Categories
мэдээ нийгэм

Авто зам, мөсөн зам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах тухай /СЭРЭМЖЛҮҮЛЭГ/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, гол мөрөн, нуурын мөс хайлж, шар усны үер буух эрсдэлтэй болсонтул улс, орон нутгийн чанартай авто зам болон мөсөн замд осол, зөрчил гарах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор авто замын ашиглагч, хариуцагч, автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчдод, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Үүнд:

1.Авто замын хариуцагч байгууллагууд замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, том жижиг хэмжээний хатуу болон зөөлөн материалын хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах, мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд голдиролын доторх гүүрийн тулгуур, урсгалын хурднаас хамааруулан норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгчийг байршуулах, засварлах,тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтанд орохоор байвал шаардлагатай хамгаалах арга хэмжээг авах;

2. Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагууд, түүний харъяа байгаа шуурхай ажлын хэсгүүд, засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, материал, хүн хүчийг бэлэн байлгах арга хэмжээг авч ажиллах;

3.Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч болон захиалагч байгууллагууд тухайн хариуцсан зам, гүүрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг жолооч нарт тогтмол өгч, Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчиж буй иргэд, зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, шуурхай арга хэмжээгзохион байгуулах;

4. Томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасны дагуу гол, нуурын мөс хөлдөх,хайлах, халиа, цөн түрэлт явагдаж, шар усны үер, гарч дуустал хугацаанд шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох болон Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зохих шийдвэрийг гарган мөрдүүлж ажиллах;

5. Аймгийн Засаг дарга нар орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулах, мөсөн замын тээврийн үйлчилгээг эхлүүлэх, дуусгах хугацаа, мөсний даац болон тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох асуудлыг Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээнийбайгууллагатай хамтран шийдвэрлэж байх;

6. Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрсэн зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авах, анхааруулах, хориглох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх, хөдөлгөөнийг сэргээх шийдвэрийг гаргахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэх;

7. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын Тээвэр, авто замын асуудал хариуцсан байгууллагууд улс, хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч, тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлж, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах;

8. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд автозам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот хурд, даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийж байх;

9. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд жолооч нартаа үйлчилгээнд гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулахын тулд цас, мөсний хайлалт, шар усны үер гарсан болон тэдгээрийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын талаарх судалгаа, мэдээллийг өгч, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авах;

10. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, техникийн шаардлагыг хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх, жолоочийн ажил, амралтын зохицуулалтын байдалд анхаарч ажиллах;

11. Тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд гарахын өмнө жолоочийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хангасан байдлыг шалгаж, замын хуудсыг баталгаажуулж байх;

12. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй, эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэл, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг авахуулж байх зэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ.

Манай улсад энэн шиг олон бүтээн байгуулалт эхэлнэ. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Саарал усны үйлдвэрийн ажил эхэлж байна. Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын олон ажил энэ хавар эхэлнэ. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч ажил бүтнэ гэж Ерөнхий сайд онцоллоо. Мөн тэрбээр,

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн барилгын ажлыг өнөөдөр эхэлж байна.

Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны үр дүнд 1950-иад оны дунд үеэс томоохон бүтээн байгуулалт болох бидний нэрлэж заншсан 40, 50 мянгат, 120 мянгатын орон сууцны хороолол, Энхтайвны гүүр, Налайхын зам зэрэг барилга, байгууламжууд ашиглалтад орж, манай иргэд үр өгөөжийг нь хүртэж ирсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод шинэ төв цэвэрлэх байгууламжийн энэхүү төсөл хоёр орны түүхийн хуудсыг нэгээр нэмсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад түлцэц болсон их бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэхүү төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх саарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орох учиртай. Энэ хоёр хоорондоо хүйн холбоотой төсөл юм. Эдгээр төслийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн ард иргэдийн ажиллаж, амьдрах орчин сайжрах юм гэдгийг хэлээд төслийг эхлүүлэх хоёр талын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсон БНХАУ-ын Худалдааны яам, тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, НЗДТГ зэрэг хамтран ажилласан байгууллага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд надад цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг онцгойлон анхаарч, энэ ажлыг “толгойгоороо хариуцан” ажиллахыг даалгасан гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлээд цаасан дээрх төсөл бодит ажил болж байгааг тэмдэглэлээ.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн түншлэл шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулжээ.

Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана. Төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах бөгөөд хоёр улсын ажилчдыг тэнцүү тоогоор ажиллуулна.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэлийн иргэд тав тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.

Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж:

  1. Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  2. Лхамсүрэнгийн Алтанг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  3. Мижиддоржийн Мөнхбаатарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  4. Лхагвасүрэнгийн Галбадарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  5. Дарамбазарын Мөнхцэцэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  6. Раднасэнгийн Сарантуяаг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  7. Хажекберын Талгатыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  8. Гэрэлхүүгийн Жаргалтуяаг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  9. Баттогтохын Түвшинжаргалыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  10. Бямбасүрэнгийн Отгонцэцэгийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,
  11. Намсумын Идэрийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Мөн 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 29 дугаартай зарлиг гаргаж:

Нэг. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Банзайн Манлайбаатарыг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Баттулгын Одонтуяаг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Зукарын Гүлбаршаг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Цэдэвийн Сувдмааг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Далантайн Нарантуяаг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  5. Батбаярын Оюуныг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  6. Буянтогтохын Сугиржавыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  7. Баясахын Сугарыг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  8. Бат-Өлзийн Хажидмааг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  9. Түмэнжаргалын Оюунгэрэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  10. Намсрайн Балжмааг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Пунцагийн Цэцэгдуламыг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Ганбаатарын Мягмарсүрэнг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Сүхбаатарын Ганчимэгийг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Бат-Очирын Бямбасүрэнг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  5. Лхагвагийн Энхтайваныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  6. Пунцагжавын Болормааг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  7. Бямбаюугийн Цолмонг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  8. Лхагвасүрэнгийн Энхбилэгийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Содовын Цэрэндуламыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Хасбаатарын Ганболдыг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Цэдэвийн Отгонжаргалыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатарыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  5. Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  6. Хумбаагийн Отгонжаргалыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  7. Жагдагийн Болдбаатарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Тав. Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Аюушийн Цэрэнхандыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Бямбын Алтанцэцэгийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Гончигсумын Сарантуяаг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус, тус томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулсны дараа, шүүгч нарт хандаж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм шүүгчид ээ

Монгол Улсын шүүхийн шүүгч хэмээх эрхэм, хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасан бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох; Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах; хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх; хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх нь шүүхийн эрхэм зорилго, шударга шүүхийн тогтолцоо билээ.

Өнөөдрийг хүртэл төрөөс шүүхийн байгууллагын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд ихэд анхаарч, бодлого хэрэгжүүлсний дүнд Монгол Улсын төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай нь шүүгчид болж эдийн засгийн баталгаа зохих хэмжээгээр хангагдсан. Гэсэн хэдий ч шүүхэд итгэх ард иргэдийн итгэл буурч, шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүнд үлэмж хэмжээгээр унаж байгаа үед та бүхэн шүүгчээр томилогдож байна. Нийт шүүгчдийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн олон зуун саяын хадгаламж, үнэтэй орон сууц, машинаа худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй шүүгчид ч бас байна. Тэд АТГ-аас дуудаж тайлбар авахыг хүлээлгүй өөрөө очиж тайлбарлаж бусад шүүгчиддээ болон хуулийн байгууллагын ажиллагсдад үлгэр дууриалал үзүүлэхийг уриалж байна.

2018 оны эцсээр АТГ-аас гаргасан “Шударга байдлын үнэлгээ” судалгаагаар иргэд авлига хамгийн их тархсан институцээр Шүүхийн байгууллагыг дурджээ.

