Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)-ны 7 дугаар их хурал энэ сарын 24-ний өдөр болох гэж байна. Эгнээндээ хамгийн олон гишүүнчлэлтэй, монголчуудын анхаарлын төвд байдаг тус холбооны их хурал урьд нь хэдэнтээ товлогдсон ч хойшилсоор сар шинийн босгон дээр ийнхүү болохоор болжээ. Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаантай холбоотой маргааны гол сэдэв нь эрлийз, монголоор нь морьдоо ялгаж уралдуулна, уралдуулахгүй гэсэн зөрчил. Их хурлаараа энэ бүх маргааныг нэг мөр шийдэх зорилт тавьжээ. Бүтэц зохион байгуулалтдаа ч өөрчлөлт оруулах бололтой. Ингээд их хурлын бэлтгэл ажилд голлох үүрэгтэй оролцож буй “Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн”-ийн тэргүүн М.Ариунболдтой ярилцлаа.
-Монголын олон мянган уяачдын төлөөлөл Их хурлаа хийх гэж байгаа юм байна. Таны хувьд энэ их хурлаар ямар асуудлуудыг шийдээсэй гэж бодож байна. Ер нь ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Энэ их хурлаас Монголын олон мянган уяачид маш олон өөрчлөлт шинэчлэлтийг хүсч харж байгаа. ММСУХ-ны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх ёстой, мөрдөгдөж буй хууль дүрэмд өөрчлөлт оруулах саналаа гаргаж тавина. Энэ асуудал дээр манай Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн (МУУШХ)-ийнхөн бусад хүмүүстэй хамтраад “Монголын хурдан морины уралдааны дүрэм, ММСУХ-ны дүрэм, салбар хороодын дүрэм, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэсэн үндсэн дөрвөн хууль зүйн бичиг баримт дээр нухацтай ажиллаж байна.
Уяачдын холбоо бүх талаараа шинэчлэгдэх ёстой гэсэн байр сууринд тулгуурлаж, зөвхөн монгол адуугаараа уралдах нь зүйтэй гэдгийг хууль эрх зүй, дүрмийн хүрээнд баталгаажуулахыг зорьж байгаа. Энэ бүгд дэмжигдэж батлагдах нь их хурлын төлөөлөгчдийн шийдэх асуудал. Монгол адуугаа дэмжих нь зүйтэй, үндэсний өв соёл, уламжлалаа хадгалах нь зүйтэйг олон нийтэд хүргэх нь бидний бас нэг үндсэн ажил болчихоод байна. Тэгэхгүй бол хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй зарим хүмүүс, тэдний төлөөллүүд нийгэмд нэг талын буруу ойлголт өгөөд байна шүү дээ.
-Таны тэргүүлж байгаа энэ хөдөлгөөн хэзээ байгуулагдсан, ямар зорилго чиглэлтэй газар вэ?
-“Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн” нь монгол адууны төлөө , монгол соёлын өв уламжлалын төлөө үйл ажиллагаагаа явуулах зорилго чиглэлтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан юм.
-Хөдөлгөөнийг чинь монгол наадамд зөвхөн монгол адуугаараа уралдана гэдгийг хамгийн эхний зорилго болгосон уяачдын нэгдэл гэж ойлгож болох уу?
-Ер нь товч тодорхой л хариулъя. Тус хөдөлгөөн нь өнөөдрийн ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаатай санал нийлэхгүй байгаа гэж ойлгож болно. Монгол адуу монгол наадмын үнэт зүйл гэдгийг л хэлэх байна.
-ММСУХ нь монгол адууны төлөө, Монголын уяачдын төлөө ажиллаж чадахгүй байгаа юм байна, эрлийз адууг монгол адуутай уралдуулах үйл ажиллагаанд анхаарал бага хандуулж иржээ гэж ойлгох уу?
