Categories
мэдээ цаг-үе

Д.Баасанжав: Би ардын дуу гэдэг энэ сайхан буяныг гурван настайгаасаа хүртэж эхэлсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын гавьяат жүжигчин, Дунгаамаа дуугаараа ард түмний зүрх сэтгэлд хоногшсон дуучин Д.Баасанжавтай ярилцлаа.


-Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе ээ.

-Дуучин Д.Баасанжав гэхээсээ илүүтэй Дунгаамаа гавьяат болжээ, шагнал нүдээ олжээ гэцгээж байна шүү. Дуугаараа дуудуулж, бүтээлээрээ мөнхөрнө гэдэг сайхан?

-1995 оны дуу шүү дээ. Миний шүтээн тэр байна (Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөрөг рүү заав.сурв). Миний сайхан хуурай ах. Энэ хүн надад “Дунгаамаа” дууг Ардын дуу, бүжгийн чуулга дээр авчирч өгч байлаа. 1995 оны хавар, гуравдугаар сард. Тэгээд энэ дуугаа Д.Маам гуайд утсаар дуулж өгч, анх сонсгож билээ.1995 оноос хойш 24 дэх жилдээ дуулж байна. Дуучид дуугаараа овоглогдох нь бий. Манай урлагийнхан, ялангуяа дуучид маань л “Дунгаамаа ах” гэж намайг дуудаад эхлэхгүй юү дээ. Энд тэнд явахаар “Хөөе, Дунгаамаа” гэцгээнэ. Утсаар ярихдаа “Дунгаамаа ах уу” гэнэ. Би үүнд нь дасчихсан. Бас уран бүтээлээрээ овоглуулна гэдэг уран бүтээлч хүний хувьд сайхан завшаан. Тийм сайхан баяр өөр юу байхав. Баярлаж явдаг шүү.

Дунгаамаа-г нэлээд хожуу дүрсжүүлсэн байх аа?

-Хоёр, гурван ч клип хийсэн юм.

-Та орос цэргийн хувцастай дуулдаг клипийг л сайн мэдээд байна?

-Тэр чинь 2006 оны клип. Эрдэнбулган багш “Үхэж үл болно” гэдэг кино хийлээ шүү дээ. Хэнтийн Баян-Улаанд зургийг нь авсан юм. Тэр ажилд нь анхнаас нь туслалцаж Түвшинтөгс гавьяат, төрийн шагналт Төмөрбаатар, жүжигчин Энхтуул, Дэмидбаатар бид нар Эрдэнэт, Булган аймгаар хандив цуглуулж явсан юм. Түвшинтөгс гавьяат манай чуулгын дарга байсан. Хандив цуглуулах ажилд идэвхтэй оролцсон бидэнд киноны дүр өгсөн юм. Надад баатрын дүр өгсөн. Тэр үед “Дунгаамаа” дуу маань “Үхэж үл болно” киноны натурын сүлд дуу боллоо. Өмнө нь хоёр ч клиптэй байсан ч нэг л явж өгөөгүй юм. Харин FM радиогоор байнга явдаг байсан үе л дээ.

Тэгээд киноны натурын сүлд дуу болоод клип шинээр хийх санаачилгыг жүжигчин Бямбацогт гаргаад “Only” студийн Батсайхан дүү маань дэмжсэн. Намар нь клипний ажилд зориглож ороод Драмын театрт зургийг нь авсан шүү дээ. Драмын театрын дарга Цэрэнсамбуу ах их тус болсон. “Клип хийж болно. Гол нь тайзан дээр гал түлж болохгүй шүү” гэж билээ. Сүү буцалж байгаа хэсгийг авахдаа газ ашиглаж аргалсан. Маш их сэтгэл гарсан клип. Тэр үедээ л үнэтэй клип байлаа. Эртний эдлэлийн дэлгүүрээс машин түрээсэлж аваад, циркийн хоёр том сарлаг, элс, боодол өвс гээд их л юм авчирч байж хийж байлаа.

-Таныг урлагт мундаг улсууд хөтөлж оруулж ирсэн байдаг?

-Тэгэлгүй яахав. Хөвчийн Жонон вангийн хошуу, Сэцэн хан аймаг бол Монголын бүх л алдартай дуучдын өлгий нутаг юм билээ. Миний аав, өвөө их сайхан дуулдаг улсууд байсан. Урлагийн тайзан дээр анх хөтөлж гаргасан багш бол “Жонон хонгор”-ын Лүндэгийн Дашням. Дараа нь Юндэнгийн Хөнхөр байна. Надад анх нот заасан хүн. “Хилчний уянга”-ын Хөнхөр. За тэгээд миний багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн багш маань байна. Ардын жүжигчин Дэмбэрэлийн Жаргалсайхан, Мархагшийн Найдалмаа багш маань байна. Энэ олон сайхан багш нарын хүчинд өдий зэрэгтэй явж байна даа. Монгол Улсын төрийн өмнө очоод гавьяат жүжигчин цол авч байх үед хүний сэтгэл их хөдөлдөг юм билээ. Тэгэхэд аавыгаа их бодсон. Хоромхон зуурын агшин шүү дээ. Миний аав намайг анх дуулж байхад л “Миний хүү гавьяат болох хүн дээ” гэдэг байж билээ. Аав минь саяхан л өөд болсон. Сайхан багш нараа бодож байлаа. Тэнгэрт байгаа багш нараа ч бодож байлаа. Чинзориг гэдэг энэ аугаа хүн надад “Дунгаамаа” дуугаа өгөөгүй бол би өдийд аль нэгэн дуугаараа овоглох байсан ч юм уу, үгүй ч юм уу. Монголын ард түмэнд “Дунгаамаа” дуу маань Баасанжав гэж ийм нэг дуучин байдгийг харуулж өгсөн. Урлагийн энэ сайхан бурхдаа тэр агшинд бодож зогсч байлаа.

-Ардын дууны урлаг бол тухайн улсын урлагийн цөм нь байдаг. Ардын дуу, ардын урлаг хэр бат бэх байна. Тэр хэрээр тухайн улсын урлаг урагшилдаг болов уу гэж боддог?

-Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн асар их өв шүү дээ. Бидэнд үүнийг хийгээрэй гээд үүрэг болгож үлдээсэн зүйл байхгүй юу. Үүнийг цааш нь бид дамжуулах хэрэгтэй. Энэ чинь асар их сав шүү дээ. Энэ их саваас шанагаараа хутгана уу, халбагаараа хутгана уу. Бидэнд үлдээсэн энэ их өвийг цааш нь дамжуулах ёстой. Би энэ л үүргээ биелүүлж яваа. Намайг гурван настайгаасаа л дуулсан гэж манай хөгшчүүл ярьдаг юм. Миний анхны дуу бол “Гунан хар”. Би хөдөө, хориод айлын дунд л хүн болсон. Шохойн тасаг гэсэн хэдхээн айлын дунд өссөн. Манайхан маш их ажилтай. Намар нь банкаад гэж хийнэ. Ажлаа дүгнэнэ. Аймаг, орон нутгийн дарга нар ирж үздэг. Тэрний концертод нь би оролцож дуулна. Хөгшчүүл намайг их өхөөрдөж дуулуулна. Би ардын дуу гэдэг энэ сайхан буяныг гурван настайгаасаа хүртэж эхэлсэн хүн.

-Одоо цагт дуулагдаж байгаа дуунууд хожим хойно нь ардын дуу болно доо. Харин хэд нь бол гэдэг л сонин?

-Болно. Гэхдээ дууны хувь заяа гэж байна. Дууны хувь заяа гэдэг таашгүй эд. 1990-ээд онд учиргүй л хүн бүхэн аялж байсан дуунуудыг хэн ч аялахаа байчихсан л байна. Түүнээс биш бүх дуу зуун даваад явчихдаг эд биш. Хүний сэтгэлд хэр үлдэж байна, хэр их залгамж чанартай байна, тэрнээсээ шалтгаалж үлдэнэ.

-Монгол ардын дуунуудыг сонсчээ байхад тухайн үед монгол харчууд, бүсгүйчүүд их гоё байжээ гэж бодогддог. Жишээ нь,

…Данагар данагар алхаатай яа хө

Дал мөрөө давсан гэзэгтэй еэ хө гэхэд л сайхан эр нүдэнд төсөөлөгддөг. Гэтэл одооны дуунуудад эр хүн, бүсгүй хүний тухай сэтгэлд хүртэл өгүүлэх нь ховор юм?

-Одоо бол масст зориулж юм хийгээд байна. Жишээ нь, наадам болоход морины тухай дуунууд үйлдвэрлэгдэнэ. Тэрний, энэний морь, тэр морь, энэ морь сайн гээд л. Хөдөөний сайхан наадам дээр ардын дуу явахгүй байна шүү дээ. Дан морины тухай дуу явна. Масст зориулж юм хийгээд байна.

-Зорилготой, захиалгатай гэж үү?

-Тийм. Захиалгаар. Сайхан уяач залуу байлаа гэхэд “Миний энэ моринд зориулж дуу хийе. Би шүлгийг нь бичье. Чи хөгжмийг нь зохио” гэдэг. Нэг бодлын жаахан алдарших гээд байгаа юм уу даа. Тийм л юм болоод байна шүү дээ.

-Монгол ардын дуунд тооцогдох, дараагийн жаранд дуулагдчихаар ямар дуу байна вэ?

-Олон дуу бий. Дан ялангуяа 60, 70-аад оны дуунууд байна. Ардын дууны жанраар хийсэн дуунууд байхгүй юу. Европ хөгжмийн ямар нэгэн зүйл ороогүй. “Дөрвөн цагийн тал” гэдэг ч юм уу, сайхан дуунууд байна. Ардын дууны хүрээнд хийсэн дуунууд. Тийм учраас тэдгээр дуунууд зуун давах нь ойлгомжтой. Түүнээс биш салхиар ч юм уу, сэтгэлийн хөөрлөөр хийсэн дуунууд удаан явахгүй.

-Монгол ардын дуунуудыг бүгдийг нь халхчилж дуулаад байх шиг байдаг юм. Нутаг нутгийн аялгаар нь дуулж байвал зүгээр санагддаг?

-Монгол ардын дууг халхчилж болохгүй. Одооны залуус хорчин, баяд дууг бүгдийг нь авчраад бушуухан од болохын тулд Монголд л таалагдахын төлөө халхчилж дуулаад байна. Баяд дууг баядаар нь дуулах ёстой. СУИС-д сурч байгаа баяд хүн баяд дуугаа баядаар нь дуулж сураад нутагтаа аваачиж үлдээх ёстой. Барга хүн энд ирэхэд би барга дууг нь заана. Барга хүнийг баргаар нь дуулуулах хэрэгтэй. Тэгж байж бид энэ том ай саваа авч үлдэнэ шүү дээ. Түүнээс биш бүгдийг нь авчраад халхчилчихвал хэцүү. Сүүлдээ хөгжилгүй болно. Манай уртын дуу ч нэг хэсэг ийм болсон. Хүн бүр “Эр бор харцага”-ыг ганцхан аяар дуулдаг.

-Нутаг нутагт өөр өөр дуулаад байдаг шүү?

-Сүхбаатарт өөр дуулж байна. Өмнөговьд бас л өөр дуулж байна. Одоо харин манай багш нар өөр болж байна. Хардал аялгуугаараа дуул, чи Хөвчийн жонон аялгуугаар дуул, чи Баянбараатаар дуул гэж ангилж байгаа нь бахархалтай л хэрэг.

-Та мартагдсан дууны араас явж байсан уу. Сургаар зорьж очиж л байсан байх даа?

