Categories
мэдээ эдийн-засаг

СЗХ: Шаардлага хангахгүй байгаа компаниудын зах зээлд оролцох оролцоонд хязгаарлалт тавина

Image result for санхүүгийн зохицуулах хороо

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо 2016 онд 94 тоот тогтоол баталж, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх бол 30.0 сая, үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх бол 100.0 сая, дилер хийх бол 200.0 сая, андеррайтер 1.0 тэрбум төгрөг байхаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоосон. Тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн боловч зарим нэр бүхий үнэт цаасны компани өнөөдрийг хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэхгүй, зах зээлийн зуучлалын үүргээ хэрэгжүүлэхгүй, Хорооноос тавьж байгаа шаардлага, шалгуурыг хангаж ажиллахгүй байна. Иймд Хороо шаардлага хангахгүй байгаа компаниудын зах зээлд оролцох оролцоонд хязгаарлалт тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Бизнесийн үйл ажиллагаа, зах зээлд оролцох оролцоог хязгаарласаар байхад цаашид Хорооноос мөрдүүлж буй шаардлага, шалгуур, зохистой харьцааг хангахгүй бол хууль тогтоомжийн дагуу шат дараалсан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Хязгаарлалтад хамаарсан компаниас үнэт цаасны андеррайтер, брокер, дилерийн үйлчилгээ авах нь эрсдэлтэй болохыг хөрөнгө оруулагч иргэн, бизнесийн байгууллага, аж ахуй нэгжүүд анхаарч, үйлчилгээ үзүүлэгч компанийхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтийг сайтар нягтлах, хязгаарлалттай холбоотой мэдээллээр Хороо болон бусад албан ёсны эх сурвалжид хандахыг зөвлөж байна. САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тогтвортой хөгжлийн зорилго 2030 орон нутагт хэрэгжүүлэх нь үндэсний хэлэлцүүлэг болно

НҮБ-аас 2015 оны есдүгээр сард дэлхий нийтээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх ТХЗ-ыг баталсан. Ядуурал, өлсгөлөн, өвчин эмгэг, гачигдлаас ангид байж, чанартай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах тэгш боломж бүрдсэн, зохистой ажлын байраар хангагдсан дэлхий ертөнцийг бий болгохыг зорьж байгаа энэ шинэ хөтөлбөр нь нэг ч хүнийг орхигдуулахгүйн зэрэгцээ хамгийн эмзэг нөхцөлд байгаа хүмүүсийг нэн тэргүүнд хамруулахыг зорьж байгаагаараа онцлогтой юм.

Ийм ч учраас МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ болон Хүний эрх хөгжил төв хамтран Тогтвортой хөгжлийн зорилго 2030 хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд үнэлэх жижиг төслийг Эмэгтэйчүүд, Хууль ба Хөгжлийн Ази Номхон далайн форум (APWLD)-ын Хөгжлийн шударга ёс хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэхээр Хүний эрх хөгжил төвөөс санаачлан арав гаруй жил хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан Мөнгөн хуримтлалын бүлгийн холбоо (МХБХ)-г түшиглэхээр аймаг, сумаа сонгосон.

Манай хоёр байгууллага, МХБХ-дыг орон нутгийн хөгжлийн бодлогод дүн шинжилгээ хийх, хэрэгжилтийг үнэлэх, үр дүнг орон нутгийн захиргаа, олон нийтэд танилцуулж хэлэлцүүлэхэд аргазүйн дэмжлэг үзүүлж, чадавхийг нь бэхжүүлэх зорилгоор хоёр удаагийн семинарыг Улаанбаатор хотод болон сонгогдсон орон нутгуудад очиж зохион байгуулж ажилласан. Эдгээр семинарт Мөнгөн хуримтлалын бүлгийн холбоодын гишүүд болон аймаг сумын холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд, мэргэжилтнүүдийг хамруулсан. Үүний дүнд ТХЗ 1 болон ТХЗ 8-ыг орон нутагт хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд 2030 он хүртэл тасралтгүй ажиллан хувь нэмэр оруулах зорилготой МХБХ болон засаг даргын тамгын газар, ИТХ-ын төлөөллөөс бүрдсэн 3 ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгүүд нь ТХЗ 1 болон ТХЗ 8-тай холбоотой орон нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжилттэй танилцан шаардлагатай мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг орон нутгийн захиргаатай хамтарч хэлэлцэн тодорхойлох төлөвлөгөөтэй ажилласан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгохоор аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнийшалгуур үзүүлэлтүүд нь шаардлага хангахгүй, ахиц дэвшил, алдаа дутагдлыг бодитой үнэлэх боломжгүй, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах үйл ажиллагаа нь гол төлөв түр ажлын байраар хязгаарлагдаж, байнгын ажлын байр бий болгоход чиглэсэн дорвитой ажил хийж чадахгүй байгаа зэрэг асуудлууд судалгааны үр дүнд тодорхой болсон юм.

