнгө, Франц 1 алт, 2 хүрэл, Молдав 1 алт, Гүрж 1 мөнгө, 2 хүрэлтэй 2-5 дугаар байрыг эзэлж байгаа бол манай баг тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медальтай удаалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

МСНЭ салбарынхаа ахмад сэтгүүлчдийг хүлээн авч золголоо

Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуул МСНЭ шинийн 5-ны билэгт сайн өдөр салбарынхаа 150 гаруй ахмад настнаа хүлээн авч золголоо.

Хүлээн авалтыг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. Тэрээр “Азай буурлууд, ахмад үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудынхаа шинэ оны мэндийг эрж, нохой жилээ амжилт бүтээл, азжаргал дүүрэн үдэж, шороон гахай жилээ элэг бүтэн сайхан угтаж, учран золгож буй эрхэм буурлууд, ахмадуудынхаа амар амгаланг айлтгая. МСНЭ 68 дахь жилийнхээ түүхийг ийнхүү бичиглэж байна. 68 жилийн өмнө Монголын сэтгүүл зүйн салбарын томоохон төлөөлөгчдийн үүсгэн байгуулж, өнөөдөр бидэнд уламжлан авчирсан, Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төв байгууллагын түүх ийнхүү зузаарч, дахин нэг онтойгоо золгож байгаад бид бүхэн баяртай байна. 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17 дугаар их хурал ёслол төгөлдөр хуралдаж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ томилон ажиллуулж байна. Бидний залуус МСНЭ-ийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг цааш нь үргэлжлүүлэн авч явах үүргийг хүлээгээд нэг жилийн ой яг өнөөдөр тохиож байгааг та бүхэндээ дуулгах нь зүйтэй. Нэг жилийн хугацаанд чамгүй олон ажлыг хийхийг зорьж, эхлүүлсэн ийм он байлаа” гэв.









Хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмад сэтгүүлчдийн сэтгэгдлийг хүлээн авч үзнэ үү.





Categories
мэдээ нийгэм

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг хүлээн авч эхэлжээ

Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг Австралийн сургалтын тэтгэлгийн өргөдлийг энэ сарын 1-нээс авч эхэлжээ.

Уг тэтгэлгийн Монгол дахь хөтөлбөрийн одоогийн үе шат 2018 онд эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байдаг аж.

Австралийн сургалтын тэтгэлгийг 2020 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2019 онд зарлах бөгөөд өргөдөл гаргах хугацаа 2019 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна гэж Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хуудсанд мэдээлжээ.

Энэ оны өргөдлийн болзол шалгуурт өргөдөл гаргагчид 2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар хоёр жил хөдөлмөр эрхэлсэн байх шаардлагатай гэх мэтчилэн зарим өөрчлөлт орсон байна. Мөн 2019 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй гэжээ.

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2019 оны 2,3-р саруудад Улаанбаатар хот, зарим аймаг орон нутагт сургалтын тэтгэлгийн талаар мэдээлж, танилцуулга хийнэ. Очих газар, хугацаа тодорхой болсны дараа уулзалтын хуваарийгэнэхүү цахим хуудсанд байрлуулах тул тухайн үед нь мэдээлэл авч болох юм байна.

Categories
гадаад мэдээ

Жамаль Хашоггийн хэргийн мөрдөн шалгах ажлын талаар Конгресст танилцуулжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын явцын талаарх шинэ мэдээллийг Конгресст танилцуулжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлч Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт Саудын Арабын хунтайж холбоотой гэж үзэж байгаа засаг захиргааныхаа байр суурийг тогтоосон хугацаанд Конгрессын Сенатын танхимд танилцуулахаас татгалзсан гэж урьд нь мэдээлжээ.

“Сэтгүүлчийг өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-нд хөнөөсний дараа бид Конгресстой тогтмол зөвлөлдөж, холбоотой ажилласан. Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр шинэ мэдээлэл өгсөн гэдгийг бид нотолж байна. Жамаль Хашоггийн амь насыг хөнөөсөн хэргийн буруутнуудад хариуцлага хүлээлгэхийн тулд бид Конгресстой цаашид хамтран ажилласаар байх болно” гэж Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд АНУ-д оршин сууж, “Washington Post” сонинд ажиллаж байсан Хашогги 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон билээ. Тэрбээр Консулын газар амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид хоёр долоо хоногийн дараа хүлээн зөвшөөрч, энэ хэргээр 11 хүнийг баривчилсан бөгөөд Саудын Арабын Прокурорын газар энэ хүмүүсийн тавд нь цаазаар авах ял оноохыг шаардсан юм.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хятад улс руу зорчихдоо анхаарах зүйлс