-Байлгүй яахав. Зүүн тийшээ явж олон дуу олсоон. Баруун тийшээ нэг явсан юм. Ардын дуу, бүжгийн чуулга 1997 онд “Монгол түмний дуулал-2” концертоо тавих боллоо. Би Ховд руу явсан юм. Тэнд очоод Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин М.Яасай гуайн гэрт нь зорьж очлоо. Монхор хамартай өвгөн машинаа засаад их ууртай байна аа. Би учраа хэлж “Танаас чантуу дуу сурах гэсэн юм” гэлээ. Тэгсэн чинь хөгшин нь гарч ирлээ. М.Яасай гуай “За ороод жимс идэж бай” гэж байна. Удахгүй араас орж ирээд гараа угаачихаад “Чи ямар дуу сурах юм” гэж асууж байна. Би “Чантуу дуу л сурмаар байна” гэж хариуллаа. Тэгээд “Хар нүд” дууг М.Яасай гуай надад зааж өгч байсан юм.

-Ямар дуу билээ, яаж эхэлдэг билээ?

-(Узбекээр дуулав.сурв).

Хөмсөг сайтай охин минь

Хөмсгийг чинь харъя гээд л эхэлдэг дээ. Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг бид хоёр дуулдаг юм. Дуулахдаа хэрхэн бүжиглэдэг хөдөлгөөнийг нь хүртэл тэгэхэд заалгаж авсан. М.Яасай гуай надад бүжиглэж зааж өгч байхад хөгшин нь хажуунаас нь “Үгүй ээ, чи наад өсгийгөө буруу тавиад байна. Ингэж тавих ёстой” гээд санаа оноогоо хэлж байж билээ. Хамгийн хол явж ардын дуу олж ирсэн нь тэр юм. “Хан Хэнтий” чуулгынхан маань 56, 60 хоног бригадаар явдаг байлаа. Тэгж явахдаа нутаг нутгийн хөгшчүүлээс заавал нэг юм олж ир гэдэг үүрэгтэй. Хамгийн чухал нь уран бүтээлч хүн мартагдсан дууг сэргээх хэрэгтэй. Эргэлтэд оруулах. Энэ нь дуучин хүний үүрэг.

-Таны урын санд шинээр сэргээсэн, эргэлтэд оруулсан мартагдсан дуунууд хэд орчим байна вэ?

-20, 30-аад дуу бий. Мартагдсан дууг сэргээж авчирч болно. Тэрийг эргэлтэд оруулахдаа хэрхэн хүргэх вэ гэдэг нь чухал. “Цонхон дээр суусан ялаа” ардын дууг би арай өөр дуулна. Хүмүүсийнх бас өөр. Гомбосүрэн гуайн “Цэнхэрлэн харагдах уул”-аас миний дуулах маш жижиг ялгаатай байх жишээтэй. Эмэгтэйчүүдийн дуулдаг “Цэнхэрлэн харагдах уул”-аас миний дуулдаг хувилбар жаахан жаахан нугалаагаар өөр байх ч юм уу. Ардын дууны хамгийн чухал нь нугалаа, өгүүлэмждээ л байдаг байхгүй юу.

-Баяд ардын дууг баядуудын дунд ороод дуулах, цорос дууг цоросуудын дунд очиж дуулах нь их сайхан биз?

-Тэгнэ шүү дээ. Би Дорнодын цаадах Хөлөнбуйрт очоод барга дууг баргаар нь дуулахад огт өөр. Ямар сонин юм бэ гэнэ. Бас нэг гоё юм нь тэр хүмүүс чинь “Энэ хэсэг дээр жаахан алдаа байна шүү, чамд”, “Энэ хэсэгт нь ингэж түлхээд өгдөг юм. Чи сая түлхсэнгүй”, “Энэ дээр ийм нэг нугалаа байдаг. Чи тэрийг хийсэнгүй” гэдэг ч юм уу зааж захиж өгнө. Тэрэн дээр нь засаад улам сайхан болгоно.

Ардын дуу нь аливаа нэг урсгалд цохигдож байдаг. 1960, 1970-аад онд эстрад гарч ирэхэд, дараа нь хип хоп гарч ирэхэд одоо зохиолын дуу гэдэг төрөлд цохигдлоо. Сүүлийн үед ардын дуугаа дуулах сонирхол нэмэгдээд байна. Дуулах сонирхол нь байгаад байдаг. “Гарын арван хуруу” гээд бүх дуу дотор нь байдаг. Ил гаргахаа больчихоод байна. Монголчууд чинь дуучин ард түмэн. Дуулахыг тэнгэртэй холбогдож байна гэж ойлгож явдаг юм. Хүнээс аялгуу, гэгээн урсгал гарахад бидний эргэн тойронд буй, тэнгэрээс буусан өвөг дээдэс минь баясч байдаг гэж боддог юм шүү. Аян замд гарахын өмнө нэг сайхан дуулчихад замаа засчихлаа гэж ойлгодог. Ардын дууг бидэнд ухааруулаад авчраад өгчихсөн, бэлэн, энэ их өв сангаа бид ирээдүйдээ нийтээрээ хүргэж өгөх үүрэгтэй. Хурим, найр гээд хаана ч ардын дуугаа дуулдаг нь ховордчихсон байна. Сүүлийн үед ганц нэг залуус ардын дуу руугаа орж байна. Гэхдээ ардын дууг фонограмтай дуулахгүй. Ардын хөгжим гэж бас байна. Энэ бол дуутайгаа хамт ирсэн том эрдэнэ. Тийм учраас ардын дууг фонограмтай дуулж болохгүй. Б.Алтанжаргал гээд сүүлийн үеийн ардын дуучид байна. Дандаа фонограмтай дуулаад байна. За яахав, хүмүүст хүргэх гээд байх шиг байна. Ардын дуу нь өөртэйгөө хамт зуун дамжиж ирсэн энэ хөгжимтэйгөө л цуг үлдэж, цуг урагшаа явна. Тиймээс ардын дуугаа ардын хөгжимтэйгөө хамт дуулж явцгаая.


Categories
мэдээ цаг-үе

Сэндэнжавын Дулам: “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг маань ЮНЕСКО-гийн тайзнаа тавина

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяат ажилтан, СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн багш, доктор, профессор Сэндэнжавын Дуламтай уулзаж хөөрөлдлөө.


-Таны эрдэм шинжилгээний өгүүллийн чуулганы зургаан боть ном хэвлэгдэж номын баяраа хийж буйд баяр хүргэе!