Цаашид байнгын, зохистой ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулж иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн өсөлтийг хангахад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, санхүүжүүлэх, ажлын байр бий болгоход түлхүү анхаарах, сургалт, уулзалт, дэмжлэг гэх төсвийн зарцуулалтын зориулалтыг тодорхой болгох, хэчнээн ажлын байр бий болгосон тухай үр дүнг иргэдэд тогтмол, нээлттэй, дэлгэрэнгүй тайлагнах, тусгай сангуудын зарцуулалт, буцалтгүй тусламж, зээлийн эргэн төлөлтийн талаарх хяналт, үнэлгээ хийх үнэлгээний үр дүн, шалгуур үзүүлэлтийг олон нийтэд тайлагнах, зээлд иргэд ямар шалгуураар хамрагдаж, буцаан төлж буй эсэх талаарх мэдээллийг цахим сайтууддаа байршуулж, иргэдэд мэдээлэх, зээлийн санхүүжилтээр ажлын байр бий болгох нөхцөлд хөдөлмөрийн гэрээг зайлшгүй байгуулах тухай болзолыг зээлийн гэрээнд оруулах зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Орон нутагт Тогтвортой хөгжлийн сонгосон зорилго, зорилтын хэрэгжилтийн талаарх суурь мэдээллийг нэгтгэн боловсруулж танилцуулах Үндэсний хэлэлцүүлгийг ХЭХТ болон МОНФЕМНЕТ хамтран 2019 оны нэгдүгээр сарын 21-нд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 11 325721, 9919-4455, 9984-6141 утсаар лавлана уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​АН: УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар хуралдаж мэдээлэл хийлээ.

Энэ талаар АН бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр бид Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн ауудлаар ярилцлаа. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгье. Өмнө нь бид УИХ яаралтай тарж ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай гэдэг тогтоолын төслийг боловсруулж гарын үсэг зурах асуудлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар энэ төсөл дээр 14 гишүүн гарын үсэг зураад байна. Одоогийн УИХ иймэрхүү байдлаар цаашдаа үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон байна. УИХ-ын гишүүд хувь хүнийхээ хувьд бие биенээ дайрч давшлах, хэрэлдэж зодолдох асуудал нь хэрээс хэтэрлээ. Энэ нь улс төрийг үнэлэх үнэлэмжийг улам бууруулж байгаа нь гарцаагүй үнэн юм. Тийм учраас цаашид АН бүлэг ямар байран дээр байх вэ гэдгээ ярилцлаа. УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 25 наас эхэлж мөрдөгдөх шийдвэр гарсан. Үүн дээр гарын үсэг зурах үйл ажиллагааг урьдчилан хийж байх шиг байна. УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр, хэн нэгний шантаажаар гарын үсэг зурахгүй байх гэж найдаж байна. Өнөөдөр АН бүлэг УИХ-ыг өөрөө тарах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж гарын үсэг зурлаа. Түүнчлэн УИХ-ын даргыг огцруулах нь УИХ дарга М.Энхболдын ч асуудал. Мөн УИХ-ын гишүүд болон ард түмний асуудал юм. Тиймээс АН энэ тал дээр саналаа нэгтгэж УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа дахин хэлье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний хувцсаараа гоёлоо