Хятадад зорчихын өмнө дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

1. Монгол Улсын иргэн Хятадад зорчихын тулд хамгийн багадаа 6 сарын хугацаатай хүчинтэй гадаад паспортоор виз мэдүүлэх эрхтэй.
2. Монгол Улсын иргэн 30 хоногийн визгүй зорчих эрхтэй бөгөөд заасан хугацааг хэтрүүлэхгүй байх ёстой бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн хоног тутам 500 юанийн мөнгөн торгууль төлдөг болохыг анхаарах,
3. Визгүй зорчих 30 хоногын хугацаанд ажил хийх эрхгүй бөгөөд зөрчсөн нөхцөлд 5000-8000 юанын торгууль төлөх, ноцтой гэж үзвэл 2 долоо хоног хүртэл саатуулахыг анхаарах,
4. Хятадын хилээр 20.000 юаньтай тэнцэхүйц валютыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Заасан хэмжээнээс дээш валют авч явж байгаад баригдвал мөнгийг хураан мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно.
5. Хятадын хилээр авч орох, гарах үед заасан хориглосон барааг дайхгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Хятадын хилээр нэвтрэхдээ дараах зүлсийг авч орохыг хориглоно.

1. Буу, зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис
2. Хуурамч мөнгөн дэвсгэрт ба үнэт цаас
3. Хятадын бодлого, эдийн засаг, соёл ба ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц хэвлэмэл материал, кино, аудио бичлэг, зураг болон компьютерийн хэрэгсэлд хадгалсан
4.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодис
5. Хүн ба амьтанд нөлөөлөхүйц хүнс, эмийн ба бусад зүйлс
6. Амьтны гаралттай бүтээгдэхүүн:

a. Бүх амьд амьтан (нохой ба муурнаас бусад) тэдгээрийн үр хөврөл, донор, эр эс болон бусад генетик зүйлс
b. Боловсруулаагүй мах ба махан бүтээгдэхүүн
c. Амьтны сүү болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн
d. Өндөг ба тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн
e. Ургамлын гаралттай бүтээгдэхүүн, жимс, ногоо
f. Тамхи, тамхины навч, архи дарс(400 шихрэг тамхи, 2 литр архи ба дарсыг зөвшөөрдөг)
g.Хутга, хайч, сахлын хутга, притка

Хятадын хилээс гарахдаа дараах зүйлсийг авч гарахыг хориглодог.

1. Хятадын хилээр нэвтрэхэд хориглодог дээрх зүйлсүүд
2. Төрийн нууцтай холбоотой гар бичмэл, хэвлэмэл бүтээгдэхүүн, кино, фото зураг, аудио дүрс бичлэг болон компьютерт хадгалсан зүйлс
3. Соёлын болон бусад биет үнэт зүйлс зүйлс
4. Нэн ховордсон амьтны болон ургамал, тэдгээрийн үр үндэс, дахин боловсруулсан материал

Хэрвээ Хятадын хилээр эдгээрийг зүйлсийг авч яваад баригдвал шийтгэл ноогдуулдаг. Урьдчилан мэдэгдсэн нөхцөлд хуураалгуулаад шийтгүүлэхгүй байх боломжтой. Ер нь таньж мэдэхгүй болон бусдын ачаа тээшийг дайхгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” болно

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

“Улаанбаатарын өвлийн наадам” нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй. Уламжлалт хэсэгт нь Монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцсны загварын үзүүлбэр, парад багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, снөүборд, рагбигийн тэмцээнүүд зохион байгуулагддаг.

Өвлийн спортоор хичээллэх нь нэгэн төрлийн эмчилгээ болдог бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, биеийн тэнцвэрийг сайжруулах, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, эрүүл хооллох дуршлыг нэмэгдүүлэх, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Хар хорин”, “Да хүрээ”, “Барс” зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Сар шинийн баярын өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ хуваарийн дагуу өнөөдрөөс зарим худалдаа үйлчилгээний газрууд ажиллаж эхлээд буй юм. Тодруулбал, Хархорин, Барс захууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ.


Захуудын ажиллах хуваарь:

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 05–12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. Хоёрдугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарч, хоёрдугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 05-11-нийг дуустал амарч, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг даваа гаригт сүүлчийн замд нь үднэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай шинийн нэгний өдөр таалал төгсч Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиосон. Тэгвэл талийгаачтай салах ёсыг их найрагчийг сүүлчийн замд нь үдэх ажлыг ЗГХЭГ-аас зохион байгуулах захирамж гаргасан юм. Тэгвэл их найрагчийг Даваа гарагт 05.00-07.00 цагийн хооронд Улсын драмын Эрдмийн театраас салах ёс гүйцэтгэхээр болжээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ААШТ-д оролцох тамирчдыг сонгох сорил болно

“U-23” насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. МЧБХ-ноос тус тэмцээнд оролцох Монголын тамирчдыг сонгох “Сорил” тэмцээнийг хоёрдугаар сарын 12-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд 1996-2000 онд төрсөн тамирчид оролцох боломжтой. 2001 онд төрсөн тамирчид эцэг эхийн зөвшөөрөл, эмчийн магадлагаагаар орж болно.