Categories
мэдээ улс-төр

Энэ сарын 30-нд ҮХЦ хуралдана

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нийгмийн даатгалын тухай хуульд, Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заасан байна. Энэ нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёсны болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Цэцийн хуралдаанаар энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноосАгаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг урьж байна.

Бүртгэл: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17.30 цаг хүртэл явагдах тул ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор бичгээр ирүүлсэн байна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо. /Лавлах утас: 51-261240/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журамд заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол зохион байгуулах журам, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль холбоосоос дэлгэрэнгүй танилцана уу.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Асуудал шийдвэрлэсэн тухай” албан бичиг илгээв.

АЛБАН БИЧИГТ:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Миний бие Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанаас гаргах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилгын хүрээнд эдгээр хуулиудын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд дагаж мөрдөх хугацаанаас өөр өөрчлөлтгүйгээр баталсанд талархаж байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад хориг тавих шаардлагагүй гэж шийдвэрлэлээ” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан дурсгалын марк гаргана

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургадугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын шуудангийн байгууллагууд хамтран дурсгалын марк гаргахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг юм. Дурсгалын маркийн агуулга, сэдвийг тодорхойлох, зохион байгуулалтын ажлыг төлөвлөх зорилгоор Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгээс санаачлан, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Монгол Улсаас БНТУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч Б.Батхишиг, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, тус компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, Монгол, Туркийн түүхэн харилцааг судлагч, доктор А.Энхбат, Б.Анхбаяр, Б.Мөнхтулга нарын зэрэг эрдэмтэд болон Монголын филателийн холбооны гишүүд, туршлагатай марк сонирхогчид, цуглуулагчид оролцлоо.

Хоёр улс, үндэстний хувьд олон зуун, мянганаар тоологдох түүхэн харилцаатай, өв соёлын баялаг хэрэглэгдэхүүнтэй тул маркийн сэдэв өргөн дэлгэр болохыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэж байлаа. Монголын газар нутагт туркчүүдийн үлдээсэн өв их байдаг бол Турк Улсад үлдсэн монголчуудын өв ч түүнээс дутахааргүй гэдгийг уулзалтын үеэр хөндөж ярилцав. Тухайлбал, Орхоны хөндий дэх түрэгүүдийн түүхэн дурсгал, Билгэ хаан, Культегин, Тоньюкукийн хөшөө дурсгалуудыг бид сайн мэднэ. Түүнчлэн 2000-2003 онд Хөшөө цайдамд хийсэн археологийн малтлага, судалгаа дэлхий нийтийн анхаарлыг онцгой татаж, тэндээс Билгэ хааны алтан титэм, хатдын өмсгөл зүүлтийн алт, мөнгөн чимэглэл, тахилын алтан аяга, мөнгөөр хөөмөлдөж алтаар шарсан буга зэрэг нэн ховор, түүхэн чухал, үнэ цэнэтэй олдвор олж байсан билээ.

Тэгвэл Туркийн Анатолий дахь Ил хаадын дурсгал, Эрзурум хотод монгол ноёны байгуулсан гүүр, тэнд амьдран сууж байсан монгол ноёны бичсэн захидал, нутгийн иргэдийг татвараас чөлөөлсөн талаарх монгол хаадын шийдвэрийг цайзын ханан дээр сийлэн үлдээсэн бичээс зэрэг Монгол Улс, монголчуудад хамаатай дурсгал Туркт олноор байдаг ажээ. Эдгээр түүхэн өв соёл болон хоёр орны эрт үеэс эдүгээг хүртэлх ах дүү ёсны найрсаг харилцааны сэдвийг маркт багтаан дүрслэх нь зүйтэй гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяраар зонхилон тохиолдох дараах эрсдлээс сэргийлээрэй

Уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчин, хоол болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт зэрэг зонхилон тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээв.

АЛБАН БИЧИГТ:

Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулан, хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүйд хүрч байна. Төрийн эрх барих дээд байгууллага ийм үр дүнтэй ажиллаж байгаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, гол шалтгаан болохоос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн …сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг тус тус зөрчих нөхцөлд хүрнэ. Ийм нөхцөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь хаах боломжгүй бөгөөд чуулганы хугацааг зайлшгүй сунгаж, шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох зэрэг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага маань баталсан хууль, тогтоомжоо үлгэрлэн хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллах ёстой. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 69 дүгээр тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, зохих түвшинд нь хэрэгжүүлэх шаардлагатай юм. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх нь Улсын Их Хурлын даргын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, 2018 оны тавдугаар сараас иргэдийн орон байранд нийт 36 удаагийн үйлдлээр нэвтэрч, эд зүйл хулгайлсан бүлэг этгээдүүдийг саатуулан шалгаж байна. Эрүүгийн хуульд Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. Мөн Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол 6 сар-1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6сар-1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. Аймгийн Цагдаагийн газраас нийт иргэдийг хулгайлагдсан байж болзошгүй эд зүйлийг сэжиг бүхий этгээдээс худалдаж авахгүй байх, хулгайн эд зүйл байж болзошгүй сэжигтэй эд зүйл байвал тухай бүр нь Цагдаагийн газрын 7044102 дугаарын утсанд мэдэгдэхийг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нүдний шилээ цантуулахгүй байх арга

Өвлийн улиралд нүдний шил зүүдэг хүмүүст бэрхшээл тулгардаг. Тэр бол нүдний шилний цанталт билээ. Шил цантахаар байн байн аваад арчаад байхад төвөгтэй санагддаг л биз дээ. Тэгвэл дараах бичлэгээс нүдний шилээ хэрхэн цантуулахгүй байх аргыг мэдээд аварай.

Categories
мэдээ нийгэм

Сар шинээс өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгоно

Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авдаг байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу ирэх сарын 01-нээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх юм. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна. Нийгмийн даатгалын байгууллага нь сар шинээс өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Чех улс сайн дураараа нутаг буцсан иргэнд 40-100 мянган крон өгнө

Чех улсын зүгээс хууль бус амьдарч байгаа гадаадын иргэдийг сайн дураар нутаг буцвал нэг хүнд 40.000-100.000 крон өгөхөө зарлаад байна. Тус улс Европын холбооны тусламжтайгаар “”Nбvraty” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 1500-4000 евро болж байгаа юм.
Уг хөтөлбөр энэ оны дөрөвдүгээр сард эхэлж, цагаачид 2019 оны гуравдугаар улирлаас эх нутгаа зорино хэмээн тооцоолжээ.