Өнгөрсөн баасан гаригт Хууль сахиулахын их сургуулийн сар шинийн баярыг угтсан “Дээлтэй Монгол” өдөрлөг боллоо. Өдөрлөгт тус сургуулийн есөн салбар сургуулийн 3000 гаруй багш ажилчид, сонсогчид оролцсон юм. Энэ арга хэмжээ нь 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Нээлтийг тус сургуулийн морин хуурын хамтлаг, үндэсний хөгжим, ерөөл магтаал хайлах тоглолтоор эхлэв. “Дээлтэй Монгол” өдөрлөг сургуулийн багш ажилчид, албан хаагч, сонсогч, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, үндэсний уламжлалт хувцсаа сурталчлах, өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх зорилготой. Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн цэргийн зохион байгуулалтын албаны дарга, Цагдаагийн дэд хурандаа Х.Ууганбаяр хэлэхдээ “Цэрэг, цагдаагийн алба хаагчид бид тэр болгон үндэсний дээл хувцсаараа гоёод, өмсөөд байж чаддаггүй. Аливаа улс үндэстний хувьд гол бахархлын нэг нь үндэсний хувцас нь байдаг. Тиймээс бид багш ажилчид, суралцагч сонсогчиддоо үндэсний хувцсаараа гоёх, бахархах, омогшихүзлийг төрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг 2013 оноос жил бүр зохиож ирлээ. Үүнээс гадна уламжлалт тоглоом наадгай, үндэсний тэмцээнүүдийг зохиодог онцлогтой. Жил бүр хүмүүсийн оролцох идэвх нэмэгдсээр бүрэлдэхүүн сургуулиудын бүх оюутан, багш ажилчдыг хамран 3000 гаруй хүн ач холбогдол өгч, оролцож байна. Энэ нь манай сургуулийн бас нэгэн том баяр болж харагдах болсон. Салбар сургуулиудаасшалгарсан шилдэг хувцас, шилдэг оролцогчид хоорондоо өрсөлдөн шилдгийн шилдгийг шалгаруулна. Орчин үеийн хэв загварт оруулан дээлийг маш олон загвараар хийдэг болж. Дээр үеийн Чингисийн баатруудын хувцаслалтаар хувцаслаж ирсэн хүмүүс ч байна. Мөн бид мэргэжил болон тусгайлсан чиг үүргийн дагуу олон уралдаан тэмцээнийг явуулдаг. Спорт, хууль зүйн улс хотыг хамарсан олон тэмцээн уралдаанд манай багш сонсогчид амжилттай сайн оролцдог” гэв. Үндэсний дээл хувцсаараа гоёхоос гадна сур харваа, шагайн харваа, шаант цохих, ерөөл магтаал хайлах зэрэг олон төрлийн үндэсний хэв маягийг харуулсан тэмцээн боллоо.

Дашрамд дурдахад Хууль сахиулахын их сургуулийн үүдэнд “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх газар” байршдаг. Энд багш сонсогчид хамтран иргэдэд хуулийн хүссэн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Энэ долоо хоног шийдвэрлэх долоо хоног байх болно

Төв талбайд суулт хийж байгаа иргэд УИХ-ын даргыг огцруулахаар 30000 гарын үсэг цуглуулсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар хийлээ.

Л.Болд: “МАНАН”-гийн эсрэг тэмцэлд олон мянган хүн оролцож дэмжиж байна. Нийт 30 мянган хүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар гарын үсэг зурсан байна. Одоогийн байдлаар УИХ-ын 40 гишүүн гарын үсгээ зурна. УИХ-ын даргыг чөлөөлөх хууль батлагдсантай холбоотойгоор олон гишүүн гарын үсэг зурж дэмжиж байна. УИХ-ын даргыг огцруулсны дараа юу өөрчлөгдөх вэ гэдэг асуултыг олон хүмүүс тавьж байгаа. Үүний дараа Монголын ард түмэн байгалийн баялагаа өөрсдөө авна. Төр барьж байгаа хугацаандаа хулгай хийсэн олон асуудлыг хэлэлцэж эцсийн бодитой арга хэмжээнүүд авах болно. УИХ-ын дарга огцорсноор бид талбай дээрх гэрээ нүүлгэж хэрэгцээтэй хүнд гардуулж өгнө.

