Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэж нөлөө бүхий хүн хэлсэн нь биелж байна

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяртай ярилцлаа.


-Ажлаасаа чөлөөлөгдсөнөө сошиалаас мэдсэн гэсэн. Өөрт чинь албан ёсоор хэлээгүй юм уу?

-Хэлээгүй.

-Хэзээ нь мэдсэн юм?

-Тэр өдөртөө сошиалаас мэдсэн.

-Тэрнээс хойш Ц.Нямдорж сайдтай уулзсан уу?

-Уулзаагүй.

-Ажлаа өгөхөөс чинь өмнө нь хоёр ч удаа уулзсан гэж Ц.Нямдорж сайд ярьсан байсан. Тэр уулзалтын үеэр юу гэж ярьсан юм?

-Ер нь бол ажлаа өгчих гэж хоёр байтугай удаа хэлж байсан. Өөрөө өргөдлөө өг өө гэж.

-Намын Бага хурлаас бүр өмнө үү?

-Бүүр өмнө. Ноднин жилийн зунаас.

-Зүгээр л ажлаа өг гэж хэлсэн гэж үү. Ямар нэг шалтаг, шалтгаан хэлээгүй юм уу?

-Үгүй. Ер нь бол муудалцаад байгаагүй шүү дээ. Хамгийн анх санал зөрөлдөж, ажлаа өг гэдэг яриа болсон нь Эрдэнэтийн 49 хувийн шүүх хуралтай холбоотой. Би Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхий сайдын захирамжаар томилогдон шүүх хуралд хариуцагчаар оролцож байсан хүн шүү дээ.Тэр шүүх хуралд намайг Ц.Нямдорж сайд “битгий оч” гэдэг байсан юм.

-Шүүх хуралд яагаад очиж болохгүй гэж?

-Сонин байгаа биз дээ. 49-ийг төр зуун хувь авсан шийдвэр чинь 2017 оны эхний улиралд УИХ, Засгийн газраас шийдээд /өмнөх Засгийн газрын үеийн юм ярьж байна шүү/ тэгээд дараа нь шүүх хурал болсон. Тэр үеэс Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хоёр жил ажиллачихлаа. Өмнөх Засгийн газрын шийдвэртэй холбогдолтой асуудал дээр бол Дээд шүүхийн Иргэний танхимын нэг шийдвэр, Захиргааны хэргийн танхимын нэг шийдвэр гарсан байдаг юм. Иргэний шүүх дээр нь Засгийн газрыг хариуцагчаар татаагүй. Тэр утгаараа Төрийн өмчийн хороо, Бүртгэлийн байгууллага хоёр хариуцагчаар оролцож байсан. Захиргааны шүүх дээр Засгийн газар хариуцагчаар татагдаж байсан. Тэгэхэд нь би орсон. Өмнөх Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудал дээр бол 2017 оны намар Дээд шүүх дээр би ялсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод анхан шатанд дахин буцаасан. Тэгээд 2018 оны нэгдүгээр сард шинэ Засгийн газар гарч ирээд дахиж шийдвэр гаргасан. Дахиад л шүүхийн маргаан явсан. Нямдорж сайд өөрөө намайг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулъя гэж санал гаргасан байсан. Анхан шатны шүүх хурал хоёрдугаар сард маргаан үүсгэн явж байгаад зургадугаар сард болсон. Аль болох хугацаа хожих чиглэл Засгаас явж байсан. Би анхан шатны хурал гэхэд гурван сарын хугацаанд “барьсан” гэсэн үг.

-Чиглэлийн дагуу юу…

-Хуулийн дагуу, хойшлуулах бүхий л талын арга хэмжээ авсан. Тэгээд яг оролцох болтол битгий оролц гээд байдаг.

-Ц.Нямдорж сайд уу?

-Тийм.

-Тэгэхээр нь зөрөөд очсон уу?

-Очихгүй бол шүүх хурал болдгоороо л болно шүү дээ. Ирээгүй тохиолдолд нөгөө талд ашигтайгаар шийдвэрлэх зарчим хуульд бас байна. Тэгэхээр очиж үндэслэл юмаа хамгаалах ёстой биз дээ. Тэрнээс болж зөрөлдсөн юм.

-Зөвхөн очих, очихгүйгээс болоод уу?

-Тийм. Битгий оч гэхээр нь би “Би бол Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Яамных биш. Хоёрдугаарт, би салбарын сайдын биш, Ерөнхий сайдын захирамжаар томилогдсон. Хэрвээ очуулахгүй гэж байгаа бол надад “Битгий оч” гэсэн шийдвэр гаргаж өг. Эсвэл намайг болиулж өг. Тэрнээс биш би одоо манай сайд амаар ингэсэн юм аа гээд очихгүй байж чадахгүй ээ. Тайлбараа хэлнэ. Сүүлд нь яагаад очоогүй гэхээр би таныг хэлээд зогсож байх юм уу. Хүн ч итгэхгүй. Албан ёсоор Засгийн газраар хэлэлцүүлж, чиглэл өг” гэдэг асуудал тавьсан. Тэгээд ч энэ УИХ-ын шийдвэртэй, бүх ард түмний эрх ашгийг хөндсөн, маш том луйврын хэрэг учраас сүүлд нь шүүх хуралд яагаад очоогүй юм бэ гэдэг асуудал үүсэхэд та биш би л хариуцлага үүрч таарна. Та өөрөө Засгийн газарт үүнийг танилцуул аа. Хэрэв танилцуулж албан ёсоор надад үүрэг өгүүлэхгүй бол би шүүх хуралд очдогоороо очиж, байлддагаараа байлданаа л гэсэн. Тэгээд хуралд оролцсон. Ялагдсан. Анхан шатанд намайг аль 12 жилийн өмнө яаманд ажиллаж байх үед цуг ажиллаж байсан гээд шүүгчийг нь болиулаад яг тэр 49-тэй холбоотой асуудал дээр Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан хүнийг шүүгчээр оролцуулсан. Асуудал нөгөө талдаа гарах нь нэлээд ойлгомжтой байлаа. Шүүгчээс татгалзаад хүлээж аваагүй. Ер нь энэ хэрэг дээр шүүх хэт нэг талыг барьж ажилласан. Наад зах нь л бидний шүүх хурал дээр ярьж буй үг, үндэслэл, ньюансуудыг шүүхийн шийдвэртээ бүрэн оруулахгүй, хасдаг, үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Бүр сүүлд хуулийн байгууллагууд дээр шалгагдаж буй гэмт хэргийн шинжтэй ноцтой баримтуудыг шүүхэд өгөхөд хүлээж авалгүй шууд буцаах жишээтэй. Ингээд шүүх дээр анх ялагдсан чинь Ц.Нямдорж сайд “Чи очсоноос болж ялагдлаа. Тиймээс чи өөрөө өргөдлөө өг. Яв” гэсэн. Шахалт гэх юм уу, тэр үеэс эхлэлтэй.

-Тэгээд өргөдлөө өгсөнгүй

-Юу гэж өгөхөв. Би яасан гэж өгөх ёстой юм.

-Эхний шахалт тэр байж. Хоёр дахь гэж байна уу?

-Дараагийнх нь их сонин юм ярьсан. Ер нь бол айлгах гэх юм уу, юу гэх юм. Тийм байдлаар хоёр дахь удаадаа хандсан.

-Тэр нь юутай холбоотой байсан юм….

-Хоёр дахь нь ингэсэн юм. Өнгөрсөн намар л даа. “Чи ер нь өргөдлөө өг.Чиний талаар маш өндөр түвшинд маш ноцтой асуудал яригдаж байгаа” гэсэн. Миний нүд орой дээрээ гардаг юм байгаа биз дээ. “Юу вэ” гэж асуулаа. “Чи энэ С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хууль дээр өөрчлүүлэх ажлыг Их хуралд нууцаар зохион байгуулсан байна. Чиний талаар ингэж маш ноцтой яригдаж байна” гэдэг юм байна. Би “Энэ чинь одоо юу яриад байнаа. Юун Зоригийн хэрэг. Би 1998 онд оюутан, сургууль төгсөж байсан хүүхэд. Намайг захиалагч ч гэх гээд байгаа юм уу. Ёстой цочдог юм билээ. Сүүлдээ бүр намайг хүртэл ийм ноцтой хэрэгт хамаатуулж, олон хүнд бүлт бүлт үсэрч амласан амлалтаа бухаж займчих гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Өөрөө л захиалагчийг зарлана гэж том том амлаж гарч ирсэн хүн шүү дээ. Тэр нь бүтэлгүй болохоор сүүлдээ буруутан нь би болох ёстой юм уу хаашаа юм. Би өөрөө Эрүүгийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг яаман дээр ахалж байсан хүн. Их хурал дээр юу болж байсныг бүгдийг нь мэднэ шүү дээ. Жил хагасын өмнө юу болж байсныг би мартахгүй. Би шууд хэлсэн. “Уучлаарай, хөөн хэлэлцэх хугацааг Засгийн газар өөрчлөөгүй. Их хурал өөрчилсөн. Та нар өөрсдөө өөрчилсөн. Тэгж ярих юм бол Эрүүгийн хууль батлагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үе шатанд байнгын хороон дээр гишүүд санал гаргаад та нар өөрсдөө хөөн хэлэлцэх хугацааны зарчмыг нэг нь ч эсэргүүцэхгүйгээр баталсан. Байнгын хороон дээр хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ёстой гээд та нар өөрсдөө хэлж байсан. Бүгд протоколтой байгаа. Би тэр үед байнгын хорооны хуралд сууж байхдаа эсэргүүцэж, “Ингэж болохгүй” гэж хэлж л байсан. Микрофонд үг хэлье гэхэд үг хэлүүлээгүй. Одоо тэр байнгын хороо, чуулганы хуралдааны протокол бүгд видео дүрстэй болон цаасан дээр байгаа. Ийм ноцтой асуудлаар намайг буруутгасан учраас үнэхээр тэвчээгүй. Ажил ярьж шүүмжлэх бол байдаг л зүйл. Гэтэл аймшигтай гэмт хэрэгт холбогдуулж бухаж байгаа байхгүй юу. Ийм юмыг би яаж хүлээн зөвшөөрөх вэ дээ. Тэгээд ч С.Зориг чинь манай нутгийн хүн. Ардчилсан хувьсгалын эцэг. Миний санаанд багтахгүй байгаа байхгүй юу. Сүүлдээ Их хурлын тамгын газраас би бүх протоколыг олж авсан. Ер нь ингэхгүй бол сүүлдээ тоглоом биш юу ч гэж ярьж бухаж бултаж мэдэх юм байна гээд. Өөрсдийнх нь хэлж ярьж байсан үг бүгдийг нь би протоколоор авсан.

-За ингээд хоёр удаа шахаж. Гурав дахь удаагаа шахалт ирсэн үү?