-Өнгөрсөн оны хавар “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаан зохион байгуулагдсан. Засгийн газрын тогтоолгүй, цагдаа хүчний хамгаалалтгүй, зохион байгуулалт муу байсны улмаас “Шөнөжингарав уралдаан” гэж хэлэгдэхэд хүрсэн. Тус уралдаан дээр эрлийз, монголоор нь ялгах асуудал удааширч цаг их алдсан. Энэ нь эрлийз адууг монгол адуутай уралдуулсан хэсэг бүлэг хүмүүсийн жудаггүй үйлдлээс эхтэй. Ер нь ганц энэ удаагийн Дүнжингаравын уралдаан ч бус ерөөсөө Монгол орон даяар болж буй их бага бүх уралдаан дээрх маргаан энэ асуудлаас үүддэг болсоор удлаа. Үүнийг л хууль дүрмийн хүрээнд, уламжлалаа хадгалсан, өв соёлоо дээдэлсэн тийм үндэсний хурдан морины уралдаан байх чиглэлд үйл ажиллагаагаа явуулахаар манай хөдөлгөөн үүсгэн байгуулагдсан. Манай хөдөлгөөн байгуулагдсаны дараахан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Гантулга нарын хүмүүс Үндэсний баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр бол баяр наадамд уралдах морьдыг үүлдэрлэг байдлыг харгалзахгүйгээр зөвхөн өндрөөр нь хэмжиж уралдуулах саналыг оруулсан байсан. Энэ нь цэвэр монгол адуутай эрлийз адууг хамт уралдуулахыг албан ёсоор хуульчлах гэсэн санаархал. Энэ хуулийг батлуулахгүйн тулд манай хөдөлгөөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, холбогдох байгууллага, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга бусад хүмүүс рүү Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа тухай баримт, хүсэлт тавьсан. Улмаар 2018 оны Үндэсний баяр наадмын зохион байгуулах комиссынхонд санамж өгч Улсын баяр наадмаар хурдан морийг гарааны зүг гарахын өмнө эрлийз, монголоор нь ялгах үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдаг болгох санал хүргүүлсэн юм. Бидний саналыг хүлээн авч анх удаагаа шууд дамжуулсан шүү дээ. Өмнө нь энэ бүх процесс хаалттай, хэний ямар эрлийз морь нь мордож, ямар эрх мэдэлтэн, албан тушаалтан түүнд нь нөлөөлж байгаа нь нүднээс далд болдог байлаа. Ялгах явц ил тод болоод ирэхээр эрлийз морио ил цагаан мордуулах нь багассан. Гэхдээ манай байгууллагын зүгээс морь ялгалтын комисст төлөөллөө оруулахыг хүссэн ч хүлээж аваагүй.
-Өнгөрсөн жилийн улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар комисс тэгээд санаанд хүртэл ялгаж чадсан уу?
-Зохион байгуулах хорооноос зөвхөн монгол адуу уралдана гэсэн мэдээлэл гаргасан. Гэвч санасанд хүрээгүй. Манай хөдөлгөөнөөс улсын баяр наадмын хурдан морьдын салбар хороон дээр жагсаал хийсэн. Хүй долоо худагт жагсаал хийсэн анхны тохиолдол энэ байх. Улсын баяр наадам гэдэг нүүдэлчин ард түмний урин цагт нэг цуглаж, налгар өдрүүдэд сэтгэлийн их цэнгэл эдэлдэг, ойрд уулзаагүй ах дүү, хамаатан садан, ураг удмынхантайгаа уулздаг баяр. Энэ маань утгаа алдаж ач холбогдол нь буурсныг наад захын жишээгээр хэлж болно.
-Тэгээд ямар жишээ баримт байна?
-Жишээ нь, сүүлийн үеийн улсын наадамд уралдаж буй адууны тоог хэлж болно. Миний хувьд хувьд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын гаралтай хүн. Бага балчир насандаа хөдөө хурдан морь унаж өссөн. Одоо ч морио уяад явж байгаа залуу уяачдын төлөөлөл. Тухайлбал, 1993 оны Улсын наадмаар азаргаа унаад гарааны зурхай руу хөдлөхөд 750 гаруй азарга мордож байлаа. Тухайн үед ямар олон морь уралдаж байна вэ гэж хэн ч гайхаж байгаагүй. Хэвийн л үзэгдэл байсан. Өнөөдөр Улсын их баяр наадамд уралдах азарганы тоо 200-д л арай гэж хүрч байна. Бага насны адуу 300 хүрч байна уу, үгүй юу. Талыг нь хасаад хаячихна. Танил тал, эрх мэдэлгүй нэгний эрлийзийг бол хасчихаж байгаа юм. Харин томчууд бол өөрсдийнхөө эрлийз хурлийз адууг монгол морьдтой мордуулчихаж байгаа байхгүй юу. Ингэхээр жирийн сайхан монгол уяачид маань гомдож, наадамд морио уяж ирэхээ больж байна шүү дээ.
-Тэдгээр томчууд чинь аливаа уралдааны гол ивээн тэтгэгчид байдаг болохоор яах аргагүй давуу эрхтэй болчихдог юм биш үү?