-Урьд өөрийн бүтээлүүдээ арван ботиор гаргасан л даа. Миний бие ачлалт багш нарынхаа буянаар 1973 онд Монгол Улсын их сургууль хэмээх их айлын босгыг алхаж, багш хэмээх алдрыг хүртсэнээс хойш нэг жилийн дараагаар 1974 онд МУИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн 49 дүгээрт харьцуулсан аман зохиолын анхны өгүүллээ орос хэлээр гаргаж байлаа. Орос хэлээр бичсэний учир нь бидний цаг үеийн шинжлэх ухааны гол хэл нь орос хэл байсантай, орос хэлийг ихэд дээдлэн үздэг байсантай холбоотой юм. Тэр өгүүлэл өмнөх гурван ботийн хоёрдугаарт байгаа. Тэр өгүүлэл хэвлэгдсэнээс хойш 44 жилийн ногоо ургахыг үзжээ. Энэ хугацаанд юу эсийг бичсэн гэх вэ. Чингээд энэ цагийн монгол судлалыг давшуулан хөгжүүлж буй доктор Заяабаатарын санаачилсан “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын найм дахь удаагийн цувралд миний эхний гурван боть хэвлэгдсэн. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Д.Төмөртогоо нарын эрдэмтдийн бүтээлүүд гарсан. Дөчин дөрвөн жилийн бүтээлийг оруулж буй учир хэмжээ дамжаа нь ихэсч тус бүр нь 500 хуудас зургаан боть болж санхүүгийн асуудал хүчир болж ирсэн учир үлдсэн гурван боть нь сэдвийн хувьд ч одоогийн миний ажиллаж байгаа СУИС-ийн судалгааны чиглэлд нийлэмжтэй байх тул тус сургуулийн захирал, хатагтай Э.Сонинтогост учраа айлтгахад уриалгахан хүлээн авч, анхааран үзэж номоос өөр хогшилгүй, үзэгнээс өөр зэвсэггүй өвгөн эрдэмтэн намайг дэмжин тэтгэлээ. СУИС-ийн захирал Э.Сонинтогосын надад тусалсан дэмжлэг ганцхан үүгээр хязгаарлагдахгүй. Одоогоос олон жилийн өмнө 2011 онд миний Бэлгэдэл зүйн дөрвөн боть борлогдоод дууссаны дараа ахин хэвлүүлж тус болсныг би бахархалтайяа санаж байна.

-Ботиудаа ямар сэдвээр ангилав?

-Эхний гурван ботид миний эзэмшсэн монгол, хэл бичгийн мэргэжлийн судалгааны бүтээлүүд багтсан. Сүүлийн гурван ботид миний гол судалгаа болох бэлгэдэл зүй болон монгол соёл урлагийн чиглэлийн судалгаанууд голлож байгаа. Сэдвийн цар хүрээ ийн өргөн байгаа нь бидний судалгааны арга зүй болох соёлын хүн судлалын биечлэн дагах арга зүй, хээрийн шинжилгээний ажилтай ихээхэн хамааралтай юм. Миний эрдмийн хоёр их багштан Ри, Чой.Лу (Бямбын Ринчен, Чой.Лувсанжав) багш нарын маань сурган заасан монгол утга соёлын өвийг сурвалжлан цуглуулж, хурааж хумьсны үр шим энэ боллоо.

-Та бол өрнө, дорнын олон хэлээр эрдэм шинжилгээний бүтээл, өгүүллүүдээ бичихээс гадна гадаадын олон их, дээд сургуульд багшилдаг хүн. Гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээлүүдээ эх хэлээрээ хэвлэв үү?

-Зарим нь англи, монгол, орос орчуулгатай байгаа. Манай шавь нар, эрдмийн мэргэд орчуулж оруулсан. Заримыг нь орчуулах цаг хугацаа хомс учраас хэвлэгдсэн хэлээр нь оруулсан. Монгол нүүдэллэх ёсны тухай 46 хуудас өгүүллийг гэхэд франц хэлнээс хэн нэгэн хүн орчуулах хэрэгтэй болно. Цаг хугацаа ийм хомс учраас Индианагийн их сургуулийн Дотоод Ази судлалын институтээс яаж гаргасан яг хэлбэрээр нь татаад гаргасан.

-Таны багын найз эрдэмтэн Гучин мянгатын толь-ийг хаанаас нь ч асуусан нэг ч үг гаргаахгүй мэдэж байсан гэж бахархан ярьж байсан. Та зөвхөн орос хэлийг ийн элдэнгэшүүлэн өөриймшүүлэхээс гадна бусад хэлүүдийг яаж ийм төгс сурав?

-Хэл сурахад онцгой гайхуулах ч зүйл байхгүй ээ. Франц хэлийг би тэнд гурван жил ажиллаж, дараа нь жил бүр уригдаж илтгэл тавих болсон учраас харилцааны хэрэгцээ үүсээд сурахаас аргагүй болсон. Дээр нь миний хамгийн хайрлаж дурладаг зүйл франц яруу найраг, уран зохиол учраас зориуд хичээж шамдсан. Франц хэлнээс Шарль Бодлер, Поль Верлений шүлгүүдийг орчуулах маягаар сурсан. Орос хэл бол тэртэй тэргүй бидний цаг үеийн хамгийн гол хэл байсан. Намайг оюутан байхад манай Лувсанжав багш Монголд анх англи хэлний хоёр жилийн оройн курс гэдгийг нээсэн. Төрийн гол байгууллагын мэргэжилтнүүдийг тэр курст сургасан. Лувсанжав багш миний гарын багш болохоор “Чи тэр хойно сууж бай” гэдэг байлаа.

-Чой.Лувсанжав багштан тань хэл сурахдаа унтах хэвтэхээ ч умартан шамддаг байсан хүн гэдэг. Танд ямар арга барил нь их нөлөөлсөн бол?