-Хүүш ээ, энэ ер нь нэг л их ажлаа өгөөд гомдсон ялархсан юм шиг яриа болох нь ээ. Би өөрөө улс төрийн албан тушаалтан байсан хүн. Улс төрийн хүн ажил өгөхөд хуулийн ямар нэг үндэслэл шаарддаггүй. Би ч өөрөө олон л ажил хийж байсан, өгч байсан. Ирдэг, явдаг. Улс төрийн шийдвэр гарсан. Хүндэтгэлтэй ажлаа өгөөд л явсан. Төр хүнээр дутдаггүй юм. Нам л харин хүнээр дутдаг. Хийхээр зорьж байсан хуулийн ажлаа ярья гэж бодсон юмсан уг нь.

-Тэгээд намынхаа Бага хурал дээр хэлсэн үгтэй чинь холбоотой ажлаа өглөө гэж мэдээлэл их явсан. Нямдорж сайд бол нам дээр хэлсэн үгтэй нь холбоогүй гэсэн.

-Намын бага хурал дээр хэлсэн үгний дараа нэг дэх өдөр нь сайд “Ажлаа өг, боль” гэсэн.

-Дэлгэрэнгүй ярьж болох уу?

– Чи УИХ, улстөрчдийг шүүмжилдэг хэн бэ гээд л. Ер нь бол мань хүнийхээр бол би дуугүй л байх ёстой хүн байхгүй юу. Урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж буй хууль, зарчимтай холбоотой юм ярихад “Юу яриад байгаа юм. Яах гээд байгаа юм гэдэг” л байсан. Монголд хуулийг нэг л хүн ярьдаг байх ёстой гэдэг зарчимтай. Шударга ёсыг хувьдаа өмчлөөд авчихсан гэмээр ч юм уу. Хувь хүнд хувьчлагдсан шударга ёс одоо хаа ч байхгүй ээ. Хуулиар засагласан шударга ёс л гэж бий. Энэ бол Үндсэн хуульт ёс. Энэ бол ардчилал. Энэ бол эрх зүйт нийгэм.

-Нямдорж сайд “Дэд сайд хүн сайдын бодлогоо дагаад л байж байх ёстой” гэж хэлсэн. Та сайдын бодлогоо дагаагүй юм уу?

-Засгийн газрын болон сайдын баримталж байгаа бодлогыг эсэргүүцсэн удаа байхгүй. Миний хувьд хууль зүйн бодлого, гадаад харилцаагаа хариуцаж байсан. Сүүлийн хоёр жилд 15 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй буцалтгүй төсөл хөтөлбөр гаднаас оруулж ирсэн. Үр дүн нь зарим нь гарсан, зарим төсөл нь яг гарын үсэг зурагдан эхэлж байсан. Жишээ нь, улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд 15 нэг цэгийн үйлчилгээний болон хохирогчдыг хамгаалах байртай болно. Улсын төсвөөс ямар ч мөнгө гарахгүй, бас буцааж төлөх зээл ч биш. Эхнээсээ 5 байр нь ашиглалтад ноднин намар, өвөл орлоо. Ноднин гэхэд Эрүүгийн багц хуулийн нэмэлт, Хар тамхитай тэмцэх хуулийн шинэчлэл, Шашин, Төрийн бус байгууллага, Төрийн ба орон нутгийн өмчийн багц гээд арав гаруй хуулийн төслийг яамныхаа болон салбарынхаа шилдэг судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан. Бүгдийг нь боловсруулж сайдынхаа ширээн дээр бэлэн болгож тавьсан. Сайдын ширээнээс цаашаа л явахгүй байгаа болохоос. Өөрөө ч хууль явуулдаггүй, өрөөлийг ч явуулдаггүй. Болж байна ч гэдэггүй, болохгүй байна ч гэдэггүй. Надад дутуу харсан юм бий, бий. Жишээ нь, Шашны хууль дээр сайжруулах асуудал их бий. Үндэсний аюулгүйн зөвлөл, судлаачдаас олон чухал санал ирсэн. Бүгдийг нь хүлээж авч тусган сайжруулж байсан. Дутуу бодлоо гэхэд шүүж сайжруулаад урагшлах ёстой болохоос харлуулж гацаагаад гар хумхиад суумааргүй. Шашнаа хар л даа. Юу ч хийхгүй, зохицуулахгүй, шүүмжлэлээс айж суусаар байтал улс орон, хүүхэд залуус чинь эзлэгдлээ шүү дээ. Энэ нь болохгүй байнаа, энийг ингэж хийх ёстой гэсэн чиглэл өгөгдөөд тэрийг нь өөрөөр хийсэн юм уу, эсэргүүцэж ярьж байгаа бол сайдын бодлогыг эсэргүүцсэн гэгдэнэ шүү дээ. Тийм юм бол байхгүй. Тэрийгээ би төрийн албанд арван тав, зургаан жил ажилласан хүн мэднэ шүү дээ.

-Дэд сайд мөртлөө улс төр яриад, сошиалд янз янзын юм бичээд байдаг гэж Ц.Нямдорж сайд ярьсан байна лээ. Та үндсэн ажлаа хийхгүй сошиалд их цаг зарцуулаад байсан юм биш үү?

-Сошиалд хаяггүй улстөрч гэж орчин үед байхгүй. Тэр тусмаа манай улс чинь 3.2 сая хүнтэй. Фэйсбүүк хэрэглэгч нь 2,8 сая. Бараг нялхас, хүүхдээсээ бусад нь сошиалд хаягтай, байр сууриа илэрхийлдэг болсон. Хамгийн их мэдээлэл олж авч байгаа талбар сошиал сүлжээ болсон. Ерөнхийлөгчөөсөө эхлээд Их хурлын гишүүд бүгд л сошиалд байдаг. Тэр тусмаа хуулийн бодлого боловсруулах ажил хариуцаж байгаа хүний хувьд уг асуудлаар байр суурь илэрхийлэх, иргэдийн санал бодлыг авах, сайн мууг мэдэх, тандах, хэлэлцүүлэх бол байх шүү дээ. Зарим буруу бодож байгаа зүйлээ хүмүүсийн санал шүүмжлэлийн үр дүнд мэдэж, бага дээр нь засч ч байсан. Тэр бол ажлаас явуулах үндэслэл биш л дээ.Ц.Нямдорж сайд өөрөө надад “Чиний жиргээ хүнд их сайн хүрэх юм аа. Чи ингээд жиргэчих. Би хараад байж байя” гэж байсан л хүн шүү дээ.

-Өөрөө таныг жиргэчих гэж гуйж байсан гэж үү?

-Тийм, тэгэхээр тэр бол үндэслэл биш. Яг үндэслэл гэж ярих юм бол нэлээд эртнээс эхтэй. Бүр тодруулбал 2016 оны наймдугаар сард томилогдчихоод би ажлаа аваад өрөөндөө ч орж амжаагүй байхдаа маргааш нь Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ажилласан юм. Гурван долоон хоногийн хугацаатай шалгаж, Засгийн газарт дүнгээ танилцуулах үүрэг өгөгдсөн. Асуудлын үндсэн шалтгаан тэндээс эхтэй гэж бодож байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШАЛГАЛТААР 1.3 ИХ НАЯДЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧ БАЙЛАА

–Яагаад…

-Хөгжлийн банкны шалгалт маш өргөн цар хүрээг хамарсан ноцтой асуудал руу орсон. 1.3 их наяд төгрөгтэй холбоотой зөрчил илэрсэн. Жаран тэрбум гэж яриад байгаагаас хорь дахин их мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Улаанбаатар хотын гэр хорооллын бараг айл болгонд приус машин авч өгөх хэмжээний мөнгө. Тэгэхээр их мөнгөний асуудал байгаа биз. Энэ дотор Төмөр замын хэрэг ч байгаа.

-Нөгөө нэг овоолсон шороо гэгдээд байгаа баригдаагүй төмөр замын асуудлыг ярьж байна уу?

– Мөнгө нь Хөгжлийн банкнаас гарсан шүү дээ. Асуудал эндээс эхтэй гэж бодож байгаа.

-Ц.Нямдорж гуай таныг ажлаас чөлөөлөхтэй төмөр замын хэрэг яаж холбогдож байгаа юм?

-Шалгалтын явцад надад ямар ч албан тушаалтан, хэн ч нөлөөлж байгаагүй. Энийг би хариуцлагатай хэлье. Шалгалтын дүн ноцтой гарсан. Тийм ч учраас Засгийн газрын хуралдаанаар хаалттай сонссон юм. Их хурал дээр ярьсан. Намын бүлэгт танилцуулж байсан. Мөн л хаалттай. Тийм учраас энэ шалгалтын дүнгийн талаар дэлгэрэнгүй ярьж чадахгүй болчихсон юм. Яагаад гэхээр хаалттай хурал дээр танилцуулчихаар улсын нууц болчихож байгаа юм. Тэгэхээр би ямар нэг юм ярихаар нууц задалсан гэмт хэрэг үйлдчих гээд байдаг.Одоо ер нь энэ хаалттайгаар танилцуулсан материалыг ил болгоход ямар нэг асуудалгүй байх хугацаа болсон. Тэр шалгалтын олон зуун хуудас дүгнэлтийг Засгийн газар ил болгох нь зүйтэй байх. Тэгвэл ярихад ч амар байна. Тухайн үед хаалттай танилцуулах учир шалтгаанууд байсан. Яагаад гэхээр Хөгжлийн банк санхүүгийн хувьд үндсэндээ дампуурсан байсан. Дампуурсан гээд хэлэх гэхээр манай банк санхүүгийн системд бүхэлдээ сөргөөр нөлөөлөх үр дагавартай байсан юм. Одоо тэр үеийн нөхцөл байдал санхүүгийн хувьд арилсан. Хөгжлийн банкны бүх санхүүгийн үзүүлэлт дээшилсэн. Хяналттай болсон. Шинэ хууль гарсан. Шалгаж байхдаа ийм зөрчил дутагдал гарах нөхцөлийг бүрдүүлсэн хууль зүйн шалтгаан байгааг тогтоосон. Хуулийг нь боловсронгуй болгохгүй бол дараагийн удаа дахиад энэ зөрчил үргэлжлэх юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс хуулийг нь маш хурдан шинэчилж баталсан. Гол концепци нь зээл олгоход гарч байсан улс төрийн нөлөөллүүдийг бүгдийг нь авч хаясан. Их хурал, Засгийн газар ямар санхүүжилт авахыг нь шийддэг байсныг бүгдийг болиулсан. Тэд зөвхөн стратегийн үйл ажиллагааны чиглэлүүдийг нь заагаад, харин Хөгжлийн банкны удирдлага нь өөрөө зээлээ, эргэн төлөлтөө толгойгоороо хариуцах ёстой болгосон. Хэрвээ буруу ажиллаж, санхүүгийн зээл олгосон бол тэр удирдлага өөрөө толгойгоороо хариуц. Тэрнээс биш улстөрчдийн юм уу Засгийн газрын даалгавар биелүүлээд хэн нэгэн хүн сүүлд буруутан, гэмт хэрэгтэн болж болохгүй. Өөрөө толгойгоороо хариуцдаг, өөрөө эрсдэлээ даадаг тийм хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Тэр үед шалгалтын зөрчил дутагдалд орсон нөлөө бүхий нэг хүн шалгалтын дүнгийн дараа надтай Төрийн ордонд таараад хэлж байсан юм. “Чамайг намынхнаар чинь дамжуулж үгүй хийнэ ээ” гэж. Нэг ёсондоо танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна аа гэж хэлсэн. Тэр хэлсэн нь явсаар байгаад бодит болж байна.