Түүнчлэн биднийг “Гэр форум” дээр очиход тэмцэл хийгчид хоорондоо хагарч байна, тусдаа болж байна гэсэн худал мэдээлэл гарсан байсан. Бид эцсээ хүртэл Монголын ирээдүйнхээ төлөө, баялагийнхаа төлөө атгасан гар шиг нэгдэж тэмцэх болно. Дээрх худал мэдээлэл бол бидний дунд яс хаясан худал мэдээлэл юм. Бидний тэмцлийн үр дүнд бүх зүйл шударга болж эхэлж байна. Бид ард түмнийхээ баялагийг ард түмний мэдэлд өгөх цаг ойртож байна. Энэ долоо хоног бол шийдвэрлэх долоо хоног байх болно” .

Ж.Батзандан “Өдөрт иргэд дөрөв, таван мянгаараа гарын үсэг зурж байгаа. Нийт гучин мянга гаруй иргэн гарын үсгээ зураад байна. Эдгээр гарын үсэг регистрийн дугаартайгаар хариуцах эзэнтэйгээр зурагдсан байгаа. МАНАН бүлэглэлийнхэн бидний эсрэг бүх л зүйлийг хийх болно. Биднийг доромжиолж, харлуулах тусам бид зоригтойгоор шудрага үнэний төлөө тэмцсээр байх болно. Тэмцэл хийж байгаа таван гишүүнийг УИХ дээр нэг нэгээр нь дааж аваад дайрч доромжилдог бүлэглэл байгаа гэдгийг бас хэлмээр байна. Та бүхэн эдгээр худал харлуулсан мэдээлэлд итгэх хэрэггүй”.

Categories
мэдээ спорт

Жозе Моуриньо анир чимээгүй алга болдог хүмүүн биш

Португаль мэргэжилтэн Английн “Манчестер Юнайтэд” багийн ахлах дасгалжуулагчын албан тушаалаасаа хусагдаад сарын хугацаа өнгөрсний дараа анхны ярилцлагаа beIN SPORTS теле сувагт оролцсон нэвтрүүлгээр цацлаа. Моуриньо өөрөө топ дасгалжуулагч, нэмээд ярилцлага нь бас үргэлж топ байж бусдын анхааралд шууд өртдөг агаад энэ удаагийнх ч уламжлалаа алдсангүй. Гэхдээ уг ярилцлага эхлэхийн өмнө Жозе сүүлчийн ажил олгогчийнхоо талаар ярихгүй гэдгээ тохирсон бололтой, “МЮ”г муулсан ч үгүй, сайлсан ч үгүй. Тэр “МЮ”-гээс “гэнэт халагдсаны” төлбөр хэмээн өчнөөн сая фунт стерлинг авчихсан хүн гэрээ ёсоор нэг хэсэгтээ сүүлчийн ажлын байрныхаа талаар үг цухуйлахгүй гэдэг дүрмээ сахьсан байна лээ. Энэ дор түүний ярилцлагын сонирхолтой хэсгүүдийг нь толилуулъя.


-Ноднин жил “МЮ”-гийн хамт Премьер Лиг-т хоёрдугаар байр эзэлсэн минь миний асар том амжилтуудын нэг гэж боддог. Та намайг галзуурчээ гэж бодож магадгүй. “Энэ залуу дэлхийн шилдэг лигүүдэд дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа 25 төрлийн хэргэм хүртчихээд жирийн нэг хоёрдугаар байраа шилдэг нь гээд байдаг, галзуурчихаж” хэмээн тунгааж байна уу. Асуудлын гол нь ямар нөхцөлд, жирийн хүмүүсийн нүднээс далд, хөшигний ард өрнөх үйл явдалтай хамт уг амжилтыг олсон юм шүү гэдэгт байгаа юм.