-Наана чинь буруу асуудал бий. Бүсийн том наадмуудад санхүүжилт байдаггүй. Үүнээс шалтгаалж томоохон бизнесмэнүүд хандив өгөөд эрлийз адуугаа монгол адуутай уралдуулчихдаг шударга бус тогтолцоо бий болчихсон. Ганц бүсийн наадамд ч биш л дээ. Сум, орон нутаг, овоо тахилганы жижиг наадамд хүртэл хэвийн үзэгдэл болчихлоо. Хамгийн эмгэнэлтэй нь их бага ямар ч уралдаан хэрүүл зодоонгүй байхаа больчихсон байна. Тэгж байгаад биенийхээ аминд хүрвэл яана.
-Гэхдээ аливаа малыг чанаржуулах, цусыг холтгох, тэр бүү хэл гаднаас шилмэлийг авчирч шинэ үүлдэр омог хүртэл бий болгодог практик бий. Адуунд тийм үржлийн ажил явагдаж байна гэж харж болохгүй юу?
-Шинжлэх ухаанч хандлага, судалгаа, бодлогоор л үүнийг хийдэг. Монголын хурдан адуунд бол тийм юм байхгүй. Ямар ч судалгаа, паспортгүй орж ирж байгаа адуугаар зарим уяачид адуугаа эрлийзжүүлсэн нь монгол адууны үндсэн генийг устгах аюулд хүргэлээ. Нэг зуднаар, тэр байтугай нэг шуурганаар бүх адуу нь үхэх эрсдэлтэй байна. Энэ нь эрлийзжүүлснээр монгол адууны чанар муудаад байна л гэсэн үг. Монгол адууны генийн санг хадгалах, хамгаалах, тэсвэр тэвчээртэй монгол адуугаа авч үлдэнэ гэдэг үнэндээ хамгийн чухал асуудал болсон. Улсын наадамд монгол адуугаар наадаад эхэлбэл ядаж хөдөө орон нутгаас наадмаа зорих уяачдын тоо нэмэгдэнэ. Монгол адууны үнэ цэнэ бас нэмэгдэнэ. Энэ нь мал аж ахуйн салбар дахь том эдийн засгийн эргэлт. Мундаг эрдэмтэй уяачид олон бий. Энэ асуудал дээр улсаас анхаарч дорвитой шийдвэр гаргахгүй бол сүүлийн 10 орчим жилийн хугацаанд үндэсний энэ их өв соёлын утга учир алдагдлаа. Уг нь бол Монголын хурдан адууны энэ их өвийг хадгалж, цаашид улам төгөлдөржүүлэн авч явах ёстой гол байгууллага ММСУХ юм. Монгол орны бүх сум сууринд гишүүнчлэлтэй, салбартай байгууллага. Гэтэл ММСУХ энэ үндсэн ажлаа хийхгүй, дээр нь бүр монгол морио эрлийзүүдээс ялгаж уралдуулах ажлаа ч хийхгүй, хий дэмий яриа болгоод өнгөрдөг болсон. Мөнгө төгрөгтэй хүмүүсийн эрлийзүүдийг монгол морьтой уралдуулснаас шалтгаалж холбооны нэр хүнд, цаашдын баримталж буй бодлого алдагдчихсан. Хэдэн бизнесмэнүүд уяачдын холбооны тэргүүлэгчдээр сонгогдсоноор үндсэний уламжлалаа хадгалсан бодлого чиглэлгүй болчихлоо. Хэнд ч илэрхий харагдаж байгаа зүйл бол тус холбооны бодлого нь эрлийз адууг уралдуулахад чиглээд байгаа юм. Ингэхээр уламжлалт монгол адуу үгүйсгэгдээд эхэлж байна. Тэр үгүйсгэгдэж байгаа хэсгийн ард Монголын нийт уяачдын 90 хувь нь хохирч байгаа юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор хөдөө орон нутаг, сумдаар зөвлөгөөн хийж саналыг нь авлаа. Нийт уяачдын 90 хувь нь монгол адуугаар уралдах ёстой гэсэн байр суурин дээр хатуу байна. Эндээс харахад өнөөдрийн ММСУХ нь нийт уяачдынхаа эрх ашгийг хамгаалахаа больсон, бүр төлөөлөх чадамжгүй болжээ.