-Танай намын хүн биш, тэгээд нөлөө бүхий, төмөр замын хэрэг гээд бодохоор нэг хүнийг таамаглаад байна л даа….Тэр хүний хэлснийг тэгээд танай сайд гүйцэлдүүлсэн болж таарч байна уу?

-Ер нь бол манай нам яг өөрийн толгойтой байна уу, цаанаа өөр эзэнтэй байна уу гэдэг асуудлыг цэгнэх ёстой. Манай намын даргын дарга нь гээд өөр хүн байдаг тухай хэн хүнгүй л хардаж байна. Өмнөх намын удирдлага дээр бас яригддаг байсан шүү дээ. Ц.Элбэгдоржийг манай намын бодлого чиглэлийг зааварлаад байна гэдэг байсан. Тэгэхээр тэр намд нь нөлөөлж хариу авдаг юм биш байгаа гэдэгт үүний үр дүнд итгэлтэй болсон. Энэний цаана хэд хэдэн асуудал бий. Би чинь өөрөө бас дуугүй байж чаддаггүй янзын хүн юм л даа. Улстөрчид ч тэгээд одоо цагт хоёр байтугай хорин нүүртэй болчихсон юм шиг байна. Хууль чинь хоёр нүүртэй ч байж болдоггүй. Нэг нүүртэй байвал над шиг л болдог болсон л доо. Зарим хүнд таалагдахгүй байна гэдэг энэнээс эхлээд суурьтай. Жишээлбэл, Засгийн хурал дээр хоёр асуудал дээр байр сууриа илэрхийлсэн нь их түлхээс болсон гэж боддог.

ЗАНДАНШАТАР САЙД ДУУДААД“ЭНЭ КОМПАНИЙН ЗАХИРАЛТАЙ ЭВЛЭР, ИХТОМ ДАРГЫН ОЙР ХҮН” ГЭСЭН

-Тэр нь ямар асуудал вэ?

-Олон юм бий. Шүүх дээр явж байгаа янз бүрийн маргаантай асуудал дээр нэлээд олон удаа би Засгийн газрыг төлөөлж хариуцагчаар оролцсоноо дээр хэлсэн. Найм, есөн хэрэг байгаа. Дийлэнх дээр нь ялж дууссан. Тэрний нэг нь 2017 оны хавар Байгаль орчны яамнаас хоёр албан тушаалтан Авлигатай тэмцэх газар баригдсан асуудал. Уг хэрэгт холбоотой хушны самар түүж гадагш гаргадаг компанийн захирал дээр бас эрүү үүсгэж шалгаж байсан юм билээ. Тэр хүн Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгсөн. Хушны самар чинь зөвхөн Орос, Монголд ургадаг нэн ховор ургамал шүү дээ. Нэг эзэнтэй гурван компанийн нэхэмжлэлтэй, 8.5 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй гээд Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Энэ хэрэг дээр намайг Засгийн газрын хариуцсан төлөөлөгчөөр томилсон. Энэ асуудал шүүх дээр явж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар дуудаж уулзсан.

-Дуудаад юу гэж байна?

-Энэ хэрэгтэй холбоотой дуудсан юм билээ. “Компанийн захирал нь “эвлэрье” гэж байна. Эвлэрвэл яасан юм” гэсэн. Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Занданшатар надад “Энэ бол том даргын ойрын хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Бас тэр АТГ дээр шалгагдаж байгаа хэрэг хэрэг биш болох хувь заяанд нөлөөлнө. Намайг байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулаагүй. Хэрвээ эвлэр гэж байгаа бол албан ёсоор бичиг өг” гэлээ. Тийм бичиг өгөхгүй гэсэн. Би шууд Хэрэг эрхлэх газар луу “Энэ асуудлаар албан ёсоор Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл өгөхийг хүсье” гээд бичиг өгчихсөн. Тэгээд Засгийн газрын хурлаар хэлэлцээд “Эвлэрэх шаардлагагүй” гэсэн чиглэл надад өглөө. Ингээд Дээд шүүх дээр ялсан. Энд тэр хүн юм бодож үлдсэн байх.

-Аль хүн нь вэ. Том хамаатан нь уу, эсвэл…

-Тэр хүмүүс. Өөрөөр хэлбэл тэр компани 8.5 тэрбумаа төлөхөөр болчихлоо шүү дээ. Засгийн газар ялчихлаа. Тэгэхээр юм бодож үлдэж байнаа даа. Дараа нь бас олон асуудал дээр дуугүй байж чадаагүй, энэ мэтийн зөндөө юм байгаа.

-Нэг ёсондоо дарга нарын хүсэлтийг биелүүлээгүй, хуулийн дагуу ажилласнаасаа болж ажлаасаа чөлөөлөгдсөн гэж ойлгож болох уу?

-Суурь нь тэр байхгүй юу. Тэрнээс биш жиргэдэг энэ тэр бол худлаа шүү дээ. Тийм хачин үндэслэл гэж юу байхав.

-Олон шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж орсон, олон юман дээр дуугүй байж чадаагүй гээд байсан. Өөр ямар юм байгаа юм.

– Маш олон янзын маргаан байгаа. Хэд хэдэн шүүх дээр явж байгаа. Хамгийн сүүлд ажлаа өгөхөөс хоёр долоо хоногийн өмнө 49 хувьтай холбоотой 35 км төмөр замын концессын хэрэг дээр шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ороод ялсан байсан. Шийдвэрийг нь гардаж аваагүй байсан. Одоо албажаад гараа биз.Нөгөө 49-ийнхний өөрийнхөө орд газар луу тавьсан, цэвэр өөрийн бизнесийн төмөр замаа улсад шахаад, улсаас мөнгийг нь авчихсан хэрэг. Энэ ч бас намайг ажлаас шахахад нөлөөлсөн биз. Сайддаа ч хэлэхгүй шүүх хуралд орсон юм чинь. Аягүй бол хэлбэл “битгий оч гэх биз гээд хэлэхгүй очоод ялсан. Бүлэглэл гэдэг чинь жинхэнээсээ хариугаа авч байгаа байхгүй юу. Одоо хүн болгон л шударга бусын хонгил, бүлэглэл, хуулийн мафи гэж яриад байгаа. Энийг чинь би бүр 2013 онд, 2014 онд ярьж хэлдэг байсан. Н.Алтанхуягийг ч би Авлигатай тэмцэх газар өгч байсан. Ц.Элбэгдоржийг хаан байхад нь Үндсэн хуулийн Цэцэд өгч л байсан. Нэг бус асуудлаар. Надад хүртэл хавтаст хэрэг нээж зөндөө дарамталж л байсан. Тэр байтугай одоо энэ шударга бусын хонгилыг нураая гэж ярьж буй хүний гар хөл надад “Чи гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн шүү. Аятайхан байгаарай. Яавал ч яана шүү” гэж ч дарамталж байсан.

-Нөгөө бүлэглэлийнх үү. Нэг талаас харахаар нэг МАНАН бүлэглэлийг үгүй хийнэ гэж ярьцгааж байгаа ч дараагийн МАНАН бүлэглэл бий болчихсон юм шиг.

-Хамгийн их дарга нарын үүдэнд нь сууж албан тушаалын янз бүрийн юм хийж явсан нөхөр одоо тэмцэгч болоод яваад байхаар чинь эргэлзээд байгаа юм. Одоо би жишээ нь дэд сайдаар томилогдогдохдоо намын дарга М.Энхболд гэдэг хүнтэй огт уулзаж үзээгүй.

-Ер нь харж байсан биз дээ.

-Мэдэлгүй яахав дээ. Томилогдохдоо намайг томиллоо энэ тэр гэж лав надтай огт уулзаагүй.

-Ингэхэд таны нэрийг хэн оруулсан юм?

-Би өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. Удирдах зөвлөлд хүсэлтээ бичгээр гаргасан дэд сайд нарыг чинь нууц санал хураалтаар өрсөлдөөнөөр томилсон шүү дээ. Өрсөлдөх хүмүүс хүсэлтээ гаргаад. Дэд сайдууддаа айхавтар шалгуур тавьсан. Доод тал нь хоёр хүн өрсөлдөнө. Өрсөлдөөд ялагдвал хоёр жилийн хугацаанд албан тушаалд очихгүй өөрсдөө пянгаа даана гэж ам өчгийг нь авч, өөрөөр хэлбэл эрсдэлээ өөрөө даагаарай гэсэн үг. Тоглоом биш байгаа биз дээ. Тэгээд өрсөлдөөд Булгантуяа сайд бид хоёр хамгийн өндөр санал авч дэд сайд болж байлаа.

-Таныг Бага хурал дээр үг хэлсний дараа ажлаас чинь чөлөөлөх шийдвэрээ салбарын сайд тань Засгийн хуралд оруулсан байна лээ. Тэгэхээр Бага хурал дээр хэлсэн үг нөлөөлсөн гэж бодож байна уу?

-Тэр бол тохиромжтой шалтаг болж өгсөн. Их хурлын даргыг чөлөөлөх огцруулах асуудлыг намын бага хурлаас шийдвэр гаргана гэдэг дээр би асуудлыг хуулийн хүрээнд яриач ээ гэж Бага хурлаас ч өмнө хэлж байсан. Үндсэн хуулиас давсан байдлаар хуулиар зохицуулагдсан асуудлыг намаас тогтоол гаргавал Үндсэн хууль зөрчсөн гэдгээр улс төрийн нам татан буугдах улс төр болон хуулийн үр дагавартай байдаг юм аа. Энэ үр дагавраа бодож Үндсэн хуулийнхаа хүрээнд зодооноо хийгээч” гэдэг байр сууриа л Бага хурал дээр илэрхийлсэн хэрэг.

-Та Их хурлын даргыг огцруулах дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бол их хурлын гишүүдийн талаас илүү хувь өөртэй нь хамтарч ажиллахгүй гэдэг асуудал тавьчихсан үед улс төрийн шийдвэрээ өөрөө гаргах ёстой.