-Лу багшийн хэл сурдаг нэг арга бол ерөөсөө нэг л дайралтаар үздэг. Дунд нь амрах залхуурах, зугаалах зүйл байхгүй. Нэг барьж авсан хэлээ өчүүхэн завсар чөлөөгүй оролдон шамдсаар тэр хэл нь өөрөө залхтал дайрдаг хүн байсан. Манай багш шиг энгүй шамдалт хүн тийм элбэг байхгүй. Бид тэр хүний энд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Багшийнхаа гол арга барилыг яахав авсан л байх. Хамгийн гол нь хичээнгүйн хувьд Лу багшийг гүйцэх хүн байхгүй.

-Их эрдэмтэн Ринчен гуайгаар хичээл заалгаж байв уу?

-Яг хичээл зорьж заалгаагүй. Би Лувсанжав багшийн шавь болохоор Ри багштай уулзахгүйгээр нэг өдөр юм ертөнцийн мөнх бус болчихвол харамсалтай гэж бодоод намрын нарлаг сайхан өдөр сонгож байгаад өргөөг нь зорьж очсон. Хотынхон чинь хаалгаа байнга түгждэг бол тэдний хаалга нь онгорхой байдаг юм билээ. Шууд яваад орчих хэцүү учир хаалгыг хоёр гурав тогштол өглөө дөнгөж боссон бололтой цээж нүцгэн байна. Настай хүн чинь бие нь цаанаа нэг улбагар шалбагар харагддаг даа. Тэгэхэд жигтэйхэн сайхан чийрэг, тэгшхэн биетэй хүн байсан. Цагаан сахлаа намируулаад “Та морилон саатна уу” гэж гар дэлгэн оруулсан нь одоо ч нүдэнд харагддаг. Би тэр тухай сайхан тэмдэглэл бичиж авсан нь одоо ч надад бий. Тэрнээс хойш овоо нүүр хагарч, орж эрдэм ном асуудаг болсон.

-Их Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын үүсгэн байгуулсан Монголын зохиолчдын байгууллагын түүхт 90 жилийн ой энэ сарын 9-нд тохиож байна.

-Ойдоо зориулж ямартаа ч зургаан ботио өлгийдлөө. Би Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоондоо харьялагдаж явдаг хүн. Тэндээ л байна. Сэтгэл зүрхээрээ бичиж туурвиад явж байна. Ер нь шүлэг, яруу найраг гэдэг чинь залуу насны үйл хэрэг юм шиг байна шүү дээ. Нэг үгээр Пушкины хэлснээр нас ахих тусам үргэлжилсэн үг рүү тэмүүлээд байдаг шиг байна. Миний судалгааны чиглэлтэй их хамаатай зүйл маань Монголын эртний урлаг, зан үйл болсон учраас бүжгэн жүжгийн цомнол хэдийг бичлээ. “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин” гэж хоёр бүжгэн жүжиг маань тавигдлаа.

-ЮНЕСКО-гийн тайзнаа тавигдах гэж байгаа гэв үү?

-ЮНЕСКО-гийн дэлхийн конвенц гэж байдаг. Урлагийн язгуур эртний бүтээлүүдийн олон янз байдлыг хадгалан үлдээх гэсэн конвенц байна. Тэрэнд бүжгэн жүжиг маань сайхан нийцэж гэж ойлгож байгаа. Энэ оны арав, арваннэгдүгээр сарын үеэр “Хөмөргөн гурвалжин” маань тавигдах нь. Хөгжмийг нь “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Ариунболд туурвисан. Бүжгэн жүжгийг Энхгэрэл дэглэсэн. Анх би энэ жүжгээ археологичдын номоос санаа авч бичсэн юм. Сая өөрийн биеэр очиж Дэл уулын дөрвөлжин булшны хадны зургийг үндсэн эхээр нь үзлээ. Тэрийг үзээд дахин нэг том туульс болох нь гэдгийг ойлголоо. Одоо би хөмөргөн гурвалжнаа босгож “Босоо цагаан гурвалжин” болгоно. Ийм гурвалсан бүжгэн жүжиг юм. Монгол угсаатны соёл иргэншлийн үүсэл, өрнөл, мандал, бадралыг л харуулах гээд байгаа шүү дээ.

-Их гүүш Хатагин Го.Аким хадны зургийг харь гаригийнхнаас илгээсэн код, илгээмж гэж тайлбарлаад байгаа. Та болохоор монгол угсаатны ургийн бичээс гэх маягийн юм яриад, бүжгэн жүжиг туурвиад байх юм?

-Тэгэхээр ийм байна аа, миний хүү. Би бэлгэдэл зүй, тэр дотроо дүрсэн бэлгэдэл, дохио зангааны бэлгэдлийг олон жил судалсан. Хадан дээр байгаа дүрс, хүмүүсийн хөдөлгөөний биеийн хэлмэрүүд яг юуг заагаад байгаа юм бэ гэдгээс санаа авч, энэ тайллуудыг хийгээд байгаа юм. Хадны дүрс чинь цаанаа нэг танивар дохионууд байхгүй юу. Хөмөргөн гурвалжин гэхэд чинь уруугаа харсан гурвалжин тамга шүү дээ. Энэ чинь хар тэнгэрийн язгуур. Манай монгол бөөгийн харын хартай бөө нар бол хөмөргөн гурвалжин хэнгэрэг барьж, чонын арьсаар бүрж бөөлдөг уламжлалтай байсан. Энэ бүх Монголын бөө мөргөл, тайлга тахилгын соёл, бэлгэдлийн судалгаанууд чинь надад ийм уран бүтээлүүдийг гаргаж өгч байгаа юм шүү дээ.

-Та бөө мөргөлийн судалгаагаар дэлхийд танигдсан эрдэмтэн. Жинхэнэ тэнгэрийн улаач нартай тэнгэр болохоос нь өмнө уулзаж учирч явсан байж таараа. Одооны бөө зайрангуудыг та юу гэж бодож явдаг вэ. Жинхэнэ эрдэм билэгтэй бөө нар байгаа болов уу?