-Их хурлаар хэлэлцүүлэх Улсын баяр наадмын тухай хуульд нэмэлтээр оруулах шинэчилсэн төсөл, дүрмийн гол зүйл заалт, үнэ цэнийн талаар яриач?
-Шинэчлэлийн талаар тодорхой хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, ММСУХ гэх ТББ-ын дүрэм байна. Энэ дүрэмд үндэсний их өв соёл, уламжлалаа хойч үедээ хадгалж үлдээх, өвлүүлэх гэдэг үгийг тусгайлан оруулж байгаа. Энэ талаар ММСУХ-оо сургалт судалгаа хийдэг, нийгэмд үйлчилдэг байгууллага болж байгаа. Гишүүддээ бус нийгэмд үйлчлэх нь байна шүү дээ. Өөрөөр хэлбэл зорилго зорилтоо шинэчилж байгаа. Энэ нь анхнаасаа байсан ч өөрчилж, шинэчлээд боловсронгуй болгож байна. Хоёрдугаарт, нь морийг ялгахдаа өндрөөр нь, бас үүлдэрлэг байдлаар ялгах журам гаргасан ч хэрэгждэггүй. Зөвхөн өндрөөр нь ялгаад байна. Зарчмын хувьд өндрөөр нь ч, бас үүлдэрлэг байдлаар нь ч ялгадаг журмыг улам сайн боловсруулахыг санал болгож байгаа. Амьтан дээр зөвхөн өндөр намын стандарт тогтооно гэдэг биологийн шинжлэх ухааны үүднээсээ байж боломгүй үзэгдэл юм байна. Тухайн амьтан өсч торнихдоо тухайн цаг үеийнхээ байгаль цаг уурын шинж төлөв, байгальтайгаа харьцах харьцаа, генийн удамшлаасаа давхар хамаардаг. Гэтэл амьтанг яг 141 см өндөртэй байх ёстой гээд хуульчлаад, Стандарт хэмжил зүйн газраас өндрийн ийм стандарт яс тас тогтоох ойлголт байж болохгүй нь. Тиймээс хурдан морийг зөвхөн өндрөөр нь ялгах асуудлыг ор тас орхиж байгаа. Зөвхөн үүлдэрлэг байдлыг харна.
-Үүлдэрлэг байдал нь тэгээд төгс шийдэл мөн үү?
-Яг ийм адууг монгол адуу гэнэ гэж тогтоосон тодорхойлолт байхгүй гэдэг яриа гараад байгаа юм. Уул нь 2010 онд “Монгол үүлдрийн адууны ерөнхий шаардлага” гээд стандарт хэмжил зүйн газраас баталсан стандарт бий. Энэ стандартыг уяачдын ихэнх нь мэдэхгүй байна. Тус стандартад монгол адууны ашиг шим, ерөнхий шаардлагыг дурдаад өгчихсөн байгаа. Үүний дараа 2014 онд хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага гэсэн өөр нэг стандарт баталсан. Одоо бол сүүлийн дурдсан шаардлагын дагуу өндрөөр нь ялгаад байна. Гэтэл 2010 онд батлагдсан Монгол адууны стандартын дагуу үүлдэрлэг байдлыг харж ялгаад уралдуулахад болохгүй юм байхгүй. Ер нь бол Малын генетик нөөцийн тухай хууль гэж батлагдаж 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжсэн. Энэ хуулийн хүрээнд улсын хэмжээнд байгаа бүх малыг бүртгэлжүүлж, удмын генийн сан үүсгэх ёстой юм. Тэгэхээр Монгол Улс бүх малынхаа удмын сангийн дата баазтай болно. Ингэхлээр монгол адууны удмын сангийн дата бааз гэдэг зүйл хуулийн хүрээнд төрийн байгууллага дээр үүсч бий болох нь тодорхой. Хуулийн хэрэгжилтээр маргаангүй эрлийз, монголоор нь бодитой ялгах хүртэл бидэнд нэгээс хоёр жилийн хугацаа байна. Энэ хууль хэрэгжээд дата бааз үүсч, лаборатори байгуулагдаад явж байгаа юм билээ. Орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, гадны орны туршлагатай хослуулаад уралдаж байгаа бүх морио цусаар нь дамжуулаад генийн түвшинд ялгах, бүртгэлжүүлэх ажлыг Монгол Улс хийх нөхцөл нь бүрдсэн. Энэ нь цаг хугацааны асуудал. Тэгэхээр тэр хүртэлх ойрын хоёр жилдээ үүлдэрлэг байдлаар нь ялгаад уралдуулъя. Дараагийн шатанд нь бүртгэлжүүлж, паспортжуулаад генээр нь ялгаж монгол адуугаа уралдуулъя гэдэг дүрмийн зохицуулалтыг боловсруулж оруулж өгсөн байгаа.
