Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний таван жилийн үзүүлэлт

Улсын гуравдугаар төв эмнэлэг тархины харвалт, зүрхний шигдээсийн цогц лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд 4158 хүнд тархины харвалтын, 7055 хүнд зүрхний шигдээсийн, 4435 хүнд зүрх, тархины судсан дотуурхи мэс заслын, 48 хүнд бүлэн хайлуулах эмчилгээ, 10414 хүнд зүрх, тархины судсан дотуурхи оношилгоо, 9990 хүнд тархи, зүрхний компьютер томографийн шинжилгээ, давхардсан тоогоор 8375 хүнд харвалт шигдээсийн эрт үеийн сэргээн засах тусламжийг тус тус үзүүлээд байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ: Хууль ёсоор сонгогдоогүй ерөнхийлөгчийг аль ч улс хүлээн зөвшөөрөх ёсгүй

Венеусэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө тус улсын Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж, өөрчлөлтөд бэлэн байхыг ард түмэндээ уриалаад буй юм. Уг дуулиант мэдэгдлийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг тус улсын албан ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тэгвэл “Трампын цагаа олоогүй мэдэгдэл Венеусэлийг хоёр хувааж, хямрал руу түлхэж байна” гэж ОХУ-ын эрх баригчид үзэж, АНУ-ыг Венеусэлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Хууль ёсоор сонгогдоогүй нэгнийг Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөх эрх аль ч улсад байх ёсгүй. АНУ-ын Ерөнхийлөгчийн үйлдэл хууль бус. Тиймээс нэн даруй улсын дотоод асуудалд хошуу дүрэхгүй, байдлыг бусдын адил хөндлөнгөөс ажиглахыг уриалж байна. ОХУ уг анхааруулгыг зөвхөн АНУ бус дэлхийн бусад анхааруулж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лаврод уламжлав.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт согтуугаар жолоо барьсан 140 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ

Энэ 7 хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1062 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 805 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 25 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд бөгөөд бүгд явган хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Мөн зам тээврийн ослын 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 нь мөргөлдөх хэлбэрээр, 3 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна. Эдгээр ослын 8 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ.Цагдаагийн байгууллагаас гудамж, замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 140 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 21 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал: ХУД-ийн нутаг Уулын замд Landrover маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 51 настай Ж, 5 настай Э, 3 настай М нарыг мөргөж гэмтээсэн. ХУД-ийн нутаг Буянт-Ухаа 2 хорооллын замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 17 настай У-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврүүд осол бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна. “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж буй хяналт шалгалтын үр дүнд орон нутгийн замд ноцтой осол, хэрэг бүртгэгдээгүй бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан 47 хүн, эд зүйлийг олж тогтоон, 13 гэмт хэргийг илрүүлэн ажиллалаа. Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 38 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
мэдээ нийгэм

Хяналт, шалгалтад 78 обьектыг хамруулж, 739 зөрчил илрүүлэв

Сар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж идээний дээдийг өргөж, зул хүжээ бадамлуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 01-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд, шашны 78 байгууллагыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт зөрчсөн 739 зөрчил илрүүлэн 192 зөрчил буюу 25.9 хувийг газар дээр нь арилгуулан ажилласан байна. Түүнчлэн бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг хүргүүллээ.

Мөн энэ хугацаанд дээрх байгууллагуудын 1160 гаруй хүнд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, галын аюулгүй байдлыг хангах, хариуцлагатай жижүүрийг томилгоожуулж, хяналт тавьж ажиллахыг анхааруулж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байгаа юм.

Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 402 удаагийн тохиолдлын улмаас 8 хүн амь насаа алджээ.

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэх,

Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулж, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Авто зам ашигласны төлбөрийг онлайнаар хийдэг боллоо

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд орчин үеийн шийдэл бүхий онлайн “GEREGE” системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруунтуруу болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид Монгол орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаараа онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй боллоо.

Замын хураамжаа дараах 2 аргаар онлайнаар төлөх боломжтой.

1. Гэрэгэ аппликейшн татаад зааврын дагуу бүртгүүлнэ. Гэрэгэ дансаа цэнэглээд Замын хураамж тэмдэг дээр дарна. Төлбөр авах цэгээ сонгоод өөрийн машины дугаарыг оруулан машины төрөлд тохирсон төлбөрийн төлнө. Ингэхэд тухайн Төлбөр авах цэг дээрх ажилтанд таны машины дугаар бүхий “Төлбөр төлсөн” хэмээх мэдээлэл очно.

2. Төлбөр авах цэг дээр QR код байршсан байна. Та Гэрэгэ аппликейшн татаж бүртгүүлээд “Унших” гэсэн цэс рүү нэвтэрч тухайн QR кодыг уншуулаад, өөрийн машины төрөлд тохирсон хураамжийг төлнө.