-Хуулийн хүрээндээ л шийднэ. Ингэж шахалтаар огцорч болохгүй гэж тайлбарлаад байсан шүү дээ….

-Өөрөө гүрийж байгаа үед хүчээр өрөөнөөс нь чирч гаргавал төрийн эрхийг хууль бусаар булааж авсан хэрэг болно шүү дээ. Хууль зүйн хувьд тийм ойлголт болно. Ерөнхийлөгч оролцоод асуудлыг хуулийн хүрээнд шийдэх гарц шийдэл олоод энэ өдрүүдэд хэлэлцэж байна л даа.

ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАР, ПАРЛАМЕНТ ДАХИАД ЭРДЭНЭТ, ХӨГЖЛИЙН БАНК МЭТИЙГ ЯРИАД СУУЖ БОЛОХГҮЙ ЮМ ШҮҮ

-Аль нэг фракцад хамаардаггүй гэж өмнө хэлсэн байсан. Одоо яг хоёр хуваагдаад байгаа талын аль талд нь байна. Хэнийх нь зөв юм бэ?

-Бага хурал дээр би хэлсэн. “Та хоёроос болж нам тарах ёстой юм уу” гэж.

-Та хоёр гэж?

-М.Энхболд, У.Хүрэлсхүх хоёр. Зуун жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнолын хана хэрэм болж ирсэн нам тарах ёстой юм уу. Улс төрийн нам, улс эх орны хажууд энэ хоёр чинь зүгээр л хувь хүмүүс. Хоёр хүнээр дутахгүй. Улс орон цаашаа явах ёстой шүү дээ. Тийм л зарчмын шаардлага тавьсан.

-Та одоо аль нэг фракцад хамаардаггүй хэвээрээ л байгаа юу?

-Ер нь тэрнээс түдгэлздэг. Манай яамнаас боловсруулж байгаа Төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлд улс төрийн нам дэргэдээ төрийн бус байгууллагатай байхыг хориглосон заалт явж байгаа. Зуу гаруй жилийн өмнө социалист большевик нам байгуулагдахад эмэгтэйчүүд, залуучууд, ахмад гэдэг ийм бүтэцтэй байсан. Хүүхдүүдийг бага байхад нь баатарчууд, тэгээд пионер болгодог, эвлэлд оруулдаг төвлөрсөн нэг намтай тогтолцооны ийм бүтэц одоо болтол явж байгаа. Тэгэхээр энэ бүтэц бол цааш явахгүй гэдгийг намууд ойлгох ёстой. Хэн тухайн үед дарга цэрэг болох нь хамаагүй. Нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахгүй болчихсон байхгүй юу. Орчин үеийн нийгэм маш олон өнгөтэй, маш олон давхаргатай, сонирхлын бүлгүүдтэй, мэргэшилтэй болчихсон. Үүнийг ахмад, залуу, эмэгтэй гэсэн гуравхан бүлэгт хайрцаглаж, тэгээд дуу хоолойг нь сонсч, бодлогыг нь илэрхийлэх гэдэг өөрөө намуудад боломжгүй. Би хэзээ ч ийм бүтцэд орж байгаагүй. Хайрцаглагддаг байхгүй юу. Чи зөвхөн энүүгээр дамжиж байж цааш явна. Энүүгээр дамжиж байж, улс төрд яв гэж шаардах нь таалагддаггүй учраас би ордоггүй байсан. Үүнтэй адил маш олон залуучууд, сэхээтнүүд, янз бүрийн хүмүүсийг зөвхөн энэ байгууллагаар дамжиж улс төр хийх ёстой гэж байгаа чинь өөрөө нам дотор бүлэглэл фракцыг үүсгээд байгаа юм. Бие биенээ нухчих, талцуулах юмаа намд халдварлуулдаг. Тэнд бүлэглэж, фракцалж байсан хүмүүс яг тэр схемээрээ талцлыг намд авчраад, төрд авчраад хуваагаад сууж байна. Тэр суурь нь өнөөх л намын дэргэдэх төрийн бус байгууллагад байгаа юм. Тиймээс нам өөрөө нийгмийн сонирхлын бүлэг, мэргэшил, онцлогуудын клубын зарчимд суурилж цааш явахаас өөр аргагүй.

-“Гацуурт” компаниас мэдэгдэл гаргасан байна лээ. Тэр мэдэгдэлд таныг нэр дурдаад компанийнх нь эсрэг гүтгэлэг цахим орчинд тарааж, энийг нь хууль хяналтын байгууллага тогтоож, хариуцлага тооцсон гэсэн байна лээ. Тэр ямар учиртай юм бэ?

-Мэдэхгүй. Тийм мэдэгдэл байна лээ. Би гүтгээд, тэрийг хууль хяналтын байгууллага тогтоогоод, намайг шийтгэсэн юм шиг бичсэн байна лээ. Би гайхаад л өнгөрсөн. Тийм юм болоогүй.

-www.burtgel.mn-тэй холбоотой юм болов уу. Олон компанийн мэдээлэл нээлттэй болсон шүү дээ.

-Мэдээж тийм л биз. Өөрийнх нь маш олон байгуулсан компаниудыг нь ил болгосон.

-Тэгэж нээлттэй болох хуулийг өөрийг чинь хийсэн гэж дургүйцсэн юм уу?

-Мэдэхгүй юм даа. Тэрийг нээлттэй болгосонд дуртайгаасаа дургүй хүн нь энэ эздүүд дотор олон байх.

-Олон хүний бизнесийн нууцыг задалсан гэж үү?

-Бизнесийн нууц биш шүү дээ. Компанийн үүсгэн байгуулагч юмуу гүйцэтгэх захирал хэн байна гэдэг яагаад нууц байх ёстой юм. Бүртгэлийн хуучин хуулиар бүгдийг нь маш нууц гээд хуульчилсан байсан.Бүртгэлийн шинэ хууль амархан батлагдчихаагүй. 2016 онд багц хууль өргөн баригдсан. Гол концепцууд нь бүгдийг нууцлаад байх шаардлага алга байна аа. Нууц гэдэг халхавчаар гэмт хэрэг үйлдээд байна. Нууц гэдгийн цаана булхайгаа хийгээд байна. Олон дахин иргэний үнэмлэх хэвлэж хүмүүсийг санал өгүүлдэг явдал яагаад байсан юм. Нууц гэдэг халхавчин дор л болдог байсан. Бүртгэлийн ажилтан яагаад авлига аваад байсан юм. Эд хөрөнгийн барьцааны мэдээтэй холбоотойгоор тухайн банкинд юм уу, барьцаалагдсан байранд үл хөдлөхийн ажилтан “барьцаагүй байна” гэж лавлагаа өгөөд дахин өөр банкинд барьцаалах ийм үйлдлүүд гарч байсан. Энэний цаана авлига байна. Энэний цаана бүртгэлийн үнэн зөв байдал алдагдаж байна. Энэний цаана банк санхүүгийн байгууллагыг эрсдэлд оруулж байна. Олон янзын гэмт хэргүүд явж байна. Залилан хийж байна. Бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдээд иргэдийг залилаад байна. Энийг ил болгочихоор энэ олон гэмт хэрэг алга болж байгаа юм. Хүний нэр усыг өөрчлөх, нэг хүн дээр хоёр гурван үнэмлэх гаргах, он сарыг нь өөрчлөх, гэрийнх нь хаяг дээр өөрөө ч мэдээгүй байхад олон хүн бүртгэдэг гээд хаалттай байдлын цаана байсан асуудлууд байхгүй болж байгаа. Тиймээс маш олон талын ач холбогдолтой. Бүртгэлийн шинэчлэл ганц улсын бүртгэлийн байгууллагад хамаатай зүйл биш. Энэ өөрөө гинжин урвал шиг бүх төрийн байгууллагын явуулж байгаа үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход шууд нөлөөлж байгаа реформ. Яагаад гэхээр бүх мэдээллийн суурь нь бүртгэлийн мэдээлэл байдаг.

-Одоо та юу хийх вэ, хуулийн төсөл, судалгаа гэх мэт дээр ажиллах уу?

– Нэг хэсэгтээ, гэр бүлдээ цаг заваа зарцуулна. Мэдээж зүгээр суухгүй. Бодож хийж байсан хуулийн шинэчлэлд дуу хоолойгоо гамгүй зарна. Тухайлбал, газрын шинэчлэл. Төрийн өмчийн шинэчлэл. Санаснаар болдог бол газар ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг нэгтгэх байсан юм. Газар ба орон сууцыг салшгүй хөрөнгө гэх агуулгаар нь бүртгэж баталгаажуулаагүйн гор нь ямар их гээч. Утаа гамшиг болж үндэстнээрээ мөхөж байна. Шийдэл нь орон сууцжуулах. Гэтэл гэр хорооллын газраа дахин төлөвлөлтөнд оруулъя гэхэд л бүртгэл нь тусдаа. 15 жилийн өмнө алба хашиж байхдаа үүнийг хийх гээд зорьж байсан ч тэр үеийн сайд дарга нарын тус тусдаа агентлагийн дарга байх гэсэн хувийн амбицаар газар ба орон сууцны бүртгэл салсан. Нобелийн шагналт Эрнандо де Сато Монголд тэр үед ирэхдээ ганц юм хэлж байсан. Танай Улаанбаатар хотын гэр хорооллын газар гэдэг чинь Оюу толгойгоос дутахгүй баялаг. Та нар энийгээ эргэлтэнд оруулж, энэ хүмүүсээ хөрөнгөтэй болгож, орон сууцтай болгож хөгжүүлье гэж байгаа бол бүртгэлийнхээ үнэн зөв, нэгдмэл байдлыг ханга, бүртгэлийн системээ төгөлдөржүүл гэж. Тиймээс арван таван жилийн өмнө зориод чадаагүй ажлаа Хуулийн дэд сайд гээд боломж гарахаар улайрч зүтгэсэн л байхгүй юу. Дахиад арван таван жилийн дараа ингээд яриад сууж байлтай биш.Тийм учраас л амбицтай дайрсан. Хагас хугас хийсэн. Одоо Газрын багц хууль шинэчлэгдэх ёстой. Хамт газар, газрын хэвлий, ой мод, ус, ашигт малтмал, төрийн өмчийн компанийн засаглал, түүний хувьцааны засаглал гээд Үндсэн хуулиар нийт ард түмний мэдэлд байгаа бөгөөд одоо эрх мэдэлтэй хэсэг нь хувийн өмч мэт хулгай хийдэг болсон өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь хамт шийдэх ёстой.

-Чухал хэрэгцээтэй өөр ямар хуулиуд дээр та ажиллав?