-Та уяачдын хариуцлагын тухай ямар бодолтой байна. Бас нэг чухал асуудлыг нэг мөн биз дээ?
-Мэдээж дараагийн яригдах гол асуудал нь хариуцлага. Хариуцлагын асуудал дээр ММСУХ-оо хажуудаа сахилгын зөвлөлийн бүтцийг бий болгож байгаа. Бүх салбар хороод хажуудаа сахилгын зөвлөлтэй байна. Уралдааны дүрэм зөрчсөн, гомдол саналыг хүлээж авч шийдэж хариуцлага тооцдог. Хариуцлагын төрөл хуулинд гурван төрөл зүйл байсныг нэмэгдүүлж зургаан төрөл болгож өөрчилсөн. Нэлээн чангатгаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хариуцлага тооцоогүй. Хуулиндаа хурдан морины салбар хороонд хариуцлага тооцох эрх зүйн акт байхгүй. Хурдан морины салбар хороо гурван өдрийн наадмыг зохион байгуулаад татан буугдаад төв комисст үйл ажиллагаа нь шилжээд явчихдаг. Тэгэхлээр хариуцлага хүлээх субьект байнгын ажиллагаагүй. Гомдол гаргаад шийдвэрлүүлэх боломжгүй. Хуулийн зохицуулалтгүй, бодит амьдралд хэрэгжих бололцоо нь байхгүй байсан учраас хурдан морины уралдаантай холбоотой, уяачидтай холбоотой хариуцлага тооцох механизм байхгүй болчихсон. Иймээс ММСУХ-ны дэргэд байнгын ажиллагаатай хариуцлагын зөвлөл байгуулах нь зүйтэй. Энэ зөвлөл нь тогтмол гомдол санал авч, хариуцлагын төрлүүдээ нэмж байх удирдлагын хүрээний томоохон шинэчлэл хийж байгаа. Энэ нь ММСУХ-ны томоохон шинэчлэлийн нэг. Мөн уралдаан бүр дээр хяналтын зөвлөл гарч дүрмийн хэрэгжилтийг хянаж шалгаж байна гэсэн заалтуудыг шинэчилсэн дүрэмд тусгасан. Батлагдах эсэх нь хурлаар шийдэгдэнэ.
-Дараагийн шатанд ямар асуудлуудыг шийдэх бол?
-Манай хөдөлгөөний зүгээс монголчуудыг дэлхийн түүхэнд гаргаж ирэхэд монгол адууны гүйцэтгэсэн үүргийн талаар баримтат кино хийсэн. Энэ киногоор дамжуулж монгол адуу гэдэг Монголын өв соёлын салшгүй хэсэг юм аа гэдгийг ухамсарлуулахыг зорьсон. Мөн монгол адуу эрлийз адууны ялгааг олон нийтэд харуулж зөв ойлголт өгөхийг хүссэн юм. Ер нь бол энэ их хурлаар холбоогоо хэрхэн шинэчилж, үзэл баримтлалаа өөрчилж чадах эсэхээс шалтгаалж дараа дараагийн ажлаа төлөвлөж явуулна.
-Монгол адууг эрлийзжүүлсний хор уршиг юу байна?
-Монгол адууг эрлийзжүүлснээр хэрүүл маргаангүй наадам гэж байхаа больсон. Мөн манай орны бэлчээр хомс болж байгаатай холбоотойгоор эрлийзжүүлсэн адууны байгаль цаг уурын нөхцөлийг даван туулах боломж хомс болж ирсэн. Адуугаа эрлийзжүүлсэн хүмүүс бүгд бэлчээрээ дагаад Дорнод руу нүүгээд явах болсон. Өвөл зунгүй тэжээл өгч байх адуутай болох аюултай. Монгол адууны тэсвэр тэвчээр байхгүй болох эрсдэлтэй. Монгол адууны нутгаа гүйдэг, газрын гадарга мэдэрч давхидаг шинж чанар алдагдах гээд байна. Монгол адуу хэзээ ч үр төлөө гишгэдэггүй. Эрлийз адуу бол өөрийн үр төлөө ч мэдэхгүй. Монгол адууны энэ мэт томоохон генийн чадамжууд алдагдаад эхэлчихсэн. Өөр нэг санаа зовоож байгаа асуудал нь өвчин. Өвчлөл хяналтаас гараад явчихлаа. Өнөөдөр эрлийз адуу олноор очиж оторлоод байгаа Дорнодод өвчин дэлгэрсэн. Маш олон адуу үхэж үрэгдсэн байна. Монгол адууны ген, үнэт чанарыг алдагдуулсан сөрөг үзэгдэл энэ мэтээр үргэлжилж байна. Энэ бүхнийг таслан зогсоох алхмыг одоо болох 7 дугаар их хурлаар хийхийг зорьж байна.