Categories
мэдээ нийгэм

“Хүндэтгэлийн өргөө”-тэй боллоо

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үе, үеийн удирдлага, алба хаагчдын үйл гавьяаг мөнхжүүлэх зорилгоор “Хүндэтгэлийн өргөө”-тэй боллоо.

Тус хүндэтгэлийн өргөөнд Онцгой байдлын газрын онцлог, түүхэн замнал, аврах үйл ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл болоод алба хаагчдын гар урлал, бүтээлийн дээжсийг дэлгээд байна.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын онцлог, түүхэн замналыг хойч үедээ өвлүүлэх, ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга М.Энх-Амгаланд агаарын бохирдолтой холбоотой төсвийг үр дүнгүй зарцуулсан асуудлыг шалгуулахаар хандав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулж өгөв.

ЭНЭ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

“Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр олон зуун тэрбум төгрөгийг улсын төсөв болон гадаадын хандив тусламжийн хүрээнд зарцуулсан. Утаагүй зуух, түлш зэрэг аар, саархан зүйлд олон зуун тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөдөр агаарын бохирдол нэмэгдсээр байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын мөнгийг үрэн таран хийсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гээд тодорхой тоо, баримтуудыг дурдан өгч байгаа юм.

Жишээ нь, 2008 оноос улсын төсвийн урсгал зардлаас 97,7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байна. ТЭЦ-2 дээр гэхэд 18 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулсан мөртлөө 1 кг ч түлш гаргасангүй. Ерөнхийлөгч энэ асуудлыг хоёр жилийн өмнө ч ярьж байсан”

гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандсан албан бичгийг гардуулж өгөв.

МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН:

“Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлж буй албан бичгийг хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажил, үүргээ хүлээн аваад надтай анх удаа уулзахдаа утааны асуудлыг ярьж байсан. Үүний дагуу тодорхой шалгалт явуулж, 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн АТГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг энэ хэргийг шалгаж байгаа. Шалгалтын ажил удаашралтай явагдаж байгаа. 2008-2017 оны хооронд бидний авсан мэдээллээр улсын төсвөөс 129.4 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 30 тэрбум төгрөг, олон улсын байгууллагаас 100 гаруй сая ам.доллар авч зарцуулсан байдаг юм байна. Үнэхээр та, бидний мэдэж байгаачлан Улаанбаатар хотын агаарын бохирдол сайжрахгүй байгаа. Хуулийн байгууллага анхаарал хандуулан ажиллах болно.

Агаарын бохирдлыг бууруулах ажил 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж, нилээдгүй мөнгө зарцуулсан тул энэ бүхнийг нэг бүрчлэн шалгахад хугацаа орж байна” гэсэн юм.


“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчин, нийслэл болон аймгийн төвүүдэд оршин суугаа нийт иргэдийг хордуулж, амь нас, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулж байгаа агаарын бохирдол, хорт утааны асуудалтай Монгол Улс 10 гаруй жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гарсан төрийн оновчтой, зөв бодлого, шийдвэрүүд ашиг хонжоо хайгчдын олз болсон үр ашиг муутай утаагүй зуух, түлш мэтийн аар саархан шийдвэрүүдэд дарагдан, гацсаар өнөөдрийг хүрлээ. Тухайлбал Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөрийг онцлон нэрлэж болно.

Энэ хөтөлбөрт эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг хангах, хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулах, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулах, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх үндэслэл, шаардлагын хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн болон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот хөдөөгийн хөгжил ба үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг сааруулах зэрэг чиглэлийн олон чухал зорилт, арга хэмжээг тусгасан боловч бүрэн хэрэгжүүлж чадалгүй өнөөг хүрээд байна.

Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сард 03/03 дугаар зөвлөмжийг, Монгол Улсын Их Хурлын агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос 2016, 2017 он тус бүрт 01 дүгээр тогтоолыг, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 01 дүгээр сард “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг, Монгол Улсын Засгийн газраас “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг тус тус гаргасан. Гэвч үр дүн хангалтгүй, нөхцөл байдал аюултай хэвээрээ байна.

Тэмцэх тусам, хөрөнгө мөнгө зарцуулах тусам улам дордож, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдол энэ хэвээр цааш үргэлжлэх тохиолдолд 2024 он хүртэлх хугацаанд цаг бусаар нас барагчдын тоо 5,200-14,000-д хүрнэ гэдгийг эрдэмтэн судлаачид сануулж, утааны хор хөнөөлийн талаарх судалгаа, дүгнэлтүүдээ нийтэд дэлгэн, анхааруулсаар байна.