-2016 онд засаг бүрэлдээд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн засаглалын бодлогын цөм нь бизнес, өмчийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэж Хууль зүйн яам дүгнэсэн.Сүүлийн 28 жил хувийн хэвшилтэйгээ хамгийн их ач тач өрсөлдсөн, хамгийн их саад тээг бологч нь төр өөрөө болчихсон байсан. Хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг нь дан ганц татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал биш.1996 онд Төрийн болон Орон нутгийн өмчийн хууль гарч байх үед хувийн өмч угтаа байгаагүй. Төрийн өмчийг хувьчлах л үзэл санаатай хууль болсон. Тэр хувьчлах хуулиар хорин хэдэн жил явчихлаа. Одоо төрийн өмчит 110 гаруй компани байна. Эрдэнэт, Эрдэнэс Таван толгой, Хөгжлийн банк, Төрийн банк, эмнэлэг сургуулиас эхлээд бүгд төрийн мэдлийнх. Газар, уул уурхай, газар тариалан, бэлчээр, тусгай хамгаалалттай газар, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчит компани, сангууд бүгд төрийнх.Улстөрчдийн хамгийн их хэлэх дуртай үгээр бол нийт ард түмний өмч.

-Одоо л төр нь ард түмнийхээ талд орж ашигт малтмалын орд газруудаа буцааж хурааж авч байна гээд байгаа биз дээ?

– Гэтэл хачир дээрээ хэн эрх мэдэлтэй байна төрийн өмч яг түүний л хувийн өмч шиг байсаар ирлээ. Гор нь хэдэн тэрбум, их наядаар илэрч байгаа авлига, хэт баяжиж ядуурсан иргэдтэй улс эх орон минь. Төв суурин газрууд гэхэд төрийн мэдлийн эмнэлэг, сургуулиудын орчны газрууд байхгүй болоод, үйлдвэр аж ахуйн газрууд гэхэд Эрдэнэтийн 49 дээр юу болов, 51 дээр юу болов. Хөгжлийн банк яав. Туул голын ойр орчим яав. Бүгд төрийн өмч нэртэй хэний ч биш, хэн нэг даргын хувийн өмч мэт үрэн таран болов. Эзэнгүй, хуулийн зохицуулалт байхгүй. Хэдэн их наядаар хэмжигдэж байгаа хамгийн том авлига тэнд л байсан. Тиймээс энийг зүгээр яриад, улстөрждөг сэдэв болгоод орхих биш сууриар нь хууль эрх зүйн хувьд нь шийдэх ёстой байсан. Дараагийн Засгийн газар, дараагийн парламентад дахиад нэг Эрдэнэт яриад, дахиад нэг Хөгжлийн банк яриад сууж байх ёсгүй юм шүү гэдэг утга санаагаар асуудлаа хуулиар шийдэх ёстой гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд яг энд хууль эрх зүйн үйлчлэл дутаад байгаагаас үүдэлтэй гэмт хэрэг, хэрэг маргаан хамгийн их яригдлаа.

-Хуулиас болоод байна уу, хүнээсээ болоод байна уу?

– Гол мөрнийг бохирдуулж алт ухаж байна, хараа хяналтгүй зөвшөөрөлгүй уул уурхай ашиглаж байна, бэлчээрийн даац хэтэрлээ, малчид ба тариаланчид газраа булаалдаж байна, Туул голын эрэг дээр төрийн тусгай хамгаалалттай газар дураараа байшин барилга барьж байна. Бүр Их тэнгэрийн хашаан дотор гэхэд л байшин барилаа гээд. Тэгэхэд тэр Их тэнгэрийн газар улсын бүртгэлд хэмжээ заагтайгаа гэрчилгээгүй байх жишээтэй. Тэгэхээр чинь хулгай нүүрлэхгүй яахын бэ. Хөдөө аж ахуйн сургуулийг Хөдөө аж ахуйн яам нь авна гээд л. Анагаахыг Эрүүл мэндийн яам авна гээд л. Эрчим хүчний сайд нь эрчим хүчний компаниудаа, Уул уурхайн сайд нь том үйлдвэрүүдээ өөрийнхөө харьяанд авна гээд. Энэ бүх асуудлын ужиг ба шийдэл нь Төрийн өмчийн багц хуулийн шинэчлэлээр л шийдэгдэнэ. Жишээ нь, Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан гэх асуудал ярихад л төрийн өмчит үйлдвэрийн газрын хувь хувьцаа, эсхүл тэнд буй барилга, эсхүл машин төхөөрөмжийг хэн барьцаалах шийдвэрийг гаргах ёстой юм бэ гэхэд л хуулийн нарийн зохицуулалт, хариуцах эзэнгүй. Хэн ч хариуцахгүй ийм ойлгомжгүй сиймхийгээр хулгай гараад, энэ сиймхийгээр хариуцлага хүлээх эзэн байдаггүй эрх зүйн орчинтой тэгээд үргэлжлээд л байх уу. 1996 онд Төрийн өмчийн хууль гарч байхад хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголттой хүн ч хомс байлаа. Гэтэл цаг үе нь өөр болчихоод байхад хувьцааны удирдлагын талаар үг үсэггүй Төрийн өмчийн хуультайгаа л сууж байдаг. Цэвэр хувийн хэвшлээс арай өөр, нийгмийн хариуцлага, хувьцааны засаглал нь ялгамжтай төрийн санхүүгийн удирдлага, хяналтын хууль үгүйлэгдэж байна. Жижиг, дунд үйлдвэрийн сан гэж юу болж байна. Гэтэл энэ сан энэхүү Төрийн өмчийн удирдлагын хуулиар зохицуулах ёстой нэг л жижиг салбар. Хуулиар хариуцлагын засаглалаа тогтоохгүй бол 20 жилийн дараа өнөө л бие бие рүүгээ хариуцлагаа чихсэн, шунал тачаал нь хөдлөхөөр юу руу ч хамаагүй гүйж орж иддэг энэ тогтолцоо хэвээрээ л байх болно. Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулъя, том төслүүдээ хөдөлгөе л гээд байгаа. Уул уурхайн сайд, Хэрэг эрхлэхийн сайд хоёр, эсвэл Төрийн өмчийн хорооны дарга, Уул уурхайн сайд хоёр Таван толгойн ТУЗ дээр хэн нь илүү өөрийнхөө төлөөллийг оролцуулах тухай маргаад сууж байгаа ийм тодорхой биш эрх зүйн орчинтой улсад ямар юмны гаднаас хөрөнгө оруулалт орох юм бэ.

-Энэ тэгээд одоо хүртэл хуулийн зохицуулалтгүй байж ирсэн юм уу?

-Сүүлийн 20 жилд сая л Бүртгэлийн шинэ хуулиар сая дээр хэлсэн төрийн өмчүүдээ улсын бүртгэлд бүртгэе гэж шийдлээ шүү дээ.Та бод лдоо. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий, газрын доорхи баялаг ард түмний өмч. Гэтэл Өмнөговь аймагт Жижиг Таван толгой компанийн 51 хувийг тухайн аймгийн ИТХ өмчлөөд сууж байх жишээний. Үндсэн хуулиар газрын доорх баялаг нийт ард түмний мэдэлд байна гэж заачихаад байхад нэг аймгийн ИТХ газрын хэвлийг эзэмшээд сууж болох уу. Энэ мэт Үндсэн хуулийн үзэл санаа зөрчигдсөн асуудлыг цогцоор нь хуулийн зөв байр сууринд тавих шаардлага байна. Аль нэг орон нутгийн засаг захиргаа нийт ард түмний мэдлийн юмыг мэдээд, шийдээд суух нь улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд ч нөлөөлдөг. Дэлхийн түүхийг, бусад улс орны туршлагыг харах хэрэгтэй. Хаана хөрөнгө баялаг байна, тэр муж юмуу тэр аймаг салан тусгаарлах бодлого явуулдаг. Тэртэй тэргүй манай аймаг, манай муж та нартай та наргүй бүр илүү сайхан амьдарна гэж явдаг. Худалдагдах магадлал илүү болдог. Испанийн Каталонийг хар. Улсынх нь эдийн засгийг гол авч яваа муж нь Испаниас салан тусгаарлах тухай яриад эхэлж байна. Тэгэхээр төрийн өмчтэй холбоотой асуудал нь ганцхан хөрөнгө мөнгө яриад байгаа хэрэг биш. Улс орны бүрэн бүтэн байдал, нутгийн өөрөө удирдах ёс, баялгийн тэгш хувиаарилалт, авлигагүй ил тод хяналттай нийгэм, шударга хуулийн засаглал гээд олон цогц асуудлыг хөндөж байгаа юм. Хөндөх шаардлага бий болсон үй түмэн жишээ байна. Жишээ нь, Хэрлэн голыг урсацыг говь руу татах Засгийн газрын шийдвэрийн төсөл манай яаманд орж ирж байсан. “Энэ Үндсэн хууль зөрчиж байнаа. Гол мөрний урсац өөрчлөх асуудал бол Үндсэн хууль ёсоор төрийн өмч бөгөөд УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарнаа” гэдэг хууль зүйн дүгнэлт гаргаад буцааж л байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн реформтой хамт Төрийн өмчийн ерөнхий хууль, Төрийн өмчийн компанийн засаглалын хууль, Орон нутгийн өмчийн хууль гээд гурван хуулийн төсөл, иж бүрэн судалгаа, үзэл баримтлал танилцуулгатай нь хамт бэлтгээд үлдээсэн. Манай багийн хоёр жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүн. Энэ бол аль нам эрх барьж байгаа, аль нам хэд хуваагдсан, хэн сайд дарга байхаас үл хамаарч шийдэх ёстой шинэчлэл шүү.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Төр бодлогынхоо алдааг татвар нэмэх замаар засч болохгүй

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдчихлээ. Ажил олгогчид 0.5 хувь, ажилтанд 0.5 хувийн татварын дарамт ирсэн нь эдийн засаг эмзэг, долларын ханш өсөлттэй энэ үед цагаа олсон шийдвэр мөн үү?