-Өө би дасгалжуулагчийнхаа ажлыг үргэлжлүүлээд хийнэ ээ. Хэдэн долоо хоногийн дараа 56 нас хүрлээ. Хөлбөмбөгийн ертөнцөд шумбаад удаж байгаа ч гэлээ харьцангуй залуу нас шүү. Би бас топ дасгалжуулагч. Тиймээс тэр дээд түвшиндээ л баг дасгалжуулна.

-Хүмүүс намайг Салахыг зарсан дасгалжуулагч гээд бичээд, яриад байх юм. Биш ээ. Би Салахыг худалдаж авсан дасгалжуулагч байхгүй юу. Бид “Базель”-тай тоглож байхад түүнийг хараад шууд л дурласан. Тэгээд багийн удирдлагыг энэ хүүхдийг худалдаж авах хэрэгтэй гэдэгт итгүүлж Лондонд авчирсан хүн чинь би юм шүү дээ. Даанч тэр үед түүний байрлал дээр Виллиан, Азар хоёр тоглож байсан. Салах анх ирэхдээ довтлогч биш, хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Хүүхэд наснаасаа мултраад удаагүй байна, Лондонд дасга, талбайд өнгөрөөх цагийг нь бага, багаар нэмнэ гэсэн тактиктай байсан ч Салах үргэлж тоглуулж байхыг хүссэн. Тиймээс эхний ээлжинд Итали руу зээлээр явуулчихъя гэж шийдсэн. Харин дараа нь багийн удирдлага боломжийн үнэ сонсоод зарчихсан байна лээ. Надад хамаагүй шүү. Тиймээс би Салахыг худалдаж авсан хүн болохоос биш зарсан нь бол лав биш. Гэхдээ энэ бүх адал явдалаас хожсон нь Салах биз дээ.

-Үнэнч, найдвартай, итгэл даах хүмүүсийн нэг нь гэж Дрогбаг хэлнэ. Би түүнийг “Марсель”-аас авчрах үед Дрогба тийм бас залуухан настай байгаагүй юм шүү. Абрамович надаас асууж байна “Та хэнийг довтолгоондоо тавьмаар байна” гэж. Лут том, мундаг довтлогч нарын нэрийг дурдах үед нь би надад Дрогба хэрэгтэй байна гэлээ. “Хэн гэнэ ээ, хаана тоглодог юм бэ” гэж асуулаа. “Мистер Абрамович олон юм асуугаад хэрэггүй ээ. Мөнгөө л төл” гэж би хариулж байлаа. Дидье олон жил “Челси” багийн шүтээн байж Премьер Лигийн чимсэн дээ.

– Хөлбөмбөгчид асар их эмзэг, нялх, нялзгай болж байна. Хэрвээ андуураагүй бол сэр Фергюсон тээр жил Бекхэмийг “Реал”-руу явах хүсэлтээ хэлэхэд “ тоглогч өөрийгөө багаас дээгүүр гэж бодож эхэлбэл шууд зайлуул” гэж хэлж байсан гэнэ лээ. Одоо тэгж болохгүй болчихсон. Намайг бага байхад аав маань нэг евро өгөөд сонин худалдаж аваад ирээ гэсэн бол би хариултыг нь өөртөө үлдээж болох уу гэж асуугаад гүйх байлаа. Одоо би хүүдээ тэгж хэлбэл “ яагаад би явах ёстой юм бэ” гэж асууна. Аав нь ажил ихтэй байна гэж хэлэхээр “ажлаа дуусгачихаад таван минутын дараа та гарч болно шүү дээ” гэх мэтийн. Дараа үеийнхэн маань өөрчлөгдөж байна.

-Миний алба хашсан багууд дотроос хамгийн супер нь “Интер” байсан. “Сери А”-г төсөөлөшгүй өндөр оноотой тэргүүлж Аваргуудын Лигт тухайн үеийн шилдэг баг “Барселона”, “Бавари” багуудын ээлж дараалан унагаад аваргална гэдэг хожим дурсахад гайхамшигтай мөч биш гэж үү.