Манай улс 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97,7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан бол 2017, 2018, 2019 онд мөн чамгүй хэмжээний хөрөнгө, мөнгө төсөвлөжээ.

Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниудын хүрээнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах”, 269 дүгээр зүйлд заасан “Хээл хахууль өгөх”, 270 дугаар зүйлд заасан “Хээл хахуульд зуучлах”, 272 дугаар зүйлд заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах”, 273 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг, түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах”, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх”, 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдэгдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011-2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна.

Тухайлбал:

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Цэвэр агаар сан болон улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сайжруулсан /утаагүй гэх/ зуух бэлтгэн, худалдан нийлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд нийт175,618 ширхэг зуухыг нийслэлийнгэр хорооллын нийт өрхийн 97.6%-д тараасан гэж зохих тайлангуудад дурдагдаж, олон нийтэд мэдээлэгдсэн. Гэвч энэ арга хэмжээ ямар ч үр дүнгүй байсан нь агаарын бохирдол буураагүй төдийгүй нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрсэн өнөөдрийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Түүнчлэн энэ арга хэмжээний хүрээнд маш олон хууль бус үйл ажиллагаа явагдсан гэдгийг Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдагдсан дараах баримт, мэдээллүүд нотолж байгаа юм. Үүнд:

-Сайжруулсан зуухыг Турк, Хятад Улсад үйлдвэрлэсэн болон өөрсдийн зохион бүтээсэн зуухыг лабораторийн шинжилгээгээр оруулан туршилт хийж, нийлүүлэгдэх зуухыг сонгон, дүүрэг, хороодоос гаргаж ирүүлсэн судалгааг үндэслэн тодорхой үнийн дүнгийн хөнгөлөлт үзүүлэн айл өрхүүдэд худалдан нийлүүлсэн гэх боловч баримтаар нотлогдохгүй;

-Сайжруулсан зуухны нийт нийлүүлэгдсэн тоо хэмжээ нь 27,680 ширхгээр зөрсөн буюу холбогдох тайлан мэдээлэлд өөр өөрөөр зөрүүтэй тусгагдсан;

-Сайжруулсан зуухны утааны бохирдлын хэмжээг харгалзан гэрээнд оролцогч талууд зуухны борлуулах үнийг тогтоосон гэх боловч аудитын явцад тодорхой баримтаар нотлогдоогүй;

-“Зуух хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд тараасан зууханд лабораторийн туршилт хийгдсэн талаарх мэдээлэл байхгүй;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргасан мэдээгээр нийслэлийн төсвөөс 2010-2011 онд 640 ширхэг сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлсэн гэх боловч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын мэдээлэлд энэ нь дурдагдаагүй, тодруулга, тайлбар өгч чадаагүй;

-Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд 111.7 мянган сайжруулсан зуух бүртгэгдсэн байх бөгөөд энэ нь аудитаар тогтоогдсон дүнгээс 65.2 мянган зуухаар зөрүүтэй, зуухны тараалт, ашиглалтад хяналт тавиагүй гэх мэт.

  1. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан түлшбэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд явагдсан хууль бус үйл ажиллагаа Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдагдсан дараах баримт, мэдээллээр нотлогдож байна. Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаар сан нь үйлдвэрлэлийн хүчин чадал, өмнө нь үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, ажлын туршлага зэргийг харгалзахгүйгээр нэр бүхий 14 компанитай түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан;

-Тухайн нэр бүхий 14 компани гэрээний үүргээ биелүүлээгүй;

-Гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын гэрээг дүгнэж, хариуцлага тооцоогүй;

-“ДЦС-2” ТӨҮГ-ыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас 2010 онд сонгон шалгаруулалт зарлаж, “Аморе интернэшнл” ХХК, ОХУ-ын “Сибтермо” ХХК-ийн түншлэлийг сонгон, 2010.07.14-2012.09.30-ны өдөр хүртэл хугацаанд 16.8 тэрбум төгрөгөөр “Түлхүүр гардуулах нөхцөл”-өөр гэрээ байгуулж, 14.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон, үйлдвэрийн технологиос шалтгаалан уг төслийн ажил зогсож, хэрэгжих бололцоогүй болсон;

-“Тара” ХХК 680 тонн үртсэн шахмал түлш 102.0 сая төгрөгөөр нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, 141.5 тонн түлш дутуу нийлүүлсэн байхад гэрээний үнийн дүнгээс 1.342.8 сая төгрөгөөр илүү буюу 1.444.8 сая төгрөг шилжүүлсэн г.м.