-Аж ахуй эрхлэгч, ажилтан, ажил олгогчдод нийгмийн даатгал, цалин хөлстэй холбоотой хоёр сөрөг нөлөөлөл мэдрэгдэхээр байгаа. Нэгдүгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойрхон, шахуу нэмчихлээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан, ажил олгогч талд тус бүрд нь нэмсэн нь мэдээж дарамт болно. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сэргэж байгаа нь үнэн ч бүх салбарын нөхцөл байдал жигд сайжраагүй. Эдийн засгийн өсөлтийг ерөөсөө л уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ гэсэн хоёр, гуравхан салбар тодорхойлсон хэвээр байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг бүхэлд нь нэмсэн шийдвэр цагаа олсон алхам биш. Аж ахуйн нэгжид тодорхой хэмжээнд дарамт болно. Иргэдийн бодит орлогод зохих хэмжээгээр нөлөөлнө.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдчихээр компаниуд ажилтнуудынхаа цалинг бүтнээр нь бодож даатгал төлөхөө болино гэсэн болгоомжлол бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл бодож, үлдсэн мөнгийг нь бэлнээр олгох эрсдэл өндөр байж мэдэх юм. Далд эдийн засгийг өөгшүүлсэн шийд болчихсон юм биш байгаа?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаа нь нийт даатгуулагчдын 15, 16 хувийг эзэлдэг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээс болоод тэгтлээ өсчихгүй байх. Гэхдээ хөдөлмөрийн хөлснөөс дээш түвшинд тодорхой хэмжээний тохиролцоо аж ахуйн нэгжүүдэд байдаг нь нуух зүйл биш. “500 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулж, үлдсэнийг нь гар дээр дээр чинь бэлнээр олгоё” гэсэн тохироо байгааг үгүйсгэх аргагүй. Цаашид ч ийм тохироо хийх компани нэмэгдэх эрсдэл байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт энэ байдлыг өдөөх өндөр магадлалтай. Нийгмийн даатгал төлөхийн ач холбогдлыг бүрэн ухамсарлаагүй ийм үед таны саяны асуусан зүйл бодит байдал дээр биеллээ олж мэднэ.

-Уг нь авдаг цалингийнхаа хэмжээгээр нийгмийн даатгал төлөх нь ахиу зээл авахаас эхлээд иргэдэд давуу тал ихтэй. Шимтгэл нь өсчихөөр компаниуд ажилтныхаа даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөхөөс гадна цалингаа өсгөхгүй хандлага руу шилжих эрсдэл ч байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Байгууллагуудын цалин хөлсөө нэмэх сэдлийг бууруулах сөрөг тал бий. Мөн ажилтанд өгдөг шууд цалин, орлогуудыг нэмж, өөрчлөх хандлагуудыг бууруулах эрсдэлтэй. Ажилтнаа цалингаас бусад хэлбэрээр шагнах, урамшуулах боломжуудыг эрэлхийлэх нөхцөл байдлыг бий болгох тал байгаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх жил ахиад нэмнэ, ОУВС-гаас шаардсан учраас арга байхгүй гэсэн тайлбарыг эрх баригчид хэлж байна. Өөр шалтгаан байна уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмээд байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсандаа ч биш л дээ. Үндсэн асуудал нь өөр юм. Монгол Улсын нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцооны нөхцөл байдал сууриараа муудсантай холбоотой. Ийм шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс аргагүйд хүрсэн. Бид эв санааны нэгдлийн гэж нэрлэгдээд байгаа хуваарилалтын системийн тэтгэврийн тогтолцоогоор өнөөг хүртэл явж байна. Тэтгэврийн тогтолцоо нь шинэчлэгдээгүй учраас тэтгэврийн сангийн алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Нэмэгдэж буй зүйлийг нь бид төсвөөсөө нөхөөд яваа. Энэ оны төсөвт гэхэд 600 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн зардалд зориулахаар суулгасан. Нийгмийн даатгалыг нэмээд байгаа нь компани, иргэндээ сөрөг гэдэг нь үнэн. Гэхдээ ингэж өсгөхөөс аргагүй байдал руу орчихсон. 2010 оны үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан удаатай. Гэвч 2000 оноос хойш хийх учиртай байсан тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж чадаагүй. Ийм шалтгаанаар тэтгэврийн даатгалын нөхцөл байдал хүндэрсэн. Одоохондоо хүндрэл нь тийм ч хүчтэй мэдрэгдээгүй. Учир нь хөдөлмөр эрхлэгчдийн тоо харьцангуй өндөр байна. Гэхдээ өмнөхөөсөө буурсаар байгаа. Өөрөөр хэлбэл нэг ажилтанд ногддог хөдөлмөр эрхлэх чадваргүй, тэтгэвэр, нийгмийн халамж авдаг хэсгийн хувь хэмжээ цаашдаа нэмэгдэх зураг гарчихсан. Байдал иймдээ тулсан учраас 2015 онд 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Тодруулж хэлбэл тэтгэврийн тогтолцоо нь буруу учраас шимтгэл нэмэхээс аргагүй нөхцөл рүү орчихож байгаа юм. Үүнээс гадна тэтгэврийн талаар хийсэн, сүүлийн үед авч хэрэгжүүлсэн бодлогын зарим алдаанаас болоод ийм байдал руу орчихсон. Нэгдүгээрт хүн амын насжилт нэмэгдэж тэтгэвэр авагсдын тоо өсөхөөр тэтгэврийн санд ирэх ачаалал ихэссэн. Хоёрдугаарт 2012, 2013 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох өршөөлийн гэмээр хуулийг хэрэгжүүлсэн нь нэрмээс болсон л доо. 1990-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс 70 гаруй мянган төгрөгийн шимтгэл төлөөд даатгал төлөөгүй он жилүүдээ нөхөх боломжтой болсныг та санаж байгаа байх.

-Хэчнээн иргэн энэ боломжийг эдэлсэн юм бол?

-Багцаагаар 600 гаруй мянган иргэн ийм боломж эдэлсэн. Өнгөц харахад иргэдээ анхаарсан сайн бодлого мэт боловч яг тэр хэмжээгээрээ тэтгэврийн сан дээр дарамт болсон. Уг нь ярьж төлөвлөснөөрөө 2000 оноос бодлогоо хэрэгжүүлсэн бол харьцангуй хохирол багатайгаар шилжилт хийж болох байсан. Тэгээгүй учраас хагас хуримтлал, цаашлаад бүрэн хуримтлал, хувийн тэтгэврийн тогтолцоо гээд тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй хохирлын хэмжээ улам нэмэгдчихээд байна л даа. 2015, 2016 оны байдлаар тэтгэврийн хийсвэр нэрийн дансанд байгаа мөнгөний хэмжээ 13.8 орчим их наяд төгрөг байна. Энэ мөнгө байхгүй, цаасан дээр бичигдсэн тоо төдий зүйл. Үүний 70 орчим хувь нь тухайн үедээ бодсон хүү байдаг. Энэ мэтчилэн тэтгэврийн даатгалын тогтолцоотой холбоотой хүндрэлүүд байна.

-Сан нь хоосон учраас тэтгэвэр авах эсэхдээ эргэлзсэн хүмүүсийн тоо өссөөр байгаа. Хоосорсон сангийнхаа асуудлыг шийдэхээс урьтаад авах татвараа нэмээд байх нь зөв шийдэл биш байх аа?

-Санал нэг байна. Таны хэлж байгаа үнэн. Тэтгэврийн сангийн алдагдал нэмэгдэж яваагаас гадна тэтгэврийн тогтолцоон дээр янз бүрийн дарамт улам нэмэгдэж байгаа. Жишээ нь, 2040 он гэхэд тэтгэвэр авдаг иргэдийн тоо өнөөгийнхөөс 2-3 дахин нэмэгдэнэ. Яг энэ тогтолцоогоороо яваад байвал 2040 онд хэцүүднэ. Тэтгэврийн тогтолцоо 2025 он гэхэд цааш явахгүйгээр гацна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, тэтгэврийн насыг бага зэрэг цаашлуулахыг оролдож байгаа нь энэ тогтолцооны амьдрах хугацааг бага зэрэг уртасгахаас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл тэтгэврийн шинэчлэл хийж байгаа хэрэг биш. Тэгэхээр эдийн засаг өсөлттэй, хүн амын насны бүтэц харьцангуй эерэг байгаа энэ үед бид тэтгэврийн дараагийн шинэчлэлүүдээ даруйхан хийх ёстой. Гурав дахь шат, хувийн тэтгэврийн тогтолцоо гэх мэтийн зүйлсийг оруулж ирэхгүй бол Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо тав, арван жилээс илүү насгүй.

-Валютын ханшийн өсөлтөөс болж иргэдийн цалингийн үнэ цэнэ хэдэн арван хувиар буурчихсан. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд дажгүй байгаа ч нийт компаниудад хамаарахгүй гэж та түрүүн хэлсэн. Манайх шиг ийм эмзэг эдийн засагтай улсад нийгмийн даатгалын шимтгэл харин ч өндөр юм биш үү?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээ хөгжиж байгаа орны хувьд бага хэмжээ биш л дээ. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дундаж хэмжээ. Гэхдээ бид өндөр хөгжсөн улс биш. Хөгжиж байгаа улс. Өөрсөдтэйгөө адил улсын хувьд гээд харьцуулбал нийгмийн даатгалын шимтгэл өндөртэйд орно. Гэхдээ нэмэхгүй бол энэ тогтолцоо нурна. Нурах хугацаа нь улам наашилна. Өнгөрсөн 15 жилд л хүн амын насны бүтэц хамгийн эерэг явсан. Их төрөлтийн үеийнхэн хөдөлмөрлөж байсан үе учраас. Гэтэл далаад оныхон дөч гараад эхэлчихлээ. Үүнээс хойш 1980, 1990-ээд оныхон буюу бага төрөлтийн үеийнхэн ид хөдөлмөрлөөд эхлэхээр тэтгэврийн сангийн ачаалал улам нэмэгдэнэ.

-Богино хугацаанд өөр гарц байхгүй хэрэг үү. Наад зах нь төрийн данхар бүтэц хумигдаагүй, зардал нь багасаагүй. Ирэх оны төсөв гэхэд л хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, зардал нь бүр өссөн зурагтай байгаа. Илүү зардлаа танахаас эхлээд өчнөөн гарц харагдаад байх юм?