-Багаар бодоход хоёр янзын бөө нар байна. Яг өөрсдийнхөө өвгөдийн уламжлалыг аваад, хойч үедээ дамжуулан, одоо ч гэсэн голдуухан нууц байдалтай байдаг бөө нар байх. Тэрнээс гадна нийгмийн донсолгоон, долгисоон, зах зээлийн байдлыг өөртөө ашигтайгаар амин зуулга болгочихъё гэсэн нэг хэсэг хүмүүс байдаг. Тэд бол хуурамч бөө нар юм. Гэхдээ тэр бүхнийг шалгаруулдаг комисс гэж ямар байх биш. Судлаачаас өөр ялгаж салгадаг хүн байх биш. Тийм учраас өөр урсгал болоод явчихдаг тал бий. Энэ ч өөрөө нийгмийн нэг үзэгдэл.

-Та тэр мундаг тэнгэрийн улаач нартай уулзаж учирч, тамлага тахилгыг нь харж явсан хүний хувьд өөрөө бөөлж болохгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Би судлаач болохоос бөө хүн биш шүү дээ. Бөөгийн увдис гэдэг маань энгийнээр хэлбэл удам судар дамжсан, онгод тэнгэр тамгалсан хүмүүст наалдаж үлддэг ажил. Надад тийм зүйл байхгүй учраас би цэвэр судлаачийнхаа байр сууринаас хандана.

-Ардын багш цолоо авчихаад Баянхонгорын Баянбулагтаа очив уу?

-Яг үнэнийг хэлэхэд хараахан очиж амжаагүй явна. Ноднин яг явах гэж байтал эрүүл мэндийн учир шалтгаан гараад амжаагүй.

-Баянбулаг сум бөх сайтай нутаг юм даа. Харцага Д.Батболд, Золбоо нарын сайхан цолтнууд төрлөө?

-Болдын Эрдэнэхүү гэж бас нэг начин гарч ирж байна даа. Би залуу байхдаа Баянхонгорын Баацагааны бөхчүүд гэж их сонсч байсан юм. Улаан гуталт Нямжанцан эд нар гээд. Сүүлийн үед тэгсэн манай сумаас бөхчүүд төрж байгаад баярлаж л явах юм даа. Манай нагац ах Түмээдэй гэж дээр үед гайгүй сайн барилдаж л байсан юм гэнэ лээ.

-Түмээдэй?

-Төмөрбаатар гэж хүн байсан юм. Их сайн бөхчүүд байсан юм гэнэ лээ. Би бол тэр зүгийн авьяас чадвар тааруу хүн юм. Тэрнээс сайн бөхийн удам судар гэж манай суманд байна аа.

-Та ардын уран зохиолч Тангадын Галсанг багшаа гэдэг шиг санагдах юм?

-Их сургуулийн нэг ширээний хамгийн сайн анд минь Ламжавын Лувсандорж гэж яруу найрагч байсан юм. Лувсандорж бид хоёр өөрийнх нь шүлэгт “Ижилдээ хайртай үрээ даага шиг

Эгэмээ түшин дасалцсан нөхөд” байлаа. Лувсандоржийн хүндэлдэг уран бүтээлийн найз нөхөд гэсэн чинь эсэргүү зохиолч Тангадын Галсан, нөгөө муу нэртэй Чойном энэ тэр байдаг юм байна. Таван зуун айлаар л хөлөглөцгөөгөө л, архи дарс уугаад, шүлгээ дуудаж явдаг гэж сонссон. Би нэг жаахан хүүхэд тэр айхавтар томчуудыг бараадаад, шүлэг найргийг нь сонсоод явж байх үеэс л дотносож ахмад хүнийх нь хувьд үгийг нь сонсдог болсон доо.

-Чойном гуайтай бас уулзаж явав уу?

-Үгүй ээ, одоо би тэгж муухай худлаа яриад “Чойномын найз байсан. Нөхөрлөж явсан” гэж хэлэхгүй. МУИС-ийн оюутны байранд туранхай, сахалтай хүн манай дээд ангийн төгсөгч Чулуунбазарын өрөөгөөр хонож өнжөөд явж байсныг харж байснаас бишээр сайн мэдэхгүй. Цаанаа манай Лувсандорж, Галсан багш эдний л хамсаатан байсан юм шиг байгаа юм.

-Таны шавь нараас итгэлийг чинь өвөрлөх хэн хэн байна?

-Яруу найргийн чиглэлээр МУИС-ийн багш Дагийраазын Нямдорж гэж маш их онгодтой, мэдрэмжтэй яруу найрагч хүү бий. Тэр шавийнхаа шүлгийг би их таашаадаг. Надад их олон сонин бодол төрүүлдэг. Жижигхэн бясалгал шүлгээс нь их бодол ундардаг. Судлаачдаас миний шавь нараас нэг африк залуу байна. Монгол хэлийг ёстой ус цас шиг сурсан хүн дээ. Монгол хүн ичмээр ярина даа. 2017 онд Боннын их сургууль дээр таараад “Бага бол ихийн эх. Багш бол шавийн эх” гэж хадаг, номоо өргөн барьсан даа. Монголын соёлыг судалдаг африк гэж би өөр хүн дуулаагүй. Миний тэр шавь л байх шиг байгаа юм.

-Та СУИС-иас гадна хаана бас ажиллаж байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэдэг байгууллагын даргаар тавдугаар сард томилогдсон. Зөв бичих журмын толь гаргалаа. Хэлний бодлогын баримт бичиг дээр одоо ажиллаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Төр дэх хулгайч нарын тоог цөөлцгөөе” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Төр дэх хулгайч нарын тоог цөөлцгөөе” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: МАНАН-гийн толгойлогч огцормогц төрийн томоохон албан тушаалтнуудын томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийнэ хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Цаг үе” нүүрт Аж үйлдвэрлэл өмнөх оноос 2.7 их наяд төгрөгөөр өсчээ гэв.

Төрийн банкийг нэн яаралтай хувьчлах шаардлага үүслээ хэмээн “Баримт, үйүл явдал” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсэн багийн гишүүн, хуульч Н.Лувсанжав: Нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлагатай холилдчихсон учраас хуулийн шинэчлэл хийх шаардлагатай хэмээн ярьжээ.