-Цөөнгүй хүмүүс хөрөнгө хүч оруулан нэгэнт бий болгочихсон энэ олон эрлийз адууг одоо тэгээд яах ёстой юм бэ?
-Нэгэнт эрлийз адуу үржээд гараад ирсэн учраас тэдэнд зориулсан уралдаануудыг тусад нь, тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Өсгөөд үржүүлсэн хүмүүс байгаа учраас тэдний хөдөлмөрийг хүндэтгэж үзэх нь зөв. Нөгөө талдаа Монгол наадамд монгол адуугаа ялгаж уралдуулна. Ингэвэл 90 хувийн эрх ашгийг хамгаална, үлдсэн 10 хувьдаа ч хохиролгүй. Аль аль талдаа хөгжөөд л явна.
-Ер нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн тухайлсан ямар зүйл заалтууд өнөөдөр зөрчигдөж байгаа юм бэ?
-Хэд хэдэн заалт бий. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.1-дүгээр заалтад “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна” гэсэн заалт бий. Гэтэл манайхан улсын наадмаар нэмээд эрлийз бага, дунд, дээд насны хууль бус уралдаан хийдэг болчихсон. Улмаар бүр улсын зэрэг цол олгодог болсон. Энэ нь шууд Баяр наадмын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Энэ асуудлыг цэгцлэхээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа бүсийн уралдаанаас цол авна гэж хуулинд заасан байдаг. Гэтэл Үндэсний баяр наадмын тухай хуулийн 12.4.1 дээр “Зохион байгуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ заалтаар Улсын баяр наадмаар үзүүлсэн амжилтыг үндэслэн үндэсний спортын төрлөөр улсын цол олгох гэж заасан байдаг. Зөвхөн Улсын баяр наадамд амжилт үзүүлж цол хэргэм авна гэсэн хуулийн тодорхой заалт юм. Гэтэл баяр наадмын хуульд заагаагүй Дүнжингарав, бусад бүсийн уралдаануудад бүгдэд цол олгоод яваад байгаа. Бөх, сурынхан бол зөвхөн улсын баяраараа цол авдаг шүү дээ. Нэг хууль дээр байгаа хоёр заалт зөрчилдөөд байдаг. Иймээс хууль тогтоомжоо өөрчлөх хэрэгтэй. Эсвэл бүсийн уралдаан, Дүнжингарав уралдаанаас цол олгох асуудлыг хуулинд суулгаж өгөх хэрэгтэй. Нэмэлтээр шинэчилж оруулах шаардлагатай. Дээр нь энэ хууль дээр сум, дүүрэг гэсэн ойлголт огт байхгүй. Жишээ татахад Нийслэлийн морин спорт уяачдын холбоо гэж бий. Налайх, Баянзүрх дүүргүүд наадмаа тэмдэглээд цол олгодог. Гэтэл энэ нь хуулиас гадуур үзэгдэл. Энэ мэт томоохон заалтуудыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Улсын баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд 15 удаа нэмэлт орсон байдаг. Гэтэл хурдан морины уралдаантай хэсэгт нэг ч нэмэлт, өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн цолны асуудал дээр л ороод байдаг. Хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах тал дээр огт өөрчлөлт ороогүй. Хууль маань өөрөө нийгмийнхээ хэрэгцээ шаардлагаас хоцорчихсон. Төрийн баяр наадмаар эрлийз адуу уралдуулах юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг Их хурлаар шийднэ. Их хурлаас ямар шийдвэр гарахаас хамаарч манай хөдөлгөөний зорилго, бодлого хамаарна. Төрийн их баяр наадмаараа монголчууд монгол адуугаараа наадаж сэтгэл тэнэгэр, хэрүүл уруулгүй, аз жаргалтай цэнгэн наадахын төлөө Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн зорьж тэмүүлж, Их хуралдаа идэвхтэй оролцоно.