-Доллар өссөн учраас иргэдийн цалингийн үнэ цэнэ буурсан нь үнэн. Наад өнцөгтэй чинь санал нэг байна. Би жилийн өмнө яг ийм байр суурь илэрхийлж байсан. Иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх замаар бодлогын алдааг засна гэдэг буруу л даа. Валютын сантай тохироод илүү нааштай шийдэл гаргах боломж байсан уу гэвэл байсан. Төсвийн орлого төлөвлөснөөсөө давж биелээд байгаа нь үнэн бол нийгмийн даатгалын санг төсвийн мөнгөөр түр санхүүжүүлэх хувилбарыг сонгох боломжтой. Иргэд, компаниудад ирэх дарамтыг төр өөр дээрээ авах бодлогын сонголтыг ОУВС-тай тохирох боломж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх дарамтыг нэг жилээр ч болтугай хойшлуулах, эсвэл төрийн зардлаа танах тактикийн зөв маневр эрэлхийлэх шаардлага байсныг хүлээн зөвшөөрч байна. Нийт өрхийн 60 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс доош орлоготой байгаа ийм үед валютын ханшийн өсөлт том нэрмээс. Ийм байхад нь дарамт үзүүлэх сайн шийдэл биш. Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхөөс аргагүй болгосон буруутан нь иргэд биш. Зарим татварыг нэмэхээс аргагүйд хүрсэн нь ч энгийн олноос шалтгаалаагүй. Валютын ханшийн өсөлт, шатахууны үнийн нэмэгдэл, буурахгүй байгаа ядуурал гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийн үндсэн шалтгаан нь иргэд аж ахуйн нэгжүүд биш. Үнэндээ иргэд, компаниуд төрийн буруу бодлогоос болж хэлмэгдэж яваа хэсэг. Хэлмэгдэгсэд болчихсон хэсэгтээ дарамт үүрүүлэх замаар төрийн бодлогын алдааны гажуудлыг засна гэдэг зөв арга механизм биш. Хэрвээ эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлсэн бол өнөөдөр Монголын хөгжил огт өөр байх байсан. Тогтвортой өндөр орлоготой иргэдтэй, бизнесийн орчин нь хангалттай таатай болчихсон байсан бол валютын ханш болон нийгмийн даатгалын шимтгэлийн бага зэргийн өсөлт дээр иргэд аж ахуйн нэгжүүд ингэж эмзэг хандахгүй.

-ОУВС ингэхээс аргагүй нөхцөл үүсгэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй бол валютын сангаас доллар авч чадахгүй гэсэн тайлбар хэр ортой вэ. Үнэхээр тийм шахаа шаардлага байсан хэрэг үү?

-Төсвийн орлого нэмэгдсэн юм чинь зардлаа багасгах замаар асуудлыг шийдье гэвэл ОУВС үгүй гэхгүй. Валютын сангийн бодлогын баримт бичиг гэж 100 гаруй хуудас юм бий. Тэр дотор нэг ч хатуу заалт байхгүй. Бодлогын чиглэлүүд л бий. Яг тэрийг тэг гэсэн тулган шаардалт харьцангуй бага шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баттулга: “Болор цом” яруу найрагч, уншигч хоёрыг уулзуулдаг хамгийн гэгээн наадам гэж боддог

“Болор цом-36” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулгатай ярилцлаа.


-“Болор цом-36” наадмын тэргүүн шагналыг хүртсэнд баяр хүргэе. Мөн ерөнхий боловсролын сургуулиас анх удаа ардын багш энэхүү наадамд тэргүүн байр эзэллээ. Нэр тань дуудагдаж байх мөчид ямар мэдрэмж төрж байв?

-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Ардын багш ардын цолтон боллоо. Сургууль маань Болор цомтой боллоо. Болор цомын үеэр даваа ахих тусам олон бодол толгойд эргэлддэг юм билээ. Би түрүүлнэ гэж бодоогүй л дээ. Нэрээ сонсоод итгэмээргүй, тэгсэн хэрнээ их гоё мэдрэмж төрсөн. Энэ жилийн наадам Говьсүмбэр аймагт 36 дах удаагаа өнгөлөг, өргөн дэлгэр сайхан болж өндөрлөсөн. Өнгөлөг, өргөн дэлгэр гэж хэлэхийн учир нь Тува, Өвөрмонгол гэх зэрэг хилийн чанад дахь монгол туургатны яруу найрагчид маань МЗЭ-ийн 90 жилийн түүхэн тэмдэглэлт ойд зориулж шүлгүүдээ уншлаа. Миний бие энэ сайхан наадамд тэргүүлсэндээ маш их баяртай байна. Би “Болор цом 21” наадмаас хойш өдийг хүртэл 15 жилийн турш өөрийгөө сойсон. Энэ удаагийн наадамд “Дүүгүүрийн чулуу”, “Эргэх ургахуйн эгшиглэнт тавилан”, “Талархлын шүлэг буюу гүн ухааны сүлжээ бодролууд” хэмээх “Эрхин сонет” шүлгээрээ оролцлоо. Би “Гүн ухааны сүлжээ бодролууд” гэх бүлэг шүлэг бичье гэж бодож байгаа юм. Нэг нэртэй мөртлөө дотроо өөр өөр. “Болор цом” наадмын түүхэнд хамгийн урт шүлэг уншсан л даа. Аливаа зүйлийг өөрчилсөн, шинэчилсэн маягаар хүрсэн байх гэж бодож байна. 2015 оны “Болор цом” наадам ердөө мартагддаггүй. Хүн их сонин юм билээ. Тэр жил би өөрийгөө үхэж байна л гэж зүүдлээд байсан юм. Ийм зүүд ахиж зүүдлэхгүйн тулд өглөө босоод тэрхүү сэрэл мэдрэмжээрээ шүлэг бичье гэж бодсон. Ингээд л “Мөнгөн шөнө” гэдэг шүлгээ бичсэн. Мөн зүүдтэйгээ холбоотой хэд хэдэн шүлэг бичсэн юм. Наадам ч дөхсөн байсан. Ингээд хоёр шүлгээ явуултал тэнцчихсэн. Энэхүү шүлэг маань үхэж байгаа мэт боловч үхлээс нэг хаалт хийсэн байгаа.

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино

Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна

Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд

“Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно” гэх энэ мөрийг хэлж байгаа юм. Цаашдаа ч уран бүтээл минь үргэлжилнэ гэсэн утгатай.

-“Болор цом” яруу найргийн наадмын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Наадам дөхөөд ирэхээр сэтгэл догдлоод, нойр хүрдэггүй. “Болор цом” яруу найрагч, уншигч хоёрыг уулзуулдаг хамгийн гэгээн наадам гэж боддог. Ийм хэмжээний яруу найргийн наадам цөөхөн оронд л болдог. Жил ирэх тусам наадам маань улам өргөжин тэлж байгааг харах сайхан байна.

-Яруу найрагч болох зам мөр ээжээс тань улбаатай гэж сонсож байсан юм байна. Багаасаа яруу найрагт дурлаж байв уу?

-Яруу найргийн замд ээж минь болоод багш нар маань хөтлөн оруулсан. Бага насанд минь монгол хэл, уран зохиолын багш Өлзийбат, дараа нь МЗЭ-ийн Цэдэндоржийн нэрэмжит шагналт Л.Мягмарсүрэн багшаа нэрлэх байна. Би хоёрдугаар ангиасаа эхлээд хүмүүсийн шүлгийг уншдаг хүүхэд байлаа. 1980-аад оны эхээр гэсэн үг. Тухайн үед ээж маань Завхан аймгийн Жаргалант нэгдэлд ахлах тогоочоор ажиллаж байсан юм. Намайг дөрөвдүгээр ангийн сурагч байхад нэг өдөр ээж маань “Пионерийн үнэн” сонин аваад ирдэг юм байна. Монголын багш нарын баярыг угтсан хүүхдүүдийн дундах шүлгийн уралдааны зар тэр сонин дээр гарчихсан байсан. Ээж маань “Миний хүү энэ тэмцээнд шүлэг бичиж оролцооч гэдэг юм. Би шүлэг зохиож чадах болов уу гэтэл миний хүү чадна аа чадна” гэж хэлдэг юм байна. Удаа ч үгүй хэд хоногийн дараа бүр хуучирсан “Үнэн” сонин авчирдаг юм байна. Энэ дээр багшийн тухай дөрвөн аятайхан мөр байна. Миний хүү хуулаад биччих. Хаа байсан 50,60-аад оных юм байна. Хэн мэддэг юм гэсэн юм. Тэгэхээр нь би өнөөхийг нь хуулаад л биччихсэн. Нэмээд дөрвөн мөр ээж маань хэлж өгдөг юм байна. Би ч нэг их сүрхий амьтан болж, хоёр хүний найман мөр шүлгээ уралдаанд явуулах гээд сургууль дээрээ аваад ирлээ. Манай сургуулийн Лхамсүрэн багш их гоё бичнэ. Багшаар нэр хаягаа дугтуйн дээр бичүүлсэн чинь миний нэрийг буруу биччихдэг юм байна. Би чинь уг нь Базарсадын Тулгаа юм шүү дээ. Багш Базарсадын Баттулга гээд биччихлээ. Багшийн минь бичиг маш гоё байсан учраас тэр чигээр нь явуулчихсан. Тэгсэн тэр шүлэг уралдаанд тусгай байрт орчихсон. Хуулж бичсэн дөрвөн мөр шүлэг

Ачит багшийн минь алдар

Алтайн уулнаас өндөр дөө

Агуу түүний сургаал нь

Арвин тэнгисээс ч гүн дээ гэх нэрт яруу найрагч, орчуулагч Доржийн Гомбожав агсны дөрвөн мөр байсан.

Харин ээжийн маань хэлж өгсөн дөрвөн мөрт:

А үсгийг зааж өгсөн

Ачит багш таниараа

Багачууд хүүхэд бид

Бахархан дурсаж явдаг даа байсан юм. Ингээд наймдугаар ангиа төгсөөд нэрээ өөрчилсөн дөө. Шүлэг бичих эхлэл маань хуулан бичлэг байсан ч түүнээс хойш хүний мөр бадагнаас нэгийг ч хулгайлалгүй өөрийхөө зүрх сэтгэлийн дагах аян маань эхэлсэн дээ. Би түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагч болохыг хичээсээр яваа. Миний зовлон бол ард түмний зовлон. Зүрх сэтгэлдээ ард түмний шаналал гунигийг тээдэггүй нэг ч яруу найрагч байдаггүй.

-Яруу найрагчид онгод орно гэж ярьдаг л даа. Таны шүлэг бичих онгод хэрхэн төрдөг вэ?

-Би онгод орохоороо шүлэг бичнэ гэж боддог хүн биш л дээ. Өдөр болгон гайхамшигтай, гоё санаа олсон даруйдаа хаана ч хамаагүй тэмдэглэж шүлэг болгохын шаналалд хөтлөгддөг. Би ихэвчлэн үүр цүүрээр шүлэг бичдэг. Үүрээр нэг сайхан шүлэг биччихэд тэр өдрийнхөө ажлын тэн хагасыг хийчихсэн юм шиг санагддаг. МЗЭ-ийн анхны номын худалдаа гэж зарлагддаг юм. Анх 2002 онд “Гэгээн үдшийн хөрөг” гэдэг ном маань шалгараад хэвлүүлж байсан. 2007 онд “Ноён аялгуу” гэх Өмнөговь аймгийн ноён сумын уул усыг магтсан ном гаргаж байсан. Говь нутгийг хангайн хүү яаж мэдэрч байгаагаа харуулсан агуулга бүхий шүлгүүд бий. 2010 онд “Туурвигүй цагийн эгшиглэн”, “Хүн чанарын эрэлд” гэж хоёр ном гаргасан. 2013 онд “Арцад тэнгэр” гэх бүрэн хэмжээний номоо гаргалаа. Сүүлд “Тогоруун дуу яргуй болно” номоо цөөхөн хэвлүүлээд номынхоо зардлаар хотод нүүж ирсэн дээ.