Ардчилсан засаглалын тулгуур гурван баганы нэг Шүүх засаглал, зөв, шударга, нээлттэй, ил тод байж Монголын төр цэвэр байх учиртай.

Та бүхэнд шүүгчийн ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, авлига, улс төржилт, албан тушаалтны нөлөөллөөс ангид байж, хараат бус, бие даасан байдлыг хэлбэрэлтгүй сахиж, түмний итгэлийг дааж, шүүгчийн нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага урьд урьдынхаас илүүтэйгээр ногдож байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын чанар, аюулгүй байдалд анхаарах талаар зөвлөж байна

Барилга угсралтын ажлын чанар, аюулгүй байдалтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор барилгын угсралтын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд барилга угсралтын ажлын чанар, аюулгүй байдал, материалын чанар, стандартыг мөрдүүлэх болон хөрөнгө төсөвлөх, оновчтой зарцуулах талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж хүргүүлж байна.

Зөвлөмжүүдийг доорх холбоосоор үзээрэй.

ЗӨВЛӨМЖ ҮЗЭХ / Барилгын угсралтын ажлын чанар, аюулгүй байдлыг хангуулах тухай /

ЗӨВЛӨМЖ ҮЗЭХ /Барилгын төсөв зохиох тухай /

ЗӨВЛӨМЖ ҮЗЭХ / Барилгын материалын чанар, стандартыг хангуулах тухай /

Categories
мэдээ нийгэм

Хил орчмын нутгуудад хачигт халдвар, тарваган тахал нэмэгдэж байна

Зоонозын өвчин судлалын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”-т болж байна. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриатайгаар зөвлөлдөв. Мөн зоонозын гаралтай хүний өвчлөлөөс сэрэмжлүүлэх талаар ярилцаж, хэрхэн хэрэгжүүлэх ажлаа хэлэлцсэн юм.“Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төвөөс /ЗӨСҮТ/ галзуу өвчнийг хариуцсан мэргэжлийн баг ажилладаг. Манай мэргэжлийн баг халдварын талаар тандалт хийж, хандлагыг тодорхойлж байна. Салбар хоорондын хамтын ажиллагааг бид эн тэргүүнд тавьж, мал эмнэлгийн байгууллагуудтай энэ талын мэдээг богино хугацаанд солилцох зорилготойгоор цахим программ хэрэгжүүлж эхлээд байна. Мөн орон нутгийн Зооноз өвчин судлалын байгууллагуудад мэдээлэл дамжуулах, сэрэмжлүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэдэг” хэмээн ЗӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Б. Дэлгэрмааярилаа. ДЭМБ-аас 2030 он гэхэд галзуу өвчний тархалтыг зогсоох улмаар устгах талаар зорилт дэвшүүлжээ. Галзуугийн эрсдэлд өртөх тохиолдолд буурахгүй байгаа хэдий ч сүүлийн 5-6 жил энэ өвчлөлөөр хүн өвчлөөгүй аж. Харин хил орчмын бүс нутгуудад тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, хачигт халдвар эрс нэмэгджээ.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Ц.Амгаланбаяр​: Хариуцлага алдсан 461-р ангийн дарга, харуул хамгаалтын ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн

Цагдан хорих 461 дүгээр ангид болсон асуудалтай холбоотойгоор ШШГЕГ-аас албаны дотоод шалгалт явуулсан талаар хэвлэлийн хурал хийлээ.