-Хүмүүс Роналду юу, Месси юу гэж дандаа асуух юм. Тэдний эрин үед хөлбөмбөг үзэж байна шүү гэдгээрээ бахархах хэрэгтэй. Сайн,лут мундаг хөлбөмбөгчид нэг, хоёр жил гэрэлтэх тохиолдол байна аа. Харин тэр хоёр шиг олон жил өндөр түвшинд тоглодог нь байхгүй. Би жишээ нь Роналдуг дасгалжуулж байхдаа хорвоогийн хамгийн аз жаргалтай дасгалжуулагч байлаа. Харин Мессигийн багийн эсрэг тоглох төхөөд ирмэгц олон хоног тактик боловсруулж нойроо хугасалж өнгөрөөдөг л байв.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

НИТХ: С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ

Image result for С.Мөнхчулуун

НИТХ-аас Засаг даргад С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ хэмээн НИТХ-аас мэдээллээ. МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч танхимаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, олонхийн санал авсан юм.
Тиймээс С.Мөнхчлууны нэрийг батламжлуулахаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн боловч бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн буцаагджээ. НИТХ-аас албан бичгийг бүрдүүлэн өнөөдөр илгээх юм байна. Ерөнхий сайд албан бичгийг хүлээн авснаас хойш хариу өгөх тухай хуулийн хугацаа заасан зохицуулалт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд татгалзсан хариу өгвөл 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, өмнөх журмаар шинэ Засаг даргыг тодруулна.
Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан хүнийг дахин Ерөнхий сайдад батламжлуулах албан бичиг илгээх бөгөөд Ерөнхий сайд татгалзсан эсэхээс үл хамааран олонхийн санал авсан хүнийг Засаг даргаар томилох хуулийн зохицуулалттай хэмээн НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Франц залуус Арсеналыг хожилд хөтөллөө

Английн премьер лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд явагдлаа. Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй “Арсенал” талбайдаа цом горилж буй “Челси”-г хүлээж авч, 2:0-ээр яллаа. Тоглолтын эхний гоолыг 14 дэх минутад Франц довтлогч Александр Лаказет оруулсан бол хоёр дахь гоолыг төвийн хамгаалагч Лоран Кошьелни хийжээ. Их буучид ийнхүү Франц тамирчдынхаа ачаар гол өрсөлдөгчөө буулгаж авлаа. Кошьелни премьер лигт есөн улирал тоглохдоо 20 гоол оруулжээ.

Лигийн хүснэгтийг тэргүүлж буй “Ливерпүүл” Анфиелд цэнгэлдэхдээ “Кристал Палас”-ыг хүлээж авч, ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын төгсгөлд 4:3-аар хожлоо. Энэ тоглолтод Мухамед Салах хоёр гоол оруулж, 16 гоолтой гоор мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ. Мөн Египет довтлогч Улаануудын төлөө 50 дахь гоолоо энэ тоглолтод бүртгүүлсэн юм. Тэрбээр 72 тоглолтод оролцохдоо л ийм амжилт үзүүлжээ. Энэ өдөр Ливерпүүлээс Роберто Фирмино, Сайдо Мане нар тус бүр нэг гоол оруулж багтаа хувь нэмрээ оруулсан байна. Харин Бүргэдүүдээс Андрес Таунсед, Томкинс, Макс Мейр нар гоолдож улаануудыг багагүй сандаргасан. Ливерпүүлийн хаалгагч Аллисон Беккер улаан өмсгөлтэй нэг тоглолтод гурван гоол алдаж байсан удаагүй юм.

Мөн Жозе Моуриньог халаад буй Манчестер Юнайтед Брайтон Хов Албионыг 2:1-ээр “аргалж” дөнгөлөө. “Улаан чөтгөр”-үүдээс Маркус Рашфорд, Пол Погба нар гоол оруулсан байна. Шийдвэрлэх хоёрдугаар үед Брайтоноос Паскал гоолдсон ч оноо салгахад хангалттай байсангүй.