Гахайн махны импортоос дээж авахад тал хувьд нь өвчний шинж тэмдэг илэрчээ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

Хэлэх эрхийн индэрт иргэд саналаа илэрхийлжээ.

“Өдрийн сурвалжлага” нүүрт Амьсгалын замын цочмог халдварын улмаас орон нутагт хоёр хүүхэд энджээ хэмээн сурвалжлав.

Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Цэдэндоржийн Төвшинтөгс: “Сүүдэр цармын цэцэг” илбийн юм шиг л хүний сэтгэлийн сүлд дуу болж байлаа хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

“Өд бэх” нүүрт Гурван хэмжээст хэмээн бичив.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Долоон аймгийн 31 сумын төв цэвдэг дээр байрлаж байна

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарынхан долоон аймгийн 31 сумын төв цэвдэг дээр байрлаж байгаа тухай мэдээлжээ. Он цаг улирахын хэрээр тэдгээр сумын төвд орших барилга, байгууламжид цэвдгийн сөрөг нөлөө их, бага хэмжээгээр илэрсээр байгааг судлаачид онцолсон байна. Ховд аймгийн Алтай сумын хуучин төвийн ихэнх инженерийн байгууламж цэвдгийн нөлөөгөөр сууж, хагаран, гажиж, үүсэж, хүн байх нөхцөлгүй болсон учир хэдхэн жилийн өмнө сумын төвийг өөр газар руу нүүлгэсэн. Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захиргааны болон сургуулийн хичээлийн байр, Завханы Отгон сумын цэцэрлэг, эмнэлэг, ХААН банкны барилга цуурч, ашиглах боломжгүй болсныг судлаачид 2016 онд тогтоожээ. Цэвдэгт бага багаар “идүүлсээр” ашиглалтаас гарах барилгын жагсаалт Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байраар үргэлжлэв. Тодруулбал, хоёр давхар байрны доор цэвдгийн аяган хэлбэрийн гэсэлт үүссэн байна. Цэвдэг энэ байдлаараа эрчимтэй гэссээр байвал сургуулийн барилга мөдхөн ашиглалтаас гарах аж. Мэргэжилтнүүд оны өмнөхөн геофизикийн хэмжилт хийн, анхан шатны дүгнэлт гаргасан бол одоо цэвдгийн гэсэлтийг зогсоох боломжтой, эсэхийг лавшруулан судалж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар шинийн баяраар бага насны хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байхыг анхааруулж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл “Томуугийн тархалт нэгдүгээр сарын 3-4-нөөс эхлэн дэгдэлт хэлбэрээр гарч, сүүлийн гурван жилийн дунджаас өндөр хэмжээнд хүрлээ. 11 аймаг, нийслэлийн хэмжээнд дэгдэлт хэлбэрээр гараад байна. Эмнэлэгт хэвтэх, хүндрэх магадлалтай хүүхдийн тоо сүүлийн гурван жилийнхээс мөн адил өндөр боллоо. Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр томуугийн тархалтын 40 хувийг А хүрээний H1N1 вирусийн тархалт эзэлж байна. Уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Өвчлөлийн өнөөгийн байдлаас харахад томуугийн тархалт цагаан сарын үеэр бүс нутгийн хэмжээнд биш, улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах магадлалтай байна” гэв. Иймд иргэд сар шинийн баярын үеэр бага насны хүүхдээ айл руу авч явахгүй, бага насны хүүхэдтэй айлд олноороо очихгүй, хүн бүр хариуцлагатай байж хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөв.

А хүрээний H1N1 вирусийн тархалт зөвхөн Монголд биш ОХУ, Хятад, Япон, Австрали зэрэг оронд эрчимтэй тархаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн орны хүрэлцээ хангамж муудаж, 977 орноос өнөөдрийн байдлаар 53.2 хувийн хэтрэлттэй байгаа юм. ЭМЯ-наас орны зохицуулалт хийж байгаа ч хүрэлцээ муу байгааг хэлэв. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Хүүхдийн тасагт нэмэлт 40 ор тавьж, Чингэлтэй дүүргийн 10 хорооны иргэдийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үйлчилгээг шилжүүлжээ.

“Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд нөөцөө бүрэн ашиглан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. ЭМЯ-наас эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариаг нийлүүлж байгаа. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж үзүүлж байна. ДЭМБ-аас H1N1 вирусийн эсрэг сонгомол үйлчилгээтэй “Тамифлю” эмийг нийлүүлсэн. Ийм үед эцэг, эхүүд хүүхдийнхээ асаргаа сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн салбарын зөвлөмжийг гэрийн нөхцөлд хэрэгжүүлж хариуцлагатай байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий, Орхон аймгийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний гаралт их байгаатай холбогдуулан хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай хүсэлтийг энэ сарын 11-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус аймагт өчигдрөөс буюу энэ сарын 14-ний өдрөөс хүүхдүүдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Гэхдээ салбарын яамнаас албан ёсны зөвшөөрөл хараахан ирээгүй байгаа гэнэ.

Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэзээнээс хэвийн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалын дагуу амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзлэвэл хөл хорио тогтоож, цэцэрлэг, сургууль болон олон нийтийн үйл ажиллагааг хязгаарладаг аж. Тус аймгийн хувьд энэ сарын эхний долоо хоногийн тандалт судалгаагаар амбулаторийн үйлчилгээ авсан нийт 3153 хүний 6.7 хувиас нь томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Харин цэцэрлэгт хамрагдвал зохих 5548 хүүхдийн 31,5 хувь нь цэцэрлэгтээ ирээд байгаа бөгөөд ирээгүй хүүхдүүдийн 35,6 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчлөн гэртээ байгаа ажээ.