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “2019 оны хоёрдугаар сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө цагдан хорих 461-р ангид АТГ-аас шалгагдаж саатуулагдаж байсан иргэн Б-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Үүнд ШШГЕГ-ын даргын тушаалтаар ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж дотоод хяналт шалгалтын ажлыг хийлээ. Шалгатын ажлыг өчигдөр дууссан. Шалгалтыг өнөөдөр ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид, ажилтан, дүрс бичлэгийн ажилтан, ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга үүрэгт ажилдаа хайнга хандсан, сонор сэрэмж алдсан, удирдлагаар бүрэн дүүрэн хангаж ажиллаагүй, хяналтаа сулруулсан гэдэг нь тогтоогдсон. Улсын хэмжээнд 461-р хорих анги маш том анги. Нэг давхар нь гэхэд өөр хорих ангиутай тэнцэхүйц хүнтэй байдаг том газар. Ийм том газарт анхаарал, сонор сэрэмжийг өндөр хэмжээнд байлгахыг шаардаж байдаг обьект.

Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан 461-р ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

-Ажлын байрны хариуцлага алдсан гэлээ. Яг ямар хариуцлага алдсан бэ?

-Тухайн өдрийн харуул хамгаалалтын ажилтан ямар ажил хариуцах ёстой байсан тэрүүгээ биелүүлж чадаагүй гэсэн үг.

-Нас барсныг нь хэдий хугацааны дараа мэдсэн юм бол? Тухайн өдөр дарга нар нь согтуу байсан гэх мэдээлэл гарсан?

-ШШГЕГ-аас “Хэргийн газрын үзлэг хийхэд ангийн дарга цагдаа, прокурорынхонтой хамт байсан. Хэрэв согтуу байсан бол тэд согтуу байна гэдгийг нь хэлэх байсан болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

461 дүгээр ангиас камерын бичлэг, гэрээслэл хураан авч шалгаж байгаа

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч Б амь насаа алдсан хэрэг /2019.02.24/ гарсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал “2019 оны хоёрдугаар сарын 24-ны 00.15 минутад цагдаагийн 102 утсанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид баривчлагдсан байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан тухай дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, тусгай субьектэд үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагааг явуулж байна. Прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд товч мэдээлэл өгье” гэв.

Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид Л.Бямбаа нас барсан хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Л.Бямбааг санаатай алсан, захиалгаар хөнөөсөн гэх мэт мэдээлэл цацагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт эд мөрийн баримтаар цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан. Хяналтын камерын бичлэгт үзлэг, шалгалт хийгдэж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтуудад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон байгаа. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн амь хохирогчид хийсэн шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа учраас амь хохирогч амиа хорлосон эсхүл гадны нөлөөтэй нас барсан гэдэг талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хураан авсан. Тухайн гэрээслэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн шинжээч томилон ажиллаж байгаа. Хяналтын камерын бичлэг алдагдсан гэдэг ташаа мэдээлэл” гэлээ.

Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хачгаар дамжих халдварт өвчний нэг тохиолдол бүртгэгджээ

Image result for хачиг

2019 он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний нийт таван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хачигт энцефалитын нэг тохиолдол өвчлөл тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Иймд хачгаар дамжих өвчний тухай Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Хачигт энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Манай орны найман аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн. Харин Улаанбаатар хот орчим хачигт энцефалитийн голомт бүртгэгдээгүй байна.

Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, биен дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.
Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн 5 дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.

Эдгээрээс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

-ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРААС ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ-

  • Халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах.
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх шаардлагатай.
  • Гэхдээ хачигт хазуулсан хүн бүр өвчлөхгүй гэдгийг зөвлөв.

Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын хуваарь батлагдлаа

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагдсаныг та бүхэндээ хүргэж байна.

2019 оны 6 дугаар сарын 17-нд – Монгол улсын түүх, Физик хичээлийн,

18-нд Хими, Газарзүй, Англи хэл,

19-нд Биологи, Математик,

20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтууд зохион байгуулагдахаар товлогдсон байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

Мөн энэ жилээс шалгуулагч шалгалтын анхны оноогоо шалгалт өгснөөс хойш 1 цагийн дотор мэдэх боломжтой болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан цэргийн задлан шинжилгээний хариу гарчээ

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А нэгдүгээр сарын 22-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу гарсан юм. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор шинжилгээний хариуг нууцалж байгаа аж.