38 тойрог үргэлжлэх Английн премьер лигийг 23 тойргийн дараахь байдлаар Юрген Клопп дасгалжуулагчтай Жордан Хендерсон ахлагчтай Ливерпүүл 60 оноотой тэргүүлж байна. Тэд энэ улиралд ганц Манчестер ситид ялагдсан юм. Харин тэргүүлэгчдийг ялсан Манчестер сити 53 оноотой дэд байрт бичигдэж байгаа юм. Лондоны Тоттенхем, Арсенал, Челси багууд аваргуудын лигийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Португаль мэргэжилтэн Моуриниог халсан “Манчестер Юнайтед” сүүлийн зургаан тойрогт дараалан ялж зургадугаарт байрт бичигдэж байна.

Харин Хадерсфиелд таун, Фүлхем, Кардифф сити багууд хүснэгтийн сүүл мушгиж доошоо унахад ойрхон байна.


Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт гахайн мялзан өвчин гарчээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бордооны хэсэгт Гахайн африкийн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоожээ. Дээрх хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд НМХГ болон дүүрэг МХХ-ийн удирдлага, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байгаа аж.

Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдог байна.

Одоогоор Булган, Дундговь, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Categories
мэдээ спорт

“Дакар ралли”-д хурд сорьсон монгол ах дүүс замаа амжилттай дуусгав

Өмнөд Америк тивийн баруун хэсэгт орших Перу улсад автоспортын олимп “Дакар ралли” нэгдүгээр сарын 6-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 41 дэх удаагийн автоспортын их наадамд 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 5603 километр замыг туулсан юм.

Энэ жилийн “Дакар ралли”-д уралдаанд Ази тивээс БНХАУ, Япон, Энэтхэг, Монголын баг тамирчид оролцов. Монголоос “Da­kar 2019-Team Mongo­lia” баг автомашины SxS ангилалд өрсөлджээ. Багийн ахлагч, чиглүүлэгчээр олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр нар оролцлоо.

Эх орноо төлөөлж Чилийн цөлийн халуун уралдсан ах дүү мастерууд болох Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 5603 км-ийн бартаа саадтай замыг амжилттай туулж 130 машин уралдсан “Авто” төрөлд 32 дугаар байр эзэлсэн юм. Харин UTV Open ангилалдаа гуравдугаар байр эзэлж медалийн тавцанд зогссон юм. Монголын авто уралдаанчид 10 өдрийн гараанд бүгдэд нь амжилттай өрсөлдөж, барианд орж ирснээр авто спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа юм. Өмнө нь Монгол Улсаа төлөөлж мотоцикл ийн төрөлд өрсөлдсөн тамирчин замаа амжилттай дуусгаж байсан юм. Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгаж байжээ. Тэрбээр “Дакар ралли” уралдаанд Монголын анхны замаа дуусгасан чиглүүлэгч гэх амжилтыг үзүүлсэн билээ. Мөн тэр жил олон улсын хэмжээний мастер Ө.Бямбацогт өрсөлдсөн ч техникийн эвдрэлээс болж замаа дуусгаж чадаагүй юм.

Мөн “Дакар ралли”-ийн мотоциклийн уралдаанд олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа анх удаагаа өрсөлдсөн юм. Тэрбээр тэмцээний зургаа дахь өдөр уралдаанаас хасагджээ. Шөнө явагдсан гараанд манай тамирчны мотоцикл элсэнд суусан юм. Элснээс гаргахдаа хамгаалагч малгай каскаа анхааруулах тэмдэг дээр тавьсан байсныг 516 дугаартай ачааны машин дайрч хагалснаар уралдаанаа өндөрлүүлэхээр болсон байна.

Тэмцээний мотоциклийн ангилалд Red bull багийн авсрали тамирчин Тоби Фрайс түрүүлжээ.

Харин ачааны машины төрөлд ОХУ-ын тамирчид илүүрхэж Эдуард Никлаейв, Владимр Рыбаков нар тэргүүлжээ. Хамгийн өрсөлдөөнтэй явагдсан SxS буюу дөрвөн дугуйтай машины ангилалд Нассер Ал Аттех, Маттиу Бумел нар өнгөлсөн байна.