Мөн Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 1-р сарын 15-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Уг захирамжинд Орхон аймгийн хэмжээнд Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, 2019 оны 2 дугаар долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн 17,8 хувийг эзлэж байгаа тул өвчний тархалтыг бууруулах, халдварлах эрсдлийг багасгах зорилгоор ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосугай гэжээ. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоом, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээг мөн хугацаанд түр зогсоохыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Дээрх хугацаанд бага насны хүүхдээ асран хамгаалах, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр асрах шаардлагатай эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгохыг төрийн байгууллагын удирдлагуудад даалгажээ. Уг захирамжинд Орхон аймгийн хэмжээнд Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, 2019 оны 2 дугаар долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн 17,8 хувийг эзлэж байгаа тул өвчний тархалтыг бууруулах, халдварлах эрсдлийг багасгах зорилгоор ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосугай гэжээ. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоом, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээг мөн хугацаанд түр зогсоохыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Дээрх хугацаанд бага насны хүүхдээ асран хамгаалах, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр асрах шаардлагатай эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгохыг төрийн байгууллагын удирдлагуудад даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллагын урдирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Энэ оныг Монгол Улсын Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөс тус байгууллагын “Дэвшилтэт технологи- ухаалаг хяналт”-ын жил болгон зарлалаа. Дээрх зөвлөгөөн өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд Гаалийн байгууллагын өнгөрсөн оны ололт амжилт, үр дүнг нэгтгэн шинэ ондоо теле-хяналтын иж бүрэн систем нэвтрүүлэх, гаалийн лабораторийн бүрэн шинэчлэл хийх, хилийн боомтын хяналтын дэд бүтцийг сайжруулахад чиглүүлэх ажлаа төлөвлөхөөр зөвлөлдөж байна. Гаалийн байгууллага өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 2.73 их наяд төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 124.6 хувиар буюу 538.9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Өнгөрсөн онд Гаалийн байгууллага экспортын 530 мянга, импортийн 256 мянган бүрдүүлэлт хийж, нийт экспортын бүрдүүлэлтийн 95 хувийг цаасгүй технологид шилжүүлэв. Худалдааны луйвар, гаалийн зөрчлийг эрсдэлийн судалгаанд суурилан үр дүнтэй илрүүлэн таслан зогсоож чадсанаар нийт 2028 хууль бус үйлдлийг илрүүлэн хянан шийдвэрлэж, 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 6.1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн байна. Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдэлийг илрүүлж, хар тамхи мансууруулах бодисыг илгээх болон хүлээн авдаг хоёр сувгийг илрүүлэн тогтоох үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт ахмадуудад зориулсан сувилал нээв

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны 2500 орчим ахмад настанууд үйлчлүүлэх боломжтой уламжлалт эмчилгээний сувилалын байр өнөөдөр ашиглалтад орлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил болон Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хороонд амьдарч буй ахмадын төлөөлөл оролцлоо.

“Цолмон” сангийн дэргэдэх энэхүү уламжлалт эмчилгээний сувилал нь ахмадуудад зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд ардын оношилгоо, хаш чулуун орны физик эмчилгээг нь үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээТус сангаас зөвхөн ахмадуудад төдийгүй Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны хүүхэд багачууд руу чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгааг НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон яриандаа онцоллоо. Тухайлбал Монголын Оюун ухааны академитай хамтран улсын дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх хөтөлбөрийг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа гэдгийг дурьдлаа. Цаашид өндөр настан болон хүүхэд багачууд руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлалаа

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл /ICCR/ нь 2019-2020 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан ба хүмүүнлэг, инженер, архитектор, уран зураг болон бүжиг, дуу зэрэг урлагийн чиглэлээр Энэтхэг улсад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах тэтгэлэг зарлалаа. Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны, сурлага сайн, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэд Энэтхэгийн Соёлын зөвлөл /ICCR/-ийн http://a2ascholarships.iccr.gov.in портал/линк руу хандан онлайнаар бүртгүүлж маягтыг бөглөнө. Тэтгэлэгтэй холбоотой заавар, удирдамж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөлийн портал/линк болон Энэтхэгийн Элчин Сайдын Яамны http://www.eoi.gov.in/ulaanbaatar сайтаас авах боломжтой. Онлайнаар бүртгүүлсэн маягтыг ирэх сарын 10-ны дотор хэвлэж холбогдох бичиг баримтын хамт Энэтхэгийн ЭСЯ-нд хүлээлгэн өгнө.

Categories
мэдээ нийгэм

JCI Импакт салбар байгууллага сургуулийн орчны эрсдэлийг бууруулахад дэмжин ажиллахаар боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спорт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан JCI Импакт салбар байгууллагын 2019 оны Ерөнхийлөгч Л.Одсүрэн нар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь эрсдэлийг бууруулахад хамтран ажиллах санамж бичиг үзгэллээ.

БСШУСЯнаас 2018 онд ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан. Сургуулиудын 13 хувь нь их эрсдэлтэй, 74 хувь нь дунд эрсдэлтэй, 13 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Энэ дагуу хүүхэд хамгааллын олон ажил арга хэмжээг яамны зүгээс бодлогын төвшинд авч хэрэгжүүлж байгаа юм.

Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр БСШУСЯны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Хүүхдийн аюулгүй орчинд сурч, хөгжих, хайрлагдаж хүндлэгдэх суурь хэрэгцээг хангах нь хамгийн чухал. Ийм чухал ажилд хамтран олон нийтэд нөлөөлөх, сургуулийн эрсдэлийг бууруулахаар зориглосон JCI Импакт салбар байгууллагын гишүүдэд талархаж байна. Сургууль дотуур байрны орчин эрсдэлгүй аюулгүй байх ёстой. 2019 онд та бүхэнтэй хамтран ажилласнаар их эрсдэлтэй сургуулиудын эрсдэлийг бага болгох, бага эрсдэлтэй сургуулийн эрсдэлийг байхгүй болгосон үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Би өөрөө JCI байгууллагын бүтээгдэхүүн. JCI-чууд бол онцгой сахилга бат, онцгой зарчим, онцгой хариуцлагатай манлайлагч залуус юм. JCI-чууд бол авлига ашиг сонирхол, хүнд суртлаас ангид нийгэм, хойч ирээдүйн төлөө нүүр бардам ажилладаг “гэрлүүд” юм. Бидний хамтын ажиллагаа ч мөн Боловсролын салбарт гэрэл нэмнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.