-Та Завхан аймгийн уугуул хүн. Таны тухай Б.Золбаяр сэтгүүлч “Гэгээн хэсүүлчин” гэх хөрөг бичсэн. Та тэгэхээр их л аймаг хошуу дамжиж явдаг хүн байж дээ гэж бодогддог юм?

– Би Завхан аймгийн Их-Уул сумын хүн. Аав маань анчин хүн байсан. Миний аав цэрэгт татагдаад 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөгдөх дайнд оролцож байсан. Аав минь урт насалж чадаагүй л дээ. 1982 онд намайг гуравдугаар ангид орох жил бурхан болсон. Тухайн үед аавтайгаа явж байгаа хүүхдүүдийг хараад цагаахан атаархдаг байлаа. Би аавдаа зориулж гурван шүлэг бичсэн. Монголын уудам нутгийн сум сумдад очиж монгол хэл, уран зохиолын багш хийгээд явдаг. Аль зүүн аймгаас шагналд авсан хургаа өвөртөлсөөр баруун талд байх уугуул хотондоо авч очиж билээ. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IV арван жилийн сургуульд багшилж байсан. 2017 оноос Сүхбаатар дүүргийн тэргүүний “Эрдмийн хөтөч” 58 цогцолбор сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байна даа. Ховдын дуутаас Дорнодын чулуун хороот хүртэл их сайхан нутгаараа бүтэн сайхан тэнэж үзэх хүсэлтэй хүн дээ гэж би хэлж байсан юм. Ер нь бол тийм хүсэл мөрөөдөл үргэлжид бодогдож явдаг. Сайхан эх орноо тойрч тэндээс төрсөн сэрэл мэдрэмжээ шүлэг болгох сон хэмээн боддог. Тэр агуулгаар ч “Гэгээн хэсүүлчин” гэж нэрлэсэн байх. Би амьдралыг аялал гэж боддог. Энэ дэлхий бол түр зуурын амралтын газар. Тиймээс үргэлж буцна гэдгээ бодож сайн сайхан юм бүтээж өнгөрөөх ёстой. Нэгэнтээ А.Эрдэнэ-Очир агсан маань

“Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй

Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг шүү дээ.

-Таны үеийнхнийг мөнгөн үеийнхэн хэмээн нэрийддэг шүү дээ?

-Анх 1989 онд МУИС-д элсээд 1994 онд таван жилээр төгсдөг сүүлийн төгсөлт нь болж байсан юм. Манай үеийнхэнд А.Эрдэнэ-Очир агсан, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Ц.Хулан гэх зэрэг мундаг найрагчид маань багтана. Ц.Хулан маань нэг жилийн чөлөө аваад дараа жил нь манай ангид орж байсан юм. А.Эрдэнэ-Очирыгоо арай эрт буцчихлаа гэж харамсдаг. Ийм хүчирхэг үе тэнгийнхэн байгаа учраас би хүчирхэг байх ёстой, сайн бүтээл туурвих ёстой гэж боддог.

-Танайх таван хүүхэдтэй гэхээр өнөр өтгөн айл байна шүү. Удахгүй шинэ хүнээ хүлээж авах гэж байгаа гэж сонссон. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

-Миний ханийг Мөнхсайхан гэдэг. Багаас нь аав, ээж нь Янзага гэж дууддаг байсан учраас хүмүүс Янзага гэж дууддаг. Би МУИС-ийн Хэл, уран зохиолын ангийг төгсөөд, Архангайд багш болж очоод суусан юм. Одоо бид хоёр зургаа дахь хүүхдээ хүлээж авах гэж байна. Том хүү маань гэрлэчихсэн. Би өвөө болчихсон л доо. Бусад нь 58 дугаар цогцолбор сургуульд маань сурдаг.

Дашрамд миний уран бүтээлийг үргэлж дэмждэг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, мөн аймгийн утга зохиолын нэгдэл болон нутгийн зон олондоо баярлаж явдагаа хэлмээр байна. Мөн “Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуулийн хамт олондоо МЗЭ-ийн түүхэн 90 жилийн ойн мэндийг хүргэе.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Намба нь шүүмжлэгдэж байгаа болохоос нас нь шүүмжлэгдэхгүй л дээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Намба нь шүүмжлэгдэж байгаа болохоос нас нь шүүмжлэгдэхгүй л дээ” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: М.Энхболд тарчихсан бүлгийг өөрийнхөө хэрэгсэл болгож байна хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Э.Бат-Үүл, Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан А.Гантулга нарын холбогдсон хэргийг шүүхэд шилжүүлжээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаагаа 10 их наядыг давлаа хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүс илүүдэл эрчим хүчээ төвд нийлүүлдэг болно хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

МУИС-ийн Хууль зүйн зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Улс төрийн санхүүжилтийг ил тод болгох цор ганц заалтыг Цэц шууд хүчингүй болгохгүй байх хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг энэ долоо хоногтоо багтаан батлах нь зүйтэй хэмээн “Улс төр” нүүрт ярив.

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай: ЖДҮХС-тай холбоотой хэрэгт УИХ-ын 20 гаруй гишүүнээс мэдүүлэг, байцаалт авсан хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярив.

М.Энх-Амгалан: Г.Солтаны гишүүний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас авсан зээлээрээ мөнгө хүүлсэн хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэг: “Үүлэн бор”, “Хоббит” гээд гуч гаруй ном орчуулжээ хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

“О.Хангайг хангай шиг түшигтэй л байлгая” хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлэв.

“Физикийн салбарт гарсан шинэ нээлт, ололтууд” хэмээн “Танин мэдэхүй” нүүрт өгүүлжээ.

Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, профессор Н.Байгалмаа: Даршилсан бүтээгдэхүүнд давс их ордогоос шалтгаалж давсны хэрэглээ нэмэгддэг хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

“Хүний ба манай дарга нар” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ханиаднаас сэргийлэхдээ анхаарах зургаан зүйл

Ханиаднаас сэргийлэхдээ анхаарах 6 бяцхан зүйл

Categories
мэдээ нийгэм

Д.Дорлигжав нарын шүүх хурлыг энэ сарын 16-ны хүртэл хойшлууллаа

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын цагдан хорих асуудлыг саналын дагуу хэлэлцэх шүүх хурал боллоо. Гэвч шүүгдэгч талын өмгөөлөгч нар шинэ нотлох баримт гаргаж танилцуулах хүсэлт гаргасны дагуу хурлыг энэ сарын 16-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, туслах Ч.Бямбаа нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг сарын хугацаатай цагдан хорь буй. Гэвч уг шийдвэрийг Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар үндэслэлгүй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан билээ.

Categories
мэдээ спорт

Н.Лхамаа “Дакар Ралли”-г өндөрлүүллээ

Перуд болж буй авто спортын “Дакар Ралли” уралдаан өндөрлөхөд дөрвөн өдрийн гараа үлдлээ. Монгол Улсаас мотоциклийн ангилалд уралдаж буй ОУХМ Н.Лхамаа өчигдөр /2019.01.13/ болсон зургаа дахь гарааны дараа тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тэрбээр энэ талаар Перугээс өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Н.Лхамаа “Элсэн дотор мотоциклоо гаргах гэж ноцолдож байх үед 516 дугаартай ачааны машин анхааруулга болгож газар тавьсан байсан миний каскийг дайрч уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болголоо. Намайг Дакар Раллигийн гараа болгоны уралдаанд сэтгэлээрээ дэмжиж урам хайрласан нүүр номын найзууддаа баярлалаа” гэсэн байна.

“Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин, мотоциклийн төрлөөр оролцож байгаа. “Дакар Ралли 2019” уралдаанд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар автомашины ангилалд тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Явуулын эмнэлгийн тусламжийн иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэж өгөв

Эрүүл мэндийн яамнаас Зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын эмнэлгийн тусламжийн 5 автомашиныг өнөөдөр Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгуудын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө.

Автомашинууд нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай юм.

Мөн интернетэд холбогдон ямар ч газраас Аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулна.

Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ачаалал ихэссэнтэй холбогдуулан Эрээн-Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гаргажээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай хуралдаанаар 20 үүрэг өгөгдсөнөөс бүрэн биелэлттэй үүрэг 4, харин найман үүрэг 70 хувийн хувийн биелэлттэй, мөн найман үүрэг 30 хувийн биелэлтэй байна.

Шуурхай хуралдааныг дэд сайд ахлаж Агаарын тээвэр, авто зам, төмөр замын салбарын хийгдэж буй ажил, төлөвлөгөөг сонслоо. Туркийн агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг олон жил ярьж байгаа. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яамтай харилцан нэгдсэн шийдвэрт хүрвэл дээрх өөрчлөлтийг хийх боломжтойг ИНЕГ-аас онцоллоо.

Монгол Улсын уламжлалт баяр Сар шинийн баяр болохтой холбоотойгоор Хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлах, аваар ослоос урьдчилан сэргийлэх, хяналтыг сайн тавих чиглэл өгөн ажилласан гэж АТҮТ-ын дарга П.Дэлгэрнаран мэдээллээ. Мөн Налайх чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд хяналт тавьж, шалгалт явуулахаар төлөвлөж байна.

. Үүнтэй холбоотой 44 дүгээр галт тэргийг нэмэлтээр гарган хөдөлгөөнд оролцуулжээ.

Одоо хийгдэж буй ажлаа төлөвлөгөөний дагуу бүрэн биелүүлж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо

Categories
мэдээ нийгэм

​Орхон аймагт томуугийн дэгдэлтээс шалтгаалан хөл хорио тогтоож, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

Орхон аймгийн БОЭТ-д нийт 407 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 135 буюу 33,2 хувь нь уушгины өрөвсөл, амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Үүнээс БОЭТ-ийн хүүхдийн тасаг хэвийн өдрүүдээс 3 дахин их ачаалалтай ажиллаж, 133 хэвтэн эмчлүүлэгсэдтэй байгааг ЭМГ-аас мэдээлж байна.Түргэн тусламжийн төвийн хандалтаар нь авч үзвэл 7 хоногт 558 буюу 34,9 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байгаагаас 0-4 насны хүүхдийн өвчлөл 87,2 хувийг эзэлж байна.

Томуугийн өвчлөл хурдацтай өсч, эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэтэрсэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хаах саналыг эрүүл мэндийн газраас гаргаж, аймгийн засаг даргын зүгээс ханиад томуугаар хүүхэд нь өвчилсөн тохиолдолд эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож, гэрээр эмчилгээ хийхийг чиглэл болголоо.

Үүнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамаарч байгаа бөгөөд эхний ээлжинд 14 хоногоор хөл хорио тогтоохоор болжээ.