3.Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн монгол гэрийн дулаалгыг сайжруулснаар түлш бага зарцуулж, улмаар агаарын бохирдлыг бууруулна гэж үзэж 16 нийлүүлэгч компанитай нийт 3,0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрийн дулаалгын иж бүрдэл ханган нийлүүлэх гэрээг байгуулсан. Түүнчлэн Мянганы сорилтын сан, “Цэвэр агаар төсөл”, “Цэвэр агаар сан”-ийн санхүүжилтээр нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийт 19.850 гэрийн дулаалга борлуулсан гэх боловч энэ тоо хэмжээ нь аудитын явцад ирүүлсэн мэдээлэлтэй тулгахад 11,518 ширхэгээр дутаж, зөрсөн.

  1. Агаарын бохирдлын 10 орчим хувийг эзэлж байгаа авто тээврийн хэрэгслийн утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн их багтаамжтай 400 гаруй автобусыг дизель-хийн хосолмол хэрэглээнд шилжүүлэхээр 3.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан боловч 150 автобусанд төхөөрөмж суурилуулаагүй, тухайн ажил бүрэн хийгдэж дуусалгүй орхигдсон.

Энэ мэтээр Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011-2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтад дүн шинжилгээ хийж хууль бус үйл ажиллагаа, зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг дурдвал тоймгүй олон байх бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бодлого, төсөл арга хэмжээний хүрээнд явагдсан сонгон шалгаруулалт, бүтээгдэхүүний туршилт ба шаардлага хангасан байдал, нийлүүлсэн тоо хэмжээний болон бараа, ажил, үйлчилгээний үнэ ханшийн бодит байдал, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан эсэх зэрэг асуудлуудын хүрээнд хэрэг үүсгэн шалгах шаардлагатай, анхаарал татсан олон асуудал байна.

Үүнийг тодруулбал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжсэн “Сайжруулсан зуухны нийлүүлэлт, ашиглалтын, сайжруулсан түлшний нийлүүлэлтийн, гэрийн дулаалгын, цахилгааны үнийн хөнгөлөлтийн, нам даралтын зуух болон эрчим хүчний цахилгаан станцуудад авсан арга хэмжээний, авто тээврийн хэрэгслийн утааны ялгаруулалтыг бууруулахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний, гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийн” хүрээн дэх төсөл, арга хэмжээнүүд нь “тооцоо судалгааг иж бүрэн хийгээгүй, зураг төсөв батлагдаагүй, мэргэжлийн байгууллагаас техникийн болон тусгай зөвшөөрөл аваагүй, хамрах хүрээ, зорилтыг оновчтой тогтоогоогүй, хугацаандаа хэрэгжүүлэх боломжгүй, төсөв санхүүгийн эрсдэл дагуулсан, арга хэмжээний давхардал үүсгэсэн, эрх зүйн хэм хэмжээний холбогдох заалтыг баримтлаагүй буюу төлөвлөлтийн шаардлага хангаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг хангаагүй байхад зарим төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулсан” зэрэг хууль зүйн зөрчилтэй, илэрхий олон асуудал дагуулсан байгаа нь Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлангаар тогтоогдож байгаа юм.

Шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн зорилгыг “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах” гэж, Прокурорын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Прокурорын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн” гэж тус тус тодорхойлсон.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг мөрдөгч, прокурор хүлээн авч шалгах үүрэг”-тэй байхаар хуульчилсан байдаг.

Иймд Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэхүү асуудалд онцгой анхаарч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдээд байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээг нэн даруй авна уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлэн мөнгө авсан автобусны жолоочийг торгожээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй их болон дунд багтаамжийн автобусны жолооч, үйлчлүүлж буй зорчигчдод тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр III ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга, шалгагч нар энэ сарын 24-нөөс эхлэн зорчигчдын хөлс төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж байна. Одоогийн байдлаар зургаан чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон-4, зорчих хөлс төлөөгүй-22, хүүхдийн картаар зорчсон-4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-4, зэрэг нийт 35 зөрчил илэрчээ. Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10 000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25 000 төгрөгөөр торгожээ.

Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар

Categories
мэдээ нийгэм

Ц.Батсайхан “Морин спорт, уяачдын холбоо”-ны тэргүүнээр сонгогджээ

Монголын морин спорт, уяачдын холбооны ээлжит VII их хурал “Эв нэгдэл-хамтын шийдэл” уриан дор болж шинэ ерөнхийлөгчөөр Ц. Батсайханыг сонгожээ. Тус холбооны ерөнхийлөгчөөр одоогийн УИХ-ын дарга М.Энхболд ажиллаж байгаад өнгөрсөн оны гуравдугаар сард ажлаа өгсөн байсан юм. Ц.Батсайхан нь Монгол Улсын тод манлай уяач бөгөөд авто спортын мастер, одоогоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлын албыг хашдаг байна.